Categories
мэдээ улс-төр цаг-үе

ХЭҮК: УИХ-ын гишүүд өлсгөлөн зарласантай холбогдуулж ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүллээ

Монгол Улсын Их Хурлын гишүүд 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн. ХЭҮК үйл явцад хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргад шаардлага хүргүүллээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин туулай өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 7, Сугар гариг. Билгийн тооллын 26, Могойг хүлэгч одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5:25 цагт мандан, 20:13 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Арван жил шооконд хэвтсэн Ху нам коммунизм гэсээр сэргэж, Монголын улс төр бужигнаж эхэллээ” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Эрчим хүчний
хөгжлийн төлөө Монголын
нийгэмлэг”-ийн захирал,
судлаач Д.Пүрэвбаяр “Тавдугаар
цахилгаан станцын төсөл
хэрэгжих боломжгүйгээр
мухардалд орчихлоо” хэмээн I, XIII нүүрт ярилаа.

Ардчилсан намаас
Ерөнхийлөгчийн сонгуульд
нэр дэвшигч С.Эрдэнэ “Ардчиллыг хамгаалах цаг үе
ирчихээд байгаа учраас би өөрийнхөө
нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид
дэвшүүлэхийг зөвшөөрсөн” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Арван жил шооконд хэвтсэн
Ху нам коммунизм гэсээр сэргэж,
Монголын улс төр бужигнаж эхэллээ” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ядаж балга ус өгчихөөч,
Монголын төрөөс гуйж байна” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт СЭМҮТ-ийн дэд захирал,
Анагаах ухааны доктор,
Клиникийн профессор В.Баярмаа “Хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэж
байгаа 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг байна
хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ


Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2021.05.06) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор танилцуулсан юм.

Монгол Улсын 2022-2024 оны төсвийн орлогын төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд тулгуурлан боловсруулсан. Монгол Улсын 2022-2024 оны төсвийн орлогын төсөөлөлд өмнөх жилүүдийн нэгэн адил уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний экспортын биет хэмжээ, дэлхийн зах зээл дээрх үнээс өндөр хамааралтай хэвээр байхаар байна. Эдийн засгийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьд хүрч буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж тооцжээ. Энэ үндсэн дээр дунд хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь, 2024 онд 2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцтэй байхаар тооцсон талаар төслийн танилцуулгад дурдсан байна.

Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын төсөөлөлд үндэслэн төсвийн тэнцлийн зорилтот түвшнийг харгалзан нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 2022 онд 14,852.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь, 2023 онд 15,925.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 31.6 хувь, 2024 онд 17,113.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 29.6 хувьд хүрэхээр тооцож төсөөлжээ. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд урсгал зардлын дээд хязгаарыг ДНБ-д эзлэх хувь хэмжээтэй харьцуулж тооцвол 2022 онд 24.8 хувь, 2023 онд 24.0 хувь, 2024 онд 22.0 хувьтай тэнцэхээр тооцжээ.

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрчээ. Улсын Их Хурал, Засгийн газраас цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор төсвөөс 2020 онд 2.4 их наяд төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. Харин 2021 онд 2.7 их наяд төгрөгийн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Мөн төсөв, мөнгөний бодлогыг оновчтой болгох, Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

Дунд хугацаанд Засгийн газар ил тод, цахим төсвийн бодлогын эрс шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, төрийн өмчит компаниудыг шинэчлэн, бүтцийн өөрчлөлт хийж, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, уул уурхай, экспорт, ложистикийн татварын орлогыг бүрэн хураан ил тод байдлыг сайжруулж, далд эдийн засгийн хумих замаар татварын бааз суурийг өргөтгөнө. Төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх төсвийн зарлагын шинэчлэлийг хийх, төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийг дэмжих чиглэлд хийх, өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ үндсэн дээр дунд хугацаанд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн үр ашгийг сайжруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид үзүүлсэн үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжүүлдэг, “Зарцуулсан нэг төгрөг бүр үр ашигтай байдаг, цахим, ил тод төсвийн зарлагын шинэчлэл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ зарчмын дагуу “Халамжаас-Хөдөлмөрт шилжих” бодлогыг дэмжсэн тогтолцооны өөрчлөлтүүд хийх, хүртээмжийн хувьд тэгш, шударга, санхүүжилтийн хувьд урт хугацаанд тогтвортой нийгмийн даатгалыг бий болгоход чиглэсэн тогтолцооны өөрчлөлт хийх, нийгмийг соён гэгээрүүлэх бодлогын хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөсөн талаар танилцуулгад онцолжээ.

Түүнчлэн төсвийн зарлагын чиглэлд дорвитой шинэчлэл шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд төрийн байгууллагын санхүүжилтийг цагийн бүртгэлээр бус хийснээр нь, цаасан тайлангаар бус бодит үр дүнгээр нь, нийлүүлсэн тоогоор бус хүрсэн чанараар нь тооцдог болно. Энэ үүднээс эхний ээлжинд эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбаруудын төсвийн санхүүжилтийг хүрэх үр дүн, чанар, гүйцэтгэлд нь тулгуурлаж хуваарилах замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эдгээр салбарт зарцуулсан төсвийн нэг төгрөг бүрийг үр ашигтай болгоход чиглэсэн багц арга хэмжээг үргэлжлүүлнэ гэдгийг илтгэгч онцолсон юм.

Макро эдийн засгийн 2022-2024 оны төсөөллийн тухайд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022-2024 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 орчим хувьд хүргэхээр зорьж байна. Оюутолгойн далд уурхай, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, “Залуус” I, II, III хороолол, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний зэрэг төслүүдийн бүтээн байгуулалт, барилга, угсралтын ажил эрчимтэй явагдаж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараагаар дэлхийн эдийн засаг, ялангуяа, манай улсын худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын эдийн засаг хурдтай өсөхөөр байна. Энэ нь манай экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний эрэлт, үнэ тогтвортой, өндөр байх нөхцөл бүрдүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.

Харин инфляцын түвшин дунд хугацаанд буюу 2022-2024 онд 6 орчим хувьд байхаар байна. Дунд хугацаанд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдөж, эдийн засгийн идэвхжил сэргэх хандлагатай байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хүү багатай, хямд эх үүсвэртэй зээл олгохын зэрэгцээ гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, бараа нийлүүлэлт, татан авах үйл явц хялбар, шуурхай болж, бизнесийн зардал буурч, нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамт буурах төлөвтэй байгааг танилцуулгад дурдсан байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.2 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг хийж эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хоршооны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн баталлаа.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж цахимаар танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7, 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 95.3, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дугаар хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар дээрх маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “… бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “… Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. …”, 95.5 дахь хэсэгт “… Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасан нь; мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5 дахь хэсгийн холбогдох заалт, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4, 5, 6, Жаран есдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтыг тус тус зөрчөөгүй байна гэж үзсэн байна.

Иймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “… бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “… Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. …”, 95.5 дахь хэсэгт “… Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасныг; мөн тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Сүхбаатар, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар хариулт өгсөн юм. Тухайлбал, Байнгын хорооны дарга С.Бямбацогт хариултдаа, цэцийн хуралдааны тов зарлагдсан үед хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр удаа тавьсан боловч цэц хүсэлтийг хүлээж авалгүйгээр хуралдаж шийдвэрээ гаргасан. Энэ нь цэц маргааныг хянан хэлэлцэхдээ талуудын эрх тэгш байдлыг хангаж, мэтгэлцэх, тайлбар мэдээллийг сонсох бололцоог бүрдүүлсэн байх зарчмыг алдагдуулахад хүргэсэн байна. Энэ тухай Байнгын хорооны хуралдаанд яригдаж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн гэлээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хариултдаа, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн учир хянуулах нь зүйтэй гэсэн агуулгатай хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 9-нд цэцэд гаргасан. Харин бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэсэн энэ шаардлагаасаа 2021 оны гуравдугаар сарын 11-нд татгалзаад зургаан асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлыг дахин тавьсан. Энэ хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэц дунд суудлаараа хуралдаад 03 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

Хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа учраас хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хоёр удаа тавьсан ч цэц хүлээн авалгүй дунд суудлын хуралдаанаа хийж, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангаагүй, тайлбарыг бичгээр хүлээн аваагүй. Энэ нь талуудад мэтгэлцэх боломж олгох, тэгш оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Цэц дүгнэлтдээ зургаан асуудлын тав нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн бол нэг асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэж байна гэж үзжээ. Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнгээр сонгон шалгаруулж, Улсын Их Хурал томилох нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулсан шинжтэй байна гэж үзсэн явдал юм.

Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн заалтаа хайхарч үзээгүй, ойлгоогүйд харамсаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй нэр дэвшүүлж, сонгон шалгаруулна гэдэг нь хэн нэгэн нэр дэвшүүлж болохгүй гэсэн агуулгатай. Зөвхөн иргэд өөрсдөө нэрээ дэвшүүлнэ, түүнд тулгуурлан сонгон шалгаруулалт явуулна, Байнгын хороо томилгооны сонсгол хийнэ. Энэ бүх ажиллагаа нь хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийтийн өргөн оролцоотой явагдана. Эцсийн шатанд сонгон шалгаруулалтаар шалгарсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал хэлэлцэж томилох хуулийн зохицуулалттай гэдгийг хэллээ.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хуралгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт шинээр 3 сургууль, 5 цэцэрлэг барина

Сонгинохайрхан дүүрэгт 2021 онд шинээр гурван сургууль, гурван сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөл барихаар төлөвлөжээ.

Тус дүүрэгт төрийн 25 сургууль, 60 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 2020 онд ерөнхий боловсролын хоёр сургуулийг шинээр барьж, 1600 суудлаар нэмэгдсэн байна. Энэ онд гурван сургуулийн шинэ барилга, гурван сургуулийн барилгад өргөтгөл хийжээ.

Мөн 2020 онд таван цэцэрлэг ашиглалтад орсноор 970 ор шинээр нэмэгдсэн. Энэ онд дахин таван шинэ цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барьж байгааг албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний бичиг үсгийн баяр 2021” энэ сарын 08-нийг хүртэл үргэлжилнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгож, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар бүтээдэг эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд залуучуудад үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэн зэргээр өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Энэ жилийн “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг “Үндэсний бичиг үсэг – Монгол соёлын үнэт өв” сэдвийн хүрээнд тавдугаар сарын 02-ноос 08-ны өдрүүдэд Cоёлын Яам, Үндэсний номын сан, ЗГХА Соёл урлагийн газраас бусад байгууллагуудтай хамтран цахимаар зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцаж байна.

Гашуунсухайт боомтын тухайд Монгол Улсын экспортын гол гарц бөгөөд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг идэвхтэй зохион байгуулж “Ногоон бүс” болохоор зорин ажиллаж байгаа.

Тус боомтод дархлаажуулалт 2021 оны гуравдугаар сарын 18-нд эхэлсэн бөгөөд богинын тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүсийн иргэд, багийн хүн амыг вакцинд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 40.023 хүн вакцины нэгдүгээр тун, 12,177 хүн хоёрдугаар тундаа хамрагджээ.

Мөн тус боомтод Дотоодын цэргийн ангийн 50 цэрэг урт, богинын тээврийг тусгаарлах хамгаалалтад тавдугаар сарын 4-ний өдрөөс ажиллаж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар барааны 9, нүүрсний 49, баяжмалын 16 буюу нийт 74 жолооч тээврийн хэрэгсэлтэй хилээр гарчээ. Дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагаа хаагдсан бөгөөд өнөөдрөөс ийнхүү тээвэр хэвийн явж эхэлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргана

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2021.04.27-ны өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлаас 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Улсын Их Хурлын гишүүн П.Анужингийн ахалсан тус Ажлын хэсэг өнөөдөр /2021.05.05/ хуралдав.

Ажлын хэсгийн гишүүдэд А.Адъяасүрэн, Т.Аубакир, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, С.Чинзориг нар ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан Ерөнхиий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон Улсын Их Хурлын 2019 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулав. Мөн салбарын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, гишүүдэд мэдээлэл өглөө.

Цаашид Ажлын хэсэг хууль, тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан зарим ерөнхий боловсролын болон тусгай хэрэгцээт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаатай танилцана. Сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байдал, эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах болон сургууль дотор стандартын шаардлага хангасан ундны усаар суралцагчдад үйлчлэх нөхцөл бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургуулийн хүүхдийн хоолны зардлын нормативыг шинэчлэн батлахталаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, холбогдох тооцоолол зэргийг шалган, танилцсанаар хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар санал, дүгнэлт гарган, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ онд ЭЕШ өгөхөөр 35.629 шалгуулагч бүртгүүлжээ

2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр 18:00 цагт орон даяар дууссан билээ.

Бүртгэлийн хугацаанд нийт 35.629 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 13.877, Налайх, Багануурт нийт 622 шалгуулагч бүртгүүлжээ. Харин орон нутгийн хэмжээнд 21.130 хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм байна.

Аймгууд дундаас хамгийн олон шалгуулагчтай нь Хөвсгөл аймаг. Тус аймагт нийт 1611 шалгуулагч их, дээд сургуульд элсэх эрхийн шалгалт өгнө. Харин Говьсүмбэр аймгаас 244 шалгуулагч бүртгүүлсэн байгаа нь орон нутгийн хэмжээнд хамгийн бага шалгуулагчтай аймаг болж байгаа юм.