Categories
мэдээ нийгэм

​”Хүүхдийн төлөө фонд”-д хуримтлагдсан мөнгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө

“Хүүхдийн төлөө фонд”-д хуримтлагдсан мөнгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Жүжигчин Г.Ундармаа “Бид маш их баяртай байна. “”Хүүхдийн төлөө фонд”-од цугласан мөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүлээлгэж өгөх гэж байгаадаа маш их баяртай байна. Таван банканд 2 тэрбум 25 сая төгрөг хадгалагдаж буй. Энэ данс руу өдөр бүр мөнгө орж байгаа. Нэг төгрөг ч эдгээр данснаас гараагүй. Таван банкнаас тодорхойлолт авснаа хамтад нь хүлээлгэж өгнө. 43 мянган ААН, иргэнээс хандив цугласан. Хандив өргөсөн хүмүүст баярлалаа” хэмээлээ

ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Монголынхоо сайхан сэтгэлт иргэдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Урлагийн тоглолтоор цугласан мөнгө, төсвийн хөрөнгө оруулалтын мөнгийг Хүүхдийн төлөө санд оруулж буй. Өчигдөр Төрийн сан байгуулагдсанаар албан ёсоор данс нь нээгдсэн” гэв.

Categories
мэдээ улс-төр

СЕХ: Сонгууль болгоны үеэр улс төрийн намуудын зүгээс санал тоолох төхөөрөмжтэй холбоотой илт худал мэдээлэл тараадаг

“Өчигдөр АН-аас санал тоолох төхөөрөмжид хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй гэсэн мэдээлэл хийсэн. Энэ бичгийн хувийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлж байгаа. Энэ нь цаанаа Эрүүгийн хуульд заасан сонгууль будлиантуулах зорилготой гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа байж магадгүй гэдэг үндэслэлээр нийслэлийн прокурорын газарт хандсан.

Сонгууль болохоор санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн, мэдээллийг улс төрийн нам эвсэл, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийн зүгээс цацдаг.

2012 оноос хойш санал тоолох төхөөрөмж буруу ажиллалаа гэсэн бодитой нэг ч баримт гараагүй. Илт худал мэдээллийг олон нийтэд тарааж байгаа нь гэмт хэргийн шинжтэй байна” гэсэн мэдээллийг СЕХ-ноос өглөө.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн зээлгүй байсан 238 мянган ахмадад сая төгрөгийг шилжүүлж эхэллээ

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад өнөөдрөөс эхлэн байгалийн баялгийн хишиг болох 1 сая төгрөгийг тэтгэврийн дансанд нь шилжүүлж эхэлжээ. Тодруулбал, 238 мянган ахмад настан өнгөрөгч онд тэтгэврийн зээлийг тэглэх үед зээлгүй байсан бөгөөд тэдгээр ахмадуудад 1 сая төгрөгийн үнэт цаас олгох ажлыг эхлүүлж, улмаар мөнгийг нь өнөөдрөөс эхлэн шилжүүлж эхэлсэн байна.

Үнэт цаасыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс мөнгөжүүлэх ажлыг хийж байгаа юм. Статистик мэдээллээр тэтгэврийн зээлгүй 194.1 мянган ахмад байсан бол үлдсэн 43.9 мянган ахмад нь 1 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүүг нь тооцон олгох, ингэснээр 216 тэрбум төгрөгийг энэхүү санхүүжилтэд олгохоор шийдвэрлэжээ. Ваучер авсан бүх ахмадын тэтгэврийн дансанд мөнгийг нь шилжүүлэх учраас банкинд очерлох шаардлагагүй гэдгийг албаны хүмүүс онцолж байсан юм.

“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниуд Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216.0 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон билээ.

Үүнээс өмнө 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 228.5 мянган иргэний 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн бол одоо 238.0 мянган иргэнд 216.0 тэрбум төгрөг олгогдохоор болж байна. Нийтдээ ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээнд 466.5 мянган ахмад хамрагдаж, 911.0 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотод дахин 0.7 га газар олгохгүй” гэв

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Туул голын эрэг дагуу газрын зөвшөөрөл олгосон асуудлыг цэгцлэхээ мэдэгдсэн бөгөөд тэрбээр газар дээр нь ажиллаа.

Тэрбээр, Туул голын эргийн бургасыг хядаж, дээр нь шороо асгаж газраа тэгшлэн орон сууц барих ажил явагдаж байна. Энэ ажлыг оройн цагаар, нууцаар хийгээд байна. Туул голын усны түвшинг барьдаг гол зүйл нь бургас шүү дээ.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 ААН-д газар олгосон байдаг. Үүнээс 19 нь одоогоор барилга бариагүй байна. Туул голын эрэг дагуу газар эзэмшдэг 17 компанид газар эзэмших зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг дөрөвдүгээр сарын 15, 29-ний өдөр хоёр удаа өгсөн. Одоо дахин мэдэгдэл өгч, зөвшөөрлийг цуцлаад, бургас тайрч шороогоор булсан хэсгийг унаган төрхөөр нь нөхөн сэргээх шаардлагатай гэв.

Д.Сумъяабазар, Голын эрэг дагуу орон сууц барих нь газар хөдлөлтийн эрсдэлтэй. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй газар хойгуураа Чингэлтэй хайрханы өврөөр байгаа. Хадтай, газар хөдлөлтийн зурвасаа хол газар шүү дээ. Хотыг хойноосоо сайхан харагддаг.

Улаанбаатар хотод нэмж 0.7 газар дахин олгохгүй. 0.7 га газар олгоод байвал гэр хорооллын тэлэлт, түүнийг дагасан дэд бүтцийн дарамтын зардал тоймоо алдаж байна. Улаанбаатар хотод газар олголтыг энэ цагаас эхлэн зогсоох хэрэгтэй. Иргэн бүхэн өмчлөх эрхтэй газартай байгаа, тэр мэдээллийг ил тод болгох хэрэгтэй. Иргэдийн эзэмшиж, өмчилж байгаа газрын үнэ цэнийг өсгөхийн тулд хотод дахин газар олгож болохгүй.

Мөн хоёр жилийн хугацаанд ашиглана гэж газар аваад, тэр хугацаандаа ашиглаагүй бол зөвшөөрлийг цуцлах ёстой гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг хэлэлцэж, хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад эхэлж, цахимаар хуралдлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх” Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулах албан бичиг ирүүлснийгмэдэгдлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат Эрдэнэ нар тус тус танилцуулсан юм.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг Статистикийн тухай хууль, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль болон НҮБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тооллогын товыг УИХ-ын 2017 оны 76 дугаар тогтоолоор “2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн Улаанбаатарын 00 цагаар” тогтоож, тоолох ажиллагааг хуульд заасны дагуу 7 хоногийн хугацаанд зохион байгуулсныг Үндэсний статистикийн хорооны дарга мэдээлэлдээ онцлоод УИХ-ын 2017 оны “Улсын комисс байгуулах тухай” 77 дугаар тогтоолын дагуу Улсын тооллогын Комиссыг Монгол Улсын Ерөнхий сайд ахалж, Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргийн дагуу тооллогын ажилд онцгой ач холбогдол өгч ажилласныг дурдав.

Нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод, 19 хувь нь Хангайн бүсэд, 16 хувь нь Төвийн бүсэд, 13 хувь нь Баруун бүсэд, 7 хувь нь Зүүн бүсэд оршин сууж байна. Хүн амын аймаг, нийслэл хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогчид нийт суурин хүн амын 23 хувийг эзэлж байгаа нь өмнөх тооллогын дүнгээс буурчээ. Шилжих хөдөлгөөнд оролцогчдын талаас илүү (68 хувь) нь Улаанбаатар хот руу шилжиж ирсэн байна. Үүний нь Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт шилжин ирэгсэд хамгийн өндөр байна. Улсын хэмжээнд 106.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 3.3 хувийг эзэлж байгааг Б.Батдаваа дарга мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ 15, түүнээс дээш насны хүн амын 98.7 хувь нь бичиг үсэг тайлагдаж, 10, түүнээс дээш насны хүн амын95.1 хувь нь ямар нэгэн түвшний боловсролтой байна. Улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6, анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болжээ. Монгол Улсын зургаа ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 64.7 хувь нь интернэт хэрэглэгчид байгааг онцлов.

Улсын хэмжээнд 15,түүнээсдээш насны нийт хүн амын 59.7 хувь нь ажиллах хүчинд, 40.3 хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн амд багтаж байна. Ажилгүйдлийн түвшин 2020 онд 9.9 хувь болж, өмнөх тооллогын үеийнхээс 5.4 пунктээр буурчээ. Байшин, орон сууцны тооллогоор хүн байнга амьдарч байгаа 770.9 мянган сууцанд 897.4 мянган өрх амьдарч байна. Тооллогоор нийт өрхийн 38.2 хувь нь монголын гэрт, 60.9 хувь нь байшинд, 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд, инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд нийт өрхийн зөвхөн 29.5 хувь нь амьдарч байна. Үндэсний статистикийн хорооноос Хүн ам, орон сууц 2020 оны ээлжит тооллогын дунд үндэслэн хүн амын хэтийн тооцоог аймаг, нийслэлээр 2021 онд тооцож гаргах бөгөөд энэ нь боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, харилцаа холбоо гэх мэт бүхийн салбарын бодлого төлөвлөлтөд ашиглагдах болно гэдэгт итгэлтэй байгаагаа Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээлэлдээ дурдлаа.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцжээ. Тооллогыг зохион байгуулснаар Монгол Улсын хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшнийг бодитой үнэлж, дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох нэн шинэ мэдээлэлтэй болж, мэдээллийн нарийвчилсан эх үүсвэрийг шинэчиллээ. Түүнчлэн энэ удаагийн ээлжит тооллогын мэдээлэл нь үндэсний хөгжлийн болон нэгдсэн бодлого, төлөвлөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Монгол Улсын Засгийн газар үзсэнийг Байнгын хорооны санал, дүгнэлтдээ онцолжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хүн ам, орон сууцны тооллогын хугацааг богино давтамжтай явуулах бололцоо, тооллого хийхэд технологийн давуу талыг ашигласан эсэх, зарцуулсан зардлыг тодруулахын зэрэгцээ тооллогын дүн хэр бодитой гарсан, өгөгдлийг цаашид хэрхэн ашиглахаар төлөвлөснийг илүүтэй тодруулав.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа хариултдаа, НҮБ-аас баталсан Хүн амын тооллогын хөтөлбөрийн дагуу өгсөн зөвлөмжийн хүрээнд хүн амын тооллогоос гадна нийгэм, эдийн засаг зэрэг бусад үзүүлэлтийг давхар авч байгаа. Тооллогыг цаашид жил, сараар хийх боломжтойг онцлохын зэрэгцээ хүн амын тооллого дээр үндэслээд хүн амын хэтийн тооцоо гардаг. Энэ хэтийн тооцоон дээр тулгуурлаад салбар болгон бодлогоо тодорхойлж, асуудлаа төлөвлөх боломжтой гэж байлаа.

Мөн тэрбээр,тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн Улаанбаатарын 00 цагийн зураг авалтаар буюу энэ цаг хугацаанд амьд байсан бүх хүнийг тоолсон. Энэ удаагийн тооллогын онцлог нь төрийн байгууллагууд дээр байгаа бүртгэлийг ашиглах, 10 хувийг түүврийн аргаар тооцсон тул тоо бүрэн гарсан. Үүнийгээ шалгахын тулд нийт хүн амын 10 хувьд санамсаргүй түүврийн аргыг ашиглан түүвэр зохион байгуулж, дахин нягталж, баяжуулсан гэж байлаа. Уг тооллогод нийт 15,7 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч, төрийн мэдээллийн сангууд, IT технологийн дэвшлийг ашигласан учир зардал хэмнэгдэж, хүн амын тооллогод 3,8 тэрбум төгрөг, бусад зардлууд нийлээд 4,7 тэрбум төгрөгийн зардал гарсан хэмээн хариулж байлаа.

Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын дарга үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний статистикийн хороотой хамтарч төрийн их өгөгдлийг ашиглах бодлого, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Мөн өгөгдлийн шинэ эринд төр, хувийн хэвшил аливаа бодлого шийдвэр гаргахдаа тооцоо судалгаанд тулгуурлах зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглээд энэ хүрээнд өнгөрсөн лхагва гарагт “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсныг дурдав. Түүнчлэн, Хүн ам, орон сууцны тооллого, Үндэсний статистикийн хорооны мэдээллийн сан бол их өгөгдөл. Зөвхөн хүн амын хэдэн хувь нь ямар сууцанд амьдарч байна вэ гэсэн мэдээлэл дээр л төрийн бодлого, төвлөрлийг сааруулах, хөгжлийн алсын хараа бодлогоо төлөвлөх суурь нь болно. Иймд их өгөгдөл нэн ялангуяа хүн ам, орон сууцны тооллогын үр дүнг бусад дататай уялдуулан ашиглах талаар нэгдсэн томоохон бодлого боловсруулах шаардлагатай байгаа тул энэ чиглэлээр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулсан Ажлын хэсэг байгууллахаар төлөвлөн, ажиллахаа мэдэгдлээ.

Хуралдааны төгсгөлд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн албан хаагчдыг шалгаруулалтаар томилдог болох хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийнтөслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Төрийн албан хаагчдыг төрийн захиргааны, үйлчилгээний, улс төрийн албан хаагч гэж ангилдаг. Тэдгээрээс улс төрийн алба хаагчийн томилгоо нь ямар нэгэн шалгуургүй, хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандаж шийдвэр гаргадаг, томилогдсон улс төрийн албан тушаалтан нь ёс зүй, мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй байдаг жишиг байсаар байгаатай холбогдуулан улс төрийн албан тушаалтны томилгоонд нийтлэг болон тусгай шаардлага бий болгохоор энэ хуулийн төслийг боловсруулжээ.

Улс төрийн албанд ямар нэгэн хууль зүйн шаардлага тавихгүй байгаа учир хүнд суртал нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнд ноцтой доголдол гарах нөхцөл нэмэгдэж байна. Энэ байдал даамжирвал нийтийн эрх ашиг, хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн нийгмийг удирдан чиглүүлэх, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх төрийн чадавх сулрах, иргэдийн төрд итгэх итгэл буурах зэргээр манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө.

Тиймээс улс төрийн албан тушаалтанд нийтлэг болон тусгай шаардлага тавьж, баталснаар төрийн гүйцэтгэх эрх мэдэл, орон нутгийн удирдлагын мэдлэг, ур чадвар, ёс зүйн хариуцлага нэмэгдэх, иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэх, төрийн үйлчилгээ үр дүнтэй болох, шийдвэр гаргалт, хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжүүлэх чадавх бүрдэх, улмаар мэдлэг, ур чадвартай, мэргэшсэн, ёс зүйтэй төрийн алба төлөвших эерэг үр дүн гарна гэж хууль санаачлагчид үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд МЗХ-той хамтарч ажиллана

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Нийслэлийн залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, есөн дүүргийн Залуучуудын хөгжлийн төв болон МЗХ-ны салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд энэ нь чухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийслэлийн залуучуудын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлж “Санамж бичгийн хүрээнд залуучуудад тэгш боломж олгох, тэдний сурч, хөгжих, өөрсдийн бизнесээ хийх таатай орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллана. Залуусын хөгжих, бизнесээ хийх боломж нь цар тахлын улмаас гацсан. Тиймээс хүндрэлтэй байгаа асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэх, ашиг, орлогоо нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх бүх боломжийг төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй холбож, дэмжинэ. Гарааны бизнес буюу старт ап төслүүдийн хүрээнд МЗХ-той түлхүү хамтран ажиллах юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон ямар нэгэн шалтгааны улмаас залуучуудтай мөр зэрэгцэн алхахад хүндрэлтэй болсон залуучуудыг олон үйл ажиллагаанд оролцуулж дэмжинэ. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон хөтөлбөр батлагдсан. Эдгээр хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж өндөр үр дүнд хүрэхээр ажиллах болно” гэлээ.

Тус ажлын хүрээнд МЗХ-ны дэргэдэх Хөдөлмөрийн биржээр дамжуулж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, холбон зуучлах, IZALUU төслийг дэмжих үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Төв Азидаа анхлан байгуулагдсан залуучуудын байгууллагын 100 жилийн ойн үйл ажиллагаануудыг дэмжих гэх мэт олон талт үйл ажиллагаанд хамтарч ажиллахаар Ажлын хэсэг ажилдаа орлоо.

Categories
мэдээ улс-төр

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг тавив

Ардчилсан намын дарга М.Тулгат:

-2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй асуудал дэлгэгдэж байна. Программ хангамжид захиалгаар нөлөөлж, УИХ-ын нэр дэвшигчдээс тодорхой хүмүүсийг ялуулсан гэх хэргийг зургаан сар шалгаад хохирогчгүй гээд хаасан байна. Хэрэв ард түмний сонголтыг МАН луйврын аргаар авсан бол энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль явуулах боломжгүй. Мэргэжлийн байгууллага олон нийтийн оролцоотойгоор онц зөвлөл байгуулж, энэ асуудлыг тодорхой түвшинд шийдтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг тавьж байгаа юм. Бид Сонгуулийн ерөнхий хороонд Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуул гэсэн шаардлагыг тавьж байна.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл:

-Ардчилсан намын дарга М.Тулгатын хэлсэн шаардлагыг онцгой анхаарах асуудал. Сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж, луйвраар хийж байна гэсэн яриа гарч байсан. Энэ бүгдийг өнгөрсөнд нь орхиж явсаар байгаад төрийн эрх мэдлийг хууль бусаар, луйвраар авч буй жишиг тогтлоо. Тийм юм бол ардчилалаар яах юм бэ гэдэг асуудал тавигдаж байна. Ийм нөхцөл байдлыг засах ёстой. Одоо энэ байдалтай эвлэрэхгүй. Ардчиллыг хүсдэг, дэмждэг ард түмнээ хуурсан их ноцтой үйлдлийг гаргасан.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Олон нийтийн зөвлөлөөс олон нийтийн оролцоотой хийж буй дүгнэлтийг СЕХ нэн даруй нээлттэй зарлахыг бид шаардаж байна. Өнгөрөгч 2020 оны сонгуулийг хууль бусаар авсан талаар АН-аас мэдээлж байсан. Энэ хэрэг дээр Ардчилсан намаас өргөдөл гомдол гаргасан. Гэтэл энэ хэрэгт шалгагдаагүй эргэлзээтэй олон зүйл байна.

Categories
мэдээ нийгэм

Ульхан, Хавирга боомтыг хатуу хучилттай замаар холбоно

Монгол Улсын Ерөнхий сайдын зүүн аймгуудад хийж байгаа албан томилолт үргэлжилж байна. Тэрээр Чингис хот-Дадал чиглэлийн хатуу хучилттай авто замын явцтай танилцав.

Засгийн газар аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд зүүн гурван аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж, Хэнтий аймагт Их эзэн Чингис хааны дурсгалт газар бүхий цогцолбор байгуулж байна. Нэн тэргүүнд хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбож, үүний дараа аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого дагасан авто замтай болох зорилт тавьж байгааг Ерөнхий сайд хэлэв.

2019 онд Дорнод аймгийн Ульхан боомтоор 683, Хавирга боомтоор 3130 гадаадын жуулчин нэвтэрсэн байна. Хатуу хучилттай замтай болсноор дээрх боомтуудаар дамжин хоёр хөрш рүү аялах, дамжин өнгөрөх дотоод, гадаадын жуулчдын урсгал нэмэгдэнэ. Мөн зорчигч тээврийн аюулгүй, ая тухтай үйлчилгээ нэвтэрч, бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг салбар хөгжинө гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэв.

НҮБ-аас 1995 оноос хэрэгжүүлж буй “Их түмэн гол санаачилга” төсөл нь ОХУ-ын Приморск, Хабаровск, БНХАУ-ын ӨМӨЗО, Жилин, Хейлонжианг, Лиаоининг, БНСУ-ын Пусан, Улсан, Сокчо, Пухан, Монгол Улсын Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар нутгийг хамардаг. ОХУ-ын дээрх бүс нутагт жилд 10 гаруй, БНХАУ-ын хил залгаа бүс нутагт 310 гаруй сая хүн аялдаг. Эдгээрийн 0,06 хувийг Монгол Улсад татахад л зүүн бүсэд жилд 200 мянган гадаадын жуулчин аялж, аялал жуулчлалаас 150 тэрбум төгрөг олох боломжтой. Иймээс хилийн боомтуудын хүчин чадлыг нэмж, төвлөрсөн аялал жуулчлалын бүсүүдтэй автозамаар холбох шаардлагатай юм.

Ерөнхий сайд мөн Дадал суманд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор”-ын төлөвлөлт, “Дэлүүн болдог” нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Л.Оюун-Эрдэнэ: Ульхан, Хавирга боомтыг хатуу хучилттай замаар холбоно

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд Нийслэл хотын хөгжлийг дэмжих түр хороо байгууллаа

УИХ-д Хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулсан талаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн, Ж.Сүхбаатар, УИХ-аар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэ удаа хуулийн нэрийг өөрчилж, Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль болгоно. Түр хороо байгуулагдахын ач холбогдол нь Түр хороо албан ёсны шийдвэр гаргадаг, албан ёсоор чиглэл, үүрэг даалгавар өгдөг. Бид бүхэн ажлаа ард түмэндээ тайлагнана. Түр хороо хотын түгжрэлийг шийдвэрлэхэд УИХ-аас эдийн засаг, эрх зүйн хувьд бүх талаар дэмжиж ажиллана гэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Түгжрэлийг шийднэ гэдэг бол нийгэм, эдийн засгийн олон асуудлыг давхар шийднэ гэсэн үг. Улаанбаатар хотын 67 хороонд сургууль, цэцэрлэг байдаггүй. Сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх, авахаас түгжрэл үүсдэг. Хотын явган хүний болон дугуйн замын гадаадын улс орнуудын стандартад хүргэх, хотын аль ч дүүрэг, хэсэгт амьдарч байсан нэг стандартын үйлчилгээ авах боломжоор хангаснаар Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэж чадна гэж харж байна.

Нийслэлийн 200 мянга гаруй иргэн гэр хороололд амьдарч байна. Эдгээр өрхийн 50 мянгыг нь л дэд бүтцэд холбох боломжтой. Харин бусад 150 мянган өрхийг орон сууцжуулах бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Ингэхгүйгээр ойрын 20-30 жилдээ хотын гэр хорооллыг дагасан асуудлууд шийдэгдэхгүй нь.

Бид Засгийн газар болон Улаанбаатар хоттой хамтарч, тооцоо судалгаанд үндэслэн шийдвэрүүдийг гаргаж ажиллана. Хөрсний бохирдол, гэр хороололд тулгамдсан асуудлыг давхар шийдвэрлэж ажиллана гэлээ.