Categories
гадаад мэдээ

Самсунг компани Модерна вакциныг Өмнөд Солонгост үйлдвэрлэхээр болжээ

Өмнөд Солонгосын “Samsung Biologics” компани АНУ-ын Модерна компанид бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэх гэрээг өчигдөр байгуулжээ.
АНУ-д хийж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний айлчлалын үеэр талууд энэхүү гэрээг байгуулсан байна. Модерна вакцин нь уламжлалт аргаар бус, mRNA хэмээх шинэ технологиор бүтээгдсэн бөгөөд АНУ-ын хүн амын дархлаажуулалтад өргөнөөр ашиглагдаж байгаа юм. Өмнөд Солонгос улс дэлхийн вакцин үйлдвэрлэлийн шинэ төв болох амбицтай зорилт тавиад байгаа.
Одоогоор тус улсын компаниуд Novavax (АНУ), Спутник V (ОХУ) вакцинуудыг үйлдвэрлэж эхлээд байна. Гэрээ ёсоор Модерна компани вакцины үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, ажиллах хүчнийг Өмнөд Солонгосын зах зээлээс бэлдэх ажээ.
Өмнөд Солонгосын засгийн газар уг хөрөнгө оруулалтыг нь дэмжиж ажиллахаар болсон байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Коронавирусийн 539 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 7541 хүнээс шинжилгээ авахад 539 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 491 нь Улаанбаатар хотод, орон нутагт 48 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдо 52470 боллоо.

Мөн дөрвөн хүн нас барж, ковид шалтгаант нас барал 248 болж байна.

  • 76 настай эмэгтэй
  • 64 настай эрэгтэй
  • 68 настай эмэгтэй
  • 88 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Биеийн байдал маш хүнд 115 хүнд байна.

Сүүлийн 24 цагт 485 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний то 46338 боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 864 тээврийн хэрэгслээр 1908 зорчигч хотоос гарчээ

Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” тавдугаар сарын 22-ноос мөрдөгдөж эхэлсэн.

Тэгвэл тус өдрийн 06:00-14:00 цагийн байдлаар Нийслэлийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орсон, гарсан тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсээс өглөө.
Тодруулбал, тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00-14:00 цагийн хооронд 334 тээврийн хэрэгслээр 763 зорчигч хот руу орсон бол 864 тээврийн хэрэгслээр 1908 зорчигч хотоос гарсан байна.
Түүнчлэн дамжин өнгөрөх 28 тээврийн хэрэгслээр 76 зорчигчид хяналт тавин нэвтрүүлжээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний цэгүүд

Өнөөдөр буюу тавдугаар сарын 23-нд ажиллах PCR шинжилгээний цэгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр

  • Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэг
  • Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  • Сонгинохайрхан дүүргийн 5 шарын төмөр замын гарамын ард байрлах “Номин” өгуулах байрны гадна
  • Хан-уул дүүргийн “Буянт-Ухаа” спортын гадна талбайд гэсэн 5 дүүрэгт PCR шинжилгээний цэг ажиллах юм.

Доорх зургаас шинжилгээний цэгүүдийн байршлыг харах боломжтой.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Буджаргал 16 километрийн тэмцээнд 1 цаг 06 минут гүйж тэргүүн байр эзэлжээ

АНУ-ын Нью-Йорк хотноо өчигдөр зохион байгуулагдсан “10 miles” буюу 16 километрийн гүйлтийн тэмцээнд Бямбаагийн Буджаргал 1 цаг 06 минут гүйж тэргүүн байр эзэлжээ.

Түүнчлэн тэрээр Нью Жерси мужийн Агуста хотноо тавдугаар сарын 10-16-ны хооронд болсон зургаан өдөр зургаан шөнийн 144 цагийн тэмцээнд 767.7 км гүйж долоо дахь удаагаа аварга болсон юм. Олон өдрийн гүйлтийн зургаан удаагийн аварга ББуджаргал өрсөлдөгчдөө олон км-ээр ардаа орхиж илүүрхэж ялалт байгуулсан байна.

Тэрээр Олон улсын амьтдын эрхийн төлөө байгууллага Петагийн дэмжигч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон өдрийн гүйлтийн тамирчин бөгөөд түүхий ногоон хоолтон буюу raw vegan хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйсэн байна. Тиймээс Б.Буджаргал өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан асуудал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриатай анх удаа улсаа төлөөлөн гүйснээрээ онцлог болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэхмэлийн шар байрнуудын дундах тохижилтын ажлыг эхлүүллээ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, төслийн хүрээнд шинээр барьсан. Тэгвэл энэ орон сууцны барилгуудын дунд барилга барих гэж байсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан билээ. Учир нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж оршин суугчид нь Хотын даргад хандсан юм. Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд тус газарт очиж “Барилга бариулахгүй” гэх байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж барих уу, эсвэл хүүхдийн тоглоомын талбай барих уу гэдгийг иргэдийн саналыг үндэслэн шийдэх хэрэгтэй гэсэн юм. Үүний дараа дээрх газрын захирамжийг хүчингүй болгосон билээ. Тэгвэл өнөөдрөөс уг газарт тохижилтын ажлыг хийхээр газар, шорооны ажлыг эхлүүллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар өнөөдөр тус газарт очиж, иргэдийн төлөөлөл болон тохижилтын ажлыг гүйцэтгэх компанийн удирдлагуудтай уулзсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр “Иргэдийн саналыг үндэслэн чанар, стандартын шаардлага хангасан тохижилтын ажлыг хийж гүйцэтгээрэй. Хамгийн гол нь харилцан ойлголцож, хамтарч ажиллах ёстой шүү” гэлээ. Харин Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар өнөөдөр биелж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс иргэд, оршин суугчдын саналыг үндэслэн Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, баталсан. Даалгаврын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон” гэлээ.

Харин “Асиан сити” ХХК-ийн удирдлагууд “Газар, шорооны ажилд хугацаа шаардлагатай байгаа. Гэхдээ аль болох хурдан хугацаанд тохижилтын ажил хийж гүйцэтгэнэ. Нийслэлийн удирдлагууд иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж өгсөн. Одоо бид иргэдийнхээ хүсэлтээр тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Өнөөдрөөс газар, шорооны ажлаа эхлүүлж байна” гэв.

Мөн иргэдийн төлөөлөл газрын асуудлыг шийдэж өгсөн Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудад талархсанаа илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Намсрайноров: Аливаа зүйлд авьяас чадвараас илүү хичээл зүтгэл, бэлтгэл хоёрын нийлбэр чухал гэдгийг биеэрээ мэдэрлээ

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Намсрайноровтой ярилцлаа.


ТаОдодтой бүжиглэешоунд оролцож дуулахаасаа дутахааргүй олон түмний сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Ер нь шоуны оролцогчдыг шалгаруулж авсан уу, саналыг хэрхэн тавьсан бэ?

-“Mongol HD” телевизээс зохион байгуулсан дэлхийн хэмжээний контент “Ододтой бүжиглэе” шоунд оролцох урилга анх аваад яг үнэндээ өөртөө итгэл төрөөгүй. Би тайзан дээр гараад гараа алдлахыг эс тооцвол өөр ямар нэг хөдөлгөөнгүй зогсоод дуулдаг хүн. Дээр нь бие галбирын хувьд барилдана уу гэхээс бүжиглэх төрлийн хүн биш .Тэгээд ч нас маань 40 өнгийж явна.Тиймээс бие маань бэлтгэл сургуулилт дийлэхгүй алжаах байх. Карантин гээд гэртээ суугаад жин нэмчихсэн, магадгүй миний барах даваа биш байх гэж бодоод саналаас татгалзсан. Харин Продакшны зүгээс “Та сонирхоод үзээч ээ, нэг уулзаад үзье” гэсэн. Ингээд уулзахад энэ хүнд хэцүү цар тахлын үед ард түмнийхээ сэтгэл санааг дэмжих зорилго бүхий эерэг сайхан контент болох юм байна, тиймээс шинэ зүйл сурч, өөрийгөө сориод үзье гэж шийдээд шоунд оролцсон. Анх шоунд орохдоо “За хамгийн түрүүнд хасагдах салхийг нь хагалаад арилаад өгөхгүй юм шүү” гэж бодсон. Тэгсэн салхи хагалах байтугай шоуны дунд хүртэл оролцлоо. Энэ бол миний хувьд чамлахааргүй амжилт. Шүүгчид оролцогчдоос бүр нарийн мэргэжлийн чадварыг харсан л байх. Гэхдээ үүнээс гадна тухайн хүний хичээл зүтгэл, ахиц дэвшлийг их харсан болов уу, ялангуяа над дээр (инээв).

Таныг харахад нэлээд жин хассан харагдсан. Өдөрт хичнээн цаг бэлтгэл хийдэг байв?

-Үндсэндээ гурван сар гаруй хугацааг тууллаа. Энэ хугацаанд овоо ч хөлс урслаа. Жин ч хаяж 10 кг орхилоо. Бие галбиржлаа. Шоунд цаг хугацаа бие махбод, зүрх сэтгэлээ бүрэн зориулж хүмүүсийг гэртээ хөл хорионд байх хугацаанд инээд хөөр, эерэг зүйл бэлэглэж, дархлааг нь дэмжиж амжилттай сайхан оролцсондоо баяртай байна. Аливаа зүйлд авьяас чадвараас илүү хичээл зүтгэл, бэлтгэл хоёрын нийлбэр чухал гэдгийг биеэрээ мэдэрлээ. Хичээл зүтгэл байгаад бэлтгэл сайн бол боломжгүй зүйл ч байхгүй юм байна. Нийтдээ есөн бүжгийн ард гарсан. Эхний дугааруудад зүгширээгүй байсан болохоор хоёр гурван дугаар дээр нэлээд ачаалал авсан. Бэлтгэлүүд ч шахуу.Өглөөний 09:00-18:00 цаг хүртэл уртын бэлтгэл хийдэг байсан. Сүүлдээ биедээ хэт ачаалал өгөхгүйгээр чухал цагтаа сайн бэлтгэл хийгээд амралтаа зохицуулдаг болсон. Миний хувьд бэлтгэлээс гадна онцгой зохицуулалт хийсэн. Манай бүжгийн хамтрагч их чамбай, чадвартай, сэтгэлтэй охин таарсан. Би жин ихтэй, гэдэстэй байсан учраас хамтрагч маань намайг зөвхөн бүжгийн техник, дасгал бэлдүүлэхээс гадна галбиржуулах дасгал маш их хийлгэсэн. Дээр нь зөв хооллох тал дээр их анхаарч, зөвлөж ажилласан нь сэтгэл санаанаас гадна бие махбодод маш их өөрчлөлт гарсан. Хэдийгээр шоу өндөрлөсөн ч би зөв хооллохыг хичээж, долоо хоногтоо нэг удаа бүжгийн бэлтгэл хийе гэсэн бодолтой байна. Учир нь хүн миний төлөө тийм их хичээл зүтгэл сэтгэл гаргасан шүү дээ. Ер нь зөв хооллолт, хөдөлгөөн гэдэг маш чухал юм байна.

Энэ шоунд оролцсоноор таны амьдралын хэмнэл өөрчлөгдсөн гэлээ. Үзэл бодлын хувьд ч чамгүй өөрчлөлт гарсан уу?

-Зөвхөн бие махбод гэлтгүй оюун санааны хувьд аливаа зүйлийг өөр өнцгөөс харах болсон. Уран бүтээлийн хувьд ч салхи оруулсан, өөр мэдрэмжийг эрэлхийлсэн явдал боллоо. Найз нөхөд ч ярьж байна. Бүжгийн спортыг сонирхож байна. Ер нь хүн болгон л туръя, туръя л гэж ярьдаг болж. Би болохоор галбиржъя гээд гоёор хэлээд байгаа. Би өмнө фитнесс хийж үзсэн л дээ. Нэг л бие эсэргүүцээд дархлаа унаад таарамжгүй байсан. Харин бүжиг бол хөдөлгөөнөөс гадна зөв галбиржилттай болдог урлаг юм байна. Манай найз нөхдөөс “Би энэ шоунд орсон бол бүтэхгүй ээ” гэдэг. Үгүй, ерөөсөө л хичээх юм бол бүтэхгүй зүйл гэж үгүй. Дээр нь бэлтгэл бас дахин бэлтгэл чухал юм байна. Миний хувьд хүүхэд байхдаа бага сага бүжиг сонирхдог. Сумын төвийн бүжигт ордог байлаа. Сумын бүжиг гэдэг чинь маш гоё ш дээ, хүмүүс хөгжим зогстол баруун зүүнгүй эргээд л. Одоо бодоход тэр чинь ардын бүжиг л юм байна л даа. Мэдээж мэргэжлийн бүжиг ардын бүжгээс өөр гэдгийг сая шоунд оролцож мэдэрлээ(инээв).

Одоо та тоглолт хийвэл их өргөн хийх нь ээ. Дуулаад, бүжиглээд л…?

-Уран бүтээлийн тоглолт хийлээ гэхэд бүжгийн номертой байх уу гэдэг асуулт их ирж байна. Найз нөхөд утсаар ярихдаа ч энэ талаар асууж, ярьж байна. Яг одоо тийм урам бүтээл хийнэ гэж амлахгүй ч төлөвлөсөн, бодсон зүйл их байна.

Уран бүтээлийн шинэ цомог бэлэн болсон гэсэн. Цомгийнхоо ажлаас сонирхуулаач?

-Би өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод арваад тоглолт, 21 аймагт дөрвөн удаагийн аялан тоглолт, 333 сум бүрт гээд 500 орчим тоглолтыг үзэгч дүүрэн халуун алга ташилт урмын үг дор туулж өнөөдрийг хүрсэн байна. Үзэгч түмэндээ л их баярлаж явдаг. Тиймээс үргэлж шинэ уран бүтээлээрээ учран золгохыг хичээдэг. Одоо тав дахь цомгоо гаргахаар бэлдэж байна. Бүгд шинэ уран бүтээлүүд. Миний уран бүтээлүүдийг харахад дандаа л хайр сэтгэлийн гэгээлэг өнгө аястай дуунууд бий. Тиймээс одоо шинэ цомогт багтсан дуунууд ухаарал хайрласан, нутаг ус, аав ээжийн тухай гээд арай өргөн агуулгатай байна. Гэхдээ өөрийнхөө имиджийг илэрхийлэх ганц нэг хайрын тухай хөнгөн ритмтэй дуу оруулж өгсөн байгаа. Дуунуудаа эхнээс нь дүрсжүүлж байна.

Дуучид шинэ дуу гаргаад дараа нь дүрсжүүлдэг. Шинэ дууг шууд цацах, дүрсжүүлээд цацахын аль нь илүү хүнд хүрдэг вэ. Эхлээд нийтэд хэр хүрч байгаагаас нь шалтгаалж дүрсжүүлдэг юм шиг санагддаг?

-Тухайн дуунаасаа шалтгаална л даа. Цаг үеэ олох, эзнээ олох, тохироо бүрдэнэ гэж ярьдаг. Миний “Дурлан дурлан хайрламаар” хүмүүсийн ярьж заншсанаар Гэзэгний үзүүр…дуу бол гарсан өдрөө яг үнэндээ нийтийн дуун дундаа түймэр асаасан байдаг. Цагийн дотор FM, радио дамжаад, дүрсгүй ч гэсэн ард түмэнд нэвт хүрсэн. Долоо хоногийн дараа баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Сагсай суманд мотоцикльтой хөдөөний залуучууд дуулчихсан явж байна гээд над руу утсаар ярьж билээ. Тэгэхээр цаг хугацааны хувьд янз бүр юм билээ. Миний хувьд дуугаа FM, радиогоор цацаад магадгүй сарын хугацаанд энэ хэлбэрээр явуулж байгаад клип буюу дүрсжүүлээд явдаг. Гэхдээ өнөөдөр бол цаг бас арай өөр болсон байна. Сошиал орчинд ямар ч байдлаар цацаж болж байна. Зарим залуус эхлээд клиптэй нь ч цацаж харагддаг. Өөр өөрсдийн өнгөөр л явж байна л даа.

Таны дуулсан хайрын тухай дуунууд дүрсгүй ч хүнд маш хурдан хүрч, амны аялга болоход дууны үг чухал байгаад байх шиг. Дууныхаа үг дээр хэрхэн ажилладаг вэ?

-Би өөрөө шүлэг зохиож чадахгүй. Шүлгийг агуулгаар нь хараад ганц нэг үг засах, санаа нэмэх байдлаар оролцдог. Магадгүй эхний ээлжинд хүнд шууд хүргэхийн тулд ухаарал хайрласнаас илүү гэгээлэг, хөнгөн, хүмүүст ойр үгийн сонголт чухал юм шиг санагддаг. Зөвхөн үг ч гэлтгүй ая, хөгжмийн найруулга гээд бүгд л сайхан зохицох ёстой. Бүгд сайхан зохицсон байхад дуучин сэтгэл зүрхнээсээ дуулж чадахгүй, жаахан дутуу дуулсан бол бас л хүнд хүрч чадахгүй хайран. Тиймээс дууны үгийг бодож, судалж, цаг үеэ мэдэрч хийхийг хичээдэг дээ.

Таныг СУИСд үеийнхнээсээ нэлээд сүүлд орсон ч оюутан байхдаа олны танил болсон дуучин гэдэг. Малчны хотноос урлагийн тайзан дээр ирсэн энэ түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний үеийнхэн их сургуулиа төгсөж байхад би дөнгөж орж байсан. Дуурь, уртын, страдын дуулаач гэсэн ангитай байсан. Одоо ардын дууны анги нэмэгдсэн байна лээ. СУИС-д ороод дуучин болж төгсчихөөд нийтийн дуучин болно гээд С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа гээд л нийтийн дуучдын яг араас замаар нь явсан. Гуравдугаар курсийн оюутан байхдаа “Хонгор чамдаа” дуугаа гаргасан нь олон түмэнд их сайхан хүрсэн. Ингэж л дуучны гараагаа эхэлсэн байдаг. Уг нь би дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Гэхдээ миний хоолойны зохицлын хувьд ардын маягтай, нийтийн дуу илүү тохиромжтой байсан. Ингэж л нийтийн дуу руу эргэлзэлгүй орсон доо. Харин дуучин болсон түүх нь гэвэл их сонин. 2002 онд хөдөө байхад унага тамганы найранд аавын найзууд ирээд миний дуулахыг сонсоод “Энд ингэж адууны бэлчир дээр дуулж байхаар ард түмний өмнө тайзан дээр дуулах хүн байна” гээд дуучин болохыг зөвлөсөн. Ингээд дуучин болохоор шийдэж тухайн үеийн Улсын ардын чуулгад анх ирж МУГЖ Дуламын Баасанжав багшийнхаа удирдлага дор хоолойн дасгал уншиж эхэлсэн. Гэвч халшираад хөдөө явсан. Гэхдээ өнөөх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд дараа жил нь дахиад ирж 2003 онд СУИС-ийн ачит багш нартайгаа золгосон доо. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл олон сайхан хүмүүс чиглүүлж байна. Нэр дурдахаар орхигдуулснаас болоод зарим нь гомддог. Айхавтар шүү. Тиймээс нэр цохсонгүй.

Монголчууд дуулах, барилдах удмынх гэж ярьдаг түмэн. Таны авьяас ч гэсэн ээжтэй тань холбоотой гэсэн байх аа?

-Тийм ээ. Ээж маань найранд дуутай сайхан хоолойтой Ч.Цэцэгмаа гэж хүн бий. Төв аймгийн Лүн сумын харьяат. Аав минь Ч.Доржгочоо Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат хүн. Хөдөө сайхан шүү дээ. Хүмүүсийн сэтгэл тайван налгар, малын зоо тэнэгэр, өвс ургамал найгасан мөн ч гоё үе байж дээ. Биднийг хүүхэд байхад цаг ч сайхан байж унага тамганы найр, хүүхдийн сэвлэг үргээх найр хэдэн өдрөөр үргэлжилнэ. Аав, ээжийнхээ дуулж хуурдахыг харж, өөрсдөө ч сайхан найранд орж дуулж явлаа. Манай аав, ээж Улсын аварга тууварчин, малчин хүмүүс. Олон ч жил тууварт явсан малчид.

Тууварт явсан хүүхэд насны дурсамж их биз?

-Аав, ээж маань хавар мал бэлтгэлээс 1850 толгой төлөг аваад яг тоогоор нь намар маханд тушаадаг. Тэр хооронд жин нэмэгдүүлэхийн тулд зуны хүйтэн аадар бороо, хангайн сүртэй нэртэй сүүлтэй, сүүлгүй амьтнаас хамгаална гээд зөндөө бэрхшээлийг давж хавар авснаасаа хэдэн мянган тонн мах давуулж тушаана. Үүнийг нь үнэлж Улсын аварга тууварчин гэх энэ сайхан шагналыг өгсөн болов уу гэж би боддог. Хүүхэд байхад аав, ээж хоёр малаа туугаад явдаг. Намар тушаагаад ирдэг. Хавар ахиад л малаа аваад гардаг байсан. Би хамгийн сүүлийн мал туулт буюу 1993 онд 13 настай байхдаа хамт явсан. Тэр их хөгтэй ч юм болсон. Айхавтар усархаг, аадар бороотой үеэр 22-ын товчоо Сонгинохайрханы шил дээр ирээд бороонд яарч морио дутуу уяж гэртээ орсноос болж хамгийн хайртай морио алдсан. Миний мал туусан түүх иймэрхүү хөгтэй дууссан.

Морио хулгайд алдчихсан хэрэг үү?

-Тэгсэн. Дутуу уяад алдсанаас болж алдаад, хулгайн замаар л орсон байх. Хүүхэд болсон хойно болчимгүй үйлдлээсээ болж морио алдчихаад аав, ээжээсээ айж, гэмшиж нэлээн явсан шүү. Ер нь бусад үед бид өвөөтэйгөө л үлддэг байсан.

Өвөөтэй өнгөрүүлсэн дурсамж, өвөөгөөс сурсан хүмүүжил их болов уу?

-Би айлын дээрээсээ хоёр дахь. Гурван дүүтэй. Биднийг аавын аав буюу өвөө маань хардаг байсан. Өвөө маань эрдэм номтой хүн байсан. Сумын сургуульд сурахдаа ч хөдөө амралтаараа малд явахдаа ч өвөөтэйгөө л хамт явдаг байсан. Өвөөгөөсөө их зүйлийг сурсан байдаг.

Одоо та өөрөө сайхан хань ижилтэй, өнөр өтгөн гэр бүлтэй болж. Үр хүүхдүүдээ ямар зарчмаар хэрхэн хүмүүжүүлж, чиглүүлдэг вэ?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Миний хань Цэрэнбатын Баярчимэг гээд Олон улсын эрх зүйч мэргэжилтэй бүсгүй бий. Үнэндээ том охиноо төрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 13, 14 жил мэргэжлээр нь ажиллуулж чадсангүй. Хүнээр хүн хийж хүний дайтай болгоно гэдэг их том ажил. Уран бүтээл гээд хүүхэд өсгөх талдаа би гэдэг хүн их тааруухан оролцсон байдаг. Энэ их ажилд бие сэтгэлээ зориулсан ханиараа бахархаж, бас баярлаж явдаг. Эхнэр бид хоёрын хувьд өөрсдийн эцэг, эхээс, өвөө, эмээгээс өвлөж ирсэн итгэл үнэмшлээр үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийг боддог. Хүнд худлаа ярьж болохгүй, хэлсэндээ хүрдэг байх, цаг барьдаг, хүнд муу санадаггүй. Ширхэг чулуу хүртэл амьтай байдаг учраас аливаа зүйлийг хайрлаж байхыг ойлгуулдаг. Миний л хувьд шүү, хүүхдээ үнэтэй хувийн сургуульд сургаад л үнэтэй гэснийг авч өгч өгөөд “Чи сайн хүн болж аав ээжийгээ тэжээх ёстой”, “Сайн хүн болж их орлоготой байх ёстой” гээд шахаж нүдээд байхыг хүсдэггүй. Энгийн улсын сургуульд аясаар нь сургаад явуулахыг боддог. Өөрсдийнх нь сонирхсон мэргэжлээр нь боловсрол эзэмшүүлж, хамгийн гол бусдыг хайрладаг, зөөлөн энэрэнгүй хүн болоосой гэж өдөр болгон л ярилцдаг. Сая шоунд байх хугацаанд ээжтэйгээ үлдэж аавыгаа дэмжсэн.

Нэг удаа “Маона” хүүхэлдэйн кино таараад Маогийн дүрийг бүтээхийг хичээсэн. Тэр дүрийг гаргахын тулд би хүүхдүүдтэйгээ хамт суугаад хүүхэлдэйн киног үзсэн. Ингэхдээ тэр агшнаас их зүйлийг харсан, бас сурсан. Хүүхэд гэдэг чинь хачин хөөрхөн, сонин ертөнц юм шүү дээ. Тэгсэн том охин маань “Аав аа, та энэ дугаарт хасагдаж болохгүй шүү” гэж хэлсэн. Охиныхоо захиасаар тэр дугаарт хасагдалгүй харин ч сайн оролцсондоо баяртай явдаг шүү. Шоунаас хойш нэг дугаарыг хүүхдүүдтэйгээ хамт сууж үзлээ. Тэгсэн бас тэнд аав нь байхгүй болохоор үгүйлэгдээд байх шиг ажиглагдсан. Эцэг эх хүн чинь хүүхдүүддээ зааж сургахаас гадна их зүйлийг тэднээсээ сурдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Болдсайхан: Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх элсэгчдээс вакцин болон шинжилгээний бичиг шаардахгүй

Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгааны хэлтэс хариуцсан дарга М.Болдсайхантай элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой тодруулга авлаа.


Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дууссан. Хичнээн хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөхөөр 40420 элсэгч бүртгүүлсэн байна. Одоо элсэгчдийн суудлын хуваарь зарлагдаж байна. Суудлын хуваарийг тусгай программаар бодож тухайн сурагч аль ангид, хаана суухыг тодорхой болгоно. Элсэгчид шалгуулагчийн булангаар ороод бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглаад өөрсдөө хэвлэж авах юм. Суудлын хуваарь зарлагдаад дууссаны дараа шалгалтын байраа бэлдэх ажлууд хийгдэнэ. Нийтдээ улсын хэмжээнд 48 шалгалтын байранд суудлын хуваарь зохион байгуулна. Хөдөө орон нутаг дахь ЭЕШ хариуцсан бүртгэгч нар шалгалтын байраа бүртгээд, бэлдээд явна. Улаанбаатар хотод байгаа 26 шалгалтын байрыг Боловсролын үнэлгээний төвөөс гарсан ажлын хэсэг бэлдэнэ. Орон нутгийн тухайд гэвэл сумдаас аймгийн төвдөө төвлөрч шалгалтаа өгөх болно.

ЭЕШд бүртгүүлсэн хүүхдүүд ихэнхдээ ямар хичээл сонгож байгаа талаар сонирхуулахгүй юу?

-ЭЕШ-ын бүртгэлээс харахад улсын хэмжээнд математикийн хичээлийг хамгийн их хүүхэд сонгосон байна. Дараа нь нийгэм, англи хэлний хичээл орж байна. Бүр нарийн задалбал Улаанбаатар хотын элсэгчид англи хэлний хичээлийг түлхүү сонгож өгч байгаа бол хөдөө орон нутгийн хүүхдүүд дийлэнх нь математикийн хичээлийг сонгож өгч байна. Харин өмнө нь төгссөн хүүхдүүд нийгмийн ухааны хичээлийг түлхүү сонгосон байна.

Тэгвэл хамгийн цөөн сонголттой хичээл?

-Хамгийн цөөн сонгосон хичээлүүдийг нэрлэвэл газарзүй, орос хэл, монголын түүх гэсэн хичээлүүд байна.

ЭЕШ өгөх элсэгчдийг хүйсээр нь ангилбал?

-Нийт шалгалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийн 56 хувь буюу 22466 нь эмэгтэй бол 44 хувь буюу 17954 нь эрэгтэй байна.

-40-өөс дээш насны хүмүүс шалгалт өгөх байдал сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна гэсэн үү?

-40-өөс дээш насны 160 хүн байна. 50-иас дээш насны 13 хүн бий. Ер нь эдгээр хүмүүсийн хувьд одоо эрхэлж байгаа ажлаа сайжруулах, албан тушаал ахих зэрэг ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж шалгалт өгдөг. Зарим хүмүүс эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу шинээр бизнес эрхлэхийн тулд заавал Их, дээд сургуульд суралцсан, дипломтой байхыг шаарддаг учраас сурахаар элсэлт өгч байна. Миний мэдэхээр хамгийн өндөр настай элсэгч 73 настай хүн байсан. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр сурах хүсэлтэй. Тухайн хүн гурван жилийн өмнө байх аа, их сургуулиа төгсөөд хонхны баяраа хийж байсан. Иймэрхүү байдлаар хүмүүсийн сурах хэрэгцээ их, насан туршдаа л үргэлжилж байдагтай холбоотой. Ер нь сүүлийн үед 40-өөс насны хүмүүс сурах сонирхол ихэссэн. Үүнтэй холбоотойгоор элсэлтийн шалгалт өгөх хүмүүсийн тоо ч нэмэгдсэн.

Энэ жил мөн л цар тахалтай үеэр ЭЕШ явагдаж байна. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөх талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өнгөрсөн жилийнхтэй адилхан биеийн халууныг хэмжинэ. Амны хаалт зүүхийг шаардана. Хоорондын зайгаа барина. Шалгалтын байрны халдвар хамгаалал хийгдээд явна.

ЭЕШ өгөх элсэгчид вакцин хийлгэсэн байх шаардлагатай гэсэн мэдээлэл яваад байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл яваад байгаа. Энэ бол худлаа.

Боловсролын үнэлгээний төв, БСШУЯнаас Их, дээд сургуульд элсэн сурах гэж байгаа хүүхдүүдээс ковидын эсрэг вакцин хийлгэсэн байхыг шаардаагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

Хувь хүн өөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаад вакцин хийлгэх эсэх нь тухайн хүний асуудал. Манай Боловсролын үнэлгээний төв заавал вакцин хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй.

Тэгвэл шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу?

-Шинжилгээ өгөхийг ч шаардахгүй.

Шалгалт өгөх элсэгчид шалгалтандаа ирэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Элсэгчид суудлын хуваарийн дагуу шалгалтын байрандаа ирэхдээ шалгалт эхлэхээс цагийн өмнө ирсэн байх ёстой. Шалгалтын анги, танхим руу орохдоо дөрвөн төрлийн бичиг баримтыг шалгуулж нэвтэрнэ. Иргэний үнэмлэх буюу түүнтэй дүйцэхүйц бичиг баримт, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудас, суудлын хуваарийн бичиг. Шалгалт эхлэхээс 10 минутын өмнө хаалгаа барина. Тэр 10 минутад бид шалгалтын дэг журам, санамж, зөвлөгөө, материалыг танилцуулна. Шалгалтын ангид харандаа, бал, баллуур, үзүүрлэгч, хариултын хуудас зэрэг бүхий л материалыг Боловсролын үнэлгээний төвөөс олгоно. Тиймээс дээр дурдсан дөрвөн бичиг баримтаас өөр зүйлийг биедээ авч орохгүй. Гар утас, чихэвч зэрэг ямар нэгэн нэмэлт зүйл авч орох, хэрэглэхийг хориглоно. Журамд заасан хориглосон зүйлийг шалгалтын явцад ашиглахыг завдсан тохиолдолд тухайн элсэгчийн шалгалтын материалыг хүчингүй болгодог гэдгийг анхаарах хэрэгтэй.

Шалгалтын тов өөрчлөгдөөгүй биз дээ?

-Өөрчлөгдөөгүй. ЭЕШ долдугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Шалгалтын хариу хэзээ гарах вэ?

-Шалгалт долдугаар сарын 1-нээс эхэлж зохион байгуулагдана. Тухайн хүүхэд шалгалтаа өгч дуусангуут хариулт зарлагдаад явна. Тухай бүрт нь программаар хийгдэнэ. Шалгалтыг засч байгаа, дүн онооны мэдээлэл шууд лайваар явагдана. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ шалгалтын дүн оноонд хяналт тавья гэвэл лайв үзэх боломжтой.Мөн тавдугаар сарын 17-наас ЭЕШ-ын давтлага хичээлийг орон даяар эхлүүлсэн байгаа. Энэ бол хүүхдүүдийн тэгш өрсөлдөөнийг хангах зорилготой зохион байгуулагдаж буй ажил. Хүүхдүүд сайн дураараа оролцоно.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин хонь өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 23, Адъяа гариг. Билгийн тооллын 12, Тэргүүн дагуул одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5:05 цагт мандан, 20:33 цагт жаргана. Тухайн өдөр гахай, тулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам, хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад зохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 6-8 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.