Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

СХД-ийн 16 дугаар хорооны иргэд: 4.5 саяас эхлээд 40-50 сая төгрөгийн хөрөнгөөрөө 500 гаруй гаражийн эзэд хохирох болоод байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөх ажил хийгдэж байгаа юм. Тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гаражуудыг буулгахаар болсон талаар шаардах хуудас хүргүүлсэн байна. Гаражаа буулгуулах талаар сонссон иргэд гомдолтой байгаагаа хэлж байна. Ингээд тус хорооны иргэдтэй ярилцсанаа хүргэе.


Д.Хөгжилмаа: Төр газраа авна гэж байгаа бол бидэнд тодорхой хэмжээнд нөхөн олговор олгох ёстой

Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ц.Хөгжилмаа гэдэг. СХД-ийн 16 дугаар хороонд амьдардаг. Би аав ээжээсээ тус хорооны 34 дүгээр байранд хоёр өрөө байр өвлөж авсан юм. Манайх 2000 оны үед л хөдөөнөөс орж ирээд энд амьдарсан. Бид эцэг эхээс есүүлээ. Манайх байрныхаа урд, замын эсрэг талд хоёр хаалгатай дөрвөн машин багтах гараж эзэмшдэг юм. Миний нэр дээр байдаг болохоос биш миний ах дүүгийн л өмч байгаа юм. Гэтэл одоо үүнийг төр засгийн шийдвэрээр буулгахаар болсныг сонсоод яахаа мэдэхгүй л байна.

Танайх гаражаа хэзээ барьсан бэ?

-Манайх хотод ирээд удаагүй байхад л аав, ээж минь барьсан юм. Аав, ээжээс минь үлдсэн ганц өв хөрөнгө юм. Уг нь энэ гаражийн төлбөр гээд тодорхой хэмжээний мөнгө байрны мөнгөн дээр нэмээд авдаг байсан. Бид төлөх ёстой татвар хураамжаа төлөөд л явдаг байсан. Яг үнэндээ тухайн үед аав ээж минь тодорхой хэмжээнд хөрөнгө, хүч зарцуулаад л энэ хэдэн гаражийг барьсан. Гэтэл нэг л өглөө босоход төр төмөр нүүрээ харуулаад хүний хувийн өмчийг буулгана гэж болохгүй.

Та бүхэнд ямар нэгэн байдлаар нөхөн олговор олгох болов уу?

-Тийм юм ерөөсөө хэлээгүй. Та нар шаардах бичгийн хугацаанд өөрсдөдөө хэрэгтэй дээвэр, хаалга юу байна аваарай гэж байна лээ. Энэ шийдвэрийг бүгд эсэргүүцэж байна. Үнэндээ ширхэг тоосго байсан ч бидний өмч шүү дээ. Ардчилсан нийгэмд төр нь иргэдийнхээ өмч рүү хүч түрэн дайрдаг байж болохгүй.

Та нарын гараж байгаа газар зөвшөөрөлгүй юм биш үү?

-Албан ёсны зөвшөөрөл гээд байх бичиг баримт байхгүй л дээ. Гэхдээ анхнаасаа наад газар чинь гараж барьж болохгүй шүү гээд хэлчихсэн бол бид эд хөрөнгө, мөнгө санхүүгээ зарлагадан байж барихгүй л байсан шүү дээ. Олон жилийн өмнө барьсан бид нар байтугай хэдхэн хоногийн өмнө нэг айл шинэ гараж барьсан. Одоо ингээд буулгуулахаар болчихоор тэр хүмүүст ямар байх вэ. Эдийн засаг, иргэдийн амьдрал ямар байгаа билээ дээ. Үнэхээр зөвшөөрөл олгохгүй хөөж, туух байсан бол анхнаасаа бариулахгүй байх хэрэгтэй шүү дээ.

Энэ чинь олон жил болчихсон газар шүү дээ. Тэр ч бүү хэл цаашлаад газрын зөвшөөрөл олгоно гэж ярьж л байсан. Би өөрөө хоёр хүүтэй. Хүүхдүүд минь нас биед хүрч байгаа болохоор эцэг эхээс өвлүүлж үлдээсэн ганц хөрөнгийг хүүхдүүддээ өгчихмөөр л байна шүү дээ.

Газрыг нь чөлөөлөөд оронд нь ямар бүтээн байгуулалт хийх юм бол?

-Цэцэрлэгт хүрээлэн барина л гэсэн мэдээлэл байна лээ. Үнэхээр төр газраа авна гэж байгаа бол бидэнд тодорхой хэмжээнд нөхөн олговор олгох ёстой гэж бодож байна.

Г.Эрдэнэбат: Д.Сумъяабазар дүүргийн иргэдийнхээ эрх ашгийг албан тушаалаар сольчихоод одоо иргэдийнхээ хувийн өмчийг дээрэмдэж байгаад гомдолтой байна

Та өөрийгөө танилцуулахгүй юу. Танайх хэдэн гараж эзэмшдэг вэ?

-СХД-ийн 16 дугаар хорооны иргэн Г.Эрдэнэбат гэдэг. Манайх хоёр машины нэг гараж эзэмшдэг. Манайх 2013 онд тус гаражийг 10 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан. Үнэндээ барьсан материал нь сайн, дээвэр нь бат бөх, зай талбай ч томтой. Гэнэт яагаад ийм шийдвэр гаргасныг үнэхээр их гайхаж байна. Хүн бүр өнөөдөр амьдарлынхаа төлөө эрвийх дэрвийхээрээ л зүтгэж байна. Бид төр засгаас хоногийн хоол гуйгаагүй. Өөрсдийн амьдралаа аваад явахыг л бодож, хичээж ирсэн. Гэтэл амьдрал ахуй хүнд, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа энэ үед бидний хөрөнгөд халдаж байгаад гомдолтой байна.

Танайх гараждаа машинаа байрлуулдаг байсан уу. байрных нь гадаа зогсоолын зай талбайны хүрэлцээ хэр вэ?

– Манай хүүхдүүд машинаа байрлуулахаас гадна айл л юм чинь илүү дутуу новшоо хүртэл гаргаад хийчихдэг байсан. Одоо ингээд буулгаад хаячихаар тэднийгээ хаана байрлуулахаа мэдэхгүй байна. Хоёрдугаарт, манай байрны гадаа автомашины зогсоолын хүрэлцээ тун тааруу. Өдрийн цагаар хүртэл машины цонх, дугуйг хулгайчид авч явчих гээд хэцүү байдаг. Тиймээс бид эд хөрөнгөө хаана тавихаа мэдэхгүй байна.

Шаардах хуудас хэзээ хүргүүлсэн бэ?

-Тавдугаар сарын 21-нд бүх гараж дээр долоо хоногийн дотор суллаж өг гэсэн шаардах хуудас наачихсан байна лээ. Үнэндээ улсаас өмчлүүлсэн зүйл байхгүй л юм билээ. Гэхдээ л хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шиг олон жил ашиглачихсан энэ гаражуудыг яаж зохицуулж болох талаар төр иргэдийн хамтын уулзалт хийж, уян хатан байдлаар санаа бодлоо солилцох хэрэгтэй болов уу. Тэгж байж зөв шийдэл гарах байх.

Та бүхэн эрх ашгаа хамгаалахаар хэн нэгэнд хандсан уу?

-Яг одоогоор хандсан зүйл байхгүй. Гэхдээ бид цаашид эрх ашгаа хамгаалахын төлөө явах газраар нь явна. Үнэндээ хотын дарга Д.Сумъяабазар манай СХД-ээс УИХ-д сонгогдсон. Гэтэл СХД-ийн сонгогчдоо орхиод хотын дарга болох албан тушаалыг сонгоод явсан. Түүнчлэн эргээд дүүргийнхээ иргэдийн өмч хөрөнгийг дээрэмдэх ажил эхлүүлсэнд гомдолтой байна.

Б.Отгонцэцэг: Хот төлөвлөлт нэрээр гаражуудыг буулгаж байгаа гэсэн

Та хэзээнээс тус хороонд гараж эзэмшсэн бэ?

-Өнгөрсөн жилийн хавар гараж авсан. Манай хороонд зөвшөөрөлгүй газар барьсан гэх 500 гаруй гараж бий. Эдгээр гаражуудыг эзэмшдэг иргэдийн дунд дугуй засвар, худалдаа эрхэлдэг, жижиг дунд бизнес эрхэлдэг иргэд ч бий, жирийн иргэд ч бий. Энэ гаражуудыг 1986 оноос хойш барьж эхэлсэн байдаг. Анх улс гэрээ байгуулж жил бүр эдгээр иргэдээс татвар авч ашиглуулахаар болсон юм билээ. Ингээд иргэд өөрсдийн хөрөнгө санхүүгээ гаргаад гараж барьж эхэлсэн. Эдгээр иргэдийн дотор хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн өөрөө өөртөө ажлын байр бий болгоод жилийн өмнө таван сая төгрөгөөр аваад засч, янзалсан хүн ч бий. Гэтэл хэдхэн сарын өмнө, 1-2 жилийн өмнө 4.5-6 сая төгрөгөөр худалдаж авсан хүмүүс ч бий.

Таны хувьд хэдэн гараж эзэмшдэг вэ?

-Манайх нэг л гараж эзэмшдэг. Өнгөрсөн жил энэ байрыг худалдаж аваад хөдөөнөөс орж ирсэн. Энэ хавьд зогсоол шийдсэн зүйл байхгүй учраас замынхаа ард байрлах гаражнаас худалдан авч автомашинаа байршуулдаг байсан.

Гражж эзэмшдэг иргэд ямар санал хүсэлттэй байна вэ?

-Энэ олон машиныг гаргачихаар ямар ч зогсоолгүй газар яах вэ. Улс газраа авч болно оо. Гэхдээ бидэнд автомашинаа байршуулах зогсоолын газрыг хаана шийдэх боломж байна тэр газар нь шийдэж өгөөч ээ. Эндээс өдрийн орлогоо олж амьжиргаагаа залгуулдаг иргэдийн эд хөрөнгийг яах вэ гээд дүүргийн газрын албатай очиж уулзсан.

Төр газраа чөлөөлж авах тухай хэдэн оны хэдэн сар төлөвлөснөө иргэддээ нээлттэй хэлэх ёстой. Энэ ажлын төлөвлөгөө, төсөв хөрөнгийн талаар олон нийтэд мэдэгдсэн бол жилийн өмнө гараж бэлэн мөнгөөр худалдаж авсан иргэд өнөөдөр хохирох эрсдэлд орохгүй байсан. Тэгэхээр хамгийн багадаа нэг гараж эзэмшдэг айлын хохирол нь 4.5 саяас эхлээд 40-50 сая төгрөгийн хөрөнгөөрөө 500 гаруй гаражийн эзэд хохирох болоод байна.

Шаардах хуудас хүргүүлснээс хэд хоногийн дараа гаражуудыг буулгана гэсэн бэ?

-Шаардах хуудсыг гурван удаа наана гэсэн. Одоогийн байдлаар эхний удаа наачихаад байна. Гурван удаа наагаад газраа чөлөөлөөгүй бол шууд нураана гэсэн. Бид энэ шийдвэрийг эсэргүүцэж гарын үсгээ цуглуулж байна.

схдийн 17 дугаар хороонд хэд хоногийн өмнө бас зөвшөөрөлгүй гаражуудыг буулгасан шүү дээ?

-Яг тийм. Москва хорооллын ойролцоо байрлах гаражуудыг буулгахад иргэд нь өөрсдийнхөө эд хөрөнгийн төлөө тэмцээгүй юм билээ. Гэхдээ манай энэ хороонд байрлаж байгаа гаражуудаас хоногийн хоолоо залгуулдаг өрх айл олон. Хэрэв энэ хавийнхаа өнгө үзэмжийг сайжруулах шаардлагатай гэвэл бид стандартад нийцүүлж цэгцлэхэд бэлэн байна. Бид цаашлаад шат дараатайгаар хотын дарга, УИХ-д хандах талаар ярилцаж байна. Хот төлөвлөлт нэрээр гаражуудыг нураах гэж байгаа гэсэн.

П.БАТЗАЯА

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Увс аймаг руу зорчих хөдөлгөөнийг гурав хоног хязгаарлалаа

Тавдугаар сарын 28-ны 08:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд орох, гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласныг Увс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Мөн хугацаанд

  • барааны зах, дэлгүүр
  • ресторан
  • цайны газар
  • кофе шоп
  • үсчин гоо сайхан
  • авто угаалга болон засварын төв
  • түүхийн эдийн цэг
  • банкны үйл ажиллагааг хоригложээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Түгжрэлийг цогцоор нь шийдэж чадвал хотын төвөөр 20 км/цагийн хурдтай явдаг болно

УИХын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


Нийслэлээс сонгогдсон УИХын гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилснаа УИХын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Түр хорооны хийх ажлын талаар танилцуулахгүй юу. Яаж ажиллах вэ?

-Улаанбаатар хотоос сонгогдсон 21 гишүүн Хотын тулгамдсан асуудлыг шийдэж хөгжүүлэх Түр хороо байгуулан ажиллаж байна. Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар хот метрополис хотын ангилалд дүйцэхүйц том хот болчихлоо. Энэ хотынхоо эдийн засаг, нийгмийн олон талын тулгамдсан асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, холбогдох хууль тогтоомжийн уялдааг хангах, боловсронгуй болгох нь Түр хорооны үйл ажиллагааны үндсэн зорилго байна. УИХ-аар хэлэлцэх аливаа хууль тогтоомжийн төсөлд Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудлаар нэгдсэн санал гаргах, эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин бүрдүүлсэн, олон улсад өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах юм.

Түр хорооны хийх ажил бодит үр дүнгээ өгч чадах эсэхэд юу хэлэх вэ. Эхний ээлжинд ямар ажлуудыг хийх вэ?

-Хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд ганцхан улс, нийслэлийн төсвийг хараад бүтэхгүй. Жил болгон улсын төсөв рүү байгаа бүхнээ татчихдаг асуудал Засгийн газар, Сангийн яам, Улаанбаатар хотын хооронд яригддаг. Нэг жишээ хэлэхэд, Улаанбаатар хотын 67 хороонд сургууль, цэцэрлэг байдаггүй. Гэтэл орон нутгийн мянга хүрэхгүй хүн амтай суманд 600 хүүхдийн сургууль шинээр барьчихдаг. Энэ мэтээр үр ашиг нь хэзээ өгөх нь мэдэгдэхгүй олон зуун тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийдэг асуудал байсаар ирсэн. өөрөөр хэлбэл, хотын төсвийг улсын төвлөрсөн төсөв рүү бүгдийг татаж байгаад орон нутаг руу талыг нь тараачихдаг. Эргээд хүн амын зонхилох цөм болсон Улаанбаатар хотдоо хөрөнгө оруулалт хийе гэхээр байдаггүй. Энэ бодлого дээр Улаанбаатар хотын гишүүд цул болж бодлогын дэмжлэг үзүүлж, хяналтаа тавьж ажиллах юм. Нийслэлийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, Улсын төсвөөс татдаг байсан татаасыг багасгах тал руу ажиллана гэсэн үг. Мөн бонд босгох, концессын эрхийг нийслэлд өгнө.

Ингэснээр Улаанбаатарт, 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой болж байгаа.

Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлыг хийх вэ. Улаанбаатар хотод метро барих асуудал олон жил яригдаж байна. Энэ ажил хийгдэх боломжийг хэрхэн харж байна вэ?

– Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол гэх зэрэг нэн тулгамдсан олон асуудлууд байгаа. Түгжрэлийг богино хугацаанд хэрхэн яаж шийдвэрлэх боломжтой байна, үүнийг дагаад төвлөрлийг яаж сааруулах вэ гэдэг бодлого дээр ач холбогдол өгч ажиллана.

Метро барих гэхээр төсөв, хөрөнгө нь байхгүй гацчихдаг байсан. Одоо бол хөрөнгө мөнгийг нь шийдээд өгөхөөр метро барих, хөнгөн галт тэрэг тавих, автозамуудаа өргөтгөж барих, нийтийн тээврийн хүртээмж, чанарыг нь сайжруулаад явна. Тухайлбал, Таван шараас, Амгалан хүртэл уртааш нь метро тавих, хотын төв рүү орохгүйгээр тойроод очих боломжтой гольцоо хэлбэрийн хотыг тойрсон зам барих тухай яригдаж байна. Мөн хөндлөн замуудын тоог нэмэгдүүлэх, баруун тийшээ Яармагийн замаас хойшоо нэвт гарсан шинэ гүүрэн зам барих ажлууд төлөвлөгдөж байна.

Нөгөө талаас түгжрэлд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь, оршин суугаа газар нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ байхгүйгээс хүүхдээ нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү зөөдөг асуудал юм. Хот төлөвлөлтийн стандарт гэж байх ёстой. Улаанбаатар хотын аль x дүүрэгт амьдарч байгаагаас үл хамаарч Зайсангийн үйлчилгээг авч чаддаг байх нь чухал. Жишээ нь, кино театр орохын тулд нийслэлчүүд бүгдээрээ л хотын төв рүүгээ явдаг шүү дээ. Ямар ч байсан ирэх дөрөв, таван жилийн дотор эхний ээлжинд Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороод сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй болгож, бусад үйлчилгээг авч чаддаг байхад анхаарна. Гэх мэтээр түгжрэлийг бууруулахын тулд тал талаас нь цогцоор нь асуудлыг бодолцож, хотоо хөгжүүлэхэд анхаарч ажиллах юм.

Одоо Улаанбаатар хотын төвөөр явж байгаа автомашинууд 8 км цагийн дундаж хурдтайгаар хөдөлгөөнд оролцож байна. Гэвч түгжрэлийг бууруулах асуудлыг цогцоор нь шийдэж чадвал 20 км цагийн хурдтай явдаг болох боломжтой гэж тооцоолж байна. Дээр нь хороо болгонд нийгмийн шаардлагатай үйлчилгээнүүдийг байгуулбал үүнээс ч илүү түжгрэлийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа.

Гэр хорооллыг барилгажуулах ажил дээр ямар бодлого хэрэгжих вэ. Удаашралтай байна гэх шүүмжлэл гарч байгаа?

-Нийтдээ 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Бодит байдал дээр Улаанбаатар хот эрчим хүчний бүх нөөцөө шавхаад нэмж 50 мянган айлыг дэд бүтцэд холбох боломжтой. Үлдсэн 150 мянган өрхийг яаж дэд бүтцэд холбох вэ гэдэг асуудал тулгарч байна. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг барилгажуулна гээд тийшээ нэлээд эрчим хүчний шугам сүлжээ татсан ч өөрчлөлт гараагүй. Сонгогдсон компаниуд өөрсдөө газраа чөлөөлж, барилга бариад явахаар удаашралтай байна. Дээр нь байршлаас хамаарч, хямд үнэтэй, чанаргүй орон сууц барьж, борлуулах асуудал үүсч байна. Гэр хорооллын бүсийг цаашид яах вэ гэдгийг эргэж харж, бодлогын түвшинд авч үзэх, дахин тооцоо судалгааг хийж, үүн дээрээ үндэслэсэн шийдвэрүүд гаргаад явна. Одоо Засгийн газрын түвшинд иргэдээ орон сууцжуулах хэд хэдэн төслүүд хэрэгжээд явж байна.

“Залуус” хороолол, Шинэ Нисэхийн хажууд шинэ хотхон барих ажил талаар Барилга, хот байгуулалтын яамнаас төлөвлөлт хийгээд явж байгаа юм билээ. Эрчим хүчний эх үүсвэрийн тухайд, V цахилгаан станцыг барья гэдэг шийдвэр гарсан. Концессоор барина.

Энэ ажлууд хэзээнээс хийгдэх вэ. Цаг хугацааны хувьд ямар төлөвлөлтүүд гарсан бэ?

-Түр хорооны эхний хурал дээр ярилцана. Ирэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар орно. Хотын удирдлагатайгаа ярилцаад төлөвлөгөө, цаг хугацааны асуудал илүү тодорхой болно.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барина гэсэн. Үүгээр хотын ямар эрхзүйн асуудлыг шийдвэрлэх вэ?

– Түр хорооны ажлын эхний үр дүн бол удахгүй өргөн баригдах Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас харагдана. Тухайлбал, Газрын тухай хуулийг эргэж харах ёстой. Жишээ нь, замаа өргөтгөж шинэчлэх гэхээр газар чөлөөлөх асуудал үүсдэг. Газар чөлөөлөхгүйгээр зам барихаар нөгөө үндсэн том магистрал замаа барьж чадахгүй, туслах зам л барьдаг. Манай хотод хөндлөн явсан зам цөөхөн байдаг нь ийм учиртай.

Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, “Майдар”, “Зуунмодхотыг шинээр байгуулах шийдвэр гарсан. Зарим гишүүд тэнд дэд бүтэц байхгүй учраас хот байгуулах асуудлыг дэмжихгүй байх шиг байсан?

-Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглээд “Майдар”, “Зуунмод” хот байгуулахаар зураг төсөл нь хийгдэж байна. Тэнд дэд бүтэц байхгүй нь үнэн. Олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор эхний ээлжинд тэнд ажиллах хүмүүст зориулсан хотхон барих, ажилчдын гэр бүлд зориулсан сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа юм билээ. Ажлын байр, сургууль, цэцэрлэгийн байршлаас хамаарч иргэд орон сууцаа сонгон худалдан авч, төвлөрөл үүсдэг. Майдар хотод одоо усны судалгаа хийгдэж байна. Түүний дараа дэд бүтцийн судалгаанууд хийгдэнэ. Нисэхийн бас нэг давуу тал нь тэнд Богдхаант төмөр зам баригдаж байна. Тэгэхээр, ачаа, тээвэр ложистик, агаарын тээврийн том төв болох боломжтой бүс нутаг юм. Тиймээс оршин суугчдын орон сууц, сургууль, цэцэрлэгийн асуудлыг эхний ээлжинд шийдчих юм бол өөрөө цаашаа хөгжөөд явчих боломжтой гэж харж байгаа.

Та одоо ямар хууль дээр ажиллаж байна вэ?

-Энэ долоо хоногт, хэд хэдэн хуулийн төсөл өргөн барих гээд бэлдэж байна. Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барих гээд бэлдэж байна. Өнөөдөр Засгаас санал аваад энэ долоо хоногт УИХ-д өргөн барина. Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх, худалдаа аж үйлдвэрийн тэнхим нь дотроо салбар хариуцсан олон тэнхимтэй болох ажлуудыг энэ шинэ хуулиар оруулна. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн найруулах гээд иргэдээс санал аваад эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт, Худалдаа аж үйлдвэрлэлийн тэнхим бусад тэнхимийнхэнтэй уулзалт хийж, бизнесийн эрх зүйн орчныг шинэчлэх хуулиуд дээр санал солилцлоо. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг яагаад ярьж байна гэхээр, өнөө маргаашгүй ковид дуусахаар яах вэ гэдэг асуудал үүснэ, эсвэл ковидын үед хэрхэн яаж гадаад хөрөнгө оруулалтыг татах вэ гэдэг асуудал чухал байна. Одоо байгаа эрх зүйгээр гадаадын иргэд Монголд зорчин ирэх асуудал зөрчигдөж байгаа учраас энэ нөхцөлд бүртгэлийн асуудлыг хялбар болгох, гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх босгыг намхан болгож өгөх, лебаралчлах бодлого явуулж өгөхгүй бол Үндсэндээ манай улс Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болчихлоо. 2011-2012 оны үед нэг жилийн дотор 5.7 тэрбум ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт татдаг байлаа. Одоо оюутолгойгоос өөр хөрөнгө оруулалт байхгүй болчихсон. Одоо байгаа гадаадын хөрөнгө оруулалтын хууль чинь үндсэндээ уул уурхайн компаниудад зориулсан хууль болчихоод байна. Гадаад хөрөнгө оруулалтын хуулийг өөрчилж, шинэчилж, бусад салбар руу гадаадын хөрөнгө оруулалтыг татаж оруулах боломжтой болгох ёстой. Цахим сүлжээ, мэдээлэл технологи, IT чиглэлийн компаниудаа дэмжье гээд яриад байгаа. Тэд гадаад зах зээлд гарахын тулд гадаадын компаниудтайгаа хамтрах зайлшгүй шаардлагатай. Тэгж байж гадаадад ч үйл ажиллагаа явуулна, дотоодод ч ажиллана. Тэгэхээр, гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа нэлээд сайн хөхиүлэн дэмжиж, гадны хөрөнгө оруулалтыг татахгүй бол ковидын дараа эдийн засгаа хөл дээр нь босгох асуудал чухал байна. Тиймээс бизнесийн орчныг эрүүлжүүлэх тал дээр нэлээд хэдэн хуулиудыг өргөн барина.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан хулгана өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 28, Сугар гариг. Билгийн тооллын 17, Гар одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 5:00 цагт мандан, 20:39 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 18-20 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Зөвхөн МАН-ын гишүүдийн хүүхэд гадаадад давуу эрхтэй суралцана” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Гадаад бодлогын
эксперт, судлаач профессор Д.Баярхүү “Жо Байден,
В.Путин нарын хэлэлцээнд
Ойрхи Дорнодын асуудал
том байр суурийг эзлэх
болов уу” хэмээснийг I, II нүүрээс уншаарай.

“Нээлттэй нийгэм
форум”-ын судлаач Д.Энхцэцэг “Төрөө төвхнүүлж, хэний ч
нөлөөнд авталгүй саналаа өгөх нь Ази
тивд улам бүр ховордож байгаа эрх
чөлөө юм” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Зөвхөн МАН-ын гишүүдийн
хүүхэд гадаадад давуу
эрхтэй суралцана” гэв.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Бараадууз “Мод гэдэг намайг мандуулж,
шагнадаг ачтан” хэмээлээ.

Цус сэлбэлт, судлалын
үндэсний төвийн Ерөнхий
захирал Н.Эрдэнэбаяр “Одоогийн байдлаар дэлхий дээр цус сэлбэлттэй холбоотойгоор
коронавирусийн халдвар тархсан тохиолдол бүртгэгдээгүй” гэлээ.

Шүүхийн ёс зүйн хорооны
гишүүн, хуульч Л.Галбаатар “Шүүгч хүн зөвхөн
мэдлэг, чадвартай
байхаас илүү ёс
зүйтэй байх нь
чухал” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Үхлийн марафоноос 6 тамирчин аварсан малчин баатар болжээ

Хятадад өнгөрсөн долоо хоногт болсон 100 км-ийн марафон 21 тамирчны хувьд амьдралынх нь эцсийн тэмцээн болсон билээ. Марафон үргэлжилж байсан ууланд цаг агаар гэнэт муудаж, агаарын даралт унасан нь дээрх тамирчдын үхлийн шалтгаан болсон хэмээн албаныхан дүгнэж байгаа юм. Тэгвэл тухайн үед үхлийн ирмэгт байсан зургаан тамирчинг олж аварсан нутгийн малчин эр Жу Кеминийг хүмүүс баатар хэмээн шагшин магтаж байгаа гэнэ.

Жу Кемин энэ сарын 22-нд хонио бэлчээж явтал гэнэт цаг агаар муудаж, ширүүн бороо асгарч, агаарын хэм эрс унасан байна. Тиймээс Жу хонины бэлчээрт яаралтай үед хэрэглэх хүнс, эм, хувцас хадгалдаг агуйдаа түр хоргодохоор шийджээ.

Агуйдаа яваад очтол бээрч хөшсөн тамирчин аадар борооноос толгой хоргодож байхтай таарсан гэнэ. Тийнхүү Жу тамирчны бээрч, хөшсөн хөл, гарт нь иллэг хийн гал түлж, хувцсыг нь хатааж өгсөн байна. Удалгүй мөн ижил байдалтай дөрвөн тамирчин Жугийн агуйд ирж, гадаа дахиад олон тамирчин байгааг, зарим нь ухаан алдсан талаар хэлжээ. Гадаа нь хүн үхлийн ирмэг дээр ухаангүй байгааг сонсоод сайхан сэтгэлт Жу баатарлагаар аадар бороон дундуур тамирчдыг хайхаар гарч, ухаан алдсан нэг тамирчин олж агуйдаа авчирсан гэнэ.

Ухаан алдсан тамирчин хожим тэнхрээд цахим хуудсандаа “Намайг аварсан малчин эрд маш их талархаж байна. Тэр хүн байгаагүй бол би 21 нөхдийнхөө адил харамсалтайгаар гадаа осгож үхэх байсан” хэмээн бичсэн байна.

Тийнхүү гурван эрэгтэй, гурван эмэгтэй нийт зургаан тамирчинг үхлийн аюулаас аварсанд нь хүмүүс талархан Жуг баатар хэмээн шагшин магтах болжээ. Харин Жу хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ердөө л энгийн хүн энгийн нэгэн хүнийхээ хийх ёстой энгийн нэгэн зүйлийг хийсэн хэрэг юм шүү дээ. Харин ч гадаа тусламж хэрэгтэй өөр олон хүн байсан. Жишээ нь би ухаан алдсан тамирчдыг хайж байхдаа хоёр ч эрэгтэйг амьсгал хураасан байхтай таарсан. Би тэдний төлөө юу ч хийж чадаагүй, намайг уучлаарай” хэмээн ярьжээ.

Эл золгүй марафоны тухай мэдээлэл Хятад орон даяар хурдтай тарж, хүмүүс цаг агаарын ноцтой үзэгдэл болох тухай мэдээ, анхааруулгыг үл тоон тэмцээн зохион байгуулсан зохион байгуулагчдыг 21 тамирчны үхэлд буруутгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын ажлыг эрчимжүүлж эхэллээ

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр гарсан шийдвэрийг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх, Нийслэлийн өмчит хуулийн этгээд болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын дүрмээр хүлээсэн чиг үүрэг, төсвийн хэмнэлтийн горим, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг эрчимжүүлэх, зөвлөн туслах үүрэг бүхий Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын 2021 оны А/14 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 05 дугаар сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд орон нутгийн өмчит 20 үйлдвэрийн газарт хуваарийн дагуу очиж ажиллаж байна.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг одоогийн байдлаар Нийслэлийн Орон сууцны корпораци ХК, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, УБ зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ, Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ, Багачууд хүнс ОНӨААТҮГ, Асгат ОНӨААТҮГ, Хүнс хангамж төв ОНӨААТҮГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, Олон улсын худалдаа логистикийн төв ХК -уудын үйл ажиллагаатай танилцаж, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын хэрэгжилт, дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилт, хүний нөөцийн ил тод байдал, НЗД-ын 2021.05.07-ны өдрийн 02 дугаар албан даалгаврын хүрээнд төсвийн хэмнэлт болон нийслэлийн төсвөөс татаас авахгүйгээр ашигтай ажиллах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг дөрвөн чиглэлээр холбогдох хяналт тавьж зөвлөмж өгч ажиллаж байна.


Categories
мэдээ нийгэм

“Рио Тинто” групп дөрвөн эмнэлгийг PCR шинжилгээний цогц лабораторитой болгожээ

“Рио Тинто” группийн 1.7 тэрбум төгрөгийн хандиваар “Оюу толгой” компани болон Монгол дахь НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Төслийн үр дүнгээс харвал:

1. Бүрэн тоноглогдсон PCR/ПГУ буюу молекул биологийн цогц лабораторийг дараах дөрвөн эмнэлэгт байгуулав.

  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг
  • Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлэг

2. Анхан шатны эмнэлгүүдийн нийт 86 эмчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зайнаас үзүүлэхэд шаардлагатай эрүүл мэндийн багаж хэрэгслийн багцаар хангаж, нарийн мэргэжлийн эмч нартай зайнаас холбогдон программ хангамжаар хангах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургалтад хамруулав.

  • Өмнөговь аймгийн 52 багийн эмч
  • Дорноговь аймгийн 20 багийн эмч
  • Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны өрхийн эмнэлгийн эмч

3. Халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдад дэмжлэг үзүүлж, төслийн үлдэгдэл болох 4,976 ам.долларын тусламжаар 560 ширхэг N95 амны хаалт, 510 багц хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өгөв.

4. Дээрх PCR лабораториудыг байгуулснаас хойш буюу сүүлийн гурван сарын хугацаанд 30,000 гаруй шинжилгээг хийжээ.

5. Цар тахлын үед түр хугацаанд жирэмсэн эхийн хяналтыг цахимаар явуулах удирдамжийг боловсруулах, батлуулах ажлыг дэмжив.

6. Төслийн хүрээнд дараах эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн ажилтнуудыг сургалтад хамруулжээ. Үүнд:

  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн лабораторийн мэргэжилтнүүд
  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг болон Дорноговь, Өмнөговь аймгуудын алслагдмал бүсэд амьдардаг иргэд, жирэмсэн эхчүүд, нялх хүүхдүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тогтмол эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг анхан шатны эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан аж.

Үүнээс гадна анхны лаборатори байгуулснаас хойш буюу сүүлийн гурван сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд болон Дорноговь, Өмнөговь аймгийн нийт 40,000 гаруй иргэдэд PCR оношилгоо, шинжилгээ болон эрүүл мэндийн зайн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

“ЦАР ТАХЛЫГ ДАВАН ГАРАХАД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ ЛАБОРАТОРИЙН ЧАДАВХЫГ ЦААШИД Ч НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ”

“Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн үр дүнг дүгнэсэн хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан оролцож, КОВИД-19 халдварыг илрүүлэх лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд оруулж буй Рио Тинто группийн хувь нэмэр хийгээд цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд тасралтгүй дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Засгийн Газар болон УОК-ын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр “Цар тахлыг даван гарахад коронавирусийн халдварыг илрүүлэх лабораторийн чадавхыг цаашид ч нэмэгдүүлэх шаардлагатай байгаа”-г онцоллоо.

“РИО ТИНТО ГРУПП УДАХГҮЙ ЦАР ТАХЛЫН ҮР НӨЛӨӨГ БАГАСГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДАРААГИЙН ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА”

“Рио Тинто” группийн Монгол дахь Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал “Цар тахалтай тэмцэх энэ хүнд цаг үед бидний тусламж бага ч атугай дэм болсонд баяртай байна. Төсөл амжилттай хэрэгжсэний дүнд “Рио Тинто” группийн цар тахлын эсрэг сайн дурын сангаас бид дараагийн санхүүжилтээ татан төвлөрүүлж чадсан. Удахгүй цар тахлын үр нөлөөг багасгахад дэмжлэг үзүүлэх дараачийн төслөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Рио Тинто, Оюу толгой болон НҮБ-ын Хүн амын санд оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлсэнд Эрүүл Мэндийн Яам, салбарын нийт ажилчдын өмнөөс талархаж буйгаа илэрхийлж байна” гэв.

Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр Дорноговь, Өмнөговь аймгийн анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлэгчид, лабораторийн мэргэжилтнүүд цахимаар шууд холбогдож, төслийн хүрээнд байгуулсан тоног төхөөрөмж, оношлуурыг хэрхэн хэрэглэж буйгаа танилцуулсан билээ.

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава үйл ажиллагааг хааж хэлсэн үгэндээ “Тэрээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа Тогтвортой хөгжлийн зорилтууд, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй хүргэх зорилт гурав, түүний дотор бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад энэ төсөл нэн чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Улсын гуравдугаар төв эмнэлэг “ECMO” аппарат ашиглах боломжтой боллоо


Улсын гуравдугаар төв эмнэлэг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс коронавируст халдварын хүнд зэрэглэлийн эрчимт эмчилгээний 20 ор, зайлшгүй эмнэлгийн нөхцөлд тусгаарлах шаардлагатай хүндэвтэр зэрэглэлийн эмчлүүлэгчийн 80 орыг дэлгэн үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

Тус эмнэлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр Maquet Getinge брэндийн Cardiohelp маркийн уушги орлуулах аппаратыг дагалдах хэрэгслийн хамт энэ сарын 25-нд ЭМЯ-наас хүлээн авч, ашиглахад бэлэн болжээ.

Тодруулбал, коронавируст халдварын шалтгаантай уушгины хатгалгаа, түүний хүндрэл болох эдгэрэлт удаантай хүнд хэлбэрийн амьсгалын замын дутагдлын үед механик агааржуулалттай эмчилгээ шаарддаг.

Ийм тохиолдолд эмчилгээний хамгийн сүүлийн арга хэрэгсэл болох ECMO технологийг ийнхүү тус эмнэлэг эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ ашиглах бэлтгэлийг хангажээ.

Тус аппаратыг зөвхөн уушгины хатгалгаа, амьсгалын дутагдлын үед хэрэглээд зогсохгүй бусад вирусийн шалтгаант уушгины хатгалгаа, зүрхний хурц дутагдал, зүүн ховдлын хурц дутагдлын үеийн уушгины хаван, зүрх шилжүүлэн суулгах үед ашиглах боломжтой юм.