Categories
мэдээ спорт

Р.Гантөгс “Токио-2020” олимпийн бамбарын буухианд оролцлоо

Токиогийн олимпийн бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлж, Японы нийт 47 мужийг дамжин долдугаар сарын 23-нд албан ёсоор мандаж, олимпийн наадам дуустал гэрэлтэх юм.

Өнөөдөр Тоттори мужийн Тоттори хотын олимпийн бамбарын буухианд монгол залуу Р.Гантөгс оролцсон байна. Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан бөгөөд “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулдаг аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Бэйсболын бээлийнээс санаа авч бүтсэн “coach” бренд

Coach брэнд нь тансаг зэрэглэлийн чанартай материал, уран хийцээрээ дэлхийд танигдсан өдөр тутмын хувцас, аксессуарны брэнд юм. 80 жилийн баялаг түүх, өв уламжлалтай уг брэнд нь эрх чөлөөт Америк хэв маягийг шингээсэн, орчин үеийн загвар, чиг хандлагыг тансаг хийцтэй хослуулдгаараа онцлогтой.

Lillian Cahn | The Fashion Foot Coach Bag emblem

1941 онд Майлс Кан эхнэр Лилианы хамт Манхэттен дахь байшингийнхаа дээврийн хөндийд Coach брэндийг эхлүүлж байсан түүхтэй. Анх Manhattan Leather Bags by Lillian and Miles Cahn нэртэйгээр үүсгэн байгуулж байсан бөгөөд бэйсболын бээлийнээс сэдэл авч яг л түүн шиг бат бөх цүнх бүтээхээр шийдсэн байна. Үүний дараагаар уран дархадтай нийлж өнгө үзэмжтэй, өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой арьсан эдлэлийг орчин үеийн хэлбэр загвартай, маш сайн чанарын арьсаар урлахаар зорьсон нь өнөөгийн бидний мэдэх Coach-ийн эхлэл байлаа. Тийм ч учраас одоог хүртэл бүтээгдэхүүнийхээ материал, хийц дээр өндөр стандарт тавин ажилласаар байгаа.

Загварын хувьд үргэлж л шинийг эрэлхийлж, орчин үеийн Нью Йорк хотыг тодорхойлох EFFORTLESS COOL стилиэрээ бусдаас ялгардаг. Харин цаашдаа Coach-ийг их хотын орчин үеийн амьдралын хэв маягт тохирсон цогц брэнд болгохыг эрмэлзэж байгаагаа бүтээлч захирал Стюарт Виверс дурдаж байсан юм. Өдгөө Coach брэнд нь эмэгтэй, эрэгтэй цүнх, гутал, аксессуар, үнэртэн, хувцас, бусад арьсан эдлэлүүд үйлдвэрлэн гаргадаг ба нийт 1000 орчим салбартай дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн нэг юм.

COACH NEW COLLECTION 2021 ~ COACH STORE SHOPPING ~ COACH BAG COLLECTION ~  NEW DESIGNER HANDBAGS 2021 - YouTube

Coach Forever; Virtual Presentation - FLAIR MAGAZINE

coach bags | Restyle4Life

Coach bag recommended “half-month bag”!Sun Yunyun's favorite model of  30,000 yuan is available | Bella.tw Nong Nong – 6Park News En

2021 SALE!! COACH BEAT SHOULDER BAG 18, Women's Fashion, Bags & Wallets,  Handbags on Carousell

Best Coach Bags Spring and Summer 2021

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацу башёд түрүүллээ

Мэргэжлийн сумогийн Нацу башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.05.23) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болов. Энэ өдөр башёг тэргүүлэгчид болох озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон озэки Такакэйшо нарын хооронд шийдвэрлэх барилдаанууд боллоо.

Эхний барилдаанд Тэрүнофүжи давбал түрүүлэх байсан бол Такакэйшо давбал нэмэлт барилдаан гарах байсан юм. Ийнхүү эхний барилдаанд Такакэйшо давж, хоёр бөх хоёулаа адил 12 даваа, гурван унаатай болсон. Харин Нацу башёгийн аваргыг тодруулах шийдвэрлэх барилдаанд озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давж, дээд зиндааны дөрөв дэх түрүүгээ хүртлээ. Тэрбээр сүүлийн хоёр башё дараалан түрүүлэв.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гуравдугаар сарын Харү башёд түрүүлж, озэки цолоо эргүүлэн авах болзлоо хангасан билээ. Тэрбээр ийнхүү озэки цолоо эргүүлэн авсан анхны башёдоо түрүүллээ.

Бусад монгол сумочдын хувьд Ичиножо А.Ичинноров (9-6), Тамаваши Б.Мөнх-Оргил (7-8), Хошорюү С.Бямбасүрэн (7-8), Кирибаяама Б.Лхагвасүрэн (6-9), Чиёошома Г.Мөнхсайхан (8-7) нар тус тус энэ удаагийн башёг өндөрлүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Уурхайн ажилчдын ээлж солих ажлыг эхлүүлжээ

Улсын онцгой комиссын 18 дугаар хурлын тэмдэглэлийн 3.1 заалт болон Улсын онцгой комиссын даргын 46 дугаар тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам”-ын дагуу уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн туслан гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, тээврийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ээлж солих ажлыг 2021 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлж байна.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс болон Өмнөговь аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тавдугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаагаар уурхайн ажилчдын ээлж солилтыг зогсоож, уурхайн ажилчдыг вакцинжуулах ажлын бэлтгэлийг хангаж, дархлаажуулалтыг эрчимжүүлжээ.

Уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүнийг экспортлогч томоохон 25 аж ахуйн нэгжийн нийт ажилчдын 76 хувь буюу 33644 ажилчныг дархлаажуулалтын нэгдүгээр тунд, 55 хувь буюу 24203 ажилчныг хоёрдугаар тунд нэгдсэн зохион байгуулалттайгаар хамруулжээ. Вакцины хангалт хэвийн байх тохиолдолд эдгээр компанийн нийт ажилчдыг вакцины бүрэн тунд хамруулж дуусгах аж.

Өмнөговь болон Дорноговь аймгуудад уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ээлж солих тухай хүсэлтээ ээлжинд гарах болон ээлжээс буух ажилчдын судалгаа (Хавсралт 1)-ны хамт Улсын онцгой комисс (УОК)-ын шуурхай штабт хүргүүлж, хувийг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын алба (ГХУУХҮУА)-ны Шуурхай штабын цахим хаяг(erdenetsetseg@mmhi.gov.mn)-аар илгээх аж.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид ОБЕГ-ын хоёр алба хаагчид гэр бэлэглэв

Онцгой байдлын байгууллагаас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний IX мотобуудлагын баталь оны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчид мөр зэрэгцэн ажиллаж байгаа хоёр алба хаагчийг гэртэй болголоо.

Энхийг сахиулагчид ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч З.Гүррагчаа, НОБГ-ын ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батцоож нарт өргөө цагаан гэрийг нь өнөөдөр гардуулан өгсөн юм.

Онцгой байдлын албаа төлөөллөн 20 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн бөгөөд алба хаагчид хуримтлал үүсгэн мөр зэрэгцэн ажиллаж байгаа болон ахмад ажилчдадаа гэр бэлэглэдэг сайн үйлсийн аян 2017 оноос хойш уламжлагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Ай Си Ти групп” компани эх орондоо анхны токенжуулсан үнэт цаас гаргалаа

Монгол Улсад анх удаа Блокчэйн технологид суурилсан токенжуулсан үнэт цаас гаргах ёслол боллоо. Мэдээллийн технологийн хөгжил, дэвшилтэй уялдуулан үнэт цаасыг токенжуулж хөрөнгө босгох нь уламжлалт хэлбэрийн үнэт цаастай харьцуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэдэг, хөрөнгө оруулагчдад тэгш боломж олгодог зэрэг давуу талтай.

Токенжуулах гэдэг нь аливаа биет болон биет бус хөрөнгийг дижитал хөрөнгө болгон хөрвүүлэх явц. Токен бүр нь бодит хувьцаа, үнэт цаасаар баталгаажих учир криптокойноос илүү найдвартай, үнэ цэнээр баталгаажсан санхүүгийн хөрөнгө бөгөөд блокчэйн технологид суурилсан арилжааны системээр дамжуулан арилжих, шилжүүлэх боломжтой.
Токений суурь болох үнэт цаас нь бүртгэлийн байгууллагаас гадна блокчейн технологид давхар бүртгэгдэх тул хөрвөх чадвар, найдвартай байдлаараа давуу. Мөн хувьцаа, үнэт цаасыг токенжуулснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал авах, ногдол ашиг тараах зэргийг хялбаршуулах боломжтой юм.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцлоо. Засгийн газар мэдээллийн технологид суурилж төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй, нээлттэй, хүртээмжтэй хүргэх, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхээр зорьж байгааг хэлэв.
Мөн Цахим үндэстэн болох цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэдээллийн технологийн салбарт чиглэсэн дөрвөн багц хуулийн төслийг өргөн барьсан. Сул талаа давуу тал болгож, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж алхахад мэдээллийн технологи чухал. Иймээс технологид суурилсан экспортыг хөгжүүлэх ёстой гэж үздэгээ хэлэв. Энэ үед монгол залуус, үндэсний компани дэлхийд өрсөлдөх хэмжээний токенжуулсан үнэт цаас гаргаж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүсэв. Цаашид шаардлагатай бодит дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ.
5 хүн, зогсож буй хүмүүс болон костюм гэх мэтийн зураг байж болно
“Ай Си Ти групп” компани дата центр, газар зүйн мэдээллийн систем, блокчэйн платформ, үүлэн технологи зэрэг суурь дэд бүтцийг бие даан хөгжүүлж байна. Өнгөрсөн сард “Тесла” компани дэлхийд анх удаа токенжуулсан үнэт цаас гаргасан бол “Ай Си Ти групп” компани эх орондоо анхны, дэлхийд хоёр дахь токенжуулсан үнэт цаас гаргалаа.
Тус компани нэг бүр нь 130 төгрөгийн үнэтэй 124,793,954 токенийг www.trade.mn-ээр дамжуулан арилжаалж эхэллээ.
Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын “Роснефть” нийгэмлэгийн тэтгэлгээр 10 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна

ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.

Шалгалтыг 2021 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулна. Ингэхдээ дэлхийн олон улс оронд дэгдээд буй шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын 7 дахь заалтаар олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулж шалгалтыг ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР зохион байгуулна.

Нэг. Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага

1.1 М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан;

1.2 Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулна.

1.3 Тавигдах шаардлага

Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;
  • Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа.

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг

2.1 Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжаанд болон ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа суралцагчид:

  • Цахим өргөдөл /Скайп програмын хэрэглэгчийн нэрийг зайлшгүй (Skype ID) бичнэ/;
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт;
  • Эссэ бичих /Доор дурдагдсан 5 сэдвээс нэгийг сонгож орос хэлээр 500 хүртэлх үгтэй эссэ бичнэ/.
    1. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид:
  • Цахим өргөдөл /Скайп програмын хэрэглэгчийн нэрийг зайлшгүй (Skype ID) бичнэ /;
  • Суралцаж буй сургуулийн албан бичиг;
  • Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Сурч байгаа дүнгийн хуулбар/голч дүнтэй/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Гадаад паспортын хуулбар;
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт;
  • Эссэ /Доор дурдагдсан 5 сэдвээс нэгийг сонгож орос хэлээр 500 хүртэлх үгтэй эссэ бичнэ/.
    1. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:
  • Цахим өргөдөл /Скайп програмын хэрэглэгчийн нэрийг зайлшгүй (Skype ID) бичнэ/;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Шалгалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт;
  • Эссэ /Доор дурдагдсан 5 сэдвээс нэгийг сонгож орос хэлээр 500 хүртэлх үгтэй эссэ бичнэ/.

Эссэ бичих сэдэв, тайлбар:

Шалгалтад бүртгүүлэх иргэд дараахь сэдвүүдээс өөрийн суралцах чиглэлийн сэдвийг сонгож, 500 хүртэлх үгтэй эссэ бичиж, цахим өргөдөл, холбогдох баримт бичгийн хамт 2021 оны 6 дугаар сарын 04-ний 12.00 цагаас өмнө ирүүлнэ.

1. Коронавирус и международные отношения

2. Политика третьего соседа Монголии ( или – О наших третьих соседях)

3. Глобализация к 2050 году

4. Международные экономические отношения в моей жизни

5. Монголо-Российским дипломатическим отношениям 100 лет!

Гурав. Бүртгэл

Шалгалтад оролцох иргэд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн /Баасан гараг/ 09.00 цагаас 6 дугаар сарын 04-ний өдрийн /Баасан гараг/ 12.00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны https://scholarship.esis.edu.mn цахим хуудаст хандан шинээр эрх нээн бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана. Өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100900016401 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга хэсэгт “ОХУ, Роснефтийн тэтгэлэг” гэж бичнэ.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусхаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 14.00-17.00 цагт 7577-8080 дугаар утасаар холбогдож авах боломжтой.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг дараахь 3 хэсэгт хуваан дүгнэнэ. Үүнд:

Баримт бичгийн бүрдүүлэлт – Баримт бичгийг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэн эсэх, сурлагын дүнгийн жагсаалт дахь орос хэл, нийгмийн ухаан, химийн хичээлийн дүн, голч оноог харгалзан үнэлнэ;

  1. Эссэ бичих – Сонгосон сэдвийн хүрээнд утга, санаа, найруулга зүйг оновчтой бүрэн илэрхийлсэн эсэх, зөв бичих дүрмийн алдаа гаргаагүй эсэх зэргийг харгалзан үнэлнэ;
  2. Ярилцлагын шалгалт – Сонгон авсан сэдвээр бичсэн эссэний утга, агуулгыг ойлгомжтой, бүрэн илэрхийлж буй эсэх, комиссын гишүүдээс тавьсан асуултад оновчтой, тодорхой хариулж буй эсэх, суралцахаар сонгосон мэргэжлийн хүрээнд судалгаа хийсэн байдал болон шалгалтад оролцогчийн хандлага, бусадтай харилцах харилцааны ур чадвар зэргийг үнэлнэ.

Шалгалтын нийлбэр оноог 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Гадаад харилцааны яамны http://www.mfa.gov.mn/ цахим хуудсанд байршуулна. Нэрсийн жагсаалтад дурдагдсан эхний 10 иргэнийг шалгалтад тэнцсэнд тооцож, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд 5, М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд 5 оюутан тус бүр элсүүлэх асуудлаар урьдчилсан шийдвэр гаргана.

Тав. Шалгалтын дүнг баталгаажуулах ярилцлага

Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ болон Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-өөс шалгалтын дүнг баталгаажуулах ярилцлагыг зохион байгуулах бөгөөд шалгалтад тэнцсэн иргэд эдгээр байгууллагаас товлосон хугацаанд өөрийн биеэр РЦНК-ийн байранд ирж, ярилцлагад орно.

Ярилцлагын тодорхой хугацааг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ, РЦНК-тай тохиролцож, шалгалтад тэнцсэн иргэдэд жич мэдэгдэнэ.

Зургаа. Элсэлтийн шалгалттай холбоотой гомдол, хариуцлага

Иргэн шалгалтын дүн, шалгалттай холбоотой бусад асуудлаарх гомдлоо тухайн шалгалтын явцад болон нэгдсэн дүнг зарласнаас хойш 24 цагийн дотор Шалгалтын комисст хандаж гаргах бөгөөд Шалгалтын комисс хянан үзэж, хариу өгнө. Дурдсан хугацаа өнгөрснөөс хойш гомдлыг хүлээн авахгүй.­

Баримт бичгээ дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн болон хугацаандаа ирүүлээгүй иргэдийг шалгалтад оруулахгүй. Түүнчлэн, шалгалтын явцад бусдаас дэмжлэг авсан, бусдын бүтээлийг хуулж ашигласан, худал мэдээлэл өгсөн, зарлагдсан хугацаанаас хоцорсон болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол шалгалтаас хасна.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны +51 260726, Гадаад харилцааны яамны +51 262715, +51 262184 утсаар авч болно.

Categories
мэдээ улс-төр

Маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх түр журам маргаашаас хэрэгжиж эхэлнэ

Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журмыг хавсралтаар баталсан. Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт/, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд нарийвчлан тусгажээ.Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:

– Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх

Ил тод, хариуцлагатай байх

– Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх

– Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах

– Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтлана.

Журамд зааснаар сурталчилгааны үед уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн оролцогч бүр амны хаалт заавал зүүж, хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх ёстой.

Уулзалт, хурал, цуглаан хийх байр, танхим, гадна талбайд оролцогчдод зориулсан сандал заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.

Иргэдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг нь халдваргүйжүүлэхийг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна. Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал, цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна.

Халуунтай, ханиалгах, бөөлжих зэрэг шинж тэмдэгтэй хүнийг эмнэлэгт хандахыг зөвлөж, гэрт нь буцаана.

Сонгогч амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт өгч болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно. Сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.

Засгийн газрын хуралдаанаар мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг баталсан. Тусгаарлах байранд тусгаарлагдсан, хэвтэн эмчлүүлж байгаа, гэрээр тусгаарлагдсан, тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа сонгогч хүсэлт гарган зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх боломжтой. Түр журмын талаар Сонгуулийн ерөнхий хороо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бизнесийн ёс зүйн төв нээгдэв

“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн нээлт (2021.05.21) болов. Төслийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран хэрэгжүүлэх ажээ. Улмаар бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсоох, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэн ажиллах юм байна.

Төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж нь МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв байх бөгөөд хамтрагч талууд өнгөрсөн Баасан гаригт төслийн гэрээг ёсчлон баталж, төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлснээ зарлав.

Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг МҮХАҮТ дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүнд цаг үетэй зэрэгцэн “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Транспэрэнси Интернэшнл, Рио Тинто зэрэг олон улсын байгууллагуудын Монгол дахь салбаруудтай хамтран хэрэгжүүлэх болсонд баяртай байна” гэв.

“Рио Тинто”-гийн Монгол дахь Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал хэлсэн үгэндээ “XXI зуунд бизнесээ амжилттай явуулах хамгийн эхний суурь зарчим нь бизнесийн ёс зүй болоод байна. 148 жилийн түүхтэй Рио Тинто групп 35 улсад үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсний нууц нь бизнесийн ёс зүй, ил тод байдал. Аливаа бизнесийн хөгжих шат, үндсэн шалгуур болж байдаг бизнесийн ёс зүйн дүрэм, журам, түүнийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа “Рио Тинто” Монголын бизнес эрхлэгчидтэй хуваалцах гэж буйдаа таатай байна” гэж онцлов.

Мөн нээлтийн үйл ажиллагаанд АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын ТУЗ-ийн дарга Л.Төр-Од, гүйцэтгэх захирал О.Батбаяр нар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамдын зочид төлөөлөгчид оролцож, нээлттэй санал бодлоо солилцсон юм.

Авлигын эсрэг, ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлийн талаарх бизнесийнхний ойлголт, мэдээллийг бататгаж, хэрэглэгч төвтэй, практикт суурилсан үйлчилгээг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим гишүүн байгууллагууддаа үзүүлэх юм. Энэхүү төслийн хүрээнд дараах бүлэг ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлээс бизнесээ хэрхэн хамгаалах, түүнийг таньж мэдэх талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх соён гэгээрлийн ажлыг зохион байгуулах
  • Бизнесийн орчин дахь авлига, түүнийг бууруулах болон бизнесийн ёс зүйн асуудлаарх хэлэлцүүлгийг улирал бүр зохион байгуулах
  • Бизнесийн байгууллагууд ёс зүйн дүрмээ боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж, бизнесийн болон мэргэжлийн ёс зүйн сургалт тогтмол зохион байгуулах
  • Өдөр тутмын үйл ажиллагаанд түгээмэл тулгамддаг ёс зүйн хоёрдмол байдал, түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх гарын авлага, ном, товхимол, стандартууд болон дотоод, гадаадын авлигын эсрэг хууль тогтоомж, судалгаанууд бүхий цахим номын сан байгуулах зэрэг ажлууд багтаж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд МҮХАҮТ манлайлж оролцох бол бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх чиглэлээр дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг “Транспэрэнси Интернэшнл” олон улсад амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлага, хөтөлбөр, сургалтын агуулга зэрэг мэдээллээ хувийн хэвшлийнхэнтэй хуваалцах юм. “Бизнесийн ёс зүйн төв”-ийн үйл ажиллагаа жигдрэх хүртэл буюу эхний жилийн үйл ажиллагааны зардлыг “Рио Тинто Монгол” ХХК санхүүжүүлэх юм байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ууланд нуусан 57 техник хэрэгслийг лацдаж, байгаль орчны байцаагчдад хүлээлгэн өгчээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилтийн хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан удирдамжийн дагуу дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумдын нутаг дэвсгэрт энэ сарын 05-ны өдрөөс 12-ны өдрүүдэд ажиллалаа.

Дээрх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтын 11 пост ажиллуулж эхлээд байгаа юм.

Энэ удаагийн хяналт шалгалтаар Ерөө сумын Ялбаг гэх газарт ууланд нуусан болон эзэнгүй орхигдсон, хариуцах эзэнд нь удаа дараа мэдэгдсэн боловч авахгүй байгаа экскаватор 23, ковш 10, бульдозер 1, алт угаах төхөөрөмж 16, ачааны автомашин 3, бусад 4, нийт 57 техник хэрэгслийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2 авто кран, 1 хүнд даацын тээвэрлэгч механизмыг дайчлан ачиж тээвэрлэн хяналтын постод татан төвлөрүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас лацдаж, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгч, дээрх талбайг бүрэн чөлөөлсөн.

Мөн тус сумын “Хорийн даваа” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 13 техник, хэрэгслийг бүгдийг нь, “Өлөнт”, “Харганат” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 54 техник, хэрэгслээс экскаватор 11, алт угаах төхөөрөмж 3, ачааны машин 6, ковш 1-ийг талбайгаас гаргасан.

Хяналт, шалгалтын хүрээнд Ерөө сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 4 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шалгаж Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлсний дараа үйл ажиллагаа явуулах зөвлөмжийг өгч, Баянгол сумын нутагт байрлах Нарангийн голын эхэнд голын голдирол өөрчилсөн, хоолой тавьж шороогоор хаасан байсныг засуулж, урсгалыг хэвийн болгосон.

Мөн Ерөө сумын нутаг дэвсгэрт хийгдсэн хяналт шалгалтаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлэн, 1 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, 3 экскаваторын компьютерыг эд мөрийн баримтаар хураан авч, экскаватор 5, ковш 2, алт угаах төхөөрөмж 2, цахилгаан үүсгэвэр 2, ачааны машин 3, нийт 14 техник хэрэгслийг лацдаж битүүмжлэн Экологийн цагдаагийн албанд шалгалтын ажиллагаа явуулж байна.