Categories
мэдээ нийгэм цаг-үе

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд 07:00-20:00 цаг хүртэл ажиллана

Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын 17 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, төрийн байгууллага, хуулийн этгээдийг ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүртгэх, хяналт тавих, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг иргэн бүрд хүргэж, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай зохион байгуулна.

Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов. Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах юм. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор оролцоно. Жишээ нь маргааш буюу тавдугаар сарын 8-нд тэгш, 9-нд сондгой дугаартай тээврийн хэрэгсэл гэх байдлаар цаашид хөдөлгөөнд оролцох юм. Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлж, зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж ажиллана.

Мөн халдварын тохиолдол нэмэгдэж, халдвар тархах эрсдэлтэй хуулийн этгээдийн салбар чиглэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн хязгаарлалтыг түр хугацаагаар хийж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагын сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрүүлнэ. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэн, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын дагуу нэвтрүүлж, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах юм.

Түүнчлэн байгууллагын дотоод хяналт, шалгалтын үйл ажиллагааг идэвхжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, ажилтан, албан хаагчдаа “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулж, дархлаажуулалтад хамрагдсан болон өвчилж эдгэсэн хүний эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэн ажиллуулахыг ажил олгогч иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн удирдлагуудад үүрэг болголоо. “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан шаардлагыг хангасан зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллана. Халдварын тархалт буураагүй, эрсдэлтэй нөхцөл байдал бүрэн арилаагүй байгаатай холбогдуулан зорилтот бүлгийн болон архаг хууч өвчтэй иргэд шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй, зайлшгүй тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явах, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй, халдвар хамгааллын дэглэмийг сахихыг иргэдэд зөвлөсүгэй.

ХЯЗГААРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД

1

Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага шүүх, прокурор (нийт ажилтан, албан хаагчийн 30 хувь хүртэл хувь ажиллах, цагийн хязгаар тогтоох), иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төв, Сонгуулийн бүх шатны үйл ажиллагаа хязгаарлалтад хамаарахгүй

2

Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

3

Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

4

Бүх төрлийн баар

5

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө

6

Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

7

Хүнснээс бусад барааны зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа, хайпермаркет (Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар баталсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагааг үе шаттай нээж явуулахыг зөвшөөрнө.)

8

Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв

9

Сургалтын төв

10

Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ

11

Алжаал тайлах төв

12

Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв

13

Саун, бассейн

14

Зочид буудал, дэн буудал

15

Амралт, жуулчны газар

16

Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд

17

Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ

18

Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай

19

Нийтийн бүжиг, бүжгийн клуб

ХҮН

1

Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ

2

Хурим найр, цайллага, хүлээн авалт

3

Агаар салхинд гарах – (Зөвхөн гэр бүлийн гишүүдийн хүрээнд зөвшөөрөх)

4

Цахилгаан шатанд 3-аас илүү хүн суух

5

Айлд зочлохгүй, зочин урихгүй

6

Оршуулгын ажилд оролцох (автомашин 8, иргэн 20-оос дээш хязгаарлах)

7

Хуулийн этгээдийн хязгаарлах үйл ажиллагаа / 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17,18, 19/-нд заасан хүний үйл ажиллагаа хамаарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 10-12 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говиор 26-31 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Хөл хориог бууруулж байгаа ч цар тахлын аюул хэвээр байгаа гэдгийг санах хэрэгтэй

Нийслэлд мөрдөгдөж буй хатуу хөл хорионы дэглэмийг маргааш буюу тавдугаар сарын 08-ны өглөөний 06:00 цагт бууруулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комиссоос мэдээлж байна.

ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг15 мянган хүн халдварт өртөхөөс сэргийлж, нас баралтыг 2 дахин бууруулсан талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Насанд хүрсэн иргэдийн 71 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.

Цар тахлын өндөр үед шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх. Айлд зочлохгүй байх. Албан байгууллага олон нийтийн газарт олноор цуглахгүй байх. Вакцинд хамрагдсан ч дархлаа тогтлоо гэж тайвшрахгүй байх. Амны хаалтаа зүүх, гараа байнга угаахыг сэрэмжлүүлж байна.

Улсын Онцгой комиссоос ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах мэдэгдлийг гаргаж байна.

  • Цар тахлын аюул хэвээр байгаа тул иргэн та шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байх
  • Албан байгууллага, гудамж талбайд хүн олноор цуглуулахгүй байх
  • Вакцинд хамрагдсаны дараа ч тайвшрахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
  • гараа байнга ариутгах
  • Хүн хоорондын зайг ямагт баримтлах зэргийг иргэн бүхэн баримталж, өөрийгөө халдвараас хамгаална уу” гэв.
Categories
гадаад мэдээ

Пентагон Дэлхий дээр унах Хятадын пуужинг устгахгүй

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин АНУ-д Дэлхийн тойрог замаас хяналтгүйгээр гарсан Хятадын хүнд даацын “Чанжэн-5Б/Long March-5B” пуужин тээвэрлэгчийг харваж унагах төлөвлөгөө байхгүй гэдгээ мэдэгджээ.

Пентагоны тэргүүний хэлснээр, АНУ-ын тал пуужин аюулгүй газар, экваторын бүсэд Номхон далай орчим эсвэл ямар нэгэн аюулгүй газар унана гэж тооцоолж байгаа юм.

Шинжээчдийн тооцоолсноор, пуужин ирэх амралтын өдрүүдэд Дэлхийн хаа нэгтээ унах гэнэ.

2021 оны дөрөвдүгээр сарын 29-нд Хятадын Үндэсний сансрын агентлаг хүнд даацын “Чанжэн-5Б/Long March-5B/ CZ-5B” пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөсөн билээ. “Чанжэн-5Б/Long March-5B” дэлхийн тойрог замд баригдах Хятадын үндэсний сансрын “Тяньхэ буюу Тэнгэрийн заадас” станцын үндсэн хэсгийг тойрог замд амжилттай оруулсан. Гэвч пуужин тээвэрлэгч хяналтаа алдаж, Дэлхийн тойрог замаас гараад байна.

Харин Оросын “Роскосмос”-ын мэдээлснээр, 18 тонн хуурай жинтэй пуужинг Дэлхийн орчмын сансрын орон зай дахь аюултай байдлыг сэрэмжлүүлэх Автомат системийн мэдээллийн санд оруулжээ. Үүнээс ирсэн мэдээллийг цуглуулж, боловсруулж байгаа аж.

Тус системийн мэргэжилтнүүдийн тооцооллоор, “CZ-5B” энэ сарын 8-9-ний өдөр орчим баллистик чадвараа алдах гэнэ. Пуужин тээвэрлэгчийн зарим хэсэг агаар мандлын зузаан давхаргад шатах бол галд тэсвэртэй хэсэг нь Дэлхий дээр буух боломжтой. Оросын эрдэмтдийн тооцоолсноор, энэ сарын 7-8-нд пуужингийн унах газар тодорхой болох гэнэ.

БНХАУ-ын зүгээс “CZ-5B” хэлтэрхий Дэлхий дээр унаж болзошгүй гэсэн мэдээллийг барууны өдөөн хатгалт гэж үзэж байна. Сансар судлалын шинжээч Сүн Жунпиний онцолсноор, пуужингийн хэлтэрхий Дэлхий рүү эргэн ирэх нь хэвийн үзэгдэл. Учир нь объектын ихэнх хэсэг агаар мандалд шатаж дуусдаг байна. Хятадын эрдэмтдийн тооцоолсноор, пуужингийн хэлтэрхийнүүд далайд унах ба хүний амь насанд хохирол учруулахгүй аж. Гэсэн хэдий ч Хятадын тал пуужингийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байгаа гэжээ. Сүн Жунпин “Чанжэн-5Б/Long March-5B/ CZ-5B” экологийн цэвэр түлшээр ажилладаг тулд далайд унасан тохиолдолд усыг бохирдуулахгүй” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

“Агаарын бохирдлыг бууруулах нь” сэдэвт цахим уулзалт боллоо

“Дэвшилтэт техник, технологи руу шилжүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо.

Энэ уулзалт нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын нэвтрүүлж буй байгаль орчинд ээлтэй, шинэлэг, дэвшилтэт технологи, бодит үр дүн үзүүлж буй төслүүдтэй танилцах, хамтран ажиллах, санал солилцох зорилготой юм. Уулзалтыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нээсэн бөгөөд холбогдох албаныхан дараах сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тодруулбал,

  1. Сэргээгдэх эрчим хүчний технологиудын ашиглалт, судалгааны үр дүн сэдвээр “Грийн Солар Энержи” ХХК-ийн Ө.Мөнхбаатар
  2. Бүх төрлийн /хатуу, шингэн, хийн/ түлшнээс ялгаруулах бохирдлыг бууруулах нано технологи- “Депозит плюс” ХХК-ийн захирал Д.Гантөмөр
  3. Дотоод орчны агаарын бохирдол-“Ногоон титэм” итгэмжлэгдсэн лабораторийн үүсгэн байгуулагч, ерөнхий менежер Б.Алтангадас
  4. Дотоод болон гадаад орчны үнэрийн бохирдлыг бууруулах технологи-“Ногоон титэм” итгэмжлэгдсэн лабораторийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл
  5. Хийн халаалтын шийдэл-“Улаанбаатар хийн сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Тамжид
  6. Basaltwool брэндийн чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал- “Монгол базальт” ХК-ийн Ерөнхий менежер Д.Сайнбаатар
  7. Улаанбаатар хот болон бусад суурин газруудын агаарын бохирдлыг цахилгаан халаалтаар бууруулахад хамтран ажиллах нь-Цахилгаан халаалтын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбооны нарийн бичгийн дарга, “ТАСУМА” ХХК-ийн захирал Б.Саранцэцэг илтгэлүүдээ танилцуулж, НАБТГ-ын орлогч дарга Ц.Цолмон чиглүүлэн хэлэлцүүлэг хийсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Categories
гадаад мэдээ

Балбад халдвар авсан уулчдыг нүүлгэн шилжүүлжээ

Балбад коронавирусийн халдвар авсан байж болзошгүй, янз бүрийн орны 19 уулчныг Хималайн нурууны Даулагири буюу Цагаан уулын (8 167 м) баазуудаас нүүлгэн шилжүүлсэн тухай “Hindustan Times” сонин мэдээлжээ.

Уулчдын долоогийнх нь коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд үлдсэн уулчдын хариу удахгүй гарна гэж Балбын аялал жуулчлалын “Seven Summit Trek Mingma Sherpa” компани тус сонинд мэдээлсэн байна.

Дэлхийн долоо дахь ноён оргил болох Даулагири нь Эверестээс баруун зүгт 345 км зайтай оршдог аж. Одоогийн байдлаар уулын бэлд байрлах бааз кэмпүүдээс түргэвчилсэн оношлуураар халдвар илэрсэн 30 уулчин болон Балбын газарчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Халдвар авсан уулчдыг Катманду хот руу нисдэг тэргээр хүргэж, эмнэлэгт хэвтүүлжээ. Уулчдын гол баазад нийтдээ 1500 орчим хүн байгаа бөгөөд тэдний 408 нь Эверест рүү авирахаар бэлтгэж байгаа аж. Мөн Лхоце уул руу (8516 м) авирахаар бэлдэж буй 100 орчим хүн хоёрдугаар баазад байрлаж байна. Уулчдад үзлэг хийж буй эмч нар баазуудын хооронд явахгүй байж, амны хаалт байнга зүүхийг тэдэнд уриалжээ. Мөн амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл тэр даруй авиралтаа зогсоохыг зөвлөсөн байна.

Балбын эрх баригчид энэ жил дөрөв, тавдугаар сард Эверестэд авирахад тавьсан хязгаарлалтаа цуцалж, янз бүрийн орны уулчдын багт 394 зөвшөөрөл олгосон байна.

Пүрэв гаригт Балбад халдварын 7660 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ. Тус улсад халдвар авсан нийт хүний тоо 369 мянгад хүрч, 292 мянган хүн эдгэрсэн бол 3529 өвчтөн нас барсан байна. Халдварын тархалтыг хумихын тулд Балбын Засгийн газар энэ сарын 6-наас 14-ний хооронд дотоодын бүх нислэг, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ, мөн олон улсын нислэгийг зогсоожээ.

Categories
мэдээ спорт

Э.Бэхбаяр алт, Х.Болортуяа олимпийн эрхийн төлөө барилдана

“Токио-2020” зуны олимпийн эрх олгох чөлөөт бөхийн дэлхийн тэмцээн өнөөдөр/2021.05.07/ Болгарын Софи хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр МУГТ Э.Бэхбаяр 57 кг-ийн жинд алтан медалийн төлөө Японы Юки Такахашитай барилдана. Э.Бэхбаярын хувьд өчигдөр хагас шигшээд Азербайжаны Георгий Эдишерашвилиг 6:2 гэсэн харьцаатай ялж, эх орондоо олимпийн наадмын эрх авчирсан юм.

Түүнээс гадна өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Х.Болортуяа олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөж байна. Х.Болортуяагийн хувьд эхний тойрогтоо Хорватын Иван Геричтэй барилдаж, өрсөлдөгчөө цэвэр ялаад байна. Тэрбээр тун удахгүй шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррератай хүч үзнэ.
Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор буюу 51 хувиар өсчээ

2021 оны эхний дөрвөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.4 тэрбум ам.доллар болж 2020 оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор буюу 50.6 хувиар өссөн болохыг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.

Тодруулбал, экспортын дүн импортын дүнгээс 535.4 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. Экспортод 2.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 81.8 хувиар өссөн бөгөөд нийлүүлсэн барааны 98.8 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлсэн байна.

Экспорт, импортын барааны гүйцэтгэлээс харвал:

  • Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 2.1 тэрбум ам.доллар буюу 87.5 хувь
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 69.1 сая ам. доллар буюу 2.8 хувь
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 52.4 сая ам.доллар буюу 2.1 хувь
  • Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 36 сая ам.доллар буюу 1.4 хувь
  • Нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 65.8 сая ам.доллар буюу 2.6 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.4 хувийг эзэлж буй юм.

Манай улс дэлхийн 48 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 92.5%, БНСУ-д 2.3%, Сингапур улсад 2% тус тус ногдож нийт экспортын 96.9%-ийг дээрх орнууд эзэлснийг мөн мэдээллээ.

Түүнчлэн импортоор нийт 1.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2020 оны мөн үеэс 374.9 сая ам.доллароор буюу 23.6%-аар өсжээ.

Импортоор нийлүүлэгдсэн барааг ангилан харвал:

  • 96.8 хувийг валютын төлбөртэй худалдаа,
  • 0.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа,
  • 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа,
  • 1.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 18.5 сая ам.долларын бараа импортлолжээ. Тус барааг гарал үүслийн орноор авч үзэхэд АНУ-д 45.4 хувь, БНХАУ-д 37.7 хувь, Японд 8.1 хувь тус тус ногдож байгаа аж.

Үндсэндээ нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж ирсэн бөгөөд уг зээлийн 15.5 хувийг БНХАУ-аас, 10.9 хувийг Беларусиас, 21 хувийг Австриас, 25.4 хувийг Японоос тус тус олгосон байна.

Ийнхүү тайланд хугацаанд нийт 29.5 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгджээ.

Categories
гадаад мэдээ

Хунтайж Уильям гэргий Кейт Миддлтон нар ютүб сувагтай болжээ

Хааны гэр бүлийн хос болох Хунтайж Уильям, түүний гэргий Кейт Миддлтон нар ютүбийн албан ёсны шинэ сувгаа нээж, богино хэмжээний танилцуулга бүхий анхны видеогоо нийтэлжээ.

Танилцуулга видеоны эхэнд Уильям “Эдгээр залуус бид хоёрын бичлэгийг хийж байгаа тул одоо хэлэх зүйлээ хянаарай” гэж хошигноход Кейт “Мэдэж байна аа” хэмээн инээдээ барьж ядах аж.

Хунтайж Уильям, Кейт Миддлтон нарын энэхүү 25 секундын видеог одоогоор 2.2 сая гаруй хүн үзжээ. Тэдний хуваалцсан анхны видео нь “Бидний албан ёсны ютүб сувагт тавтай морилно уу!” хэмээх нэртэй бөгөөд хосууд хүүхдүүдтэй мэндчилж, нисдэг тэргээр явж, амьтадтай харьцаж байгаа зэрэг тэдний өмнөх айлчлал, үйл явдлын олон дүрсийг бичлэгт хураангуйлж нэгтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 622 бүртгэгджээ

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор хөнөөлийг олон нийтэд ойлгуулах, таслан зогсооход төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог нэмэгдүүж, хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд “Байгалиа хамгаалъя” аяныг энэ сарын 25-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд орон даяар зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 622 бүртгэгджээ. Үүний 80 хувь нь хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг байсан талаар Экологийн цагдаагийн албаны тоон мэдээнд дурдсан байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт бүртгэгдэж буй хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн олонх нь мөн энэ төрлийн хэргүүд байдаг ажээ.

Энэ талаар Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Т.Баатар “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ногоон бүсэд хууль бусаар мод бэлтгэх, газар хашаалах, ус бохирдуулах хэрэг, зөрчлүүдээс гадна химийн бодис, амьтны эд эрхтэн худалдах, тээвэрлэх гэмт хэрэг нийслэлд түгээмэл бүртгэгддэг. Энэ оны эхний улиралд нийслэлд байгаль орчны эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгдсэн байна” гэсэн юм. Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл аяны хүрээнд нийслэлийн ой мод, амьтан, ургамлыг хамгаалах, Туул, Сэлбэ голын ай сав газар дахь зөрчлүүдийг арилгахад чиглэсэн ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Та бүхэнд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллаарай. Нийслэлийн Иргэн Таны дуу хоолой байгалиа хамгаалж чадна.