Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө бүх нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Дархадын хотгороор 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Categories
мэдээ спорт

Лорел Хаббард олимпын наадамд оролцох анхны трансжендер тамирчин боллоо

Шинэ Зеландын хүндийг өргөгч Лорел Хаббард Токиогийн олимпын наадамд оролцох шалгуурыг хангаж эрх авсан талаар ОУОХ мэдээллээ. Хүндийг өргөлтийн төрөлд олимпын наадмын эрх олгох олон тэмцээнүүд хойшилсон бөгөөд сүүлд маш шахуу хууваарьтай, зарим журам нь өөрчлөгдсөн байдалтай зохион байгуулагдсан юм байна.

Л.Хаббард чансааны 16 дугаарт бичигдэж байсан ч түүнээс өндөр чансаатай зургаан тамирчин /тухайлбал, ОХУ-ын Татьяна Каширина/ дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм зөрчин олимпийн наадамд өрсөлдөх эрхгүй болсон тул дээш огшжээ.

Лорел Хаббардын хувийн дээд амжилт нь 285 кг юм байна. Энэ жил 43 настай тэрээр өмнө нь Гэвин Хаббард нэртэй байсан бөгөөд 35 настай байхдаа хүйсээ солиулж эмэгтэй болсон юм. Улмаар 2017 оны дАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ.

Categories
гадаад мэдээ

Цар тахалтай холбоотойгоор дэлхийн 56 улс сонгуулиа хойшлуулжээ

Коронавирус дэлхийн өнцөг булан бүрийн өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөө үзүүлсээр байна. Зарим оронд вирусээс үүдэлтэй улс төрийн хямрал хүртэл үүсээд байгаа юм. Түүнчлэн олон орон үндэсний баяр болон сонгуулиа хойшлуулаад байна. “International Institute for Democracy” судалгааны байгууллагаас явуулсан судалгаагаар дэлхийн 73 улсад Ерөнхийлөгчийн, парламентын болон орон нутгийн сонгуулиуд болох хуваарьтай байсан ч цар тахалтай холбоотойгоор дэлхийн 56 улс сонгуулиа хойшлуулаад байгаа аж. Харин Канад, Австрали, Шинэ Зеланд, Малайз, Беларусь, Литв, Малави, Нигер, Иордан, Исланд зэрэг орон цар тахлын үед товлосон хугацаандаа сонгуулиа хийхээр төлөвлөж байгаа бол цар тахлын үед Иран, Израил, Энэтхэг, Бангладеш, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Тайвань, АНУ, Франц, Герман, Швейцар, Польш, АНУ, Монгол гэсэн улс сонгуулиа зохион байгуулжээ.

Чили-Чиличүүд шинээр баталсан Үндсэн хуулийг эсэргүүцэн олон сар жагссан ч тэдний хичээл зүтгэл коронавирусийн улмаас талаар болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх бүх нийтийн санал асуулга өнгөрсөн дөрөвдүгээр сард болох байсан ч ирэх аравдугаар сарын 25 болгож хойшлуулаад байгаа юм.

Серби-Тус улсад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд парламентын сонгууль болох байсан ч гуравдугаар сараас коронавирусийн халдварын тохиолдол эрс өссөн учир сонгуулиа ирэх зургадугаар сарын 21 болж хойшлуулсан.

Испани-Тус улс мөн л орон нутгийн сонгуулиа хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн. Испанийн коронавирусийн халдвар хамгийн их дэгдсэн бүс нутаг болох Баскийн орон нутгийн сонгууль дөрөвдүгээр сарын 5-нд болох байсан ч хойшлуулж, долдугаар сарын эхээр зохион байгуулахаар тогтсон.

Доминиканы Бүгд Найрамдах Улс-Тус улс өнгөрсөн жилийн тавдугаар сарын 17-нд сонгуулиа зохион байгуулахаар төлөвлөж байсан ч энэ жилийн долдугаар сарын 5-нд болгож хойшлуулаад байгаа юм. Эдгээрээс гадна Сири, Индонез, Шри Ланк, Этиоп, Польш, Их Британи, Франц тэргүүтэй орнууд парламентын сонгуулиа хойшлуулаад байна. Сонгуулиа хойшлуулсан улс орны олонх нь долоогоос есдүгээр сарын хооронд сонгуулиа зохион байгуулах төлөвтэй байна. Их Британийн орон нутгийн сонгууль “Ковид-19”-ийн улмаас нэг жилээр хойшилж 2021 оны тавдугаар сард болох тов гараад байсан ч дахин хойшилж магадгүй байна. Уг сонгуулиар Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын харьяаны Шотланд, Уэльс, Хойд Ирланд болон Английн 13 хотын захирагч, тусгай болон хүчний байгууллагуудын удирдлагуудыг сонгох юм. Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон орон нутгийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтыг тодорхойгүй хугацаанд хойшлуулах шийдвэрээ танилцууллаа. Орон нутгийн зөвлөлийн 35 мянган гишүүнийг сонгох зургаан жилд нэг удаа болдог энэхүү сонгууль нь энэ жил Францын парламентын сонгуулийн дараа, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тохиож байсан юм. Польш улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх тавдугаар сарын 10-ны өдөр болох товтой. Гэсэн ч хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө өрсөлдөж буй өнөөгийн Ерөнхийлөгч Анджей Дуда “Ковид-19”-ийн дэгдэлтийн улмаас өөрийн сонгуулийн кампанит ажлаа цуцалж байгаагаа мэдэгдэн, өрсөлдөгчдөдөө хандан урьдчилан сэргийлэх үүднээс мөн ижил арга хэмжээ авахыг уриалаад байна. Тус улс нь шинэ коронвирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн үйл ажиллагаа, нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлаж, хилээ хаасан Европын холбооны анхны улс болсон юм. Үүнтэй холбоотойгоор ердөө сар гаруйн дараа тохиох Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах асуудал тус улсын улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийн үнэмлэхийг энэ сарын 24-нд олгоно

Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр хуралдаж нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нэр дэвшигчид үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” Гэж заасны дагуу тавдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Сугар гаригийн өдрийн урт, тэнхлэгийн хазайлт, цөмийнх нь хэмжээг нарийвчлан гаргалаа

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Сугар гаригийн өдрийн урт, тэнхлэгийн хазайлт, цөмийнх нь хэмжээг нарийвчлан гаргаж чаджээ. Үүний тулд мэргэжилтнүүд 15 жилийн турш радарын тусламжтайгаар уг гаригийг судалсан тухай Nature Astronomy сэтгүүл мэдээлэв.

Сугар гариг манай дэлхийн хөрш ч гэсэн бид түүний талаар мэдээлэл маш багатай. Хоёр гариг хэмжээ, жин, нягтралаар нийтлэг зүйл ихтэй. Гэхдээ тэдний хөгжлийн замууд нь өөр. Сугар гаригийн өдрийн урт нь түүний шинж чанарыг ойлгоход тустай. Эргэлтийн хэмжилт ба Сугарын чиглэл нь түүний доторх жингийн хуваарилалтыг харуулна. Дотоод бүтцийг нь мэдэж авснаар гариг хэрхэн бүрэлдэн бүтснийг ойлгох юм. Мөн галт уулын идэвхжилтийн түүхийг тогтоож гаднах давхрага хэрхэн бүрэлдсэнийг мэдэж болно. Гадаргын бүрэн хэмжээний ойлголт нь ирээдүйд түүнийг судлан хаймсууруудыг нисгэх төлөвлөгөөг биелүүлэхэд тустай.

Радиолокацийн хэмжилт нь Сугар гаригийн хоногийн урт нь дэлхийн 243.0226 хоногтой тэнцэн дэлхийн жилийн гуравны хоёртой дүйж буйг харуулав. Сугар гаригийн эргэлт нь байнгын хувирч байдаг ч дунджаар 20 минут орчим гэж тооцоолжээ. Өмнөх тооцооллууд зөрж байсан нь гаригийн атмосферийн хүндээс болсон гэж үзэж байна. Тэр нь хатуу гадаргад нөлөөлөн эргэлтийг хурдасгах буюу удаашруулдаг ажээ. Сугар гаригт агаар нь дэлхийнхээс 93 дахин хүнд байдаг.

Сугар гариг нэг тийшээгээ 2.6392 градусын хазайлттай гэж эрдэмтэд тооцжээ. Дэлхийн хазайлт нь 23 градус болдог. Мөн мэргэжилтнүүд мөсжилтийн давтамжийг гаргажээ. Дэлхийд нэг цикл нь 26 мянган жил бол Сугарт тэр нь 29 мянган жил болж байна. Гаригийн цөм нь 3500 километрийн голчтой бөгөөд харин шингэн үү, хатуу юу гэдгийг тогтоож чадаагүй байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Булган аймагт гарсан ойн түймрийн улмаас 30 га талбай шатжээ

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сөртийн голын адаг гэдэг газар тавдугаар сарын 6-нд ойн түймэр гарсан. Тодруулбал, тус аймгийн төвөөс зүүн хойш 250 км, сумын төвөөс зүүн хойш 120 км, Хангал сум Хялганат тосгоноос зүүн хойш 130 км-т түймэр гарчээ.

Булган аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны алба хаагч нийт 30 хүн, дөрвөн автомашин, есөн морьтойгоор ажиллаж, уг түймрийг цурамд оруулж, бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатсан бөгөөд борог өвс ихтэй газар байсан аж.

Энэ сарын 2-ны байдлаар, он гарснаас хойш Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг 7 аймгийн 14 суманд нийт 17 удаагийн ой, хээрийн түймэр гараад байв. Түймэрт 19 га ой, хээрийн 283.150.5 га, нийт 283.169.5 га талбай өртжээ. Ойн түймэр гарсан тус бүс нутаг борог өвстэй, унанги мод ихтэй, хуурайшилттай байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Францад Чингис судлалыг сонирхох хандлага нэмэгдээд байна

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, Оксфордын Их сургуулийн судлаач хатагтай Мари Фэйвриг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр түүний англи хэлнээ хэвлүүлсэн “The Horde. How the Mongols changed the World” ном болон Чингис хааны үеийг судалсан судалгаа, бүтээлийг Францын хэвлэлийн газрууд, олон нийтээс сонирхох хандлага нэмэгдэж буй талаар ярилцсан байна.

Тухайлбал, “The Horde. How the Mongols changed the World” (Harvard University Press, 2021) ном нь монголчуудын түүхээр аялуулаад зогсохгүй дэлхийн түвшинд монголчууд юу бүтээн байгуулж, нүүдэлчин ардын соёлд ямар өөрчлөлт бий болгосон тухай өгүүлжээ. Мөн монголчуудын түүхийг өгүүлсэн хатагтай Мари Фэйврийн судалгааны зохиол бүтээлийг тус улсын уншигч, судлаачид өндөр үнэлж байгаа аж.

Судлаач Мари Фэйври Нант хотын түүхийн музейгээс дэлгэхээр төлөвлөөд буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төсөл дээр хамтран ажиллаж буй. Тэрбээр Чингисийн Эзэнт гүрний цаг хугацаанд хамаарах чиглэлээр идэвхтэй судалж байгаа аж.

Элчин сайд А.Баттөр Их Эзэн Чингис хааны тухай болон Монгол Улсын талаарх Франц дахь монгол судлаачдын ном, бүтээл арвижиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ. Нант хотын түүхийн музейн үзэсгэлэнгийн төсөл, түүнчлэн Монгол Улсын Дипломат академийн санаачлага болох “Чингис судлалд холбогдох 1000 номын сан буюу “Алтан цуглуулбар-999” төслийг багтай холбоотой ажиллахаар болсон байна.

Categories
гадаад мэдээ

Цар тахлын улмаас Казахстанд ялалтын парад зохион байгуулахгүй

Казахстанд коронавирусийн халдварын тархалтын байдал хүнд байгаатай холбогдуулан Аугаа Эх орны дайны Ялалтын ойг тохиолдуулан тэмдэглэдэг уламжлалт баяр ёслолыг ирэх жил хүртэл хойшлуулсныг тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын хэвлэлийн нарийн бичгийн дарга Берик Уали мэдээлжээ.

Түүний мэдэгдсэнээр, Казахстаны төрийн тэргүүн иргэддээ Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүлнэ. “Казахстанд Аугаа Эх орны дайны ахмад дайчид, арын албаны ажилчдын дурсгалд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Аугаа Эх орны дайны Ялалтын баярын өдөр тохиож байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад дайчдад тусламж үзүүлсэн” гэж Уали тэмдэглэсэн байна.

Цар тахлын улмаас энэ жил мөн Ялалтын өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал хийхгүй байхаар шийдвэрийг Казахстаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба дөрөвдүгээр сарын 15-нд мэдээлсэн юм. Тус улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд мөн нийслэл хотод болох цэргийн парадыг цуцлах шийдвэр гаргаж байсан билээ.

Казахстаны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллээр, одоогийн байдлаар Аугаа Эх орны дайнд оролцож явсан 665 ахмад дайчин эсэн мэнд аж төрж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгаланг чөлөөлж, Т.Баярхүүг томилох үүрэг өглөө


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Онцгой Байдлын Ерөнхий газар дахь Улсын Онцгой Комиссын Шуурхай штабт ажиллажээ.

Энэ үеэр онцгой Байдлын Ерөнхий газрын бие бүрэлдэхүүнд хатуу хөл хорионы үед уртасгасан цагаар ажилласанд талархал илэрхийлж, “Улбар шар” түвшинд шилжиж буй цаг үед анхаарал алдалгүй шат шатандаа хариуцлагатай ажиллахыг сануулав.

Мөн УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгаланг чөлөөлж, түүний оронд Тагнуулын Ерөнхий Газрын Хэвлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүг томилох асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэх үүрэг өгчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын онцгой комиссоос улсын их хурлын гишүүдэд албан шаардлага хүргүүллээ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Улсын Онцгой комиссоос тэдгээр гишүүдэд албан шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг бууруулсан боловч коронавируст халдварын тархах эрсдэл “Маш өндөр” байгааг иргэд, олон нийт анхаарах шаардлагатай байна. Энэ цаг үед Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, энэ үйлдэлдээ иргэд, олон нийтийг уриалах нь халдварт өвчнийг тархаах эрсдэл дагуулж байгаа тул Улсын онцгой комисс үйл тус үйл ажиллагаагаа зогсоох тухай албан шаардлагыг дахин хүргүүлж байна.
Та бүхний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 3-т заасан “Улс орны буюу тодорхой нутаг дэсвгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно” заалт болон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 115 дугаар тогтоолоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан”-тай холбогдуулан гарсан Нийслэлийн засаг даргын А/357 дугаар захирамжийг тус тус зөрчиж байна.
1 хүн, сууж байгаа, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно
Иймд, Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүд Та бүхэнд Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлж хуулиа дээдэлж, халдварын дэгдэлтээс бий болох эрсдэлд бодитой дүгнэлт хийж, цар тахлын үед хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулах, уриалахгүй байх, хүн олноор цуглуулахгүй байхыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271.3-т зааснаар Улсын Онцгой комисоос шаардаж байна гэжээ.