Categories
мэдээ цаг-үе

Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 24-нд буюу ирэх даваа гаригт эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлэгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаагаа тавдугаар сарын 24-нд буюу ирэх даваа гаригт эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилж, зургадугаар сарын 7-нд өндөрлөх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно гэж заажээ.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, СЕХ нэр дэвшигчээр бүртгэж аваад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“ХААИС-ийг бүхэлд нь хотоос гарга гэхгүй. Эхний ээлжинд газар тариалантай холбоотой салбар сургуулийг гаргаж болно” гэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дархан, Сэлэнгэ бол манай улсын газар тариалангийн бүс. Хөдөө аж ахуйн их сургуулийг бүхлээр нь хотоос гарга гэж хэлж болохгүй. Бидний хувьд асуудлыг амьдралгүй шийдэх гээд байдаг. Эхний ээлжинд яг газар тариалантай холбоотой эхний факультет нь гарах ч юм уу, ийм байдлаар шийдэж болно.

Энэ асуудлыг ХААИС болон бусад боловсролын салбарынхан, багш нартай нь боловсролын сайд ярилцаач. Гэхдээ хүчээр шийдэж болохгүй. Боловсон хүчин байршилтай холбоотой асуудлыг шийдээд явах хэрэгтэй. Төрийн бодлогоо илүү зангидаж, яагаад Дарханыг ашиглаж болохгүй гэж. Энэ нь заавал том мөнгөн дүнгээр биш, жам ёсны бизнесийн урсгал, ажлын байртай холбогдуулж, сэдэлжүүлж дэмжих замаар Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах тал руу ажиллах хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.

УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Харин Ерөнхийлөгч 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр уг хуульд бүхэлд нь хориг тавьсан.

Харин Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан хориг тавих албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “… Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” хэмээн өөрчлөн найруулж, хуульчилсан нь нэг удаагийн шинжтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”,

Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”,

Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнд нийцэхгүй, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомж нь “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх, хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх” гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн гэжээ.

Categories
мэдээ нийгэм

E-Mongolia системийн “COVID-19 verify” аппликэйшнээр давтан тунтай эсэхийг шалгадаг болжээ

Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд 14 хоносон иргэд давуу эрх эдлэх боломжтой болсон.

Ингэхдээ үсчин, гоо сайхны газар, фитнес, бассейн, кофе шоп-оор үйлчлүүлэхдээ вакцины гэрчилгээгээ үзүүлэх юм.

Иргэд вакцины гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулж байгаа. Харин ингэх шаардлагагүй болсон байна.

Тодруулбал E-Mongolia системийн “COVID-19 verify” аппликэйшнээр иргэний үнэмлэхний QR код уншиж, вакцин хийлгэсэн эсэхийг шалгадаг болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Сургуулиа төгсөөд орон нутагт очиж ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцож нэмэгдэл өгнө” гэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Томоохон хотууд иргэдтэй холбоотой асуудлаа их барьж авдаг.

Нийслэлийн иргэдэд ямар хөнгөлөлт давуу эрх олгох вэ, нийслэлийн иргэн болж байгаа хүмүүст ямар шалгуур, татвар оногдуулах вэ, эсвэл нэг удаагийн төлбөр оногдуулах уу. Москва хотын жишгээр тус хотын иргэн болохоор шилжиж ирж байгаа иргэдээс нэг удаа 500 мянган рублийн төлбөр авдаг. Энэ нь бас л нэг хэлбэр. Эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн эрх зүйн байдлыг сайжруулах тал дээр ямар зохицуулалт тусгасан бэ?” гэдгийг тодруулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөдөө рүү чиглэвэл хөнгөлөлттэй байна. Татвартай холбоотой ямар нэгэн зүйл байж болохгүй гэдгийг зарчмын хувьд тохирсон. Нэг үгээр хэлбэл хөдөө рүү урсгал гарах тусам дэмжлэгтэй байна. Дөнгөж сургууль төгссөн хүн орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно”.

Татвар болгон шатлалтай байна. Хэрвээ орон нутагт компанийнхаа оффисыг байгуулвал тэр нь илүү дэмжлэгтэй байх юм. Хотоос алсрах тусам илүү дэмжлэгтэй, хотод байвал одоо байгаа нөхцөл байдал хэвээрээ байна гэдэг агуулгаар эрх зүйн зохицуулалт явж байгаа” хэмээн хариулав.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

УБЦТС ТӨХК- аас өнөөдөр болон маргааш буюу тавдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг байршлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье. Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ хэмээн УБЦТС ТӨХК-аас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар цахилгаан станцыг барих нь зөв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр гарсан шийдвэрүүдийн талаар ярилаа.

Тэрээр “Нийслэл Улаанбаатар хотоос жил бүр улсын төсөвт 420 тэрбум төгрөгийг хуримтлуулдаг. Иймээс үүнтэй нь дүйцэх мөнгийг хөрөнгө оруулалт болгон өгөхөөр болж байна. Метро болон бусад нийтийн тээврийн төрлүүдийг шийдэх санхүүгийн хэлэлцээр хийх эрхийг нийслэлийн тамгын газарт шилжүүлж байна.

Санхүүгийнхээ схемийг 30 хоногийн дотор танилцуулах ёстой. Их тойруугийн хурдны зам тавигдана. үүнтэй холбоотой санхүүгийн эрхийг нийслэлд өгч байна.

Мөн олон жил газрын гүн дэх ертөнцөд санхүүжилт гаргаагүйгээс болж Улаанбаатар шөрмөс нь татсан хүн шиг болж төвийн бүсийн газруудын үнэ тэнгэрт хадсан. Иймд тавдугаар цахилгаан станцыг барих нь зөв. Төрийн зарим байгууллагууд хотоос үе шаттайгаар гарах хэрэгтэй.

Богд хаан төмөр зам буюу Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт өнөөдрөөс эхэлж байна. Хөшигийн хөндийд 200-300 мянган хүн гарна. Шинэ хотод нэг ч гэр хороолол байх ёсгүй, эко хот байх ёстой” гэв.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт ноцтой зам тээврийн осол гарч, нэг хүүхдийн амь эндлээ

Тээврийн цагдаагийн албанаас 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 214 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 159 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас нийслэлд дөрөв, орон нутагт хоёр хүн гэмтэж, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүүхдийн амь хохирсон байна.

2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 18.00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвөөс 3 км зайд шороон замд Honda-Stepwgn маркийн автомашин онхолдож, ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 44, орон нутагт 19, улсын хэмжээнд 63 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 97 дугаар сургуулийн аврах шатнаас унаж нас барсан эмэгтэйн хэргийг шалгаж байна

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, 97-р сургуулийн гуравдугаар давхрын аврах шатнаас эмэгтэй хүн уначихсан байна” гэсэн дуудлага мэдээллийг өчигдөр 13:22 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад БЗД-ийн харьяат 48 настай, эмэгтэй тус сургуулийн гурван давхрын аврах шатнаас унаж гэмтэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан байна.

Тус хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

“Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн талыг нь Зээлийн батлан даалтын сан хариуцдаг болох асуудлыг судалж байна” гэв

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Засгийн газраас ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 хувь болгож бууруулсан. Энэ оны тавдугаар сарын 17-ны байдлаар нийт 3944 иргэнд 271 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгоод байна. Өнгөрсөн онд буюу бүтэн нэг жилийн хугацаанд 5644 иргэнд ипотекийн зээл олгоод байсан юм.

Өрхийн орлого дор хаяж 1.6 сая төгрөг байж 8 хувийн хүүтэй зээл авдаг байсан бол 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого 1.2-1.3 сая төгрөг байхад ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон.

Мөн бид иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд нэг асуудлыг судалж, Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан зэрэг газруудтай ярилцаж байгаа. Тодруулбал, ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн 15 хувийг Зээлийн батлан заалтын сан хариуцааад, үлдсэн 15 хувиа иргэн өөрөө төлөх тухай юм.

Өөрөөр хэлбэл, 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц авахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөөд, 70 хувьд нь зээл авдаг. Тэгвэл урдчилгаа 30 хувийн 15-ыг нь Зээлийн батлан даалтын сангаас төлөөд өгчихвөл иргэн үлдсэн 15 хувиа өөрөө төлнө. Ингэснээр иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломж нэмэгдэх юм. Энэ асуудлыг судалж байгаа.