Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн ерөнхий газрын 102 дугаарт 1045 гомдол, мэдээлэл иржээ

Цагдаагийн байгууллагад 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр ирсэн дуудлага, мэдээлэллийг хүргэж байна.

Тодруулбал цагдаагийн ерөнхий газрын 102 дугаарт өчигдөр иргэдээс нийт 1045 гомдол иржээ. Мөн зөрчлийн 966, гэмт хэргийн шинжтэй 35, хулгайн 9, гэр бүлийн хүчирхийлэл 92, согтуугаар жолоо барьсан 41, эрүүлжүүлсэн 139, хүний биед халдсан 42, архидан согтуурсан 50- н дуудлага тус тус иржээ.

жимс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Гашуунсухайт боомтоор 74 тээврийн хэрэгсэл хил нэвтэрлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаа. Тус боомт нь Монгол Улсын экспортын гол цэг юм. Өнөөдрийн байдлаар барааны ес, нүүрсний 49, баяжмалын 16 буюу нийт 74 жолооч тээврийн хэрэгсэлтэй хил гарч байна. Дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагаа хаагдсан байсан бөгөөд өнөөдрөөс тээвэр хэвийн явагдаж эхэлжээ.

Мөн тус боомтод дархлаажуулалт 2021 оны гуравдугаар сарын 18-нд эхэлж, богинын тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүсийн иргэд, багийн хүн амыг вакцинд хамруулж буй юм. Өнөөдрийн байдлаар нийт 40023 хүн вакцины нэгдүгээр тун, 12177 хүн хоёрдугаар тундаа хамрагджээ.

Гашуунсухайт боомтод Дотоодын цэргийн ангийн 50 цэрэг урт, богинын тээврийг тусгаарлах, хамгаалалтын ажилд тавдугаар сарын 4-ний өдрөөс үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хилийн боомтуудад хийж буй томилолт үргэлжилж буй бөгөөд тэрбээр ажлын хэсгийн хамт “Эрдэнэс Тавантолгой”-д үргэлжлүүлэн ажиллах ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 1.4 сая хүн дархлаажуулалтад хамрагдлаа

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт 108 мянга 838 хүн коронавирусний дархлаажуулалтад хамрагджээ.

Ингэснээр улсны хэмжээнд 1 сая 476 мянга 776 хүн нэгдүгээр тунг, 610 мянга 74 хүн хоёрдугаар тунг хийлгэжээ.Тодруулбал, Улаанбаатар хотод 879 мянга 998 хүн нэгдүгээр тунд хамрагдсан байна. Үүнээс 470 мянга нь хоёрдугаар тунг хийлгэжээ. Харин орон нутагт 596 мянга 781 хүн нэг, 139 мянга 526 хүн хоёрдугаар тунг хийлгэжээ.

Ташрамд дурдахад, 18-аас дээш насны Монгол Улсад 2 сая 60 мянган иргэнийг коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөж буй юм.

Categories
мэдээ спорт

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг олимпод багаараа оролцохоор боллоо

Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид түүхэнд байгаагүй амжилт үзүүлж, ирэх зуны Токиогийн олимпийн наадамд бүрэн багаараа буюу зургаан жинд бүгдэд нь оролцохоор боллоо.

Тодруулбал, Токио-2020 зуны олимпийн эрх олгох дэлхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр явагдлсан юм. Хоёр дахь өдөр МУГТ Э.Бэхбаяр 57 кг-sн жинд алтан медалийн төлөө Японы Юки Такахашитай барилдаж, 0-1 гэсэн харьцаатайгаар ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон ч гол зорилгоо биелүүлж, олимпийн эрхээ авч чадсан юм.

Мөн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа хагас шигшээд Беларусийн Вероника Ивановатай учраа тааран, 1:9 гэсэн харьцаатайгаар хожигдож яваад гайхалтай эргэн ирэлт хийж, өрсөлдөгчөө цэвэр даран, Монголын олимпийн эрхийг нэгээр нэмсэн билээ.


Categories
мэдээ нийгэм

Богд уулын аяллын маршрутыг тохижуулах төслийг танилцууллаа

Дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан иргэдийн ихээр зорчдог Богдхан уулын аяллын маршруттай танилцаж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх үүрэг өгсөн юм. Энэ дагуу энэ сарын 7-нд болсон Засаг даргын зөвлөлийн хурлаар Зайсан-Богдхан уул чиглэлийн аяллын маршрутыг есөн байршилд тохижуулах ажлын танилцуулгыг хийлээ.

Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт чиглэлд амралтын өдрүүдэд зуны улиралд 3000-4000 иргэн, өвлийн улиралд 1000-2000 иргэн ууланд тогтмол алхдаг гэсэн тоон үзүүлэлт байдаг аж.

Тиймээс Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн биеийн тамир, уулын явган алхалтыг дэмжих, тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрх алдагдахаас хамгаалах, зөв боловсон эко аяллыг цогцоор нь хөгжүүлж, Богд хан эко парк бий болгохоор зорьж буй аж.

Одоо байгаа явган зам нь хөлийн явдлаар хад чулуу нь ил гарсан, бороо, цасны шавар болон байнгын сүүдэртэй хэсгүүдэд мөстөж гулгаа үүссэн эрсдэлүүд өндөр байгаа учраас тодорхой хэсгүүдэд эрсдэлийг бууруулах хүрээнд байгалийн материалыг ашиглан хэсэгчилсэн засвар хийх юм байна.

Мөн ууланд алхагчдад чухал хэрэгцээтэй зүйлийн нэг нь ус бөгөөд тодорхой төвлөрсөн цэгүүдэд ус уух цэгүүдийг төлөвлөх шаардлагатай байгаа гэлээ. Түүнчлэн иргэдийн амрах цэгүүдийг шинэчилж, өндөрлөг цэгт хот болон байгалийн үзэгдэх орчныг харах боломжийг бүрдүүлэх юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Богдхан уулын аяллын маршрутыг тохижуулах ажлыг чанарын өндөр түвшинд хийх хэрэгтэй”-г анхааруулаад олон улсын стандарт, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг баримтлан тохижилтын ажлаа хийх ёстой гэлээ. Мөн урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан тохижилтын ажлаа шуурхай хийхийг үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн хүмүүнлэгийн өдөр тохиож байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр “дэлхийн хүмүүнлэгийн өдөр” тохиож байна. Энэ өдөр дэлхий нийтийг цочроож буй коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр дэлхийн өнцөг булан бүрт Олон Улсын Улаан Загалмайн, Улаан хавирган сар хөдөлгөөний “ЗОГСОЛТГҮЙ” ажиллаж байгаа ажилтан, сайн дурын идэвхтэн, гишүүд, дэмжигчдэдээ талархал илэрхийлж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэдэг уламжлалтай. Монголын улаан загалмай нийгэмлэг коронавируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүргээ биелүүлж, 21 аймаг, 9 дүүргийн улаан загалмайн ажилтан, албан хаагчид зогсолтгүй ажилласаар байна. МУЗН-ийн сүүлийн 1 жилийн хугацаанд хийсэн томоохон ажлыг товч дурдвал.

  • Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо, Олон улсын улаан загалмай хороо, НҮБ-ын Хүүхдийн сан, Австрали, БНСУ-ын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны улаан загалмай байгууллага, Азийн хөл бөмбөгийн холбооны дэмжлэг болон аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн хандивын хүрээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 25,086 өрх, 106 мянга орчим хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.
  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн Ордон, Улаан загалмай байгууллагаас коронавируст халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан хандивласан “Сөрөг даралтат түргэн тусламжийн машин”-ыг Улаанбаатар хотын захиргаанд хүлээлгэнэ өглөө.
  • Коронавируст халдварын 228,000,000 төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг түргэвчилсэн оношлуур Эрүүл мэндийн яаманд хандивлав.
  • Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Төв эмнэлэгт коронавируст халдварын цар тахлын үед ашиглах 197 сая төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг амьсгалын аппарат хүлээлгэн өглөө.
  • Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Зудын эрсдэлийн зураглал”-д үндэслэн зудын нэн өндөр эрсдэл бүхий 113 сумын 2000 малчин өрхөд 735’500’000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хяналт үнэлгээний баг орон нутагт ажиллалаа.
  • Өнгөрсөн 3 болон 4 сарын эхээр нийт нутгийг хамарсан цасан болон шороон шуурганы улмаас хохирол амссан айл, өрхөд Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран 16 аймгийн 850 өрхөд бэлэн мөнгө, 150 өрхөд гэр болон ахуйн хэрэгсэл зэрэг нийт 1000 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв.
  • Монголын улаан загалмай нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн онцгой үед чадавхи бүхий сайн дурын идэвхтнүүд коронавируст халдвараас сэргийлэх вакцинжуулалтын ажилд ахмадуудыг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх, халуун, даралт үзэх зэрэг ажлыг хариуцан ажиллаж байна.
  • Вакцинжуулалтын цэгт ажиллаж буй 2100 албан хаагчдад Улаан загалмайчид өдрийн хоолоор үйлчилж, талархал илэрхийллээ.
  • Монголын улаан загалмай нийгэмлэгээс Монголын хүмүүнлэгийн өдрийг угтан иргэд, олон нийтийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйлсэд халуун сэтгэлээр зүтгэж буй Тээврийн цагдаагийн албаны ажилтан, албан хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлж, 10,000 ширхэг амны хаалт бэлэглэлээ.
Categories
мэдээ улс-төр

АН: Шаардлагатай тохиолдолд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ

Ардчилсан намын төв байрны гадна тус намаас тайван жагсаал, сануулах цуглаан зохион байгууллаа. Тодруулбал, М.Тулгат даргатай АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид УИХ-ын гишүүд өлсгөлөн зарласантай холбоотойгоор тайван жагсаал хийсэн юм.

Тус намаас “Хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж, Төрийн болон шүүхийн байгууллагуудын ажилд илт нөлөөлөхөөр улаан цайм тохиролцож буй бусармаг хуйвалдааныг эсэргүүцэж, нийслэлийн АН-ын гишүүд цуглан, эв санааны нэгдлээ илэрхийлж байна” гэв.

Энэ үеэр Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан намын гишүүд өнөөдөр (2021.05.08) сануулах цуглаан зохион байгуулж буйг хэлээд, шаардлагатай тохиолдолд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан хийж тэмцэхээ хариуцлагатайгаар мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Архаг, суурь өвчтэй хүмүүсийг дараах цэгүүдэд хүлээн авч, вакцинд хамруулна

Өнөөдөр коронавирусийн цаг үеийн мэдээгээр вакцины эсрэг заалттай хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, вакцин хийх гурван түр цэг байгуулсныг ЭМЯ мэдээлсэн.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Архаг суурь өвчинтэй эсхүл бусад өвчний улмаас вакцинаа хийлгэж чадаагүй, харшилтай, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай гэсэн хүмүүсийг өнөөдрөөс ” Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт” байгуулсан түр цэгт үзлэгт хамруулна. Түр цэгт нарийн мэргэжлийн эмч нар иргэдийг үзээд, шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж, вакцинд хамруулахыг мэдэгдсэн.

Categories
мэдээ нийгэм

Ялалтын баярын парадад Монголын цэргүүд алхахаар бэлтгэлээ хангаж эхэллээ

Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид анх удаа оролцох гэж байна.

Энэ тухай Дорнод цэргийн тойргийн олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Иван Тараев мэдэгдэв.

Монголын цэргийн төлөөлөгчид Улаан-Үд хотод хүрэлцэн ирж, Ялалтын баярын парадын нэгдсэн бэлтгэлд оролцжээ.

Тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Буриад улсын нийслэлд болох цэргийн парадад Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хууль сахиулах байгууллагууд, цэрэг-эх орончдын хөдөлгөөнүүдийн 1500 гаруй хүн, 50 гаруй нэгж техник хэрэгсэл оролцох аж.

Цэргийн парад олон зориулалттай Су-30СМ сөнөөгч онгоцууд болон Су-25 «Грач» дайрагч онгоцуудын үзүүлэх нислэгээр өндөрлөнө.

ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Даваа гаригаас тээврийн хэрэгсэл энгийн горимоор хөдөлгөөнд оролцоно

Тавдугаар сарын 10-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энгийн горимд шилжүүлэх өөрчлөлт орсон болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл зөвхөн амралтын хоёр өдөр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна.

Харин Даваа гаригаас тээврийн хэрэгслийг энгийн горимоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарчээ.

УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжүүлээд байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А 357 дугаар захирамж гарч үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах болсон.

Тэгвэл энэхүү хязгаарлалт нь өнөөдөр, маргааш буюу хагас, бүтэн сайн өдрүүдэд хэрэгжих бөгөөд энэ сарын 10-наас буюу ирэх Даваа гаригаас хэвийн горимд шилжүүлж, 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.

Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд автомашинаар замын хөдөлгөөнд оролцохдоо энэ сарын 10-наас эхлэн энгийн үеийн зохицуулалтаар буюу нэг дэх өдөр 1, 6 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэх зохицуулалтаар 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм.