Categories
мэдээ улс-төр

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.05.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Манай улс 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь хэмжээг үе шаттайгаар 5 хувь хүртэл нэмэгдүүлэх байсан. Энэ дагуу 2017 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14 хувь (тус бүр 7 хувь) байсныг 19 хувь (тус бүр 9.75 хувь)-д хүргэн баталсан. Энэ өөрчлөлтийг ажил олгогч болон ажилтанд дарамт үүсгэхгүйн үүднээс холбогдох хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг ажил олгогч болон ажилтан тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажил олгогч, ажилтан тус бүр 9.5 хувиар төлөхөөр баталсан байдаг.

Дэлхий нийтээр Ковид-19 цар тахал дэгдэн эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого буурч байгаа энэ цаг үед ажлын байрыг тогтвортой хадгалах зорилгоор гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авсан байна. Хуулийн төсөл санаачлагчид УИХ-аар нэн яаралтай горимоо хэлэлцүүлэх саналаа УИХ-ын даргад уламжиллаа.

Уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулахаар тусгасан байна. Тодруулбал, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж өөрчлөхөд даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт багасахаар байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах улмаар нэмэгдүүлэн тэр хэмжээгээр иргэдийн амьдрал дээшлэх боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар жил тутам ажил олгогч болон ажилтны төлдөг шимтгэлийн ачаалал 190 гаруй тэрбум төгрөгөөр буурах боломжтой болох юм. Хуулийн төслийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр төсөлд тусгажээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум төгрөг, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөс нэмэгдэх бөгөөд үүнийг Засгийн газар төсөвт тодотгол хийх, бусад сангийн чөлөөт үлдэгдлээс нөхөх замаар зөрүүг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх боломжтой юм байна.

Ковид-19 цар тахлын улмаас ажил олгогч, ажилтны хувьд ачаалал ихэссэн тул Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ковид-19 цар тахалтай холбогдуулаад нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд 960 орчим тэрбум төгрөгийг хөнгөлжээ.

Иргэн та дээрх хуулийн төсөлд тусгах саналаа www.lawforum.parliament.mn хаягаар орж өгөх боломжтойгэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНХАУ-ын иргэнийг нууцаар хил давуулсан хэрэг гарчээ

Манай улсын харьяат хоёр иргэн БНХАУ-ын иргэнийг хууль бусаар хил давуулсан нь шалгалтын явцад тогтоогджээ.

Тодруулбал, Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн хариуцсан … дугаар тэмдэгтээр дөрөвдүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 2-3 хүн БНХАУ руу нууцаар явсан мөр байхыг хилийн манааныхан олсон байна.

Үүнтэй холбоотойгоор хилийн 0166 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбатыг ажлаас нь чөлөөлсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Мөн тухайн хоёр хүнийг маргааш нь олж саатуулан шалгаж буй аж.

Categories
гадаад мэдээ

21 тонн жинтэй Хятадын удирдлагагүй болсон пуужин дэлхийн хаана унах нь тодорхойгүй байна

Сансрын станцын “Tianhe” гэх хэсгийг “Long March-5B” цойлуураар хөөргөсөн ба цойлуурын их бие дэлхий рүү унаж байгааг мэдээллээ.

1990 оноос хойш 10 тонноос хүнд жинтэй биет дэлхийн тойрог замд удирдлагагүйгээр нэвтэрч байгаагүй аж.

21 тонн жинтэй тус пуужин дэлхийн агаар мандалд шатаж дуусалгүй үлдэж газарт унавал их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй аж.

30 метр өндөртэй, 21 тонн жинтэй “Long March 5B” цойлуур дөрөвдүгээр сарын 29-нд Хятадын Хайнань мужийн Венчанаас хөөрсөн ба удирдлагаа алдан, дэлхийг тойрон эргэж байна.

21-ton Chinese rocket tumbles out of control and could shower debris on New  York or Madrid after space station launch

Өнгөрсөн удаа “Long March 5B” цойлуурын их бие Кот Д’Ивуар улсын нутаг дэвсгэрт унахдаа хэд хэдэн барилгад гэмтэл учруулсан бөгөөд азаар хүн бэртээгүй.

The giant rocket was taking the first module of China's new space station

АНУ-ын цэргийн хүчин цойлуурын маршрутыг хянаж байгаа бөгөөд одоогоор 300 км-ын өндөрт 27.600 км/ц хурдтайгаар дэлхийг 90 минут тутамд бүтэн тойрч байна.

Биетийн хурд улам нэмэгдэж агаар мандалт ойртон, доошилсоор байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байгаа ба хүн ам суурьшсан бүсэд унавал их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй юм. Биетийн хурднаас харахад энэ сарын 10-нд дэлхий дээр унах магадлалтай бөгөөд Нью Йорк, Бээжин, Мадрид, Веллингтоны дээгүүр өнгөрч байгаа нь санаа зовоож байна.

1990 оноос хойш 10 тонноос хүнд жинтэй биет дэлхийн тойрог замд удирдлагагүйгээр нэвтэрч байгаагүй аж.

Categories
мэдээ нийгэм

Биеийн байдал маш хүнд 121 хүн байна

Сүүлийн 24 цагийн хугацаад 1401 хүн эдгэр, эмнэлгээс гарчээ.

Тодруулбал, эмнэлгээс 418, гэрийн ажиглалт тусгаарлалтад байсан 983 хүн эдгэрсэн байна. Ингэснээр коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 24.333 боллоо.

Мөн хугацаанд 327 хүнийг эмнэлэг рүү шилжүүлсэн бол 683 хүнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар 4869 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 8210 хүн гэрийн эмчилгээнд байна.

Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тухайд,

  • Хөнгөн-2,717
  • Хүндэвтэр-1,545
  • Хүнд-486
  • Маш хүнд-121 хүн байгаа юм.

Түүнээс гадна, тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу гэрт нь эсвэл эмнэлэгт шилжүүлэх эсэхийг шийдээгүй 2.835 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Агаараас эрэн хайх, яаралтай тусламжийн хоёр нисдэг тэрэг Франц улсаас ирлээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд ОБЕГ-т нийт 4 нисдэг тэрэг нийлүүлэхээр болсон.
Тэгвэл өчигдөр агаараас эрэн хайх, яаралтай тусламжийн зориулалттай, “EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирээд байна.
Дээрх төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулагдаж, EC-145 маркийн 3 нисдэг тэрэг, сургалтын 1 нисдэг тэрэг болон сургалтын симулятор нийлүүлэгдэж, нисгэгч, инженер-техникийн ажилтан, аврагч нарыг бэлтгэх юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд орхигдоод байсан агаарын аврах ангийг дахин сэргээн байгуулснаар онцгой байдлын албаны үйл ажиллагаа өргөжин тэлж, эрэн хайх, аврах ажилд томоохон ахиц дэвшил болох юм.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгжтэй холбогдолтой дүрэм, журмыг боловсруулах чиглэлээр зөвлөмж гаргах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Францын Иргэний аюулгүй байдал, ослын удирдлагын ерөнхий зөвлөлийн шинжээч ноён Мишель Пьер тэргүүтэй албаны төлөөлөгчид саяхан Монгол Улсад ажилласан билээ гэж Шадар сайдын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Хөл хорионы дэглэм зөрчиж, цагдаатай сөргөлдсөн иргэнийг 250 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Зөрчил гаргасан иргэнийг цагдаагийн байгууллагаас тогтоож, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасны дагуу арга хэмжээ авсан байна.

Тухайн иргэн нь энэ сарын 1-нд тус дүүргийн хоёрдугаар хороонд 17.00 цагийн орчимд явган зорчиж байх үед цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, өөрийгөө хохирогч хэмээн олон нийтийн сүлжээнд бичлэг цацсан билээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд зөрчил гаргасан иргэдэд цагдаагийн байгууллагаас сануулаад өнгөрч байгаа ч энэ мэт цөөн хүн шаардлага биелүүлэлгүй, дэглэм зөрчих, цагдаагийн биед халдах үйлдэл гаргасаар байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Хөл хорионы хугацаанд зорилгогүй явган зорчиж буй тохиолдлууд гарч байгаа ч цагдаагийн байгууллагаас шаардлага тавьж, гэрт нь буцааж байна. Хэрэв шаардлага эсэргүүцэж, цагдаагийн биед халдсан зөрчил гаргавал Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна” гэлээ.

Нийслэлд хатуу хөл хорио тогтоогоод 24 хонож байна. Энэ хугацаанд автозамын болон явган зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Харин энэ сарын 8-наас хөл хорионы дэглэмийг сулруулах юм.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг маргааш хэлэлцэхээр түр хойшлуулав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.04) хуралдаан 09 цаг 42 минутад гишүүдийн 68.4 хувь нь ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр товлоод байв.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чөлөөтэй байгаа учраас Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Учир нь шударга ёсны төлөөх тэмцлийн гол хэсэг, шүүхийн шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, хараат бус байдлыг хангах үүднээс Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан. Гэвч цэцийн дунд суудлын хуралдаанаас уг хуулийн зарим хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай болсон, Улсын Их Хурал энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэц ч асуудлыг ухаалгаар авч үзэж, өмнөх шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна.

Иймээс хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан, цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Б.Энхбаяр гишүүний үг, тайлбарыг сонсох шаардлагатай байгаа тул асуудлыг түр хойшлуулах саналтай байна гэлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа шударга шүүхийн төлөө, шүүхийн шинэчлэлийн төлөө байгаагаа хэлээд цэцийн дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэх асуудлыг чуулганы хуралдааны дэгээр зохицуулсан байдаг учраас асуудлыг хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн саналаа илэрхийлсэн юм.

Гишүүдийн саналтай холбогдуулан Байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт гарч, өчигдөр Улсын Их Хуралд ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсох, түүнээс гишүүд асуулт асууж тодруулах хуралдааны дэгтэй. Иймээс тайлбар, мэдээлэл сонсох, асуулт асууж тодруулах бололцоог гишүүдэд олгохыг дэмжиж буйгаа хэллээ.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын саналаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг маргааш хүртэл хойшлуулахаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7, 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 95.3, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дугаар хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд 03 дугаар дүгнэлт гаргажээ.

Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тогтоол батлав

Дараа нь “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны С.Бямбацогт уг тогтоолын төслийн талаар хийсэн танилцуулгадаа, Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хүний эрх хэмгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг хуульд Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллахаар зааж, тус хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн удирдахаар зохицуулсан.

Үүнтэй уялдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд өөрчлөлт оруулж, Комиссыг 6 гишүүнтэй байх, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг Комиссын гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгох зохицуулалтыг тусгаж өгсөн.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан тул Хүний эрхийн Үндэсний Комиссын 6 дахь гишүүнийг энэ хугацаанаас өмнө сонгон шалгаруулж томилон, хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага үүссэн. Иймд сонгон шалгаруулалтыг зарлаж, материал хүлээн авах Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан тухайгаа танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зургаадугаар сарын 10-ны өдрийн хооронд тогтоохоор тусгажээ.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Д.Бадарч: Хүн төрөлхтөн цаашид өнө удаан жил амьдрах цор ганц зам бол байгалиа хамгаалах

-“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨХ ХАМТЫН САНААЧИЛГА, ТҮНШЛЭЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ-

БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний цахим чуулганыг зохион байгуулж байна. Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх уг чуулган өчигдөр нээлтээ хийсэн юм. Уг чуулганыг EDUEXPO.MN сайтаар болон МҮОНРТ-ээр улс даяар шууд дамжуулж байна. БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Тогтвортой хөгжлийн боловсролын хөтөлбөрийг 2018 онд баталсан нь эх дэлхийгээ хайрлаж хамгаалж ирсэн монголчуудын уламжлалт арга ухааныг баталгаажуулсан чухал ажил болсон. Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулдаг уг төслийн хүрээнд одоогоор 30 сургуульд энэ төсөл амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсын хэмжээнд Тогтвортой боловсролын асуудлыг цар тахалтай ийм үед ч ач холбогдол өгч хөндөж, үндэсний хэмжээний чуулган зохион байгуулж байгаа нь сайшаалтай байна” хэмээгээд цахим чуулганд оролцогчдод амжилт хүссэн юм. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Монголчууд бол эх дэлхийгээ хайрладаг, орон нутагтаа сүсэглэдэг, шүтэж харьцдаг, байгальтайгаа зохицон амьдарч ирсэн ард түмэн. Харин сүүлийн жилүүдэд энэ сайхан зан заншил маань алдагдаж ирсэнд хэн хүнгүй харамсдаг. Яг ийм үед Монгол Улсад Тогтвортой хөгжлийн боловсролын асуудал хөндөгдөж, төсөл хөтөлбөр хэрэгжиж буй нь цаг үеэ олсон зөв ажил болж буйг энд цохон тэмдэглэе. Үндэсний хэмжээний ийм томоохон төслийг олон жилийн турш тасралтгүй, зогсолтгүй явуулж буй нь сайшаалтай байна. Үндэсний хэмжээний цахим чуулганд оролцогчдод амжилт хүсье” гэлээ.

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний цахим чуулганы эхний илтгэлийг доктор, профессор Д.Бадарч Канад улсаас тавьсан юм. Тэрээр ШУТИС-ийн “Нээлттэй боловсрол” төвийн зөвлөхөөр ажилладаг юм байна. Д.Бадарч “Тогтвортой боловсролын тухай ярихын өмнө тогтвортой боловсрол бий болох, үүсэх урьтал нөхцөлийн тухай түүх сөхье. 1952 оны арванхоёр дугаар сарын 5-нд Лондон хот нүүрсний утаагаар бүрхэгдсэн. Найм хоногийн дотор 12 мянган хүн угаартаж нас барсан. Нүүрсээр ажилладаг маш олон цахилгаан станцтай байсан нь агаарыг дээд зэргээр бохирдуулсан. Тэр үед Японы Минаматад далайн усанд мөнгөн ус алдагдсан аюултай хэрэг гарсан. Энэ нь дэлхийн хэмжээний томоохон шуугиан үүсгэж байлаа. Үүнээс үүдэж мөнгөн усны хордлогын Минамата гэдэг өвчин ч гарсан. Канадын хуванцрын үйлдвэрт мөн мөнгөн ус алдагдаж, бохирдол бий болсон. Хор хохирлыг нь яаралтай арилгах асуудал ч дэлхийн хэмжээний анхаарлын төвд орсон юм. Арлын тэнгис хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог байсан бол одоо тав дахин багасаад байна. Энэ бүхнийг яагаад энд дурдаад байна вэ гэхээр хүн төрөлхтөн цаашид өнө удаан жил амьд байх цор ганц арга, зам бол байгаль орчноо хамгаалах юм. 1969 онд Медуоз “Өсөлтийн хязгаар” илтгэлдээ “Хүн төрөлхтөн хүнсний хомсдолд орно. Байгаль орчин одоогийнхоосоо илт доройтно” гэж ярьсан нь тухайн үедээ сонин сонсогдож байсан ч 1972 оны Стокольмын хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг дэлхийн хэмжээнд хөндөн гаргаж ирж, улс орнууд үүнд анхаарч эхэлсэн гэж болно. 1992 оны Риогийн том хурлын үеэр ч энэ асуудлыг хэлэлцэж, 2002 онд Йохансбургийн Тогтвортой хөгжлийн тунхаглалыг гаргаж байсан. Үүнээс дэлхий нийтээрээ Тогтвортой хөгжил гэдэг ойлголтыг авч эхэлсэн юм” хэмээгээд цааш нь “Байгаль орчин, эдийн засаг, нийгмийн дэвшлийг тэнцвэртэй авч явах ёстой. Аль нэгийг нь орхигдуулж болохгүй. Экологийн боловсролын асуудлыг анх хөндөн гаргаж ирсэн нь Тогтвортой хөгжлийн боловсролын эхлэл байсан. НҮБ Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил гэж зарлаж, тэмдэглэж байлаа, 2004-2014 онд. Тэр 10 жилийн ажлыг ЮНЕСКО зохион байгуулж ажилласан юм” гэв.

Хүүхдийн хөгжил, боловсрол, хүмүүжилд голлон нөлөөлдөг гурван том хүчин зүйл байдаг юм байна. Нэгдүгээрт, байгаль орчин. Байгаль орчин нь хүүхдийн авьяасыг нээдэг. Хоёрдугаарт, гэр бүл. Гэр бүл бол хүүхдийн авьяасыг хөгжүүлдэг орчин. Гуравдугаарт, юмс үзэгдэл. Юмс үзэгдэл нь хүүхдэд туршлага хуримтлуулдаг. Хүүхэд цэцэг үнэртэж, шувуудын жиргээг чихээрээ сонсож байж байгалийн боловсролыг авдаг болохоос ном харснаар тэр хосгүй боловсролыг олж авахгүй. Юмыг бодитоор харах ёстой. Энэ бүхнээс тогтвортой хүмүүжлийн асуудал ч урган гарна. Дээхнэ үед “Түмэн бодис”, амьтан, ургамал судлалын хичээл ордог байсан. Анги танхимын ийм сургалтыг байгальтайгаа уялдуулж байсан нь тогтвортой боловсрол олгож байсан. Тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг нь мэдлэг цутгах аргыг хэлдэггүй. Иргэд нь боловсрол эзэмшинэ гэдэг тогтвортой хөгжлийн бат суурь юм гэдгийг доктор Д.Бадарч илтгэлдээ онцолж байлаа. Өнөөдөр Монгол орны байгаль доройтож, цөлжилт ихэсч, улаан шороо дэгдэж, олон мянган гол горхи, нуур цөөрөм ширгэсээр байгааг мэргэжлийн байгууллагууд нь байнга мэдээлдэг. Энэ асуудал бол зөвхөн монголчуудын асуудал биш. Нэг оронд байгаль доройтоход хөрш зэргэлдээ орнуудад ч нөлөөлдөг учир тогтвортой хөгжлийн боловсрол бол дэлхийн нийтийн үйл хэрэг юм. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн бодлого хөтөлбөртэй болж, Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжиж, ач холбогдол өгч байгаа нь дэлхийн хэмжээний тунхаглалд нэгдэж, байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцах монголчуудын арга ухааныг дахин сэргээх чухал ач холбогдолтой юм. Цахим чуулганы үеэр тавьсан ганцхан илтгэлээс л ийм өргөн мэдээлэл авч байна гэхээр маш өгөөжтэй арга хэмжээ эхэлжээ гэж харж байна. Энэ удаагийн цахим чуулганы үеэр олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлэгдэнэ. Та бүхэн цахим чуулганы талаар www.eduexpo.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авч, өөрийнхөө үгийг хэлэх боломжийг ч зохион байгуулагчид нь олгож байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын гал сөнөөгчдийн өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын гал сөнөөгчдийн өдөр тохиож байна.

Албан үүргээ гүйцэтгэж яваад гал түймэрт өртөн амь үрэгдсэн Австралийн таван гал сөнөөгчийн дурсгалыг хүндэтгэн 1999 оноос хойш энэхүү өдрийг Европын олон оронд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.

Онцгой байдлын байгууллагад мөр зэрэгцэн зүтгэж байгаа нийт албан хаагчиддаа болон үе, үеийн гал сөнөөгчиддөө Олон улсын гал сөнөөгчдийн өдрийн мэндийг дэвшүүлье гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажил, орлогогүй иргэд хатуу хөл хорионы үед зээлээс зээлийн хооронд аргацааж байна

Хүнсний дэлгүүрүүдэд байгаа иргэдийн өр, зээлийн дэвтрүүд

Цар тахлын дэгдэлтийг хязгаарлах зорилгоор хатуу хөл хориог тогтоосноос хойш дөрөв дэх долоо хоног үргэлжилж байна. Анх хөл хорио тогтооход иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж, уг мөнгөөр сарын турш амьдрах боломжтой хэмээн үзсэн. Тэгвэл нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн есдүгээр хороо буюу иргэдийн хэлж заншсанаар Шар хадны эцсийн гэр хорооллыг зорилоо. Хорооны байрнаас урагш байрлах, Шар хадны эцэст үйлчилгээний цэгүүд төвлөрч, иргэдийн хөл хөдөлгөөн үл тасарна. Нэг үйлчилгээний байрыг цагдаагийн хамгаалалтад авч, тэр хавиар 3-4 алба хаагч үүрэг гүйцэтгэж байв.Мөн хорооны байрны урдуур тууз татаж, нэвтрэх боломжгүй болгожээ. Өрхийн эмнэлэг л ажиллаж байгаа аж. Бид хорооноос хойш чиглэж захын гэр хорооллын айлуудыг зорилоо. Хойшоогоо нэлээн бартаа саадтай юм. Уулархаг тул өгсүүр, мөн жалга, хад асга ихтэй аж.Гэвч энэ бүхнийг хүүхдүүд үл анзааран гадаа халтайн тоглоно.

Бидний эхний орсон айл Э-гийнх байв. Уулын энгэр бараадаж, налуу газрыг тэгшилж гэрээ барьсан энэ айл гурван ам бүлтэй. Гэр бүлийн хоёр, хүүгийнхээ хамт амьдардаг. Мөн орон нутгаас нөхрийн найз ирж хөл хорионд орсон тул тэднийд “толгой хоргодож” байгаа аж. Хүү нь сурдаг. Мөн хөл хорионд орсон тул ажилгүй. Эхнэр боловсролын байгууллагад үйлчлэгчийн ажил хийдэг байна. Харин гэрийн эзний хувьд эрхэлсэн ажилгүй. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажиллах боломжгүй тухайгаа хэлэв. Тиймээс өрхийн орлого нь эхнэрийн цалингаас бүрддэг байна. Энэ нь ойролцоогоор 300 гаруй мянган төгрөг болдог гэнэ. Уг орлогоос банк бус санхүүгийн байгууллагад 120 мянган төгрөгийн зээл төлдөг. Мөн автобус унааны мөнгөө хасахаар цаана нь 100 гаруй мянган төгрөг үлдэж, хүнсээ залгуулдаг аж. Өөр нэмэлт орлого байхгүй. Хорооноос ямар нэгэн дэмжлэг туслалцаа авдаггүй хэмээн ярилаа. Танайх төрөөс олгосон 300 мянган төгрөгөө авсан уу хэмээн асуухад Э “Мөнгөө авсан. Хүү мөнгөө өөртөө зарцуулсан. Гар утас авна гэхэд нь болохгүй гэж хэлж чадаагүй. Эхнэр бид хоёр 600 мянган төгрөгөөсөө хоол унд базааж, өр зээлээ дараад дууссан” гэв. Хэдийгээр Засгийн газраас хатуу хөл хорионы үед хүнсэнд зарцуулах зорилгоор иргэн бүрд 300 мянган төгрөг олгосон ч ихэнх айл өрөө дарахад зориулжээ. Э-гийн тухайд гурван хүүхэдтэй. Охин нь бэр болоод явсан. Харин дунд хүү нь хэдэн жилийн өмнө золгүй тохиолдлоор нас барсан аж. Тухайн үед оршуулгын зардал мөнгө байхгүй тул танилаасаа 3 сая төгрөг зээлж, ажил явдлыг гүйцэтгэсэн байна. Одоо энэ зээлээ төлдөг. Саяхан авсан 300 мянган төгрөгийнхөө ихэнхийг уг зээлэнд явуулжээ.

Гэрийн эзний хувьд нас 60 дөхөж яваа. Тэтгэвэрт гарах болоогүй. Ажил хийе гэхээр бас болдоггүй гэнэ. Зүрх судасны өвчтэй, даралт байнга хэлбэлздэг байна. Өчигдөр хороо орж вакцинжуулалтад хамрагдах хүсэлт гаргасан ч даралтыг нь үзээд эрсдэлтэй хэмээн буцаажээ. Э “Бие муутай, архаг хууч өвчтэй боловч амьдралаа авч яваа мань мэтийн хүмүүсийн хувьд энэ хөл хорио тун хүнд тусч байна. Одоо вакцин хийлгэсэн хүн гадуур зорчиж, ажил амьдралаа залгуулж болно гэж яриад байгаа. Хэрэв вакцин хийлгээгүй бол халдвар тараана гээд гадуурхах, шахах шинжтэй. Гэтэл би вакцинд хамрагдаад ажил төрөлд орж амьдралаа залгуулаад явъя гэхээр даралт тогтворгүй хүнд хийхгүй гэж байна. Вакцин хийлгэж чадахгүй бол эхнэрийн гарыг хэдий болтол харах вэ” хэмээн ярив.

Тэрбээр хөл хорио дуусахад Баянзүрх дүүргийн хогийн цэг болох Цагаан овоо руу явж ажиллах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа хэлэв. Уул даваад шулуухан алхвал нэг км гаруй гэнэ. Харин тойрч явбал 4-5 км болдог байна. Шулуухан алхаад орчихъё гэхээр зүрх судасны өвчнөөс болж өгсүүр газар явж чадахгүй байгаа аж. Тойроод алхана гэхээр цагдаа нар явуулахгүй тул гэрийн мухар сахихаас өөр аргагүй байна хэмээв. Өглөө эртлэн гарч, Цагаан овооны хогийн цэгээс түүхий эд цуглуулж тушаахад өдөрт 20 гаруй мянган төгрөгийн орлого олдог байна. “Хүүгээ яваад түүхий эд цуглуул гэхээр дургүйцдэг. Арга ч үгүй биз. Залуу хүүхэд хогон дунд ажиллахаас ичнэ. Хөл хорио дуусчихвал хүү маань бага сага ажил хийгээд нэмэртэй” хэмээн ярив. Тэдний хөргөгчийг үзлээ. Хүнс гээд байх зүйл алга. Өмнө нь авсан махнаас үлдсэн өөх, гэдэс дотор зэрэгхэн байв. Махны үнэ өссөн тул хуурай идэх зүйлээр ихэвчлэн болгож байгаа гэлээ.

Бид цааш хөдлөв. Замд аль хэдийнэ хэрэглээнээс хасагдсан хэмээн бодож явсан excel,elentra загварын хуучны автомашин хад асгатай бартаан дунд сэгсчин зүтгэнэ. Сонирхолтой санагдав. Уруудах үед тэтгэврийн хөгшин Ж-тэй тааралдлаа. Тэрбээр банкны карт нь гарсан тул түүнийгээ авахаар төв рүү бууж яваа аж. Хорооны ажилд сайн дураараа оролцож, судалгаа авах зэргээр энэ хавиар байнга хэсдэг тул иргэдийн ахуй амьдралыг сайн мэднэ гэсээр хэсэг зуур хуучлав. Иргэдийн хувьд худагнаас ус авах үед өөр хоорондоо мэдээлэл солилцох нь түгээмэл байдаг аж. Иргэн Ж “Ер нь хөл хориог сунгаснаас хойш амьдрал улам хүнд боллоо. Хүмүүстэй уулзахад арга тасарч эхэллээ гэж ярьж байна. Энэ нь ч үнэн. Хамгийн гол нь манай захын гэр хорооллоор төрийн албан хаагчид байхгүй. Би энэ хавийн айлуудыг сайн мэднэ. Төрийн албанд ажилладаг хүн бараг байхгүй дээ. Бүгд л хувиараа юм хийж, эсвэл хувийн байгууллагад ажиллаж байна. Гэтэл хөл хорио гээд бүх үйл ажиллагааг нь зогсоочихсон. Ингэхээр ажилгүй нам суучихаж байгаа юм. Олон хүүхэдтэй айл харьцангуй гайгүй. Бусад нь ажил, орлогогүй тун хүнд байна. Бас нэг зүйл нь гэр хорооллын 45-аас дээш насныхны эрүүл мэнд муу шүү. Амьдарч байгаа орчин нөхцөл, утаа униараас ч болдог байх. Нөгөө талаар эрүүл мэнддээ анхаарал халамж тавьдаггүй, хэнэггүй байдал ч нөлөөлж байгаа биз. Эндээс болоод вакцин хийлгэж болохгүй байна гэсэн иргэн олон байгаа. Архаг хууч өвчтэй бол эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлчихнэ гэж эмч нар болгоомжилж байгаа нь аргагүй байх. Гэхдээ вакцин хийлгэж чадахгүй бол эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалж, цаашид ажиллаж хөдөлмөрлөх вэ” хэмээн ярьсан юм. Түүний 300 мянган төгрөг хувьцааны дансанд нь оржээ. Уг дансан дээр банкны картгүй байсан тул захиалсан байна. Карт нь гарсан. Тиймээс картаа авч, 300 мянган төгрөгөө авахаар яаран яваа нь энэ байв. Тус хорооны иргэдийн 15 хувь нь иймэрхүү шалтгаанаар 300 мянган төгрөгөө аваагүй байгааг хэлэв.

Бид тэр хавийн хоёр ч дэлгүүрээр орсон юм. Иргэн Б найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тухайн хэсэгтээ хамгийн олон үйлчлүүлэгчтэй гэв. Түүнчлэн ааш зан сайтай тул зээл тавихад амар байдаг бололтой.Хүмүүс зээл хэр их тавьж байна вэ гэсэн асуултад Б “Зээл тавих нь байнгын үзэгдэл шүү дээ. Яах ч аргагүй болчихлоо, хүүхдүүд өлсөөд болдоггүй гэж хэлээд ороод ирэхэд зээлэхээс өөр аргагүй байдаг” хэмээн ярив. Тэрбээр том цаасан дээр зээл тавьсан хүмүүсийн нэрсийг утасны дугаартай нь бичжээ. “Дэлгүүрүүд ихэвчлэн зузаан дэвтэр дээр өр зээлийг бичдэг. Би тэгэх дургүй. Зээлийн хар дэвтэр дээр хүний нэр мөнхрөөд яваад байх муухай шүү дээ. Тиймээс том цаасан дээр тэмдэглэл хийгээд дор бүр нь устгаад яваад байдаг” гэв. Түүний үзүүлсэн цаасан дээр хөл хорио тогтоосноос хойш өр тавьсан жагсаалтууд байгаа аж. Дунджаар 150 шахам зээлийн бүртгэлийн мэдээлэл байгаа гэв. 300 мянган төгрөг олгож эхлэхэд ихэнх зээлүүд дарагдсан байна. Харин хөл хорио сунгасны дараагаар шинээр зээл авах иргэд нэмэгджээ. Б “300 мянган төгрөгийг зөвхөн хүнсэндээ зарцуулна гэж байхгүй. Мэдээж хүмүүсийн ухамсраас шалтгаалж архи дарс авах нь бий. Нөгөө талаас уг мөнгөний ихэнх нь өрөнд явж байгаа. Манай дэлгүүр л гэхэд хүмүүст 300 мянган төгрөг олгосны дараа бүх өрөө хурааж авсан. Ингээд үлдсэн мөнгөөрөө хүмүүс хоол хүнсээ базаагаад дуусч байгаа юм” хэмээн ярилаа. Тус өдөр хүүхдийн мөнгө олгож байсан учир дэлгүүрээс зээл тавихаар орж ирсэн иргэн одоогоор алга хэмээв. Энд нэг олзуурхууштай нь хүнсний компаниудын түгээлтийн жолооч нар нийлж тэр хавийн эмзэг бүлгийн айл өрхүүдэд тусламж дэмжлэг өгдөг байна. Саяхан л гэхэд таван айлд гурилан бүтээгдэхүүн хандивлажээ. Үүнд “Суман гүн”, “Лавай трейд” зэрэг компанийн нэрийг дурдаж, олон түмэнд их буян болж байна хэмээсэн юм.

Дэлгүүрт хэсэг саатах үед нэгэн эмэгтэй хоёр уут боорцог, нэг кг-ын савлагаатай гурилаас гурван ширхэгийг зээлээр аваад гарав. Түүний араас очиж товчхон ярилцахыг хүсэхэд санаа зовсон байдал нүүрэнд нь илт тодорч байна лээ.Ам бүл зургуулаа. Гурван хүүхэд, өндөр настай аав, ээжийн хамт амьдардаг байна. Аав, ээж нь асаргаа шаарддаг. Төрөөс олгох халамж, хөнгөлөлт, тэтгэвэр нь эм тарианд яваад дуусдаг аж. Хүүхдийн мөнгө орж ирдэг ч хаанаа ч хүрдэггүй байна. Хотын төвд нэгэн компанид үйлчлэгчийн ажилтай ч хөл хорионоос болж ихэнх хүн гэрээсээ ажиллаж байгаа тул түүнийг ажлаас нь чөлөөлжээ. Хөл хорио дуусахад яаралтай ажил олж хийх хэрэгтэй байгааг хэлсэн юм. Төрөөс танай гэр бүлд 1.8 сая төгрөг олгожээ. Энэ мөнгөө яасан бэ гэхэд “Манайх хашааны зээлтэй. Сүүлийн саруудад зээл нь хуримтлагдаад, байнга нэхэж байсан. Тэнд сая төгрөгийг нь өгсөн. Үлдсэнээр нь хүнсээ базааж, хүүхдүүддээ хэрэгцээт зүйлийг нь авч өгөөд, эм тарианд үлдсэнийг нь тушаагаад дууссан. Мэдээж төрөөс өгч байгаа хайр хишгийг голж болохгүй. Гэхдээ амьдралын өртөг маш өндөр болсон. Үүнийг дээдсүүд сайн мэддэггүй юм шиг. Мах кг нь 13000 төгрөг. Боорцог гэхэд л 4000 төгрөгөөс дээш байна. 100 мянган төгрөг их юм шиг боловч дэлгүүр ороод гарахад ганц тор л болно” хэмээв. Тэндээс доош уруудаж, зэргэлдээ дэлгүүр орлоо. Тус дэлгүүрийн тухайд зээл огт өгдөггүй аж. Өмнө нь зээл өгөөд 2-3 сая төгрөгийн алдагдалд орсон тул одоо хэнд ч зээл олгодоггүй гэв.

Иргэдийн нөхцөл байдал сайнгүй байна. Бид доош уруудаж, сурвалжлага эхэлсэн цэг буюу Шар хадны эцэст очиход хүмүүсийн хөл хөдөлгөөн их байв. Хүүхдийн мөнгө олгох өдөр хөл хөдөлгөөн ийн ихэсдэг байна. Хорооны өмнөх талбай жирийн өдрүүдэд такси эрхлэгчдийн унаагаар дүүрдэг байсан бол одоо эл хуль. Гэр хорооллоор сурвалжлага бэлтгэж явахад иргэд цар тахлаас илүүтэй хэрхэн амь зуух вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулж байгаа нь анзаарагдаж байсан юм. Орсон айлд гар ариутгах шингэн байхгүй. Зарим нь ханиад хүрсэн юм хэмээн ханиалгана.

Г.БАТ