Categories
гадаад мэдээ

Антарктидаас том мөсөн уул тасарчээ

Дэлхийн хамгийн том мөсөн уул саяхан Антарктидаас тасарсныг “Sentinel-1” ажиглалтын хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ.

Европын сансрын агентлагийн цахим хуудсанд мэдээлснээр, мөсөн уулын талбай нь 4320 орчим хавтгай дөрвөлжин км бөгөөд Испанийн Мальорка арлаас арай том аж.

“А-76” гэж нэрлэсэн уг мөсөн уул нь 170 км урт, 25 км өргөн байна. Мөсөн уул Баруун Антарктидын эргээс зайдуу орших Ронне мөсөн голоос тасарч, одоо Уэдделл тэнгист хөвж байгаа юм байна.

Өмнө нь 3880 хавтгай дөрвөлжин км талбайтай мөсөн уул тасарч байжээ. А-32А гэх нэртэй энэ мөсөн уул мөн Уэдделл тэнгист хөвж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Замын-Үүд боомтоор ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцов

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав.

“КОВИД-19” цар тахлын халдвартай тэмцэхэд хөрш орон тусламж, дэмжлэг олгож шаардлагатай вакцины нөөц бүрдүүлэх болон Гашуунсухайт, Нарийнсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэхэд Элчин сайдын хичээл зүтгэл их байсныг тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцон, хил орчмын чөлөөт бүсийг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр хийж, хамтран ажиллахаар тохиролцов. “КОВИД-19” цар тахлын халдвараас сэргийлэн хийж буй ариутгал, халдваргүйжүүлэлтээс шалтгаалж ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг Элчин сайд Чай Вэньруй дурдаад, үүнийг түргэсгэх талаар холбогдох байгууллагуудад уламжлахаа хэлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Залуучуудын Хөгжлийн Зөвлөл байгуулагдлаа

Монгол Улсын Соёлын сайдын А/85 тоот тушаалаар соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөл байгуулагдаж, анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа. Тус хуралдаанд соёлын сайдын зөвлөх Н.Бямбадорж тушаалын төслийг танилцуулсан бол Залуучуудын Хөгжлийн Үндэсний Зөвлөлийн Нарийн бичгийн дарга, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж соёлын салбарын залуучуудын хөгжлийн төв зөвлөлийг бүртгэсэн батламжийг гардуулжээ. Түүнчлэн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, яамны дэргэдэх зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцсэн байна.

Соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөлийн даргаар Соёлын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Э.Цэнд-Аюуш томилогдсон бол дэд даргаар Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Гантулга, Соёлын яамны дэргэдэх зөвлөлүүд хариуцсан дэд даргаар Соёлын өвийн газрын мэргэжилтэн Ч.Цэцэгбаатар, Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, Урлаг, уран бүтээлийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа, Нарийн бичгийн даргаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Сувд-Эрдэнэ, гишүүдээр Соёлын сайдын туслах О.Цэрэндулам, Соёл, гэгээрлийн газрын ахлах мэргэжилтэн Ө.Уянга, Соёлын өвийн газрын ахлах мэргэжилтэн П.Алдармөнх, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Г.Эрдэнэсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын Жендер, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Жаргалмаа, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Э.Чинзориг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн С.Хэрлэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Баясгалан, Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн мэргэжилтэн Э.Болортунгалаг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Төрийн сангийн төлбөр тооцооны ерөнхий баталгаажуулалт, газрын дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ууганбаяр, Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн ажилтан Х.Даваадамба, Төрийн захиргааны удирдлагын газрын оператор техникч Ж.Баярмагнай нар томилогджээ.

Соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, үндэсний хөтөлбөр, тэдгээртэй холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон ажиллах бөгөөд Соёлын салбарын залуучуудад ажиллах, амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд салбар дундын уялдааг хангах, төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд залуучуудын оролцоог бий болгох, залуучуудын үзэл бодол, санал санаачилгыг дэмжих замаар бүтээн туурвих боломжийг бүрдүүлж, салбарын залуучуудын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний нэгдүгээр тогтоолоор баталсан Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн “Гэрээт малчин өрхийг малжуулах, санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ”-ний хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Тус арга хэмжээнд хамрагдах гэрээт малчин өрх нь 18-59 насны хөдөлмөрийн чадвартай, хоёроос доошгүй гишүүнтэй, гэр бүлээрээ хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, хоёроос доошгүй жил гэрээт малчнаар ажиллах хүсэлт гаргасан, сүүлийн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотод оршин суусан байх шаардлагатай.

Гэрээт малчин өрх нь дараах хөнгөлөлт, дэмжлэгт хамрагдана.

  • Ажил олгогч малчин нь гэрээт малчин өрхийн хоёр гишүүнд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр үндсэн цалин олгоно.
  • Гэрээт малчин өрхийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухай бүр тухайн жилд хуваарилагдсан хөрөнгөөс нөхөн төлж, хөнгөлөлт үзүүлнэ.
  • Гэрээт малчин өрхийн орон нутаг руу нүүх зардлыг суурьших аймаг, сумын замын уртаас хамааруулан тооцож, 150.000-500.000 төгрөгийн дэмжлэгийг нэг удаа олгоно.
  • Гэрээт малчин өрхийн хүсэлтээр гэрээт малчнаар хоёр жилийн хугацаанд тогтвортой ажиллуулах нөхцөлтэйгөөр малжуулах санхүүгийн дэмжлэг олгож болно.

Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 3 сая хүртэл төгрөг

Эргэн төлөх хугацаа: 36 сар

Дээрх шаардлагыг хангасан гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэд оршин суугаа хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ үү.

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн А/256 дугаар “Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай” захирамжийн хүрээнд 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр 5 байгууллагын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.

Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүсийн 55 чиглэлд 158 алба хаагч, 63 автомашин, Гал унтраах бэлтгэл ээлжийн 76 алба хаагч, 20 автомашин нийт 236 алба хаагч 81 автомашин техник хэрэгсэлтэй 126 чиглэлд 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Үрийн төмсний 11 дээжийн найм нь стандартын шаардлага хангажээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Алтанцөгц, Баяннуур, Сагсай сумдад газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоёр аж ахуйн нэгж, 9 иргэний 81.0 тонн үрийн төмснөөс 11 дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Лабораторийн шинжилгээний дүнгээр үрийн төмс сортын ба тариалалтын чанар техникийн шаардлага MNS0885-2006 стандартын шаардлага хангасан 8 дээжийн лабораторийн дүнг холбогдох эздэд хүргүүлж, стандартын шаардлага хангаагүй дүнтэй гарсан 3 дээжид улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн хаврын тариалалт эхлэхээс өмнө эрсдэлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмжийг сумдын Засаг дарга нарт хүргүүллээ.

Энэ жил Баян-Өлгий аймгийн хэмжээнд төмс 324, хүнсний ногоо 154, жимс, жимсгэнэ 95, малын тэжээл 757, нийт 1330 га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ.


Categories
мэдээ нийгэм

Бөөгийн зан үйлийн галын тахилга үйлдэж байгаад шатаж нас баржээ

Бөөгийн зан үйл үйлдэж байгаад шатаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 19-ний 22:30 цагийн үед Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн Мэлхий хадны ойролцоо 28 настай Э бөөгийн зан үйлийн галын тахилга үйлдэж байгаад шатаж, нас барсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай бөгөөд хэрэг гарах үед 20 гаруй иргэн галын тахилгад оролцож байжээ. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Түүнчлэн талийгаачаас өөр хүн галд өртөж, гэмтсэн эсэх нь тодорхойгүй байгаа а

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Нохой ойролцоогоор 150 үг ойлгодог


Дэлхийн ан амьтдын тухай сонирхолтой баримтуудаас хүргэж байна.


1. ШИМПАНЗЕ ОЙ ТОГТООЛТ САЙТАЙ


Маш олон хэлний үгийг түүнд зааж өгөхөд амархан сурахаас гадна бусдадаа зааж өгч байжээ. Тэд бас хүний хэлийг ерөнхийд нь ойлгодог бөгөөд зарим ойролцоо утгатай өгүүлбэрүүдийн өгүүлбэр зүйн дэс дарааллыг маш сайн тааруулж байсан гэнэ. Бусад амьтдыг бодвол хамгийн сайн ой тогтоолттой амьтан юм. Тэд ямар нэгэн асуудлыг маш сайн дүгнэлт хийж шийдвэрлэдэг юм. Энэ бүгдээс дүгнэхэд Шимпанзе дэлхийн хамгийн ухаантай амьтдын жагсаалтад яахын аргагүй багтах юм.


2. ДАЛАЙН ГАХАЙ ДЭНДҮҮ ЧАЛЧАА

Далайн гахай маш чалчаа амьтан бөгөөд олон янзын авиа гарган хүнтэй ярилцдаг. Түүний талаар сонирхолтой нэгэн зүйл хэлэхэд тэднийг унтахад тал тархи нь унтдаг бөгөөд тархиных нь нөгөө хэсэг нь сэрүүн байдаг гэнэ. Тэд маш хурц хараа, соргог чихтэй учир усны мандал дээр үсрэн гарах үедээ хүний хэлснийг сонсож чаддаг. Мөн тэдний шүд нь гаднаас ирж байгаа чимээг түгээдэг гэнэ. Тэд маш сайн анчид байдаг. Тэд бас оньсого таах, хамтарч ажиллах, гүн гүнзгий бодох, хэлсэн зааврыг дагах чадвартай бөгөөд тэр ч байтугай ямар нэгэн даалгаврыг дахин дахин хийлгэхэд маш амархан сурдаг аж.


3. ЗААН УХААНТАЙГААРАА АЛДАРТАЙ

Азийн ёс заншилд заанууд мэргэн ухааны бэлэг тэмдэг байдаг бөгөөд тэд ой тогтоолт, ухаантай гэдгээрээ алдартай. Үнэндээ тэдэнд маш гайхалтай ой ухаан байдаг гэнэ. Тэд юуг ч мартдаггүй. Хэрвээ зааныг хэн нэгэн гэмтээвэл маш удаан хугацааны туршид түүний ой ухаанд энэ нь байх болно. Мөн заан тэдэнд сайхан хандсан бүх хүнийг мартдаггүй. Тэд газар нутгаа сольсон ч хүнсээ, уух зүйлсээ маш хурдан олох чадвартай. Тэдэнд маш гайхалтай нууцлаг бусад төрлийн амьтдад байдаггүй нэгэн оюун ухаан байдаг. Хэрвээ нэг заан нь гэмтчихвэл бусад нь түүнд тусалдаг. Тэд амьдарч байгаа орчиндоо уйлж инээж тоглож ажиллах чадвартай. Хэлээд байвал зааны тухай маш олон зүйл байгаа ч дэлхийн хамгийн ухаантай амьтдын нэг гэж батлахад эдгээр зүйлс хангалттай байх гэж бодож байна.


4. RHESUS САРМАГЧИН БИОЛОГИЙН ХАЙГУУЛД ГАРАМГАЙ

Хүний нэгэн хэсэг гэгддэг Rhesus-ийн сармагчин нь дэлхий дээр хамгийн их тархсан ухаалаг амьтан гэдгээрээ алдартай. Тэд анагаах ухааны болон биологийн хайгуулыг маш чадварлаг хийдэг. Тэд маш гайхалтай ой тогтоолттой бөгөөд юмыг маш хурдан сурч, ямар нэгэн шийдвэрийг маш хурдан гаргадаг.


5. АФРИКИЙН СААРАЛ ТОТЬ 6 ХҮРТЭЛ ТООЛДОГ


Aфрикийн саарал тоть нь хүний хэлсэн үг яриа тэр ч байтугай дуулсан дууг хүртэл даган дуурайдаг. Тэд зүгээр ч нэг хүний дууг дуурайдаггүй, гэр бүл доторх чимээ болон бусад чимээг дуурайдаг. Тотийн зүгээр л нэг төрөл 20 өөр объектыг ялгах чадвартай бөгөөд 6 хүртэл тоолж чаддаг.


6. ХАРХ ГҮЙЛГЭЭ УХААНТАЙ

Харх нь ашиглаж болохоор мэргэн ухаан, ой тогтоолт, гүйлгээ ухаанаараа маш алдартай. Тэдний сэтгэл зүй нь хүнтэй маш адилхан мэт санагддаг. Тэд сонсох, үнэрлэх мэдрэхүйтэй. Мөн тэд будлиантай толгой эргүүлсэн зүйлийн учрыг олохдоо маш гарамгай.


7. CROWS, RAVENS ХЭЦҮҮ ДААЛГАВРЫГ ХЯЛБАР ГҮЙЦЭТГЭДЭГ

Энэхүү том хар шувуу нь маш гайхалтай оюун ухаантай бөгөөд өөрийн чадвараар дүрснүүдийн ялгааг гаргах, хэцүү даалгаврыг хялбархан хийх, тоолох зэрэг маш олон янзын чадвартай юм. Тэд мөн тоть шиг өөр өөр чимээг ялгаж сонсох чадвартай.


8. ШОРГООЛЖ АЛИВААГ СУДЛАН СУРДАГ

Магадгүй танд энэ хачин санагдаж байгаа байх. Гэхдээ шоргоолж дэлхийн хамгийн ухаантай амьтдын нэг гэдгээ баталж чадсан юм. Хэсэг шоргоолж газрын гадарга дээр жижигхэн зам шиг мөр гаргахад бусад нь тэр замыг дагаж явдаг. Ихэнх амьтанд аливаа зүйлийг даган дуурайж сурдаг бол харин шоргоолж нь сүүн тэжээлтэн бөгөөд олон талын зүйлсийг өөрсдөө судлан сурдаг гэнэ шүү. Ихэнх шоргоолж өдөр бүр өөрийн үүрнээсээ 700 тохой хол зайд явж хүнсээ олдог бөгөөд буцаад үүр лүүгээ төвөггүй ирж чаддаг гэнэ. Тэд үнэхээр ухаантай биш гэж үү?


9. ХАЛИМ ӨНДӨР МЭДРЭМЖТЭЙ

Судлаачид аварга халимд нөхөн төлждөг тархи байдгийг олж мэдсэн. Халим нь маш өндөр мэдрэмж сэтгэлийн хөдлөлтэй бөгөөд энэ нь гэр бүлийн нэг гишүүн нь үхсэн үед маш хүчтэйгээр илрэн гардаг. Мөн тэд хэрэгтэй зүйлсээ ашиглан хэцүү байдлаас амархан гарч чаддаг гэнэ. Халимууд ан хийж байх үедээ маш сайн хамтардаг бөгөөд нарийн төлөвлөгөө гаргаж өгөөшөө барьдаг гэнэ.


10. НОХОЙ ОЙРОЛЦООГООР 150 ҮГ ОЙЛГОДОГ

Ноход бодох сурах асуудлыг шийдэх маш өндөр чадвартай. Тэд ямар нэгэн тоглоом, тушаалыг маш амархан ойлгож сурдаг. Тэд ойролцоогоор 150 үг ойлгодог. Маш олон төрлийн нохойн үүлдэр байдаг бөгөөд Герман shepherd, Labrador анч нохой, Poodle, Border collies, Doberman Pinschers гэх зэрэг маш олон ой тогтоолт сайтай нохойн үүлдэр байдаг. Нохойнууд 4 юм уу 5 хүртэл тоолж чаддаг бөгөөд тэд зарим тооцоолох алдааг маш сайн олж чаддаг гэнэ. Жишээ нь 1+1=3 эсвэл 1+1=1.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Говь-Алтай аймагт шороон шуурганы улмаас айлын байшин нурж, зарим байрны цонх хагарчээ

Говь-Алтай аймагт болж буй шороон шуурганы улмаас айлын байшин нурж, зарим байрны тагтны хаалт, цонх зэрэг хагарсан хохирол үргэлжилж байна.

Ард иргэд та бүхэн онцын чухал ажилгүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Өнөө шөнө /тавдугаар сарын 20-21-нд шилжих шөнө/ Ховдын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Чингис хот-Бэрх чиглэлийн автозамыг ирэх онд ашиглалтад оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавьж байгаа автозам, тэр дундаа Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай автозамын ажлын явцтай танилцлаа.

Эхний 20 км автозамыг “Наранбулаг-Хан” компани 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдэх 50 км замыг ирэх онд хүлээлгэж өгөх бөгөөд явц 50 хувьтай байна. Чингис хот-Бэрхийг хатуу хучилттай замаар холбохоор Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийн томилолтыг эдийн засагтайгаа уясан байдалтай явж байгаа. Энэ удаагийн томилолт их чухал. Засгийн газар хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбохыг зорьж байна. Аялал жуулчлалын энэ зам Ульхан боомтоор дамжин ОХУ-руу шууд гарах гарц, нэг үгээр хэлбэл олон улсын автозам болно. Цаашид Хавирга, Ульханы боомтыг холбовол бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна бүс нутгийн нийгэм, эдийн засагт үр ашгаа өгнө. Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхдээ шат дараатайгаар буюу төлөвлөгөөнд үндэслэн бүтээн байгуулалт хийх нь илүү үр ашигтай” гэлээ.