Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 684 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 8399 хүнээс шинжилгээ авахад 684 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 638 нь Улаанбаатар хотод, орон нутагт 41 , эмнэлгээс шалтгаалах халдвар 5 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 51931 боллоо.

Мөн дөрвөн хүн нас барж, ковид шалтгаант нас баралт 244 болж байна.

  • 78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 20-нд онош нь батлагдсан
  • 74 настай эмэгтэй тавдугаар сарын 17-нд онош нь батлагдсан
  • 61 настай эмэгтэй тавдугаар сарын 20-нд онош батлагдсан
  • 78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Биеийн байдал маш хүнд 116 хүнд байна.

Сүүлийн 24 цагт 708 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 45853 боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Замын-Үүд боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэв

Шадар сайдын албан томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна. Тэрээр аймгийн удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүдтэй уулзаж, Замын-Үүдийн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэрэгслүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн байна.

Замын-Үүдийн авто замын боомтоор өдөрт дунджаар 350-400 орчим ачаа тээврийн автомашинууд нэвтэрдэг байсан бол Монгол Улсад коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын талаас хилээр нэвтрэх ачаа тээвэрт хязгаарлалт тогтоож, өдөрт 100-аас ихгүй тээврийн хэрэгсэл байхаар тогтоосон юм.
Хилээр нэвтрэх ачаа тээврийн эргэлт удааширч байгаатай холбогдуулан тээвэрлэлтийн зохиомол үнийн хөөрөгдөл бий болсны уршгаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн хүндрэл дарамт болж буй.
  БНХАУ-ын Элчин сайдтай удаа дараалан уулзаж албан хүсэлт тавьсны дагуу өнөөдрөөс Замын-Үүдийн боомтоор өдөрт 150 автомашин буюу хоёр талдаа 300 автомашин солилцох  нөхцлийг бүрдүүлжээ.
БНХАУ-ын талын зүгээс өглөө 9 цагт ачаа тээврийн автомашинуудыг ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд хил дээр бэлэн байвал өдөрт солилцох автомашины тоог нэмэгдүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдийн боомтоор нэвтрэх автомашины тоог нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан өглөө эртлэн ачаатай автомашины ариутгал халдваргүйжилтийн зохион байгуулалтыг сайжруулахыг үүрэг болголоо .
Мөн хилийн боомтоор нэвтрэх ачаа тээврийн эргэлт нэмэгдсэнтэй холбогдуулан үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэсэн тээврийн компаниудад хариуцлага тооцож, яаралтай хэвийн горимд шилжих лжүүлэн ажиллахыг аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагуудад даалгав.
Дорноговь аймагт хийсэн албан томилолтынхоо төгсгөлд ачаа тээврийн жолооч нарын төлөөллүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, шийдвэрлэх чиглэлээр холбогдох албаныхан ажиллахаар боллоо гэж Шадар сайдын албанаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил

Өнөөдөр буюу тавдугаар сарын 22-нд Улаанбаатар хотод явуулын 5, суурин 55 цэгт дархлаажуулалтын 120 багийн 777 эмч, ажилтан ажиллаж, 27733 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтыг цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


No photo description available.

May be an image of text

No photo description available.

No photo description available.

No photo description available.

May be an image of text

No photo description available.



Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Ад үзэгдэх зориг”

Ийм нэртэй ном манай бестселлерыг тэргүүлээд удаж байна. Уг ном Кишими Ичиро хэмээх япон эрхмийн бүтээл аж. Ямар ном ингэж удаан сайн борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлээд байдаг юм бол гэж бодоод уншиж үзсэн юм. Энэ ном ганц манайд ч бестселлер болоод байгаа юм биш. Олон улсад мөн хамгийн өндөр борлуулалттай номоор шалгарч байгаа аж. Уг ном Фрейд, Юнг нартай эн зэрэгцэн “Сэтгэл судлалын гурван том магнат” хэмээн алдаршсан Алфред Адлерын үзэл санаа буюу Адлерын сэтгэл судлалыг “Идэр залуу ба философич хоёрын харилцан яриа” хэлбэрээр тайлбарлан эмхэтгэсэн бүтээл юм. Хүн яавал аз жаргалтай амьдрах вэ гэх философилог асуултад туйлаас энгийн хэрнээ маш тодорхой хуриултыг дэлгэн үзүүлдэг. Та Адлерын сэтгэл судлалыг мэдсэнээр таны амьдрал өөрчлөгдөх үү. Үүнийг энэ ертөнцийн бас нэгэн үнэн ч гэж болохоор. Эсвэл бахь байдгаараа л байх уу. Та энэ номыг уншиж үзээд мэдээрэй. Уг номонд байгаа асуулт хариултуудаас танд сонирхуулах үүднээс ганц нэгийг нь эшлэж харуулъя.

Залуу: Та хорвоо ертөнцийг туйлын энгийн гэдэг гэлүү?

Философич: Тийм ээ, итгэхийн аргагүй энгийн хялбар, амьдрал ч бас тийм. Та л хорвоо ертөнцийг замбараагүй болгож хараад байгаа юм. Хүн объектив ертөнцөд амьдардаг бус, өөрийнхөө бий болгосон субьектив ертөнцөд амьдарцгааж байна. Та худгийн усыг ууж үзсэн бол өвөл бүлээхэн, зун хүйтэн мэт санагдана. Уг нь худгийн ус ойролцоогоор 18 хэмийн тогтмол дулаантай байдаг. Танд мэдэгдсэн уг усны дулаан нь ч, хүйтэн нь ч бодит факт. Субьектив ертөнцөд амьдарна гэдэг үүнийг хэлээд байгаа юм. Бидний хувьд “хэрхэн харж байна” гэх субъектив байдал л бүх юм бөгөөд өөрсдийн субьектив өнцгөөс хэзээ ч мултарч чадахгүй. Одоо та хорвоо ертөнц учир замбараагүй зөрчил будлианаар дүүрэн гэж харж байна. Хэрэв та өөрөө өөрчлөгдөх юм бол ертөнц эргээд энгийн хялбар төрхөндөө очиж болно. Тэгэхлээр асуудал нь ертөнц ямар гэдэгт бус, харин та ямар гэдэгт байгаа юм.

Залуу: Би ямар байна гэнээ?

Философич: Та нарны шилний цаанаас ертөнцийг харж байна гэж бодъё. Тэгвэл ертөнц бүүдгэр харагдана. Бүрэнхий байна гэж бухимдах хэрэггүй, шилээ аваад л болоо. Шилгүй ертөнц айхавтар гэрэлтэй нүд гялбамаар байж болно. Шилээ зүүмээр санагдахыг үгүйсгэхгүй. Тийм байлаа ч та нарны шилээ тайлж чадах уу. Ертөнцийг энгийн нүдээр шууд харж чадах уу. Танд тийм зориг бий юү?. Асуудал энд л байна.

Залуу: Зориг? та хүн өөрчлөгдөж чадвал ертөнц буцаад энгийн болно гэв үү?

Философич: Хүн өөрчлөгдөх боломжтой, түүгээр ч зогсохгүй аз жаргалтай ч болох боломжтой.

Залуу: Ямар ч хүн байсан бүгд чадах уу?

Философич: Нэг ч хүн үлдээлгүй, бүгд энэ мөчөөс эхлээд гэж эхэлдэг. Тэгээд цааш нь философич залуу хоёр амьдрал аз жаргалын талаар чухам юу хөөрөлдсөнийг та амтархан уншаарай. Уг номд “Сэтгэлийн шарх гэж байдаггүй”, “Бүхий л зовлонгийн үндэс хүн хоорондын харилцаа”, “Бусдын асуудлыг орхи”, ”Энд, одоо”-г чухалчлан амьдрах” гэх зэрэг бүлгүүдтэй. Уг бүлгүүдийг харахад л хичнээн сонирхолтой ном гэдэг нь шууд харагдана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөдөө, орон нутаг руу зорчих иргэд дараах шаардлагыг хангасан байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 22-ноос эхлэн иргэдийн хөдөө, орон нутаг гарах хөдөлгөөнийг нээж байгаа. Монгол Улсын Шадар сайдын 46 дугаар тушаалын дагуу иргэд дараах шаардлагыг хангасан байна.

  1. Дархлаажуулалтын бүрэн тун /2 тун/ авсны дараа 14 хоног өнгөрсөн нотлох баримт шаардлагатай. Энэ тохиолдолд PCR-ын шинжилгээ шаардахгүй.
  2. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвдөж, эдгэрсэн бол эмчийн магадалгаа шаардлагатай. Эмчийн магадалгааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмнэлгээсээ, гэрээр эмчлүүлсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авна.
  3. 0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй боловч шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийнэ.
  4. Бусад тохиолдолд PCR-ын шинжилгээ /72 цаг хүчинтэй/ эсхүл түргэвчилсэн шинжилгээ /48 цаг хүчинтэй/ шаардана.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл: Ковидоор өвдөөгүй ч энэ өвчинтэй холбоотой буруу шийдвэрүүдээс болж олон иргэн хохирч байна

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцлаа. Сэтгэц зан үйл судлаач мэргэжилтэй тэрээр нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр ажилладаг бөгөөд ковидоор өвдөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд хэдхэн хоногийн өмнө гэртээ гарчээ. Б.Баярцэнгэл өмнө нь манай сонинд ковидын үеийн сэтгэл зүйн өөрчлөлтийн талаар ярилцлага өгч байсан бол энэ удаад уг өвчин тусаад эдгэсэн туршлагаасаа ийн ярьж байгаа юм.


Та ковидоор өвдөөд, эмчлүүлээд эдгэрчээ. Хэзээ эмнэлгээс гарсан бэ?

-Би эмнэлгээс гараад дөрөв хонож байна. Анх хэд хоног бөөр хүчтэй өвдөөд нуруу татаж үүнтэй зэрэгцээд даралт ихэсч түргэн дуудаж үзүүлсэн юм. Тэгээд “Баянзүрх мед” эмнэлэгт очиж үзүүлээд тэндээ шинжилгээ хийлгээд маргааш нь хэвтсэн. Огт халуураагүй төдийгүй ханиалгах цээж өвдөх гэх мэт шинж тэмдэг илрээгүй. Тухайн эмнэлэг ч надад маш сайн үйлчилгээ үзүүлж бөөр болон тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ хийгээд хоёр хонолоо. Гэтэл хэвтэхээс өмнө өгсөн PCR шинжилгээ маань эерэг гараад шоконд ордог юм байна лээ. Учир нь би огт ханиаж, найтааж, цээж өвдөх зэрэг ерөнхий шинж тэмдгүүд нь илрээгүй юм. Шинжилгээнд эргэлздэг юм байна лээ. Эмч тухайлсан эмнэл зүйн шинж тэмдэггүй ковидоор өвдөж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Тухайн үед эмч бусад сөрөг шинжилгээтэй хүмүүсийг маань палатнаас шилжүүлсэн. Би тухайн үедээ өөртөө биш гэр бүлдээ бас тэдгээр хүмүүст халдвар өгсөн байх вий гэж эмзэглэсэн. Эмчлэгч эмч маань ч гэсэн маскаа сайн зүүгээд халдвар хамгааллаа барьсан учир та халдаахгүй гэж тайвшруулсан л даа. Тус эмнэлгийн завсрын бүсээс БЗД нэгдсэн эмнэлгийн улаан бүс рүү намайг шилжүүлж ковидын эмчилгээ хийж эхэлсэн юм.

Одоо таны бие хэр байна. Маш их тамирдаж ядарч байна гэж фэйсбүүктээ бичжээ?

-Би ковидоор өвчилж эдгэснээ, юу мэдэрсэн, ямар мэдрэмж төрснөө нийгэмд нээлттэй байлгахыг хүссэн. Магадгүй ханиахгүй хэрнээ ковидоор өвчилж, түүнийгээ мэдэхгүй гэр бүлдээ эрсдэл учруулж болох талаар мэдлэг өгье гэж бодсон. Мөн ковидтой холбоотой иргэдэд үүсдэг мэдрэмжүүд, сэтгэл хөдлөл, хямрал бухимдал зэргийг бичиж үлдээмээр санагдсан. Та бүхэн санаж байгаа байх. Иргэдээ авчран дотооддоо эмчилж байсан, мөн хотод тохиолдол тарж “Энхсаран”, Баянзүрхийн нэгдсэн эмнэлэг, дараа дараачид нь олон том голомтууд бүртгэгдсэн тухайн үед иргэд “Ойр тойронд чинь өвдсөн хүн байна уу, худлаа тоо юм биш үү” гэх зэрэг хандлага нийгэмд хөвөрсөн. Гэтэл тэр үед хүмүүс айж байсан. Өөрсдийн асуудлаа хэлэх нь эрсдэлд, ялгаварлалд оруулах тийм сэтгэл зүй нийгэмд хүлээж байсан. Тэрний ул мөр нь одоо ч балраагүй байгаа. Ковидтой холбоотой сэтгэл зүйн асуудал яаж өрнөж болох талаар “Өдрийн сонин”-д би ярилцлага өгч байсан. Тэр бүү хэл халдвар алдаагүй тэр цаг хугацаанд ковидтой нүүр тулахад бэлэн бай гэж хэлж байсан. Учир нь манайх шиг нийгэм, улс төрийн нөхцөл нь иргэн бүрээ улстөрч болгох гэдэг стресстэй нийгэмд тахал тарах нь цаг хугацааны асуудал байсан. Нийгэм нэгдсэн зөв мэдээлэлтэй менежмэнттэй, тогтвортой, чанарын удирдлага бүх асуудлын зангилааг олж чадах зүйл юм гэдэгт итгэлтэй байсан тэр маань лавширсан.

Анх танд ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, бөөр өвдөж, даралт ихэссэн юм байна. Тэгэхээр ковидоор өвдсөн тохиолдолд заавал халуурч, хоолой өвдөж, ханиах шинж тэмдэг илэрнэ гэж бодож болохгүй нь ээ?

-Дийлэнхдээ ханиах, хоолой сэрвэгнэх, хүчтэй ханиалгаж, цээж өвдөж, амт, үнэр мэдрэхгүй ирж байгаа ч өөр нэг суурь өвддөг эрхтэн өвдөх байдлаар хүндэрч ирэх тохиолдол нь надад илэрсэн юм билээ. Зарим хүний нуруу, зүрх нь өвдөж ирсэн байна лээ. Халуурахгүй, нус гоожихгүй байж ч болох юм байна лээ. Би халуураагүй, ганц ч ханиагаагүй, тэр бүү хэл цээж өвдөөгүй. Тухайн эмнэлэгтээ CT оношлоход уушги эрүүл гарсан юм. Энэ вирус өөрөө маш ухаалаг хоруу чанартай санагдсан. Таны юу өвддөг, тэнд очоод наалдчихаад ажлаа хийж эхэлнэ. Би бөөр тэсгэлгүй их өвдөж үүнтэй хамт даралт ихэсч толгой өвдсөн. Нийтлэг нь ихэнх хүн толгой өвдөж байна гэж их хэлж байна лээ.

Та сэтгэл судлаач, нийгмийн сэтгэл зүйг судалдаг хүн. Коронавирус хүний сэтгэл зүйд нөлөөлж, стресстүүлдэг гэж та дүгнэжээ?

-Би эмнэлэгт байх хугацаандаа бие арай дээрдээд гарах өдөр рүүгээ ойртохдоо google form ашиглаад ковид туссан эдгэсэн хүмүүсээс бичил судалгаа авсан юм. Одоогоор 80-аад хүн хариулсан байна лээ. Тухайн хүмүүсийн 80 хувь нь эерэг хариу авах үедээ маш их айсан, уйлж хямарсан, бие дээр илрэх өвдөлтдөө санаа зовсон гэсэн байсан. Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн хувьд ар гэрийнхээ шинжилгээний хариунд санаа нь зовж сөрөг гарвал сэвхийгээд л эдгээд явчихдаг юм байна лээ. Түүнчлэн талаас илүү хувь нь хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн үйлчилгээнд тааруу үнэлгээ өгсөн. Гэхдээ 79-хөн хүний бичил судалгаа шүү. Корона өвчин туссанаас санаа зовох биш тухайн вирус бие болоод сэтгэл зүйн хувьд маш ихээр туйлдуулж стресс бухимдалд автуулж байгааг анзаарсан юм. Мөн ковидоор хүүхдүүд нялх гэлтгүй өвдөж байна. Хөнгөн өвдөж байгаа гэж тоохгүй байгаа ч хүүхдүүд ууртай ааштай болж байна. Вирус тархи толгой өвтгөж, тайван бус болгодог. Нойрны болоод хоолны дуршил амтлах, үнэрлэх гээд мэдрэхүйд нөлөөлж байна, түүний нөлөөллөөр таатай бус байх гэх мэт шинж илэрнэ. Учир нь хүн амталж, үнэрлэх гэж мэдрэмжээр дамжуулж маш их аз жаргалын эд эс сэргэж байдаг шүү дээ

Анхны тохиолдол бүртгэгдэхэд нийгмээрээ айдаст автсан. Цар тахал, өвчин гэхээс ЗГ, УОК нь иргэдийг хиймэл айдаст автуулаад байна гэдгийг тухайн үед шүүмжилж байсан. Үүний хор уршиг нь одоо ч гарсаар байна?

-Харин тийм ээ. Анхнаасаа нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх бус айдаст автуулах ялгаварлах бусдын эрх ашгийг өндөрт тавьж байгаа гэх чиг шугам дор нийгэмд ковидоос өөр нэг шинэ тутам хурдан халдварладаг үзэл суртлын хэт нэг талд эрүүл бус сэтгэл зүйг бий болгосон хүмүүжил вирусийг тараажээ. Бид илүү хүчтэй ковидтой нүүр тулахад бэлэн, мөн хүмүүнлэг нийгмийн сэтгэл зүйг бэлдэхэд чиглэх байжээ. Одоо олон мянгаараа өвдөж эдгэцгээгээд сүүлээсээ хүмүүс энэ өвчний талаар дуу хоолойгоо хэлэх болсноор ковидоос болгоомжлох, зөв мэдээлэлтэй байх иргэдийн тоо өсч байгаа. Үүнтэй хамт ялгаварлан гадуурхалт нийгэмд байсан айдас жаахан ч гэсэн сарниж эхлэх шиг боллоо. Ковид бол цар тахал. Болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ иргэд харанхуй байж болохгүй гэдгийг тэдгээр байгууллагууд ухамсарлах хэрэгтэй. Миний хувьд гэртээ эмчилж байгаа гэх ухагдахуун дор өргөн тархацтай болгох вий гэж айж байгаа. Тухайн хүмүүсийг гэрийн хорионд найдвартай байлгахын тухайд хүнс, эм зэргийг өрхийн эмнэлэг, УОК нь хүргээд өгөх зэргээр дэмжиж тусгаарлалтаа чанд барих хэрэгтэй байх. Үүнд менежмэнттэй, хяналттай байх ёстой. Тухайн иргэнийг бүх талаар дэмжиж, тэтгэх хэрэгтэй. Утсаар ч гэсэн чин сэтгэлээсээ зөвлөөд биеийг нь хянах хэрэгтэй. Ковидын үед чанартай хүнс, сайн хоол, унд, эмээр гээд олон хүчин зүйлээр эдгэх явц түргэсдэг юм шиг санагдлаа, бодит байдалд. Нийгэм айдастай байхын хэрээр үндсэн асуудал ковид буюу үүнээс тэс өөр нийгмийн гажуудлууд ихэсдэг, гэмт хэрэг, амиа хорлолт гэх мэт. Зөвхөн ковидтой тэмцэж байна гээд хүнээ, хүний сэтгэлийг, амьдарч буй нөхцөл байдал, сэтгэл зүйн асуудлуудыг тоохгүй орхиж болохгүй. Учир нь ковидоор өвдөөгүй ч ковидтой холбоотой шийдвэр гаргалтуудын хамтаар нийгэмд олон олон иргэд хохирч байгаа.

Ковидоор өвдсөн хүмүүс ихэвчлэн тэр тухайгаа нуух гэдэг. Чухам юунаас болж ийм үйлдэл гаргадгийг та харсан байх?

-Тухайн үедээ нийгэмд жийрхэх, айх, түлхэх хандлага байсан болов уу. Гэхдээ одоо ч ковидын нэгдсэн мэдээлэлгүй хүн эдгэсэн хүнээс айх жийрхэх хандлага байна. Тухайн хүмүүст өвчин халдаах вий гэдэг айдас байдаг. Гэвч халдаахгүй гэдгийг мэдээд зөвөөр ойлгож эхэлдэг. Мэдлэг мэдээлэл дэндүү хомс болохоор айдас, жийрхэлт байгаад байна. Мөн ковид туслаа гэхэд хаанаас халдвар авсан гэдгээ мэдэх боломж бараг л тодорхойгүй. Гэртээ байдаг, ойр зуур дэлгүүр ордог хүн ч авсан байсан. Тэгэхээр олон хүн хаана байна, тэндээс байж болох юм байна. Маскаа зүүж гэртээ орохдоо сайн ариутгах, цэвэрлэхээ мартаж болохгүй.

Нийгэм ковидтой хүмүүсийг үзэн ядан, хавчих маягтай хандлага гаргадаг. Эсрэгээрээ ковид туссан хүмүүс нийгмээсээ ямар харилцаа хүсдэг юм байна?

-Тухайн өвчний талаар нэгдсэн зөв мэдээлэлтэй болмогц аяндаа арилах үйл явц юм байна. Тухайн өвчин хотхон бүрд л нэг хоёроор бүртгэгдэхэд хотхоны группэд иргэд харааж зүхэж бичдэг байлаа. Одоо энэ өвчин хийсч ирээд наалдчихдаг, хэнбугай ч тусах юм байна. Бие муу хүнд бол алтан амиа алдах ч эрсдэлтэй гэдгийг ухаарснаас хойш гадуурхах хандлага буурч байна. Миний харж буйгаар нас баралт бүртгэгдэж эхэлсэнтэй зэрэгцээд нийгэм арай ухамсар сууж хариуцлагатай болж эхэлсэн. Хий айдаст автаж байсан бол “Ээ дээ, энэ өвчин хэцүү юм, хайран хүн” гэж бодох эмпати сууж эхэлсэн юм болов уу. Гэхдээ туулж гарч байж биш, иргэдийн сэтгэлд зөв мэдээлэл хий айдас, түгшүүр бус зөв хандлага, зөв бодол мэдээлэл өгөх л чухал зүйл байжээ. Нөгөөтэйгүүр дараалсан олон хорио үр дүн өгсөн хэдий ч олны бөөгнөрөл болоод зарим зохицуулалт ч гэсэн иргэдийг эрсдэлд оруулж байсныг нуумааргүй байна. Жишээ нь, автобусанд иргэдээ удаа дараа чихлээ шүү дээ.

Энэ бол жирийн ханиад биш тахал юм байна гэж та анхааруулсан байсан?

-Хөнгөн явцтай тусаж эдгэж байгаа нь их ч амь насаа алдаж буй тоо бол тоглоом биш шүү. Хүн амын тоонд зөвхөн ковидоор гэхэд өдөр бүр нас баралт байгаа нь бодит зүйл. Жирийн ханиад юм уу хатгаа биш вирус гэдгийг л анхаараарай. Жирийн ханиад антибиотикоо уугаад тэр нян бактер устдаг бол вирус өөр асуудал шүү дээ. Хөнгөн тусах хэдий ч биеийн тамир тэнхээ энгийн биш болдог. Ядрах, туйлдах нэг хэсэгтээ тэмцэлдэх асуудал болж байна

Таны биеийг хэдий хэрийн хугацааны дараа хэвийн байдалдаа эргэж орно гэсэн бэ?

-Эмч нар дархлаагаа сайн дэмжих талаар жагсаалт гаргаж өгсөн. Түүний дагуу хичээхэд 3-6 сарын дараа хэвэндээ очно гэсэн.

Хэн нэгэн хүн өвчин ч юм уу, ямар нэг зүйлээс болж нийгэмдээ гадуурхагдах нь тухайн хүний сэтгэл зүйд эмгэг үүсгэж мэдэхээр л юм?

-Гадуурхагдаж байгааг мэдрэх л юм бол сайн дураар өөрийгөө тусгаарлаж хумигдаж стресстэж, хямрах тал руу явж эхэлнэ. Бухимдаж, нийгмийн харилцаагаа хумьснаар сэтгэл гутрал болон өөр салбарласан сэтгэл зүйн асуудлуудтай нүүр тулж эхэлдэг.

Та дархлаагаа яаж дэмжиж байна. Ковидын дараах дэглэмээсээ сонирхуулбал?

-Хөлс гарах, туйлдах нь эмнэлгээс гарсны дараа ч үргэлжлэх тул аль болох даавуун битүү хувцас, даавуун нимгэн малгай өмсөж салхи авч даарч чичрүүдэс хүрэхээс зайлсхийх хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй л хөлөрч хөлс ялгарсны дараа даарч салхи авчих гээд байна лээ. Маш сайхан махаар амт шимтэй шөл хийж ууж давсны хэрэглээ, гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэхээс татгалзвал их зүгээр. Учир нь маш их ам хатаж, ам бохир юм шиг гашуу оргих нэг хэсэгтээ асуудал болох юм шиг ээ. Халуун цай, өөрт чинь тохирох дархлааны цай, уушгины цай гэх мэт ургамлын хандтай цай нь алжаал тайлна, тайвшруулна. Миний хувьд “Монос”-ын уушгины цай, бөөрний цай их гоё санагдсан. Толгойгоо угааж малгай өмсөж хөлсөө хатаасны дараа тайлах нь салхи авахаас сэргийлнэ. Учир нь хөлс гараад ядрахаар толгой руу сийгдэг юм билээ. Хөлс гарч ядрах нь эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гээд бүх хүнд илэрсэн шинж тэмдэг юм байна лээ. Ногоо жигнэж, шүүстэй хуурч идэж болно. Хуурай, хуурсан хурц хоолноос багахан татгалзаад шөл, ус их сайн уугаарай. Хүйтэн ундаа, хүйтэн зүйл уухаас багахан татгалзаарай. Ковид тусаж эдгэсэн хүмүүс дунд бичил судалгаа явуулахад эдгэсний дараах ямар шинж арилахгүй байна вэ? гэсэн асуултын хариултыг эрэмбэлэхэд, ядрах сульдах, толгой өвдөх, хөлс их гарах нойргүйдэх, мартах санах гэсэн шинжүүдийг хэлсэн байна лээ. Судалгааны хувьд би ямар зүйл туулаад байгаагаа тодруулах гэж хийсэн болохоор нэгдсэн том цар хүрээтэй судалгаа биш юм шүү. Цөөн тооны судлуулагчтай бичил судалгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг Мөөеө аварга надад даалгаж байлаа

ШШГЕГынСүлдспорт хорооны жүдо бөхийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвтэй ярилцлаа.


Таны дасгалжуулагчийн замнал хэдэн онд эхэлж байв?

-1994 оноос л хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. Би 1980 онд цэргийн албанаас халагдсан даруйдаа хүндийг өргөлтийн спортоор хичээллэж, хажуугаар нь үндэсний бөх барилддаг байсан. Ингэж яваад л үндэсний бөхөөр дагнаж хичээллэсэн дээ. Улсын арслан М.Мөнгөнтэй их ойр. Олон жилийн наадмын бэлтгэлд нь хамт гарсан. Мөнгөн арслан цэвэр өөрийн хөдөлмөрийн үр шимээр тэр өндөрлөгт гарсан мундаг хүн.


М.Мөнгөн арслангаас их зүйл сурч дээ, та?

-М.Мөнгөн арслан бэлтгэл сургуулилтаа тааруулахдаа бусадтай тэгж их зөвлөөд байдаггүй. Өөрөө л базаана. Алдаа оноотой зүйл байсан л байх. Тэр бүрээсээ л надад хэлнэ. Хожим их хэрэг болсон шүү. Мөн Баянхонгорын Ц.Нацагдорж гавьяатаас их зүйл сурсан.

Та шавь бэлтгээд 30 орчим жил болжээ. Таны шавь нараас дэлхийн дэвжээнд дийлж барилдаж байгаа тамирчид олон байна. Шавь нараа хараад огших үе олон биз?

-Бэлтгэсэн шавь нар сайн сайхан явна гэдэг багш хүний баяр баясгалан юм шүү дээ. Олон жилийн хөдөлмөрийн үр дүн гарч байгаа юм. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Л.Отгонбаатар, улсын харцага Д.Анар, улсын начин Б.Серик нарын олон шавь нар маань өнөөдөр сайн барилдаж байна. 30 орчим кг жинтэй жаахан хүүхдүүд бөх болохоор хөдөөнөөс ирж байсан нь саяхан л санагдах юм.

Өсвөр насны хүүхэдтэй ажиллана гэдэг амар биш болов уу. Арга барилаасаа хуваалцвал уншигчдад сонин байх?

-Суурийг нь зөв тавьж өгөх нь чухал. Эхлээд хөдөлгөөний эвсэл суулгаж өгнө. Бэртэл гэмтлээс сэргийлж байгаа нь тэр шүү дээ. Зөв техник сурсан бол бэртэж гэмтээд байх нь ховор. Бэртэл гэмтлээс ангид, эрүүл байж гэмээнэ тухайн тамирчин өндөр амжилт гаргана. Миний тухайд өсвөр насны хүүхдийг ачаалалтай бэлтгэл хийлгэхээс татгалздаг. Оронд нь сэтгэл зүйтэй нь тулж ажилладаг юм. Бэлтгэлд ирж байгаа хүүхэд цаанаасаа ямар нэгэн өгөгдөлтэй байдаг. Түүнийг нь нээж илрүүлэх, хөгжүүлэх тал дээр илүү ач холбогдол өгдөг. Сүүлд нь өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн хат суулгана. Өөрийгөө ялахгүй бол өрсөлдөгчөө дийлэхгүй шүү дээ. Ингээд зорилгыг нь тодорхойлоод хамтарч ажилладаг. Хамгийн гол нь өөрийгөө ялах сэтгэлийн хүч л чухал. Тэнд найзууд ийшээ, тийшээ явж наргих болно. Тамирчин хүн дагаж явмаар байвч өмнөө тавьсан зорилгоо ухамсарлаж өөрийгөө ялах хэрэгтэй. Ирсэн хүүхдүүддээ эхний ээлжинд ийм л зүйлд сургадаг юм. Товхондоо хэлэхэд, тамирчны замналд тохиолдох аливаа бэрхшээлийг давж гарах сэтгэлийн хат суулгах тал дээр нь л ажилладаг.

Өнөөдөр мэргэжлийн сумогийн ертөнцийн гол анхаарал Г.ГанЭрдэнэ дээр тогтоод байна. Доод зиндаа хүртэл буугаад байсан хүн эргэн эрэлт хийж дээд зиндааны түрүү байрын төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлж байна шүү дээ. Анх таны гарт бэлтгэл хийж байгаад л Япон явсан бил үү?

-Тийм. Дархан аварга Ж.Мөнхбат гуай Ган-Эрдэнийг надад авчирч хариуцуулж байсан юм. Өндөр том биетэй ч сулавтар бие хаатай хүү байж билээ. Анх гар дээрээ нэг суниаж чадахгүй ч бөх болно гээд салдаггүй хүүхэд байсан. Ингээд эхлээд гар дээрээ цэвэр суниаж сурах зорилго тавиад л бидний бэлтгэл эхэлсэн. Жилийн дараа гэхэд л торох юмгүй 100 суниадаг болчихсон байж билээ. Барилдаад ч баргийн хүнд унахааргүй болсон үедээ Япон явсан. Тэнд очоод ч нэг их удаагүй дээд зиндаанд гарч ирсэн дээ.

Дээд зиндаанд гарч ирээд удаа дараагийн хүнд бэртэл авч хэдэн зиндаа доошилсон шүү дээ. Тэр бүх бэрхшээлүүдийг давж эргэн ирэлт хийлээ. Шавьдаа юу зөвлөж байв?

-Бөхийн жүдо барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японд зохион байгуулагдахад шавь нар маань намайг авч очсон юм. Ингээд Ган-Эрдэнэтэй шөнийн турш ярилцаж суусан. Тухайн үед дээд зиндааны дээд хэсэгт хүч үзэж байсан хүн удаа дараагийн хүнд гэмтэл авч бүүр доод зиндаа руу уначихсан, сэтгэл зүй нь хэцүү л байсан. Гурван ч туслах дагуулж явж байсан хүн чинь өөрөө маушигаа бариад л явж байгаа юм. Ингээд жаахан байхаас нь мэдэх шавийнхаа сэтгэлзүйг нь л дэмжиж өгсөн. Ган-Эрдэнэ маань өөрөө сэтгэл зүйн хувьд асар хүчтэй тамирчин. Буцаад дээшээ гараад ирэх чадалтайг нь мэдэж байсан учраас л сэтгэл зүйг нь дэмжсэн хэрэг л дээ. Бага байхаасаа л өөрийгөө ялан дийлж, зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө тууштай зүтгэдэг чанараараа л өмнөө тулгарсан том бэрхшээлүүдийг ялж, эргэн ирэлт хийлээ. Энд нэг зүйлийг онцлоход Г.Ган-Эрдэнэ архи, дарс хэрэглэж, танхайрч ёс суртахууны зөрчил гаргаагүй. Залуу хүн өөртөө эрдэж хэтэрхий ачаалалтай бэлтгэл хийж бага зэрэг горим алдаад л бэртлүүд авсан болов уу. Энэ бүхнийг нь өөрт нь сайн ойлгуулж хэлсэн. Ямартаа ч дээд зиндаанд гарч ирээд түрүү байрын төлөө өрсөлдөөн үзүүлж байна. Шавиараа бахархаж л сууна.

Г.ГанЭрдэнэтэй та сүүлд хэзээ холбогдов. Гэмтэл нь бүрэн илааршиж уу?

-Цаг үе ч сайхан болж дээ. Хүссэн үедээ л онлайнаар холбогдоод ярьчихаж байна. Ган-Эрдэнийн бэлтгэл тун сайн байна лээ. Ямар нэгэн зовуурьгүй, төлөвлөсөн барилдаанаа гаргаж байна. Баргийн эр хүн л сөхрөөд өгөх хүнд гэмтэл авсан шүү дээ.

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Нармандах таны шавь бил үү?

-Анх над дээр ирж бэлтгэл хийж байсан юм. Малчин айлын жаахан охин бөх барилдана гэж зорьж ирж байлаа. Цаанаасаа онцгой өгөгдөлтэй, бусдаас илүү төрчихсөн хүүхэд байж билээ. Бас бус шалтгааны улмаас хэмжээндээ хүртэл барилдаагүй дээ. Олимпийн аварга болчих боломжтой л байсан. Өнөөдөр жаахан харамсах сэтгэл төрдөг л юм.

Танаас 2016 оны олимпийн наадмын талаар асуумаар байна. Таны гарын шавь Ц.Цогтбаатар гэж жаахан хүү гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарыг ялж Риогийн олимпод өрсөлдсөн шүү дээ. Тухайн үедээ хэл ам дагуулсан сонголтуудын нэг байсан. Та шавьдаа итгэж байв уу?

-Медалийн боломж байсан шүү. Ерөнхийлөгч Х.Баттулга улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө надаас “Бэлтгэл нь ямар байна” гэж асуусан юм. Би ч “Маш сайн байгаа” л гэж хариулсан. Цогоо маань ч хоёр ахыгаа цэвэр ялаад л олимпийн наадамд оролцсон.

Тэр олимпод таны дөрвөн шавь өрсөлдсөн байх аа

-Тийм. Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар, Б.Тэмүүлэн нарын шавь нар маань эх орноо төлөөлж олимпийн наадамд өрсөлдсөн.

Л.Отгонбаатар медалийн оосроос атгаад л алдсан

-Тийм шүү. Медалийн төлөөх барилдааны өмнө дасгалжуулагч нь торгуулчихсан юм. Манай Отгоо чинь олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаандаа дасгалжуулагчгүй гарч ирсэн шүү дээ. Бага зэрэг алдаа гаргаад гараа ханз татуулчихсан. Үндсэндээ өрөөсөн гартай барилдаад л юуко үнэлгээгээр ялагдсан. Манай хүний тухайд өрсөлдөгч БНХАУ-ын тамирчнаа хоёр ч ялж байсан юм. Жаахан л бодолтой барилдсан бол ялах бүрэн боломжтой байсан.

2016 олимпийн наадамд би өөрөө шавь нарыгаа дагаж явсан бол гэж одоо жаахан харамсах сэтгэл төрдөг л юм. Д.Төмөрхүлэгт маань ч медалийн боломж бүрэн байсан. Сэтгэл зүйн тал дээр бага зэрэг алдаа гаргаад л хожигдсон.

Таныг гавьяат дасгалжуулагч болох үед олимп, дэлхийн аварга Шёохэй Оно мэндчилгээ дэвшүүлсэн гэдэг байх аа?

-Миний нэрэмжит тэмцээн болсон юм. Тэр үед надад мэндчилгээ дэвшүүлсэн байсан. Манай Тэрүнофүжитэй дотно найзууд юм билээ. Шёохэйо Оно мэндчилгээндээ “Таны шавь нартай олимп, дэлхийн аваргын тэмцээнд барилдаж үзмээр байна” гэж бичсэн байсан. Өнгөрсөн жилийн Токиогийн дэлхийн аварга дээр Ц.Цогтбаатар тэр хүслийг нь биелүүлэх дөхсөн шүү.

Шавь нартаа та юу захидаг вэ. Манай спортынхон зарим тохиолдолдоддын өвчинтусчих гээд байдаг гэмтэй шүү дээ.

-Манайхан ч хүнийг хөөргөөд “алаад” хаячихдаг гэмтэй. Би шавь нартаа “Та нар цол гуншин л авсан болохоос биш адилхан хүн шүү” гэж хэлдэг юм. Миний гараар орсон хүүхдүүд түмэнтэйгээ ойрхон хаана ч, хэнтэй ч мэнд, устай л явдаг. Хүн чанараа гээдэггүй гэх юм уу даа. Миний шавь Г.Ган-Эрдэнэ ч над дээр ямар хүүхэд байсан, тэр зангаараа л өнөөдрийг хүрсэн.

Удахгүй Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Д.Анар харцагаас өгсүүлээд л таны шавь нар шөвгийн даваанд босно доо.

-Д.Анар, Б.Серик нарыгаа дээшээ барилдах болов уу гэж харж байна. Аймгийн хурц арслан Б.Лхагвадорж гэж залуу бий. 17-хон настайдаа аймгийн баяр наадамд түрүүлж байсан юм. Энэ жил Өвөрхангайн галдаа бэлтгэлээ базааж байгаа. Лхагвадоржийгоо цолд хүрэх боломжтой гэж харж байна. Мөн Булганы Түвшинтөгс гэж дээшээ барилдах боломжтой залуу бий. Эдний дараагийн үеийн хүүхдүүд ч бэлтгэгдээд гарч л байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан морь өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 22, Санчир гариг. Билгийн тооллын 11, Тугчин одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 5:06 цагт мандан, 20:32 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө нутгийн баруун хагаст эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 13-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар эрс сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БШУ-ны сайд ​Л.Энх-Амгалан руу хутгатай этгээд халджээ

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан халдлагад өртсөн байна.
Тодруулбал, 18:00 цагийн орчимд ажил руугаа явж байх үед нь хутгатай этгээд дайрч, улмаар нүүрэнд нь гэмтэл учруулсан байна.
Тус этгээд нь 16,17 настай иргэн Д.Совд аж. Тэрээр ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүдэд хүчээр вакцин хийж байна гэх асуудлаар хэвлэлүүдэд хандаад байсан юм.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа “Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье.

Монгол Улсын засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохын мэдэгдэж байна.

Мөн энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна” хэмээн бичжээ.