Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг байнгын хорооны дүгнэлтийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 86.4 хувийн саналаар хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.
Хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хориг дэмжигдсэнгүй
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, уг хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нэгдсэн хуралдаанд танилцуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан нар танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 02 дугаар дүгнэлт гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж дүгнэсэн.
Улсын Их Хурал цэцийн энэхүү дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэний үндсэн 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Уг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсан. Үүнд, хуулийн 1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтыг “3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;”, хуулийн 2/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “5.4.Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” хэмээн тус тус өөрчлөн найруулж, уг хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “… Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” хэмээн өөрчлөн найруулж, хуульчилсан нь нэг удаагийн шинжтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9-ийн “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнтэй нийцэхгүй, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомж нь “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх, хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх” гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн байна гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат, Н.Алтанхуяг, Н.Ганибал, М.Оюунчимэг, Г.Дамдинням нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Ерөнхийлөгчийн хориг хоёрыг хольж хутгаж болохгүй. Цэцийн дүгнэлт гарсан бол тухайн хуулийн үйлчлэл зогсдог, харин Ерөнхийлөгч хориг тавьсан үед тийм асуудал байхгүй. Ганцхан тохиолдол байдаг нь хууль тогтоомжийг мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хуулийн үйлчлэл зогсох хуулийн зохицуулалттай. Энэ талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/-ийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно” гэж заасан.
Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Харин Ерөнхийлөгч 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр уг хуульд бүхэлд нь хориг тавьсан. Иймээс хуулийн заалт түдгэлзэх тухай асуудал байхгүй. Хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж буйгаа тодотголоо. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар гишүүдийн зарим асуултад хариулт, тайлбар өгсөн юм.
Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Энхболд, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Ч.Хүрэлбаатар, Н.Ганибал нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Байнгын хороодын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 59 гишүүний 51 нь буюу 86.4 хувь нь дэмжив. Иймээс энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсан тооцов.