УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Замын цагдаагийн хажууд 47 сая ам.долдарын гүүр босгож байгаа. Гэтэл үүнийг хямд хийнэ гэсэн тооцооллыг гаргасан байхад тоогоогүй. Мэдлэг боловсролтой хүмүүсийг авч ажиллуулах тухай мэддэгүй. Улаанбаатар зовлонгийн далай болсон. Нийслэлд явган хүн явах арга алга. Орчин үеийн хот гэдэг нь машин явдаг биш явган хүн явдаг замын тухай яригдаж байна” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн албаны сонгон шалгаруулалтын тухай хууль хийж байгаа. Сонгон шалгаруулалт хийж чаддаг хүмүүсээр ажил хийлгэнэ” гэв.
Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий иргэд үзэж байгаа юм.
Тус хуульд “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална” гэж хуульчилсан.
Гэвч Үндсэн хуульд “Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох байгууллага хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална. Нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заажээ.
Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хууль зөрчиж байна гэж тэд үзсэн байна. Цэц энэхүү гомдлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ.
УИХ Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлттэй танилцсанаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.