Categories
гадаад мэдээ

Энэтхэгт тав хоног дарааллан 3000 хүн нас барлаа

Энэтхэг улсад тав хоног дараалан өдөрт 3000 ба түүнээс их хүн КОВИД-19 халдвартайгаар нас барлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 3688 хүн нас барсан Энэтхэгт нийт нас барагсдын тоо 215 мянга болжээ.

Түүнчлэн өнөөдөр 392 мянган хүнээс халдвар илэрснээр нийт халдвартай авсан хүний тоо 19,5 саяд хүрсэн байна. Тус улсад дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн өдөрт 300 мянга түүнээс олон хүн халдвар авсаар байгаа юм.

Одоогоор Энэтхэгт 3,3 сая хүн эмчлүүлж байгаагийн улмаас эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж зарим хүн эмнэлгийн тусламж авч амжилгүй нас барж байна.

Categories
мэдээ нийгэм

Мөрөн сумын Дэлгэрмөрөн голоос 51 настай эрэгтэй хүний цогцос олджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн Дэлгэрмөрөн голд аймгийн төвөөс урд зүгт 4 км-т усанд хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт 8 цаг 56 минутад ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 9 цаг 9 минутад очсон байна. Дэлгэрмөрөн голын урд эргээс 10 метр, хойд эргээс 50 метр зайтай, 30 см-ийн гүнтэй усанд Мөрөн сумын харьяат 51 настай, эрэгтэй, иргэн Б нас барсан байжээ. Тухайн газарт 1 цаг 6 минут ажиллаж цогцсыг уснаас гарган аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний байгууллагад хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн гадна талбайд PCR шинжилгээний цэг ажиллаж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайд коронавируст халдвар илрүүлэх PCR шинжилгээний цэг ажиллаж байна.

Энэхүү цэгт иргэнтэй ямар нэг хавьтал үүсгэхгүйгээр сорьц авах боломжтой. Ингэснээр сорьц авч буй ажилтныг болзошгүй эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой юм.

Categories
мэдээ спорт

“Zeus Esports” баг 350 мянган юанийн эзэд болов

Цахим спортын PUBG Mobile төрлийн “Peace Elite Asia Invitational 2021” тэмцээн дөрөвдүгээр сарын 27-29-нд онлайнаар боллоо. Уг тэмцээнд Монголын “Zeus Esports” баг гуравдугаар байр эзлэн 350 мянган юанийн эзэд болсон байна.

Шагналын сан өндөртэй энэхүү тэмцээнд Хятад, Тайланд, Малайз, Япон, Вьетнам, Индонез, Бутан, Өмнөд Солонгос, Монгол зэрэг цахим спорт өндөр хөгжсөн Азийн орнуудын 15 шилдэг баг өрсөлдөж, Хятад “Team Weibo” түрүүлж, 1,2 сая юанийн эзэд болсон бол Хятадын “Huya FA” баг удаалж, 500 мянган юаний шагнал авчээ.

Манай “Zeus Esports” баг тавдугаар сарын 13-16-нд 150 мянган ам.долларын шагналын сантай “PUBG Mobile Pro League – Season 1 2021: South Asia Championship Finals” тэмцээнд оролцоно. Тэднээс гадна “Astra Academy”, “Apes INC” зэрэг Монголын багууд өрсөлдөх аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорч эхэллээ

УИХ-д суудалтай нам, эвслүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно.

АРДЧИЛСАН НАМААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД

Ардчилсан намаас тус бүрдээ хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээ тодруулсан. М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргатайгаас нь Н.Алтанхуяг нар дэвшихээр болсныг тус тус мэдээлээд байна.

АН

С.Эрдэнийн хувьд Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Д.Ганбат, Л.Гүндалай нартай өрсөлдөн, нэгээр гарсан.

Тодруулбал:

  • УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ-1953,5
  • УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал-1826,3
  • УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл-1719,43
  • АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай-1463.92
  • УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат- 637.29 оноо тус тус аван С.Эрдэнэ ялалт байгуулсан юм.

Харин өнөөдрийн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 286 гишүүн цахимаар хуралдаж, санал хураалтаар 97.6 хувь нь Норовын Алтанхуягийг тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг дэмжсэн байна. Ингэснээр О.Цогтгэрэлийн даргалж буй Ардчилсан намаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэр дэвшихээр болж байгаа юм.

МОНГОЛ АРДЫН НАМААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД

МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар нэр дэвшихээр дэмжлээ. Энэхүү саналыг МАН-ын Бага хурлаар эцэслэн шийдвэрлэгдэнэ.

Тэнэглэж бас тэсэрч чаддаг У.ХҮРЭЛСҮХ

МАН-ын Бага хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хэлэлцэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар буюу Бага хуралд оролцсон 261 гишүүн дэмжиж, нэр дэвшүүлэхээр болов.

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД

“Зөв ХҮН электорат”-ын зүгээс эдийн засагч Д.Жаргалсайхан, нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр, “Датаком”-ын Д.Энхбат, “Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүнд тус эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Одоогоор Д.Жаргалсайхан татгалзсан хариу өгсөн байна.

Б.Болдсайхан Хөдөлмөрийн Үндэсний Намаас тавьсан саналыг хүлээн авч Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх болсоноо мэдэгдээд буй.

Б.Болдсайхан эмч “ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН”-ээр тодорлоо - Маргааш Лайв

Мөн Д.Энхбат уг хүсэлтийг хүлээн авч буйгаа сошиалаар мэдэгджээ. Тэрбээр “Дангаасүрэнгийн Энхбат би Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна” гэжээ.

Д.Энхбат

УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр (Баабар) нар мөн эвслийн саналыг хүлээн авсан юм.

Баабар

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн урт дүүжин гүүрийг Португалд барьжээ

Дэлхийн хамгийн урт явган хүний дүүжин гүүр Португалд “Arouca 516” нэртэйгээр өнөөдөр буюу тавдугаар сарын 2-нд албан ёсоор нээлээ.

Португалын хойд бүсийн Юнескод бүртгэлтэй Ароука Геопаркийн нутагт байгуулагдсан энэ гүүр нь 516 метр урт бөгөөд хавцлаар урсах Пайва голын дээгүүр 175 метр өндөрт оршдог.

Хоёр жилийн хугацаанд барьсан уг гүүр цар тахлын дараа сэргэх аялал жуулчлалын нэг чухал газар болно гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Гүүрийг хоёр жилийн турш 2.3 сая еврогийн өртгөөр барьж дуусгажээ.

“Arouca 516” гүүр нь 2017 оноос хойш дэлхийн хамгийн урт явган хүний дүүжин гүүрт тооцогдож байсан Швейцарийн Альпийн уулан дахь “Charles Kuonen Bridge” нэртэй 494 метр урт гүүрээс 22 метрээр урт болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Манай гаригийн залуус-20 жил” баярын цэнгүүн үзэгчдэд хүрнэ

Монголын нийтийн дууны салбарт тод мөрөө үлдээсэн нэгэн үеийн уран бүтээлчид хамтран “Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүнээ үзэгчдэд өргөн барих гэж байна.

Нийтийн дууны салбарын өнгөрсөн 20 жилийн түүхээ дурсан, дуулсан энэхүү цэнгүүнийг энэ сарын 03, 04-нд бүх телевизийн сувгаар үзэгчдэд хүргэх болжээ. Ковид цар тахалтай, хөл хорио тогтоосон энэ үед тоглолт арга хэмжээ зохион байгуулж болохгүй ч цэнхэр дэлгэцээр үзэх боломжийг үзэгчдэд олгож байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийтийн дууны салбарт шинэ жишиг, өнгө төрх, мэргэжлийн бүхнийг харуулж, тогтоож чадсан чадварлаг уран бүтээлчид энэ цэнгүүнд оролцоно.

Categories
мэдээ нийгэм

“Зөвлөлтийн зохиолчдын туужис” буюу Аайтаматовын “Далайн хөвөөний алаг хав толгод”

Эрхэм уншигч та бүхэнд энэ удаа нэлээд хуучны гэж хэлж болохуйц номын тухай хүүрнэе. Энэ ном бол 1982 онд хэвлэгдсэн “Зөвлөлтийн зохиолчдын туужис” нэртэй ном юм. Уг эмхэтгэл бүтээлд Чингиз Айтаматовын “Далайн хөвөөний алаг хав толгод”, Валентин Распутины “Мөнгөний эрэлд”, Василий Шукшины “Морин улаагана”, Георгий Марковын “Нөхрийн гэрээс”, “Миний цэрэгт байсан үе”, Альберт Лихановын “Нар хиртсэн нь” зэрэг зургаан тууж багтжээ. Чингиз Айтаматовын “Далайн хөвөөний алаг хав толгод” зохиолыг дунд сургуулийн сурагч байхдаа уншиж байж. Одоо эргээд санахад энэ зохиол надад үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлсэн, бас одоог хүртэл хадгалагдаж үлдэж. Энэ туужийн гол агуулга нь хүн, тэр тусмаа хүүхдээс ямар их сэтгэлийн хат, тэвчээр гардаг вэ гэдгийг ер нь утгаар нь харуулсан гэж болно. “Өглөө наран ургаж хоёр улиангарын төдий өндөрт хөөрөхийн сацуу тэндээс, Алаг хав толгойн булангаас Нивхи ястны хэлээр “Каяк” хэмээх бяцхан гуя онгоц далайд гарав. Завины дээр гурван ангуучин хамт нэгэн бага шиг хөвүүн явав. Арай залуу, арай чийрэг хоёр нь онгоцны дөрвөн сэлүүр барьж, хамгийн хөгшин нэг өвгөн хитэг дээр суугаад модон гаанс яаралгүй сорон завийг жолоодон явав…”. Яг эндээс зохиолын охь шим нь гардаг гэж уншигчийн хувьд боддог. Далайн хав агнахаар гарсан анчид болон анх удаа хөлгүй их далайд гарсан бяцхан хөвүүн эхлээд нэг бяцхаан арал дээр очоод дориун ан автай байх боловч цааш дахин нэг арал дээр очих чин зорилготой. Очих аралдаа хүрэхээр явж байхад нь хөлгүй их далайн мандал дээгүүр хязгаар үл мэдэгдэх зах хязгааргүй манан бүрхэнэ. Тэр их манан дунд зүг чигээ алдсан анчид хязгааргүй олон хоногийн туршид эзгүй далайд хэрэн бэдчинэ. Ам цангахын эрхээр далайн шорвог давстай усыг нь шанагадан уух авч цангаа хэзээ ч үл тайлагдана. Эл аугаа бүтээлд мөн эцгийн үрээ хайрлах хайр ямар агуу вэ гэдгийг үнэхээр сонгодог утгаар нь гаргасан. Бас нэгэнт наслах насаа насалсан, хорвоог үзээд туулчихсан болохоор эцсийн эцэст гал голомтоо залгах нуган үрийнхээ халуун амины төлөө өөрийгөө харамгүй зольж байгаа аав хүний дүрийг ч мөн тод гаргасан. Нээрээ л ингээд бодоход эцсийн амьсгалаа хүн үр хүүхдийнхээ төлөө зориулдаг даа гэсэн бодол эрхгүй төрнө.

Гэтэл захгүй далайд, зүг чиггүй манан буданд төөрөгсдийг хүлээгчид бас ямар их энэлэн болоод шаналал дунд элэг эмтрэн хүлээж байгаа билээ. Өдөр шөнө, өглөө оройгүй захгүй тэнгисийн эрэг дээр их түүдгийг өрдөн буй эхнэр, эх хүний хүлээлтийг мэдрэх хэрэгтэй. Ард үлдэгсдийн тэр их хүлээлт, итгэл найдварын гал эцсийн мөч хүртэл сүүмэлзсээр байх ажгуу.

Өмнө өгүүлсэн залуурч өвгөн багахан усаа өөртөө бус залуустаа харамгүй өгч байгаа, бяцхан хүүд итгэл найдварыг чадах хэрээрээ өгч байгаа, анир чимээгүйхэн өөрийгөө их далайд өргөж байгаа гэх мэт олон, олон элэг эмтрэм үйл явдлууд эл бүтээлд гарах билээ. Та бүхэн уншаагүй байгаа бол заавал уншаарай. Эцсийн эцэст итгэлийн гал тэнгисийн эрэг дээр сүүмэлзэн харагдах ажгуу.

Уг түүвэрт байх дараагийн нэг зохиол бол аугаа соён гэгээрүүлэгч В.Шукшины “Морин улаагана” юм. Энэ зохиолоор оросууд кино хийсэн. Бас манайхан ч яг зохиолоор нь маш сайн кино хийж чадсан. Агуулга нь бас л юм бодуулахаар шүү. Орчин цагийн хэлээр бол нэлээд “хүнд гар” шоронгоос алс нутгийн нэгэн бүсгүйтэй захидлаар харилцсаар эцэстээ хайр сэтгэлтэй болж байгаа, хайр сэтгэлээрээ жигүүр хийн мөнөөх бүсгүйдээ очиж хамтдаа сайхан амьдралыг эхлүүлж буй эгэл жирийн бүхний тухай өгүүлнэ. Гэвч гэрэл гэгээ бүхнийг дагаж гайхам сайхан аз жаргал ирдэггүйг эл зохиолоос харах билээ.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Н.В. Гоголийн “амигүй албат нар”

Оросын сонгодог зохиолч Н.В.Гоголийн (1809-1852)алдарт “Амигүй албат нар” хэмээх номын талаар бичих гэсэн юм. Уг номын анхны хэвлэл 1959 онд орчуулагч Амарзанаев орчууллаа гэжээ. “Амигүй албат нар” номыг найруулал гэж дурдаад, хамжлагат ёс нуран унаж байгааг ёгтлон харуулжээ гэж байдаг.

Уг номд Оросын багавтар Н хэмээх хотод нэгэн сүйх тэрэг ирж байгаагаар эхэлнэ. Тэр нь Чичиков хэмээх гол баатрын сүйх тэрэг бөлгөө. Тэр тэргэнд гуа сайхан биш боловч тийм ч царайлаг гэмээргүй, махлаг бүдүүн биш боловч тийм ч туранхай гэмээргүй, төдий л өтөлсөн биш боловч арай ч залуу гэгдэхээргүй нэг ноён сууж явав.Ноёныг морилон ирсэнд хотынхон хөл хөөрцөг болцгоосонгүй, зөвхөн зочид буудлын урдаас харсан гуанзны үүдэнд зогсож байсан хоёр орос тариачин энэ тухай хорондоо нэг хоёрхон үг солилцсон боловч энэ нь ноёны тухай биш, харин ноёны сууж яваа сүйх тэрэгний тухай л өөлж ярилцсанаас биш, өөр гойд зүйлгүй өнгөрч билээ. “Энэ сүйх тэрэг Москва орж дөнгөх үү” гэхэд нөгөө нь “дөнгөнө” гэж хариулжээ. “Тэгвэл Казань хот орох гэвэл дөнгөхгүй байх аа, тийм үү” гэж дахин асуухад “Казань хот яасан ч хүрэхгүй” гэж хариулжээ. Ингээд л болоо.

Ноёнтонг буудалд нь буулгана. Буудал нь Оросын багавтар хотын хаана ч байж л байдаг буудлуудаас юугаараа ч үл ялгагдах буудал байх бөгөөд булан бүрээс нь чавга шиг том хар жоомнууд бүлтэлзэн харж байдаг зочдын тасалгааг хувцасны шүүгээгээр таслан хийсэн аж. Энэ Чичиков яах гэж хотод ирж байгаа вэ гэвэл газрын эздийн нас барчихсан тоонд нь хэвээрээ байдаг албатуудыг хямдхан худалдаж аваад өөрийн албаттай болох. Тэр “амигүй албатуудаа” барьцаалан банкнаас зээл авч баяжих, дээдсийн хүрээнд орон заавал баян айлын охинтой гэрлэх алсын зорилготой ирж байгаа юм.

Уг зохиол уран хошин аясаар бичигдсэн бөгөөд Орос орны хамжлага газрын эзэдийн мунхаг харанхуй байдлыг уран хошиноор элэглэн гаргасан байдаг. Байгалийн зураглал, эздийн хоол хошны тухай бичсэн бичвэрүүд үнэн тансаг бөгөөд бараг л үнэр нь ханхалтал бичжээ. Түүний Собакевич хэмээх газрын эзэнтэй наймаалцсан хэсгээс сонирхуулъя.Хүн худалдаж авна л гэж байгаа хойно заавал нэг ашигтай л байж таараа гэж бат итгэсэн Собакевич түүний үнэ хэлэхийг анан хүлээж байдаг. Уул нь тэр үеийн хуулиараа дараагийн бүртгэл хүртэл нас барсан албат нарыг амьд хэмээн бүртгэж байдаг бөгөөд бүр татвар хүртэл авдаг байна. Тиймээс тэр хоосон нэрийг зарсан нэрээр бүртгэлээс хасуулах нь газрын эзэнд ашигтайгаар барах уу бүүр хэдэн мөнгөөр зарчихвал ашиг ч олоод явчих хэрэг аж.

Чичиков байхгүй албат нэг бүрийг наян мөнгөөр авах санал тавина. Харин Собакевич “Би танаас илүү юм авахгүй. Ширхэг нэг бүрийн нь зуун рубелиэр өгнө” гэж хэлэв.

Чичиков “Зуу гэн ээ” гэж цочин хэлснээ, амаа ангайж би буруу сонсов уу, үгүй бол Собакевичын хүнд хөшүүн хэл нэг гэхийн оронд өөр тоо дуудчихав уу гэж гайхан түүний нүд өөд ширтэн харлаа гээд мань хоёр наймаалцаж эхэлнэ. Собакевич үхсэн зарц нэг бүрээ магтан ийм хүн олдохгүй гэж магтах аж.

Би ямар шаахай худалдах гэж байгаа биш дээ гэж Собакевич хэлэв. Та өөрөө бодоод үз л дээ. Тэд чинь хүн биш шүү дээ гэж Чичиков маргана. Дансанд байгаа албат нараа иймхэн үнээр худалдах тийм тэнэг хүнийг эрэхгүй юү. Дансанд байгаа гэж та дэмий хэлж байна. Таны тэр жинхэнэ албат нар аль хэдийнэ үхэж бодит биеэр үзэж болохгүй хоосон дуу чимээнээс өөр юу ч байхгүй болсон шүү дээ гэлцэн маргалдаж бөөн юм болсон ч хоёр рубель хавьцаа үнэ тохирдог. Ийм маягаар их олон хамжлагын эзэдтэй уулзах бөгөөд 1800- аад оны үеийн орос тосгодын амьдралтай, тэдний амин хувиа хичээсэн түшмэлүүдийн тухай найруулал юм.

Categories
мэдээ улс-төр

​Б.Болдсайхан ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Б.Болдсайхан Хөдөлмөрийн Үндэсний Намаас тавьсан саналыг хүлээн авч Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх болсоноо мэдэгдлээ.

Тэрбээр “Зөв хүн Электорат”эвсэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал ирсэн. Жирийн эмч, нам бус, иргэн хүний хувьд нэр төрийн санал байлаа баярлалаа. Монгол Улс, сонгогч олны хүсэл зорилго, Үндсэн Хууль болон бусад хуулийг чанд мөрдөн хичээн зүтгэнэ гэж жиргэжээ.

Зөв хүн Электорат эсвлээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших саналыг Д.Энхбат, нийтлэлч, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр (Баабар) нар мөн хүлээн авснаа мэдэгдээд байгаа юм.