Categories
мэдээ нийгэм

“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах уралдааны бүтээлүүдэд санал авч байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/338 дугаар захирамжийн дагуу иргэдийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх орчин, нөхцөлийг бий болгох зорилгоор “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал /концепц/, загвар зураг боловсруулах уралдаан зарласан.

Тус уралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд үргэлжиллээ. Ийн уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуусын хамтарсан нийт найман баг бүтээлээ ирүүлээд байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 23-ныг дуустал Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудсанд https://home.uda.ub.gov.mn/?p=9884 байршуулж, иргэд, олон нийтээс санал авч байна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж, удирдамжид заасан шалгуур, үзүүлэлтийн дагуу дүгнэж, нэгдсэн үнэлгээг гаргаснаар ялагчид тодрох юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 20 сая төгрөгийн шагналын санг баталсан бөгөөд шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж, 15 сая төгрөг, дэд байр нэгийг шалгаруулж таван сая төгрөгөөр урамшуулна. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг хийгдэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн маргааш 06:00 цагаас нээгдэнэ

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн маргааш буюу тавдугаар сарын 22-ны өглөө 06:00 цагаас нээгдэх гэж байна.

УОК-оос гаргасан журмаас:

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины хоёр тунг хийлгээд 14 хоног болсон иргэн орон нутаг руу явах нь нээлттэй болж байгаа юм. Ингэхдээ нотлох баримт буюу вакцинд хамрагдсан гэрчилгээгээ авч явна.

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгааг авах нь. Гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээс, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тухайн эмнэлгээсээ магадалгаа авахыг холбогдох албаныхан зөвлөж байгаа.

Иргэд иргэний үнэмлэхээ авч явах ёстойг журамд заасан.

0-17 насны хүүхдээс коронавируст халдварын PCR болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.

Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй, хамрагдаагүй иргэд PCR /3 хоног хүчинтэй/, түргэвчилсэн /2 хоногийн хүчинтэй/ шинжилгээ өгөөд орон нутаг руу явж болно. Харин очоод аймаг болон сумын онцгой комиссын хяналт дор 7 хоног гэрийн тусгаарлалтад байхыг УОК-оос мэдээлсэн билээ.

Зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар 629-өөр нэмэгдэж, халдварын тоо улсын хэмжээнд 51.247 болсон байна.







Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн нислэгээр 171 иргэн ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:40 цагт газардах хуваарьтай байна.

Тус транзит нислэгээр 171 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг “Кентавр”, “Мөнххустай” зочид буудалд тусгаарлана.

Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног өнгөрсөн бол гэрээр 7 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 сая төгрөг нэхэмжиллээ

Монгол Улсын Засгийн Газрын 100 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулах уулзалтын үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Вакцин саатуулсан буруутны нэг нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ба түүний нөхөр. Тэд гаалийн ажилтан болон тодорхой орны элчин сайдтай холбогдож, вакцин нийлүүлэлтийг гацаасан” хэмээсэн билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь гүтгэсэн гэж үзэн, хуулийн байгууллагад өгч, 100 сая төгрөг нэхэмжилж буйгаа зарлан, төрийн ордонд мэдээлэл хийв.

Энэ үеэрээ тэрээр: “2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр Засгийн Газрын 100 хоногийн тайлан хийх үеэрээ ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ миний нэр хүндэд ноцтойгоор халдсан. Энэ талаар Хан-Уул Дүүргийн Иргэний шүүхэд гомдол гаргасан. Ерөнхий сайд хүн ямар ч нотолгоогүйгээр миний нэр хүндэд халдсан. Тийм учраас нэр төр, алдар хүнд, ажил төрлийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагч уучлал гуйх, мэдээлэл тараасан арга хэлбэрээрээ няцаалт тараах нэхэмжлэл гаргасан байгаа. Уг гэм хорыг арилгуулах хохиролд 100 сая төгрөгийг ерөнхий сайдаас нэхэмжилж байна.

Энэ 100 сая төгрөгийг цар тахлын үеэр орон гэргүй болсон, хохирсон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгнө.

Нэг талаасаа нэг хүн нөгөө хүнийхээ талаар шүүмжлэл хэлсэн юм шиг боловч нэг намын дарангуйлал хэрхэн бий болдог гэдгийн тод илэрхийлэл юм. Сөрөг хүчнийхээ дуугардаг хүмүүсийнхээ амыг таглах, өөрсдийнх нь ажлыг шүүмжилсний төлөө сөрөг хүчнээ гүтгэх, өөрийнх нь дор ажилладаг байгууллагуудтай нийлж энэ хүнийг буруутгана гэдэг ноцтой асуудал үүсч байгаа юм. Би өөрөө Цагаатгалын комиссын дарга учраас эцсийг нь хүртэл явна. 1937 онд хэлмэгдсэн хүний эрхийн асуудал өнөөдрийг хүртэл явж байгаа. Хүний эрхийг зөрчинө гэдэг нь 5 жил, 10 жил, 50 жил өнгөрсөн ч арилдаггүй учраас үүнд бид цэг тавих ёстой. Улстөрийн хэлмэгдүүлэлт хэрхэн үүсдэг вэ?гэхээр хэн нэгэн дарга, эрх мэдэлтэн хүнийг гүтгээд, түүнийг нь холбогдох байгууллагууд нь улстөрийн нөлөөлөлд орж шийигэснээр үүсдэг. Яг үүнтэй адилхан кейс болоод байгаа учраас Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэдэг хүн яг яаж вакцины асуудалд саад учруулсан юм бэ? Хор хохирол учруулсан юм бэ? гэдэг дээр холбогдох 10 гаруй байгууллагаас тайлбар бичгийг гаргуулж байгаа. Мөн нэг ноцтой асуудал байгаа нь Ерөнхий сайд яриандаа гадаадад байгаа элчин сайдтай утсаар ярих үедээ ч гэдэг юм уу? гэр бүлийн хүн нь сэтгүүлчидтэй ярьсан гэх мэт. Ийм асуудлыг яагаад ерөнхий сайд ярьж байгаа юм бэ? Сэтгүүлчтэй ярьсан утсыг тагнаж, чагнадаг болчихсон юм уу? гэдэг асуудлыг би гаргаж тавина. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэж байдаг. Гэр бүлийнх нь хүний утсыг яагаад чагнадаг юм бэ? Энэ улсад өнөөдөр хууль байна уу? Хэн дуртай хүнийхээ утсыг чагнаад, нотолгоо, баримтгүйгээр гүтгэлэг явуулах нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Шүүхээр гэм буруутайг нь эцэслээгүй байхад ерөнхий сайдын амнаас сөрөг хүчнийхээ, тэр дундаа УИХ-ын дэд даргын нэр хүндэд халдсан нь туйлын хариуцлагагүй асуудал гэж үзэж байна. Ийм асуудал дахин гаргахгүйн төлөө би нэр төрөө сэргээлгэнэ. Эцсээ хүртэл явна гэж бодож байгаа.” гэв.

Categories
мэдээ нийгэм

Орхон голд гурван хүн эндлээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дахь Орхон гол руу Тоёота Карина маркийн автомашинтай орсноор 42 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, нэг настай хүүхэд живж, нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

2021 оны тавдугаар сарын 20-нд болсон энэ хэргийг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна. Ослын шалтгаан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Элчин сайдын томилолтыг улс төрийн “шагнал” гэдэг агуулгаар хандахаас эрс татгалзах хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан иргэдэд дипломат цол олгох тухай зарлиг гаргалаа.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛЫГ:

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Гончигийн Ганболд,
  • Гадаад харилцааны сайд асан Лувсанвандангийн Болд нарт олголоо.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН ЦОЛЫГ:

  • Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Элчин сайд Чулууны Баярмөнх,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайд Дашжамцын Батсайхан,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Дашийн Билэгдорж,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд Ганхуурайн Баттунгалаг,
  • Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд Зоригтын Чинтүшиг,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд Лувсангийн Баттулга,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Төмөрийн Лхагвадорж,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Шагдарын Батцэцэг,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Цэрэндоржийн Нарантунгалаг,
  • Гадаад харилцааны яамны Консулын газрын зөвлөх Нэмэхийн Батаа,
  • Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Мижиддоржийн Цэнгэг,
  • Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх Жагирын Сүхээ,
  • Ахмад дипломатч Дарийн Пунцаг,
  • Ахмад дипломатч Сүрэнгийн Бадрал нарт тус тус олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу дипломат цол олгох ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, Лувсанвандангийн Болд, Мижиддоржийн Цэнгэг, Нэмэхийн Батаа, Жагирын Сүхээ, Дарийн Пунцаг, Сүрэнгийн Бадрал нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дипломат дээд цолны тэмдэг, алтан, мөнгөн гэрэгэ, цолны батламжаа гардан авлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ДИПЛОМАТ ЦОЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Та бүхний өдрийн амгаланг айлтгая.

Өнөөдөр та бүхний дипломат албанд олон жил идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг үнэлэн, дипломат дээд цол олгож байна.

Монгол Улс аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлоо олон улсын эрхзүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангадаг учраас үеийн үед гадаад харилцааны салбар, түүний дотор дипломатч нарт өндөр үүрэг, хариуцлага оногддог билээ.

Манай улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх, бэхжүүлэх, хөгжил дэвшлийг дархлахад хичээн зүтгэсэн үе үеийн дипломатчдын түүхэн гавьяа зүтгэлийг бид мартах учиргүй ээ.

Орчин үед дипломат албанд өмнөх үеийнхнээс дутахааргүй чухал үүрэг, хариуцлага тулгарч байна. Олон улсын харилцаа хурдацтай өөрчлөгдөж, шинжлэх ухаан, технологи үсрэнгүй хөгжиж буй өнөө үед дипломат алба Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл болох ёстой.

Миний бие бүрэн эрхийнхээ дагуу өнгөрсөн хугацаанд гадаад харилцааны салбарт онцгой анхаарч, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, үндэсний эрх ашигт нийцсэн прагматик бодлого явуулж, эдийн засгийн тусгаар тогтнолыг бий болгохыг хичээн ажиллалаа.

Эн тэргүүнд хоёр хөрштэйгээ найрсаг байх гадаад бодлогын эн тэргүүний зорилтын дагуу ОХУ-тай Иж бүрэн стратегийн түншлэл тогтоож, БНХАУ-тай харилцаагаа улам хөгжүүлэх чиглэлээр идэвхи санаачилгатай ажиллахыг хичээлээ. Ялангуяа, гуравдагч хөршийн тэргүүлэх улс болох АНУ-тай Стратегийн түншлэл тогтоож, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай Стратегийн түншлэлээ нотолж, түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ажилласан.

Эдийн засгаас ангид аюулгүй байдал гэж үгүй, аюулгүй байдлаас ангид эдийн засаг гэж байхгүй.

Ашигт малтмал, түүхий эдээс хэт хамааралтай эдийн засгийн өнөөгийн бүтцийг өөрчлөн төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, тогтвортой хөгжлийг хангахад гадаад улс төрийн харилцаа, дипломат үйл ажиллагааг чиглүүлэх нь Монгол Улсын тэргүүн зэргийн эрх ашиг билээ.

Эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ Монгол Улсын гадаад харилцааны гол зорилтыг тодорхойлж, тэрхүү зорилтыг хангаж чадах эсэх нь эх орноо төлөөлөх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үндсэн шалгуур болох ёстой.

Хоёр улсын харилцааг улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, шинэ технологи, хамтын ажиллагааны олон талт хэлбэрийг санаачилж, тэдний ажлын үр дүнд гадаад харилцааны салбарыг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нөхцөлдүүлэгч хүчин зүйлийн нэг болгох нь Элчин сайд нарын эн тэргүүний үүрэг юм.

Жил ирэх тусам хилийн чанадад амьдрах Монгол иргэдийн тоо өссөөр байна. Гадаад харилцааны салбар, тухайн улс оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд Монгол Улсын иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг идэвх санаачлагатайгаар хангаж ажиллах ёстой.

Гэтэл Монгол Улсыг төлөөлөх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын зарим нь биеэ нөөх, амирлангуй хандах, практик ач холбогдолгүй ажилд хэт анхаарах зэргээр томилгоот хугацааны дөрвөн жилийг өнгөрөөснөөр улсын гадаад харилцааны үр дүн, хоёр улсын харилцааг хувь хүний идэвхгүй хандлагаар тодорхойлох нь үнэхээр хор хохиролтой юм.

Элчин сайдын томилолтыг улс төрийн “шагнал” гэдэг агуулгаар хандахаас эрс татгалзах хэрэгтэй. Иймэрхүү улс төржсөн хандлага өнгөрсөн хугацаанд стратегийн онц чухал ач холбогдолтой улс оронд суух Элчин сайдын томилгоонд хүртэл үйлчилж байсныг шулуухан хэлье.

Монгол Улсын гадаад харилцааны салбарт дипломат алба хашиж буй иргэн бүр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, мянганаар өртөөлсөн Монгол төрийнхөө даянд алдаршсан нэр төрийг хамгаалж, эх орныхоо язгуур эрх ашгийг хангаж, хичээнгүйлэн ажиллах учиртай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсын гадаад харилцаа хөгжин мандаж, эх орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшлийг дархлах болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Паркийн өнгө үзэмжийг сэргээн заслаа

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн хашааг шинэ шийдлээр будаж, хашаан дахь 2000 гаруй моддыг хэлбэржүүлэн, хог хаягдлыг бүрэн цэвэрлэжээ.

Нийслэлийн Засаг даргаас хөл хорионы үеийг ашиглан тохижилт, ногоон байгууламж, зам засвар, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлэх үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу Энхтайваны гүүрний урсгал засварын ажлыг хөрөнгө санхүүгийн бололцоондоо тулгуурлан хийж гүйцэтгэсэн.

Өнгө үзэмжийг сэргээх ажлын үргэлжлэл болгон Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг шинэ шийдлээр будаж, хашаан дахь 933ш улиас, 1300ш бут сөөг хэлбэржүүлэх ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хан-уул ТҮТ ОНӨААТҮГ, Грийт пинус ХХК-ний хэлбэржүүлэлтийн 3 бригадын 42 цэцэрлэгчин, 3 өргөгч машин 3 хог тээврийн машинтайгаар хийж гүйцэтгэлээ. Мөн хашаанд хурсан хог хаягдлыг иргэдийн бүлгийн 100 ажилтнаар 3 өдрийн турш түүвэр цэвэрлэгээ хийлгэж 2тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэг рүү ачиж цэвэрлэлээ хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Паркийн хашааг будан, хогийг цэвэрлэж, 2000 гаруй моддыг засжээ

Categories
гадаад мэдээ

TikTok-ийг үүсгэн байгуулагч огцрох болсноо зарлажээ

Дэлхий даяар тэрбум орчим хэрэглэгчтэй TikTok сошиал платформыг эзэмшдэг Bytedance компанийн үүсгэн байгуулагч 38 настай тэрбумтан Зань Иминь албан тушаалаасаа огцрох болсныг өчигдөр зарлажээ.

Тэрбээр гүйцэтгэх захирлын албан тушаалаа өөр хүнд шилжүүлж, урт хугацааны бодлого боловсруулах чиглэлд ажиллах болсноо мэдэгдсэн байна.

Сүүлийн үед Хятад улсын эрх баригчид тус улсын технологийн салбарын аварга компаниудад тавих хяналтаа чангатгасан нь үүнд нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэжээ.

Тухайлбал өнгөрсөн сард Бээжингийн эрх баригчид Алибаба компанийг 18.2 тэрбум юаниар ($2.78 тэрбум) торгосон. Тус компанийн үүсгэн байгуулагч Жэк Ма олны нүдэнд ил гаралгүй удаж байна.

Өнгөрсөн сард монополийн хуулийг зөрчсөн шалтгаанаар эрх баригчид ByteDance компанийг торгож, нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг удирдлагуудад нь хатуу анхааруулсан юм. ByteDance-ийг оролцуулаад нийт 34 технологийн компанид ийнхүү хариуцлага тооцсон байна.

Зань Иминь компанийнхаа ажилчдад тараасан мэдэгдэлдээ “Үнэндээ миний менежэрийн ур чадвар хангалттай сайн биш. Би хүмүүстэй ажиллахаас илүү уншиж судлах, бодож тунгаах ажилд илүү сонирхолтой” гэж бичжээ.

TikTok платформ нь дэлхий даяар тэрбум орчим хэрэглэгчтэйн 100 сая гаруй нь АНУ-ын зах зээлд оногддог. ByteDance компани дэлхийн 30 улсад 60.000 гаруй ажилтантай юм.

Зань Иминий хөрөнгийн хэмжээг $36 тэрбум гэж тооцоолсон байдаг.

Categories
мэдээ утга-зоxиол

“Тээгч сарууд” яруу найргийн түүврээс онцлох таван шүлэг

Зуны тэргүүн сар айлчлаад удаагүйн зэрэгцээ, яруу найрагч Э.Төгсжаргалын “Тээгч сарууд” ном ч басхүү хэвлэгдээд удаагүй байна. Уран зохиолын ертөнцөд өөрийн гэсэн “өнгийг” бий болгож буй “ГҮН УТГА” уран бүтээлийн нэгдэл байгуулагдаад цөөнгүй жилүүдийг үдсэн билээ.

Нэгдлийн гишүүдийн шилмэл шүлгийн түүврийг 2019 онд “Гүн утга – I” нэртэйгээр уншигчдад хүргэж байсан нь саяхан мэт. Тэгвэл тус нэгдэл энэ оноос, орчин цагийн уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэлэг содон, шилдэг бүтээлүүд гаргах, уран зохиолын чанар чансааг дээшлүүлэх, уран бүтээлчдээ дэмжих зорилгоор уран зохиолын “ҮҮДЭЛ” цувралыг эхлүүлээд байгаа аж. Цаашид энэхүү цувралын хүрээнд яруу найраг, хүүрнэл зохиол, жүжгийн зохиол, орчуулга зэрэг олон төрлийн шинэ содон номууд гарахаас, ийнхүү эхний бүтээл нь, өнөөдөр онцолж буй шүлгүүдийн зохиогч Э.Төгсжаргалын “ТЭЭГЧ САРУУД” шүлгийн ном юм.

No description available.

Э.Төгсжаргал нь 1991 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн. Дээрх түүвэр түүний анхны ном гэнэ.

*********

Тэр өдрөөс хойш

Татсан тамхины тань иш

үнсний саванд нэмэгдсэнгүй.

Аавыгаа хэзээ ирэх бол гэж

Гэрийн хаалга онголзох бүрд

нүдний харцаа хавчуулнам.

Үнэхээр их санаж байна аа.

/“Тээгч сарууд” шүлгийн түүвэр, 11-р тал/

*********

Тоорын мод нүцгэрчээ.

Цаг хугацаа идчихжээ, үр минь.

Чамд өөр зүйл бий, битгий уйл.

Чиний сонголт

цэнхэр алим ч байж болно.

Гагцхүү аав нь чамайг

Амт голдоггүй амьдралаас л

харамлана.

/“Тээгч сарууд” шүлгийн түүвэр, 15-р тал/

*********

Гэрийн минь өрхийг нөмөргөж

Гэнэт намайг ижийгүй болгож зүсэрсэн

Үйлийн үрийн нэрмэл тэр бороо

Миний зүрхний өвдөлт юм.

Эвдэрхий цаг хугацааны

Энхэл донхолтой замаар өгсөж уруудахдаа

Элэг бүтэн амьдралын тухай мөрөөдлийг

Аргал шиг газраас түүх гэж хичээсэн

Нялх балчир нас минь

Ээжгүй өссөн хүүгийн тухай

үлгэр зохиожээ.

/“Тээгч сарууд” шүлгийн түүвэр, 46-р тал/

*********

Сонин юм гэж юу вэ?

Тув тунгалаг өглөөний агаар дунд ганц тоос.

Сонин юм гэж юу вэ?

Хүмүүс цаг үргэлжжаргаж буйгаа мэдрэхгүй

Зовлон тоочдог.

Сонин юм гэж юу вэ?

Загас нүдээ аньдаггүй ч нэг л өдөр нүдээ анина,

Хэзээ бол гэдэг нь л сонин.

Сонин юм гэж юу?

Өвөл цасан дороос ургадаг цэцэгс,

Сүүдрийг минь хүртэл өргөж ургах өвсний амь

Хүнийхтэй нэгэн ижил.

/“Тээгч сарууд” шүлгийн түүвэр, 69-р тал/

*********

1.

Хамгийн гоё бороо манай нутагт ордог

Сүүлчийн бороон дусалтай анхны цас унадаг

Тэнд л тэнцвэр оршиж, бид мэндэлдэг.

2.

Хамгийн гоё цас манай нутагт ордог

Хөлийнхөө мөрөөр хүүхдүүд

мөрөөдлөө зурж тоглодог.

Чаргаар гулгаж, усаа зөөж, түлээндээ явж

Галаа түлж, цай хоолоо үйдэг.

3.

Хамгийн гоё дурсамжаа

нутагтаа бид үлдээсэн,

Худгийн ах усаа зүгээр л бэлэглэж

Мөсөн гулгуурын талбай дээр

хөлсөө гартал гулгаж

Нууцхан, дулаахан харцаараа

бээрсэн охидыг хайрлаад л…

4.

Суурингийн гудамжинд жавар үгүй санагдах

Хамгийн гоё салхины амь

манай нутагт хөлд ордог.

Уулсын тоононоос өлгөсөн

Хамгийн гоё, сүүдэр үгүй сар

Манай нутгийг ширтдэг.

5.

Хамгийн эгэл амьдрал манай нутагт байдаг

Амьдралыг амталсаар, амталсаар

Өөрийгөө голж үзээгүй нутгийн минь

Хамаг бүхэн нь аз жаргал байдаг.

/“Тээгч сарууд” шүлгийн түүвэр, 79-80-р тал/

Categories
мэдээ эдийн-засаг

Г.Батжаргал: Уул уурхайн орлогыг хүртээмжтэй болгоно гэдгийг мөнгө тараах гэж хараад байна

Санхүүч Г.Батжаргалтай ярилцлаа.


-ДНБ 15 хувиар өслөө гэсэн тоог статистикийн хорооноос өгөө. Хөл хорионоос болж бизнес нь хумигдсан аж ахуйн нэгжүүд, орлого боломж нь багассан иргэдийн талаас харвал цаасан дээрх өсөлт гээд хэлчихмээр. Эдийн засгийн 15 хувийн өсөлт яг иргэд, аж ахуйн нэгждээ наалдсан хүртээмжтэй өсөлт байж чадах уу?

-ДНБ-ий 15.7 хувийн өсөлтийн хувьд статистикийн арга, математикийн тооцоолол талаасаа үнэн л дээ. Энэ оны нэгдүгээр улирлын өсөлтийг өнгөрсөн оны мөн үеийн ДНБ-тэй харьцуулж гаргаж байгаа юм. Ингэж харьцуулсан суурь тоог харахаар 2020 оны нэгдүгээр улиралд манай улсын эдийн засаг 10.7 хувиар агшчихсан байгаа юм. Статистикийн тооцож гаргасан өсөлтийг задлаад харвал дотор нь уул уурхайн өсөлт жин дарж байгаа л даа. Бусад салбаруудыг харахаар ойролцоогоор 0.6-1.5 гэх мэтээр маш бага өсөлт үзүүлсэн байх жишээний. Тэгэхээр эдийн засгийн энэ удаагийн өсөлтийг нийт улсын эдийн засгийн хувьд хүртээмжтэй гэж хэлэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий өсөлтийн гол шалтгаан нь уул уурхай болоод байна. Коронавирус гарснаас хойш гурав, дөрвөн удаагийн хатуу хөл хорионд орсон, эдийн засаг, бизнес, цалин хөлсний орлого буурсан байхад яагаад ч өссөн гарах боломжгүй гэсэн байр суурь байгааг нэг талдаа үгүйсгэх аргагүй.

-Банк санхүүгийн статистикаас харахад ямархуу зураг харагдаж байгаа бол. Жишээ нь, иргэдийн хадгаламж өссөн үү, өнгөрсөн хугацаанд?

-Банкны системийн ерөнхий тоонуудыг харахаар иргэдийн хугацаатай хадгаламж өсөлт үзүүлээгүй анзаарагдсан. Нөгөө талдаа иргэдийн харилцах болон улс, хувийн байгууллагуудын харилцах дансны үлдэгдлүүд нэмэгдсэн зураг харагдлаа. Эдийн засгийг дэмжих арван их наядын хөтөлбөр гэж өнгөрсөн гуравдугаар сард зарласан даа. Оны эхэнд төв банкны үнэт цаасны үлдэгдэл 8.3-8.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан. Саяхны мэдээг харахад 9.7 болоод нэг их наядаар нэмэгдсэн байна.

-Иргэдийн харилцах дансны үлдэгдэл нэмэгдсэн нь ямар шалтгаантай гэж та харж байна вэ?

-Иргэдийн харилцах дансны үлдэгдэл нэмэгдсэн нь магадгүй дунд болон дундаас дээш орлоготой иргэд улсаас тараасан мөнгийг хэрэглээндээ нэг их зарцуулаагүйтэй холбоогүй болов уу. Бага, дунд орлоготой иргэдийн хувьд авсан даруйдаа хэрэглээндээ зарцуулсан байх. Улсын байгууллагын харилцахууд нэмэгдэж байгаа нь нэг талдаа сайн ч нөгөө талд Оюу толгойн татварын маргаанаар орж ирсэн нэг их наяд төгрөг иргэдийн гар дээр бэлэн мөнгө болж тараагдсаныг дурдах ёстой. Эдийн засаг руу энэ хэмжээний мөнгө гаднаас орж ирсэн гэсэн үг.

-Гэхдээ ид хөл хорионы үе буюу дөрөв, тавдугаар сарын тоог статистикийнхан нэгтгэж амжаагүй байгаа. Тэр үед өөр дүр зураг анзаарагдаж мэдэх л юм…?

-Тийм л дээ, сүүлийн хөл хорио нэлээд урт хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд эдийн засаг яг ямар болсон талаарх статистик албан ёсоор гараагүй. Өөрөөр хэлбэл, статистикаас сая зарласан тоо энэ хугацаатай хамаагүй. Оны эхний гурван сарын тоо л багтсан. Урт хугацааны хатуу хөл хорио дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн байгаа.

-Уул уурхайгаас шууд хамааралтай өсөлтийг зүгээр бэлэн мөнгө тарааснаар эдийн засагт бодитой эерэг нөлөө үзүүлэхгүй л дээ. Уул уурхайн өсөлтийг иргэн бүрд хүртээмжтэй болгохын тулд яах ёстой вэ?

-Уул уурхайгаас хамаатай өсөлт олон улсын зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сайн байгаатай шууд холбогдоно л доо. Зүй нь уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг эдийн засгийн салбараа хөгжүүлэхэд зарцуулах ёстой юм. Монголын хувьд олон улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргаж доллар олох боломжтой гарын таван хуруунд багтахаар хэдэн салбар бий. Энэ салбарууддаа хөрөнгө оруулалт хийж, ажлын байр олноор нь бий болгох эрэлт байгаа. Ингэж чадвал иргэдийг халамжлах биш, ажилтай болгох бодлого бодитоор хэрэгжинэ. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг иргэдэд бодитой, хүртээмжтэй, тэгш хүртээх ганц боломж гэвэл энэ л дээ. Харамсалтай нь улстөрчид уул уурхайгаас олж байгаа орлогыг иргэн бүрд хүртээмжтэй хүргэнэ гэдгийг халамж, бэлэн мөнгө тараах төдийгөөр хараад байна. Халамж бол нэг удаагийн шийдэл, цалин хөлс бол тогтмол орлого. Тэгэхээр нэг удаагийн орлогыг тогтмол орлого болгоход чиглэсэн бодлого л хамгийн үр дүнтэй. Ингэхийн тулд улс төрийн нэлээд томоохон реформын шинжтэй бодлого хэрэгтэй уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дандаа сайн байхгүй. Манай улсын тухайд уул уурхайн салбарт үнийг тогтоогч биш. Даган явагч улс орон учраас уул уурхайд найдсан эдийн засгийн өсөлтдөө ханаж болохгүй.

-Бизнесийг дэмжих зээл яг дэмжлэг хэрэгтэй бизнес эрхлэгчдэдээ очиж чадахгүй байна, хөл хорионоос болж туйлдсан иргэд банкны шалгуурт унаж байна гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд байр сууриа хуваалцаач?

-Эдийн засгийг дэмжих арван их наядын хөтөлбөрийн тухайд ийм агуулгатай хөтөлбөр олон оронд хэрэгжиж яваа. Манай улсын хувьд эзэндээ хүрч чадаж байна уу гэдэг л хамгийн гол анхаарах өнцөг. Үүн дээр олон янзын байр суурь дуулдаж байна л даа. Зарим нь банк өөрийнхөө эх үүсвэрээр олгож, эрсдэлээ өөрөө үүрч байгаа учраас шалгуур тавих нь зөв гэж харж байна. Нөгөө хэсэг нь банкны шалгуурт тэнцэхгүй нь олон боллоо, тэр утгаараа бизнесийг дэмжих зээлийн хүртээмж муу байна гэх мэтээр байр сууриа илэрхийлж яваа. Яалт ч үгүй тийм асуудал бий. Өмнө нь зээл аваад ковидоос болж зээлээ төлж чадахгүй яваа жижиг, дунд бизнес эрхлэгч иргэдийн тухайн зээлийн үлдэгдлийнх нь хүүг улсаас тодорхой хэмжээнд хөнгөлөх бодлого явуулсан бол илүү үр дүнтэй байсан байж мэдэх юм. Одоо зээл хүсч байгаа хүмүүсийн хувьд өмнө нь зээл аваад төлж чадаагүй гэсэн шалтгаантай хэсэг багагүй бий.