Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн 13 алба хаагчид “Генерал” цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орчин цагийн зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан цэргийн 13 алба хаагчид “Генерал” цол олголоо.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, “Монгол Улсад 1944 оноос хойш Генерал цол олгож эхэлсэн. Төрийн тусгай алба бол ард түмэн, нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалах, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой хариуцлагатай салбар юм. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг биелүүлж, улстөржилтөөс ангид байж, нийгэмдээ, ард иргэддээ үйлчлэх тангаргаа сахин биелүүлж байдагт тань иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Та бүхэн төрийн тусгай албанд олон жил ажилласан цолныхоо шаардлагад тэнцсэн хүмүүс. Генерал цол нэн хүндтэй цол бас үүрэг хариуцлага юм шүү. Цолыг дагаж ирж байгаа хүндэтгэл, итгэлийг дааж, цолондоо тэнцэхүйц ёс зүй, хичээл зүтгэлтэй ажиллах даалгавар мөрөн дээр тань мөрдөсний хамтаар бууж байгааг цаг үргэлж санаж яваарай гэж захья” гэлээ.

“ХОШУУЧ ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:

  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Гомбожавын Ариунбуян,
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Бужийновын Амгаланбаатар,
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, Бригадын генерал Очирын Энхбаяр.

“БРИГАДЫН ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:

  • Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Дагвадоржийн Ганхуяг,
  • ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, хурандаа Цэвэлмаагийн Жавхланбаатар,
  • Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Сийлээгийн Ганбат,
  • Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Дашдондогийн Ганбаатар,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Батмөнхийн Ууганбаяр,
  • ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, хурандаа Маждаагийн Мөнхбаяр,
  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Балжидын Баатар,
  • Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Дашцэдэнгийн Баасандамба,
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Батсуурийн Эрдэнэбат,
  • ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн нарт тус тус хүртээв.

Монгол Улсад 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр анх удаа генерал цолыг олгож байсан бөгөөд өдгөө батлан хамгаалах салбар, хил хамгаалах, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад генерал цол олгодог хуультай.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ

Аудит

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн материалаа өчигдөр хүргүүлсэн.

О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ, МАН-аас У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат нарыг нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ өгөөд буй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т заасны дагуу Төрийн аудитын дээд байгууллага Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт батлагдсан төлөвлөгөөний дагуу аудит хийж эхэллээ.

Тус сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг уг хуульд заасан хугацаанд багтааж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т “Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” хэмээн заасан.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ дахь АН-ын бүлэгт элслээ

ганбаатар

УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ дахь АН-ын бүлэгт албан ёсоор элсчээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг/2021.04.29/-т МАХН-аасаа гарч, АН-д элсч, намын батлахаа гардаж авсан. Улмаар маргааш нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэгт элсч, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн тоог нэгээр нэмж байна. Өнгөрсөн долоо хоногт мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг намын бүлэгтээ албан ёсоор орсон юм. Ингэснээр АН-ын бүлэг 13 гишүүнтэй болж байна. Харин УИХ-д суудалтай намын тоо нэгээр цөөрч, гурван нам/МАН, АН, ХҮН/ УИХ-д суудалтай болж байна.

Categories
мэдээ нийгэм

Харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны тайралт, хэлбэржүүлэлтийг шуурхай хийх үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Ус сувгийн удирдах газрын байрнаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Цаашид Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдээс зөвлөгөөнийг зохион байгуулахаа Хотын дарга мэдэгдсэн. Зөвлөгөөнийг нээж тэрбээр “Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг хариуцдаг Ус сувгийн удирдах газар 1959 онд байгуулагдсан. 1800 орчим ажилтан, албан хаагчидтай. Улаанбаатар хотын хэрэглэгчдийг ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар тасралтгүй хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулж, экологийн тэнцвэрийг хадгалах шалгуурт тохирсон усыг байгальд нийлүүлэн ажиллаж байна” хэмээн ярилаа.

Өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга долоон чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл эдгээрийн гурвынх нь хэрэгжилт 100 хувьтай байгаа бол дөрөв нь хэрэгжих шатандаа яваа гэдгийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн иргэдийн 34.4 хувь нь вакциндаа бүрэн хамрагдлаа

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалтын талаарх мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд халдвар авсан нийт хүн 33606 болсон. Гэрээр 8173 хүн эмчлүүлж байна. Гэрийн ажиглалтад байгаа ойрын хавьтал 24796 хүн бий. Нийслэлийн хэмжээнд нийт 122 хүн нас барснаас сүүлийн 24 цагт хоёр хүн нас барлаа” хэмээн ярилаа. Мөн сүүлийн 10 хоногийн хугацаанд халдвар авах хүний тоо тогтворжиж, буурах хандлагатай байгааг хэлсэн юм. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 63.6 хувь буюу 726.553 нь I тунд, 34.4 хувь буюу 393.093 нь II тундаа хамрагдаад байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 111 цэгт 295 багийн 2283 эмч, ажилтан ажиллаж, 75960 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Унгирал гаргахгүйн тулд улиасанд тариа тарина

Нийслэлийн модлог ургамлын дийлэнх нь улиас байдаг. Үүнээс улбаатайгаар жил бүрийн өдийд унгирал буюу модны хөвөн хийсэж, харшил сэдрээдэг. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ чиглэлд ямар ажил хийж байгаа болон унгирал гаргахгүй байх тал дээр ямар арга хэмжээ авч байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс тодрууллаа. Тэрбээр “Нийслэлд 40 мянга гаруй улиас байдгаас 19 мянга орчим нь эм улиас. 2019 оноос эхлэн унгирал гаргахгүйн тулд улиасыг хэлбэржүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд хэлбэржүүлэх ажлыг гуравдугаар сарын 15-наас эхэлсэн. 240 байршилд 20 мянган улиас, 5000 хайлаас хэлбэржүүлээд байна. Олон улсын туршлагыг харахад, унгирал гаргахгүйн тулд тариа тарьдаг. 20 мянган улиасанд тарихаар болж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн” гэлээ. Мөн инженер, шугам сүлжээний засварын ажлыг төлөвлөсний дагуу хийнэ гэдгээ мэдэгдсэн. Хотын дарга ажлаа авто замын засвартай уялдуулж, нэг нь ажлаа хийгээд дуусахад нөгөө нь дахиад газар ухдаг байдлыг гаргаж болохгүй гэдгийг сануулсан юм.

Д.Сумъяабазар: Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүл

Улаанбаатар хотыг моджуулах, зүлэгжүүлэх ажлыг жил бүр хийдэг ч төдий л үр дүнгүй байдаг. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэчнээн талбайд хэдэн мод тарих вэ гэдгийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяраас тодруулахад “185 га-д нийслэлийн хөрөнгөөр ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ. 16 га-д хувийн хөрөнгөөр мод тарина” хэмээлээ. Хотын дарга “Мод тарих болон зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүл. Ойжуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй. Энэ талаарх мэдээллийг долоо хоног тутам өгөөрэй” гэсэн юм. Мөн дөрөвдүгээр сарын 29-нөөс эхэлсэн Энхтайваны гүүрийн засварын ажлыг шуурхай, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, хугацаанд нь замыг нээхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн маршрут, сүлжээ төлөвлөлт, хүртээмжийг сайжруулах, такси үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх ажлын хэсэг гарч, гурван төрлийн төлөвлөлт хийж байгаагаа хэлсэн.

Газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй зөвшилцөх, учир шалтгааныг тодруулахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөний төгсгөлд үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулах, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Мөн газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй сайтар зөвшилцөх, учир шалтгааныг тодруулж, урьдчилж иргэд, олон нийтэд мэдээлж ажиллахыг албаныханд даалгалаа. Түүнчлэн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, тайланг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, батлуулахыг Захирагчийн ажлын алба, бусад инженерийн байгууллагуудад үүрэг болгосон.

Харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх, модны тайралт, хэлбэржүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах, нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, арчлах зэрэг ажлуудыг зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгалаа. Мөн авто замын засвар шинэчлэл, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудаа эрчимжүүлэх, дуусгах чиглэл өгсөн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангаж ажиллахыг дүүрэг, хорооны Засаг дарга нарт даалгав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 75960 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр нийслэлд 111 цэгт 295 багийн 2283 эмч, ажилчид ажиллаж 75960 иргэнийг дархлаажуулна.

Цэгүүдийн байршил:

Categories
мэдээ нийгэм

Ж.Батбаатар: Тэд гомдох эрхгүй

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, профессор Ж.Батбаатартай уулзаж өнөөдөр нийгэмд хэлэлцэгдэж байгаа хэвлэл, мэдээллийн хууль, эрх зүйн орчны болон бусад тулгамдсан асуудлын талаар тодруулж ярилцлаа.


-Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараахтай холбоотой тодорхой заалт нэлээд маргаан дагуулж хэрхэн өөрчлөх тухай яригдаж байна. Энэ талаар товчхон яривал…?

-Өнгөрсөн онд өөрчлөлт оруулсан “Эрүүгийн хууль”-ийн 13.14-т “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуунд өчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь сэтгүүл зүйн ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж гардаг санаандгүй нэг алдаа ч худал мэдээлэл тараасан болж эрүүгийн хариуцлагад татагдах, зүгээр л ажлаа хийж яваад эрүүгийн хэрэгтэн болчихож мэдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ богинохон хугацаанд ийм байдлаар хэд хэдэн сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэгджээ. Сэтгүүл зүйн салбарт хуулийн энэ асуудлаар өргөн хэлэлцүүлэг явагдаж, ийм эрсдэлээс сэтгүүлчдийг хэрхэн хамгаалах арга замын тухай ярилцаж байна. Ер нь дан ганц сэтгүүлчид ч гэлтгүй, өнөө цагт мэдээллийн харилцаанд өргөн хүрээтэй оролцох болсон нийт иргэдийн эрх ашигт ч ихээхэн хамаатай асуудал юм.

УИХ-ын зарим гишүүд саяхан энэ байдалд дүгнэлт хийн хуулийн уг заалтын томьёоллыг өөрчлөх хуулийн төсөл санаачлан өргөн барьсан. Одоогийн хуулинд байгаа маш өргөн хүрээнд аливаа алдаж ташаарсан мэдээлэл бүхнийг хамааруулж хуулийн хариуцлага хүлээлгэх гээд байх боломжтой ”худал мэдээлэл” гэдгийг “гүтгэлэг” болгон өөрчлөх санал оруулж байгаа нь хамрах хүрээг хумьж, нөхцөл байдлыг дээрдүүлэх харьцангуй боломжит хувилбар юм уу гэж ойлгож байгаа.

Хэдийгээр зөв, буруу гэж тодорхой хэмжээнд маргаан дагуулдаг ч гэсэн сэтгүүлчдийг ажлаа хийснийх нь төлөө эрүүгийн хуулиар аль болох шийтгэдэггүй байх,хуулийн тийм орчин, үзэл баримтлал руу бид явах ёстой. Чөлөөт хэвлэл бол нийгмийн бусад салбаруудаас ихээхэн өвөрмөц үүрэгтэйг ойлгож, хүлээн зөвшөөрсөн ялангуяа төр, засаг түүний эрх мэдэлтнээс хараат бус байх нөхцөлийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой юм.

-Эндээс үүдээд асуухад улс төрд нөлөө бүхий этгээд хэвлэл, мэдээлэлд “гомдох” эрхтэй эсэх тухай яригддаг?

-Энэ чинь олон улс орны эрх зүйд бараг л аксиом болчихсон зүйл шүү дээ. Ерөнхийдөө энэ тухай асуудлыг эрх зүйн болон практикийн гэх үү, хоёр талаас авч үзэх нь түгээмэл байдаг л даа.

Нэг нь, анх 1960 онд “Нью-Иорк таймс” сонины мэдээллээс үүдсэн нэг хэргийг АНУ-ын дээд шүүх авч хэлэлцээд хэрвээ төрийн албан хаагч өөрийгөө хэвлэл мэдээллээр гүтгэгдсэн гэж үзэж байгаа бол тэр нь илтэд гүтгэлэг болохыг өөрөө баримтаар нотолсноос бусад тохиолдолд сэтгүүлч болон хэвлэлийг шүүхэд дуудах, хариуцагчаар татах ёсгүй гэсэн шийдвэр гаргасан нь одоог болтол олон улсад эрхзүйн хувьд дагаж баримтлах түгээмэл жишиг болж явдаг юм. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалан баталгаажуулсан шүүхийн энэ шийдвэр хэвлэл, мэдээллийг эрх мэдэл, албан тушаалын аливаа дарамт, айдсаас ангид олон нийтэд мэдээллээ чөлөөтэй хүргэн ажиллах чухал нөхцлийг бүрдүүлж өгсөн гэж үздэг.

Тэгэхээр энэ нь төрийн буюу нийтийн албанд албан тушаал хашиж байгаа хэн нэгэн эрхэлж байгаа ажил, албан тушаалтай нь холбоотой хэвлэлийн аливаа шүүмжлэлд тэрчлэн буруу, ташаа гүтгэлэг гэж үзэж байлаа ч гомдол гаргах ёсгүй гэсэн үг, ардчилсан нийгэмд тийм эрх зүй үйлчилдэг. Харин хувь хүнийх нь эрх, эрх чөлөө, нэр төрд халдахтухайд бол өөр хэрэг юм. Гэтэл манай хуулинд голдуу энэ хувь хүний эрх талаас нь, энэ өнцгөөс нь хандаж адилхан л хүн учраас бусдын адил “гомдох” эрхтэй, албан тушаалтан гээд эрхээ хасуулж, ялгаварлагдах ёсгүй гэх үзэл, хандлага давамгайлж тусгалаа олсон байдаг.

-Тэгвэл нөгөө “практик” талаас нь хэрхэн үздэг юм бол?

-Тэр нь “бичигдээгүй хууль” гэж ярьдаг даа, нэг тиймэрхүү түвшинд байдаг тогтсон ойлголт юм. Аливаа өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд бас тэдэн дээр нэмээд одод, олны танил хүмүүс ч адилхан хүссэн, хүсээгүй нийгэм, олон нийт, хэвлэлийн хараа хяналт, байнгын шүүмжлэл дор нэг ёсондоо “нийгмийн, нийтийн хүн” болж амьдардаг. Тийм учраас тэд ийм “шүүлт”, шалгуурыг даах, давах сэтгэл зүйн бэлтгэл, “пянгаа даахаар хаттай” байх ёстой үздэг юм. Өөрөөр хэлбэл, тэд гомдох эрхгүй. Чөлөөт хэвлэл ийм л зарчим барьж ажилладаг, ингэж сургадаг. Аливаа эрх мэдэл, нэр нөлөө, тэдний хамаарлаас ангид байх шударга зарчмыг гол болгодог чөлөөт хэвлэл чухамдаа ийм байдлаар тэдэнд тавих олон нийтийн хяналтыг хэрэгжүүлдэг онцлогтой.

-Бас цар тахал, онцгой нөхцөл байдлын үеийн олон нийтийн мэдээлэл, эх сурвалжийн тухай асуудал нэлээд маргаан дагуулсан уу?

-Өнгөрсөн хугацаанд Цар тахлын тухай хуулийн зарим заалт болон засгаас “Эрсдэлийн мэдээлэл, харилцааны түр хороо” байгуулж бүхий л мэдээллийг нэг эх сурвалжаас хүргэж байх тухай яригдсан зэрэг нь хэвлэл, мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг олон улсад ч ихээхэн асуудал болон яригдаж байгаа онцгой нөхцөл байдлаар далимдуулан хязгаарлагдаж болзошгүй хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, иргэдийн мэдэх эрхийг хангах асуудлаар яриа, хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэж, МСНЭ ч үүнтэй холбоотой мэдэгдэл гаргасан.

Онцгой нөхцөл байдлын үед худал, хуурмаг мэдээллээс болгоомжлох, түүнийг хориглох нь зүй ёсны боловч албан хэмээх ганц эх сурвалжийг тулгах нь чөлөөт хэвлэлийн үүрэг, мөн чанарт хэрхэвч таарч, тохирох зүйл биш юм. Хэвлэл мэдээлэл цар тахал, онцгой нөхцөлд ч нэг эх сурвалж буюу албаны мэдээлэлд туйлшран дулдуйдах биш, аль болох олон түвшний эх сурвалжтай бодит мэдээлэл цуглуулах, судалж сурвалжлах, иргэдийн санаа бодол, байр суурийг чөлөөтэй хүргэхийг чухалчилдаг мэргэжлийн эрх ашгийг нь хөндөж, халдахааргүй эрх зүйн зохицуулалт, хямралын үеийн мэдээлэл харилцааны онцлог менежмэнт хэрэгтэй байна.

Өнгөрсөн хугацаанд гарсан шиг сошиал сүлжээний элдэв мэдээллийг мэргэжлийн түвшний буюу сэтгүүл зүйн редакцийн мэдээлэлтэй хольж, хутган ойлгож янз бүрээр дүгнээд, бодит мэдээллийн үндэс болдог олон эх сурвалжийг хааж хориглох тухай биш, мэдээлэл үнэн бодитой, баталгаатай байх шаардлагын тухай л ярих ёстой юм.

-Үүний тулд яах ёстой гэж бодож байна вэ?

-Тухайлбал, сүүлийн хоёр жил шахмын энэ хямралын нөхцөл байдал бидэнд цаашид дүрэм, журам, хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байх тухайд ихээхэн сургамж, туршлага үлдээж байна. Зөвхөн хуулийн зохицуулалт ч гэлтгүй манай хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө онцгой цаг үед хэрхэн ажиллах мэргэжлийн үйл ажиллагааны дүрмээ ч өнөөгийн болж буй үйл явц, тохиолдсон сургамжаас санаа, сэдэл авч боловсруулах хэрэгтэй болжээ. Энэ чиглэлээр сэтгүүлчид санаа бодол, туршлагаа солилцон хэрхэх тухай ярилцаж байгаа зарим зүйл ч бий.

-Өнөөгийн хэвлэл мэдээллийн салбарын дотоод дахь эн тэргүүний тулгамдсан асуудал нь юу байна вэ?

-Сэтгүүл зүйг сошиал медиа буюу нийгмийн сүлжээтэй заримдаа бүр ялгахад бэрхтэй болж олон нийтэд зориулсан мэдээллийн мэргэжлийн түвшний үйлдвэрлэгчид байх ёстой сэтгүүлчид зэрэгцээд “сошиал тоглогчид” болсон нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэхэд хүргэх болсон. Гэвч энэ нь сошиал орон зайд олон нийтэд хүрдэг онцогтой мэдээллийг хэлээгүй шүү. Угтаа сошиалчдын өөрсдийнх нь “хөдөлмөр өдөр”, “хүн хүчний нөөц” нь хүрэлцээтэй, бүр багтаж ядаж байхад гэрээ мартаад, сав л хийвэл тэнд явцуу эрх ашиг, зорилгоор постчин, комментчин, сэвэгч хийж явдаг сэтгүүлчид ийм байдлыг бий болгож, нийгмийн хуваагдал, талцал, туйлшрал, хэтэрхийллийг дэвэргэлцэж тэр нь хэрэглэгчдэд эргэлзээ төрүүлж, хэвлэл, мэдээллийн нийгэм дэх зайлшгүй үүрэг, оролцоо бүдгэрч, орон зай нь хумигдахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг энд дахин хэлэхгүй байх аргагүй.

-Бас хэвлэл мэдээллийнхэн дандаа сөрөг, хар бараан юм ярьж байна гэцгээдэг. Үүнд ямар учир шалтгаан байдаг вэ, эсвэл үнэхээр тийм юм уу?

-Олон хүн сэтгүүлчид дандаа л сөрөг, муу юм ярьдаг, сөрөг хандлагатай гэж шүүмжилдэг тал бий ч, үнэн хэрэгтээ огт тийм биш, уг ажлынх нь үүрэг, мөн чанар тийм юм.

Мэдээж өнөөгийн нийгэмд, бидэнд болж бүтэж байгаа, сайн сайхан зүйл, муугаасаа хавьгүй олон нь тодорхой боловч, тэднийг магтах, алдаршуулахаас илүүтэй, нийтийн эрх ашиг, тусын тулд болохгүй, бүтэхгүй юу байгааг нь олж харах, илрүүлэх, шүүмжлэх замаар засаж сайжруулах үүргийг чөлөөт хэвлэл хүлээж байдаг юм, тэр ажлаа хийж, улс орон, нийгэм, иргэдийн төлөө санаа тавьж байдагтаа л тэгж харагддаг болохыг нь хүмүүс төдийлөн ойлгодоггүйд хамаг учир нь байдаг. Түүнээс сэтгүүл зүй муу, муухайдаа эсвэл тэнд баахан сөрөг хүмүүс цуглачихсан байдагтаа биш юм. Бас нэг юм хэлэхэд,иргэд маань олны тусын тулд цаг ямагт мэргэжлийн эр зориг, ямар нэг хэмжээгээр эрсдэл, золиос шаардаж байдаг өвөрмөц ажил болох чөлөөт хэвлэл, сэтгүүлчдийг үгүйсгэж, итгэл, зоригийг нь мохоогоод байвал нийгэмд хэн аливаа шударга бусын эсрэг тэмцэж, үнэний дуу хоолой болж явах вэ гэдгийг бодож, тийм сэтгэлгээнээсээ ангижирч, салхинд туугдсан завь шиг барьцгүй “нийгмийн сүлжээ”-нээс эрхбиш ялгаж салган, дэмжиж ажилладаг байх нь улс, нийгэмд маань тустай юм. Нөгөө талд нь сэтгүүлчид ч үүргээ хичээн биелүүлэх ёстой.

-Үзэгчид, уншигчид сэтгүүл зүйн ёс зүйд их шүүмжлэлтэй ханддаг. Ялангуяа тодорхой нэвтрүүлэг, эсвэл сэтгүүлчийнх зөв буруу гээд маргах нь ч бий. Та сэтгүүл зүйн онол, мэргэжлийн үүднээс үүнд тайлбар өгч болох уу?

-Олон нийтийн мэдээлэл гэдэг өөрийн тогтсон дүрэм, стандарт, төрөл хэлбэрүүдтэй тэдгээрийг нь урлаг, уран сайхны бүтээл шиг дур зоргоор өөрчилж гажуудуулах, элдэв тавилт, найруулга оруулаад байх боломжгүй байдаг. Хэрвээ хэн нэгэн эсрэгээр нь ингэж болно гэж бодож байгаа, эсвэл ингэж хийж болгодог бол, мэргэжлийн бус, их л тоогүй бодол, үйлдэл юм.

Зарим сэтгүүлч ярилцлага өгөхгүй гэсэн нэгнийг энд, тэндгүй хөөж элддэг нэг арга барил нэлээд дэлгэрч, сэтгүүлчид, олон түмэн ч их шүүмжилж, таагүй байгаа нь анзаарагддаг. Уг нь хэн нэгнээс ярилцлага авахдаа тосож уулзаад, хэрэг зоригоо танилцуулж, асуулт юмаа тавьж ярилцах нь сэтгүүл зүйн ч, хүний ч ёсонд нийцэх, харилцааны энгийн хэм хэмжээ юм. Ямар ч эх сурвалж ярилцлага, тайлбар өгөхгүй байх, асуултад хариулахгүй эрхтэй болохыг үл ойшоон зад загнаад заавал хариулах албатай мэт хандаад байх нь тухайн сэтгүүлчийн мэргэжлийн бэлтгэл, ур чадвар, мэдрэмж, ёс зүй зохих түвшинд хүрээгүй,асуудалтай байнаа л гэсэн үг.

Тэр эх сурвалж олон нийтэд хариулт өгсөн, өгөхөөс татгалзсан аль ч тохиолдолд үзэгчид ялгаж салгаж, үнэлэлт дүгнэлтээ өгч байдаг болохоор сэтгүүлч заавал асуултынхаа хариултыг авах гэж хэт улайрч“шатаад” байх хэрэг ихэнхдээ байхгүй. Үүнээсээ болоод алдаанд хүрэх тохиолдол харагддаг. Харин хүнийг яриулдаг, тавьсан асуултынхаа хариултыг гарцаагүй авдаг мэргэжлийн нарийн арга техникүүдийг л эзэмших, тэдгээрийг ярилцлагчийнхаа сэтгэл зүй, тухайн нөхцөл байдал, бусад онцлогт тохируулан ашиглах арга ухаанд илүүтэй суралцах хэрэгтэй.

-Сэтгүүлчдийн ярилцлага, харилцаа, хандлагын асуудлууд их шүүмжлэгдэж байна?

-Харж байхад, манай зарим нөхөд сэтгүүл зүйн ярилцлагын талаар ихэд ташаа ойлголттой, ярилцагч эх сурвалжтайгаа бяр чадал, мэдлэг, ур ухаанаа уралдуулах маягийн юм боддог, ядаж л зад мэтгэлцэх ёстой гэж санадаг, түүндээ итгэн урьж ирүүлсэн зочноо үзэгчдийн өмнө гартаах, ялж дарах болж өгвөл бүр “нокаут”-д оруулахыг хичээдэг шиг байгаа юм.

Уг нь хэвлэл мэдээллийн үүрэг, зорилго их энгийн, тухайн сэдэв, асуудлаар мэдэх, чухам хэрэгтэй хариулт өгч чадах хүнийг олж сонгон үзэгчдийн өмнөөс асуулт тавьж мэдээлэл авах, олон нийтэд хүргэх явдал л болохоос эфирийн ярилцлагын цаг чинь ямар нэг тулааны талбар биш шүү дээ. Мэдээж сэтгүүлчдэд шалгаах, “дайтах” шаардлага хааяа гардаг ч, түүндээ бүрмөсөн итгэчихээд, зориуд “дайн”-ы нөхцөл үүсгэн дайтаж, тулалдах гээд байвал бусдын дургүйцлийг төрүүлэх, ядаж л цаашид хэвлэлд эх сурвалж болох, ярилцлага өгөх хүн олдохгүйд хүргэх хор хөнөөлтэйг бодох нь зөв байх. Олон нийтийн мэдээлэл дэх иймэрхүү стандарт бус хандлага, арга барилууд нь нийгмийн ёс суртахуун, үзэл санаанд ч мөн тийм тусгалаа үлдээж байдаг.

Аливаа нийтлэл, нэвтрүүлгийн төрөл, жанрууд нь тухайн тухайн агуулгыг илэрхийлэхэд зориулагдсан өөр өөрийн онцлогтой нэг ёсны хэрэглэгдэхүүн л юм, тэдгээрийг тохируулж хэрэглэх ёстой.

Гэтэл хэвлэл, мэдээллийн эн тэргүүний үүрэг, гол ажил нь болох цаг үе, үйл явдалтай холбоотой мэдээллийн ярилцлага хийж байгаа хэрнээ л ярилцагчаа байцаах, тулган шаардах, зөв бурууг нь даруй шүүн тогтоохыг оролдох гэх зэрэг эсэн шидийн авир гаргаж, түүнийгээ мундаг сэтгүүл зүй хийж, “алаад” өгч байна гэж боддог, итгэдэг болсон байна.

Ингэж мэдээллийн сэтгүүл зүйн энэхүү үндсэн форматыг олны анхаарлыг татах гэсэн гагц зорилгоо урьтал болгон огт өөр төрлийн шоу, тавилтат хэлбэрүүдтэй ч юм уу хольж хутган жүжиг, ший янгуу шиг юм болгох нь хэвлэл мэдээллийн тухай иргэдийн ойлголт, үнэлэмж, энэ салбарын хөгжилд төдийлөн сайн зүйл авчрахгүй. Хэвлэл мэдээлэл хэзээ массын хандлага, сэтгэл зүйд тааруулсан эсвэл мөнгө, эрх мэдэл дагасан ядмаг байдлаасаа салж ангижирч чадна, тэр нөхцөлд л чөлөөт хэвлэл жинхэнэ үүргээ биелүүлэн оршиж чадна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тархвар судлаач Э.Тэмүүлэн: Хамгийн идэвхтэй бүлэг буюу 25-44 насны иргэдийн 50-иас дээш хувь нь вакциндаа хамрагдахад тархалт мэдэгдэхүйц буурна

ОДООГООР ВАКЦИН ХИЙЛГЭЭД ХАЛДВАР АВСАН ИРГЭД ӨӨР ХҮМҮҮСТ

ХАЛДВАР ТАРААХГҮЙ ГЭСЭН СУДАЛГАА БАЙХГҮЙ


ХӨСҮТийн тархвар судлаач Э.Тэмүүлэнтэй ярилцлаа.


Коронавирусийн халдварын тархалтыг бууруулахын тулд дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд халдварын тархалт мэдэгдэхүйц буурсангүй. Цаашид тархалт хэрхэх төлөвтэй байгаа вэ?

-Халдварын тархалт олигтой буурсангүй гэж байна. Гэхдээ бид сая хүн амын дунд өргөн тархсан үед нь хөл хорио тогтоосон шүү дээ. Олноороо илэрч байсан тооны ард илрээгүй хэдэн мянган халдвартай хүмүүс байсан. Тэдгээр хүмүүсийг цааш нь халдвар дамжуулахаас сэргийлээд хөл хорио тогтоосон. Цаашлаад өдөрт 2000-3000 хүрэхээр байсан халдварын тархалтыг хөл хорио тогтоосноор бууруулж чадаж байгаа юм л даа. Хөл хорио тавиагүй байсан бол одоо эмнэлгийн ор, эмч ажилчдын хүрэлцээ, нас баралтын тоо маш ихээр ихсэх байсан. Ер нь би өмнө нь ч хэлж байсан. 14 хоногийн дотор тархалт буурахгүй, одоогийн байгаа түвшинд нь барьж чадвал их юм гээд. Харин сүүлийн хэдэн өдрүүдэд Улаанбаатарт халдварын тархалт буурч эхэлж байна. Цаашдаа яах вэ гэвэл вакцинжуулалтаа хурдтай хийх хэрэгтэй. Хүн амын хамгийн идэвхтэй, мөн эрсдэлтэй хэсэг бол 25-44 насныхан байна. Тэгэхээр энэ бүлгийн вакцинжуулалт их чухал бөгөөд 50-иас дээш хувь болоход халдварын тархалтад мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар 25-44 насны хүмүүсийн нэгдүгээр тундаа хамрагдсан байдал нь 35-40 хувьтай байна. Нөгөөтэйгүүр 60-аас дээш насны хүмүүс вакцинд сайн хамрагдсанаар энэ өвчлөлийн хүндрэл, нас баралтын түвшин мэдэгдэхүйц буурч эхэлнэ. Одоо халдварын тархалтыг хумьсан ажлаа бататгаж нэгдүгээрт, вакцинаа эрчимжүүлэх, хоёрдугаарт, хөл хорионоос маш аажмаар буюу, шат дараатайгаар гарах ёстой. Бидний өмнө гашуун туршлага байна, нийгэмд халдвартай хүмүүс маш их байхад бүхэлд нь хөл хориогоо цуцлаад халдвар тархсан. Энэ хоёр аргыг сайн хэрэгжүүлээд явбал халдварын тархалтаа ихэсгэхгүйгээр зунтайгаа золгох боломж байгаа гэж харж байна.

Тавдугаар сарын 8-нд хөл хорио дуусна. Түүнээс цааш дахин хөл хорио тогтоох болов уу. Та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Яахав, зарим насны бүлгүүд вакциндаа 40 хувь хүртэл хамрагдчихсан байна. Үүний үр нөлөө удахгүй гарч эхэлнэ. Ерөөс хоёр тун авсан иргэдийн тоо ихэснэ гэдэг нэг хүнээс нөгөө хүнд дамжих халдварын тархалтын боломж буурч байгаа юм. Гэхдээ улаан түвшний буюу хатуу хөл хориог огт тавихгүй гэж хэлж чадахгүй. Тэгэхээр хүмүүс вакциндаа эрчимтэй хамрагдаад Засгийн газар аажмаар буюу хамгийн эрсдэл багатай хэсгүүдээ нээж шат дараатай явж чадвал дахин хөл хорио тавихгүй байх боломж байгаа гэж харж байна. Гэхдээ нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байна. Энэтхэг, Бразил зэрэг улсуудыг л хар. Монголд маш хурдан тархдаг, үхэлд хүргэдэг мутацилагдсан вирус гараад ирэхийг үгүйсгэхгүй. Тийм нөхцөл байдал үүсвэл халдвараа хумихын тулд хөл хорио тогтооно. Гэхдээ тийм нөхцөл байдал үүсэх хувь бага л гэж харж байна.

Вакцинд хамрагдаад халдвар авсан хүн цааш нь халдвар тараах магадлал хэр өндөр вэ?

-Вакцин хийж байгаа гол шалтгаан нь коронавирусийн эсрэг бие махбодид тэмцэх зэвсгийг л үүсгэж байна гэсэн үг. Эсрэг бие ямар хэмжээгээр үүсэх вэ гэдэг нь тухайн хүний биеийн байдал, дархлаа, харшил зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Үүнээс хамаараад вакцин хийлгээд халдвар авсан ч өвчлөх эсэх, өвчилсөн хүндрэл нь өөр байна.

Хоёр тун хийлгээд 14 хоногийн дараа тухайн вакцинаас авч болох хамгаалалтыг авна. Одоогоор вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүмүүс өөр хүмүүст халдвар тараахгүй гэсэн судалгаа байхгүй. Priz­er вакцины судалгаанаас харахад энэ вакциныг хийлгээд 14 хоносны дараа халдвар авах магадлал болоод бусад хүнд халдвар тараах эрсдэл нь ч бага байна. Тэгэхээр тухайн хүн вакцин хийлгээд 14 хоносны дараа тааралдсан бүх хүндээ халдвар тараагаад яваад байна гэсэн үг биш. Харин халдвар тараах эрсдэл бол байгаа. Гэхдээ энэ эрсдэл нь вакцин хийлгээгүй хүнийг бодоход арай бага байна.

Манай улс хүүхдүүдийг вакцинд хамруулах төлөвлөлт, судалгаа, вакцины хэлэлцээ хийж байгаа талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Монгол Улсын хүн амын 40 хувь нь 18-аас доош насны хүүхдүүд байна. Сүргийн дархлаа тогтоохын тулд хүн амын 80 хувийг хамруулах шаардлагатай бөгөөд яалт ч үгүй хүүхдүүдээ вакцинжуулахаас өөр аргагүй. Эхний ээлжинд 15-аас дээш насныхан цаашлаад 15-аас доош насныхан гэх мэтээр явах байх. Prizer вакцин 16-аас дээш, бусад вакцин 18-аас дээш насныхан хамрагдана гэсэн заавартай яваад байгаа шүү дээ. Үүний гол учир нь коронавирусийн вакцин нь маш хурдан хугацаанд хөгжүүлэгдсэн, шинэ төрлийн био бэлдмэл учраас эмнэл зүйн туршилтыг нь олон улсад баримталдаг ёс зүйн хүрээнд хүүхдэд огт хийдэггүй. Яагаад гэхээр хүүхдийн тархи бие даан шийдвэр гаргах түвшинд хөгжөөгүй учраас тэр юм. Мөн жирэмсэн эхчүүдэд хийдэггүй. Одоо бол хүүхдүүдэд яалт ч үгүй вакциныг хийх шаардлагатай болж байна л даа. Барууны орнуудад эцэг эхээс нь зөвшөөрөл аваад бүх вакцинууд туршилтаа хийгээд явж байна.

Цахим хуудсаарЭнэтхэг улсаас ирсэн 19 иргэнээс гурван удаагийн мутацид орсон вирус илэрсэнгэсэн мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү. Ер нь Энэтхэгээс ирсэн иргэдэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Энэ худал мэдээлэл шүү. Бидэнд гурван удаагийн мутацид орсон вирусийг нь оношлох оношлуур ч байхгүй. Бид одоогоор эерэг, сөргийг л илрүүлж байна.

Сүүлийн үед нас барж байгаа хүмүүсийн тоо өссөөр байна. Цаашлаад зургаа, долдугаар сард энэ тоо хэдэд хүрэх бол?

-Нас баралтын тоо өдөрт илэрч байгаа тоотой л хамааралтай. Нас баралт нь хоёроос гурван долоо хоногоор хоцорч явдаг. Тэгэхээр өнөөдрийн 1000 тохиолдлоос гурван долоон хоногийн дараа нас баралт бүртгэгддэг. Тийм учраас халдварын тохиолдлын тоо буурсан ч нас баралтын тоо нэг хэсэгтээ өндөр байна гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 911 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 911 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн 823 нь Улаанбаатар хотод, орон нутагт 88 байна.

Орон нутагт:

Төв 14, Орхон 12, Дархан 10, Хэнтий 5, Дундговь 1, Говь-Алтай 15, Увс 2, Өвөрхангай 8, Сэлэнгэ 12 тохиолдол бүртгэгдлээ.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 39381 боллоо.

Мөн хоёр иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 119 болж байна.

-60 настай эрэгтэй Дөрөвдүгээр сарын 27-нд онош батлагдсан

-36 настай эрэгтэй

Сүүлийн 24 цагт 1225 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 22932 болов.

Биеийн байдал маш хүн 119 хүн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Тавдугаар сарын 8-наас хөл хориог суллаж, аж ахуйн нэгжүүдээ шат дараатай нээнэ

УОК-ын ажлын хэсгийнхэн өчигдөр хуралджээ.

Хуралдаанаар энэ сарын 8-наас хатуу хөл хориог суллах эсэхийг хэлэлцсэн байна. Улмаар ажлын хэсгийнхэн хөл хориог суллаж, аж ахуйн нэгжүүдээ шат дараатай нээхээр төлөвлөсөн байна. Тиймээс энэ хугацаанд вакцинжуулалтаа эрчимжүүлж, иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал гэдгийг онцолжээ. Өчигдрийн байдлаар Улаанбаатарын 18-аас дээш насны иргэдийн 55 хувь нь вакцины 2 тунгаа, 80-90 хувь нь эхний тундаа хамрагдсан байна.

Түүнчлэн УОК, Засгийн газар энэ долоо хоногт хуралдаж, хатуу хөл хориог суллах эсэхийг шийдвэрлэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар ой болон хээрийн нийт 283 мянган га талбай түймэрт өртжээ

Он гарсаар улсын хэмжээнд тавдугаар сарын 02-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг 7 аймгийн 14 суманд нийт 17 удаагийн ой, хээрийн түймэр гарч, ойн 19 га, хээрийн 283,150.5 га нийт 283,169.5 га талбай түймэрт өртсөн байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн иргэд, нийт 810 хүн, 9 мотоцикл, 7 морь, 119 автомашинтай ажиллажээ.

Түүнчлэн хаврын хуурайшилтын үе үргэлжилж байгаа тул ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх 197 хяналтын цэгт Онцгой байдлын байгууллага, Байгаль орчны газар, Цагдаагийн байгууллага, бусад байгууллагын хамтарсан бие бүрэлдэхүүн хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байна.

Иймд, иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.