Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолд оролцов

Билгийн тооллын XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 08-ны энэ өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Агуйт уулын оргилд боллоо.

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй бүрэлдэхүүн оролцов.

Ёслол, хүндэтгэлийн ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Агуйт уулын тахилгат овоонд хадаг өргөн, Бүх цэргийн Их хар сүлдийг Агуйт уулын оргилд тусгайлан зассан суудалд байрлуулснаар эхэлсэн юм.

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан тусгай журмын дагуу Төрийн хонжин удирдан гүйцэтгэлээ.

Бүх цэргийн Их хар сүлдийн тайлга нь монгол цэргийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлдээ хүндэтгэн цэнгэл баяслыг нь хөгжөөж, түүнд цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хав, сүр хүчийг илтгэн харуулж буй ёслол хүндэтгэлийн ажиллагаа бөгөөд цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, цагаалах тайлгыг жилд нэг удаа хийдэг.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших туг сүлдний зохилдлоготой Агуйт уул нь Баянзүрх хайрханы салбар уул бөгөөд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм.

Categories
мэдээ улс-төр

Шүүгчийн туслах, Хууль зүйн сургуулийн багшийг хуульчаар ажилласанд тооцох хуулийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.20) нэгдсэн хуралдаан 10.00 цагт 41 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол холбогдох болон бусад Байнгын хороог Зөвлөлтэй зөвшилцөн тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд өргөн мэдүүлсэн төслийн талаар мэдээллээ. Энэ үеэр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд нь төрийн цахим шилжилтэд туйлын чухал ач холбогдолтойг онцолж, нийт гишүүдийг анхаарал хандуулахыг хүсэв. “Эдгээр төслийн хэлэлцүүлгийг явуулахдаа бид “долоо хэмжиж, нэг огтлох” ёстой. Өчигдөр “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Эл уулзалтаар чухал, олон санал санаачилга гарсан. Их өгөгдөл нь уул уурхай шиг баялаг болсон энэ эрин үед зөв зүйтэй ашиглахад дээрх хуулийн төслүүд нэн чухал зохицуулалт болох тул Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн анхаарч, идэвхтэй оролцоорой” гэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл 7 бүлэг, 41 зүйлтэй бөгөөд хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах, хуульчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлох, хуульч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, хуульчийн үргэлжилсэн сургалт болон эдгээр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дараах байдлаар тогтоохоор тусган боловсруулсан байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчийг хуульчаар ажилласанд тооцох зохицуулалт үйлчилж байгааг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэн өргөжүүлж, шүүгчийн туслах, нотариатч, төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийг хуульчаар ажилласанд тооцох зохицуулалтыг тусгажээ. Харин магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, төрийн байгууллага, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийн албан тушаалын жагсаалтыг Хуульчдын холбооны удирдах зөвлөл батлах юм байна. Мөн эрх зүйч мэргэжилтэй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажилласан болон ажиллаж байгаа хүн хүсэлт гаргаж, Хуульчдын холбоонд бүртгүүлснээр хуульчийн зөвшөөрлийг олгосонд тооцох зохицуулалтыг бий болгох нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн өндөр мэргэшилтэй байх, энэ чиглэлээр тодорхой хугацаанд ажилласан байх болон бусад шаардлага, шалгуурыг тус тусын хуулиар тусгайлан тавьсан тул уг албан тушаалд ажилласан болон ажиллаж байгаа эдгээр тодорхой тооны этгээдэд хуульчийн зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзсэн байна.

Хуульч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрийг заавал магадлан итгэмжилдэг байх, хууль зүйн сургуулийн үндсэн ангиар эрх зүйч бэлтгэхэд баклаврын зэрэг олгох, харин эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэхэд дипломын зэрэг олгохоор төсөл тусгасан гэв.

Цаашид Засгийн газраас эдийн засаг, бизнесийн чиглэлээр хуульчийг түлхүү бэлтгэх бодлого баримтлах зорилгоор хууль зүйн сургуульд суралцагч нь эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсөхдөө нийт судалсан хичээлийн 30-аас доошгүй хувь нь хувийн эрх зүйн чиглэлээрх хичээл байх зохицуулалтыг шинээр тусгасан байна. Мөн хуульчийн үргэлжилсэн сургалтыг Хуульчдын холбоо нь бусад холбоо, танхимтай хамтран зохион байгуулах талаар тусгажээ. Ингэхдээ нийт багц цагийн тодорхой хувийг Хуульчдын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагддаг байхаар тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулсан юм.

2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Монголын хуульчдын холбоонд бүртгэлтэй нийт 6158 хуульч байгаа аж. Үүний 518 нь шүүгч, 522 прокурор, 2615 өмгөөлөгч, 277 нотариатч, 2446 нь бусад төрлийн хуульч байгаа талаар төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Хуулийн төслөөр хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байх бөгөөд шүүгчээр томилогдсон хуульч нь Хуульчдын холбооны гишүүнчлэлээс хүсэлтээрээ түдгэлзэж болохоор тусгасан байна. Хуульчдын холбоог оновчтой, тогтвортой, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэхээр эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалтыг хууль тогтоомжийн хүрээнд тусгалаа. Ингэхдээ хуульчдын өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага болох хуульчдын Их Хурал нь нийт гишүүдийн 10-аас доошгүй хувийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр жил тутам, Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа гурван жил зэрэг өөр хоорондоо уялдаагүй байдлаар хэрэгжиж байсан зохицуулалтыг өөрчилж, шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчдын тэнцүү төлөөлөл бүхий нийт 200 төлөөлөгчийг дөрвөн жил тутам нэг удаа хуралдахаар, Удирдах болох Хяналтын зөвлөл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг мөн дөрвөн жил байхаар уялдуулан тусгажээ.

Хуулийн төсөлд нийт 22 байгууллагаас санал авч, тусгасан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудаст нээлттэй байршуулан олон нийтээс санал авч, тусгасан байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа. Байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, хуульчдыг бэлтгэж буй тогтолцоог өөрчлөх талаар тодруулж, бакалаврын боловсролтой иргэдийг эрх зүйгээр мэргэшүүлэх, эчнээ болон оройн ангиар хуульчийн мэргэжил эзэмшүүлдгийг болиулах зэрэг санал хэллээ. Эчнээ, оройн ангиар хууль зүйн бакалаврын зэрэг олгохгүй байхаар төсөлд тусгасан гэдгийг Х.Нямбаатар сайд хариулав. Хуульч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэр дундаа бакалаврын зэрэг олгох сургалтыг заавал магадлан итгэмжлэгдсэн хуулийн их, дээд сургуулиудаар төгсгөдөг байх, эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгодог байхаар хуульчлахаар тусгасан байна. Түүнчлэн олон улс орнуудад ерөнхий боловсрлын сургууль төгссөн хүүхдүүдийг хууль зүйн чиглэлээр сургадаг нийтлэг жишиг байдгийг хэлсэн.

Хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. “Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Насангийн Цогтсайхан насаараа хуульчаар ажилласан. Тэрбээр өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанд оролцоод, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж гавьяаны амралтад гарч байна. Н.Цогтсайхан нь хуульчийн мэргэжил эзэмшин, ажил амьдралын гараагаа эхлээд хуульчаар ажилласан, Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн түүхийн 28 жилд нь Улсын Их Хуралд тасралтгүй хуульчаар ажилласан хүн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Байнгын ажиллагаатай парламентын түүхийн гэрч юм. Тамгын газарт хуульчийн туслахаас эхлээд шатлан дэвших мэрит зарчмаар, алгасалгүй дэвшин ажилласан Монгол төр, Улсын Их Хурлын шалгарсан албан хаагч, хуульч юм. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслүүд, Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомж бүрийг нягтлан уншиж, хянаж байдаг нарийн чимхлүүр, нүсэр, хүнд хүчир ажилд насаараа зүтгэсэн Насангийн Цогтсайхан танд Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс эрүүл энхийг хүсэж, амьдралд нь хамгийн сайн сайхныг ерөөе” гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Жаргалмаа нар Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайханд талархал илэрхийлсэн.

Дараа нь төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, өмгөөлөгч, шүүгч нар тусдаа хуультай, тусдаа холбоотой гэдгийг тэмдэглэж, Хуульчдын холбооны гишүүнчлэлийн талаар тодруулга авсан юм. Д.Ганбат гишүүн Хуульчдын холбооны үйл ажиллагааны талаар тодруулсан бол Х.Баделхан гишүүн хуульчид сайн дураараа нэгдэн өөр төрлийн холбоо байгуулах боломжтой эсэх талаар асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нь төсөл дэх сургалтын хөтөлбөрийг заавал магадлан итгэмжлэлтэй холбоотой асуудлаар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Эрх зүйч бэлтгэж байгаа сургуулиудын сургалтын хөтөлбөр, агуулгад мэргэжлийн холбооны зүгээс хяналт тавих нь манай эрх зүйн тогтолцоонд зохицохгүй агуулгатай сургалтын хөтөлбөрөөр эрх зүйчдийг бэлтгэх, цаашлаад хууль хэрэглээний чиглэлээр ойлголтын асар их зөрүү үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэв. Одоо 15 их, дээд сургууль хуульч бэлтгэж байгаа, мөн эрх зүйч бэлтгэдэг сургуулиуд бий гэдэг мэдээллийг өгсөн. Сүүлийн жилүүдэд эдийн засаг, бизнесээр мэргэшсэн хуульчид цөөхөн байгаа гэдэг шүүмжлэл гарч байгаа тул үүнд анхаарч, бодлогын түвшинд арга хэмжээ авахаар төсөлд тодорхой зохицуулалтуудыг тусгасан гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Хуульчдын холбооны үйл ажиллагаатай холбоотой байр сууриа илэрхийлж, хамтын удирдлагатай, олон нийтийн байгууллага гэдгийг онцолж байв. Тиймдээ ч хуульчдын Их Хурал хоёр жил тутам хуралддаг, ерөнхийлөгч нь хоёр жил тутам сонгогддог байгааг өөрчилж, ерөнхийлөгчид нь бүх эрх мэдлийг нь төвлөрүүлэн, олон нийтийн байгууллага гэдэг хэв шинжийг устгахаар төсөлд тусгасан байгааг шүүмжилсэн. Мөн тэрбээр Хуульчдын холбооны санхүүгийн байдлын талаар асуухад, тус холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх хариулт өгөхдөө “Тус холбооны ерөнхийлөгч нь өнгөрсөн хугацаанд санхүүгийн аливаа эрх мэдэлгүй явж ирсэн. Холбоо барилга, байшин ч гэх юм уу, нийгмийн асуудлаа шийдэхээр хуримтлал цуглуулж байсан нь өнөөдөр 1 тэрбум төгрөг болсон. Одоогоор Зөвлөл санхүүгийн шийдвэр гаргадаг” гэв. Төсөлд Хуульчдын холбооны санхүүгийн тайлан нээлттэй байх, хоёр жил тутам аудит хийж, тайланг нийт гишүүдэд танилцуулж байхз зохицуулалтыг тусгасан болохыг ажлын хэсэг тайлбарлав. Холбооны ерөнхийлөгчид эрх мэдлийг төвлөрүүлэхтэй холбоотой гишүүний байр суурьтай холбогдуулан ажлын хэсгээс тайлбар өгсөн юм. Хуульчдын Их Хуралд талуудын төлөөллийг тэнцүү оролцуулах, тодруулбал шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчид тус бүр 40 хүн, нийт 200 төлөөлөгчийг дөрвөн жил тутам нэг удаа хуралдаж байхаар төсөлд зохицуулалтыг тусгасан гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам “Эрх зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл” гэсэн төслийн зургаадугаар зүйлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Сургалтын хөтөлбөр гэдэг нь сургалтын байгууллагын гол технологи байдаг атал энэхүү технологи руу нь төрийн бус байгууллага орж, зөвшөөрөл өгөх, магадлан итгэмжлэх болж байгааг шүүмжиллээ. Зарим хуульч нар өөрийн хамгаалсан эрдмийн ажлаа сургалтын хөтөлбөрт оруулахаар шахалт үзүүлэх гэх мэт эрсдэл үүсэх магадлалтайг хэлсэн. Төрийн дээд боловсролын бодлогын гол чиг үүргийг төрийн бус байгууллага авахаар байгааг сануулж байлаа. Мөн тэрбээр төслийн зургаадугаар зүйл Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулиудад нийцэж буй эсэхийг нягтлах ёстой хэлсэн. Хуульчид, эрх зүйчдийн мэргэжлийн эрх чөлөөг хангах гэж энэхүү төслийг боловсруулсан байх ёстой гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар илэрхийлээд, хамтын удирдлагатай, олон нийтийн байгууллага байх бололцоог нь хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үг хэллээ. Ийнхүү өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Томоохон зах, худалдааны төвүүдийг нээхээр бэлтгэж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч, ажиллаж байна.

Тус дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 19-нд иргэдээс нийт 337 дуудлагад ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 21 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.30 минут байна.

Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 41 иргэн хандсанаас 22 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа.

Зах, худалдааны төвүүдийг нээхээр бэлтгэж байна

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 55 цэгт, явуулын 57 автобусаар 162 багийн 924 эмч, ажилтан ажиллаж, 29879 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Иргэд олноор үйлчлүүлдэг “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна хэмээн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын зээл авах хуулийг баталлаа

Хуулийн төслийг батлах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 89.3 хувь буюу дийлэнх нь дэмжлээ.

“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-өөр Азийн хөгжлийн банкнаас манай улс нийтдээ 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг авч ашиглахаар тохиролцжээ.
170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ковид гэдэг нэрээр маш их зээл авч байна даа. Дөрөв дэх удаагаа УИХ-д суухдаа ийм танхай Засгийн газар анх удаа харж байна. Хүүхдийн мөнгө нэмнэ гэнэ гэхдээ энэ чинь зээл шүү дээ. Зунаас хойш бид 873 сая ам.долларын шийдвэр гаргаад байна. Ковид нэрийн доор үрэн таран хийж байгаа үр ашиггүй зардлыг хянамаар байна. Ард түмэндээ үнэнг хэлэх хэрэгтэй. Төсвийн мөнгө байхгүй учир гаднаа зээлж авч байгаа гэдгийг нээлттэй хэлэх хэрэгтэй. Өнөөдөр сонгуульд зориулж мөнгө тараадаг тогтолцооноос салмаар байна. Хойч үедээ өр зээл үлдээмээргүй байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 170 сая ам.доллар зээлэх гэж байна. Зайлшгүй шаардлагатай авах ёстой зээл гэж үзэж байна уу. Тус зээлийг хэзээ яаж төлөх вэ. Зээлийг хүүхдийн 100 мянга зэрэг халамжид л тараах гэж байна. Уг нь бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулмаар байна. Авч байгаа зээлээр халамжийг санхүүжүүлж байгаа нь харамсалтай байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, зээлийн жилийн хүү нь 2 хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн 6 сарын хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нөхцөлтэй юм.

Categories
мэдээ улс-төр

Улсын онцгой комисс хуралдаж байна

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаараа тавдугаар сарын 22-ноос зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлэх, хязгаарлалтыг сулруулах асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталсан. Энэхүү журам нь тавдугаар сарын 22-ноос хэрэгжих бөгөөд хот болон орон нутагт зорчигчоос дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ. Үүнд:

-“Covid-19”-ийн эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,

-Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадалгаа,

-“Covid-19”-ийн тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон энэхүү журмын 2.1.1, 2.1.2 –т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын PCR шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/,

-Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичиг,

-0-17 насны хүүхдээс коронавируст халдварын PCR болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, Covid-19-ийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.

-Сүүлийн 4 сарын хугацаанд Covid-19-өөр өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй.

-Covid-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

УОК-оос гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс өнөөдөр Улаанбаатар хотод суурин 55 цэгт, явуулын 57 автобусаар 162 багийн 924 эмч, ажилтан ажиллаж, 29879 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Мөн иргэд олноор үйлчлүүлдэг “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын ажлын явц 50 хувьтай байна

Хан-Уул дүүргийн VIII хорооны найман га талбайд барьж байгаа Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын ажлын явц 50 хувьтай байна. Энэхүү бүтээн байгуулалт улсын төсөв болон хандиваар бүтэж байгаа юм. Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын захиалагчаар “Улаанбаатар спорт менежмент” ХК ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын явцыг шалгаж, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа. 2023 оны Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод болно. Өмнөх жилүүдэд манай улсад дэлхийн хэмжээний томоохон спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан бол Азийн залуучуудын наадмаар спортын 12 төрлийн 100 гаруй арга хэмжээнд 1500 орчим тамирчин ирэх төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн тухайн спортын төрлийн хяналтын баг, жуулчид зэрэг олон хүн ирэх учир бэлтгэл ажлыг чанарын өндөр түвшинд хангах хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн ерөнхий зохион байгуулалтын газрын захирал Ц.Бат-Энх “Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах төлөвлөгөөг шинэчлэн баталж, Зохион байгуулах хороог байгуулах хэрэгтэй. Тус наадмыг 2023 оны есдүгээр сард найман хоногийн турш зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс чанарын шаардлага хангасан, өндөр түвшний тоног төхөөрөмж хэрэгтэй. Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор ашиглалтад орсноор спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучуудын тоо нэмэгдэнэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхээс ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшихээр дөрвөн хүн материалаа өгчээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр цахим хуудаст байршуулсан.

Монгол Улсын Засгийн газраас “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацааг сунгаж, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаж, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан бүртгэлийн хугацааг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгаж, нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авлаа.

Дээрх хугацаанд 4 иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн болно.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.

Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалт

д/д

Овог, нэр

Төгссөн сургууль

Ажилласан байдал

1.

Батаагийн

Баттулга

МУИС-ийг хуульч, эрх зүйч, Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д Хууль зүйн магистр хамгаалсан.

Дархан хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргаанд байцаагч, мэргэжилтэн, зохион байгуулагч, Дархан хотын Хөтөл хорооны АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны дарга, Дархан хотын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хүний нөөцийн хэлтсийн дарга, БОАЖЯ-ны харьяа ЦУОШГ-т дэд дарга

2.

Чойжилын

Нямсүрэн

НАХЯ-ны ЦТДС-ийг хуульч, ЗХУ-ын Ленинград хот дахь ДЯЯ-ны УТДС-ийг хуульч-улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Нийгмийг аюулаас хамгаалах яамны ЗХХБУЕГ-т хүмүүжүүлэгч, төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Нийгмийг аюулаас хамгаалах яамны ЗХХГ-т зааварлагч, мэргэжилтэн, Цагдаагийн дээд сургуулийн Мөрдөн байцаах албаны тэнхимд багш, ахлах багш, Цагдаагийн дээд сургуулийн Төр эрх зүйн тэнхимд эрхлэгч, Цагдаагийн Ерөнхий газрын ЗУГ-ын Хүний нөөц сургалт арга зүйн хэлтсийн Сургалт хариуцсан дэд дарга, Цагдаагийн академийн Үндсэн хуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, “Шихихутуг” хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд ахлах багш, Улсын Дээд шүүхийн Судалгааны төвийн захирал, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Практик судлалын хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, Улаанбаатар олон улсын их сургуулийн Эрх зүйн тэнхимд ахлах багш, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гэмт явдал судлалын хүрээлэнгийн судалгааны багийн профессор, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Судлаачийн хөгжлийн төвийн аргазүйч-багш

3.

Володягийн

Оюумаа

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Гадаад харилцааны дээд сургуулийг англи хэлний орчуулагч, Удирдлагын академийг төрийн албаны менежер, МУИС-ийн Бизнесийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

МУИС-ийн Хууль зүйн сургуульд Олон улсын эрх зүйн тэнхимд цагийн багш, дагалдан багш, багш, ахлах багш, дэд профессор, профессор, Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, гэрээт профессор, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Монголын Нотариатчдын танхимын гишүүн, нотариатч, Удирдах зөвлөлийн гишүүн, Сургалт судалгааны төвийн ахлагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн

4.

Бямбажавын

Улаанбаатар

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, МУИС-ийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон улсын арбитрын арбитрч, МУИС-ийн Ёс зүйн Ерөнхий нарийн бичгийн дарга

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХХААХҮЯ​: 2000 гаруй малчинд хөнгөлөлттэй зээл олгоод байна

“Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээлд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай малчдыг дэмжих зээл багтсан. Тус зээлийг малчин, мал бүхий этгээдэд 50 сая төгрөг хүртэл хэмжээтэйгээр 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал олгох зохицуулалттай.

Монгол Улсын Засгийн газар малчин, мал бүхий этгээдийн байгалийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэх, малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд малчдын зээл олгох чиглэлийг баримталж байна. Засгийн газар гэрээ байгуулсан арилжааны банкнуудаас малчдад олгосон зээлийн хүүгийн дэмжлэгийг банканд төлөх үүрэг хүлээсэн.

2021 оны тавдугаар сарын 14-ний байдлаар 3438 хүсэлт ирснээс 2146 малчинд зээл олгожээ. Зээлийн хэмжээний хувьд, 53.3 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 29.9 тэрбум төгрөгийг олгосон байна.

Арилжааны банкны эрх, үүрэг

Малчдыг дэмжих зээлийг малчин, мал бүхий этгээд банкны хэрэглээний зээлээс бусад ижил төрлийн /малчны/ зээлийн нөхцөлөөр олгоно. Арилжааны банк малчдын зээлийн эх үүсвэрийг хариуцаж байгаа учраас гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг баримтлан зээлийн судалгааг хийж, зээлийн бодлого, журмын хүрээнд тухайн малчинд хэдий хэмжээний зээл олгох эсэхийг бие даан шийдвэрлэнэ.

Банк зээлийн хүүгийн дэмжлэгээс бусад бүх төлбөр, үүргийн гүйцэтгэлийн эрсдэлийг хариуцна. Мөн зээлийг зориулалт бусаар ашигласан тохиолдолд хүүг банкны ердийн зээлийн хүүгээр нөхөн хуримтлуулан тооцож, эргүүлэн төлөхийг гэрээнд тусгах эрх үүрэгтэй.

Малчин, мал бүхий иргэд зээл авахад тавигдах шаардлага

  • Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр малын тоо нь баталгаажсан байна.
  • Банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлагыг хангасан байна. Энэ нь банкны эрх, үүргийн хүрээнд хийгдэх зохицуулалтын асуудал юм.
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малчдын зээлийг дараах чиглэлээр олгох нь зохистой гэж зөвлөж байна
  • Малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, цөм сүрэг өсгөн үржүүлэх зорилгоор үржлийн өндөр ашиг шимт сүү, махны чиглэлийн өсвөр үхэр, хонь, ямаа, нарийн ноост хонь худалдан авах;
  • Нэмүү өртөг шингээсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор гахай, шувуу, зөгий үржүүлэх;
  • Сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, хадгалах, боловсруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд оврын тоног төхөөрөмж худалдан авах;
  • Өрхийн орлого, амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор эсгий эдлэл, арьс, шир боловсруулах, гар урлалын үйлдвэрлэлийг дэмжин жижиг, дунд оврын техник, тоног төхөөрөмж худалдан авах;
  • Ган, зудын эрсдэлийг бууруулах зорилгоор бэлчээрийг хамгаалах, усан сан байгуулах, булгийн эх хамгаалах, худаг уст цэг бий болгоход;
  • Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор малын тэжээл тариалах, бэлтгэх, хадлан хадах, хадлангийн иж бүрдэл бага, дунд оврын техник худалдан авах;
  • Өвс, тэжээлийн агуулах, малын өвлийн хашаа саравч барих, хадлангийн талбайг хашиж хамгаалах;
  • Мал эмнэлгийн зориулалттай зөөврийн хашаа, угаалгын ванн барьж байгуулах;
  • Өвөлжөө, хаваржаандаа болон отор нүүдэл хийхэд тав тухтай байх

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

Вьетнам иргэд УОК-т 10 сая төгрөг хандивлажээ

“Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ээс коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж хандив өргөлөө.

Нийт 100 гаруй Вьетнам иргэд ажиллаж, амьдардаг бөгөөд эдгээр иргэдийн сэтгэлийн хандив болгож 10,200,000 төгрөгийг УОК-т хүлээлгэн өгөв гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярыг суллаж, хилээр нэвтрэхийг хориглолоо

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тавдугаар сарын 19-ний өдөр Н.Түвшинбаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр (2021.05.20) хянан хэлэлцлээ.

Шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Н. Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж шалгасан билээ.