Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ (УБЦТС) ТӨХК-иас 2021 оны тавдугаар сарын 20-ны пүрэв гаригт цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг, байршлын мэдээллийг хүргэж байна.

Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон таван настай хүүгийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам гэдэг газар Туул голд 5 дугаар сарын 17-ны өдөр осолдсон хүүхдийн /5 настай/ цогцсыг нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр /2021.05.19/ 18:48 цагт оллоо.

Цогцсыг осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн бууц гэдэг газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэж өглөө гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 29.879 иргэнийг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр буюу тавдугаар сарын 20-нд 55 суурин цэгт, 57 явуулын автобусаар 162 багийн 924 эмч, ажилтан ажиллаж, 29.879 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 2,030, II тунд 12.248, нийт 16.447 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 97.3 хувь буюу 928.095 нь I тунд, 54.6 хувь буюу 520.817 нь II тунд хамрагджээ.

Ингээд дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2021.05.20) дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

Үдээс өмнөх нэгдсэн хуралдаан (10.00 цагаас цахимаар)

  1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  2. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлт;

Үдээс хойших нэгдсэн хуралдаан /14.00 цагаас 5 танхимаар/:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  3. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  4. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Баатархуяг: АН-ыг оролцуулахгүй байх, хэрвээ оролцуулбал оролцоог хангах төдийхнөөр олон нийтийг хуурах ажиллагаа явж байна

Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуягтай ярилцлаа.


“Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялбал нэг намын дарангуйлалд орно” гэдэг зүйлийг та анх ярьж эхэлсэн. Ийн дүгнэх шалтгаан тань юу вэ?

-Төрийн гурван өндөрлөгийг үнэмлэхүй эрхтэйгээр нэг нам авна, захирна гэдэг нь бодит байдал дээр нэг намын тогтолцоотой болчихлоо гэсэн үг.

Эндээс хаашаа ч холбироход бэлэн болчихсон байна. Тиймээс үүнийг нэлээн сайн шүүж харах хэрэгтэй гэж бодож байгаа. Учир нь ардчилсан тогтолцоо улс төрийн хүчний тэнцвэр дээр явдаг. Хоёрдугаарт, АН-аас төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга гурвуулаа байсан үе бий. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд байсан. Гэхдээ тэдний толгойд хэзээ ч дарангуйлагч болох тухай санаа орж ирэхгүй. Тийм систем байхгүй. МАН-ынхан болохоор У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нараас хамаарахгүй. Систем нь хуучин социалист учраас аюултай гэж болгоомжилж байна. Ялгаа нь энэ. Юу юугүй дарангуйлаад эхлэх нь ч хаашаа юм бэ. Гэхдээ нөхцөл байдлыг нь хар л даа. Цагдаагийнхны ааш авир, ковидтой тэмцэж байгаа байдал, гаргаж байгаа шийдвэрийг нь хар. Хэдийгээр залуу хүмүүс удирдлага болсон ч гэсэн мөн чанар нь болохгүй байна. Үүнээс болгоомжлуулаад байгаа юм.

-Зарим улстөрчид АН-ын доторх маргааныг МАН-тай, тэр дундаа Сү.Батболд гишүүнтэй холбож яриад байх юм. Холбох үндэслэл нь юу юм бэ. АН-ын одоогийн байдал нь намын удирдлагуудын доторх маргаанаас л болсон юм биш үү?

-Бас л болж байгаа үйл явцаас хамааралтай. Жишээлбэл, С.Эрдэнэ гэдэг хүн би явлаа гээд намынхаа тамгыг өгсөн. Орон нутгийн сонгуулийг хаясан. Тэгснээ гэнэт босч ирээд би намаа авна гэсэн. Тамгыг нь өгөхгүй байхаар өөр тамга хийлгэж, энэ тамга хүчинтэй гэсэн. Тэгвэл өмнө хуурамч тамга өгчихөөд явсан байсан юм уу. Хоёрдугаарт, 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын санхүүгийн бүх зүйлийг зохицуулсан тамга хуурамч байсан юм уу. Энэ асуудлыг харахаар гаднаас хийсэн явуулга мөн гэж харагдаад байгаа юм. Намын дотоод асуудалд Улсын бүртгэлийн ерөнхий газар оролцдог. Шүүх нь эс үйлдэх буюу идэвхгүй оролцоотой байсан. Шүүхэд ямар нэгэн асуудал тавихаар дотооддоо асуудлаа шийдэж ир гээд буцаадаг. Бодит байдал дээр хүмүүс үүнийг хараад тэгж яриад байгаа юм.

-Тэгвэл Сү.Батболд гишүүнтэй яагаад холбоод байдаг юм бэ?

-Бодит байдал дээр улс төрийн нөхцөл байдал юунаас болж хурцадсан бэ гэхээр Нью-Йорк дээр Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалыг цааш нь өөрийн компаниудаар дамжуулж зарах замаар 240 сая ам.долларын хууль бус ашиг олсон байна гэдгийг Засгийн газрын харьяа байгууллага Төрийн өмчийн хороо, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Монгол компани хамтарсан манай Монголын Засгийн газрын заргаар тэр хэрэг үүсчихсэн явж байгаад замхарчихсан. Тиймээс гарцаа байхгүй үүнээс болсон байна гэсэн таамаглалыг хүмүүс дэвшүүлээд байна шүү дээ. Үүний дараагаас улс төрийн үйл явц эрс эргэсэн. Асуудал нь юундаа байна гэхээр улс төрд болж байгаа үйл явц бол өнгөц зүйл. Цаад талд нь эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс бүтсэн үйл явц гэж олон нийт харж байгаа. Ерөнхийлөгч оффшорт байгаа мөнгөнүүдийг татаж Монголын эдийн засагт буцааж оруулж ирнэ гэсэн зүйл ярьсан. Оффшорт мөнгөтэй хүмүүс дундаас хамгийн том мөнгөн дүн эзэлж байгаа, магадгүй сүүлийнх нь Сү.Батболд байж болзошгүй.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилоход УиХ, Засгийн газар оролцдог, АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгож томилуулдаг болсонд та ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Учир юу вэ?

-Улс төрд хүчний хуваарилалтын асуудал явагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа энэ өөрчлөлт орсон. Нэг нам эрх барьж буюу давуу эрхтэй байхдаа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийсэн. Үүний дараахнаас эрх мэдлийн хэт төвлөрлийг бий болгох чиглэл рүү яваад эхэллээ. АТГ-ыг Засгийн газар авдаг. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгчдийг томилоход УИХ, Засгийн газар оролцдог болсон. Өмнө нь Ерөнхийлөгч УИХ-д мэдүүлж томилдог байсан. Үүнийг өөрчилж Засгийн газар шийддэг боллоо. Гэтэл нэг нам парламентад үнэмлэхүй олонх, дангаар засаглаж байгаа үедээ Шүүхийн хараат бус байдал руу халдана гэдэг нь өөрөө асуудал. Энэ чинь зарчмын асуудал шүү дээ. Тэрнээс нэг намыг муухай гэж байгаа юм биш.

-ҮХНӨ-г хийхэд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцож л байсан. Ерөнхийлөгч ажлын хэсгийг нь ч ахалсан шүү дээ?

-Оролцоог формал байдлаар хангасан зүйл. Гэхдээ тухайн үеийн АН-ынхан ч, эрдэмтэд ч “Нэг нам дангаар засаглаж байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болдоггүй” гэж хэлж байсан. Эрх ашгийн зөрчил бодит байдал дээр үүсч байгаа биз дээ. Үндсэн хуулийг хэн баталдаг вэ гэвэл бүх ард түмний оролцоотой баталдаг. Учир нь энэ нийгмийн гэрээ байхгүй юу, хууль биш. Хүмүүс хууль гэж ойлгоод байна. Хүнийг ялладаг, шийтгэдэг, зөрчлийг тооцдог зүйл биш. Энэ бол тунхаг. Өөрөөр хэлбэл, бид ингэж амьдарна гэсэн дундын гэрээгээ тохирч байгаа юм. Бид ингэж амьдарна, эдийн засгаа ингэж өсгөнө, жишээлбэл, зах зээлийн эдийн засагтай, ардчилсан засаглалтай байна. Парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч ийм эрх мэдэлтэй байна гэдгийг ард түмэн дундаа хэлэлцээд дундын гэрээ байгуулж байгаа хэрэг. Хууль биш конституци байхгүй юу. Гэтэл үүнийг парламент ердөө хууль баталж байгаа юм шиг баталж болохгүй. Бүх ард түмнээр хэлэлцэж байж батлах ёстой.

-Энэ удаагийн сонгуулийг сонголтгүй сонгууль боллоо гээд байх юм…

-Сонголт байхгүй боллоо. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гажиг нэлээн том дохио өгч байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчгүйгээр нэг нам ялдаг, Үндсэн хуулийг дураараа тайлбарладаг, тэр нам нь Үндсэн хуулийн Цэц, Шүүхийг өөрийн дураар хөдөлгөдөг, дуртай заалтуудаа засдаг. Дарангуйллын шинж бол энэ. Ард түмнээс сонгогдсон байж ард түмний эрх ашгийн эсрэг байх нь ардчилал биш. Нөхцөл байдал ийм байгаа болохоор л шүүмжлээд байна л даа. Ардчилсан нам бол хамгийн том сөрөг хүчин. Ардчиллыг авч ирсэн ганц хүчин байтал энэ намыг оролцуулахгүй байх, хэрвээ оролцуулбал оролцоог хангах төдийхнөөр олон нийтийг хуурах ажиллагаа явж байна. Тиймээс үүнийг хүмүүс “Тоглоомын сонгууль боллоо”, “Сонголт байхгүй боллоо” гэж хэлээд байгаа юм. Ардчилал гэдэг бол сонголт. Сонголт байхгүй учраас хүмүүс “Энэ ардчилал биш” гээд байгаа юм.

-Өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өмнө гарсан захирамж хуульд нийцээгүй буюу түдгэлзүүлсэн явдал нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцдаа ноцтой алдаа гаргасан гэж үзсэн. Үүнд та ямар дүгнэлттэй байна?

-Дахиад л тодорхойгүй байдал руу оруулчихаж байгаа юм. Жишээлбэл, СЕХ С.Эрдэнэ гэдэг хүнийг бүртгэж авсан. Тэгвэл сонгуулийн нөхцөл байдал одоо юу болж байна гээд үзье л дээ. МАН-аас У.Хүрэлсүхийг сонгуульд ялах юм байна гэж тооцоолж байсан. Тэгээд Д.Энхбат, С.Эрдэнэ нарыг оролцоо хангах юм байна гэж бодсон. Гэтэл У.Хүрэлсүхийнх нь нэр хүнд муудаж, Д.Энхбат гол өрсөлдөгч болоод ирэхээр дахиад Шүүх тоглож байна. Өөрөөр хэлбэл, Д.Энхбатыг хуваах, С.Эрдэнээс чанартай хүн гаргахын тулд шүүхээс дахиад буруу шийдвэр гаргаж хуулиар тоглож байна. Олон нийт харахдаа С.Эрдэнийн талд шийдвэр гаргалаа гэж хараад байна. Үгүй байхгүй юу. С.Эрдэнээс илүү чанартай хуваагч шаардаж байна гэсэн үг. Ийм л улс төрийн тоглоом хийж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгчийн сонгуулийн үед халдвараас сэргийлэхтэй холбоотой түр журам

Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталлаа.

Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт/, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгасан байна. Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:

– Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх

– Ил тод, хариуцлагатай байх

– Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх

– Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах

– Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтлана.

Мөн сонгогчдоос гадна хэсгийн хороодод ажиллах хүмүүсийг амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, гар ариутгагч, байр ариутгах бодисоор хангах болон бараа, материалыг 21 аймагт хүргэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажил үргэлжилж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


Засгийн газар байгуулагдаад 100 хоногт хийсэн ажлаа Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ танилцууллаа. Шинэ Засгийн газрын тавьсан үндсэн дөрвөн зорилтын хүрээнд ГХЯ тоймтой ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?

-Засгийн газрын дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажилд ГХЯ бусад яамтай адилхан үүрэг, хариуцлагатай оролцдог. Аль нэг яам зөвхөн өөрийн чиглэлийн ажлыг хариуцна гээд Засгийн газрын бодлого шийдвэрийг ялгаварлах, өөрийн үзэмжид нийцүүлэх боломжгүй.

ГХЯ-ны хувьд коронавирусийн эсрэг вакцины нөөцийг бүрдүүлэх, хилийн чандаас иргэдээ татан авах ажилд түлхүү оролцох шаардлага гарсан. Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид дөрвөн төрлийн нийт 3.6 сая тун вакцин авчирч, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцлоо. Нийт 16 удаагийн нислэгээр вакцин татан авах ажилд ГХЯ-ны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашигласан.

Энэ ажилд хилийн чанд дахь нийт дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд идэвх зүтгэлтэй оролцсоныг хэлэх хэрэгтэй. Дээр нь тусгайүүргийн 43 нислэгээр, мөн урд, хойд хилийн боомтоор 5000 гаруй монгол иргэнийг эх орондоо авчрахад манай яамны ажилтнууд хэдэн сарын ажлаа зориулсан. Засгийн газрын дэвшүүлсэн эдийн засгаа сэргээх зорилтын хүрээнд ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих төсөл амжилттай урагшилж байна, олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулах, газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах, орон сууцны шинэ хорооллууд барих томоохон төслүүд ч тохиролцооны дагуу хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ГХЯ тэргүүлэх үүрэгтэй оролцож байна.

Засгийн газар богино хугацаанд коронавирусийн эсрэг вакцины нөөцийг бүрдүүлсэн нь томоохон амжилт байлаа. Та вакцин татаж авах ажилд ГХЯ голлох үүрэгтэй оролцлоо гэж байна. Яг ямар үүрэг гүйцэтгэсэн юм бэ?

-Вакцины талаарх яриа хэлцэл хоёр талт, олон талт хамтын ажиллагааны хүрээнд яригдсан. Дипломат харилцааны шугамаар ярьж тохирч байж бодит үр дүнд хүрэх нь эхнээсээ тодорхой байсан юм. Энд манай улс цаг алдаагүй, бүх үйл явцад эхнээсээ зохион байгуулалттай сайн оролцсон. Вакцин нийлүүлэх боломжтой үйлдвэрлэгчдийг судлах, тэдэнд хүсэлт гаргах, гэрээний нөхцөлийг тохирох, тээвэрлэх нислэг, маршрутыг тогтоох, хүлээн авах ёслолыг зохион байгуулах гээд олон ажлыг урт удаан хугацааны туршид ярьж хэлэлцэж явсны үр дүнд бид харьцангуй сайн нөхцөлд ард иргэдээ вакцинжуулах боломжтой болсон. Өмнөх Засгийн газар цаг үеийн нөхцөл байдлыг мэдэрч, 10 сарын турш вирусийн тархалтыг хумьж чадсан нь ч энэ амжилтад хүрэхэд чухал нөлөөтэй байлаа. Шинэ Засгийн газар энэ бодлогыг амжилттай үргэлжлүүлж, бодит үр дүнд хүргэж чадсан. Манай Төрийн нарийн бичгийн даргын төлөөлөлтэй ажлын хэсэг яриа хэлэлцээг үр дүнтэй хийсний үр дүнд вакцины үнийг хөнгөлж, улсын төсвийн зардлыг хэмнэсэн гэдгийг ч энд тэмдэглэх нь зүйтэй. Энэ бүх ажил амжилттай болсон нь манай Гадаад харилцааны үндэс суурь зөв, манай дипломатуудын ур чадвар өндөр гэж дүгнэхээс өөр аргагүй юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт 3,800,540 тун вакцин татан аваад байгаа. Дархлаажуулалтад хамрагдах ёстой зорилтот бүлгийн 1,792,657 хүн буюу 86.7 хувьд нь вакцины нэг дэх тунд, 651,588 хүн буюу 30.6 хувьд нь хоёр дах тундаа хамрагдсан нь хүн амд эзлэх хувиараа дэлхийд нэлээд өндөр үзүүлэлт болоод байна. Монгол Улс бүс нутагтаа вакцинжуулалтын явцаар тэргүүлж байгаа бол, хүн амаа бүрэн вакцинжуулсан хувиар дэлхийн улс орнуудын 16-д жагсаж байгаа нь бидний ажлын үр дүн гэж харж байна. Түүнчлэн энэ оныг дуустал манай улс вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн шугамаар 1.2 сая орчим тун вакцин нэмж авна. Зургадугаар сарын 1-нээс өмнө 100 мянган тун пфайзер вакцин ирнэ. Пфайзер вакциныг ойрын үед нэмж оруулах талаар яриа хэлэлцээ хийж байна. Японы Засгийн газрын буцалтгүй тусламж, НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар “КОВИД-19 цар тахал болон онцгой байдлын үед нийгмийн эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлэх” хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 2.6 сая тун вакцин худалдан авах 15.6 сая ам.долларыг Японы Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн манай дансанд шилжүүлсэн.

СаяханМонгол Улсын вакцины дипломат ажиллагаагэдэг нийтлэл гадаадын хэвлэлд гарсан байсан. Өнгөрсөн хугацаанд манай улс зөвхөнвакцины гадаад бодлогоявуулсан гэсэн үг үү?

-Засгийн газрын вакцины бодлого амжилтай хэрэгжиж байгаа нь гадаад ертөнцийн анхааралд өртсөн байж магадгүй. Дэлхийн олон улс энэ жилдээ багтаж вакцинжуулалтад хамрагдахгүй нь гэсэн тооцоо,судалгаа байгаа. Ер нь Монгол Улс цомхон мөртлөө, гадаад харилцааны чадварлаг бүтэцтэй гэдэг ойлголт олон улсын улс төрийн харилцааны хүрээнд нэгэнт тогтчихсон юм шиг санагддаг. Ялангуяа академик хүрээлэлд. Өнгөрсөн түүхийг судалдаг эрдмийн хүрээний хүмүүс зүй тогтол хайж байгаад тийм гаргалгаанд хүрсэн байж магадгүй. Вакцины гадаад бодлого гэж байсан уу, байсан бол тэр нь зөв үү, үгүй юү гэсэн асуултад Гадаад харилцааны сайдын хувьд өнөөдөр би тийм, ийм гэж хариулах боломжгүй. Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл нь вакцинжуулалт байсан уу гэвэл би тийм гэж хариулна. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд манай яам тэргүүлэх байр суурьтай оролцсон уу гэвэл мөн л тийм гэж хариулна. Түүнээс биш манайд зөвхөн “вакцины” гэсэн тодотголтой богино хугацааны гадаад бодлого байж болохгүй байх. Алтан аргамж бол урт хугацааны, тогтвортой, ойлгомжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй үзэл баримтлалын тогтолцоо гэдгийг манай Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой заачихсан байгаа.

Иргэдийн татан авалтад ГХЯ яаж оролцдог юм бэ. Хилийн чанд дахь дипломат төлөөлөгчийн газруудын ачаалал өндөр байсан уу?

-Хилийн чанд дахь монгол иргэдийн аливаа асуудал ГХЯ-ны хариуцах үндсэн чиг үүрэгт хамаарна. Үүнийг манай яамны зөвхөн консулын үйл ажиллагаанд хамаатуулж болохгүй, гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэд байгаа бол тэднийг эх оронд нь авчрахад энэ яам бүр онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ хүрээнд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, тусгаарлалтын хоногийг бууруулах, тусгай үүргийн нислэгийн тийзийн үнийг багасгах гээд хэд хэдэн санаачилга гаргасан. Засгийн газар ч дэмжсэн. Гадаадын 87 улсаас 40 орчим мянган иргэнээ эх оронд нь ирүүлэхэд бид сайн оролцсон. Энэ амаргүй ажлыг хэрэгжүүлэхэд төрийн олон байгууллага оролцсон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ер нь аливаа Засгийн газрын үйл ажиллагаанд төрийн бүх байгууллага оролцож байж бодлогыг нь хэрэгжүүлдэг. Нэгэнт бодлого гарсан бол дипломатууд төвд, эсвэл хилийн чандад үүрэг гүйцэтгэж байгаагаас үл хамаарч, шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсэд бүх нийтээрээ оролцох ёстой. Бодлогын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх нь хаана ч хүнд хэцүү зорилт болдог, тиймээс хилийн чанд дахь дипломат ажилтнуудын ачаалал их өндөр байсан.

ГХЯыг улс орны дотоодод хэрэгжүүлдэг ажлуудад тэр бүр оролцоод байдаггүй гэж хүмүүс ойлгодог. Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд танай яам яаж оролцсон бэ?

-Төр, засгийн аливаа шийдвэр ард иргэдээ яаж сайн сайхан амьдруулах вэ гэдэгт л чиглэгддэг. ГХЯ-ны үндсэн чиг үүрэг нь энэ улсын үндэсний аюулгүй байдлыг дипломат шугамаар сахин хамгаалах явдал гээд Үндэсний аюулгүй байдлын, Гадаад бодлогын үзэл баримтлалд заачихсан байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах дотоод гол хүчин зүйлийн нэг нь ард иргэд нь баян чинээлэг байх явдал гэсэн нэг гаргалгаа байдаг. Хэрэв тэр үнэн бол ГХЯ-ны өдөр тутмын хийдэг ажилд тэр хөдөө хээр явдаг малчид, үйлдвэрлэл эрхэлж байгаа ажилчид, зах дээр худалдаа хийж байгаа хүмүүсийн ахуй амьдрал хамгийн их хамаатай. Эцсийн эцэст тэдний ажиллаж амьдрах сайн сайхан нөхцөлийг бүрдүүлэх явдал дипломатуудын хийдэг ажлын гол зорилго байж таарна. Иргэдийн эрх ашгаас давсан гадаад харилцаа гэж угаасаа байж болохгүй шүү дээ. Тэгэхээр эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө манай яаманд хамгийн их хамаатай. Энэ чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил харин овоо бий. Хилийн ачаа тээврийн боомтын үйл ажиллагааг сэргээж хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, экспорт, импортыг ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмд оруулах, гадаад худалдааны бараа эргэлтийг нэмэгдүүлэх, дор хаяж цар тахлын өмнөх хэмжээнд хүргэх гээд олон ажил яг энэ цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл болно. Яг одоо бол экспорт, импортын үйл ажиллагаа сэргэж байгаа. Алтанбулаг, Замын-Үүд дэх боомтын бөөгнөрлийг багасгах, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, голлох хилийн боомтууд дээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийх цэг байгуулах, импортын барааг тээвэрлэх ачааны автомашиныг Улаанбаатар хот руу саадгүй явуулах гаалийн хяналтын нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлууд ГХЯ-ны үндсэн чиг үүрэгт огт хамааралгүй мэт харагдаж болно. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр ажлууд ихэнхдээ хоёр талын, заримдаа гурван талын харилцааны шугамаар зохицуулагддаг. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 оны эхний дөрөвдүгээр сарын дүнгээр 4.45 тэрбум ам.доллар болж, экспортын дүн импортын дүнгээс 535.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсанд манай яам зохих хувь нэмрээ оруулсан гэж би боддог. Экспортод 2.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн, түүхий эд гаргаж, хэмжээ нь цар тахлын өмнөх буюу 2019 оны мөн үетэй тэнцүү болсон. Статистикийн тоо баримт зүгээр бий болчихоогүй, олон хүний хүч шингэсэн хөдөлмөр гэдгийг дурдах хэрэгтэй.

Ерөнхий сайд цар тахалгүй наадмаа хийхээ мэдэгдсэн. Цар тахалгүй наадам хийхэд танай оролцоо юу вэ?

-Монгол Улс долдугаар сарын 1-нд хилээ нээнэ гэдгийг Улаанбаатар дахь гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нартай хийсэн уулзалтын үеэр би зарласан. Засгийн газар надад тийм үүрэг чиглэлийг өгсөн. Ингэж зарласнаар манай яаманд вакцинжуулалтад хамрагдсан иргэдээ харилцан хүлээн зөвшөөрөх яриа хэлцлийг эхлүүлэх давхар үүрэг ногдож байгаа. Аялал жуулчлалын аюулгүй бүсийн нэгээр зарлагдаж чадвал манайд ирэх сонирхолтой гадаад иргэдийн тоо нэмэгдэж болно. Тэдэнд виз өгдөг нөхцөлийг нь хялбаршуулбал аялал жуулчлалын салбарт нэмэр болно гэсэн тооцоо судалгаа байдаг. Бид цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд цахим виз олгодог системийг хэрэгжүүлэх боломжийг судалж байгаа. Цар тахлын дараах хүнд үеийг даван туулахад вакцинжуулалтаа сайн хийж чадсан улс орнууд давуу талтай болж магадгүй. Хэрэв тийм бол визийн уян хатан бодлого зайлшгүй хэрэгтэй. Ер нь долдугаар сард гадаадын хэдэн жуулчинд виз олгосон бэ гэдгээр тухайн жилийн наадмын гадаад цар хүрээг тодорхойлдог нэг хэмжүүр тогтоож ч болох юм.

Засгийн газар цаашдаа хүүхдүүдийг вакцинжуулах ажилд гол анхаарлаа хандуулна гэсэн. Вакцины хангалт, нийлүүлэлтийн талаар ГХЯ хамгийн сайн мэдээлэлтэй байгаа гэж ойлголоо. Хүүхдийн вакцины талаар олон нийтэд тодорхой, албан ёсны ойлголт өгөөч?

-Хүүхдийн вакцин том хүнийхээс өөр найрлагатай байна гэж би бодохгүй байгаа. Тунгийн хувьд хэмжээ нь бага байж магадгүй. Туршилт хийж байгаа дөрвөн компани байгаа гэсэн, эмнэл зүйн туршилт хийх тодорхой үе шаттай, тэр нь амжилттай болчихвол эрүүл мэндийн байгууллагууд үе шаттай зөвшөөрөл өгөх бололтой. Хамгийн сүүлчийн мэдээгээр пфайзер компани 12-15 настай хүүхдүүдэд вакцин хийх зөвшөөрөл авчээ. Туршилтыг насны ангиллаар хийдэг юм байна. 12 хүртэлх насны хүүхдэд хийх вакцины зөвшөөрөл жаахан удаж гарч магадгүй гэнэ. Тэр нь бас дотроо таваас 11 хүртэлх насныханд, зургаан сартайгаас тав хүртэлх насныханд гээд өөр өөр түвшинд цаг хугацааны ялгамжтай гарч магадгүй юм шиг байна. Гэхдээ энэ бол эрүүл мэндийн салбарын, мэргэжлийн хүний үнэлэлт биш, вакцины нийлүүлэлтийн талаарх яриа хэлэлцээг яг одоо хариуцаж байгаа гадаад харилцааны салбарын хүмүүсийн одоо цаг дээрх ойлголт. Цаашдаа энэ ойлголт ч тогтмол өөрчлөгдөх юм шиг байна. Цаг хугацааны хувьд зөвшөөрөл нь яаж ч гарсан Засгийн газар хүүхдүүдийг вакцинжуулах асуудлыг эн тэргүүний зорилт болгож ГХЯ-нд тодорхой үүрэг чиглэл өгсөн. Бид хэлэлцээрийн эхний үе шатыг эхлүүлсэн, удахгүй тодорхой тохиролцоонд хүрэх байх.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, нэгдсэн сүлжээ нэвтрүүлэх зорилтын хүрээнд хийсэн ажлуудын талаар мэдээлэл өгөөч?

-ГХЯ-ны иргэдэд хүрдэг гол ажлын нэг нь консулын үйлчилгээ байдаг. Апостиль гэдэг гэрчилгээний баталгааг консулын байгууллага гаргадаг. Нотариатын үйлчилгээ хийдэг. Монгол Улс цахим үндэстэн болох зорилт дэвшүүлсэн, иргэд төрийн үйлчилгээг хилийн гадна, дотор хаана амьдарч байгаагаасаа үл хамаарч түргэн шуурхай авдаг болох боломжийг бүрдүүлэхэд бид анхаарч ажиллаж байна. Одоогийн байдлаар төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mon­golia” платформаар дамжуулан гадаадад байгаа монгол иргэд түгээмэл 40 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Цаашлаад гадаадад байгаа иргэдэд нотариатын үйлчилгээг цахимаар хүргэх ажлыг монгол иргэд олноор оршин суудаг улс орнуудад туршилтын журмаар нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хилийн чандад оршин суугаа иргэд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн сайн дурын нийгмийн даатгалд цахимаар хамрагдах боломжийг нээсэн. Цар тахлын үед ард иргэдээ дэмжих 300 мянган төгрөгийг гадаадын 87 улсад оршин суугаа 170 гаруй мянган иргэнд и-баримт цахим системээр дамжуулан шуурхай олгосон. Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гадаадад байгаа иргэдэд тоон гарын үсэг олгох нөхцөлийг хялбарчилж чадвал консулын үйлчилгээ иргэдэд хаана оршин суугаагаас нь үл хамааран илүү хурдан, илүү хялбар хүрэх боломж бүрдэнэ.

Засгийн газрын 100 төсөл хөтөлбөрт танай салбарын оролцоо ямар байгаа вэ?

-Засгийн газрын 100 төсөлд гадаад улс орнуудын оролцоо чухал. Гадаадын хөрөнгө оруулалт, шинэ техник технологид суурилсан бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдсөн байгаа. Ийм нөхцөлд ГХЯ сонирхогч байгууллагуудыг холбож өгөх үүрэг хүлээдэг. Яг бодитой үр дүн нь ил тодорхой харагддаггүй мөртлөө, сүүлд бодоод байхад гадаад, дотоодын олон байгууллагыг холбож өгч, дараа нь тоймтой ажлын эх суурь тавигдсан байдаг. Би хилийн чанд дахь дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартайгаа онлайнаар нэг бүрчлэн уулзаж Засгийн газрын зорилтуудтай холбоотой үүрэг өгсөн. Ялангуяа хувийн хэвшлийн хооронд харилцаа холбоо тогтооход ГХЯ онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Ер нь манай бүтээгдэхүүнийг хэзээ, хэн ирж авах бол гэж хүлээж суухгүй, өөрсдөө хэрэглэгчдэд нь хүргэдэг арга замыг эрж хайх нь бүтээлч санаачилга гэж үздэг хандлага сүүлийн үед гарч байгаа. Энэ хандлага, ялангуяа Засгийн газрын томоохон төслүүдийг урагшлуулахад хилийн чанд дахь манай дипломат төлөөлөгчийн газруудын удирдамж болох ёстой. Дээр нь ХЗДХЯ-тай хамтран бид цахим виз нэвтрүүлэх төслийг эхлүүлсэн. Жуулчдын тоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад хялбар үйлчилгээ үзүүлэх зэрэг ач холбогдолтой энэ төслийн хүрээнд бид цахим визийн системийг боловсруулж, нууцлал, аюулгүй байдал, төлбөр тооцооны шийдлийг тодорхойлсон. Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн статус, визийн хураамж, нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан зэрэг харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний актуудын төслийг боловсруулсан. Цахим визийн системийн туршилтыг зургадугаар сард багтаан эхлүүлж, аялж жуулчлах, спорт, урлагийн арга хэмжээнд оролцох зорилгоор ирж буцах, дамжин өнгөрөх хүмүүст цахим виз олгох төлөвлөгөөтэй байна.

Ерөнхий сайд БНХАУд айлчилна, айлчлалын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Хоёр талын урьдчилан тохиролцсон төлөвлөгөөний дагуу Ерөнхий сайд 2021 онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын бэлтгэл ажлыг хийж байгаа, тодорхой товыг эцэслэн тохиролцсоны дараа олон нийтэд мэдээлнэ.

Монгол Улс хилээ нээсний дараа ГХЯ өндөр, дээд хэмжээний ямар ямар айлчлал хэрэгжүүлэх вэ?

-ГХЯ өндөр, дээд айлчлалын асуудлыг түнш орнуудтайгаа тогтмол ярилцдаг. Тодорхой шийдэлд хүрснийхээ дараа хоёр тал харилцан тохиролцож байж товыг нь нэгэн зэрэг зарладаг. Коронавирусийн тархалтын улмаас хойшлогдсон олон арга хэмжээ бий. Гэвч дэлхийн улс орнууд гадаад харилцааны үйл ажиллагааны тасралтгүй, тогтмол чанарыг хадгалахад чиглэгдсэн янз бүрийн шийдлийг олж хэрэгжүүлж байна. Манай гадаад харилцаа бүх чиглэлд хэвийн үргэлжилж байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар луу өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 20. Бархасбадь гариг. Билгийн тооллын 8, шар луу өдөр. Өдрийн наран 05: 08 цагт мандан 20:30 цагт жаргана. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 26-28 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 9-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Боломж бол хөнөөл, туршлага бол дайсан” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Барилга, хот
байгуулалтын сайд
Б.Мөнхбаатар “Монголд байгаа
15 төмөрлөгийн
үйлдвэрийг яам
бодлогоор дэмжиж
ажиллана” хэмээснийг I, II нүүрээс уншаарай.

Фридрих-Эбертийн
сангийн Монгол дахь суурин
төлөөлөгч, доктор Нийлс
Хегевиш “Монголын ардчилал сайн, гэхдээ улс төрийн тогтолцоо нь бага зэрэг ганхаж байна” хэмээв.

Санхүүч Г.Батжаргал “Уул уурхайн орлогыг
хүртээмжтэй болгоно гэдгийг
мөнгө тараах гэж хараад байна” гэснийг “Эдийн засаг” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Боломж бол хөнөөл, туршлага бол дайсан” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт АШУҮИС-ийн Нийгмийн
эрүүл мэндийн сургуулийн
захирал, Анагаах ухааны
доктор, профессор Д.Даваалхам “Халдварын тохиолдол багассанаас хойш
дунджаар хагас сарын дараа нас баралтын тоо
буурах боломжтой” гэв.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны
ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг төрийн,
хувийн хэвшил гэж ялгаварлахгүйгээр цуцалж,
дахин хэлэлцэх хэрэгтэй байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ