Categories
гадаад мэдээ

Газар хөдлөлтөд өртсөн Юньнань болон Цинхай мужид тусламж үзүүлэхээр болжээ

БНХАУ-ын Сангийн болон Онцгой байдлын яамнаас газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан Юньнань болон Цинхай мужид 10 сая юань хуваарилсан гэж хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Энэ мөнгийг орон нутгийн эрх баригчдад байгалийн гамшгийн улмаас учирсан гамшгийг арилгах болон газар хөдлөлтөд өртсөн хохирогчдод шаардлагатай тусламж үзүүлэхэд нь туслахад зарцуулах аж. Түүнээс гадна Юньнань муж руу 5000 майхан, 10 мянган эвхдэг ор, 20 мянган бүтээлэг илгээсэн байна.

Энэ сарын 21-нд Гринвичийн цагаар 13:38 цагт Өмнөд Юньнанд болсон 6.4 баллын газар хөдлөлтийн үеэр хамгийн багадаа гурван хүн нас барж, 27 хүн гэмтсэн байна. Мөн судлаачид тус бүс нутагт 420 гаруй удаа газар чичирхийлэлт болсон гэж бүртгэжээ. Харин орон нутгийн эрх баригчид газар хөдлөлт болсон газраас 21 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд газар хөдлөлтийн улмаас 13 мянга гаруй барилга байгууламжид хохирол учирсан байна. Мөн үүний дараа Гринвичийн цагаар 18:04 цагт Цинхай мужид 7.4 баллын газар хөдлөлт болсон гэж бүртгэгджээ. Гамшгийн үеэр 11 хүн бэртсэн бол 3600 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна..

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирлоор 20 саяын 2 азтан тодров

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд:

  • 30 мянган төгрөгийн азтан 25,111
  • 100 мянган төгрөгийн азтан 2,481
  • 500 мянган төгрөгийн азтан 252
  • 1.5 сая төгрөгийн азтан 27
  • 3 сая төгрөгийн азтан 3
  • 20 сая төгрөгийн азтан 2 шалгарлаа.

Тохиролд энэ оны 4 дүгээр сарын 1-30-ны хооронд худалдаа хийж 5 дугаар сарын 22-ны 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн 42 сая баримтыг хамруулжээ. Супер шагналын тохирлын дугаар 14704032 бөгөөд энэ удаагийн тохирлоор супер азтан тодорсонгүй. Супер шагнал 30 сая төгрөг байв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хүчтэй шороон шуурганы улмаас Дундговийн Цагаандэлгэр суманд 50 мянга гаруй мал хорогджээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан орон нутагт ажиллахдаа отроор яваа Дундговь аймгийн зарим малчинтай уулзав.

Тус аймгийн хэмжэнд 1145 өрхийн 945 мянган мал отроор хаваржиж байгаа бөгөөд малчид өвс, тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврын хахир хатуу үеийг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдүүлж өгөх, малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх хүсэлтийг уламжиллаа.

Өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт найман цаг үргэлжилсэн хүчтэй шороон шуурганы улмаас зөвхөн Цагаандэлгэр сумын хэмжээнд гэхэд л 50 мянга гаруй мал хорогджээ. Байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд 50 гэр, мөнгөн тусламжийг Улсын онцгой комиссоос олгосон юм. Цаашид отроор яваа малчдын амьжиргааг дэмжих бодлогыг Засгийн газар, Улсын онцгой комисс баримталж байгааг Шадар сайд хэлээд малчдад хүнсний багц олголоо. Малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор малчдад хөнгөлөлттэй зээл олгож эхэлснийг ч хэлэв.

Отроор яваа малчдыг вакцинд шуурхай хамруулах, байгалийн гамшигт хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг аймгийн удирдлагуудад даалгалаа. Энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулахаар болов. Шадар сайд С.Амарсайхан Дундговь аймагт ажиллах үеэрээ Цагаандэлгэр сумын харьяат Н.Амгаланбаатарын гэр бүлд “Улсын аварга малчин” цол, тэмдэг гардуулж хүндэтгэл үзүүлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хөгжиж буй орнуудаас вакцинжуулалтаар Монгол Улс тэргүүлж байна” гэв

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр иргэдээс ирж буй вакцинжуулалттай холбоотой асуултад доктор Д.Мандахнаран хариулт өглөө.


-Вакциныг иргэд улс орон, үйлдвэрээр нь ялгах тохиолдол их гарч байна. Энэ нь хэр зөв бэ?

-Covid-19-ийн эсрэг вакцин бүр ижил дархлаа тогтооно. Улс орон, үйлдвэр гэхээс илүүтэй олдож байгаа, нөөцтэй вакциныг хийлгэх нь зөв гэж зөвлөж байна. Вакцинжуулалтад хамрагдсан тохиолдолд Covid-19-өөр өвдөх, хүндрэх тохиолдол маш бага байна. Дэлхийд вакцинжуулалтаар Израйл улс тэргүүлж байгаа бол хөгжиж буй орнуудаас Монгол Улс тэргүүн эгнээнд жагсч байгаа статистик байна.

-Хариу урвалтай холбоотойгоор хоёр дахь тунгаа тариулахаас татгалзаж байна. Энэ талаар та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эхний тун дээр хүний биед гаднаас шинэ уураг орж ирж байгаа учир бие махбодид хариу урвал хүчтэй илэрдэг. Хоёр дахь тунгийн хувьд уураг илүү сайн тогтох учраас анхныхаас бага хариу урвал үзүүлдэг байгаа. Мэдээж вакцин хийж байгаа нөхцөлд суурь өвчнөө хяналтад оруулсан тохиолдолд хийлгэх нь зүйтэй. Тиймээс вакцинжуулалт хийхийн өмнө зөвлөх эмч нар ажиллаж байгаа. 50-аас дээш насны иргэдийн хувьд цусан дахь сахар болон даралтаа хэмжиж байж, дархлаажуулалтад хамрагдах ёстой байдаг. Нэг хүнийг хамгаалах биш нийт олныг хамгаалах зорилготойгоор вакцин хийж байгаа. Тиймээс хоёр тундаа бүрэн хамрагдахыг уриалж байна. Нэг хүний ард ойр, дотны олон хүн бий учраас халдвараас урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй хамрагдахыг хүсч байна.

–Хөгжиж буй орнуудын хувьд вакцины хомсдолд орж байна гэсэн мэдээлэл байна?

-Тийм. Дэлхийн хэмжээнд тэр дундаа хөгжиж буй орнуудын хувьд вакцины хомсдол үүсч байна. Харин манай улсад тодорхой хэмжээний нөөцтэй байгаа нь сайшаалтай. Хамгийн чухал нь иргэд маань идэвхтэй байх шаардлагатай байна. Мөн хүүхэд хөнгөн хэлбэрээр өвчилдөг гэж хайнга хандахгүй байхыг анхааруулж байна. Нийслэлийн хэмжээнд бүхий л хэсэгт өвчлөлийн тархалт өндөр байгаа учраас хүн хоорондын зайг тогтмол баримталж, хөдөлгөөнөө хязгаарлаж, ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хот хоорондын автобусаар үйлчлүүлэгчдэд тавигдах шаардлага

Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос эхлүүлсэн. “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” -д заасан тээврийн хэрэгслээр зорчигчдод тавигдах шаардлага, хүлээх үүргийг танилцуулж байна. Үүнд,

  • Иргэний үнэмлэх болон бусад холбогдох баримт бичгийг биедээ авч явах бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд тухай бүр шалгуулна.
  • Нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, хувийн хэрэгцээний эд зүйлс, замд хэрэглэх хоол, хүнс болон хогийн уутыг урьдчилан бэлтгэнэ.
  • Зорчигч тээвэрлэлтийн туршид халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж, /хооллохоос бусад нөхцөлд нэг удаагийн амны хаалтыг авахгүй байх 2 цаг тутам эсхүл бохирдсон тухай бүр амны хаалтыг солих, гараа бохирдох бүрт халдваргүйжүүлэх, бусадтай биеэр хүрэлцэхгүй байх, ойролцоо суудалд зорчиж буй бусад хүнтэй харьцах үедээ амны хаалт хэрэглэж, хүн хоорондын зай барих/ эрх бүхий ажилтан, албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ.
  • Зорчигч өөрийн бэлтгэсэн хогийн уутанд хог хаягдлаа хийн битүүмжилж хог хаягдлыг цуглуулах цэгт төвлөрүүлнэ.
  • Тээврийн хэрэгсэл дотор болон гадагш нус, цэр, шүлс, хог хаягдлыг ил задгай хаях, утсаар чанга удаан ярихыг хориглоно.
  • Халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж, энэ талаар тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэгч ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.

ХӨДӨӨ, ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

  • Дархлаажуулалтын бүрэн тун /2 тун/ авсны дараа 14 хоног өнгөрсөн нотлох баримт шаардлагатай. Энэ тохиолдолд PCR-ын шинжилгээ шаардахгүй.
  • Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвдөж, эдгэрсэн бол эмчийн магадалгаа шаардлагатай. Эмчийн магадалгааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмнэлгээсээ, гэрээр эмчлүүлсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авна.
  • 0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй боловч шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийнэ.
  • Бусад тохиолдолд буюу вакцины бүрэн тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй иргэдийн хувьд PCR-ын шинжилгээ /72 цаг хүчинтэй/ эсхүл түргэвчилсэн шинжилгээ /48 цаг хүчинтэй/ шаардана. Мөн шинжилгээ өгч явж байгаа иргэд, 0-17 насны хүүхэд очсон газраа гэрийн ажиглалтад долоо хоног байна.
Categories
мэдээ улс-төр

Нягтлан бодох бүртгэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудтай санамж бичиг байгуулав

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нягтлан бодох бүртгэлээр мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх их сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тодруулбал, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь нягтлан бодох бүртгэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг дээшлүүлэх, мэргэжлийн хөгжилд онол практикийг хослуулан ажиллах боломжийг олгох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулах ёслолд ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Түвшин, гүйцэтгэх захирал Д.Нацагдорж, МУИС-ийн БС-ийн захирал Ч.Энхбаяр, НББ-ийн тэнхимийн эрхлэгч Л.Наранчимэг, СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, Платформ түншлэл хариуцсан проректор Д.Анхтуяа, ХААИС-ийн ЭЗБС-ийн захирал Б.Баасансүх, НББ-ийн тэнхимийн эрхлэгч Б.Одончимэг, Мандах их сургуулийн захирал Г.Нанжид, НББ-ийн тэнхимийн эрхлэгч Х.Нямбаяр нар оролцлоо.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт энэ онд мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байна. Энэхүү хөтөлбөрийг Боловсролын олон улсын стандарт, мэргэжлийн хөгжлийн чиг хандлага, оролцогч талуудын судалгаа зэргийг үндэслэн боловсруулаад байна. Мэргэжлийн байгууллага болон их сургуулиуд хамтран ажилласнаар мэргэшсэн нягтлан бодогч болохыг зорьж байгаа нягтлан бодогчид болон ирээдүйн мэргэжилтнүүдэд мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, карьераа өсгөхөд нь илүү боломжийг нээж өгөх юм гэж Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Токиогийн олимпийг зорих чөлөөт бөхийн 9 тамирчинг баталлаа

Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуaулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгожээ.

Хурлаар 2019 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхын саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдлээ.

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно.

Олимпийн наадамд оролцох Монголын тамирчид:

  • Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
  • 65 кг: Төмөр-Очирын Тулга
  • 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
  • Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
  • 53 кг: Бат-Очирын Болортуяа
  • 57 кг: Болдсайханы Хонгорзул
  • 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
  • 68 кг: Соронзонболын Батцэцэг
  • 76 кг: Очирбатын Бурмаа
Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: Аймаг дундын отрын бүс нутгуудад 232 мянган мал зусаж байна

Отрын малыг өвөлжүүлж, хаваржуулах улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 бүс нутаг байна.

Говь-Алтай аймгийн Дэлгэр, Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан сумдын нутагт байрлах “Аргалант”, Завхан аймгийн Завханмандал суманд байрлах “Багахайрхан”, Ховд аймгийн Дарви суманд байрлах “Баяннуруу”, Увс аймгийн Ховд сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумдын нутагт байрлах “Ачитнуур”, Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Төв аймгийн Эрдэнэсант сумдын нутагт байрлах “Чилэн”, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд байрлах “Хөхдэл”, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах “Малах”, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах “Хэрлэнбаян-Улаан”, Дорнод аймгийн Чойбалсан суманд байрлах “Чойбалсан” гэсэн эдгээр бүс нутаг нийт 783,3 мянган га талбайтай.

Аймаг дундын отрын бүс нутгуудад жилдээ 13 аймгийн 83 сумын 400-700 мянган толгой (хонин толгойд шилжүүлснээр) мал өвөлждөг. 2020-2021 онд Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Төв, Баянхонгор, Хэнтий, Завхан, Говь-Алтай, Булган, Хөвсгөл, Архангай, Ховд, Дорнод, Увс аймгийн 83 сумын, Багануур дүүргийн 683 өрхийн нийт 460 гаруй мянган мал өвөлжсөн.

Өнөөдрийн байдлаар аймаг дундын отрын бүс нутгаас 478 өрхийн 431 мянга гаруй толгой мал (хонин толгойд шилжүүлснээр) буюу 65 хувийг чөлөөлүүлсэн байна.

2021 оны 5-р сарын 24-ний өдрийн байдлаар 205 өрхийн 232 мянган толгой мал аймаг дундын отрын бүс нутгуудад байгаа бөгөөд бүх малчин өрхөд аймаг дундын отрын бэлчээрийг ашиглах журмыг танилцуулан албан мэдэгдэл хүргүүлэн сум орон нутагтай хамтран малаас чөлөөлүүлэхээр ажиллаж байна.

Аймаг дундын отрын бүс нутагт нийт 1903 малчин өвөлжсөн бөгөөд эдгээр иргэдийг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан шийдвэрийн дагуу отрын бүс нутаг байрлах сумдын эмнэлэг отор нүүдэл хийж байгаа аймаг, сум харьяалал харгалзахгүй “Ковид-19”-ийн вакцинд хамруулж байна.

Өөр аймагт отроор өвөлжсөн малын 75 хувь нь шилжилт хөдөлгөөн хийгээд байна

Өвөлжилт хүндрэлтэй байсан Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн малчид Төв, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймагт голлон отроор өвөлжсөн. Нийт 5.2 сая гаруй мал өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжсөнөөс 5-р сарын 17-ны өдрийн байдлаар нийт 1.3 сая мал отроор хаваржаад зусаж байна. Өөрөөр хэлбэл, отроор өвөлжсөн малчин өрхийн 75 хувь нь өвөлжсөн нутгаа чөлөөлөн нүүх шилжилт хөдөлгөөн хийгээд байна. Гэхдээ тухайн нутгаасаа нүүсэн ч харьяалах аймаг, сумдаа ихэнх нь хүрч амжаагүй байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говьсүмбэр, Баянхонгор, Дундговь аймагт халдвар бүртгэгдээгүй 16-24 хоножээ

КОВИД-19-ийн халдвар Монгол Улсын 20 аймагт тархаад буй. Тэгвэл дараах гурван аймагт шинээр халдвар нэмэгдээгүй 10-аас дээш хоножээ.

Үүнд:

  1. Говьсүмбэр аймагт 16
  2. Баянхонгор аймагт 24
  3. Дундговь аймагт 21 хоногийн турш шинээр халдвар илрээгүй байна.

Хэнтий аймагт ес, Дорноговь аймагт зургаан хоног халдварын тоо нэмэгдээгүй байгаа бол бусад аймагт халдварын тархалт буурахгүй хэвээр байна.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт эрчимтэй явагдаж байгаа ч халдварын тоо төдийлөн буурахгүй байгаа. Өнгөрсөн 24 цагийн байдлаар л гэхэд 5849 хүнд PCR шинжилгээ хийхэд 630 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд үүнээс 49 нь орон нутагт гарчээ.

Монгол Улсад коронавирусийн халдвар оргил үедээ хүрч, шинэ тохиолдол 1200 давж байсан үед 13000 гаруй PCR шинжилгээ хийж байв. Тиймээс халдварын тархалт буурсан гэж тайвширч болохгүйг ЭМЯ-наас анхааруулсаар байна. Ялангуяа, тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор шинжилгээ өгөх иргэдийн тоо нэмэгдэж, сайн дураар шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсээс халдвар илэрч байгааг ЭМЯ мэдээлсэн.

УОК-оос гурав дахь удаагийн хөл хорионы дэглэмийг бууруулж, гуравдугаар сарын 1-нд нийслэлээс гарах хөдөлгөөнийг нээснээр орон нутагт халдвар тархаж, 20 аймгийг хамарсан гэдгийг мартаж болохгүй.

Тиймээс вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүндэтгэх шалтгааны улмаас вакцин хийлгэж чадахгүй байгаа иргэд болон хүүхдүүдийг коронавирусийн эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас сануулсаар байна. Учир нь халдварын шинэ тохиолдлоос гадна нас баралтын тоо буурахгүй хэвээр байгаа юм. Өнгөрсөн 24 цагт л гэхэд таван хүн нас барж, нийт амиа алдсан хүний тоо 266 болоод байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

​МАН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж, С.Эрдэнийг АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасуулах хүсэлтийг хэлэлцсэнгүй


Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтов.

Ардчилсан намын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг тус тус бүртгүүлэх, С.Эрдэнийг улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасалт хийлгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолд заасан зөрчил арилаагүй, Үндэсний бодлогын хороо хоёр өөр бүрэлдэхүүнээр тус тусдаа асуудлыг шийдвэрлэсэн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад дахин хандсан тул нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Монгол Ардын намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны тавдугаар сарын 2-ны өдрийн Бага хуралдаанаар намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.

Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай С.Аюушжав нарын 12 иргэний хүсэлтийг хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-д заасны дагуу дээрх маргааныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулан ирүүлсэн “Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлт”-ийн талаарх төслийг хэлэлцээд санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсгээс саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.