Categories
гадаад мэдээ

NASA Ангараг дээр мөөгөнцөр үүсч байгаа зургийг дэлгэжээ​

NASA-аас Ангараг гариг дээр амьдрал бий гэдгийг нотолсон гэрэл зургуудыг дэлгэжээ. Үүний дараа олон нийтийн дунд тус гариг дээр амьдрал бий эсэх талаар маргаан өрнөсөн байна. Хятадын шинжлэх ухааны академийн микробиологич, доктор Шинли Вэй, Харвард – Смитсониан хүрээлэнгийн астрофизикч, доктор Рудольф Шилд болон доктор Раун Габриэль Жозеф нар Ангараг гариг дээр амьдрал бийг батлав.

NASA Ангараг дээр мөөгөнцөр үүсч байгаа зургийг дэлгэжээ.

NASA Ангараг дээр амьдрал бийг баталсан зургуудыг дэлгэв

Мөөгөнцөр нь цацраг идэвхит орчинд үрждэг бөгөөд Ангарагаас ирсэн зургуудыг харахад мөөгөнцөртэй төстэй зүйл тус гаригийн хөрсөн дээр үүссэн байна хэмээн судлаачид үзжээ. Ангарагийн мөөг улирлын чанартай өөрчлөгдөж ургадгаас гадна хаврын улиралд 300 метр хүртэл өсдөг, өвөл болмогц үгүй болдог гэж тодорхойлсон байна. Мөн эрдэмтэд хар мөөгөнцөр, хөгц, замаг, ментаноген, хүхрийн хийг бууруулдаг төрөл зүйлүүд ч бий гэж үзэж байгаа аж.

Өнгөрсөн жил NASA-аас Ангараг гаригийн хөрс, тоосыг ашиглан, ирээдүйд хүн төрөлхтөн амьдрах боломжтой байгууламж бүтээхийг зорьж буйгаа мэдэгдсэн. Энэхүү төслийн судлаач Линн Ротшилдын хэлснээр “Одоогийн байдлаар дэлхий дээрх шиг уламжлалт байдлаар Ангараг дээр гэрээ барина гэдэг яст мэлхийтэй адил зүйл. Мөн асар их эрчим хүч шаардана. Тиймээс бид Ангараг гаригийн өөрийнх нь нөөц бололцоог ашиглах хэрэгтэй болж байгаа юм” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Ирэх долоо хоногт коронавирусийн халдварын тоо өсөх магадлалтай” гэв

Монгол Улсад ирэх долоо хоногт коронавирусийн халдварын тоо өсөх магадлалтай байгааг УОК-ын дэргэдэх Судалгаа, шинжилгээ, эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн мэдээлээ.

Өнгөрсөн сарын 10-наас хөл хорио тогтоогоогүй бол энэ сарын сүүлээр өдөрт илрэх халдварын тоо 2500-3000 хүрэх байсан гэдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлов. Харин хөл хорио тогтоосноор тархалт 1000 гаруй байсан. Түүнчлэн автозамын түгжрэл бага байсан тул халдварын ойрын болон дам хавьтлыг хайх, илрүүлэх ажлын явц 30-40 хувиар өссөн гэдгийг онцоллоо.

Тэрбээр, “Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол энэ оны есдүгээр сарын 1 гэхэд батлагдсан тохиолдол 190-200 мянгад хүрэх эрсдэлтэй гэсэн тооцоолол бий. Хөл хориог сулруулж, зарим төрлийн үйл ажиллагаа эхэлснээр ирэх долоо хоногт өдөрт илрэх тохиолдлын тоо өсөх магадлалтай. Цаашид 50 орчим мянган хүнээс халдвар илрэх магадлалтай гэсэн тооцоолол бий. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакцинжуулалтын ажлыг амжилттай зохион байгуулснаар энэ тоог бууруулах боломж бий. Насанд хүрсэн хүн амаа долоодугаар сарын 1-ны дотор вакцинжуулж чадвал, энэ оны наймдугаар сар гэхэд өдөрт илрэх тохиолдлын тоо 90 хувиар буурна хэмээн тооцоолсон” гэв.

Түүнчлэн тэрбээр албан байгууллагуудыг ажилтнуудаа хоёроос гурван ээлжид шилжүүлэхийг зөвлөв. Ингэхдээ нэг ээлжийг албан байгууллага дээрээ 5 хоног, гэрээсээ 5-10 хоног ажиллуулах нь ажлын байранд халдвар тархах эрсдэлийг бууруулна хэмээн зөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, ажиллаж байхдаа халдвар авбал гэрээсээ ажиллах үед нь өвчний нууц үе дуусан, халдвар илэрч, ажлын байраа эрсдэлээс хамгаалах боломжтой гэлээ.

Categories
гадаад мэдээ

Монгол, Хятадаас үүдэлтэй шуурга Өмнөд Солонгосыг дахин нөмөрлөө

Хятадын хойд нутаг, Монголын говь цөлөөс үүдэлтэй шороон шуурга Өмнөд Солонгосын баруун нутгийг нөмөрсний улмаас Сөүл орчмын бүсэд нарийн ширхэгт тоосонцрын агууламж эрс нэмэгдэж буйг тус улсын Цаг уурын агентлаг анхааруулжээ.

Сөүл хотод Баасан гаригийн үдээс хойш агаар дахь 10 микрограммаас бага диаметртэй “PM10” тоосонцрын агууламж нэг шоо метр тутамд 610 микрограммд хүрсэн байна. Энэ үзүүлэлт хоёр цаг гаруйн турш 300 микрограммаас давсан тохиолдолд ийнхүү анхааруулга гаргадаг аж.

Мөн Сөүлийн ойролцоо оршдог Гёнги муж, Инчеон хот, Өмнөд Чунчон зэрэг газруудад Баасан гаригийн 15.00 цагийн байдлаар “PM10” тоосонцрын агууламж 470-632 микрограммд хүрлээ хэмээн Агаарын чанарыг урьдчилан судлах төвөөс мэдээлжээ. Тус төвийн мэдээллээр, шороон шуурга Ням гаригийг хүртэл Өмнөд Солонгосын бараг бүх нутгийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

ЦУОШГ: Өнөө шөнө баруун болон говийн аймгуудын зарим нутгаар цас орно

Тавдугаар сарын 9-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

-Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө бүх нутгаар хур тунадас орохгүй.

-Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

-Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Дархадын хотгороор 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Тавдугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 10, 11, 13-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

11-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байх төлөв гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Иргэд жагсаал цуглаанд оролцож, бөөгнөрөл үүсгэж болохгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлаж, гишүүд, дэмжигчид Төв талбайд жагсаал хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ энэ асуудлын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Бидний хувьд амаргүй 100 хоног болж байна. Засгийн газрын эхний хоног дээр жагсаал болж байсан. Одоо ч жагсаал болж байна. Энэ бүгд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Үүнд ҮАБЗ-ийн гишүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид нэгдмэл байх ёстой. Бид иргэдийг уриалан дуудаж, цар тахлаас дээгүүр улс төрийн эрх ашгийг тавьж болохгүй.

Жагсаал цуглааныг хориглосон ч жагсаал цуглаан болж байна. Иргэддээ хандаж хэлэхэд жагсаал цуглаанд оролцож, бөөгнөрч болохгүй.

Улс төрчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэг. Өлсгөлөн зарлаад талбай дээр суух нь халдвар хамгааллын дэглэм зөрчиж байгаа явдал. Өчигдөр мэдээллүүд авсан. Өмнөговиос шөнөдөө ирээд Хууль зүйн сайдад өлсгөлөн зарлаж буй гишүүдэд майхан сав хэрэгтэй бол гаргаж өгөхийг хэлсэн.

Олон хүн цуглараад халдварын тархалт ихсэж дахин хатуу хөл хорио тогтоох болбол хэн хариуцах вэ?

Хэн нэгэн халдвартай хүн ирээд халдвар тархвал уг үйл ажиллагааг уриалж байгаа улстөрчид хариуцахгүй. УОК, ЭМЯ, Засгийн газрын нуруун дээр ачаалал бууна. Тиймээс төрөө төлөөлөх тангараг өргөсөн эрхэм гишүүд улстөрөө ордондоо орж хийх нь зүйтэй алхам байх.

Өлсгөлөн зарлах эрхийг нь хүндэтгэж, арга буюу боломжийг нь хангах чиглэлийг Хууль зүйн сайдад өгсөн байгаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

СЕХ: ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг албан ёсоор бүртгэлээ

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Зөв Хүн Электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбатыг албан ёсоор бүртгэлээ.

Тодруулбал нэр дэвшигч Д.Энхбат:

“Монголчууд бид нам харгалзахгүйгээр нэгэн зүгт харж чадвал хөгжил дэвшил хялбар ирнэ.

Энэ ажлыг манлайлах хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Би энэ ажлыг хийхээр сэтгэл шулуудаж энэ залуучуудын саналыг хүлээн авсан.

Өнөөдөр СЕХ нэр дэвшигчээр бүртгэж авлаа. Сонгуулийн сурталчилгааг хуулийн хугацаанд эхлүүлж амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн иргэн, ААН-д урамшуулал олгох асуудлыг хэлэлцлээ


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар мөн Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлсэн болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох асуудлыг хэлэлцжээ.

Иргэн, аж ахуйн нэгжүүдэд мөнгөн болон кредит онооны системээр дамжуулан эдийн засгийн урамшуулал олгох тухай танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм.

Тухайлбал, өдөр тутмын амьдрал, үйлдвэрлэл, үйлчилгээндээ байгаль орчинд ээлтэй хаягдалгүй технологи нэвтрүүлсэн, хог хаягдлаа эх үүсвэр дээр багасгасан, үйлчилгээний хураамжийг тогтмол төлдөг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад кредит онооны системээр дамжуулан эдийн засгийн урамшуулал олгох юм. Харин хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн урамшуулал олгох аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зөвлөлийн гишүүд саналаа хэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга дээрх журмын төслийг бусад хууль, тогтоомжтой уялдуулж, илүү сайжруулах, зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, боловсронгуй болгож, дараагийн хуралд танилцуулахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ цаг-үе

​“Эрдмийн долгион” аудио хичээлийг Үндэсний радиогоор энэ сарын 10-нд цацахаар боллоо

“Эрдмийн долгион” аудио цуврал хичээлийг Үндэсний радиогоор 5 сарын 10-ны өдрөөс цацахаар болжээ. Хүүхдэд зориулсан бүтээлүүдээрээ бяцхан үзэгч, сонсогчдынхоо талархлыг хүлээсээр ирсэн Марчаахай ХХК-иас “Теле хичээл болон зайны сургалтад хамрагдах боломжгүй хүүхдүүдийн сурах үйл явцыг дэмжих 30 аудио контентыг боловсруулах” төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан, Боловсрол Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлээд байгаа аж. Тэд 4-5, 6-7 насны хүүхдэд зориулсан тус бүр 15 аудио хичээлийг боловсруулж, сургуулийн өмнөх насны болон бага ангийн сурагчдад хүргэж эхэлжээ.

Сургалтын агуулгыг сонирхолтой байдлаар хүргэх үүднээс аудио хичээлийг цуврал зохиол болгон олон улсын “Story Telling” буюу үлгэр, өгүүллэгийг сургалтын агуулгаар баяжуулж хүүхэд түүнээс үлгэрлэх, зөв хувь хүн болж төлөвшихөд дэмжлэг болох арга зүйг ашиглан боловсруулж, зохиолуудыг зорилтот насны хүүхдүүдэд урьдчилан сонсгоод, тэдний хариу үйлдэл, сургалтын агуулгыг бүрэн хүлээж авах эсэхийг туршиж үзсэний үндсэн дээр илүү сайжруулан бүтээснээрээ онцлогтой. Уг төслийг бүтээхэд зохиолч, багш аргазүйч, дуу оруулагч, төслийн багийн гишүүд гээд 20 гаруй уран бүтээлч, мэргэжилтнүүд ажиллажээ.

Дээрх 30 аудио хичээлийг Үндэсний радиогоос гадна econtent.edu.mn, marchaakhai.mn цахим хуудсууд, марчаахай аппликейшн болон бусад боловсрол, сургалтын платформуудаар дамжуулан хүүхэд багачуудын хүртээл болгоод эхэлсэн. Түүнчлэн, тус төслийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран ажилдаг дөрвөн аймаг болон Улаанбаатар хотын нэг дүүргийн хүүхдүүдэд зориулан 1300 ширхэг радио төхөөрөмжид аудио хичээлүүдийг суурилуулан хүргүүлэхэд бэлэн болоод байна.

Энэхүү төсөл нь Нидерландын Вант Улс, Данийн вант Улс, Швейцарын Холбооны Улс, Норвегийн Вант Улс, Шведийн Вант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Шинэ Зеланд Улс, Хорватын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Исланд Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Камбожийн Вант Улсын Засгийн газруудаас НҮБ-ын Хариу Арга Xэмжээ, Нөхөн Сэргээх Санд оруулсан хандивын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн болно.

Монголын Үндэсний радиогоор цацагдах “Эрдмийн долгион” цувралын цагийн хуваарь:

Categories
мэдээ улс-төр

СЕХ С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэжээ

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн Баасан гариг (2021.05.07)-т 51 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

Тус тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн Содномзундуйн Эрдэнэд 2021 оны тавдугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгохоо мэдээлжээ.

Ардчилсан намаас энэ талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ “Хуулийн дагуу явсан бол, намын дүрмээ мөрдсөн бол өнөөдөр талбай дээр өлсөх шаардлага гарахгүй байсан. АН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч албан ёсоор зарлагдлаа. Үнэн удаан ч гэсэн түрүүлдэг, худлыг. Үнэт зүйл, үзэл санаа бүдэг ч гэсэн тодордог, эцсийн мөчид” гэв.

Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: Спутник V вакцины хоёрдугаар тунг 21-90 хоногт хийх заалттай

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороон дахь Ерөнхий боловсролын V дугаар сургууль дээр байрлаж буй дархлаажуулалтын цэгт ажиллаа.

Тус цэгт өчигдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 65-аас дээш насны иргэдэд Спутник-V вакцинаар дархлаажуулалт хийж эхэлсэн юм. Өдөрт 600-800 орчим хүнийг хамруулж байна. Эхний өдөр 65-аас доош насны иргэд бага зэргийн ачаалал үүсгэж, хүндрэл учруулж байсан бол мэдээлэл түгээсний үндсэн дээр өнөөдрөөс хэвийн, чирэгдэлгүй болсон гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насны нийт 20.800 хүн бүртгэлтэй бөгөөд 9 дүүрэгт тус бүр дархлаажуулалтын нэг цэгт Спутник V вакцинд хамруулж байгаа аж.

Спутник V вакцины 40.000 нэгдүгээр тун орж ирсэн бөгөөд хоёрдугаар тунг 21-90 хоногийн хугацаанд хийх эмнэлзүйн заалттай, нийлүүлэлтийн гэрээ хэлэлцээр амжилттай хийгдэж байгаа, дээрх хугацаанд амжиж татан авна гэсэн хүлээлттэй байгаа гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амын 71.4 хувь нь буюу 1.5 сая хүн нэгдүгээр тун, 30 хувь нь буюу 610 мянган хүн хоёрдугаар тундаа хамрагджээ.

Нийслэлд 879.998 хүн буюу зорилтот бүлгийн 92.3 хувь нь нэгдүгээр тунд, үүний 49.4 хувь нь хоёрдугаар тунгаа авч дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна.

Үүнээс үзвэл дөрөв, тавдугаар сард зорилтот бүлгийн хүн амаа үе шаттай вакцинжуулалтад хамруулах Засгийн газрын зорилт биелж, төлөвлөснөөс 10 орчим хоногоор түрүүлж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.