Categories
мэдээ нийгэм

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.04) хуралдаанаар Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төсөл-ийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан цахимаар оролцож, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд КОВИД-19 цар тахалтай тэмцэх хүрээнд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, халдварын тархалтын эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс сэргийлэх, бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүйгээр иргэдэд хүргэх үүднээс эрүүл мэндийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг хугацаа алдалгүй худалдан авах чиглэлээр хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллаж, 300 сая ам.доллар хүртэлх хэмжээтэй хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байна. Мөн нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, 2021 оны долоодугаар сар хүртэл нэмэгдсэн дүнгээр олгохоор шийдвэрлэсэн.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн хөтөлбөр, цар тахлын нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмж худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг тус тус батлуулан хэрэгжүүлж байна.

Улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байгаа хэдий ч цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, ялангуяа “өндөр эрсдэлтэй” бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гаднын нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай хэвээр байгаа. Түүнчлэн цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад үргэлжлүүлэн бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байна.

Иймээс “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийн хүрээнд 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирсон. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь вакцин худалдан авах санхүүжилтэд тус тус зарцуулна гэдгийг Сангийн сайд тодотголоо.

“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар танилцуулав.

Хууль санаачлагчийн танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Баттөмөр нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн”-ийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь буюу 75 хувь нь дэмжиж зөвшилцөв. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпийн үеэр дотоодын үзэгчдээ цэнгэлдэхэд оруулах эсэхийг ирэх сард шийднэ

Нэг жил хойшлогдсон Токиогийн олимпийн наадам долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. Шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэн, энэ удаад олимпын наадамд гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй болсон. Харин дотоодын үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнд оруулах эсэхийг ирэх зургаадугаар сард шийдэх юм байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймагт өнөөдрөөс алба хаагчид морьтой эргүүл хийнэ

Дархан сумын хэмжээнд өнөөдрөөс эхлэн Цагдаагийн алба хаагчид морьтой эргүүл хийж эхэллээ. Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд явганаар явах боломжгүй гэр хорооллын багуудад эргүүл хийх аж. Уг морьт эргүүлтэй болоход аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Насанбат Цагдаагийн газарт дэмжлэг үзүүлж 16 сая төгрөгийн санхүүжилт шийджээ. Тус мөнгөн хөрөнгөөр 6 морь, 10 эмээл, 10 хазаар авсан аж.

Ингэснээр зөвхөн цар тахлын үед бус тээврийн хэрэгсэл болон явганаар явах боломжгүй гэр хорооллын гудамж талбайд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах боломжтой боллоо.

Categories
гадаад мэдээ

Мексикт метроны гүүр нурж, 15 хүн амиа алджээ

Мексикийн нийслэл Мехико хотод 12 дугаар шугамын метроны гүүр нурж, 15 хүн амиа алдаж, 34 хүн эмнэлэгт хүргэгджээ.

Уг гүүрний нэг баганыг автомашиин мөргөсний улмаас нурсан гэж таамаглаж байгаа аж .

Тус осол орон нутгийн 22:25 цагт “Оливос” ба “Тесонко” өртөөний хооронд болсон байна.

Mexico City Metro - Wikipedia

20 Dead, Dozens Hurt As Elevated Train Collapses In Mexico - thenewwatcher

Mexican train bridge collapses, killing 13 - NewsFinale

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт вакцинд хамрагдана

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 3-нд иргэдээс нийт 249 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.57 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 32 иргэн хандсанаас 15 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 17 иргэнтэй оператор ажилтан холбогдож, ­­­мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 79 буюу 48 хувийг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий QR кодын талаар, 20 буюу 12 хувийг дархлаажуулалтад хэзээ, хаана, хэрхэн хамрагдах тухай, 66 буюу 40 хувийг бусад дуудлага эзэлж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын 114 цэгт 296 багийн 2310 эмч, ажилтан ажиллаж, 75632 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

-Хотод байгаа хөдөө, орон нутгийн харьяалалтай иргэд хэрхэн вакцинд хамрагдах вэ?
-18-аас дээш насны нийслэлийн иргэд харьяа дархлаажуулалтын цэг дээр вакцинд хамрагдана. Харин хөдөө, орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэг дээр иргэний үнэмлэхтэйгээ очиж, I, II тундаа хамрагдах боломжтой.

-ПСР шинжилгээ хаана авч байгаа вэ?
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.

Тавдугаар сарын 4-нд дараах цэгүүдэд ПСР шинжилгээ авна.

  1. Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль.
  2. Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль
  3. Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль
  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын “Номин” агуулахын гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай

Эх сурвалж: Ннийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван хөтөлбөр хэрэгжинэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний 01 дүгээр тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг баталсан. Үүний дагуу улсын хэмжээнд нийт таван хөтөлбөр хэрэгжихээс гурав нь нийслэлд хэрэгжих юм. Тодруулбал,

  1. Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах,
  2. Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд Малчдыг малжуулах арга хэмжээ, Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээ,
  3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Оюутан залуучуудыг цагийн ажилд зуучлах арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөл хуралдаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Сандагсүрэн хэрэгжүүлэхээр батлагдсан хөтөлбөрийн хүрээнд үргүй зардал гаргахаас сэргийлж, үр бүтээлтэй ажиллахыг анхааруулсан юм. Мөн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албадын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж, иргэд ажилгүй байгаа шалтгааныг олж, ажилгүй иргэдийн тоог нарийвчлан гаргах хэрэгтэйг хурлын үеэр онцоллоо.

Иргэд ажил олгогчдын санал болгосон ажлын байрны мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын цахим сайт болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албадаас авах боломжтой юм. Түүнээс гадна Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар иргэдэд түргэн, шуурхай мэдээлэл хүргэх зорилгоор чатбот ажиллуулж эхлээд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Таван толгой” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар боллоо

“Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн № 21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөгийн ногдол ашиг тараахаар байсныг өөрчилж, нэгж хувьцаанд 535 төгрөг буюу нийт 28.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан ногдол ашиг тараахаар болсон байна

Categories
мэдээ нийгэм

QR кодыг зориулалтын бусаар ашигласан 499 автомашины зөвшөөрлийг цуцалжээ

Өнөөдрийн байдлаар 499 автомашины QR кодын цуцлаад байгаа талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээлэл өглөө.

Дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод автомашинууд QR бүхий зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн.

Энэ 499 зөрчил ердөө 9 хоногийн дотор бүртгэгджээ.

Энэ нь хоногт 55 орчим иргэн QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглах зөрчил гаргасан гэсэн үг юм.

Улсын онцгой комиссын даргын 2021.04.25-ны өдрийн №37 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу дараах тохиолдолд “QR код” зөвшөөрлийг хураан авч хүчингүй болгох арга хэмжээ авах зохицуулалттай.

Тухайлбал:

  • Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол;
  • Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд байрлуулж ашигласан бол;
  • Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол;
  • Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол;
  • Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол;
  • Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол “QR код” зөвшөөрлийг хүчингүй болох арга хэмжээг авахаар зохицуулжээ.

Хөл хорионы дэглэм тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иймд үлдсэн өдрүүдэд иргэд дэглэмээ чанд мөрдөн онц шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-СУРВАЛЖЛАГА: “Эмээлт”-д ноолуур 110-150 мянган төгрөгийн үнэтэй байна

Ноолуурын үнэ ямар байгаа талаар Улаанбаатар хот дахь түүхий эдийн төвлөрсөн цэг “Эмээлт” захаас сурвалжиллаа.

Энэ жил бүтэн жилийн өнжмөл ноолуур тушааж байгаа малчид их байгаа аж.


Эхлээд “Эмээлт” захын ноолуур ченж Н.Цогтсайханаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр Энэ жилийн ноолуурын ханш 110 мянгаас эхэлсэн. Яг одоо би 110-120 мянган төгрөгийн хооронд авч байна.

Жаахан бүдүүн ширхэгтэй говийн ноолуур кг нь 100-110 мянга, нарийн ширхэгтэй зүүн аймгийн ноолуур кг нь120-150 мянган төгрөгийн ханштай байна. Гуравдугаар сараас хойш төвийн бүсийн ноолуурын ханш өсөөгүй харин зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн ноолуурын ханш өссөн үзүүлэлттэй байгаа. 

Одоо ирж байгаа ноолуур ихэнх нь төв аймгаас 100-120 мянган төгрөгийн ханшаар нийлүүлж байна. Хөл хориотой байгаа болохоор өдөрт 100-200 кг ноолуур авч байгаа. Малчид биечлэн ирэх боломжгүй байгаад байна. Тухайн аймаг, сумынхаа ченжүүдэд өгч байгаа байх. “Эмээлт”-д зогсож байгаа ченжүүдийн ханшны зөрүү ганц хоёр мянган төгрөг л байгаа.

Гэхдээ энэ жилийн хувьд ноолуур харьцангуй боломжийн үнэтэй байна. Өмнө жил баруун аймгийн ноолуур кг нь 50-60 мянган төгрөгийн ханштай байсан. Харин зүүн аймагт дөнгөж кг нь 100 мянгад хүрсэн.

Мөн өмнө жил Засгийн газар ноолуурыг 100 мянгаас буулгахгүй авна гэснээс болж бүтэн жил ноолуураа дарсан малчид цөөнгүй байна. Өнжмөл ноолуур их ирж байгаа. Бүтэн жил дарагдсан ноолуурын чанар мэдээж мууддаг. 

Ийм ноолуурыг 80-90 мянган төгрөгөөр авч байна. Энэ жилийн ноолуурын хувьд ч бас чанар муу ирж байна. Ихэнх нутгаар салхи шороотой байгаа учраас шороотой ноолуур ирнэ. Ирсэн ноолуураа одоогоор эргэлтэд оруулж гаргаж чадахгүй хадгалж л байна. Хөл хорио тавигдахаар л урагшаа гаргана. Ноолуур ч их хэмжээгээр ирэх байх гэж бодож байна” гэлээ.

Ноолуурын ченж Ж.Эрдэнэбилэг Миний хувьд “эмээлт” зах дээр орж ирсэн ноолуурыг кг нь 105-117 мянган төгрөгөөр худалдан авч байна. Шороогүй, нарийн ширхэгтэй ноолуурыг кг нь 117 мянгаар, шороо ихтэй бүдүүн ширхэгтэй бол 110 мянгаар гэх мэт ноолуурын чанараас хамаарна.

Мөн Говь-Алтай, Дорнод, Увс зэрэг аймгуудын ченжүүдэд мөнгө өгч ноолуур тэнд нь хурааж байгаад татаж авдаг. Өнөөдөр л гэхэд 9 тонн ноолуур буусан байна.

Дорнод аймгаас 153 мянга, Увсаас 120 мянга, Говь-Алтайгаас 130 мянгаар гээд килограммын үнэ чанараасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй. 

Өнөөдрийн байдлаар нийт 76 тонн ноолуур аваад байна. Миний хувьд жил бүрийн хаврын хагас гэхэд 150-200 тонн ноолуур авдаг гэхэд энэ жил ноолуурын гарц болон нийлүүлэлт их муу байна. Үүнд хөл хорио их нөлөөлж байна. Хорио тавигдахаар ноолуурын нийлүүлэлт нэмэгдэх байх гэж бодож байна. Өнжмөл ноолуур миний хувьд бол авахгүй байна. Одоо авсан ноолуураа угааж самнаад экспортод гаргахад бэлдэнэ. Зохих журмын дагуу Хятад болон Турк улс руу гаргана” гэсэн юм.

Эдгээр ярианаас үзэхэд малчид өмнө жил үнэд хүрнэ хэмээн ноолуураа бүтэн жил хадгалснаас үүдэн энэ жил бага үнээр өгч байгаа бололтой. Удаан хугацаанд хадгална гэдэг ноолуурын чанар сөргөөр нөлөөлдгийг “Эмээлт” захын ченжүүд ам уралдан хэлж байсан юм.

Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаарын байдал тогтворгүй байгаа билээ. Ялангуяа сар гарны өмнө гамшиг нүүрлэсэн Дундговь, Говь-Алтай, Говь-сүмбэр аймгуудын малчид ямаагаа хараахан самнаж амжаагүй гэнэ. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн малчин С.Самданпүрэвээс тодрууллаа. Тэрээр “Манай аймгийн зарим малчид ямаагаа самнаад л байх шиг байна. Аймагт ноолуур үнэ 95-110 мянган төгрөгийн хооронд дуулдсан. Харин Төв аймагт шороо ихтэй бол 112 мянга, харин нутгийн ноолуураа 115 мянгаар авч байна гэсэн шүү. Ер нь шороон шуурга их тавьж байгаа учир шороогүй ноолуур гэж хаа байхав дээ” хэмээв.

Хөдөө Аж Ахуйн Биржээс ноолуур хэдэн төгрөгөөр борлуулахаар тогтсоныг тодруулахад ” Манайх одоохондоо хөл хорио гээд ажиллахгүй байгаа” гэсэн юм.

Харин дөрөвдүгээр сарын 1-нээс Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар “Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг шинэчлэн баталжээ.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд Олон улсын мал эмнэлгийн цахим гэрчилгээ авахад “Хөдөө аж ахуйн биржээр арилжсан бараа, түүхий эдийн тодорхойлолт”-ыг шаарддаг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд болох ямааны ноолуур, хонь, тэмээний болон завод ноосыг экспортод гаргахдаа заавал биржийн арилжаанд оролцсон тодорхойлолтыг үндэслэн цахим гэрчилгээг олгох юм. Уг гэрчилгээг авсан биржийн ноос ноолуур экспортод гарах боломжтой болж байгаа аж.

н.цогзолмаа

Categories
гадаад мэдээ

Бээжинд анх удаа автомат жолоодлоготой такси үйлчилгээ нэвтэрчээ

Хятадын технологийн аварга “Байду” компани өнгөрсөн долоо хоногт жолоочгүй таксинуудаа үйлчилгээнд гарган автомат жолоодлогыг Хятадад нэвтрүүлсэн анхны компани боллоо.

“Байду” компанийн өмнө нь Бээжинд туршиж байсан жолоочгүй таксинуудыг бодвол энэ удаагийн таксинууд жолооны хүрдний ард аюулгүй байдлын үүднээс хүн суулгахаа больсон байна. Түүний оронд шинэ таксинуудын зорчигчийн урд суудалд ямар нэг аюултай нөхцөл байдалд арга хэмжээ авах зорилгоор ажиглагч суух аж.

Эхний ээлжинд 10 “Аполло” такси Бээжингийн зүүн хэсгийн Шоуган цэцэрлэгт хүрээлэнгийн нийт гурван км.кв талбайд нийт найман зогсоолын хооронд 18-60 насны зорчигчдод үйлчлэх гэнэ. Харин нэг зогсоолын зорчих үнэ 30 юань аж.

Тус цэцэрлэгт хүрээлэн өмнө нь ган төмрийн үйлдвэрийн газар байсан бөгөөд хожим 2022 оны Бээжингийн олимпод зориулан цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан аж. Зорчигчид “Apollo Go” гар утасны аппликэйшн ашиглан таксигаа дуудах бөгөөд ирмэгц нь бичиг баримтаа шалгуулан суух аж. Мөн зорчигч заавал бүсээ бүсэлсэн цагт такси автоматаар явж эхлэх гэнэ.

Бээжинд анхны жолоочгүй таксины үйлчилгээ нэвтэрлээ