“Хидро-инженеринг” ХХК-ийн захирал, усны барилга байгууламжийн инженер, Монгол Улсын зөвлөх инженер Б.Болдбаатартай ярилцлаа.
-“Хөх морь” төслийн танилцуулгыг YouTube-ээс харлаа. Монголын том голууд дээр усан сан байгуулна, говь руу ус татна, хурын усыг хуримтлуулж ашиглана гэсэн нь сонирхолтой байлаа. Та энэ төслийн судалгаан дээр ажилласан юм байна. “Хөх морь” төслийн тухай ярьж өгөөч?
-”Хөх морь” төслийг БОАЖЯ-ны Усны бодлогын газраас санаачилсан юм. Усны салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, докторууд “Үүнийг хэрэгжүүлчих юм сан” гээд тус бүртээ төсөл яриад явдаг. Нэг малгайд бүх усныхаа төслийг нэгтгэсэн судалгааны ажилтай болъё гэдэг санааг БОАЖЯ-ны Усны бодлогын газар санаачлаад, гүйцэтгэгчийг нь тодруулаад судалгаа хийлгэсэн юм. Гүйцэтгэгчээр нь “Хидро инженеринг” ХХК-ийн хамт олон ажилласан. Би 1999 онд ШУТИС-ийн Усан цахилгаан станцын барилгын ангийг төгссөн. Төгсөх үед “Та нар Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулахад ажиллах ёстой юм” гэдэг байсан. Ингээд ШУА-ын харьяа Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн. Эрчим хүчний агентлаг, ЭХЯ, дараа нь Шүрэнгийн УЦС-ын төсөл, Эгийн голын УЦС-ын төсөл дээр яах аргагүй ажилласан л даа. Энэ хугацаандаа бас нэлээд их судалгаа хийсэн. УЦС байгуулах боломжтой байршлуудыг судалсан л даа.
“Хөх морь” төслийг ярьж эхлэхээс өмнө манай судлаачид, эрдэмтэд 1964 оноос хоёр үе шаттай судалгаа хийсэн байдаг юм. Лениний “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм болно” гэдэг алдарт үг байдаг шүү дээ. Тэгээд Алс Дорнод, Сибирийн бүс нутагт усны эрчим хүчийг ашиглах талаар маш их судалгаа хийлгэсэн юм билээ. Одоо Ангар мөрөн дээр дөрвөн том УЦС баригдсан шүү дээ. Байгаль нуурын дээд урсгал талд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт усны эрчим хүчийг ашиглах судалгааг Орос-Монголын эрдэмтэд хамтраад хийсэн юм билээ. Нийт 22 байршлыг судалсан тайлан архивт байдаг юм. Усны аж ахуйн яам гэж байсан. Ерээд оноос хойш ардчилсан нийгэмд шилжээд, салбар салбарт усны бодлого нь хуваагдсан. Жишээлбэл, Эрчим хүчний яаманд Усан цахилгаан станц нь, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд газар тариалан усжуулалт нь, Байгаль орчны яам руу усны нөөц, экологи нь харьяалагдах болсон. Бодлого нь тодорхойгүй нэлээд удаан хугацаанд явах шиг боллоо. Сүүлд Байгаль орчин аялал жуулчлалын яамны санаачилгаар “Хөх морь” төслийг санаачилсан. Нэгдсэн тоо баримттай, судалгаатай болъё гэсэн. Энэхүү судалгааны ажлыг манай хамт олон гүйцэтгэх боломж олдсон юм.
-Усны газар гэж жилийн өмнө байгуулахыг бодоход усны асуудалдаа анхаарах хэрэгтэй гэж ойлгосон шиг байгаа юм. “Хөх морь” Монголын хамаг том гол мөрөнг хамарсан хэд хэдэн усан сан байгуулах төсөл байна лээ. Их ч ажил орох байх.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт арван том голын 33 байршилд усан сан байгуулах боломжтой гэж өмнөх судалгаануудад түшиглэж, мөн шинээр илрүүлж тодорхойлж гаргасан.
Усан сангаа ус хангамжийн зориулалтаар ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх, газар тариалан усжуулалт, аялал жуулчлал гээд олон зориулалтаар ашиглаж болдог. Гадаргын усны нөөцийг хуримтлуулж, урсац тохируулга хийж, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт зөв хуваарилан, зохистой ашиглах нь чухал болоод байна. Иймд Сэлэнгэ, Орхон, Эг, Туул, Хэрлэн, Онон, Ховд голын сав газрын экологийн чадамжийг сайжруулах, газрын доорх болон гадаргын усны нөөцийг тэнцвэртэй ашиглах, голуудын сав газрын байгаль экологийг хамгаалах, нөхөн сэргээх үүднээс голын урсацад тохируулга хийж, хур тунадас, үерийн усыг хуримтлуулан, усан сан бүхий хэд хэдэн усан цогцолборууд барьж байгуулах, санал санаалчилгыг БОАЖЯ, усны салбарт ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд дэвшүүлсэн юм. Гадаргын усны хуримтлал бий болгох, урсацын тохируулга хийх замаар усны нөөцийг нэмэгдүүлэх “Хөх морь” төслийг санаачлан, эхний шатны судалгааг эхлүүлсэн юм. Энэ судалгааны хүрээнд Монгол орны том голууд болох Ховд, Сэлэнгэ мөрөн, Эгийн гол, Орхон гол, Дэлгэр мөрөн гол, Туул, Хэрлэн, Онон, Улз, Байдраг голуудын дагуу ЗЗ байршилд үнэлгээ хийж, гадаргын усны хуримтлал үүсгэх, урсац тохируулга хийх, эрчим хүч үйлдвэрлэх техникийн боломжийг тооцож, газар тариалан усан хангамж, алсын зайд шилжүүлэн ашиглах боломжтой гэж үзсэн. Эдгээр 10 том голд байрлах 33 байршилд нийтдээ 1722 мВт чадалтай усан цахилгаан станц байгуулах боломжтой. Эгийн гол дээр эрчим хүч загас агнуур, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой усан сан байгуулах боломжтой. Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэхээр нэмэлт судалгааны ажлууд хийгдэж байна. 33 байршлын хөндлүүрүүдийн судалгаа нь ямар түвшинд хийгдсэн, байгаль орчинд нөлөөлөх байдал гэх мэт олон шалгуур үзүүлэлтээр бүгдийг нь эрэмбэлэсэн. Эдгээр 33 төслийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх юм. 2025-2050 онд хэрэгжүүлэхээр тусгасан.
-Хугацаа шаардсан том төсөл юм байна л даа.
-Монгол орны хэмжээнд усныхаа нөөцийг хэрхэн ашиглах урьдчилсан судалгаа гэсэн үг л дээ. 33 усан сан байгуулчихлаа гэхэд усны нөөцөө хөдөө аж ахуй газар тариалан, эрчим хүч бүх л юманд ашиглах бололцоо бүрдэх юм. Ийм тооны усан сан байгуулна гэдэг хэцүү. 1992 онд анх Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ хийж байсан. Тэр бол монголчуудын олон улсын түвшинд хийлгэж авсан анхны ТЭЗҮ гэж болно. Хэрэгжүүлэх гэсээр бараг 30 жил боллоо. Нэг төслийг ярьж эхэлтэл маш их хугацаа орно. Судалгаа, ТЭЗҮ-гээ хийгээд хэрэгжүүлнэ гэдэг дор хаяж 10-15 жилийн ажил.
-Эгийн голын усан цахилгаан станцын тухай их урт хугацаанд ярилаа. Сүүлдээ хүмүүс хойд хөршийн ашиг сонирхол хөндөгдөөд явуулахгүй байгаа юм байна гэсэн ойлголттой үлдэх шиг болсон. Энэ төсөл яг юу болсон бэ?
-Энэ төсөлд ажиллаж байсан болохоор нарийн юмыг нь мэдэж байгаа л даа. 1995 онд ОХУ, Монгол Улс хооронд Хилийн усны хэлэлцээр байгуулсан юм. Хил дамнаад урсаж байгаа голуудаа ямар байдлаар ашиглах вэ гээд хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн нэг зүйл заалтад голын эхийг бүрдүүлж буй нутаг дэвсгэрт байгаа улс нь ямар нэгэн усны барилга байгууламж барихаар төлөвлөж байгаа бол заавал нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэн заалт байдаг. Бид УЦС, усны барилга байгууламж барихаар бол Оросын талд мэдэгдэх ёстой. Эгийн голын УЦС-ын асуудал яригдаж эхэлснээр Байгал нуурын экологийн асуудал хөндөгдөж эхэлсэн. “Та нар голынх нь урсацыг багасгах гэж байна. Биологийн олон янз байдлын судалгаа хийгээгүй байна” гээд л янз бүрийн гомдлууд тавьж, ЮНЕСКО-д гомдол гаргаад байгаа юм. ЮНЕСКО буцаад Монгол Улсын Засгийн газарт “Бид хөндлөнгийн шинжээч томиллоо. Шинжээчдэд юмаа үзүүлээрэй” гэдэг. Шинжээчид ирээд “Юу ч бариагүй байна. Судалгааны түвшинд явж байгаа юм байна. Гэвч энэ энэ судалгааг нэмж хийх хэрэгтэй” гээд зөвлөмж өгөөд явсан. Ингээд 2017 оны ЮНЕСКО-гийн хурлаар ороод, зөвлөмж болоод гарсан. Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллагын гишүүн учраас зөвлөмжийг дагахаас өөр аргагүй. Одоо бол нэмж хий гэсэн судалгааны ажлуудыг хийгээд л явж байгаа юм. Биологийн олон янз байдлын судалгааг хийж байгаа. Эгийн голын УЦС барих байршлаас Байгаль нуур хүртэл биологийн олон янз байдал гэдэгт голд байгаа загас жараахай, сээр нуруугүй амьтан юу л байна бүгдийг нь судлах хэрэгтэй болсон. Энэ бол маш их ажил. Үүнийг хийчихээд, ЮНЕСКО-гийн нэгдсэн хуралдаанд танилцуулах ёстой. Усны горим, биологийн олон янз байдлын судалгаа хийлээ, өөрчлөлт алга гэхэд саналын эрхтэй улсууд дэмжвэл энэ ажил цаашаа явна. Энэ ажил хэдэн жил үргэлжлэхийг хэлэх аргагүй. Хил дамнасан гол дээр юм барина гэдэг их түвэгтэй. Монголд төдийгүй олон улсад ч түвэгтэй болсон. Юуны өмнө дотоодын урсгалтай голуудынхаа усны нөөцийг ашиглахад түлхүү анхааръя гэж манай эрдэмтэн судлаачид үзэж байгаа. Төр засаг маань ч анхаарч байх шиг байна. 33 байршилд арав гаруй дотоодын урсгалтай гол мөрөн дээр баригдах станцууд бий. Эрэмбээрээ бол хамгийн нэгдүгээрт Эрдэнэбүрэнгийн УЦС байна шүү дээ.
-Энэ төслүүдэд хөрөнгө оруулагч олдож байгаа юу. Яаж төслүүдээ хөдөлгөх бол?
-Ховд гол дээр 90мВт хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих шийдвэр гарсан. Ер нь олон улсын хилийн усны маргаан байхгүй. Өөрсдийн газар нутагт, дотоодын урсгалтай гол мөрөн дээр Засгийн газар, УИХ нь дэмжсэн, бодлогын баримт бичигт нийцэж байгаа, судалгаагаа олон улсын түвшинд нийцүүлж хийсэн тохиолдолд хөрөнгө оруулалт олдоно л доо.
-Усан сан байгуулаад, тэндээсээ говь руу ус татах боломжтой гэж ойлгосон. Энэ ажил яаж хэрэгжих вэ?
-Говь руу ус татах хэд хэдэн төсөл байгаа юм. Таван байршлаас найман хувилбараар татна гэсэн судалгаа бий. Жишээлбэл, Хэрлэн голоос Дорноговь Сайншанд, Цагаан суварга, Оюу толгой гэсэн чиглэлээр нэг шугам татъя гэсэн юм. Хэрлэн голоос усыг алсын зайд дамжуулах асуудлыг Засгийн газрын 2017 оны тогтоолд заасан байдаг. Говийн бүс нутгийн уул уурхайн усан хангамжийг шийдэхэд газрын доорх усыг ашиглаж байгаа. Газрын доорх усны нөөц бүрдэхэд маш их хугацаа шаарддаг. Ингэж бүрдсэн нөөцийг шууд соруулаад ашиглаад байвал нөөц нь удахгүй дуусна л гэсэн үг. Тэгэхээр гадаргын усыг уул уурхай болон усан хангамжинд түлхүү ашиглая гэсэн зорилтыг Засгийн газар, усны бодлого хариуцсан газрууд дэвшүүлэн тавьсан.
-Уул уурхайнхан, Оюу толгой усны асуудлаар монгол инженерүүдтэй хамтарч ажиллах санал тавьдаг уу?
-Оюу толгой одоо газрын доорх уснаасаа ашиглаад болоод байгаа юм. Гадаргын усыг ашиглая гэсэн зорилго байхгүй. Хармагтайн орд, Цагаан суварга, Таван толгойн нүүрсний уурхай, Таван толгойн цахилгаан станц гээд яригдаж байна. Энэ бүх төслүүд усны асуудлаас болоод яг яахаа шийдэж чадахгүй байгаа л даа. Хойшоо урсгалтай голуудаасаа тийшээ ус шилжүүлж аваачиж чадахаар бол сайхан боломж бүрдэх юм. Хаа хаанаа ойлголцож зөвшилцөх асуудлууд их бий.
-Говь руу ус татах “Хэрлэн Говь”, “Орхон говь” гэсэн төсөл яригдаад, эсэргүүцэлтэй тулгараад унтарсан санагдаж байна. Сүүлдээ хүмүүст буруу ойлгуулсан гээд байсан. Тэр нь энэ “Хөх морь” төсөлд туссан юм уу?
-Байгаа байгаа. Хэрлэн голоос говь руу ус татах хоёр, гурван байршил бий. Престиж компанийн боловсруулсан “Орхон говь” гэж төсөл бий.
-Хэрлэн Монголын хамгийн урт гол гэдэг билүү?
-Хан Хэнтийн нуруунаас гурван гол эх авдаг. Баруун урд талаас нь Туул гол, зүүн урд талаас нь Хэрлэн гол эх аваад Хятадын нутгаар ороод, цаашаа Оросын нутаг руу ороод явдаг. Зүүн хойд талаас нь Онон гол эх аваад, цаашаа урсаж явсаар Амар мөрний эх болдог. Хэрлэн, Онон гол Оросын нутагт уулзаад цаашаа явдаг. Уг нь том голын эх. Бүх голуудын эх дээр бид сууж байгаа.
-Говь руу ус татах төслүүд маш удаан яригдсан, зөрчилдсөн. Хэрэгжих боломжтой гэж та үзэж байна уу?
-Тийм. Ер нь голыг урт хугацаанд судалсан үр дүнд тооцоо хийж байгаа юм. Энэ гол гандуу жилд ийм урсаж байна. Ус ихтэй жилдээ ийм байна. Дунджаар ийм устай байна. Дундаж урсацын хэмжээнээс нь 5 хувиас ихгүй усыг авч ашиглахад голд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Тэрхүү 5 хувиа говь руу шилжүүлэхэд говийн уул уурхай, хүн амын усан хангамжийг хангалттай хэмжээгээр залгуулах боломж бий.
-Нэг гол дээр дунджаар хэр том усан сан байгуулна гэсэн үг вэ?
-Голын сав газрын газар зүйн байршил, зүй тогтол, усны хэмжээнээс хамаарна. Ус хуримтлуулах талбай нь том цэлгэр бол их хэмжээний усыг хуримтлуулна. Тэндээс авч ашиглах хэмжээ 5 хувиас ихгүй байна. Олон улсын жишиг болгон тогтоосон экологийн урсацын хувь хэмжээ гэж бий. Тэрийгээ л баримтлах хэрэгтэй.
-Хур бороо, үерийн усыг бас хуримтлуулна гэсэн үү?
-Голын усыг бүрдүүлж байгаа эх үүсвэр нь ерөөсөө л хур тунадасны хэмжээ. Монгол орны нутаг дэвсгэрт бууж байгаа хур тунадасны хэмжээ харилцан адилгүй. Сая орсон цас газар гэссэн учраас шууд хөрсөнд шингээд, сайхан “шар тос” гэдэг л болж байгаа юм. Газрын гадарга дээр бууж байгаа хур тунадасууд л голын урсацын эхийг бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ багасаж байгаа нь хуурайшилт уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байна. Байгальтайгаа зөв харьцах л хамгийн чухал асуудал.
-Усан сан байгуулах, гадаргын усыг хуримтлуулах төсөл бусад улс орнуудад хэр түгээмэл байдаг вэ?
-Өндөр хөгжилтэй улс орнууд жишээ нь Япон, Солонгос усан сан барих ёстой газрууддаа бүгдэд нь барьж дууссан. Усны нөөцөө бүрэн ашигладаг улсууд. Хятад бол номер нэг. Усан сан үүсгэх, барих бололцоотой бүх газрууддаа бариад, түүнийгээ газар тариалан, аялал жуулчлал, усан хангамж, эрчим хүч байж болох бүх зориулалтаар нь ашигладаг. Манайд бол нэлээд тэмцэл болж байж хоёрыг л барьсан шүү дээ. Дөргөн, Тайширын усан цахилгаан станц байна. Бусад улирлын чанартай жижиг станцууд ч баригдсан л даа.
-Нэг хэсэг усан цахилгаан станцын ус дүүрэхгүй байна байгаль орчиндоо халтай байна гээд шүүмжлэл дуулддаг байсан. Үнэхээр орчиндоо сөрөг нөлөөтэй байсан уу, хэр сайн ажил болсон гэж дүгнэдэг вэ?
-Ер нь дажгүй сайн ажил болсон шүү дээ. Жишээ нь, Тайширын УЦС -ыг гэхэд 2001 оноос ярьж эхэлсэн. ТЭЗҮ-ийг нь Германы компани хийсэн. 2008 онд баригдаж дууссан. Яг дуусах үед нь голын эхээр хяналтгүй уул уурхай ажиллаж таарсан шиг байгаа юм. Тэр нь голын урсацад нөлөөлж, тухайн үед бас услаг багатай жилүүд таараад, усан сан нь дүүрэхгүй гурав, дөрвөн жил болсон.
Тэр хооронд яриа хөөрөө гарсан л даа. Тэгээд ус ихтэй жилдээ усан сан нь дүүрээд, байнга устай болоод ирэхээр байгаль орчин нь эргэж сэргээд сайхан болсон. Говь-Алтай аймгийн Есөн зүйл сум нь хатуулаг ихтэй устай. Сүүлд Австрийн Засгийн газрын зээл тусламжаар усан сангаасаа ундны усны усан хангамжийг шийдэж байгаа шүү дээ. 60 км урт ус дамжуулах шугам хоолой татаад, аймгийн төвийн усан хангамжийг шийдчихэж байгаа юм.
Б.ЯНЖМАА