Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ирэх долоо хоногт эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлэгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаагаа тавдугаар сарын 24-нд буюу ирэх даваа гаригт эхэлнэ.

Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилж, зургаадугаар сарын 7-нд өндөрлөх юм. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, СЕХ нэр дэвшигчээр бүртгэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно гэж заажээ.

Categories
гадаад мэдээ

Газын зурвас хүмүүнлэгийн тусламж хүлээн авч эхэлжээ

Израил, Палестин гал зогсоох тохиролцоонд хүрснээс хэдэн цагийн дараа хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваанууд Газын зурваст иржээ.

Мөргөлдөөний улмаас үүссэн хохирлыг сэргээн босгоход олон жилийн хугацаа зарцуулах төлөвтэй байгааг эрх баригчид мэдэгдэж байгаатай зэрэгцэн Палестины олон мянган иргэн гэртээ эргэн ирж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зүгээс шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд зориулан коридор байгуулахыг уриалжээ.

11 хоногийн турш үргэлжилсэн мөргөлдөөний үеэр 250 гаруй хүн амиа алдсаны дийлэнх нь Газын зурваст амь үрэгджээ. Израил, Хамас хөдөлгөөний аль аль нь ялалт байгуулснаа зарласан байна.

Израилын өмнөд нутгийн оршин суугчид талуудыг эвлэрсэнд баяртай байгаа боловч зарим нь дараагийн зөрчил үүсэх нь цаг хугацааны асуудал гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Израил “Kerem Shalom” гарцыг нээсний дараа НҮБ-ын тэргүүтэй тусламжийн олон агентлагийн ачааны машинууд Газа хот руу эм, хүнс, шатахуун зэрэг шаардлагатай тусламжийг авчирч эхэлсэн байна.

Categories
мэдээ спорт

Э.Макрон “Токио-2020” олимпийн нээлтийн ёслолд оролцоно

Ирэх долдугаар сарын 23-нд болох Токиогийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон оролцоно гэдгийг тус улсын Спортын сайд Роксана Марачиняну мэдээлжээ.

Р.Марачиняну баасан гаригт радиод ярилцлага өгөх үеэрээ энэ талаар ярьсан байна. Парис хот 2024 оны Олимпийн наадмыг зохион байгуулах юм.

Спортын сайдаас Японд коронавирусийн халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйг үл харгалзан наадмыг зохион байгуулах хэрэгтэй эсэх талаар асуухад, Японы Ерөнхий сайд болон Олимпийг зохион байгуулах хороо учирч болзошгүй эрсдэлийг бууруулахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг онцлон хэлсэн байна. Франц улсын хувьд Олимпийн наадамд оролцохдоо бэлтгэн тамирчдаа вакцинжуулж буйг Р.Марачиняну нэмж хэлсэн байна. Мөн тэрбээр өөр нэгэн сайдын хамтаар Олимпийн үеэр Японд айлчлахаар төлөвлөж буйгаа ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан тоосгон гражуудыг албадан буулгав

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт хийгдлээ.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн баруун талын зам дагуу баригдсан 40 тоосгон гражыг буулгах ажлыг нийслэл болон дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хэрэгжүүллээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нийтийн эзэмшлийн зам талбай, зөвшөөрөлгүй баригдсан граж, хашааг буулгах тал дээр илүүтэй анхаарч ажиллаж байна. Тухайлбал дүүргийн 5 дугаар хороо Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн баруун урд талын зөвшөөрөлгүй баригдсан 11 гражыг албадан буулгасан, 2 дугаар хороо 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай 15 тоосгон гражын буулгаж жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын газрын асуудлыг шийдвэрлэсэн юм. Газар чөлөөлөлт хийгдсэн байршлуудад Өрхийн эрүүл мэндийн төв, иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан ногоон байгууламж зэргийг барихаар төлөвлөсөн байна.

Цаашид мөн явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай дотор байрлуулсан зөөврийн ТҮЦ, зөвшөөрөлгүй барьсан шат, нийтийн эзэмшлийн талбай дээр барьсан зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл, граж зэргийг буулгаж иргэдэд зорчих аюулгүй зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Онон, Балж, Барх, Алтай нурууны Ховд, зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, олон жилийн дундажийг 10-120 см, Хариг, Түргэн, Дэлгэрмөрөн, Идэр, Халх голууд үерийн түвшинг 5-80 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Инновацийн 7 хоног” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

“Инновацийн 7 хоног” арга хэмжээ долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ сарын 17-нд албан ёсоор эхэлсэн арга хэмжээ нь үндэсний инновацийн тогтолцоог бэхжүүлэх, инновацийн тэргүүлэх таван чиглэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, үндэсний чадавхыг төвлөрүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилго дор болж өнгөрлөө. Энэ удаагийн арга хэмжээ цахимаар зохион байгуулагдаж, нийт 1000 гаруй төлөөлөгч оролцжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Инновацийг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулахад УИХ, Засгийн газар анхаарч ажиллаж байна. Монголын төр шинжлэх ухааны эрдэмтдээ ачаа үүрүүлэх цаг нь болсон. Цар тахлын үед шинжлэх ухааны салбар том үүрэг гүйцэтгэж буйг хоёр жишээгээр хэлье. Нэгдүгээрт, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээсэн. Хоёрдугаарт, коронавирусийн эсрэг биет тогтсон эсэхийг илрүүлэх инновацийн бүтээгдэхүүнийг гаргаж байна. Энэ бол том амжилт гэдгийг онцлов.

Боловсрол, шинжлэх ухааны сайд анх удаа “Академич” хэргэм хүртсэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүн Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Ц.Батбаяр, Н.Тогтохбаяр нарын эрдэмтдэд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал номын нээлт мөн өдөр боллоо. Номын дээжээс эрдэмтэн, судлаачдад гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

Хотын таван байршилд шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал,

  1. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай
  2. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2021 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний танилцуулга
  3. Өглөөний Улаанбаатар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай
  4. Хөгжлийн үүд төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Дулааны шугам, сүлжээний 21 байршилд засвар, шинэчлэл хийнэ

Хурлын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Улаанбаатар хотод 2020-2021 оны өвөл авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай мэдээллийг хүргэлээ. Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсанд 2020-2021 онд 39.510 санал, гомдол иржээ. Үүнээс халаалттай холбоотой 700, халуун устай холбоотой 193, ус хангамжтай холбоотой 152, ариутгал татуургатай холбоотой 123, цахилгаан хангамжтай холбоотой 1247 гомдол ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн үзүүлэлт аж.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотод дулаан хангамжийн шугам тоноглолд 2021 оны зун хийх засварын ажлын график, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа. Дулааны гол шугам, сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 21 байршилд шугам, сүлжээний засвар, шинэчлэл, шахалтын ажил хийхээр төлөвлөсөн. Дулааны шугамын зогсолтын графикт хугацаатай уялдуулан инженерийн хангамжийн байгууллагууд их, урсгал засварын ажлуудаа хийж гүйцэтгэсэн” гэдгийг хэлсэн. 2020-2021 оны өвлийн их ачааллын үед давхардсан тоогоор 35.926 шугам тоноглолд ээлжит болон ээлжит бус үзлэг хийн, 1082 зөрчил илрүүлэн бүрэн арилгажээ.

Улаанбаатар хотын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их болон урсгал засварын ажлын хүрээнд Цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа газрууд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг гаргаж, 2021 оны батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжилтэд хяналт тавьж, 2021 оны есдүгээр сарын 1-ний дотор зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Туул голын эрэг дагуу 15 эргүүл ажиллуулна

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн 1, 2 дугаар үе шат зуухны бүртгэл, хяналтын тогтолцооны маягтыг боловсруулан, мэдээллийн сан үүсгэжээ. Түүнд тулгуурлан жил бүр тооллого хийх эрх зүйн баримт бичиг боловсруулсан, хэмжилтийн иж бүрэн багаж, тоног төхөөрөмж нийлүүлсэн, агаарын чанарын хэмжилтийн суурин харуулын мэдээг тухай бүр www.agaar.mn цахим хуудсаар мэдээлдэг болсон. Түүнчлэн агаарын чанарын хэмжилтийн иж бүрэн суурин харуул нийлүүлсэн зэрэг үр дүнтэй ажиллаж байгааг танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун бүсийн сайжруулсан түлшний үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Зүүн бүсийн үйлдвэр рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах юм. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор дүүрэг бүрд 10 мянган тонноос багагүй сайжруулсан түлшийг таваас есдүгээр саруудад нөөцөлж, сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулна. Туул гол дагуу улирлын чанартай, урамшуулалт орон тооны бус 15 эргүүл ажиллуулж, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх юм.

Өглөөний жишиг гудамж байгуулна

“Өглөөний Улаанбаатар” төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин танилцуулсан. “Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06:00-09:00 цагийн хооронд төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжүүлснээр иргэд “Өглөөний гудамж”-аар үйлчлүүлэхдээ үнэгүй WiFi-тай орчинд төрийн үйлчилгээний мэдээлэл авах, автомашиныг хязгаарлаж, дугуйн болон бусад эко тээврийн хэрэгслийг дэмжих, урлаг, спортын арга хэмжээнд хамрагдах, сургалт, уулзалт зохион байгуулах, гудамжны номын сангаар үйлчлүүлэх боломжтой байхаар төлөвлөж байгааг танилцуулсан. Гаднын улс оронд олон үйлчилгээ үзүүлдэг томоохон гудамжнууд байдаг. Тэдгээрийн жишгээр нийслэлд Өглөөний гудамж байгуулж, иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг болгож, “Өглөөний Улаанбаатар” төслийг дахин шинэчлүүлэхээр буцаав.

Таван суурьшлын бүсийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ

Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхор орчим, Налайх дүүргийн 1, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ суурьшлын бүс байгуулах санал гаргаад байгаа. Жишиг суурьшлын бүсийн зорилго нь ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хот байгуулалтын бодлоготой хослуулсан, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, ухаалаг амьдралыг хэвшүүлсэн, ажлын байртай, амьдрахад таатай орчин бүрдүүлэх юм. Налайх дүүрэгт байгуулах шинэ суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 4.725 өрхийн 16.065 хүн ам байнга оршин сууна. Төслийн хүрээнд 6400 ажлын байр бий болгохоор төлөвлөөд байна. Шинэ суурьшлын бүсэд 900 мянган төгрөгөөс дээш орлоготой иргэд хамрагдах боломжтой бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 54.1 хувь нь боломжтой гэсэн хариу өгчээ.

Шинэ суурьшлын бүсийг нийт таван газар байгуулахаар төлөвлөж байгаа. Газруудыг нарийвчлан судлах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өглөө. Суурьшлын бүсийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын хүн амын 64.4 хувийг 15-64 насныхан эзэлж байна

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 боллоо. Монгол Улсын хүн ам өмнөх тооллогоос буюу 2010 оноос хойш жилд дунджаар 2.2 хувиар өсчээ.

Монгол Улсын хүн ам нь насны бүтцийн хувьд залуу хэвээр байна. Тухайлбал, нийт хүн амын 31.5 хувийг 0-14 насны хүүхэд, 64.4 хувийг 15-64 насны хүн ам, 4.1 хувийг 65 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна. Хүн амын ачаалал буюу хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, ахмад настан гэх мэт тэжээлгэгч хүн амын тоо 55.3 байна. Хүн амын голч нас 27.9 болсон нь сүүлийн 30 жилд голч нас 10 насаар нэмэгдсэн.

Монгол Улсын нийт хүн амын 3.7 хувь буюу 122 мянган хүн гадаадад зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна. Иргэдийн гадаад улс руу явсан зорилгыг оршин суугаа улсаар авч үзвэл Энэтхэг, ОХУ, БНХАУ, Япон, Австрали, Герман, Ирланд улсад суралцахаар, Казахстан, Польш, Их Британи, АНУ-д суурьшихаар, БНСУ, БНЧУ, Унгар, Швед, Турк, Швейцар, Польш улсад хөдөлмөр эрхлэхээр явжээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт II тунгийн вакцинжуулалт даваа гаригаас эхэлнэ

Баянхонгор аймгийн хэмжээнд коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинжуулалтад хамрагдах иргэдийн 79.3 хувь нь нэгдүгээр тун, 6.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Аймгийн хэмжээнд вакцины нэгдүгээр тун тариулах иргэдийн хамрагдалт багассан тул вакцинжуулалтыг өрхийн ЭМТ-үүдээр хийж байгаа бөгөөд хоёрдугаар тунгийн вакцинжуулалтыг ирэх Даваа гаригаас эхлүүлэхээр төлөвлөжээ. МХЕГ-ын холбогдох чиглэлийн хяналтын улсын ахлах байцаагчид Баянхонгор аймагт хяналт шалгалт хийх үеэр аймгийн төвд тавдугаар сарын 22-ны өдөр вакцинжуулалтын үйл ажиллагаа явагдаагүй, түр цэгүүд болон өрхийн ЭМТ-үүд ажиллахгүй, тухайн өдөр иргэд хаана, хэдэн цагаас вакцинжуулалтад хамрагдах талаар мэдээлэл хүргээгүй байв.

Иймд аймгийн Эрүүл мэндийн газарт коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, өрхийн Эрүүл мэндийн төв рүү шилжүүлэхгүй байх, иргэдийг мэдээллээр хангах, бусад аймаг, орон нутагт отроор нүүдэллэх болон бусад шалтгаанаар байгаа иргэдийн вакцинжуулалтад хамрагдсан талаарх мэдээллийг авч нэгтгэх, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар зөвлөмж өглөө. Мөн вакцины агуулах, хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт зөвлөлөө.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан, Галуут, Жинст, Өлзийт, Эрдэнэцогт сум, Шаргалжуут тосгонд хийгдэж буй вакцинжуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн дутагдлыг арилгуулан мэргэжил арга зүйгээр хангажээ. Шалгалтаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг бүрэн хийхгүй байх, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн багийг томилоогүй, бэлэн байдлыг хангаагүй, дархлаажуулалтын нэгдсэн төлөвлөгөөгүй, хүлээлгийн болон ажиглалтын өрөөгүй, цэгийн урсгалыг буруу зохион байгуулсан, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зэрэг дутагдал илэрчээ. Шалгалтаар илэрсэн дутагдлын 80 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, 13 заалт бүхий нэг албан шаардлага хүргүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Өмнийн цэнхэр говиор аялсан нь” видео бичлэгийн уралдаан зарлажээ

“Өмнийн цэнхэр говиор аялсан нь” цахим видео бичлэгийн уралдааныг зарлажээ.

Тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас зарласан уг уралдаанд Монгол Улсын иргэн бүхэн оролцох боломжтой юм.

“Гайхамшигт говь нутагт аялцгаая” сэдвийн хүрээнд 3-5 минутын видео бичлэгээ omboajg@gmail.com хаягаар илгээж уралдаанд оролцох боломжтой бөгөөд оролцогчдын бүтээлийг ирэх сарын 21 хүртэл хүлээн авах аж.

Ирүүлэх бичлэг дуу, дүрсний шаардлага хангасан байх ёстой.