Categories
мэдээ нийгэм

Ирэх даваа гаригаас сурагчдын зуны амралтыг эхлүүлэхээр болжээ

Коронавирусийн цар тахлын дэгдэлтээс болж Ерөнхий боловсролын сургуулиуд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш цахим болон теле хичээл үзэж байгаа юм.

Цар тахлын нөхцөл байдал багасахгүй байгаа учраас БШУЯ-аас сурагчдын зуны амралтыг наашлуулж, эрт амраахаар болжээ.

Тодруулбал, ЕБС-ийн 1-3 дугаар ангийн сурагчдыг маргааш хичээллээд тавдугаар сарын 10-наас амраахаар болсон бол дунд болон ахлах ангийн сурагчдыг тавдугаар сарын 14-нөөс амраах шийдвэрийг гаргасан байна.

Харин арванхоёрдугаар анги мөн энэ сарын 14-нөөс амарч, элсэлтийн ерөнхий шалтгалтын давтлагад хамрагдах юм.

Categories
гадаад мэдээ

“Starship” сансрын хөлгийн туршилтын загвар амжилттай газарджээ

Америкийн “SpaceX” компани Ангараг гариг руу нисэхэд зориулагдсан “Starship” сансрын хөлгийнхөө туршилтын загварыг босоо чигт газардуулж чаджээ.

“Starship” сансрын хөлгийн загвар болох “SN15” хөлөг хэдэн минутын дотор 10 км-ийн өндөрт хөөрч, дараа нь Бока Чика хот дахь сансрын буудлын хөөргөх цогцолборын хажууд байрлах талбайд газардсан байна. Лхагва гарагт явуулсан туршилтаа “SpaceX” компани “YouTube”-ээр шууд дамжуулжээ. “Starship амжилттай газардлаа” гэж “SpaceX”-ийн тэргүүн Илон Маск туршилтын дараа твиттер хуудастаа бичсэн байна.

Гуравдугаар сарын 30-нд хийсэн туршилт амжилтгүй болж, хөлөг газардахдаа дэлбэрсэн юм. 2020 оны 12 дугаар сард болон энэ оны хоёрдугаар сард явуулсан ийм туршилтуудын үеэр мөн л газардахдаа дэлбэрсэн. Харин гуравдугаар сарын эхээр “SpaceX” компанийнхан сансрын хөлгөө босоо чигт буулгаж чадсан боловч хэдэн минутын дараа дэлбэрсэн юм.

Лхагва гаргийн туршилтын үеэр хөлгийн доод хэсгээс хэдэн минутын турш гал ассан боловч унтрааж чадсан байна. “Starship” туршилтын нислэгээ хийсний дараа “амжилттай газардсан” бөгөөд энэ үеэр хөлгийн гурван хөдөлгүүрийн нэг нь төлөвлөсний дагуу унтарлаа” гэж шууд дамжуулалтын хөтлөгч хэлжээ.

Дахин ашиглах боломжтой “Starship” сансрын хөлгийг Ангараг гараг руу болон гараг хоорондын бусад нислэгт зориулан бүтээсэн бөгөөд 100 хүний багтаамжтай байна. Дэлхийн тойрог замд анхны туршилтын нислэгийг энэ жил хийх боломжтой ч төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй гэж Маск өмнө нь мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр нийслэлийн хэмжээнд ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Нийслэлд 115 цэгт 301 багийн 2339 эмч, ажилтан ажиллаж, 75.592 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор 77 иргэн эх орондоо ирлээ

Ханой-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 03:16 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Австрали, АНУ, Перу, Франц, Канад, Португаль улсаас нийт 77 иргэн эх орондоо ирсэн.

Иргэдийг “Туушин”, “Кемпински” зочид буудалд тусгаарласан бөгөөд бүрэн дархлаажуулалтад хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ бямба гаригаас нийтийн тээвэр энгийн цагийн хуваариар явна

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас эхлэн улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон.

Тэгвэл хязгаарлалтаас хамааран хуулийн этгээдийн үйл ажиллагааны горим ямар байхыг УОК-оос танилцууллаа.

Халдвар хамгааллын дэглэм сахих бөгөөд нэг дор 30-аас дээш хүн хязгаарлана. Мөн хоёр метрээс доошгүй зай барих юм.

Хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм сахин 07:00-00:00 цагийн хооронд явна.

Мөн автомашины улсын дугаарын хязгаарлалтын дагуу зорчих (зөвхөн нийслэлд) аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийнэ.

Хот хоорондын авто болон төмөр зам, агаарын зорчигч тээвэр: Халдвар хамгааллын дэглэм сахин хэвийн ажиллана. \онцгой комиссын зөвшөөрөлтэй, нэг суудал алгасч нэг зорчигч суулгах, хүн хоорондын зай барих\ Гэхдээ эрх бүхий байгууллагаас хязгаарлалт тогтоосон үед Монгол Улсын Шадар сайдын 2021 оны … дүгээр тушаалаар батлагдсан “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-аар зохицуулна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо: Ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм барин ажиллана. Шаардлагатай тохиолдолд асуумж авч нэвтрүүлнэ. \орох гарах тээврийн хэрэгслийг хязгаарлах, үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл нэвтрүүлнэ\

Агаарын хил, авто зам, төмөр замын боомт: Олон улсын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг хязгаарлахгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тавдугаар сарын 08-наас ААН-үүдийн 80 хувь нь ажиллана

Бизнес, нийгмийн 89 төрлөөс 18 нь хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл бизнес, нийгмийн 20 хувь нь ажиллахгүй хязгаарлагдана гэдгийг УОК-оос мэдээллээ.
Эрсдэл өндөр гэдэг гоо сайхан, үсчинд давтан тунтай хүмүүс ирэх сарын 08-наас нээлттэй байх бөгөөд тавдугаар сарын 15-наас давтан тунд хамрагдсан хүмүүс фитнес,бассейн, иог, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлж болно.
Харин 22-ноос том захуудыг нээнэ. Мөн давтан тунгаа тариулаад 14 хоносон бол хөдөө ПСР болон хязгаарлалтгүй явж болно.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Оюунгэрэл: МАН бол төрийн системээр дамжин хүмүүсээ тэтгэж, данхайлгаж системээ авч явдаг нам

УИХын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах АНын дотоод сонгуулийн үйл явц хэрхэн болж өнгөрөв?

-АН маань их л хүнд байдалд байна. Ер нь түүхэндээ сонгуулийн өмнө ийм байдалд байж үзсэн тохиолдол байхгүй байх. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш 31 жилийнхээ түүхэнд хамгийн хүнд ээдрээтэй нөхцөлд энэ жил тулж ирлээ. Би нэр дэвшигчийг тодруулах цахим сунгаанд орсон. Өмнө нь намын даргыг тодруулах цахим сунгаанд орж байсан. Тэр сунгаанд ороод цахим сонгуульд орж болох юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Гэтэл хоёр дахь цахим сунгаанд урьд өмнө таамаглашгүй хоёр том алдаа гарсан. Тиймээс сонгуулийн нийт дүн нь намын нийт гишүүдийн болон өрсөлдөж байгаа бидний хувьд цочирдмоор шийдвэр гарсан. С.Эрдэнэ гэдэг хувь хүний сонгуульд өрсөлдөх эрх, эрх чөлөөг хүндэлж байна. Гэхдээ тэр хүнд тийм их санал авах бололцоогүй үед маш их санал авсан. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй, луйвар болсон гэж харж байна.

АНын дотоод маргаанаас болоод Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигч тодорлоо. Хэн нь улс төрийн энэ сонгуульд өрсөлдөх вэ. Санал хураалтад аль талд нь их гишүүн оролцсон байна гэдгээс хамаарах уу?

-Н.Алтанхуяг даргын тодорч гарч ирсэн цаасан сонгууль ч мөн процедурын хувьд маш их алдаатай болсон. Тухайлбал, саналын нууцлал хадгалах хувь хүний эрх, эрх чөлөө гэдэг талаасаа маш их алдаатай болсон. Тэр сонгуульд би оролцоогүй учраас доторх нарийн процедурыг нь яримааргүй байна. Гэхдээ нэг хүн нэг санал өгөх, саналаа нууцаар өгөх наад захын эрх нь огт хангагдаагүй байдалд болсон. Тиймээс энэ хоёр сонгуулийн дүнг хоёуланг нь хүлээн зөвшөөрөхөд маш түвэгтэй. Н.Алтанхуяг даргын нэрийг тодруулаад байгаа Үндэсний бодлогын хороо яаж хуралдаж, хэрхэн дүнгээ гаргасныг сайн мэдэхгүй байна. Тиймээс тэр сонгуулийн нөхцөл байдлыг төгс тайлбарлаж чадахгүй. Цахим сонгуульд өөрөө биечлэн оролцсон учраас нэг хүн нэг санал өгөх нь программ хөгжүүлэлтийн явцад алдагдсан гэж үзэж байгаа. Зарим хүмүүст 4-5 мессэж очсон. Зарим хүмүүст очсон код нь хэдэн зуун удаа санаа өгөх боломжтой гэх мэтээр алдаанууд олон бий.

Хэний буруугаас, юунаас болоод АН ийм байдалд орчихов. Та юу гэж дүгнэж байна. С.Эрдэнэ даргын буруугаас уу?

-Нэг хүний буруу гэж үзэх хэцүү. Дан ганц нэг хүн рүү буруугаа чихэх боломжгүй. АН-д үүсээд байгаа одоогийн нөхцөл байдал маш олон хүний олон жилийн намын дүрмийг цөөхөн хүний эрх мэдэлд зориулж мушгин гуйвуулах үйл ажиллагаа ар араасаа явагдсаны нөлөө.

Тиймээс энэ бол манай нам дахь системийн гажуудал. Олон жилийн олон хүний хувийн тоглолтын үр дүн. Ийм учраас одоо нөхцөл байдлыг засахад маш түвэгтэй. Одоо бол нам дотроо засч чадахгүй байгаа зүйлийг магадгүй төр дээр засах боломжтой. Тэгэхээр төр тамга, бүртгэлийн асуудлыг нэг талд нь гаргах замаар манай намын асуудлыг аль нэг талд нь хүчээр шийдэх ийм л гарц байна.

Төр гэдгээр та аль байгууллагыг хэлж байна?

-Улсын Дээд шүүх, Дээд шүүхийн бүртгэл байна. Шүүх дээр байгаа тамганы маргааны асуудал нэг талд шийдэх, Сонгуулийн Ерөнхий хороо аль нэг нэр дэвшигчийг нь бүртгэж авах гэх мэтээр ямар нэгэн байдлаар төрийн институци орж байж асуудал нэг талд гарахуйц болтлоо хуваагдчихсан байгаа шүү дээ. Ингэж асуудлыг шийдэж болох юм. Гэхдээ энэ нь намын гишүүдийг эвлэлдэн нэгдүүлж, нэг санаатай болгочихно гэсэн үг биш. Гишүүд дүрэм журам, зарчим дээрээ нэгдэх хэрэгтэй. Тэр нь маш удаан процесс л доо. Энэ процессыг давж чадах хүн хэд байна, хэдэн гишүүн энэ процессыг хүлээж тэвчих вэ гэдэг нь тусдаа асуудал.

Цахим сунгаанд оролцсон бүх гишүүд шударга бус, луйврын сонгууль болсон гэж хэлж байна л даа.

-Р.Амаржаргал гишүүн бид хоёрын ярьж байгаа зүйл нь намын доторх процедурын маргаан. Намын доторх процедурын маргааныг аль ч шүүх авч хэлэлцэхгүй. Захиргааны шийдвэр гэдгийг би түрүүн СЕХ хуульд заасан захиргааны бичиг баримтаа л шаардана. Хуульд заасан гол бичиг баримт нь намын төлөөллийн төв байгууллагын нууц санал хураалт, түүний тогтоол байгаа шүү дээ. тэгэхээр манай Үндэсний бодлогын хороо хууль ёсны дагуу хуралдаж, саналаа хураагаад нууц санал хураалтын дүнг тогтоолтойгоо явуулахад бүртгэж авах ёстой. Хэдийгээр бидний сунгаа маргаантай болсон ч гэсэн тэр сунгааны маргаанд Үндэсний бодлогын хороо өөрсдийнхөө санал хураалтыг явуулаад шийдвэрээ гаргачихсан бол төрд манай намын дотоод хэрүүл хамаагүй. Бид хоёрын ярьж байгаа зүйл бол манай нам дотор ийм зүйл боллоо шүү гэдгийг хэлсэн намын дотоод маргаан гэж ойлгож болно. Захиргааны шийдвэрт нөлөөлөхгүй гэж бодож байна.

Өнөөгийн түвшинд манайд ямар Ерөнхийлөгч үгүйлэгдэж байна. Тодорсон нэр дэвшигчид дотроос харахад сонголт байна уу?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа сонголтууд дотроос тэр гээд хараад хэлэхэд хэцүү юм. Ерөнхийдөө Ерөнхийлөгчид төрөөс оноосон гол үүрэг нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа ойлгодог, мэддэг, Монгол Улсын ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэй. Тэгэхээр нэгдүгээр шаардлага ард түмэндээ бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн байх. Тэр нь 50 дээр нэмэх нь нэг буюу ард түмний олонх нь хүлээн зөвшөөрч саналаа өгсөн хүн байх ёстой. Олонх нь хүлээн зөвшөөрч саналаа өгсөн хүн олонхын үзэл бодлыг илэрхийлэх ёстой. Гэвч сонгогдсон Ерөнхийлөгч аль болох хямралын менежмэнтийг сайн хийж чаддаг, ямар нэг хямралаас ард түмнээ эв найртай, эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихгүй төрийн механизмуудыг зөв ажиллуулчихдаг ийм хүн байгаасай гэж бодож байна. Төрийн тэргүүн хүн төрийн механизмуудыг буруугаар ашигладаггүй, өөрийнхөө хувийн ашиг сонирхолд ашигладаггүй хүн байх ёстой. Нийтийн баялаг хувийн ашиг сонирхолд ашигладаггүй тийм хүн байх ёстой. Нийтийн баялаг хувийн ашиг сонирхол хоёрыг өөртөө ашиглаж, өөрийн давуу тал болгож ашиглаад байдаг хүн төрийн жолоон дээр сууж болохгүй гэсэн санаа бодолтой байдаг.

Та мэдэгдэлдээ цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө хөдөлмөрийг АНд зориулахгүй гэж дурдсан байна лээ. Ямар шалтгаанаар ийм мэдэгдэл гаргав?

-Цааш цаашдынхаа ажлыг залуучуудад зориулна гэж мэдэгдсэн. Өнөөдрийн АН, МАН шиг намууд руу залуучууд цаашид элсвэл “хөдөлмөрийн” маш хортой нөхцөл рүү орох гээд байна. Өөрөөр хэлбэл, улстөрч болох гэж байгаа ирээдүйн залуучуудад маш тохиромжгүй дүрэм журам, санхүүжилт, босготой, ёс зүйн хувьд нэлээн ялзарсан систем тогтож ужгирсан байна. Энэ системийг залуучууддаа ээлтэй, ирээдүйд ёс зүйтэй хариуцлагатай, цэвэр хүн улс төр хийж болдог орчинтой болгохын тулд би цагаа тэрэнд зарцуулъя, дүрэм журмыг бичилцье, залуучуудад ирээдүйд улс төрийн орчинг сайжруулж өгье гэж бодож байна. Улс төрийн сонгууль, марафон дууссаны дараагаар ажлын эхний өдрөөс эхлэн цаашдаа залуучуудад улс төрөө зөв хийхэд нь тохиромжтой талаарх намын шинэ дүрмийг бичээд сууж байна.

Тэгэхээр шинэ нам байгуулах гэж байна гэж ойлгож болох уу?

-Энэ дүрмийг ашиглаж шинэ намын орчинд залуучууд үйл ажиллагаа явуулах боломжтой болно гэсэн үг.

Таныг АНын гишүүнчлэлээсээ татгалзаж байна гэж ойлгох уу?

-Энэ талаар өнөөдөртөө бодож эхлээгүй байна. Яг өнөөдөртөө миний бодож байгаа гол зүйл бол мартаагүй байгаа дээрээ АН-ынхаа алдаанаас буулгаж авах, энэ алдаанаас сургамжилсан залуучуудад зориулсан шинэ улс төрийн орчныг системчлэх, шинэ дүрмийг бэлтгэх ажлыг хурдан хийе гэж бодож байна.

Хүмүүс их андуураад байдаг. МАН, АН-ын дүрэм залуучуудад ээлгүй ч гэсэн ХҮН-ын дүрэм ээлтэй байж магадгүй гэж андуураад байна л даа. Яг үнэндээ ХҮН бол хаалттай систем. Олон залуучууд орж болохооргүй хаалттай ажиллагаатай систем. МАН бол анхнаасаа л маш хаалттай системтэй байсан. Гэхдээ маш хяналттайгаар тэлдэг. Тэлсэн ч тэлээд орж ирж байгаа гишүүдийг үүрэггүй, эрх чөлөөгүй байлгаж, төрийн системээр дамжиж тэр хүмүүсээ тэжээж тэтгэж, данхайлгаж системээ авч явдаг нам. АН бол ерөнхийдөө нээлттэй систем. Хамгийн эрх чөлөөтэй орчинд иргэд эвлэлдэн нэгдэх боломжтой орчин мөртлөө энэ эрх чөлөөтэй нээлттэй системийг маш их хувь хүний явцуу эрх ашигт тааруулж эрэг шургыг нь сольсоор байгаад ардчилсан гэдэг нь танигдахгүйгээр мутацид орчихоод байна. Тиймээс миний мөрөөдөл АН шиг нээлттэй, хувь хүний эрх чөлөөг хангах боломжтой мөртлөө ёс зүйтэй зөв ажиллаж чаддаг ийм системийг бүтээхийг хүсч байна. Энэ системийг бүтээж болохуйц дүрмийн төслийг бэлдэж байгаад залуучуудтай хэлэлцэнэ гэж бодож байгаа. Ер нь залуучууд өөрсдийнхөө ирээдүйг ямар нөхцөлд улс төрөө хиймээр байна, ямар систем дотор хөгжмөөр байна, ямар системийг ашиглаж улс төрийн үйл ажиллагаагаа явуулмаар байна гэдэгт одооноос та нар оролцмоор байна гэж залуустайгаа ярилцаад байж байна. Намайг мэдээлэл гаргасны дараагаар залуучууд над руу хандаж “Та шинэ нам байгуулах гэж байгаа юм уу. Тэгвэл би орно шүү” гээд бичээд байгаа л даа. Тэгэхээр нь “Юу ч гэсэн эхлээд та нарыг бодоод системийн төсөл гаргая. Би мэдлэг боловсролоо та нарт ингэж л зориулъя. Үүнд яаж ажиллахыг цаг хугацаа харуулах биз гэсэн тайлбарыг өгсөн байгаа.

АНаас бус ХҮНаас ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж танд байсан. ХҮНынхантай уулзсан уу. Тэдний саналаас яагаад татгалзав?

-Дөрөвдүгээр сарын 19-нд Т.Доржханд гишүүн “Олон нийтийн санал асуулгаар та эхний тавдугаар байрт гарч ирлээ. Эхний тавд орсон хүмүүстэй ганцаарчилсан уулзалт хийж байгаа юм” гээд намайг урьж уулзсан. Уулзахдаа “Тантай хамгийн түрүүнд уулзаж байна. Та манай намаас танд санал тавьбал дэвших боломжтой юу” гэж асууж байсан. Би тэр үед “АН-аасаа нэр дэвших бол миний эхний зорилт. Нөхцөл байдал, АН сонгуульд оролцох боломжгүй ч юмуу, маш хүнд нөхцөл байдалд орвол танай саналыг бодож үзэхэд би татгалзахгүй” гэсэн хариуг өгсөн. Гэхдээ үүнээс хойш албан ёсоор холбогдож, бичгээр санал аваагүй. Үүнээс хойш ер нь Т.Доржханд гишүүнтэй дахиж уулзаагүй л дээ. Гэхдээ анхны уулзалтад төрсөн сэтгэгдэл таатай байгаагүй. Ер нь бол таатай уулзалт болоогүй. Маш хүнд яриа болсон. Би ХҮН-ыг их өөрөөр төсөөлж, бодож байсан. АН дотор санхүүжилт, зохион байгуулалт, дүрэм журмын асуудал гээд маш хүнд асуудалтай тулгарч энэ амьдрал дундуур явж байгаад ХҮН-ыг шал өөр нам гэж бодож тэр ярилцлагад орсон. Тэгэхэд Т.Доржханд гишүүний гаргаж байгаа хандлага, надад тавьж байгаа шаардлага энэ тэр нь ер нь л миний дуулах дургүй дууг буцааж дуулж байгаа юм шиг байдалтай байсан. Маш их мөнгө нэхэх юм байна, нэлээд хаалттай байх юм байна, гол нь залуучуудын хүсээд байгаа орчныг бүрдүүлэх чиглэлд санал нийлэхгүй юм байна гээд нэлээн олон зүйл дээр санал, яриа сайн нийлээгүй. Тиймээс ч би ХҮН-аас дэвшье гэж бодоогүй.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

СЕХ нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг хүлээн авчээ

С.Эрдэнэ даргатай АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг нь СЕХ хүлээн авсан болохыг мэдэгдлээ.

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “АН-аас хуульд заасан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан бичиг баримтын бүрдлийг хангасан гэж үзээд бидний материалыг хүлээж авсан. Улмаар СЕХ бүртгэх эсэх шийдвэрээ гаргана” гэв.

Нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авснаас хойш гурав хоногийн хугацаанд хянан үзээд, энэ сарын 8-наас өмнө бүртгэж авсан эсэхээ олон нийтэд мэдээлэх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Дорж: Тариалан эрхлэлт баруун, төвийн бүсээр тааламжтай, зүүн бүсэд хүндрэх төлөвтэй байна

Монгол Улсын гавьяат агрономич, шинжлэх ухааны доктор, профессор Б.Доржтой хаврын тариалалтын талаар ярилцлаа.


-Манай тариаланчид бэлтгэлээ хэр хангаж байна вэ. Энэ жил тариа тариалахад байгаль цаг уурын хэр тааламжтай орчин бүрдэхээр байна вэ?

-Над руу олон газраас ярьж байна. Тариаланчид маань бүгд бэлтгэлээ хангасан. Гагцхүү хэдийд, ямар технологиор тарих уу хэмээн асууж байна. Хаврын тариалалт хийхэд гурван гол үзүүлэлт байдаг. Нэгдүгээрт, хөрсний чийгийн хангамж чухал. Хоёрдугаарт 5,6 дугаар сард тунадас хэдий хэмжээтэй унах вэ. Гуравдугаарт, агротехникийн асуудал байна. Өөрөөр хэлбэл, ямар сортын үрийг ямар нормоор,хэр гүнд тарих асуудал юм. Энэ нь манай орны тариалангийн бүс бүрээр харилцан адилгүй байна.

Саяхан хаврын тариалалтад баримтлах зөвлөмжийг бичлээ. Ж.Намбар хэмээх эрдэмтэн бид хоёр Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлж, батлуулсан. Уг зөвлөмж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ирж, эндээс аймгууд руу түгсэн. Тариаланчдад очсон байх учиртай. Үүн дээр 5, 6, 7 дугаар сарын цаг агаарын тойм гарсан. Мөн хөрсний чийгийн хэмжээнд тулгуурлаж тариалалтыг хэрхэн явуулахыг бичсэн. Гэхдээ уг зөвлөмжийг явуулснаас хойш нөхцөл муу байсан газрууд сайжирлаа. Бороо, цас холилдоод нэг хэсэг сайхан орлоо. Энэ байдал нь муу гэсэн газруудыг өөрчилжээ. Өнөө жил төвийн бүсийн хувьд хөрсөнд байгаа чийг нь тарьсан ургамал соёолоод гараад ирэх, болц хүртэл чийгээр дутагдахгүй байхаар байна. Төвийн бүсэд багтдаг Төв аймгийн Борнуур, Угтаал, Жаргалант, Баянхангай зэрэг урд талын хэсэг суманд чийгийн хүрэлцээ их муутай байсан юм. Тэгвэл энэ сумдад саяхан бороо их оржээ.

Булган, Хөвсгөл мөн чийг хангалттай болжээ. Ингэхээр төвийн бүсэд тавдугаар сард бага зэрэг халалттай байгаа боловч одоо чийг хангалттай учир тариалалт дажгүй сайхан байна. Зургадугаар сард унах тунадасны хэмжээ олон жилийн дундаж байна. Мөн халалт байхгүй. Иймээс ургамлын өсөлт хөгжлийг шийддэг гол хугацаа буюу зургадугаар сард таатай сайхан байх нь ээ. Долдугаар сард тунадасны хувьд олон жилийн дундаж буюу 7080 мм чийг унана. Ийм хэмжээний чийг унахад бага хэмжээний халалтад дажгүй гэж үзэж байна. Цааш наймдугаар сард жаахан халалт байж болохоор байна. Гэхдээ хур тунадасны дундаж 100 мм тул халалт асуудал болохгүй. Харин наймдугаар сарын сүүлчээр буудайн болц урьд жилүүдийнхээс арай ахиу байж магадгүй байна. Тийм учраас энэ газрууд тариа хураалтын бэлтгэлээ эртхэн хангасан нь зүйтэй. Энэ бүс нутгаас нийт ургацын 7080 хувийг авдаг болохоор ерөнхий дүр зураг сайхан байна.

Дараа нь баруун бүс. Увсын Баруунтуруунд 40өөд мянган га газар байдаг. Мөн Завханы Тэс, Цагаанхайрхан суманд тус бүр 10 гаруй мянган га газар бий. Завханы сумдаас мэдээ ирээгүй байна. Гэхдээ баруун бүсийн цаг агаарын мэдээгээр гайгүй байгаа юм. Температур 5,6 дугаар сард дундаж хэмжээнд байна. Тунадас мөн тийм хэмжээнд байна. Харин долдугаар сараас температур хэвийн байсан ч тунадасны хэмжээ ахиу болно гэж гарсан. Ийм сайхан таарцтай байвал баруун бүсэд ургац дажгүй гарах боломжтой. Үүнд бас болц нь арай түрүүлж магадгүй. Есдүгээр сард аль ч газар тунадас, температур хэвийн хэмжээнд байх учир ургац хураалт боломжийн болох нь ээ. Гэхдээ цаг уурын мэдээ нь хугацааны хувьд холдох тусам таарц нь бас мууддаг гэдгийг анхаарах нь зүйтэй. Иймд яваандаа сар сараар нь тодруулаад явах хэрэгтэй.

-Зүүн бүсийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ?

-Баруун, төвийн бүсийн хувьд боломжтой сайхан байна. Харин зүүн бүсийн хувьд нэлээн хүндэрч магадгүй. Зүүн бүс гэдэг нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд хэсэг тал юм. Тариалалтын бүс болсон эдгээр газарт 5,6,7 дугаар сард халалттай байна. Тунадасны хувьд тавдугаар сард бага, зургадугаар сард дундаж хэмжээнд, долдугаар сард бага байна. Энэ хүнд нөхцөлд яах вэ гэдгийг дээрх зөвлөмжид бичсэн байгаа. Хэнтий, Дорнодын хойд талын сумд уул нуруудтай, ой тайгатай учир цаг агаарын бичил нөхцөл хүчтэй нөлөөлдөг. Жишээ нь, тус бүс нутгийн хоёр компани жил бүр тогтвортой ургац аваад байдаг. Тэгэхээр бичил уур амьсгалын нөхцөл хүчтэй илэрдэг газруудад олон жилийн турш тариа тарьсан тэр л технологиороо тариарай. Есдүгээр сар болоод ирэхэд тариалангийн аль ч бүсэд олон жилийн дундажтай ижилхэн байгаа юм. Хэнтий аймгийн Биндэр сумын агрономич н.Аюур гэж хүн байна. Олон жилийн дадлага туршлагатай. Ер нь зүүн бүс нутагт олон жил тариа тарьсан туршлагатай хүмүүс бий. Тэд байгаль цаг уурыг ажиглаж, тариалалтаа зохицуулж ирсэн туршлагатай. Үүнийгээ ашиглана биз дээ. Халх голын хувьд нэлээн хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, Дорнод талын бүсийн урд хэсэг, Сүхбаатарын хойд хэсэг рүү нэлээн хүнд байдалтай болж ирнэ. Үүн дээр ургац бий болоход гол нөлөөлдөг 5,6,7 дугаар саруудад халалттай, тунадас нь дундаас доош байгаа юм. Энэ нөхцөлд тариалалтын хугацаагаа нэлээн хойшлуулж байгаад үрийн нормоо ихэсгээд тарья. Наймдугаар сарын сүүлчээр ургац хураах болоод ирэхэд халалт их байх учир буудайн болц гүйцэх магадлалтай. Болц жигд болохгүй байх эрсдэлтэй. Тэгэхээр гүйцэж байгаа хэсгийг нь хурааж авах байдлаар үзье. Тарихдаа үрийн суулгах гүн найман см байхад болох болов уу. Зүүн бүсэд үүл нь гарч өгвөл буудахад бэлэн байх хэрэгтэй. Ялангуяа, зургадугаар сард үүл л гарах юм бол буудмаар байна. Амжилттай болж чадвал хүнд байдал өөрчлөгдөх боломжтой. Өнгөрсөн сард төвийн бүсээр хур тунадас их буулаа. Энэ нь Төв аймагт үүл буудсан бололтой юм билээ. Үүний үрээр цас, бороо орсноор газар тариалангийн байдлыг тэр чигээр нь өөрчилж, таатай болгож байгаа юм.

-Тариалалтыг хэзээ эхлүүлэх боломжтой вэ?

-Төвийн бүсэд багтдаг өндөр уулын сумд байна. Жишээ нь, Хөвсгөлийн Тариалан, Цагаан-Үүр, Рашаант гэх зэрэг тариалантай сум байна. Энд тариалалтыг тавдугаар сарын эхээр эхлэх хэрэгтэй. Хугацаа алдаж болохгүй. Намрын хүйтрэлт эрт явагдаж болзошгүй байгаа учир тариалалтаа эрчимжүүлж, үрийнхээ нормыг арай ахиу буюу 150-160 кг байхаар тооцоорой. Тариалалтыг чанартай, шаардлагын дагуу хийхэд нэгдүгээрт талбайн гадаргуу их нөлөөтэй. Хоёрдугаарт, хөрсний нягтрал чухал шүү. Манай орны хувьд хөрсний нягтрал 1.1.-1.2 см куб байхад таардаг гэдэг. Өвөл талбайд мал ороод нарийн судас шиг зам гаргаад хаячихсан байдаг. Тэрийг сийрүүлж өгөх шаардлагатай. Мөн талбайн гадаргуугаа тэгш байлгахыг бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, онцолж хэлэх юм нь манайхан техникээ өвөл засаад бэлэн болчихдог. Гэхдээ энэ чигээр нь шууд талбай дээр очоод ажиллуулж болохгүй. Талбайн байдалд тохируулж техникийн тохируулгыг заавал хийх хэрэгтэй.

-Манай улс жил бүр тийм хэмжээний ургац хурааж авна хэмээн хавар төлөвлөдөг ч намар нь хэмжээ буурдаг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Хураалтын үеийн цаг агаарын нөхцөлөөс нэлээн хамаараад байна уу гэж хардаг. Мөн хэнз түрүү. Долдугаар сарын дундаас хойш бороо ороод ирэхээр хэнз түрүү гэж гарч ирдэг. Яг гол ишин дээрээ байгаа түрүү хэвийн ургалтаар явж байгаа учир боловсорчихдог. Гэтэл хэнз түрүү долдугаар сард дөнгөж үүсч байгаа учир ургац тогтоолтын үед тоологдож байна. Ингээд бороо их ороод байх юм бол хэнз түрүүнд гэрэл, дулаан дутагдаад боловсорч чадахгүй болдог. Тэгээд үтрэм дээр хүрч ирэхээр нөгөөх нь цэвэрлэгдээд стандартад тохирох үр гарахгүй, тэжээлийн зориулалтаар хэрэглэгдэхээр болдог. Үүнээс болж хэмжээ буураад байна уу даа. Нэг үрнээс 1314 ширхэг түрүү гарсан байгаа юм. Тэрний гурав нь хэнз түрүү. Нэлээн эрт үүссэн учир үр нь боловсрох дөхсөн. Цаад 11 нь бүр боловсорчихсон байдалтай байдаг. Хэнз түрүү үүсэлтийн талаар зохих судалгаа хийсэн. Ялангуяа, долдугаар сарын дундуур чийг, температур хамгийн тохиромжтой байх үед үүсээд байна. Манай орны онцлог юм уу даа. Үүнийг нарийвчилж судлах шаардлагатай.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм

М.Нямсүрэн: Орчны төлөвлөлт, тохижилтыг томчуудын хүрээнд төсөөлөн нормчлохоо больж, хүүхдэд тааламжтай, эрх нь хамгаалагдсан байхаар шийдэх нь зөв


БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний цахим чуулган амжилттай үргэлжилж байна. Чуулганы үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнгийн илтгэл олны анхаарлыг татсан юм. Түүнтэй уг илтгэлийнх нь талаар ярилцлаа.



-“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл” цахим нэгдсэн арга хэмжээнд танай байгууллагын оролцоо болон таны илтгэл олны анхаарал татлаа шүү?

-Энэ удаагийн цахим хэлэлцүүлэг нэлээд шинэлэг шийдэл, өргөн оролцоо, хамтын түншлэлд тулгуурласан үйл ажиллагаа болж байна. Манай байгууллага “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллагаар ажиллаж байгаагийн хувьд “Хүүхдийн эрх, эрүүл аюулгүй, ногоон орчин” салбар хуралдааныг “Байгаль Орчин Мэдээлэл, Сургалтын Төв” ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Аливаа үйл орчноос төрдөг, ямар л орчин байна, түүнд харгалзсан үйлүүд төрж, тийм орчинд өссөн, сурсан хүүхдүүдийн хандлага төлөвшилд эерэг болон сөргөөр нөлөөлдөг жамтай. Тиймээс бидний зохион байгуулсан салбар хуралдаанаар Суралцагчийг тогтвортой хөгжлийн төлөө өөрчлөлт шинэчлэл хийх мэдлэг, туршлага, хүсэл зорилготой иргэн болон төлөвшүүлэхийн тулд сургуулийн сургалтын орчныг тэдний онцлог хэрэгцээнд нийцсэн эрүүл, аюулгүй ногоон орчныг бүрдүүлсэн байхаар хувирган өөрчлөх явдал нь нэн тэргүүнд анхаарал хандуулах асуудлын нэг бөгөөд түүнд талуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

-Аюулгүй, ногоон орчныг бүрдүүлсэн байхаар хувирган өөрчлөх гэдгээ дэлгэрэнгүй яривал?


-Хуралдаанаар бид өнөөгийн сургалтын орчны нөхцөл байдал, түүнийг ирээдүйн иргэдийн хэрэгцээнд тулгуурлан материаллаг нөхцөлөөс илүүтэйгээр тэдний сэтгэл зүй, виртуал хэрэгцээ, эко хэрэгцээтэй нь уялдуулах тухай болон сургалтын бус орчин хүүхдийн хөгжил хамгааллыг хэрхэн бүрдүүлэх талаар ярилцлаа. Өмнө нь бид бүхий л төлөвлөлт тохижилтын асуудлыг зөвхөн томчуудын хүрээнд төсөөлөн нормчилж, тийм л нөхцөлд хүүхэд сурах ёстой хэмээн тулгаж ирсэн бол ТХБ-ын зарчмаар хүүхэд залуучуудын оролцооны эрхийг чөлөөт байдлыг бий болгож тэдэнд тааламжтай байх, хүүхдийн эрх хамгаалагдсан байхаар шинэчлэл хийхийг зорих ёстой юм. Уг хуралдаанд Сургалтын орчин-Эрүүл ахуй, Сургалтын орчин-Өв соёл, Сургалтын болон сургалтын бус орчин-Хүүхдийн хөгжил, Сургалтын орчин-Стандарт, норм дүрэм гэсэн сэдвүүдийг хамруулж, МХЕГ, Соёлын яам, МУИС, Хүүхдийн зуслангуудын холбоо, Боловсролын төлөөх төрийн бус байгууллагууд, Сургууль, цэцэрлэгийн төлөөллүүдийг оролцуулсан юм.

-Та энэхүү цахим чуулганд “МХБ-ын боловсролын хяналтын шалгуур болон Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагын өөрийн үнэлгээний тохиргоог сайжруулах арга зам, үр” гэсэн илтгэл тавьсан. Илтгэлээсээ сонирхуулахгүй юу?

-Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх үйл хэрэг дэлхий нийтээрээ, улс орноороо, байгууллага нэг бүр бүхэл бүтнээрээ ажиллаж байж амжилтад хүрнэ. Бид суралцагчдыг тогтвортой хөгжлийн төлөөх хувирган өөрчлөлтөд татагдан оролцож, түүнийг хэрэгжүүлэх мэдлэг, арга хэрэгсэл, хүсэл, эрмэлзлэл, эр зоригтой өөрчлөлтийн зуучлагч болгохын тулд сургалтын байгууллагууд өөрсдийгөө хувирган өөрчлөх шаардлагатай болж байна. Тиймээс бид сургууль өөрийгөө үнэлдэг Тогтвортой хөгжлийн боловсролын үнэлгээний шалгуурыг Мэргэжлийн хяналтын байгууллагын сургуулийн үйл ажиллагааг шалгадаг хяналтын хуудасны шалгуур үзүүлэлтэй харьцуулан судалж, тохирцыг сайжруулах ажил хийсэн тухайгаа хэлэлцүүлсэн юм. Ингэсний гол ач холбогдол нь үйл явцыг хэрэгжүүлэгч сургалтын байгууллага өөрийгөө үнэлэх замаар ахиц, үр дүнгээ тооцож байгаа тэрхүү шалгуур нь хөндлөнгийн хяналтын байгууллагын эрсдэлийг үнэлдэг шалгууртай ижил зорилго, агуулгатай байснаар ойлголцол нэг түвшинд байж нэг зорилго дээр нэгдэх ач холбогдолтой болохоос гадна үйлчилгээ авч байгаа сурагчид үр дүнг нь хүртэх юм. Үнэлгээний шалгуур нь хүүхдийн аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлж тэдний бие бялдрын хөгжил, хүйсийн ялгамжаатай байдал, тэгш оролцоог хангасан байхаас гадна сэтгэл зүйн хэрэгцээг хангасан байхаар агуулгын өөрчлөлт хийж байгаагаараа давуу талтай.

-Энэ чиглэлд танай байгууллагын сүүлд хийсэн шалгалтын дүнг сонирхож болох уу?

-Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд боловсролын хяналтын чиглэлээр 186 ерөнхий боловсролын сургуульд хяналт шалгалт хийсэн №6.2. Ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудасны үнэлгээг нэгтгэхэд 2020 онд төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиудад 5177 зөрчил илэрсэн буюу эрсдэл үүсэх магадлал 27.19 хувьтай үнэлэгдсэн бөгөөд гүйцэтгэлийн хяналт шалгалтын мэдээллээр 1544 зөрчил бүртгэгдэж эрсдэл үүсэх магадлал 8.11 хувьтай байна. Түүнчлэн гүйцэтгэлийн хяналтаар 8.94 хувь буюу 463 зөрчлийг арилгуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын тухайд ерөнхий шаардлага MNS6782:2019 стандартын хэрэгжилт шалгагдсан 99 объектын 46 хувь нь шаардлага бүрэн хангаагүй, зөрчилтэй үнэлэгдсэн. Дээрх хоёр хяналтын хуудасны бүлэглэл, шалгуур үзүүлэлтийг харьцуулан судлахад Тогтвортой хөгжлийн боловсролын цөм агуулга, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний үзүүлэлтүүд Мэргэжлийн хяналтын байгууллагын 6.2 хяналтын хуудаст тусгагдаагүй түүнчлэн сургуулиуд өөрсдийн идэвх санаачилгаар эко орчин бүрдүүлэх, экологийн ул мөрөө бууруулах чиглэлээр хийгдсэн ажлууд нь үнэлэгдэхгүй, дэмжигдэхгүй өнгөрөх байдал үүссэн нь ажиглагдлаа. Мөн түүнчлэн орчны аюулгүйн үзүүлэлтийг хүүхдийн эрх болон жендерт мэдрэмжтэй байдлаар зохицуулсан эсэхэд огт анхаарал хандуулаагүй дутагдал байна гэж үзэж сайжруулалт хийх ажлыг хийлээ.

-Энэ бүхнийг ерөнхийд нь дүгнэвэл?

-Нэгдүгээрт, ЕБС-ийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудасны дэд бүлгүүдийн нэршил агуулга болон нийтдээ 17 шалгуур үзүүлэлтийг БОМСТ-ын боловсруулсан СБААХ-ын шалгуураас авч өөрчиллөө. Мөн 12 шалгуурын утга найруулга, агуулгыг удирдлага, багш, ажилчид, суралцагчид тэдний эцэг эх, асран хамгаалагчдын эрх ашигт нийцүүлэн, хүний хөгжилд чиглүүлэн Тогтвортой хөгжлийн боловсролын зорилттой уялдуулан сайжрууллаа.

Хоёрдугаарт, “Сургалтын орчин бүлгийг өөрчлөх хувилбар”-ыг боловсруулан аймаг, нийслэлд ажиллаж байгаа 45 боловсролын улсын байцаагчдаар хэлэлцүүлэн санал авч нэгтгэн, хууль эрх зүйн үндсийг судлан тогтоож, МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газраар дамжуулан Шадар сайдын тушаалаар батлуулж, шилэн хяналтын цахим системд байршуулснаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургууль өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, сайжруулан боловсруулсан шалгуурын дагуу ажлаа үнэлүүлэх боломжтой болж байгаагаараа ач холбогдолтой юм.