“Алдарт эхийн одон”-гоос татгалзсан З.Буянзултай ярилцлаа.
-Таныг “Алдарт эхийн одон”-гоос татгалзсан гэж сонслоо. Юуны өмнө та өөрийгөө товч танилцуулж болох уу?
-Намайг Зоригтын Буянзул гэдэг. 4 хүүхэдтэй. Манай гэр бүл “Ургах наран Жолоо” ХХК гээд барилгын бөөний худалдаа эрхэлдэг жижигхэн компанитай. Одоогоор ковидын хүнд нөхцөл байдлаас болоод үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байдалтай байна. Бусад жижиг дунд бизнес эрхлэгчдийн адил банкны зээлээ төлж чадахгүй гацсан байдалтай гэртээ сууж байна. Би 10-аад жил худалдагч хийж, лангуу түрээслэж амьдардаг, эгэл жирийн эмэгтэй.
-Ямар учир шалтгаанаас болж та энэ одонгоос татгалзаад байгаа юм бэ. Юу болсон талаар уншигчдадаа ярихгүй юу?
– “Алдарт эхийн одон”-г авахуу? яах вэ? гэж бараг хоёр жил бодсон. Эхэндээ хүүхдээ нэг нас хүрэхээр авна гээд бусдын л адил баяртай байсан. Сүүлдээ надад ямар ч хэрэггүй зүйл гэдгийг ойлгосон. 20 настай нэг охин алдарт эхийн одон авахад цахим ертөнцөд ихэнх нь муухайгаар хэлж доромжлосон тэр явдал надад “Алдарт эхийн одон”-гоос татгалзах сэдэл болсон. Ер нь сүүлийн үед олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа эгэл бор гэр бүлийг гутаан доромжлох хандлага ихэссэн шүү дээ. Найз нөхөд ах дүүгийн хүрээнд ч олон хүүхэд гаргаснаараа гадуурхагдах тал бий. Би ч гэсэн удаа дараа амжилттай яваа хүмүүсийн зүгээс ирдэг иймэрхүү ялгаварлал, гадуурхлыг мэдэрсэн. Мөн одонгоос татгалзах шалтгааныг улам эргэлзээгүй болгосон нэг зүйл бол миний олон жил ажиллаж амьдарсан гэр хорооллын байгаа байдал, тэнд байгаа хүмүүсийн амьдрал юм. Гэр хороололд сайн сайхан амьдардаг хүмүүс байгаа ч, хүнд хэцүү амьдралтай хүмүүс мөн их байдаг. Олон хүүхэдтэй ядруухан яваа ээжүүдийг хараад их өөртэйгээ, ээжтэйгээ адилтгаж өрөвддөг.
Архичин аавтай хүүхдүүдийг өөрийнхөө хүүхэдтэй адилтгаж өрөвддөг. 10 жилийн өмнө ах, эгч ээ гээд гүйж байсан хүүхдүүд архинд орчихсон гудманд гарчихсан байхыг хараад эмзэглэсэн. Нөхөр нь архичин хүүхдүүд нь архичин ганцаараа ажил хийгээд амьдралаа болгохгээд явж байгаа алдарт эх ч байдаг. Хүнсний талоноор авсан гурил будаа, ургамлын тосоо архиар солих гээд дэлгүүрээр явдаг. Халамж, хүүхдийн мөнгө буухаар архидалт ихэсдэг. Эр эм гэлтгүй ууна, хараал урсгана, зодолдоно. Би автобусны буудал дээр байрладаг худалдааны төвд лангуу түрээслэдэг байсан болохоор орж гарсан хүмүүсийн ихэнхийг нь мэддэг болсон. Болохоосоо болохгүй амьдралтай хүмүүс их. Эхэндээ тоодоггүй байсан. Хүүхдүүд өсөөд том болоод сургуульдаа ганцаар явж, найз нөхөдтэйгээ орж гардаг болоод ирэхээр яалт ч үгүй хүүхдийнхээ ирээдүй, аюулгүй байдалд санаа зовдог юм байна. Мөн нөхөр бид хоёр өглөөнөөс үдшийн бүрий болтол хувиараа юм хийж байна гэж гүйгээд санасан боломжийн амьдралдаа хүрэхгүй байлаа.
Ингээд үр дүнгүй халамжийн мөнгөнөөс илүү амьдралд маань нөлөөлөх боломж нөхцөл, ажиллаж амьдрах таатай орчин байхгүй болохыг, төр биднийг хайхардаггүйг мэдсэн. Чи ийм ядуу бол, ийм байдалтай бол чамд тэдэн төгрөг олдоно гэхээс биш ингэж ажиллавал ийм дэмжлэг байна гэдэг зүйл хувиараа жижигхэн юм хийдэг над шиг хүмүүст байхгүй байсан. Гэтэл би ядуу амьдармааргүй, хүүхдүүдээ ядуу хүн болгомооргүй байдаг. Тэгээд яагаад ийм байх ёстой юм? Яагаад улс орон ийм дорой байгаа юм? Би ч дуусч. Хүүхдүүд минь цаашид яаж амьдрах юм бол? гээд бодоод л явдаг болсон. Тэгээд удаан бодсоны эцэст учрыг нь олох шиг болсон.
Хүн бэлэн юм авах тусмаа амьдрал ахуйн хувь ч сэтгэлгээний хувьд ч улам ядуурдаг юм байна гэж. Бүр авах албатай юм шиг болчихсон ийм нийгмийн давхарга үүсээд хүрээгээ тэлээд байна гэж харсан. Ажилгүйдэл, архидалт, гэмт хэрэг, хөдөлмөрийн мөлжлөг, ядуурал энэ бүхэн “би ядуу юм чинь, бид ядуу юм чинь” гэдэг сэтгэлгээнээс үүсдэг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд “Манай улс халамжийн хавтгайрсан бодлогоосоо татгалзахгүй бол хэзээ ч бид, бидний үр хүүхэд боломжийн амьдрахгүй юм байна гэдгийг ухаарсан. Би үүн дээр юу хийж чадах вэ гэж их хайсан. Надад хийж чадах юм байгаагүй. Би чинь нийгэмд нөлөөлж чадах хэмжээний хүн биш, зүгээр нэг худалдагч, олон хүүхэдтэй ээж шүү дээ. Гэсэн ч халамжаас татгалзах хэрэгтэй, яаж татгалзаж болох вэ гэж бодсоор л байлаа. Тэгээд надад байгаа зүйл 4 хүүхэд маань, “Алдарт эхийн одон” авах болзол л байсан. Ингээд л үүгээрээ л дэнчин тавьж дуугарсан.
“Ээжүүд маань дуугараад эхлэвэл нөлөөлж чадна. Ээжүүд халамжаас татгалзаад ирэхээр бусад хүмүүс ч гэсэн татгалзаж ажил хийхийг илүүд үзнэ” гэж бодсны үүднээс би “Алдарт эхийн одон” түүнийг дагасан халамжаас татгалзаж байгаа.
Түүнээс биш алдарт эхчүүдийн эсрэг үйлдэл биш шүү. Бидэнд одон болоод жаахан мөнгө биш хүүхдэд минь цэцэрлэг, аюулгүй эрүүл өсөх орчин, ирээдүйд итгэлтэй алхах эх орон, бидэнд боломжийн цалин хэрэгтэй байна. Тэгвэл бид өөрсдөө амьдралаа чирнэ л гэсэн санаа юм. Үнэхээр миний энэ уриалга ажил хэрэг болоод явбал, халамжаас татгалзаж ажил хийх сонирхолтой хүмүүс ихсэхийн зэрэгцээ, мөн төрийн бусад одон тэмдэг, медалийн хур бороо шиг асгардаг шударга бус явдал татрах байх. Ээжүүд одонгоосоо татгалзаж чадвал бусад одон тэмдгийн хойноос хошуурдаг хүмүүс ичих байх.
–Монголчууд “Алдарт эхийн одон” бол хамгийн шударга одон гэдэг. Ийм шийдвэр гаргаснаа та өөрийн фэйсбүүк хаягнаасаа лайв хийж хүмүүст хүргэжээ.
–Харин тиймээ, миний хувьд ч гэсэн “Алдарт эхийн одон”-гоо авмаар л байна ш дээ. Ард түмнээ зөв авч явдаг төр засагтай бол. Үнэхээр “Алдарт эхийн одон” шиг шударга одон байхгүй. Надад 4 хүүхэд тээж төрүүлж, өсгөх маань үнэхээр их ачаалалтай байгаа. Маш их ядарсан. Би 4 хүүхэд төрүүлчихээд ингэж нурж байгаа юм чинь зургаа, найм, есөн хүүхэдтэй ээжүүд яаж байдаг бол гэж боддог. Тэдний хатан зориг, тэсвэр тэвчээрийн хажууд миний 4 хүүхэд төрүүлж өсгөж байгаа юу ч биш. Ер нь ээж болж эх байх гэдэг нэг хүүхэдтэй хүнд ч амаргүй шүү дээ. Тийм байхад хэний ч танихгүй, сайн ярьж ч чадахгүй нэг хүүхэн сошиал хаягаар “Алдарт эхийн одон”-гоос татгалзъя ээжүүдээ би татгалзаж байна” гээд гарч ирэхээр ямар ч ээж уурлалгүй яахав дээ. Энэ бол уурлахаас өөр аргагүй зүйл.
Би өмнө нэг ч лайв хийж үзээгүй. Юу ярихаа ч мэдэхгүй шууд л хийчихсэн. Нэлээд зориг гаргасан. Тэгээд 24 цагийн дотор лайвны маань хандалт нь 20 мянга гараад явчихсан. Мэдээж эерэг гэхээсээ илүү сөрөг сэтгэгдэл нь их байсан. Царайгаа хараач авгай минь, согтуу юмуу, солиотой юмуу?, чи махгүй хоолгүй болчоо юу, нөхөр чинь архичин юмуу гээд? л. Цахим ертөнц гэдэг чинь их ширүүн газар байна лээ. Би ч сүүлдээ өөрөө сандраад айгаад нөгөө лайваа устгаад зугтсан. Бас намайг ядуурал ярихаар хүний амьдрал өөрөөс нь шалтгаална гэх хүмүүс их байсан. Үнэхээр хүний амьдрал 100 хувь өөрөөс нь шалтгаалдаг юм бол бидэнд ийм том төр засаг, ийм их эрх мэдэл булаацалдсан нам эвслүүд, төслөөр санхүүждаг хүний эрхийн байгууллагууд ямар хэрэгтэй юм бэ? Бид төр засагт цалингийнхаа 34 хувийг өгөх ямар шаардлагатай юм бэ?. Би болж байвал бусад нь ямар хамаатай юм гэж бодож болохгүй байх. Ядуурал дагасан хар бараан зүйлсийн сүүдэр өнөөдөр сайн сайхан яваа таны маргаашийн амьдралд чинь хор тарина гэж хэлэх гээд ойлгуулж чадаагүй. Гэхдээ би энэ лайвыг хийсэндээ харамсаагүй.
Би “Алдарт эхийн одон” авах болзлоороо дэнчин тавьж “Биднийг хуурч байгаа энэ хоёрын хооронд халамжуудаа, одонгоо ч боль” гэж хэлж чадсандаа өөртөө үнэхээр талархаж байгаа.Үнэхээр л ээжүүд улс их орныхоо хүн амын бодлогод үнэтэй хувь нэмэр оруулсан юм бол хүүхдийнхээ сайн сайхны төлөө ядаж дуугарах эрхтэй. Бид бусдынх байг гэхэд өөрийнхөө үр хүүхдийн ирээдүйд, ямар улс эх оронд, ямар нийгэмд ажиллаж амьдрах юм бэ гэдгийг төр засгаас асуух эрхтэй. Нэг хүүхэдтэй ч бай, арван хүүхэдтэй ч бай асуух эрхтэй. Арван хүүхэдтэй хүн бүр илүү асуух эрхтэй.
-Ер нь “Алдарт эхийн одон”-г авах авахгүйн хооронд ялгаа бий юү. Жилдээ нэг удаа тэтгэмж өгдөг шүү дээ?
-Би бол ямар ч ялгаа байхгүй, дэмий зүйл гэж бодож байгаа. Зарим улс төрчид, холбогдох хүмүүс “Алдарт эхийн одон”-гийн тэтгэмж төсөвт дарамт учруулж байна гэх болсон. Төр засгийг дарамтад оруулаад байгаа тэр “Алдарт эхийн тэтгэмж” болох жилдээ нэг удаа олгодог 100, 200 мянган төгрөг нь авч байгаа хүндээ ч өгөөжгүй зүйл. Цагаан сараар хийдэг салатны л материалын мөнгө шүү дээ. Нэг ёсондоо “та нар ядуу шүү” гэж сануулаад дорд үзсэн л зүйл. Үнэхээр мөнгөөр туслах гээд байгаа бол ганцхан удаа нэг сайн л өгөх хэрэгтэй. Ядаж нэг хоосон хашааны үнэ өгөх хэрэгтэй. Би өөрөөрөө жишээ татахад би одоо 36 настай. 60 нас хүртлээ 24 жил алдарт эхийн 2 дугаар одонгийн тэтгэмж 100 мянгыг авъя гэж бодоход 2 сая 400 мянган л төгрөг авна. Тэгэхээр бүх насаараа аваад ч амьдралыг маань нэг шатаар ахиулахгүй, ийм төсөвт ч дарамттай мөнгөөр яах ч билээ гэж бодох болсон. Үүний оронд хүүхэд бүхэн цэцэрлэгт орохдоо сугалаа татаж азаа үздэггүй байгаасай, захын нэг ээж гүйж гараад аяга угаахад боломжийн цалин авчихдаг болоосой гэж хүсэх болсон. Алдарт эхийн тэтгэмж байхгүй болоход биднээс унаад байх юм байхгүй. Ийм жижигхэн зүйлд хууртагдахаар илүү сайхан ирээдүйг үр хүүхдийнхээ төлөө нэхвэл ээжүүд бидэнд ашигтай. Ингэхийн тулд “Алдарт эхийн одон”-гоос татгалзсан ч яахав дээ. Зүгээр л нэг энгэрийн тэмдэг шүү дээ. Алдарт эхийн үнэ цэнэ нь хүүхдүүдээ эрүүл саруул, сайн хүн болгож өсгөхөд л оршино гэж бодож байна.
-“Алдарт эхийн одон”-гоос татгалзсан тохиолдол байдаг болов уу. Ер нь та анхных нь болчих вуу?
-Байхгүй байх аа. Надад ч гэсэн татгалзахад амар байгаагүй. Ойр тойрны хүмүүс, найз нөхөд одонгоо аваач? Юу хийгээд байгаад байгаа юм гэж их асуудаг байсан. Намайг “авахгүй, татгалзана” гэхээр “Яаж байгаа юм бэ? ямар солиотой юм бэ? гэдэг байсан. Сошиалд лайв хийснээс хойш нэг нь ч надруу залгаагүй. Бодвол, бүгд дургүй байгаа бололтой. Жинхнээсээ солиорч гэж бодож байгаа байх. Бас манай дүү надруу залгаад “Юу хийгээд солиороод байгаа юм. Хайртай одонгоор нь оролдож байж алууллаа ш дээ, устгаач” гэсэн. Энэ тухайгаа би хошигноод “за яахав дээ, “Алдарт эхийн одон”-гоосоо татгалзаж чадсан анхны монгол ээж болчихлоо” гэж өөрийн фэйсбүүктээ оруулсан. Гэхдээ үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ямар ч эцэг, эх хайртай, үнэ цэнэтэй зүйлээсээ татгалзаж чадна шүү дээ. Номхон тэмээг ноолоход амархан гэдэг шиг эгэл ард ядуу дорой байвал дээрээс ноолоход амар байдаг бололтой.
Өчигдөр аав ээжүүд маань ноолуулж дууссан. Өнөөдөр бид нар ноолуулж сууна. Маргааш үр хүүхэд маань уух усгүй, идэх махгүй хулгана оготноор хооллож ноолууллах ч юмгүй болох вий гэж айж байна.