– ХУУЛЬГҮЙ, ДҮРЭМГҮЙ ААШИЛЖ БАЙГ АА НӨХДҮҮДИЙН ҮЙЛДЛИЙГ БИД ӨӨГШҮҮЛЭХГҮЙ –
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ардчилсан нам хоёр талд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулсан. Сонгуулийн ерөнхий хороо таны материалыг хүлээж авлаа. Гэхдээ нөгөө талд АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд өлсгөлөн зарлаж, таныг эсэргүүцэж байна. үүсээд байгаа нөхцөл байдалд юу хэлэх вэ?
-Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлагууд албан ёсны байр сууриа илэрхийлж, Улсын дээд шүүхийн албан ёсны лавлагаатай нам төлөөлөх эрх бүхий хүмүүсийн бичиг баримтыг хүлээж авна гэж анхнаасаа илэрхийлж байсан. Энэ дагуу С.Эрдэнийн материлыг хүлээж авлаа. Хууль тогтоодог, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хүмүүс нь өөрсдөө хууль бус үйлдэл шаардаж, төрийн байгууллагуудад дарамт үзүүлж, ёс зүйгүй аашилж болохгүй. Яахаараа УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байдаг юм. Хууль хяналтын байгууллагад ном дүрмээр нь асуудлыг тавих ёстой. Нөгөө талаас хэн олон хүн цуглуулсан талд нь хууль үйлчилдэг болчих юм бол энэ улсад хууль дүрэм байгаад хэрэг байгаа юм уу. Улсын дээд шүүхээс АН-ыг албан ёсны төлөөлөх эрх бүхий этгээд С.Эрдэнэ хүчинтэй хэвээрээ байна гэдэг тайлбар лавлагаагаа СЕХ-нд өгсөн. СЕХ Улсын дээд шүүхийн тайлбар лавлагааг үндэслэж шийдвэрээ гаргалаа. Өлсгөлөн зарлаж, суулт хийж байгаа гишүүд бол Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд үүрэгжүүлсэн заалт байгаа шүү дээ. Төрийн бүх шатны байгууллагууд, түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэж заасан байдаг.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад өрсөлдөхөөр шийдсэн бэ. Энэ таны шийдвэр байсан уу?
-Би Монголд Ардчилсан хувьсгал эхлэх цагаас хойш өнөөдрийг хүртэл 31 жил ардчиллын төлөө явж байна. Цаашдаа ч үлдсэн амьдралаа Монгол Улсынхаа тусгаар тогтнол, ардчиллын төлөө зориулна. Энэ бол миний амьдралдаа тавьсан зорилго, тангараг юм. Би хэзээ ч Ардчилсан зарчмаас ухарч яваагүй. Намайг нугалах гэж маш олон удаа оролдож, шүүх, шорон гяндангаар айлгаж үзлээ. Янз бүрийн зохиомол хэрэг үүсгэж, янз бүрийн байдлаар дарамтлах гэж үзлээ. Тэглээ гээд би хэзээ ч намаасаа урваж байгаагүй, үнэт зүйл, үзэл бодлоосоо ухарч байсангүй. Өнөөдөр Монгол Улсад Ардчилал, шударга ёсыг бодит байдал болгож, үүнийг хамгаалъя гэж байгаа бол Хүний эрх, эрх чөлөө, Ардчиллыг хамгаалахгүй бол болохгүй. Тийм цаг үе ирчихээд байгаа учраас би өөрийнхөө нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэхийг зөвшөөрсөн. Би өөрөө өөрийгөө дэвшүүлсэн юм биш. АН-ын удирдлагууд тодорхой түвшинд ярьж, хэлэлцэж, зөвшилцөж байгаад намайг дэвшүүлье гээд “Та зөвшөөрөх үү” гэж асууж гарсан шийдвэр. Тэрнээс биш С.Эрдэнэ сайн дурандаа би Ерөнхийлөгч болъё гэж зүтгээд байгаа юм байхгүй.
-Нөгөө талаас тантай хамт нам дотроосоо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар санал хураалт шударга болоогүй гэж мэдэгдсэн. Та хэдэн хувийн саналыг авсан юм бэ?
-АН-ын мянга, мянган гишүүдийн дунд шууд санал хураалт явуулсан. Дотоод сонгуулиар би хамгийн олон саналыг авсан учраас нэр дэвшиж гарч ирсэн. Санал хураалтаар хууль бус, шударга бус зүйл нэг ч гараагүй. Ер нь яахав, сонгуульд хоёр хүн өрсөлдөөд нэг ялж, нөгөө нь ялагддаг. Ялагдсан тал нь янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Зарим ухаантай холыг хардаг хүмүүс нь ялалт байгуулсан хүндээ баяр хүргээд, амжилт хүсээд хамтраад баг болоод явдаг. Яахав, гомдолтой, бухимдалтай, асуудлыг ойр хардаг хүмүүс нь янз бүрийн шалтаг, шалтгаан ярьдаг. Үнэхээр луйвар булхай гарсан гэж байгаа бол тэрийгээ нотлох хэрэгтэй. Манай нам чинь дотоод хяналтын байгууллагатай учраас нотолгоотой, баримттай зүйлийг шалгаж тогтоох боломжтой.
-Та Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөөд иргэдийн санал, дэмжлэгийг хэр авч чадна гэж бодож байна вэ. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэр амжилттай оролцож чадах вэ. Та ялалт байгуулах боломжийг хэрхэн харж байна вэ?
-Ялалт байгуулах боломж бүрэн бий. Өнөөдөр нийгэмд Ардчилсан намыг хүлээсэн Ардчилсан намд асар их итгэл найдвар тээсэн, нийгмийн уур амьсгал хүчтэй байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд улс оронд юу болоод өнгөрөв. Төрийн бүх шатанд хууль дүрэм журам хэрэгжиж байна уу. Болж, бүтэж байгаа юм алга шүү дээ. Тийм учраас маш хүчтэй сөрөг хүчний дуу хоолой нэгдүгээрт шаардлагатай байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ талд дуугардаг, ард түмнээ өмөөрдөг, шударга ёсыг шаарддаг, аль нэг улс төрийн намд үйлчлээд байдаггүй, хэн нэг хүний эрх, эрх чөлөөг хөндөөд байдаггүй, хүний хувийн өмчийг дээрэмдээд байдаггүй, яг хууль дээдлэх зарчмаар шаардаж чаддаг, монгол хүн бүрийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэж чаддаг, тийм л Ерөнхийлөгчтэй байх ёстой. Тэгж чадвал энэ улс оронд өнөөдрийн энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэх том гарц бий болно гэж харж байна. Тэр утгаараа би энэ зорилтыг хангах, бодлого шийдвэрээ олон түмэнд хүргэж ойлгуулж чадвал, олон түмний дэмжлэгийг авч чадна гэж бодож байна.
-Тэгэхээр одоо таны хувьд хүчтэй өрсөлдөгч хэн бэ. Ерөнхийлөгчийн сонгууль хэр өрсөлдөөнтэй, шударга болно гэж бодож байна вэ?
-Сонгуульд өрсөлдөгчдийн 100 хувийн эцсийн шийдвэр хараахан гараагүй байна гэж харж байна. Хоёрдугаарт, өрсөлдөгчөөр тодорсон нэр дэвшигч хүмүүсийн мөрийн хөтөлбөр, зорилго, сонгуулийн нөхцөл байдлыг одоогоор харж, судалж, дүгнэж уншиж амжаагүй байна.Тийм учраас өрсөлдөгчдөө энэ нь хүчтэй, энэ нь сул гэж хэлэхэд арай эрт байна.
-АН-ын дотоод тэмцэл улам хурцдаж байх шиг. АН дотооддоо эвтэй түнжинтэй байх боломж хэр байна вэ. Одоогийн нөхцөл байдлаас таны хувьд ямар нэг алхам хийх үү. Өлсгөлөн зарласан бүлгийн гишүүдэд хандаж юу хэлэх вэ?
-АН өнөөдөр хоёр хуваагдсан зүйл ерөөсөө байхгүй. Олон удаа би энэ тухай хэлж ярьж байна. Хэн нэгэн нөхөр гудамжаас сайн дураараа гарч ирээд би АН-ын дарга, хуулийн этгээд гээд яваад байж болохгүй. Улсын дээд шүүхээс АН-ын хууль ёсны бүртгэлтэй хуулийн этгээд нь үйл ажиллагаа явуулах эрхтэй гэдгийг шийдвэрлэлээ. АН-ын шинэ даргаар М.Тулгатыг дэвшүүлсэн. Энэ бүртгэлээ хийлгэх гээд Улсын дээд шүүхэд хүргүүлсэн, удахгүй шийдвэрээ гаргах байх. Тиймээс ямар нэг байдлаар хоёр Ардчилсан нам гэдэг асуудал байхгүй. Хууль бус зүйл хууль бус л байдаг. Өөрсдийгөө УИХ-ын гишүүн учраас АН-ыг бүрэн төлөөлөх эрхтэй гэж цээжээ дэлдээд байгаа нөхдүүдэд хэлэхэд, тийм хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй юм гэж сануулъя. АН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд бол Ардчилсан намын нэр дээр бүлэг байгуулах эрхтэй. Бүлгээрээ дамжуулж төрийн удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцдог. Бүлгээс гарвал бие даасан гишүүн болдог. Хувь хүнийхээ хувьд УИХ -ын гишүүнийхээ эрхийг эдлээд явах бо-ломжтой.
Нөгөө талаас өөр намаас сонгогдсон, бие дааж гарсан гишүүд аль нэг намын бүлэгт албан ёсоор орох боломж байхгүй. Тийм хуулийн зохицуулалт байдаггүй.
Тиймээс АН-ын бүлэгт С.Ганбаатар, Н.Алтанхуягийг хүлээж аваагүй. АН-ын бүлэг өнөөдөр 11 УИХ-ын гишүүний төлөөлөгчтэй. Энэ 11 гишүүнээс албан ёсоор хүсэлтээ гаргаад бүлгээс гарч болно. Тэрнээс биш өөр намын гишүүдийг АН-ын бүлгийн гишүүд гэж зарлан, дур мэдэн элсүүлж авах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй шүү.
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг намаасаа өөрийн хүсэлтээр гараагүй, хөөгдсөн байсан. Харин буцаад намын гишүүний эрхээ сэргээлгэлээ гэж мэдэгдсэн. Улмаар АН дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд олонхыг саналыг авч чадсан шүү дээ?
-Энэ хүн Орхон аймгаас бие дааж нэр дэвшсэн. Янз бүрийн нөхцөл байдал дунд ялалт байгуулсан бие даагч гишүүн шүү дээ. Бие даагч гишүүн хэр нь өөрийн гэсэн бүлэгтэй улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцож, хутгалдаад орилоод байж болох уу. Тэр хүнд хэн тийм эрх олгосон юм. Хэн ч эрх олгоогүй. Н.Алтанхуяг гэдэг хүн Ардчилсан намд ямар ч хамаагүй. Ардчилсан намын нэрийн өмнөөс дуугарах эрх Н.Алтанхуягт байхгүй. Нэгдүгээрт, Ардчилсан намын гишүүн биш. Хоёрдугаарт, Ардчилсан намын бүлэгт орох хууль эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй. Хуулинд, УИХ-ын сонгуулийн үр дүнгээр тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон гишүүд найм ба түүнээс олон тоотой суудал авах юм бол бүлэг байгуулж болно гэж байгаа. Тэрнээс өөр зохицуулалт байхгүй. Ардчилсан намыг гадна талдаа эв нэгдэлгүй мэт харагдуулах, улмаар АН-ыг сонгуульд оруулахгүй байхыг хүсч байгаа Н.Алтанхуяг тэргүүтэй хэсэг бүлэг нөхдүүд одоо боль оо! Хууль давсан эрх мэдэл гэж байдаггүй юм аа. Хичнээн ч том толгойтой, эрх мэдэлтэй хүн байсан хуулинд л захирагдана. Төрийн байгууллага руу дайрч ороод, хууль бус шаардлага тавьж, олон түмнийг бослого тэмцэлд уриалж, ийм ёс зүйгүй үйлдэл гаргахаа болиосой.
-Ардчилсан намыг сөрөг хүчний байр сууринд нэгдэж, илүү хүчтэй байх ёстой гэж иргэд хүсч байна. Бүлгийн гишүүд олуулаа болбол илүү хүчтэй, үр дүнтэй ажиллаж чадна гэж иргэд дэмжиж байгаа. АН-ын УИХ дахь бүлгийн гишүүдтэйгээ учраа олох боломж хэр байна вэ. Бүлгийн гишүүд өмнө нь тантай ирж уулзаж байсан байх аа?
-Дахиад хэлье. Ардчилсан нам хоёр хуваагдаагүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хуульгүй, дүрэмгүй аашилж байгаа үйлдлийг бид өөгшүүлэхгүй. Өнөөдөр Ардчилсан нам нээлттэй байна. Бид хэнийг ч хөөж туугаагүй. Яахав, өөр ойлголттой, буруу зөрүү яриад яваад байгаа хүмүүс аяндаа асуудлыг ойлгоод буцаад Ардчилсан намынхаа үйл ажиллагаанд оролцоод явна биз. Тэглээ гээд тэдэнд ямар нэг байдлаар хавчиж шахаж, дарамт үзүүлэхгүй. Угаасаа Ардчилсан нам 30 гаруй жилийнхээ түүхэнд аль алдаж, онохыг хэлэх вэ. Зөндөө л төөрч будилсан. Тэр болгонд нь хүмүүстээ дарамт шахалт үзүүлж, хавчаад байвал энэ нам чинь оршин тогтнохгүй шүү дээ. Тиймээс миний хувьд, өнөөдөр хэн нэгэнтэй хариуцлага тооцно, янз бүрийн дарамт шахалт үзүүлэх бодол байхгүй. Тэр хүмүүс эргээд л орж ирээд намынхаа үйл ажиллагаанд оролцоод яваг л дээ. Угаасаа гишүүнийх нь эрх байж байгаа. Харин дүрэм зөрчиж, хуульгүй үйлдэл удаа дараа гаргаад байвал тэрийг би тэвчиж чадахгүй. Хуулийн дагуу, дүрмийн дагуу ямар хариуцлага тооцох ёстой, тэрийг тооцоод л явна.
-Таныг МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй хамтарсан, дэмжиж ажиллаж байна гэдэг хардлага гарч байгаа. Та У.Хүрэлсүхтэй ямар харилцаатай вэ?
-Яахав дээ. Жаахан дургүй хүргэсэн нэгнийгээ хэн нэгэнтэй наадаг, харлуулдаг, гүтгэдэг байдал Монголд хэвийн үзэгдэл болчихсон. Би 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг анх гаргаж тавьж байсан. Хэн тухайн үед миний энэ саналыг унагааж, эсрэг үйл ажиллагаа явуулж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалж авч үзлээ. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга шүү дээ. Тэр цагаас хойш хүний өөрийн гэлтгүй намайг шүүрэн шанага болтол янз бүрээр гүтгэж, доромжилсон. Өнгөрсөн он жилүүдэд над шиг муу хүн байхгүй, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга шиг сайн хүн байхгүй байсан. Цаг хугацааны шүүлтүүр ямар ч үед үнэнийг гаргаж ирдэг. Би У.Хүрэлсүхийн барааг хараагүй хэдэн ч жил болж байна. Зурагтаар л барааг нь хардаг. Тэр хүн МАН-ын даргынхаа ажлыг хийгээд явж байгаа. Би ч бас Ардчилсан намынхаа даргын ажлыг хийгээд л явж байна. Тэр битгий хэл,намайг Ардчилсан намыг хоёр хувааж, тэрнийхээ шагналд гэмт хэргээ хэрэгсэхгүй болгууллаа гэж ярьж бичиж байна. Би хэлж байсан. Хэн надад зохиомол хэрэг тулгаад, хэн тэрийгээ хэрэгсэхгүй болгож, буцаад сэргээсэн бэ гэдгийг би зарласан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байсан З.Энхболд нарын хийсэн үйлдлийг цаг минуттай нь би ярьсан. Тэрэнд МАН ямар хамаатай юм. МАН миний хэрэг төвөгт ерөөсөө оролцоогүй. Энэ хэрэгт хаа хамаагүй МАН-ыг авчирч холбох ямар хэрэгтэй юм. Би МАН-ыг өмгөөлж хамгаалаад байгаадаа ингэж яриад байгаа юм биш. Би бодит үнэнийг ярьж байна.
-Ер нь тантай нэгдэж, тойрон хүрээлж байсан Ардчилсан намын лидерүүд, Э.Бат-Үүл гэх зэрэг хүмүүс танаас салж байгаагаа илэрхийлчихлээ. Одоо тантай АН-ын ямар хүмүүс хамтарч ажиллаж байна вэ. Таныг ганцаараа болчихлоо гэж ярьж байна?
– Хэсэг хүмүүс байр сууриа илэрхийлэхээр салчихлаа, нийлчихлээ гээд ярих юм. Тийм юм байхгүй. Тэр хүмүүстэй би ердийн журмын нөхдийн харилцаатай, хамтарч ажиллаж байна. Надад ямар нэг байдлаар эсэргүүцэл илэрхийлээд байр сууриа илэрхийлсэн зүйл байхгүй. Тэгээд ер нь Ардчилсан нам гэдэг чинь Ардчилсан нам шүү дээ. Нээлттэй. Хэн хаана, хувь хүнийхээ ямар байр суурийг илэрхийлнэ, тэр бол хувь хүний өөрийнх нь эрхийн асуудал. Гэхдээ манайхан бол хариуцлагатай. Үндсэн дүрмийн хүрээнд, намынхаа үнэт зүйлийн хүрээнд юмаа ярьдаг.
-Одоо шүүх дээр ямар асуудал шийдэгдэх вэ?
-Ардчилсан намын шинэ даргаар сонгогдсон М.Тулгатын асуудлыг Улсын дээд шүүхэд дахиад тавьсан. Бүртгэлийн асуудал удахгүй шийдэгдэх байх. М.Тулгат даргыг АН-ын дараагийн шинэ даргаар сонгосон асуудлыг АН-ын хоёр ч их хурлаар нотолчихлоо. Би хуучин намын дарга байсан, өнөөдөр энэ ажлыг одоохондоо хариуцаж байгаа хүний хувьд, М.Тулгат даргын сонгогдсон асуудлыг зуун хувь хүлээн зөвшөөрч, дэмжиж байна.