Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 630 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 5849 хүнээс шинжилгээ авахад 630 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 581 нь Улаанбаатар хотод, орон нутагт 49 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 53100 боллоо.

Орон нутагт: Увс 1, Завхан 2, Булган 14, Архангай 3, Говь-Алтай 4, Өвөрхангай 2, Сүхбаатар 15, Төв 3 тохиолдол бүртгэгдлээ.

Мөн таван хүн нас барж, ковид шалтгаант нас баралт 253 болж байна.

  • 63 настай эрэгтэй
  • 59 настай эрэгтэй
  • 56 настай эрэгтэй
  • 88 настай эрэгтэй
  • 62 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Биеийн байдал маш хүнд хүнд байна.

Сүүлийн 24 цагт 410 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 46748 боллоо.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн өнөөдрийн /2021.05.24/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 14.00 цагаас АйBиКо Тарилгын шингэний үйлдвэрт ажиллана;
Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;
Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг15.00 цагаас Техник спортын төв ТӨҮГазар буюу Үндэсний шигшээ багийн буудлага, пара буудлага, биатлоны багийн бэлтгэл, сургуулилтын байдалтай болон Улсын батлан хамгаалах туслах нийгэмлэгийн эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгө, үйл ажиллагаатай танилцана
Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулав.

У.Хүрэлсүх МАН-аас нэр дэвшихээр бичиг баримтаа өгөөд байсан юм. Тэрээр 10:40 цагт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа.

Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг хариуцан ажиллах хүнд мөн үнэмлэх олгодог болсон бөгөөд түүний сонгуулийн сурталчилгааны менежерээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ажиллахаар болж, мөн үнэмлэхээ гардаж авлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 18 сая мал төллөжээ

Улсын хэмжээнд 18 сая мал төллөж, төл бойжилт 96 хувьтай байна.

2021 оны тавдугаар сарын 21-ний байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 18.1 сая буюу 73.6 хувь нь төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл, баруун бүсэд 83.2, хангайн бүсэд 71.7, төвийн бүсэд 65.6, зүүн бүсэд 79.2 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.

Улсын хэмжээнд 18.1 сая төл хүлээн авч, 17.5 сая төл бойжиж, бойжилт 96.6 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд юм.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт зам тээврийн ослын улмаас таван хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс тавдугаар сарын 22, 23-нд нийт 579 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 399 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 2 хүн тус тус гэмтэж, орон нутагт 5 хүний амь хохирчээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-1, зорчигч-1 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.
Хүний амь хохирсон осол, хэрэг:
  • 2021 оны тавдугаар сарын 22-ны 09:00 цагийн орчим Хэнтий аймагт суудлын автомашин явган зорчигч мөргөж, явган зорчигчийн амь хохирсон.
  • 2021 оны тавдугаар сарын 22-ны 10:00 цагийн орчим Баянхонгор аймагт бага оврын ачааны автомашин, хүүхэд мөргөж, хүүхдийн амь хохирсон.
  • 2021 оны тавдугаар сарын 22-ны 12:00 цагийн орчим Төв аймагт автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • 2021 оны тавдугаар сарын 22-ны 23:00 цагийн орчим Орхон аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
  • 2021 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагийн орчим Хөвсгөл аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 105, орон нутагт 54, улсын хэмжээнд 159 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил

Улаанбаатар хотод өнөөдөр буюу тавдугаар сарын 24-нд 5 явуулын, 57 суурин цэгт, 125 багийн 815 эмч, ажилтан ажиллаж, 27,429 иргэнийг дархлаажуулна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 970, II тунд 10.867, нийт 11.837 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь буюу 939.723 нь I тунд, 61.9 хувь буюу 590.454 нь II тунд хамрагджээ.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Италид агаарын дүүжин бүхээг унаж, 14 хүн амиа алджээ

Италийн Мажор нуурын ойролцоох дүүжин тээврийн кабель машин тросон замаасаа унаж, 14 хүн амиа алджээ.

Кабель машин Стреза хэмээх жижиг хотоос Моттарроне уул руу зорчигчдыг тээвэрлэж явсан бөгөөд замдаа ойн модон дунд унасан байна.

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Гэрчүүдийн хэлж буйгаар дүүжин машины тросон зам 300 метр хүртэл доошилж модны оройд хүртлээ унжсан байна.

Стреза хотоос Моттарон уул руу уг дүүжин тээвэр 1491 метрийн өндөрт зорчигчдыг 20 минутад тээвэрлэдэг аж. Дээд тал нь 40 хүн тээвэрлэх хүчин чадалтай ч тухайн үед чухам хэчнээн хүн зорчиж байсан нь тодорхойгүй байна. Дүүжин машин 20 метрийн өндрөөс унаж, уулын уруу өнхөрч явсаар модонд тээглэсэн байдалтай олджээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотыг татвартай болгох нь зөв

Хэн ч хотод амьдрах эрхтэй. Хаана амьдрах нь хүний заяагдмал эрх учраас, Монгол Улс хүний заяагдмал эрхүүдийг Үндсэн хуулиндаа тусгаад өгчихсөн ардчилсан орон болохоор хэнийг хаана амьдрахыг захиргааны аргаар шийдэх эрх мэдэл хэнбугайд ч байхгүй. Товчхондоо ямар ч хүнийг төр засгийн эрх мэдлээр далайлгаж хотоос хөөж гаргах, шахаж хавчих засаглалтай улсад бид аж төрдөггүй. Харин хотод аж төрье гэвэл татвараа төлөөд амьдар гэсэн босго тавьчихмаар санагддаг. Дэлхийн аль улсын хотууд яг ийм зохицуулалтаар иргэдийнхээ хөдөлгөөнийг хазаарласаар ирсэн түүхтэй. Тэгж байж хот нь хүндээ түүртэж, хүний их урсгалаас үүдсэн элдэв асуудалд дарагдчихгүйхэн шиг хөгждөг жамтай.

Амьдрах газраа сонгох эрхэд чинь халдахгүй, татвараа төлчихвөл л хотод амьдарч болно гэчихээр хаа хаанаа эрүүл, шударга сонсогдож байгаа юм л даа. Цэнхэр гаригийн хаана байхаас үл хамаарсан ганц үнэн бий. Хаа газрын сайхан амьдрах мөрөөдөлтэй хүмүүс хот суурин бараадаж дажгүй орлоготой амьдрах чин хүсэл тээцгээдэг. Ганц Монгол ч биш, бүх л улсын буйд тосгодын иргэд ийм хүсэлтэйгээр хот нийслэлээ бараадсаар ирсэн, цаашдаа ч энэ цуваа тасрахгүй биз. Хот нь зүй жамаараа хөгжсөн ухаалаг улсын түүхийг ухаад харах нь ээ иргэдийнхээ энэ урсгалыг түрүүн хэлсэнчлэн татвараар л хазаарласан байдаг юм билээ. Бүр тодруулж хэлбэл, хотын татвараар. Гэхдээ хэн ч төлөхөөр хэмжээний биш, овоо өндөр татвар ногдуулж байж асуудлаа шийдсэн анзаарагддаг. Япон гэхэд л оршин суугчийн татварыг иргэний татварын дараах орлогоос 10 хувиар тооцож авдаг гэсэн мэдээллийг хэдэн жилийн өмнө уншсан санагдаж байна.

Манайд энэ мэт хотын татвараа ахиухан ногдуулдаг туршлагыг шууд хуулаад хэрэглэчихэд болохгүй юмгүй. 61-ийн гармаас цааш суурьшвал хотын татвар авахгүй гэдэг ч юм уу тодорхой зааг бүс тавиад өгчихвөл утаа, түгжрэлээ шийдэх тийм ч хэцүү биш. Ийм арга хэрэглэхгүй бол Улаанбаатарыг зорих иргэдийн цуваа лав л ойрын жилүүдэд татрахгүй нь ойлгомжтой байна.

Малаа зараад хот бараадсан хосууд яадаг билээ, хашаа гэр худалдаж аваад төвхнөдөг. Ингээд ч зогсохгүй, таксинд явж амьжиргаагаа залгуулахын тулд хоёулаа приус авчихаж байгаа юм. Ажил хийе гэх нь ээ мэргэжилгүй, туршлагагүй, нас зүс гээд өчнөөн саадтай тулдаг учраас ингэхээс ч аргагүйд хүрдэг. Нийслэлд 600 гаруй мянган машин хөлхөлддөгийн 100 гаруй мянга нь таксины үйлчилгээ үзүүлдэг гэсэн дам тооцоо бий. Үнэнд ойрхон тоо байх. Хотын замаар зорчих машины бараг гуравны нэг нь эерүүгээр хэлэхэд таксины үйлчилгээнд, хатуухан хэлэхэд, дэмий шахуу бөглөө үүсгэж яваа нь бодитой үнэн. Улаанбаатарын утаа, түгжрэл мөнхийн асуудал болсны цаана ийм л энгийн шалтгаан нуугддаг.

Дахиад онцлоход, хотын татварыг ахиухан хувиар тавьчихвал өдрөөс өдөрт утаа, түгжрэлийн зовлон нэмэгдэхгүй. Хотын төвөөр зорчих машинуудаас татвар аваад эхэлбэл түгжрээ тодорхой хэмжээнд шийдэгдэнэ гэсэн яриа хөөрөө албаны хүмүүсийн дунд өрнөдөг ч иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлээс болдог байх, тэгсхийгээд нам жим болчихож байгаа анзаарагддаг. Дэлхийн олон хот замын түгжрээгээ яг ийм аргаар шийдсэн байдаг, хүссэн ч, эс хүссэн ч алс ирээдүйдээ ашиглаж л таарах байх, энэ аргыг.

Хөдөө алс сумдад амьдрал хэцүү байхад амьжиргаагаа бодсон иргэд хот бараадалгүй яах вэ дээ, хотын татварыг өндөр тавьчихаар тэд яаж амьдрах юм гэсэн асуулт мэдээж гарч ирнэ. Гэхдээ энэ асуудлыг шийдэх гарц бас бий. Нийслэлд түгжрээ, утаа нэмэхгүйгээр төв газар бараадагсдын асуудлыг шийдэх гарц нь дагуул хот, суурингуудыг нэг биш нэжгээдээр нь байгуулах. Дагуул хот гэхээр заавал нүсэр, томоор төсөөлж төсөв мөнгө ярьж толгойгоо гашилгах шаардлагагүй санагддаг. Улаанбаатарын ойр орчим хорь гаруй мянган хүн амтай жижиг хот суурингууд байгуулчихад л болоод явчихна л даа, уг нь. Зүүн тийшээ Налайх, Эрдэнэ сум, баруун тийшээ Баянчандмань, Батсүмбэр, урагшаа Зуунмод, Майдараа түшиглээд дагуул хот байгуулчихвал нэг талаас Улаанбаатарын түгжээ, утаагаа шийдчихнэ, нөгөө талаас суурин бараадсан хүмүүсийн асуудал ч шийдэгдчих сайн талтай. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллага, фитнесс, үсчин гээд бүх үйлчилгээг нь төвлөрүүлсэн суурин байгуулчихвал хэн ч Улаанбаатарын их бужигнаанд амьдрах гэж тэмүүлэхгүй. Бүр цаашлуулж харвал хот тойрсон зам, эрчим хүч гэх мэт дэд бүтцийн асуудлуудаа ч шийдээд авчихна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 24-нд буюу өнөөдөр өдөр олон нийтэд мэдээлж үнэмлэх олгоно.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу энэ сарын 24-ний нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох юм байна.

Нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, СЕХ нэр дэвшигчээр бүртгэж аваад байгаа билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Энхболд: Угтаал, Цээл, Заамар сумыг холбох 120 км замын ажлыг эхлүүлээд явж байх нь зүйтэй

УИХын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.


БаруунбүрэнОрхонтуулЦээлБаянхангай чиглэлийн 193 км авто замыг барихаар болжээ. Энэ төслийн талаар та мэдээлэл өгөөч?

-Бид энэ замыг тавих ажлыг 2018 оны улсын төсөвт суулгаж эхлүүлсэн юм. Тодруулбал, Төв аймгийн Баянхангай сумаас Угтаал, Цээл, Заамар сумыг холбох нийтдээ 120 км хатуу хучилттай замын зураг төслийг хийх 500 сая төгрөгийг улсын төсөвт тусгаж, батлуулсан. Энэ 120 км авто замын зураг төслийн ажил 2018 оны найм, есдүгээр сард хийгдээд дууссан. Улаанбаатар, Өвөрхангай чиглэлийн замаас салаалаад Баянхангай сумаас эхлээд Угтаал сумын нэгдүгээр баг хүртэл 30 км, тус нэгдүгээр багаас сумын төв хүртэл нь 19 км, тэндээс Цээл рүү 23 км, мөн Угтаалын нэгдүгээр багаас Заамар руу явах 47 км гээд нийт 120 км авто замын зураг төсөл, тооцоо судалгаа нь гарчихсан гэсэн үг. Геологийн судалгаанаас эхлээд замын трасс, эрчим хүчний асуудал, хөндлөн гарч байгаа газар нутгийн нөхцөл байдал гээд бүгдийг нь иж бүрэн хийж дуусгасан. Харамсалтай нь зураг төсөл гарснаас хойш эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байснаас үүдээд төсөвт хөрөнгө мөнгө тусгагдахгүй, замын ажлыг эхлүүлж чадахгүй байдалтай байна. Эдгээр сумдыг сонгож авсан нь учиртай. Төв аймаг бол Монгол Улсын газар тариалангийн томоохон бүс нутаг. Угтаал, Заамар, Цээл сумд нь Төв аймаг дахь газар тариалан эрхэлдэг гурван том сум юм. Угтаалд л гэхэд манай улсын хамгийн том үр тарианы элеватор бий. Ер нь бол Атрын I, II, III аян энэ бүс нутгуудад хэрэгжсэн. Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсыг улаанбуудайгаар хангахад том үүрэг гүйцэтгэдэг бүс нутаг учраас авто замыг нь сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Тэгэхээр та бүхэн анх Баянхангай сумаас Угтаал, Цээл, Заамар сумыг холбох нийтдээ 120 км хатуу хучилттай замыг тавихаар зураг төслийг нь гаргаж байжээ?

– Анх бид энэ замыг хийхээр ярьж байхдаа энэхүү замыг Цээлээс хойш үргэлжлүүлээд Дархан-Булган, Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Дашинчилэн, Дашинчилэн-Булганы замуудад холбох санаануудыг тусгаж байсан. Нэгэнт Цээлд зам хүрчихвэл цаашлаад Сэлэнгийн тал руу холбогдоод, үндсэндээ Төв аймаг, Сэлэнгийн газар тариалангийн бүс нутгийг холбосон битүү гогцоо зам үүснэ.

Энэ нь Улаанбаатар, Дарханы чиглэлд байдаг үндсэн том трасст нэгдээд Монгол Улсын газар тариалангийн бүс нутгийн дийлэнх хувь нь гол хэрэглэгч, үйлдвэрлэгч бүс нутгуудтайгаа хатуу хучилттай замаар холбогдох ёстой гэсэн үзэл баримтлалын үндсэн дээр дээрх 120 км замын зураг төслийг хийсэн юм.

Одоо бол БаруунбүрэнОрхонтуулЦээлБаянхангай чиглэлийн 193 км авто замыг барихаар шийдээд байгаа.

-Одооогийн Засгийн газар гарснаас хойш замыг үргэлжлүүлээд хойноос нь Булган-Дархан-Дашинчилэнгийн замаас бид нарын эхлүүлсэн трасстай холбоод газар тариалангийн бүс нутгийг хамарсан гогцоо зам барих зарчмын шийдвэрээ гаргасан. Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүд, тэр дундаа Ч.Ундрам гишүүн энэ асуудлыг хөөцөлдөөд явж байгаа юм байна. Бид бүх аймгуудаа хатуу хучилттай замаар нийслэлтэйгээ холбочихлоо. Одоо эдийн засгийн гол бүс нутгуудаа том трасс замуудтайгаа холбох зайлшгүй шаардлага бий. Ингэснээр цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэхээс эхлээд маш ач холбогдолтой байна. Үүнээс гадна нэг том зорилттой уялдаж байгаа. Монгол Улс хүнсээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортлогч орон болох томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг У.Хүрэлсүхийн Засгийн газраас эхлүүлж, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод тусгасан. Энэ бодлого одоогийн Засгийн газарт ч тасралтгүй үргэлжлээд явж байгаагийн нэг баталгаа нь газар тариалангийн бүс нутгийн хатуу хучилттай замын асуудлыг цогцоор нь шийдэхээр зорьж буй явдал юм. Төр хүнсний бүтээгдэхүүнээр улс орноо хангах, том зах зээл болох хөрш хоёр орондоо нийлүүлдэг экспортлогч орон болох гэсэн хамгийн том зорилго, зорилтдоо хүрэхэд энэхүү дэд бүтцийн хөгжил онцгой чухал ач холбогдолтой юм.

Хойноос ирэх замыг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн хөндлөн гарсан трасстай холбох, уртрагаараа явж буй хоёр том трассыг холбох нэг том шугам бол Сэлэнгээс Төв аймаг руу, Төв аймгаас урд талын том замтай холбох төсөл юм. Үүнийг зайлшгүй хийх шаардлагатай гэж Засгийн газар ч үзэж байгаа юм байна. Орон нутгийн хэрэгцээ шаардлага ч тийм байгаа.

Ч.Ундрам гишүүний зүгээс дээрх 193 км авто замын ажлыг эхлүүлэхээр шаардлагатай хөрөнгийг төсвийн хүрээний мэдэгдэл, Зам тээврийн хөгжлийн сайдын багцад тусгуулахаар болсон гэж байсан. Төв аймгийн Баянхангай сумаас Угтаал, Цээл, Заамар сумыг холбох нийтдээ 120 км авто замыг барих зураг төсөл нь гарчихсан юм чинь шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаад, замын ажлаа эхлүүлж байж болох юм биш үү?

-Уг нь тийм юм. Зураг төсөл нь хийгдээд, шаардлагатай материалууд нь батлагдчихсан. Төсөв хөрөнгө нь шийдэгдчихвэл эхлүүлж л баймаар байгаа юм. Сэлэнгээс орж ирэх замын хувьд мэдээж төсвийн хуулийн шаардлагын дагуу эхний ээлжинд зураг төслийг нь хийх хөрөнгө, мөнгө тусгагдаж таарна. Тиймээс 2022 оны улсын төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгаж, манай Угтаал, Цээл, Заамарын замын ажлыг эхлүүлээд явж байх нь зүйтэй. Ингэвэл цаг алдахгүй, хурдан хугацаанд ажил хэрэг болж чадна. Уг нь энэ чиглэлийн замыг барихад онцгой хүнд нөхцөл байхгүй. Гол горхи, өндөр уул даваа харьцангуй цөөн, бага зэргийн намагтай газрууд л бий. Тэдгээрийн тооцоог хийчихсэн учраас түргэн хугацаанд хийчихэж болохоор төсөл юм.

-100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчийн сонгуульд ялах амбиц МАНд байгаа нь ойлгомжтой. Ерөнхийлөгчийн сурталчилгаа эхлэх гэж байгаа энэ үед МАНаас сонгогдсон УИХын гишүүд хэр идэвх санаачилгатай ажиллаж байна вэ. Тойргууд руугаа очиж намаас нэр дэвшигчээ дэмжих үү?

-Хөл хорионы нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд тойрогтой очиж амжихгүй байгаа тал бий. Хөл хорио цуцлагдсан хугацаанд цөөн хэдэн сумдад л очиж чадсан. Тиймээс хөл хорионы нөхцөл байдалтай уялдуулаад УИХ-ын гишүүнийхээ хувьд ч ажлаа тайлагнаж, газар дээрээс нь мэдээлэл авч мөн мэдээж сонгуулийнхаа сурталчилгааны ажилд оролцож таарна. Намын гишүүд идэвхтэй байгаа. МАН 100 жилийн ойдоо зориулж заавал ялах ёстой гэхээсээ илүү Монгол Улсын төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, эхлүүлсэн ажил нь ямар нэгэн сонгуулиас болоод зогсдоггүй, өөрчлөгддөггүй тогтвортой байгаасай гэж бодож байгаа. Энэ үүднээс манай намын гишүүд, дэмжигчид, ард түмэн ойлгож байгаа байх.

Сөрөг хүчний зүгээс Монгол Улс нэг намын дарангуйлалд орох нь гэж ихээр шүүмжилж байгаа. Ийм болгоомжлол ч нийгэмд байх шиг.

-Нэг намын дарангуйлалд орох нь, нэг нам бүхнийг авах гэлээ гэж буй. Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор аль нэг нам, ямар нэг хүн бүх асуудлыг дангаараа шийдэх боломжгүй. Ийм боломж байхгүй гэдгийн баталгаа нь парламентын засаглал. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж гарах хуулиудад парламентын засаглалаа илүү хөгжүүлэх, боловсронгуй болгох, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж, төгс төгөлдөр болгох зүйлүүдийг хийх ёстой. Үүний эцсийн дүнд улс төрийн амьдрал тогтвортой байна, бодлого тууштай хэрэгжинэ. Ийм л ойлголт, итгэл үнэмш-лээр манай намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр тун удахгүй ил болно. У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө юуг онцгойлон анхаарч тусгасан бол?

-Тун удахгүй мөрийн хөтөлбөр ил болж, сур-талчилгааны ажил эхэлнэ. Мөрийн хөтөлбөрөөс МАН-аас нэр дэвшигч ямар бодлоготой ажиллах, түүний баталгаа нь юу байх вэ гэдэг нь илүү ойлгомжтой харагдах болов уу гэж бодож байна. Төрийн гурван өндөрлөг нэг тийшээ харсан, нэг бодлого, зорилгын төлөө тодорхой хугацаанд ажиллаж чадвал улс орны хөгжил дэвшил, аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаанд илүү хэрэгтэй байх болно гэсэн ерөнхий агуулгатай мөрийн хөтөлбөр гарсан.

Та сүүлийн үед ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах том ажил хүлээж байна. Энэ нь зөвхөн Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөх асуудал биш, үе үеийн Ерөнхийлөгчдийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн Үндсэн хуулийн агуулгаас гадуурх хуулиудыг хүчингүй болгох юм. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулж Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлоход дагалдаж гарах цөөнгүй хууль бий. Тэдгээрийг хийх ажлын хэсэгт томилогдчихоод Засгийн газраас төсөл орж ирэхийг хүлээж байна.