Categories
гадаад мэдээ

Газар нутагт нь орж ирсэн 8000 дүрвэгчийг албадан гаргахын тулд Испани улс хил рүүгээ цэрэг илгээжээ

Африк тивийн хойд эрэгт орших Испани улсын газар нутаг Сеутад өчигдөр хөрш Морокко улсаас 8000 орчим дүрвэгч нэвтрэн иржээ.

Тэдний дотор 1500 орчим хүүхэд байсан ба хуурай газрын хилийн шугамыг тойрч, далайгаар сэлж, зарим гүехэн устай газраар алхаж ирсэн байна.

Испани улсын ерөнхий сайд Сеутад дэг журам тогтоохын тулд зэвсэгт хүчний анги нэгтгэлийг илгээх шийдвэр гаргажээ. Үүний үр дүнд дүрвэгчдийн тал орчим хувийг Морокко руу албадан гаргасан байна.

Испанийн ерөнхий сайд Педро Санчез өчигдөр өөрийн биеэр Сеутад очиж, үүссэн нөхцөл байдалтай танилцжээ. Морокко улсын засгийн газар Испанийн талын авсан арга хэмжээг эсэргүүцэж, Мадрид дахь элчин сайдаа дуудсан байна.

Африк тивийн эрэгт оршдог Сеута нь тус тивээс Европ руу цагаачлах гэсэн хүмүүсийн хувьд чухал гарц болдог. Гэхдээ өчигдөр дүрвэж ирсэн хүмүүс бараг бүгд Мороккогийн иргэд байжээ.

Европын консулын ерөнхийлөгч Шарль Мишел “Испанийн хил бол Европын Холбооны хил юм” гэж твиттер хуудсандаа мэдэгдээд Испанийн засгийн газрын авсан арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Европын Холбооны дотоод хэргийн коммиссар Илва Йоханссон урьд өмнө ирж байгаагүй олон дүрвэгч, тэдгээрийн дотор олон тооны хүүхэд Сеутад ирсэнд санаа зовж байгаагаа мэдэгдсэн байна.

Африкийн эрэгт орших Сеута, Мелилла гэдэг хоёр газар 17 дугаар зуунаас хойш Испанийн захиргаанд өөртөө засах эрхтэй оршиж байгаа. Хөрш Морокко улс эдгээрийг өөрийн газар нутаг гэж маргадаг байна.

Испани, Мороккогийн хооронд өөр газар нутгийн маргаан ч байсан юм. Тухайлбал 1975 оныг хүртэл Испанийн захиргаанд байсан Баруун Сахарыг сүүлд Морокко улс өөртөө нэгтгэсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл нутгийн Сахрави угсаатнууд Мороккогоос салан тусгаарлах зэвсэгт тэмцэл явуулсаар байна.

Categories
мэдээ нийгэм

​ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Үндэсний тагнуулын академийн бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2021-2022 оны хичээлийн жилд элсэхийг хүсэгчдийн бүртгэл явагдаж байна

Элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгуур

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. Бүрэн дундаас доошгүй боловсролтой буюу ЕБС-ийн төгсөх ангийн сурагч байх;
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2019 оноос хойш монгол хэл бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 500 ба түүнээс дээш оноо авсан байх;
  4. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн бол тухайн улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх;
  5. Эрэгтэй, 17-22 хүртэлх настай, 170 см-ээс доошгүй өндөртэй;
  6. Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
  7. Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сэтгэцийн хувьд эрүүл байх;
  8. Ял шийтгэгдэж байгаагүй;
  9. Нэмэлт шалгалтад тэнцсэн байх /элсэхийг хүссэн иргэний материал, судалгааны дүнг үндэслэн шаардлага хангасан иргэнтэй холбогдож нэмэлт шалгалтад оруулна/;
  10. Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/.

Бүрдүүлэх материал

  1. ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлөө өөрийн гараар бичиж ТЕГ-т гаргах ба өргөдөлд өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичих/;
  2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /ЭЕШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт/;
  5. Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар /өөрийн болон эцэг, эх, хоёр талын өвөг эцэг, эмэг эх, гэр бүлтэй бол эхнэрийн намтар/;
  6. Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/;
  7. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээний гэрэл зураг;
  8. Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  9. ЕБС-д сурч байх үеийн хувийн хэрэг, түүний хуулбар;
  10. Анги удирдсан багшийн тодорхойлолт;
  11. Эссэ /суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/.

Элсэхийг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлж, Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээн авах байранд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор авчирч өгнө үү. /Орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээж болно/.

Холбоо барих утасны дугаар: 92263696

Categories
мэдээ нийгэм

Борооны ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж байна

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ 2021 онд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 176 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4712.2 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу цэвэрлэгээний ажил хийж байна.

Энэ хүрээнд:

  • Энхтайваны өргөн чөлөө /Саппорогийн тойргоос Зүүн 4-н зам/, Нарны зам /Чулуун овооны тойргоос 10-р хорооллын уулзвар/,
  • Сүхбаатар дүүрэг: Цагдаагийн гудамж, Эрхүүгийн гудамж, Бээжингийн гудамж, Партизаны гудамж, Намнансүрэнгийн гудамж, Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын талбайн борооны усны шугам,
  • Чингэлтэй дүүрэг: Жуулчны гудамж, Төмөрчний гудамж, Лааганы гудамж, Галданбошигтын гудамж,
  • Баянзүрх дүүрэг: Токиогийн гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалангийн зам, Доржийн гудамж.
  • Баянгол дүүрэг: Жасрайн гудамж, Замчдын гудамж, Нарны гүүрний борооны усны шугам, Энгельсийн гудамж, Ард аюушийн өргөн чөлөөний шинэ уулзварын шугам.
  • Сонгинохайрхан дүүрэг: Толгойтын зам, 1-р хороолол зэрэг байршлуудад авто замын борооны ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж, нийт 338 шоо метр лагийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллалаа.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Сумъяабазар: Газар дээгүүр болон доогуур зорчих хөнгөн галт тэрэг нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар хотын түгжрэлийн өнөөгийн байдлыг танилцууллаа

Тэрээр “Хотын иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь замын түгжрэл гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурд 8-14 км/цаг хурдтай байна. Энэ бол олон улсын стандартаар тэг зогсолт.

Авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн нь автомашины тоо өссөнтэй холбоотой. Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна. Иймээс замын ачааллыг бууруулах туслах замуудыг нэмэгдүүлж, гол замын багтаамж ихтэй нийтийн тээврийг бий болгох хэрэгтэй.

Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй байна. 1 км замыг дунджаар 10 минутад туулж байна. 2021-2022 онд багтаж явган хүний 98 км, дугуйн 200 км замыг тавина.

Түгжрэлийг бууруулахын тулд хөнгөн галт тэрэг буюу LRT тавих нь зүйтэй. Энэ нь цагт 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай. Үүний 17 км нь газар дээр, 6.9 км нь газар доор байрлахаар төлөвлөж байна.

2021-2024 онуудад автобусны 80 хувь нь хэрэглээнээс хасагдана. 290 автобусны буудлыг шинэчилнэ. 5000 автомашины ухаалах зогсоол байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Хүрэлбат: Т.Чимгээ дүрэмт хувцастай хүнээс жийрхэж, тагнуулын байгууллагынхны унадаг шиг том хар машинууд харахаараа айж байна

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа.


Таны дүү Т.Чимгээ батлан даалтаар суллагдсанаас хойш биеийн байдал нь хэр байна вэ?

-Т.Чимгээ одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. Шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эцсийн байдлаар С.Зориг агсны амь насыг хөнөөгөөгүй гэдгийг тогтоогоогүй учраас энэ хэрэг үргэлжлүүлэн шалгагдана. Тиймээс бид ямар нэгэн байдлаар өмгөөлөгчийн зөвшөөрөлгүй тэдний талаар мэдээлэл өгөх боломжгүй. Т.Чимгээг бас хамаагүй хүмүүстэй уулзуулж болохгүй гэдгийг анхааруулсан.

Т.Чимгээгийн аюулгүй байдлыг хэр хангаж байна. Төрөөс хамгаалалт өгсөн үү?

-Бид өөрсдийнхөө боломж бололцоогоор аюулгүй байдалд нь анхаарч байна. Төрөөс ямар нэгэн хамгаалалт гаргасан зүйл байхгүй.

Улаанбаатар хотод эмчлүүлж байна уу?

-Дүүгийнхээ байгаа газрыг одоогоор хэлэх боломжгүй байна. Өнөөдрийн байдлаар Т.Чимгээ суллагдаад дөрөв хонож байна.

Т.Чимгээгийн сэтгэлзүйн байдал нь тогтворжсон уу?

-Яг үнэндээ зургаан жил хүний эрхэнд хоригдож байсан хүнд гэр бүлийнхэнтэйгээ уулзах шиг сайхан зүйл юу байхав. Олон жил хорих байгууллагад хүний эрхэнд, элдэв дарамт шахалтад байсан болохоор амархан цочих, айх, түгших зэрэг сэтгэл зүйн шинж тэмдэг илэрч байна. Бид аль болох сэтгэл санааг нь тайван байлгахыг хичээж байна. Гэсэн хэдий ч дүрэмт хувцастай хүнээс жийрхэж байна. Тагнуулын байгууллагынхны унадаг байсан шиг том хар машинууд харахаараа айж байна. Өөрөөр хэлбэл, энгийн амьдралд дасахын тулд сэтгэл зүйн олон сорилтуудтай нүүр тулж байна.

Т.Чимгээгийн хүүхдүүд ээжийгээ гарч ирснийг хэрхэн хүлээж авав?

-Ээжгүй өнгөрүүлсэн он жилүүдийн хар барааныг энд дурдах илүүц биз. Т.Чимгээ одоо эмээ болсон. Хоёр ач, хоёр зээтэй. Анхны зээгээ л харж байсан. Үлдсэн гурван зээ нь Т.Чимгээг хорих ял эдэлж байхад гарсан. Одоо л жинхэнэ эмээгийн дүрээр шинэ хүмүүстэйгээ ойртож танилцах боломж гарч байна.

Ар гэрийнхэн нь хэрхэн аж төрж байна. Т.Чимгээгийн нөхөр нь ажил эрхэлж байгаа юу. Ковидын үед хэн бүхний амьдрал, амьжиргаа амаргүй л байгаа шүү дээ?

-Ахан дүүс нь тал талаас нь чадах чинээгээрээ л дэмжиж байна. Ямартаа ч дүүгийнхээ гэр бүлийг хоосон хонуулахгүйн төлөө бид бүхэн хичээж байгаа. Нөхөр нь ажил хөдөлмөр хийсэн зүйл байхгүй.

Хэргийг хэзээнээс дахин шалгаж эхлэх талаар та бүхэнд мэдэгдсэн үү?

– Энэ талаар бидэнд ямар нэгэн мэдээлэл алга. Манай өмгөөлөгч л мэдэх байх.

Б.Содномдаржаатай холбоо барьсан уу?

-Тэр хүнтэй бид огт холбогдоогүй. Хүмүүс М.Зориг агсны хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэж ярьсаар байгаад энэ хоёр хүнийг ямар нэгэн байдлаар холбоотой мэтээр ойлгоод байдаг. Гэтэл нарийн яривал шүүх хурал дээр л бие биенээ хардаг хүмүүс шүү дээ. Хорих ангиас батлан даалтаар суллагдмагцаа хоорондоо утсаар яриад байж байх тийм зүйл ерөөсөө байхгүй.

Тагнуулын байгууллагаас тагнадаг чагнадаг, мөрддөг мөшгөдөг талаар та болон Т.Чимгээгийн нөхөр хэлж байсан. Одоо Т.Чимгээ батлан даалтад гарчихсан учраас түүний хөдөлгөөн бүрийг хянаж байгаа юу?

-Тагнуулын байгууллага тагнаж чагнасан гэдгээ хэзээ ч хэлэхгүй, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Магадгүй одоо та бид хоёрын яриаг ч чагнаад л байж байгаа. Одоо больё гээд болчихгүй байх. Мэдээж манай байгууллагаас тагнаж, чагнаагүй гэдэг зүйлийг ярина. Бид ч тагнасан гэж баталж чадахгүй. Том зургаар нь харвал улс орны нууц байгууллага зүгээр гараа хумхиад суугаагүй байх.

Таны өлсгөлөн зарласан үйл явц Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг суллуулахад нөлөөлсөн гэж бодож байна уу?

-Миний өлсгөлөн зарласан шалтгаан нэгдүгээрт, С.Зориг агсны амь насыг хохироосон гэмт хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг суллуулах, хоёрдугаарт, Монголын шүүх, прокурорын байгууллагын хууль бус, шударга бус шийдвэрүүдийг эсэргүүцсэн. Уг тэмцлийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд нар ирж уулзсан. Би эдгээр хүмүүс миний тэмцлийг ойлгоод гарч ирж байна гэдэг бол Монголын шүүхийн тогтолцоо гажсаныг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Мөн Монголын мянга мянган шүүгчид бохир улстөрч дагаж намираад, түүний гар хөл болоод байж болохгүй юм байна гэдэг сигналь авсан гэдэгт итгэлтэй байгаа. Бохир улстөрчдийг дагаж гүйсэн шүүгчдийн хувь заяа хаашаа эргэж байгааг харсан болохоор Монголын хууль, шүүхийнхэн дор бүрнээ нэгийг бодож, хоёрыг тунгаасан байх. Тиймээс өлсгөлөн зарласан маань тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн гэж бодож байгаа.

Таныг өлсгөлөн зарлах үед иргэд нэлээд дэмжиж байсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллагдсан үйл явцыг иргэд хэрхэн хүлээж авав?

-Таних танихгүй олон мянган хүн баяр хүргэж байна. Миний дүүгийн төлөө, манай гэр бүлийн төлөө биднээс ялгаагүй сэтгэлээ чилээж байсан Монголын ард түмэндээ баярлалаа, бурхандаа залбирч сүүгээ өргөж байсан ээжүүдэд баярлалаа. Намайг өлсгөлөн зарлаж байх үед олон хүн ирж сэтгэл санаагаар дэмжсэн. Таван настай хүүхэд ирээд өөрийнхөө хамгийн хайртай тоглоомыг бэлэглэж байлаа. Арван настай хүүхэд “Дүүгээ өмгөөлж тэмцэж байгаа ах танд баярлалаа” гээд зураг зурж өгсөн. Хүүхдүүд нарийн ширийн учрыг ойлгохгүй ч дүүгийнхээ төлөө тэмцэж байгаа ах хүнийг дэмжиж байна. Гадаад дотоодоос олон ч хүн сэтгэлийн дэм өгсөн. Би албан тушаал, эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө тэмцээгүй. Гагцхүү хилс хэргээр гүтгэгдсэн дүүгээ шоронгоос амьд гаргаж авахын төлөө л тэмцсэн. Цаашид хууль шүүх, прокурорын байгууллагын худал хуурмаг байдлыг илчлэх тэмцэл үргэлжилнэ. Тиймээс ард түмэн та бүхэн дахин ийм шударга бус зүйл дахин гаргуулахгүйн тулд бидний тэмцэлд нэгдээрэй.

Зарим иргэд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн иргэд суллагдчихлаа хэмээн шүүмжилж байна. Та үүнийг юу гэж харж байна?

-Би тийм яриа гаргаж байгаа хүмүүсийг харж байгаа. Сүүлдээ энэ хэрэгт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг хамаатуулж байгаа харагдана лээ. Би тэр хүнтэй хамаатан садан биш, танил тал ч биш. Ц.Нямдорж гуай Увсын хүн, би Дорноговийн хүн. Гэхдээ тэр хүнтэй санал нийлдэг зүйл нь энэ хэргийн шүүх хурлыг ил болгочих гэдэг асуудлыг анхнаас нь хэлж байсан. Ил байлгаад хэн юу хэлж байсныг харуулчих гэдэг үндсэн байр суурыг илэрхийлж байсан. Миний хувьд ч шүүх хурлыг ил болгох саналыг удаа дараа тавьж байсан. Гэтэл Э.Бат-Үүл гэж хүн 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орох үеэр “Алуурчдыг олсонд би баярласан. Баярлахдаа С.Эрдэнэд баяр хүргэсэн” гэж ярьж байсан. Гэтэл саяхан телевизээр “Айл шатаасан алуурчны үгээр үг хийж байна, Ц.Нямдорж” гэж ярьж байгаа юм. Тэгвэл тэр алуурчны үгээр үг хийгээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьж байхад баярлаад явж байснаа мартаад шоронгоос гаргачихаар ингэж ярьж болох юм уу. Үнэхээр Э.Бат-Үүл шударга хүн байсан юм бол тэр үед “Алуурчны үгээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шоронд хийчихлээ” гэж яагаад яриагүй юм бэ. Өөрөөр хэлбэл, Ц.Амгаланбаатарын үгээр шоронд хийчихээр зөв гээд, шоронгоос гаргачихаар буруу гээд байж болохгүй. Тиймээс Бат-Үүлтэнгүүд өнөөдөр тэднийг алуурчин хэмээн цоллож байна.

Энэ талаар зарим нэг улстөрчид өөрийн үзэл бодлоо илэрхийлээд эхэлсэн байна лээ?

-Миний дүү Т.Чимгээ эмэгтэй хүн, эх хүн байж хүн алах уу. Б.Содномдаржааг та нар харсан, даруухан дөлгөөн хүн байсан. Эрүүдэн шүүлгэж, зодуулж байхдаа ч Ц.Амгаланбаатарт “Би чамайг дүүгээ гэж боддог байсан. Хөтлөөд явдаг байсан” гэж хэлээд зодуулж байсан. Ийм хүмүүс захиалга аваад хүн алах уу. Дээр нь Э.Бат-Үүлийг энэ хэргийг зохион байгуулсан хэмээн тагнуулын байгууллагаас хэрэгт татсан. Энэ талаар Ц.Амгаланбаатарт хэлсэн.

Гэтэл Э.Бат-Үүл “Би Ц.Нямдоржийг энэ хэргийн захиалгч хэмээн сэжиглэж байгаа учраас тэр байж магадгүй” гээд л ярьж байна. Сэжиглэх таамаглах, эсвэл баримт нотолгоо байхын аль нь үнэнд ойр байх вэ. Тиймээс гүтгэгдсэн хүмүүс нь суллагдаад жинхэнэ гэмт хэрэгтнүүд илчлэгдэх ойртох үед Э.Бат-Үүл мэтийн хүмүүс алуурчид суллагдчихлаа гэсэн яриа гаргаад байгаа юм л даа. Хар ухаанаар бодоод үзэхэд, 10 жил хамт сурчихаад 30 жилийн дараа нэгнийгээ танихгүй байх тохиолдол байдаг. Гэтэл 1998 оны аравдугаар сарын 2-нд гэрийнх нь гадаа гүйж явахад нь харсан гэх хүнээ 30 жилийн дараа зургийг нь зуруулаад, дүр төрхийг нь тодоос тод санаж байна гээд бод доо. Дээр нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэх нөхөр Ц.Нямдорж гишүүнтэй албан тушаал булаацалдаж, хонзогносон хонзогнолдоо Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг алуурчнаар нь дуудаж байна. Тэр бол зүгээр албан тушаал, эрх мэдлийн төлөө хөөцөлдөж байгаа хүн. Харин би бол дүүгийнхээ төлөө явж байгаа хүн. Харин тэр яаж ийж байгаад албан тушаалтай үлдэх, Ц.Нямдоржийг дийлэхийн тулд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг золиосолно гээд л явж байгаа.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 575 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 9023 хүнээс шинжилгээ авахад 575 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 492 нь Улаанбаатар хотод, 78 орон нутагт , эмнэлгээс шалтгаалах 5 халдвар байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 50099 боллоо.

Мөн зургаан иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 227 болж байна.

Сүүлийн 24 цагт 865 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 43586 болов.

Биеийн байдал хүнд 497, маш хүнд 99 хүн байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: Түгжрэлийг 50 хувь бууруулах нь нийслэлчүүдийн нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр буюу тавдугаар сарын 19-нд болж байна.

Уг хурлаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх юм.

Үүнд: Авто замын түгжрэл, орон сууцны дэд бүтэц, эрчим хүчний зэрэг асуудлаар цогцоор нь анх удаа хэлэлцэх өргөтгөсөн нээлттэй хурал болж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямпорж:

1. Нийслэлчүүдийн 50 хувь нь түгжрэлийг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэсэн.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:

Хотын иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь замын түгжрэл гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурд 8-14 км/цаг хурдтай байна. Энэ бол олон улсын стандартаар тэг зогсолт.

Авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн нь автомашины тоо өссөнтэй холбоотой. Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна. Иймээс замын ачааллыг бууруулах туслах замуудыг нэмэгдүүлж, гол замын багтаамж ихтэй нийтийн тээврийг бий болгох хэрэгтэй.

Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй байна. 1 км замыг дунджаар 10 минутад туулж байна. 2021-2022 онд багтаж явган хүний 98 км, дугуйн 200 км замыг тавина.

Түгжрэлийг бууруулахын тулд хөнгөн галт тэрэг буюу LRT тавих нь зүйтэй. Энэ нь цагт 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай. Үүний 17 км нь газар дээр, 6.9 км нь газар доор байрлахаар төлөвлөж байна.

2021-2024 онуудад автобусны 80 хувь нь хэрэглээнээс хасагдана. 290 автобусны буудлыг шинэчилнэ. 5000 автомашины ухаалах зогсоол байгуулахаар төлөвлөж байна.

“Гудамж төсөл”-ийг нүхэн гарцууд дээр нь хэрэгжүүлнэ.

Дэлхийн жишгийг дагаж дугуйн замыг хийж өгнө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлчүүдийн 97.2 хувь нь I тундаа хамрагдлаа

Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 1827, II тунд 12248, нийт 14075 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 97.2 хувь буюу 926777 нь I тунд, 53.4 хувь буюу 509502 нь II тунд хамрагдаад байна
Categories
гадаад мэдээ туслах-ангилал

Жо Байден, В.Путин нар Швейцарьт уулзаж магадгүй

Америк, Оросын төрийн тэргүүнүүд ирэх сард уулзаж магадгүй. Дээд хэмжээний уулзалтыг Исландад зохион байгуулах талаар мэдээлсэн удаатай. “Коммерсант” сонины онцолсноор Жо Байден, В.Путин нарын уулзалт Швейцарьт болох магадлал өндөр байгаа аж. Уг уулзалт нь хоёр орны харилцаан дахь хурцадмал байдлыг намжаахад чухал нөлөөтэй гэж үзэж байна. Мөн энэхүү уулзалт зургадугаар сарын 15-16-ны хооронд болж магадгүйг онцолжээ.

Исландын Рейкьявик хотноо энэ долоо хоногт Арктикийн зөвлөлийн гадаад хэргийн сайд нарын зөвлөл хуралдана. Энэ үеэр ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар хоёр удирдагчдын уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хөндөх аж.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Жо Байден, В.Путин нар утсаар холбогдон, Украины хямрал, мөн АНУ-ын сонгуульд Оросын тал хөндлөнгөөс оролцсон болоод Америкийн төрийн байгууллагууд руу цахим халдлага хийсэн зэрэг олон асуудлаар ярилцсан талаар мэдээлж байв. Мөн уг асуудлаар талууд дахин дэлгэрэнгүй хэлэлцэхээр АНУ-ын ерөнхийлөгч Оросын төрийн тэргүүнд ойрын саруудад уулзах саналыг тавьсан гэх. Тухайн үед дээд хэмжээний уулзалтыг гуравдагч орны нутаг дэвсгэр дээр зохион байгуулах саналыг Жо Байден В.Путинд тавьсан юм.

Жо Байден Америкийн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа В.Путинг “алуурчин” хэмээн нэрлэж, ОХУ-ыг Вашингтонд суугаа элчин сайдаа эгүүлэн татахад хүргэсэн билээ. Гэсэн хэдий ч АНУ-ын төрийн тэргүүн ирэх сард Европт хийх айлчлалынхаа үеэр В.Путинтэй уулзаж ярилцах хүсэлтэй гэдгээ илэрхийлж байв.

Жо Байдены хувьд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших хоёр улсын хооронд зохион байгуулагдах анхны дээд хэмжээний уулзалт болох юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод 51 суурин цэгт, 56 явуулын автобусаар 158 багийн 955 эмч, ажилтан ажиллаж, 36732 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас дээш насны иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаарай.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно