Month: May 2021
МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орсон байна.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуугаар Улсын начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтээсэн бөгөөд түүнийг 40 гаруй хоног баривчлан саатуулсны эцэст тавдугаар сарын 20-ны өдөр суллаж, хилийн хориг тавьсан юм.
Тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэлсэн тухай хэвлэлээр цацагдсан байсан.
Харин олон нийтийн зүгээс түүнийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхийг шаардах болсон. Мөн Ерөнхий сайдын зөвлөх түүний хэргийг шүүх цагдаагийнхан шударгааг шийдэх эсэхийг анхааралтай харж байгаа юм. Н.Түвшинбаярт зодуулж, хүнд бэртэл авсан Э.Энхбат начин БНСУ-д эмчлүүлж байгаа юм.
Монгол Улс өчигдөр “Pfizer” вакцины 100 мянга гаруй тунг хүлээн авсан.
Уг вакциныг ирэх долоо хоногоос жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд болон архаг суурь өвчтэй иргэдэд тарьж эхэлнэ гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ
Тэрбээр “Засгийн газраас Эрүүл мэндийн яаманд тус вакцинтай холбоотой тодорхой чиглэлүүдийг өгсөн. Үүний дагуу зохих шийдвэрүүдийг гаргах бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн вакциныг -70 хэмийн хүйтэн нөхцөлд хадгалдаг тул хөдөө орон нутагт хадгалах хөргүүр суурилуулж байгаа. Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд “Pfizer” вакцины дагалдах хэрэгслүүд ирнэ. Тиймээс ирэх долоо хоногоос уг вакциныг тарих шийдвэр хэрэгжинэ” гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2021 оны санхүүгийн жилд хэрэгжих 248.0 сая иений санхүүжилт бүхий “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн солилцох ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт (Grant Agreement) Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Х.Кобаяши болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра нар гарын үсэг зурлаа.
Монгол Улс энэхүү хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж өнөөгийн байдлаар 368 оюутан Японы их дээд сургуулиудад суралцан, санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уур уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, боловсрол, ур чадвараа дээшлүүлэн, эх орондоо буцан ирж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна. Энэ удаагийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 16 хүнийг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт хамруулна.
Япон Улс нь Монгол Улсыг зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш нийгэм эдийн засгийн бүхий л салбарт тулгараад буй хүндрэл, бэрхшээлийн даван туулахад хамтран ажиллаж дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Монгол Улсын урт хугацааны найдвартай хөгжлийн түнш бөгөөд хүний нөөцийг хөгжүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болов
Сошиалд “Цахим эмч” нэрээр фэйж хөтөлдөг эмч Б.Баярбямба “Нүүр хэсэгтээ томоор “ЗӨГИЙН БАЛ” гээд биччихнэ. Харин хүн анзаарахааргүй ар хэсэгтээ жижгээр зөгийн балны орц найрлагагүйг бичнэ. Хэрэглэгчид зөгийн бал гэж бодоод худалдан авалт хийнэ. Энэ бол хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн үйлдэл гэж харж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ асуудлыг анхааралдаа авна уу” гэсэн асуудлыг фэйсбүүкт тавьж, хөндсөн билээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хиймэл орцтой, үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг “Зөгийн бал” гэж нэрлэн худалдаалсан гэх хэрэглэгчийн гомдлын дагуу хяналт, шалгалт хийжээ.
Уг асуудал нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.2- т заасны дагуу хэрэглэгчийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул 5.000.000 төгрөгөөр торгож, лангуунаас тус барааг татуулж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
Тухайн зөгийн бал гэх бүтээгдэхүүнүүдийн найрлагад зөгийн бал ороогүй бөгөөд хиймэл үйлдвэрийн аргаар боловсруулан гаргаж авсан талаар шошгонд нь тэмдэглэжээ.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 27-ны өдрийн 22:18 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарласан юм.
Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн одон медалиар гардууллаа.
Монголын чөлөөт бөхийн хүрээнийхэнээс нэгэн эрхэм Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан нь олон улсын хэмжээний мастер Доржпаламын Ганхуяг юм.
Тэрээр “Хөдөлмөр” нийгэмлэгт ардын багш, гавьяат дасгалжуулагч Х.Намширын удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэн Азийн АШТ-ий хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгө, Азийн цомын хүрэл хүртэж, “Mонгол говь” болон З.Ойдовын нэрэмжит ОУТ-д тус бүр гурвантаа түрүүлж байв.
Мөн бусад олон улсын тэмцээнүүдэд олон медаль хүртснээс гадна насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга болж байсан 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үеийн манай хүнд жингийн шилдэг бөхчүүдийн нэг юм.
Ховд аймгийн Булган сумын эмнэлэгт эх, нярай энджээ.
Эх хүүхэд эндсэн асуудалд тус эмнэлэгийн эрхлэгч эмч Б.Батбаатарыг ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний 00:00 цаг орчимд талийгаач Э нь нөхөр, хадам ахын хамт амаржихаар Булган сумын нэгдсэн эмнэлэг дээр ирээд үүрийн 04:00 цаг орчимд нас барсан байна.
Энэ хугацаанд талийгаачийн ар гэрийнхэн эмнэлэгийн 6 эмч ажилтанг гэрээс нь хувийн унаагаараа зөөж эмнэлэгт авч ирсэн байдаг. Талийгаач 4,8 кг охин төрүүлээд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч 2 хоногийн дараагаар нярай мөн нас барсан байна.
Нярай 2 хоноод бас л эндсэн. Тухайн шөнө ар гэрийнхэнээр нь эмнэлэгийн 6 эмч ажилтанг нэг нэгээр нь зөөлгөж хугацаа алдсан. Талийгаач 3 дэрсхэн үрээ орхиод төрүүлсэн үртэйгээ эмнэлэгийн орон дээр эцсийн амьсгал хураасан байна. Төрөлтийн дараах цус алдалтаар эх нас барсан гэдэг тайлбарыг албаны эх сурвалж өгсөн. Тус эмнэлэг цусны салбар банктай гэхдээ цус нь хөлдөөгчинд хөлдүү байсан учир бэлэн донораас цус сэлбэх гэтэл өнгөрчихсөн гэдэг тайлбарыг өгсөн. Үнэхээр харамсалтай. Хоёрын хоёр амь үрэгдчихээд байхад эмнэлэгийн удирдлагууд нэг ч удаа ар гэртээ нь яриагүй байна. Ар гэрийнхэн нь эмнэлэгийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон тул гомдолтой байна гэжээ.
Эх сурвалж. Ховд.мн
Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намаас 2021 оны тавдугаар сарын 20, 21-нд ирүүлсэн шаардлага, албан хүсэлтийн хариуг хүргүүллээ.
Тус намаас ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хороо энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт хандан “Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд хэрэглэсэн санал тоолох төхөөрөмжийн ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн эсэх асуудлаар гомдол, мэдээлэл гаргасан эсэх, гаргасан бол хэрхэн шийдвэрлэсэн талаар Ардчилсан нам болон Сонгуулийн ерөнхий хороо, олон нийтэд мэдээлэл өгөх”-ийг хүссэн юм.
Нийслэлийн Прокурорын газраас “Гомдлын дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулахад сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийн үндсэн серверт гаднаас хандалт, халдлага хийх, мэдээлэл өөрчлөх, устгах техникийн боломжгүй болох нь тогтоогдсон”, уг асуудалд холбогдох этгээдүүд бусдыг төөрөгдүүлж, бусдын эд хөрөнгийг авахыг завдсан үйлдлийн талаар олон нийтэд мэдээлсэн тухай хариуг ирүүлсэн.
Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын дагуу сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд санал тоолох төхөөрөмжийг хэрэглэх бэлтгэл ажлыг хийж, нээлттэй, ил тод байдлын зарчмыг баримталж, уг төхөөрөмжийн үйл ажиллагаа, эх код зэргийг шалгах, танилцах боломжийг хөндлөнгийн ажиглагч, төрийн бус байгууллагын төлөөлөл, сонгуульд оролцох нэр дэвшигчээ бүртгүүлсэн нам, эвслийн төлөөлөлд олгож, бүх талын оролцоог ханган ажиллаж байна. Санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг буюу тоолсон саналын үнэн, зөвийг нягтлан шалгах талаар хуульд заасан олон төрлийн боломжит арга, хэлбэрээр ажиглах, шалгах бүрэн боломжтой. Сонгууль зохион байгуулалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтэд өгөхгүй байх, мэдээллийн эх сурвалжаа нягтлан шалгасны үндсэн дээр гомдол хүсэлтийг бодит баримтад тулгуурлан гаргах шаардлагатайг Ардчилсан намд хүргүүлсэн хариу бичигт дурдсан болно гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.