Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Зургаан жил хэрэм дагаж, түүний зургийг авчээ

Швед-Голландын гэрэл зурагчин Гирт Вегг зэрлэг амьтдын зураг дарах дуртай нэгэн юм. Амьтдын зураг дарах нь зурагчнаас мэргэжлийн ур чадвараар зогсохгүй нөр их тэсвэр тэвчээр шаарддаг.

Гэрэл зурагчин Гирт Вегг зургаан жилийн турш хэрмийг дагаж, түүний амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгажээ.

Хэрэм цэцэг, жимсээр наадан тоглож, нэг модноос нөгөө рүү дүүлж, ойн чөлөөндөө эрх дураараа амьдарч буй ховор агшныг энэхүү зурагчны ачаар та бид харж байна.

Хэрэм нь цэцэгсийн сайхан үнэрт дуртай бөгөөд байгаль түүний “тоглоомын талбай” мэт харагдаж байгаа биз.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг дэмжих сургалт болов

Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газраас Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 19-25-ны өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад 21 аймаг, 9 дүүргийн 152 багш, удирдах ажилтнууд хамрагдаж цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр цэцэрлэг гэр бүлийн хамтын ажиллагааг хөгжүүлж бэхжүүлэх үйл ажиллагааны шинэлэг, оновчтой хувилбаруудыг туршин хэрэгжүүлэх болон цэцэрлэг, гэр бүлд хүүхдэд ээлтэй харилцааны таатай орчныг бүрдүүлж ажиллах онол-арга зүйд суралцаж “үндэсний сургагч багш” боллоо. Түүнчлэн сургагч багш нар цэцэрлэг, орон нутгийн түвшинд бага насны хүүхэд хамгааллын асуудлаар мэргэшсэн багийг байгуулах, тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах талаар баримт нотолгоонд суурилсан мэдлэг, туршлагаас суралцлаа.

Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг дэмжих үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын агуулга, арга зүйг МУБИС-ийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхимийн багш нар Боловсролын Хүрээлэн болон БШУЯ-ны СӨБГ-ын мэргэжилтнүүдийн оролцоотой боловсруулсан нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, салбарын хэтийн болон ойрын зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд үр дүнтэй болохыг сургалтад оролцогчид хэлж байлаа.

Үндэсний сургагч багш нар сурч мэдсэн бүхнээ ажил хэрэг болгохын зэрэгцээ 2021-2022 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг дэмжих сургалтыг аймаг, дүүргийнхээ цэцэрлэгүүдийн нийт багш, ажилтнуудад зохион байгуулна.

Categories
гадаад мэдээ

Мексикийн цагдаагийн дарга отолтод орж, амиа алджээ

Мексикийн баруун хойд хэсгийн Синалоа мужийн цагдаагийн дарга Жоэл Эрнесто Сото нийслэл Кулиакан руу зорчиж байхдаа халдлагад өртөн, амиа алджээ.

Зэвсэгт этгээдүүд түүний автомашин руу 200 орчим удаа буудсан гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ.

Энэ явдлаас гурван долоо хоногийн өмнө Сото Мазатлан хотын ойролцоо мөн халдлагад өртсөн хэдий ч амьд гараад байжээ. Синалоа мужийн Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристобал Кастанедагийн мэдээлснээр Сото чөлөө аваад байсан бөгөөд гэр бүлтэйгээ уулзахаар аялж явахдаа отолтод орсон аж.

Тэрээр хамгаалагч нартайгаа хамт явж байсан хэдий ч илүү анхаарал татахааргүй тээврийн хэрэгслээр явахыг хүсэн, автомашинаа солиод байжээ. Сото руу довтолсон этгээдүүд хэн байсан нь хараахан тодорхой болоогүй байна.

Синалоа мужид гэмт хэргийн бүлэглэлүүдийн хүчирхийлэл ихээр гардаг бөгөөд тус мужийн орон нутгийн картел нь хамгийн харгис хэрцгий хэмээх нэрийг зүүдэг юм. Өнгөрсөн жилд Мексикийн 500 гаруй цагдаагийн алба хаагч тус улсын хүчирхэг гэмт бүлэг, хар тамхины наймааны бүлэглэлүүдийн гарт алагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт иргэдийн 89.1 хувь нь вакцины I тунг тариулжээ

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар, “КОВИД-19”-ийн эсрэг вакцины I тунд 1 841 111 хүн буюу 89.1 хувь нь, II тунд 888 872 хүн буюу 423 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99 хувь буюу 943 4921 хүн I тунд, 66.9 хувь буюу 637 788 хүн II тунд хамрагджээ. Орон нутагт I тунг 897 619 хүн, II тунг 251 084 хүн тариулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Үр тарианы тариалалт 50.8 хувьтай байна

Улсын хэмжээнд 197 мянган га-д үр тариа, үүнээс 191 мянган га-д улаанбуудай, 7.2 мянган га талбайд төмс, 1.8 мянган га талбайд хүнсний ногоо, 2.2 мянган га талбайд малын тэжээл, 5.7 мянган га талбайд тосны ургамал, нийтдээ 216 мянган га талбайд тариалалт хийснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 50.8 хувьтай байна.

Үүнээс улаанбуудайн тариалалт 52 хувь, төмс 40 хувь, хүнсний ногоо 23 хувь, малын тэжээл 2.3 хувь, тосны ургамал 14 хувьтай байна.

Хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан 469 иргэн, аж ахуйн нэгжид 11.3 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 246 тонн шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай, 20.5 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосон.

БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ СЭРҮҮСЭХИЙГ АНХААРУУЛСААР БАЙНА

Энэ жилийн 4, 5-р сард бороо, нойтон цас орж хүйтэн сэрүүн байгаагаас хаврын тариалалтын ажил 4-5 хоногоор оройтож эхэлсэн. Хаврын тариалалт 5-р сарын 5-наас эхэлж таримлын төрлөөсөө хамаарч 6-р сарын 10 хүртэл үргэлжилдэг. Өнөөдрийн байдлаар тариалангийн ихэнх бүс нутагт үр тарианы таримлын соёололт жигдэрч -3-4 хэмийн хүйтнийг даах хэмжээнд хүрсэн.

Энэ 7 хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орж сэрүүсэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тиймээс хүнсний ногоо тариаланчид та бүхэн цаг агаарын төлөв байдал, орж буй хур тунадасны хэмжээ, өдөр шөнийн температурын хэлбэлзлийг сайтар тооцож үрслэгийг ил талбайд шилжүүлэн суулгах ажлыг эхлүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг 3933 иргэнд олгожээ

Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай нийт 55806 хүсэлт хүлээн авснаас 55728 хүсэлтийг шийдвэрлэж, эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулжээ.

Эргэн төлөлт хойшлуулсан зээлийн үлдэгдэл 2.9 их наяд төгрөг буюу нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 80 хувийг бүрдүүлж буй аж.

Энэ оны эхнээс тавдугаар сарын 24-ний өдрийн хооронд 290.7 тэрбум төгрөгийн зургаан хувийн хөнгөлөлттэй, хүүтэй ипотекийн зээлийг 3933 иргэнд олгожээ. Түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл төлбөрийн хугацааг хойшлуулсан байна.

Мөн ажлын байрыг дэмжих 3 хувийн зээлд тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар банкуудад нийт 5.9 их наяд төгрөгийн 54 мянган зээлийн хүсэлт ирснээс 14 мянган зээлд 1 их наяд төгрөг олгосон байна.

Ингэснээр нийт 47.885 ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлжээ. Үүний 60 хувь буюу 2529 аж ахуйн нэгжид 604.7 тэрбум төгрөгийн зээл, 40 хувь буюу 11.5 мянган иргэнд 404 тэрбум төгрөгийн зээл тус тус олгожээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах тусгай хороо байгуулжээ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах тусгай хорооны тэргүүн, хатагтай Лолита Чигане болон бусад төлөөлөгчидтэй цахим уулзалт зохион байгуулав.

Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Монгол Улсын Засгийн газрын урилгаар ЕАБХАБ-ын АИХЭГ-наас ажиглагчид илгээн ажиллуулж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаа болон Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, үйл явцын тухай товч мэдээлэл өгч, шинжээчдийн сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Ардчилсан институт, хүний эрхийн газраас Сонгууль ажиглах тусгай хороог 5-р сарын 25-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотноо байгуулан ажиллуулж эхэлсэн бөгөөд Сонгууль ажиглах тусгай хороог хатагтай Лолита Чигане удирдаж байна.

Тусгай хороо нь Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа ЕАБХАБ-ын гишүүн орнуудын хүлээсэн үүрэг амлалт, ардчилсан сонгуультай холбоотой олон улсын хэм хэмжээ, үндэсний хууль тогтоомжтой хэрхэн нийцэж буй эсэхийг ажиглан үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гарган, ажиглалтын тайлангаа олон улсад нээлттэй танилцуулна хэмээн уулзалтын үеэр онцлов.

Тусгай хорооны бүрэлдэхүүнд Сонгууль ажиглах хорооны дэд тэргүүн Жилл Сафи, сонгуулийн шинжээч Марцела Маскова, хуулийн шинжээч Рената Тардиоли, улс төрийн шинжээч Мауро Калво, хэвлэл мэдээллийн шинжээч Пьетро Тесфамариам, сонгуулийн зөвлөх Кеара Касталдо нарын олон улсын шинжээч мэргэжилтнүүд багтаж байна. Эдгээр шинжээчид нь Латви, Франц, Итали, Чех, Испани, АНУ-аас ирж ажиллаж байгаа юм.

Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон цагаас хойш тус байгууллагын бүх үүрэг амлалт, үүний дотор ардчилсан сонгуультай холбоотой амлалтуудыг биелүүлэх үүрэг хүлээх болсон билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны сонгууль, Улсын Их Хурлын 2016, 2020 оны сонгуулийг ЕАБХАБ-ын гишүүн орнууд, Европын Парламент болон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн төлөөллөөс бүрдсэн 300-400 гаруй ажиглагчтай багийг тогтмол илгээн ажиглаж, хамтран ажилласан уламжлалтай.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзаж, Хүүхдийн элч нар үнэмлэхээ гардлаа

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгохоор шийдвэрлэсэн.

Тэгвэл энэхүү өдөр өнөөдөр тохиож байна. Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх, ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд тус өдрийг санаачилжээ. Энэ ч хүрээнд хүүхдийн тоглоомын талбайн стандартыг бий болгосон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн есөн дүүргийн хүүхдүүдийн төлөөлөл болон Хүүхдийн элч нартай уулзлаа. Энэ үеэр Хотын дарга “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот болгохын төлөө хичээнгүйлэн ажиллана. Хүүхдийн ирээдүй сүүдэргүй, аюулгүй байх ёстой. Энэ хүрээнд НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдэд ээлтэй хот, орон нутаг” хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлэхээр болж, хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавиад байна. Цаашид хүүхдэд ээлтэй хот байхад анхаарсан олон ажлыг зохион байгуулах болно” хэмээн хэлж, хүүхэд насныхаа мөрөөдлийг хүүхдүүдтэй хуваалцсан юм. Мөн тэрбээр хүүхдүүдэд “Зорилгоо зөв тодорхойлж, өөртөө итгэлтэй байж, бусдад тусалж, эх орондоо ихийг хийж бүтээгээрэй” гэж захилаа.

Дүүргийн хүүхдүүдийн төлөөлөл охидын үзлэг хүүхдийн эрхийг зөрчиж байгаа талаар хэлж, номын санд сурах бичгээс өөр төрлийн, танин мэдэхүйн ном ховор байдаг. Мөн дүүргүүдэд байдаг Усан спорт, сургалтын төвийг хүүхдэд хөнгөлөлттэй байхад анхаарахыг Хотын даргаас хүссэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүүхдүүдийн санал, санаачилгыг цаашдын ажилдаа тусгаж ажиллахаа илэрхийлж, хүүхдүүдэд сурлагын амжилт хүслээ.

“Хүүхдээ сонсох өдөр”-ийг угтан дүүрэг бүр хүүхдийн чуулганаа цахимаар зохион байгуулжээ. Улмаар хүүхдүүдийг төлөөлж, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх Хүүхдийн элч нараа дүүрэг бүр хүүхдийн чуулганаараа хэлэлцүүлж, сонгосон байна. Ийн өнөөдөр Хүүхдийн элч нар андгай өргөн, Нийслэлийн Засаг даргаас үнэмлэх, тэмдэг, батламжаа гардан авлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Хүүхдийн элчээр реппер Н.Цэцэнбилэг, Хан-Уул дүүргийн Хүүхдийн элчээр дуучин С.Гантогоо, Баянзүрх дүүргийн хүүхдийн элчээр “Positive Mongolians” төслийг санаачлагч Э.Дөлгөөн нар сонгогджээ. Хүүхдийн элч нар нь хүүхдийн сайн сайхны төлөө сайн дураар ажиллахаа илэрхийлсэн бөгөөд гурван жилийн хугацаатай ажиллах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам: Хүн төрөлхтөн аз жаргалтай амьдрахын тулд дотоод сэтгэлээ тольдох хэрэгтэй

Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан XIV Далай лам Монголчуудад зориулан сургаал айлдлаа. Түүний хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц: Төвд, Монголчууд маш онцгой барилдлагатай ард түмэн. Монголын номын нөхөд ихэнх нь Богд Зонховын шашныг шүтдэг хүмүүс юм. Тиймээс та бүхэн бурхан багшийн айлдварыг сайн санах хэрэгтэй. Бурхан багш айлдахдаа бид бүхэн өөрөө өөрийнхөө аврагч юм гэсэн байдаг. Сайн үйлийн дүнд амар амгаланг амсдаг. Муу үйл хийвэл зовлон ирнэ. Тэр зовлонгоос бурхан аврах боломжгүй. Тиймээс хүн өөрөө өөрийнхөө аврагч, өөрөө өөрийнхөө итгэл юм. Хэрвээ дотоод сэтгэлээ номхруулж чадвал бусдад муу үйл хийхээ болино.

Тиймээс сэтгэлээ засаж, номхруулахад олон шашин номлолоо айлдсан. Харин бурхны шашны хувьд сэтгэлийг засахад зөвхөн ерөөл айлдах нь нөлөө үзүүлдэггүй. Сэтгэлийг хямрааж, зовоодог зүйлийг таньж мэдэж уг үндсээр нь алга болгох хэрэгтэй. Зовлонгийн уг үндэс нь бидний сэтгэлийн уур хилэн, хүсэл шуналаас үүдэлтэй. Эдгээр нь би гэсэн хүчтэй бодлоос үүдэлтэй.

Хүн нийгмийн амьтан учраас миний амьдрал бусад нийгмээс хамааралтай юм. Нэгэнт хамааралтай учраас бусдыг хайрлах сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Бүхий л шашин энэрэл хайрыг номлодог. Хүүхдэд багаас нь Чойрын ном сургавал хурц ухаантай болдог. Монголчуудын хувьд их данхар толгойтой байдаг. Тиймээс та бүхэн энэ том толгойгоо ашиглах хэрэгтэй. Бурхны номыг шууд хүлээж авах уу эсвэл тайлбартай хүлээж авах уу гэдэг нь суралцагчдын сонголт байдаг. Монголын номын нөхөд ном үзэх тал дээр маш их анхаарал хандуулах хэрэгтэй байна. Суралцахгүйгээр дан ганц сүсэг бишрэлээр явдал үр дүнд хүрэхгүй. Мөн зарим тохиолдол багшийн айлдварыг шууд хүлээж авах нь учир дутагдалтай юм. Учир нь багшийн айлдсан сургааль номлолыг сайн судалж нягтлах ёстой. Үүнийг судлах боломж бий. Тиймээс Монголын номын нөхөд та бүхэн ном үзэх тал дээр анхаараарай.

Монголын сүсэгтнүүдийн хувьд ч гэсэн буддын гүн ухааны ном сурахыг дан ганц лам, хуврагын ажил гэж ойлгож болохгүй.

Хүн төрөлхтөн аз жаргалтай амьдрахын тулд өөрсдийн дотоод сэтгэлээ тольдох хэрэгтэй. Аливаа зүйлийг хоёр талаас нь сайтар судлах нь зүйтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Ажилтантайгаа зүй бус харьцсан МИАТ-ийн хэлтсийн дарга Б.Батсүхийг ажлаас нь чөлөөлжээ

МИАТ-ийн хэлтсийн дарга ажилтнаа бейсболын төмөр цохиураар зодсон гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Уг бичлэгтэй холбоотойгоор МИАТ ТӨХК-аас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна” гэсэн байна.