Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

ЭМЯ: 575 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

GCS: 6.136 new cases of infection with SARS-CoV-2 in Romania , at over 40k  tests in past 24 hrs - Nine O' Clock

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

“Сүүлийн хоногт хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 575 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн тохиолдлын нь 456 Улаанбаатар хотоос, орон нутгуудаас 113 илэрлээ. Ингэснээр халдварын нийт тохиолдлын тоо 12226 болж байна.

Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлоос 6912 нь эдгэрээд байна” гэж албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Нэг удаагийн амны хаалтыг шинжилгээнд өгч, шалгуулжээ

Эмнэлгийн нүүрний маскын бөөний худалдаа | Бөөний нүүрний маск | ТЕСТЕКС

Дархан-Уул аймагт нэг удаагийн амны хаалтны ариун чанарт төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.

МХЕГ-ын даргын баталсан 2021 оны 01/55 дугаартай удирдамж, Аймгийн онцгой комиссын хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу эмийн сангуудад худалдаалагдаж буй нэг удаагийн амны хаалтны ариун чанарт төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.

Шалгалтад 8 эмийн санг хамруулж, шинжилгээний бичиггүй худалдан борлуулж байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэг удаагийн амны хаалт, Монгол Улсын “Нахиа” эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн нэг удаагийн амны хаалтнаас тус тус дээж авч, 4 үзүүлэлтээр шинжлүүлжээ.

Шинжилгээгээр хөгц, мөөгөнцөр, колиформ бактери, Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa илрээгүй, “Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл” 2-р хэсэг “Амны хаалт техникийн шаардлага” MNS 6623-2:2016 стандартын шаардлагыг хангаж байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгост 95 мянган хүүхэд тэжээлийн дутагдлаар шаналж байна

НҮБ-аас Умард Солонгосын 95 мянга орчим хүүхэд хоол тэжээлийн дутагдлаар шаналж байгаа талаар мэдээлжээ. Коронавируст цар тахлын улмаас тус улс хилээ хааснаас ийм асуудалд хүргэсэн талаар цохон тэмдэглэсэн байна. НҮБ дээрх судалгааг гаргахдаа БНАСАУ-ын төрийн бус байгууллагуудын ажилтнуудын дунд явуулсан санал асуулгыг үндэслэжээ.

Умард Солонгосын эрх баригчид дээрх мэдэгдлийг няцаасан байна. Тэд “НҮБ-аас гаргасан тайлан нь ямар ч үндэслэлгүй, увайгүй, худал мэдээлэл юм” гэжээ. Тус улсын Нийгмийн эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн ярьснаар “Нийтээрээ хомсдолд орж, бэрхшээлүүд тулгарч байгаа нь үнэн.

Гэхдээ хүүхдийн эрүүл мэнд, хүнсний хангамжийн асуудлыг эрх баригчид эн тэргүүнд тавьдаг. НҮБ-аас гаргасан дээрх тайлан нь манай улсын нэр хүндийг унагаах зорилгоор бодит байдлыг гажуудуулсан хэрэг” гэж шүүмжилсэн байна.

НҮБ-аас урьд нь Умард Солонгост 440 мянга гаруй нярай, хөхүүл эх, жирэмсэн эмэгтэйчүүд шаардлагатай амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авч чадахгүй байгаа талаар онцолж байсан удаатай.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

Аврах ажиллагааны дуудлагын тоо өнгөрсөн оноос 38.1 хувиар буурчээ

Онцгой байдлын албанд гал унтраах 72 автомашин олгоно - Маргааш Лайв

НОБГ-ын Нийслэлийн Аврах анги-105-ын аврагчид энэ оны нэгдүгээр улиралд 34 удаагийн аврах ажиллагааны дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 24 иргэний амь насыг авран хамгааллаа.

Дийлэнх хувийг зам тээврийн осол, цогцос гаргах, өндрөөс аврах ажиллагааны дуудлага эзэлж байна.

Аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.1 хувиар буурлаа гэж НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

АНУ долдугаар сар гэхэд ковидгүй орон болох зорилт тавьж, вакцинжуулалтын явцыг эрчимжүүллээ

Chicago COVID vaccine latest: Health officials anticipate FDA Pfizer  approval, urge continued mitigation efforts - ABC7 Chicago

Дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн насанд хүрсэн бүх америк хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах боломжтой болсныг өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зарлажээ.

Тэрбээр өмнө нь энэ хугацааг тавдугаар сарын 1 гэж зарлаж байсан бол ийнхүү арав гаруй хоногоор урагшлуулсан байна. АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр буюу долдугаар сарын 4-нийг коронавирусээс салсны баяр болгох зорилтыг Байден зарлаад байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд тус улсын бүх багш, сургуулийн ажилтан, албан хаагчдын 80 гаруй хувь вакцины эхний болон хоёр дахь тунгийн аль нэгийг тариулсан болохыг Цагаан ордон мэдээлжээ.

“Бид барианд орох болоогүй байна. Хийх ажил их, үхэл-амьдралын зааг дээр байна” гэж хэлсэн Байден вакцинжуулалтыг яаравчлахгүй бол вирус мутацлагдан тарах аюул хүлээж буйг анхааруулсан байна.

Жо Байден ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш 100 хоногийн дотор 100 сая хүнийг дархлаажуулах зорилт тавьж байсан юм. Энэ нь дөрөвдүгээр сарын сүүлээр дуусах хугацаа байв. Гэвч вакцинжуулалтыг түргэвчилснээр өнөөдөр дээрх зорилтыг хоёр дахин өсгөж, 200 сая хүнийг дархлаажуулахаар болгож өөрчилсөн юм.

Өнөөдрийн байдлаар тус улсад 167 сая тун вакциныг хүн амын дархлаажуулалтад зарцуулаад байна.

АНУ-д Pfizer/BioNTech, Moderna компаниудын хос тунт вакцин, Johnson & Johnson компанийн ганц тунт вакциныг дархлаажуулалтад ашиглаж байгаа. Pfizer/BioNTech вакциныг 16-аас дээш насныханд, бусад хоёр вакциныг 18-аас дээш насныханд ашиглах зөвшөөрлийг засгийн газраас өгсөн юм.

Categories
гадаад мэдээ

Үерийн улмаас 113 хүн амиа алджээ

Индонезийн зүүн өмнөд хэсэг болон Зүүн Тимор улсын нутаг үерт автаад байна. Энэхүү байгалийн гамшигт 113 хүний амь үрэгдээд байгаагийн 86 нь Индонезийн иргэд аж. Гамшгийн бүсэд амьдарч буй 30 мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Олон хоног үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас зам гүүрүүд усанд автжээ. Үүний улмаас аврах ажиллагаанд хүндрэл учраад байгаа талаар Индонезийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 466946 хүн вакцинд хамрагдаад байна

Vaccines and COVID testing - TAC Healthcare Group

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад өчигдөр 50,371 иргэн хамрагджээ. Ингэснээр вакцины эхний тунгаа хийлгэсэн хүний тоо 466,946 боллоо.

Улаанбаатар хотод иргэдийг вакцинжуулахаар 82 цэгт 1,264 хүн эмч,ажилтан ажиллаж байгаа юм. Нийслэлд коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэвэл зохих хүн амыг тоог вакцины эхний тунгаа хийлгэсэн хүний тоотой харьцуулж үзвэл Улаанбаатарт хотын 18-аас дээш насны хоёр хүн тутмын нэг нь дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцины хоёр тунг хийлгэснээс тодорхой хугацааны дараа танд дархлаа тогтох тул иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай.

Вакцин хийлгэхийн ӨМНӨ анхаарах зүйлс:

COVID-19-ийн эсрэг вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх,
Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
Эмчийн үзлэгт орох,
Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх,
Дулаан хувцаслах,
Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцинд хамрагдаагүй байх,
Вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх,
Халдвар хамгааллын дэглэмийг сахих /амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих.

Вакцин хийлгэсний ДАРАА анхаарах зүйлс:

Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
Халдвар хамгааллын дэглэмийг сахих амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих.
Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
Давтан тунгаа товлолт хугацаанд хийлгэх.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр эхэлсэн байна. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудал:

  • Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,

Танилцуулах асуудал:

  • Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар,
  • Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бөх болон тулааны спортыг алдаршуулахаа болих хэрэгтэй

Монголын нийгэмд бөхчүүд хэмээх том масс бий болж, тэд хэрээс хэтэрлээ. Монгол нийгэм урьд нь нэг төрөл ийм хүмүүсээсээ болж сүйрч байсан түүхтэй. Өнгөрсөн түүхэнд Монголд лам нараас их хүн байсангүй. Тэд хамгийн их тахин шүтэгдсэн, нөлөөтэй нь байв. 1937 оны их хэлмэгдүүлэлт, 1940 он гартал үргэлжилсэн их баривчилгаа, их аллагад лам нарын масс хэдэн мянгаараа өртсөн. Энэхүү хэдэн мянган лам дотор тухайн үеийн Монголын сэхээтэнлэг хэсэг, потенциалны нөөц, оюун санааны удирдагчид уусан живж, хоморголон баривчлагдаж сүйрсэн юм. Монголын эр сүвтэй бүхэн лам болж, ламыг шүтсэнээр эцэстээ 500 мянга хүрэхтэй үгүйтэй цөөхөн монгол үлдэж, их газрын гүнд бөөсөндөө баригдан, ертөнцөөс таслагдаж, хөмөрсөн тогоонд шар нар, бор хоногийг өнгөрөөн муугаа үзсэн ойрхны түүхээ мартаж болохгүй юм. Бас дээр нь гашуун түүх давтагдаж болохгүй. Аливаа улс үндэстний хувьд дэмжиж, тэтгэж, тэднийгээ даган өнгө орж, хөгжиж, цар хүрээг нь тэлж байдаг масс гэж байна. Бас тэгж өөд нь татаж болдоггүй масс гэж байна. Манайх тэгж дэмжиж болохгүй массаа дээш нь гаргажээ. Өнөөдөр улс оронд, нийгмийн хөгжилд өчүүхэн ч нэмэргүй, зөвхөн хувийн амжилт, ашиг хонжоо, нэр нүүрээс өөр ид шидгүй бөхчүүд хэмээх бүхэл бүтэн давхарга бий болж, тэднийгээ дэмжиж тэтгэж байгаа нь том алдаа юм. Бөхчүүдийг дээрээ тахин шүтсэнээсээ болж улс үндэстнээрээ сүйрч мэдэх нь. Монгол үндэсний бөхийг өндөр түвшинд гаргахад гол үүргийг гүйцэтгэсэн, МУИС-ийн багш асан Рэгжийбуугийн Нямдорж бээр нэгэнтээ бөхчүүдийнх нь өмнө, бөхийн аварга Х.Баянмөнхөд хандан “Таны наад аварга цол, алдар нэр чинь зөвхөн таны хувийн л амжилт, Монголын нийгэмд ямар ч хэрэггүй, Монгол Улсын хөгжил дэвшилд өчүүхэн ч хувь нэмэргүй зүйл” гэж хэлсэн нь олон гэрчтэй. Монгол үндэсний бөхийг ийм их өндөрт гаргахад ухамсарт амьдралынхаа бүтэн 30 жилийг зориулсан энэ сэхээтэн, эцэстээ ингэж хэлэхэд хүрээд бөхийн орчноос холдсон. Бөхчүүдийн мөн чанарыг углуургаар нь таньсан, дээш нь хэзээ ч гаргаж болохгүй масс гэдгийг ойлгосон ганц хүн бол магадгүй Р.Нямдорж байх. Тийм болохоор манай сэхээтнүүд, манай бизнесмэнүүд, манай улстөрчид бөхчүүд хэмээх энэ их боловсролгүй, хөлдүү, хүнээс авахыг мэдэхээс өгөх тухай ойлголтгүй нөхдүүдийг дэмжихээ одоо зогсоо. Та нарын дэмжиж тэтгэж гаргаж ирсэн бөхчүүдийн бөөгнөрөл чинь энэ улс оронд муу муухай бүгдийн үүр уурхай болох нь.

Сая сонгуулийн дараа бараг бүх баг, сумын Засаг дарга нар бөх нэртэй хүмүүс боллоо. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг хар, бүгд боовон чихтэй, бүдүүн гартай, том гүзээтэй, шалихгүй нэг муу аймаг сумын цолтой бөхөнцөрүүд боллоо. УИХ-аа хар, Улсынхаа удирдагчийг хар, Нийслэлийн Засаг даргаа хар… эмгэнэл биш үү. Эдгээр бөх дарга нар чинь төмөр өргөж, наадамд барилдаж, найраа хийж, Ланд 200 бэлгэнд авч унахаас өөрөөр юунд өөрийгөө зориулсан юм бэ. Энэ улс орныг удирдалцах хэмжээний мэдлэг боловсрол, ажлын туршлагыг тэд хаанаас, хэдий завандаа олж авсан юм. Монгол Улсыг авч явах хэмжээний хууль эрх зүй, эдийн засаг, улс төр, уул уурхай, боловсрол, анагаах, техник технологийн мэдлэг тэдэнд бий юү. Монголыг удирдаж эхэлсэн наад бөхчүүд чинь ямар их сургуульд сурсан юм, аль улс оронд магистр, мастерын зэрэг хамгаалав, судалгаа хийв, цэгцтэй боловсрол эзэмшив. Улс орныхоо хувь заяаг ямар хүмүүсийн гарт атгуулчихаад, хэндээ юундаа итгэж найдаад суугаа юм бэ, монголчууд аа.

Одоо наад бөхчүүдийн чинь ааш аяг хэцүүдлээ. Тэдэнд оюуны охь, шинжлэх ухааны шим шүүс түй ч алга. Дундад зууны хөлөг баатрууд юм уу, хаашаа юм. Бүгдийг биеийн бяраар шийдэх гэсэн хүмүүс. Сүүлийн 20 жилд ийм явж өнөөдөрт ирсэн. Бөхчүүдийг ийм зэрэгт хүргэхэд сэтгүүлч бидний гүйцэтгэсэн үүрэг маш их. Бөх болон тулааны спортыг цаг үргэлж бид сурталчилж ирлээ. Одоо сэтгүүлчиддээ хандаж хэлэхэд, энэ цаг мөчөөс эхлээд бөх болоод бусад тулааны спорт, түүгээр хичээллэгсдийн талаар нэг ч мэдээлэл битгий бэлд. Өнгөрсөн он жилүүдэд Монголын сэтгүүлчид тэднийг хэдэн мянган удаа давтсан. Нийгмийн сэтгэл зүйд тэднийг хүчээр суулгасан. Одоо тэдний байгаа байдал, нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөө, даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр улсын толгойд, УИХ-ын танхимд, Улаанбаатрын оройд даналзаж байгаа нь сэтгүүлчдийн гавьяа. Цэр цээжиндээ, бөөр бөгсөндөө гэж үг бий. Бид тэнэг байна.

Мөнгөтэй компаниар тэжээлгээд, мөрдөс зүүчихсэн, төрийн байгууллагад давхар данстай.Архи ууна, цагдаа зодно, рекет хийнэ. Хаана газрын маргаан болно, тэнд цамцны захаа босгосон хэдэн бүдүүн бөх. Сонгуулиар нам намын бөгс долоож гүйнэ. Дэвжээн дээрээ зодолдож нэгнээ алах шахна. Хэн гээч нэртэй бөх, хэзээ хаана, ямар нийгмийн хариуцлагын хүрээнд хандив тусламжид нэгдэв. Ганц ширхэг мод тарилаа, ядарсан зүдэрсэн, өвдөж зовсонд ингэж тэгж тусалсан бөх гэж сонссон уу, та нар. Гэтэл наад зах нь урлагийнхнаас жирийн нэг Ундармаа гэж жүжигчин эмэгтэй төрөх эмнэлэг тохижуулаад явж байна. Хамгийн аюултай нь бөхчүүд хэзээ ч энэ байдлаа хүлээн зөвшөөрөхгүй, ойлгон ухамсарлахгүй, шинэчлэгдэн зохион байгуулагдах чадамжгүй нь тодорхой. Тиймээс яг энэ үед нь тэднээс салах хэрэгтэй болжээ.

Эхлээд эдгээр шимэгчдийг тэжээхээ болих хэрэгтэй. Үүнд томоохон компани, аж ахуйн нэгжүүд, нутгийн зөвлөлүүд анхаар. Ер нь бүх тулааны спорт, түүн дотроо бөхийн төрлүүдийн шагналын санг бодлогоор доош нь буулга. Үндэсний бөхчүүдэд байр, машин өгдгөө зогсоо. Түүнээс чинь болж наадмын дэвжээн дээр нэгнээ алахаас сийхгүй болсныг анхаар. Хүний амь л хөнөөх гээгүй бол хөлдүү бөхчүүдэд машин амладгаа компанийн захирлууд аа, нутгийн зөвлөлийнхөн, ялангуяа улстөрчид одоо зогсоо. Энэ байдал чинь бөхчүүд хэмээх том масс, давхаргыг хүн биш, араатан болгож байна. Дээр нь энэ бөх дэх, тулааны спортынхныг аймаг сум орноор нь битгий зарлаж бай. Нутгийн нэрээ мандуулдаг мундаг хүү байгаа юм гэсэн хийрхлээс тэдний хүнээ алдах, ёс суртахууны доголдлууд эхэлж байгаа юм.

Төрийн зүгээс бодлогоор тулааны спортын шигшээ багуудыг битгий байгуул, төсөв битгий өг. Ялангуяа бөхийн төрлүүдэд бодлогоор төсвийг нь хомс, зохист доод түвшинд барих бодлого барь. Дэлхийд Монголын нэрийг цуурайтуулсан тэр энэ гэж худлаа хийрхэхээ боль. Наад олимпийн аваргыг чинь Монголын хилийн цаана хэн ч таньдаггүй юм. 2008 оны долдугаар сарын 1-нд Н.Түвшинбаяр олимпийн алт авахад бүх сайд дарга нар халамцуу гадаа гарч ирж тусгаар тогтнолоо зарлаж байгаа мэт хөөрсөн. Энэ хийрхэл эцэстээ энэ залууг хэн болгож хувиргасныг өнөөдөр бид харж байна. Тэр өдрүүд баяр хөөртэй, бахархал дүүрэн байсан нь үнэн. Харин тэр гавьяа хүндлэлийг бөхийн спорт бол даахгүй юм байна. Хүн алахад хүргэж мэдэх хүндлэл хийрхэл байсанд харамсаж байна. Ингэхээр ганц хүний спорт бидний дэмжих спорт биш юм байна. Тэр дотроо тулааны, бөхийн спорт бүр ч биш юм байна. Үүний оронд эв нэгдлийн илэрхийлэл болсон багийн спортыг хөгжүүлэх нь нийгэмдээ, ард түмний оюун санаанд хэрэгтэй юм байна. Багийн спорт бол жинхэнэ утгаараа нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн үзэл санаан дээр тогтдог. Тийм болохоор хөлбөмбөг, гар бөмбөгийн спортыг төрөөс бодлогоор дэмжин дэлгэрүүлье. Сургуулийн орчинд анги бүлэг дотроосоо хөлбөмбөг, гар бөмбөгийн аваргаа шалгаруулдаг. Түүнчлэн сургууль хоорондоо аваргаа тодруулдаг, тэндээсээ сум дүүрэгтээ, дээшлээд аймаг нийслэлдээ өрсөлддөг, улмаар Улсын аваргад багаараа аваргалахын төлөө тэмцдэг байх нь Монголд эв нэгдэл, багаар ажиллах чадвар, нэгнийхээ өмнө хариуцлага хүлээдэг төлөвшлийг бий болгох нь. Багийн спортын жинхэнэ үнэт зүйлийг ингэж ашиглая. Улс орондоо зөв төлөвшилтэй иргэн бий болгоход багийн спорт ийм ач тустай, аминч үзлийг хаяхад дэмтэй. Тэгэхгүйгээр хар багаасаа, хувь ганц амжилтын төлөө бокс тоглоод, барилдаад, алдар нэрийг зүүгээд явах нь хувь хүндээ халтай юм байна. Нийгмийн өмнө хариуцлага хүлээх, нийгэмд зөв үлгэр дуурайл болох тал дээр ганц хүний спорт учир дутагдалтайг бид өчигдрийн жишээнээс харлаа. Ер нь багийн спортыг дан ганц сургуулиас эхэлье гэж ч байгаа юм биш, баг хороондоо томчууд хөлбөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэе. Тэгээд мөн адил сум, дүүрэгтээ, аймаг нийслэлдээ, улсын аваргадаа өрсөлддөг байя. Ингэж л Монгол Улс багийн спортод бодлого гаргаж, хөрөнгө хаяж, нийгмийн сэтгэл зүйн төлөвшилдөө анхаарахгүй бол хэдэн бөх нэртэй гүзээнүүдээ тахин шүтэж, өөд нь татаж, магтан дуулсаар явна гэж юу байсан юм бэ. Адаг сүүлдээ наадмын бөхийн шээсэн дээр Монгол төрийн тэргүүний зарлиг буртаглагдаж байна шүү дээ…

Б.НЯМАА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Эрчим хүчний хараат бус найдвартай эх үүсвэртэй болсон цагт л хөгжлийн тухай ярьж болно

ХАГАС ЗУУН ЖИЛ ЯРИГДСАН ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС БАРИГДАХ ЦАГ НЬ БОЛСОН


УИХын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


Баруун гурван аймаг болох увс, баянӨлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт баригдах Эрдэнэбүрэнгийн УЦСын ажил тун удахгүй эхлэх гэж байна. ашиглалтад орсноор ямар давуу талууд үүсэх вэ?

-Эрчим хүчний салбар бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур. Улс орны бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбар. Тийм ч учраас АЛСЫН ХАРАА-2050 урт хугацааны хөгжлийн бодлогод, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж ашиглалтад оруулна гэж тов тодорхой заасан. Гэнэт сэрсэн юм шиг өчигдөр яриад өнөөдөр шийдчихэж байгаа асуудал биш шүү дээ. Аль 1968 оноос хойш хагас зуун жил яригдаж байгаа том төсөл одоо л нэг юм бодит биеллээ олох гэж байна. Энэ УЦС баригдсанаар ямар давуу талууд бий болох вэ гэдэг дээр би хэдэн зүйл хэлье. Юун түрүүнд Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ. Өнөөдөр баруун таван аймгийн эрчим хүчний хэрэглээ 253.3 сая кВт.ц байна. Энэ хэрэглээг бүрэн дүүрэн хангаад зогсохгүй цаашид тус бүс нутгийн эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэгцээг бүрэн хангана. Би танд хэдэн тоо хэлье. Баруун таван аймгийн 4430 аж ахуйн нэгж, 5400 орон сууц, 36413 гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломж нээгдэнэ гэсэн үг. Манай улс ОХУ, БНХАУ-аас авч буй импортын эрчим хүчний төлбөрт жил бүр 17.5 тэрбум төгрөг төлж байна.

Энэ бага мөнгө биш. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч байна. Үүнд жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг. Эрчим хүчний хараат бус найдвартай эх үүсвэртэй болсон цагт л хөгжлийн тухай ярьж болно. Хямд эрчим хүчтэй болж байж үйлдвэр хөгжүүлэх, үнийн хувьд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай ярина шүү дээ. Шав тавиад л таг мартдаг гунигт түүхийг давтаж болохгүй.

Тийм ч учраас Монголын төр ядаж шатахууныхаа 50 хувийг өөрсдөө дотооддоо үйлдвэрлэх, нүүрсээ төмөр замаар тээвэрлэх, импортын эрчим хүчний хараат байдлаас бүрэн ангижрах том бодлого дэвшүүлээд, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд зүтгэж байна. Нийт иргэн, улсын ашиг сонирхолд нийцсэн ийм төслүүдийг дотор нь үймүүлж гацаах гадны сонирхол байдаг нь нууц биш. Байнга өөрсдөөсөө хараат байлгах гэсэн тэдний хавханд хэдий болтол хавчуулагдах вэ гэдгээ монгол хүн л юм бол бодох хэрэгтэй. Дотоодын хямд эрчим хүчний эх үүсвэр монголчууд бидэнд хэрэгтэй, харин харийнханд бол ашиггүй.

Импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарна гэж ойлголоо?

-Өнөөдөр Монгол Улс нүүрс, зэс, төмрийн хүдэр, жаахан ноолуураа гадагш нь зарж л мөнгө олж байна. Олсон жаахан валютаа буцаагаад импортын түлш шатахуун, эрчим хүч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд өгдөг нь бас үнэн. Гэтэл бид эрчим хүч импортлогч биш бүр экспортлогч болох боломж байна шүү дээ. Өнгөрөгч долоо хоногт Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх УИХ-д танилцуулсан. Тэр танилцуулгаас үзэхэд Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар жил бүр долоогоос найман хувь өсч байна. Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн хөгжлийг дэмжих хамгийн тулгамдсан асуудал нь үндэсний онцлогт тохирсон томоохон чадлын эх үүсвэрийг богино хугацаанд барьж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хэрэглээний өсөлтийг хангах явдал гэдгийг салбарын сайд онцолж байна лээ. Хэрэглээ ингэж жил бүр өсөөд байхад гадна дотны явуулгад автаж эх үүсвэрээ барихгүй ангайгаад байвал улсаараа ч гал алдаж мэднэ. 1990-ээд оны шилжилтийн жилүүдэд тогтой аймаг бараг байгаагүй. Улаанбаатарт хүртэл байнга цахилгаан тасардаг байсан үе бий. Эрчим хүчний салбараа дахин тэгж хэвтэрт оруулж болохгүй биз дээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод хэлсэн анхны үгэндээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг залгамжлан үргэлжлүүлж Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгаан станцын ажлыг эхлүүлэх болно гэж хэлсэн нь ч ийм учиртай. Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын УЦС баригдсанаар баруун бүс импортоор эрчим хүч авдаг байдал эцэс болно. Өнөөдөр нийт хэрэглээнийхээ 70 гаруй хувийг Оросоос, гурваас дөрвөн хувийг Хятадаас авч байгаа. Ингэхдээ Дөргөний УЦС-д үйлдвэрлэсэн эрчим хүчнээс даруй таваас долоо дахин өндөр үнээр авч байна. Юун түрүүнд хямд тогтой болно. Үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ тал хувиар нь баруун бүсээ бүрэн хангаад илүү гарсныг нь төвийн бүсэд нийлүүлнэ гэсэн үг.

Ерөнхий сайдад та үүнтэй холбоотой ямар асуулга тавьсан бэ. Асуулгын хариу нь ирсэн үү?

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг энэ оны яг хэддүгээр сард эхлүүлж, хэдэн он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж асуулга тавьсан. Асуулгадаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайланг олон нийтэд нээлттэй ил тод танилцуулахыг хүссэн байгаа. Мөн нөлөөллийн бүсэд орж буй зарим айл өрх, иргэдэд нөхөн олговор олгох чиглэлээр Засгийн газар хэрхэн анхаарч байгааг тодруулсан. Одоогоор асуулгын хариу маань хараахан ирээгүй байна. Хариу ирэхээр хуульд заасны дагуу асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулдаг учраас тэр үед иргэд маань илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно гэдэгт итгэж байна. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж үг бий. Мэдээлэлгүй учраас өдөөн турхирсан, тодорхой санаа зорилготой худал мэдээлэлд автах нь элбэг. Тийм учраас Эрдэнэбүрэнтэй холбоотой бүх асуудлыг ил тод, тодорхой байлга гэдгийг албаны хүмүүст би байнга хэлдэг.

Энэ бүтээн байгуулалт хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Засгийн газар, Эрчим хүчний яам төслийн бэлтгэл ажлыг хангаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа. Уг нь гүйцэтгэгчийг 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр тодруулахаар төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлын улмаас нэг сарын хугацаагаар сунгасан байна лээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 818.0 тэрбум төгрөг. Үүний 95 хувийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр, таван хувийг улсын төсвөөс санхүүжүүлж, 2021-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Баруун гурван аймгийг цахилгаанаар хангах Эрдэнэбүрэнгийн УЦС барих газрыг 2019 онд Улсын тусгай хэрэгцээнд авсан. Иргэдийн эсэргүүцэл гарч эхэлсэн байна лээ. Үүнд хариулт өгөх үү?

-Үндсэн хуульд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч” гэсэн тов тодорхой заалт бий. Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах газрыг одоогоос хоёр жилийн өмнө Засгийн газар улсын тусгай хэрэгцээнд авсан. Өөрөөр хэлбэл, тэнд иргэдэд өмчлүүлсэн газар байхгүй. Ер нь та нэг юмыг ажигласан уу. Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС-ын төсөл олон жил яригдсан. Яг барих гэхээр заавал нэг саад тотгор учирдаг. Бүр улаан цагаандаа гарч улдан чангаадаг. Ингэхдээ жинхэнэ эзэд нь мэдээж ил гарч ирэхгүй. Монголын улстөрчдөөр, монгол хүнээр дамжуулж л гацаах, сарниулах, бусниулах ажлаа хийж ирсэн. Тэр байдал давтагдаж байгаа юм биш байгаа гэсэн хардалт байна. Анх Говь-Алтайн Тайширын УЦС баригдахад бас л Завхан гол загас хоёр үгүй болох нь гэж муушааж байв. Одоо газрын зурагт тэмдэглэгдсэн Гэгээ нэртэй том нуур, дүүрэн загас л байна. Нөгөө амиа тавин эсэргүүцээд байсан хүмүүс таг чиг. Завхан гол, харин ч гантай жил тасалддаг байснаа больсон. Өнөөдөр Алтай хот цэвэр усныхаа хангамжийг тэр нуураас шугам татаж шийдэж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС барихаар улсын тусгай хэрэгцээнд авсан 28000 га газрын 9000 га-д нь усан сан байгуулагдана гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Тэрхүү нөлөөллийн бүсэд бэлчээр нутаг нь хамрагдаж байгаа 528 өрх байгаа юм билээ. Төр бүх айл өрхийн амьжиргааг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр нөхөн олговор олгоно гэдгийг Засгийн газар удаа дараа мэдэгдсэн. Би ч тэр ажлаа хийдэл дутагдалгүй сайн зохион байгуулаарай гэдгийг байнга хэлж сануулж байгаа. Дээр нь бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн иргэдийг оролцуулах, ажлын байраар хангах асуудалд эн тэргүүнд анхаарах учиртай. Цаашид УЦС байгуулагдах сум, аймгийн айл өрх, ААН-ийн эрчим хүчний үнэ тарифыг хямдруулж үндсэн өртгөөр нь тооцон дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө анхаарах ёстой.

Дөргөний УЦС баруун аймгийнхны цахилгааны хэрэглээний 20 гаруй хувийг хангадаг гэж байна. Эрдэнэбүрэн ашиглалтад орвол хэдэн хувийг нь хангах юм бэ?

-Дөргөний УЦС-ын суурилагдсан хүчин чадал нь 12 мВт шүү дээ. 2008 онд анх намайг гишүүн болж байхад намарнь аравдугаар сард дуусч, ашиглалтад орж байсан санагдана. Тэр үед нэг аймгийн эрчим хүчний хэрэглээ ихдээ л 6 мВт байсан. Тийм учраас тухайн үед баруун гурван аймгийн эрчим хүчний хэрэглээг хангана гэж тооцож байсан байх. Гэтэл эрчим хүчний хэрэглээ байнга нэг хэмжээндээ байдаг зүйл биш. Байнга л өсөн нэмэгдэж байна. Түрүүн би хэлсэн. Жилд эрчим хүчний хэрэглээ дунджаар найман хувиар өсч байна аа гэж. Тэгэхээр тухайн үеийнхээс хэрэглээ хоёр дахин нэмэгдчихээд байхад 13 жилийн өмнөхийг өнөөдөртэй харьцуулж таарахгүй биз. Зүгээр нэг айлын цахилгааны хэрэглээн дээр тооцоход хүртэл эрс өөрчлөлт гарсан байна. Дээхнэ үед айл болгон хөргөгч, зурагттай байсангүй. Хүн болгон гар утас хэрэглэж байгаагүй шүү дээ. Дээр нь хүн ам, айл өрх, үйлдвэр аж ахуйн нэгжийн тоо өссөөр л байна. 1916 онд Нийслэл хүрээнд 20кВт орчим чадалтай цахилгаан үүсгүүр ажиллаж байсан гэдэг. Тэр үед хүрээг хангаж байсан цахилгаан үүсгүүр өнөөдөр яахаараа хангаж чаддаггүй юм гэж яривал ямар тэнэг яриа болох вэ. Тэгэхээр аливааг өчигдрөөр биш өнөөдрөөр, болж өгвөл бүр ирээдүйгээ харж төсөөлж ярьж байж л урагшаа ахина. Түүнээс биш хуруугаа ч хөдөлгөхгүй байж зэс хошуулаад гадна дотны бохир явуулгын гар хөл болоод байж болохгүй л дээ. Хэд хоногийн өмнөх хүчтэй шуурганаар Оросод, мөн хилийн наана 10 км-т өндөр хүчдэлийн шугам унахад өнөөх муулаад байгаа Дөргөний УЦС л дахиад аминд орсон. Хүнд өвчтэй хүн яаралтай хагалгаанд ороход, жирэмсэн эх төрөхийн хүндрэл болоход, байгалийн гамшигт өртөгсдийг аврах ажиллагаа зохион байгуулахад Дөргөний УЦС-ын үйлдвэрлэсэн тог л аминд орлоо. Хоёр жилийн өмнө идэр есийн хүйтэнд мөн ийм гамшиг болоход баруун гурван аймаг Дөргөний УЦС-ын хүчинд л хөлдчихөөгүй онд орсныг сануулахад илүүдэхгүй байх. Үүрд Орос Хятадаас тог авч байх юм шиг, тэд бидэнд дандаа сайхан загнаж байх юм шиг бодох нь гэнэн хэрэг.

УЦС барих газар гурван аймгийн нутаг дэвсгэрийг хамарч байгаа. Түүний 90 гаруй хувийг БаянӨлгий болон Увс аймгийн газар нутаг эзэлж байгаа юм билээ. Ховд аймгаас хэчнээн хэмжээний газар хамрагдаад байгаа вэ?

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутгийн багахан хэсэг хамрагдаж байгаа нь үнэн. УЦС гэдэг зөвхөн цахилгаан үйлдвэрлэх асуудал биш л дээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий. Манайх шиг усны нөөц хомс улс усаа нөөцлөх нь маш чухал асуудал гэдгийг хүмүүс нэг л сайн ойлгохгүй байх шиг байна. Дэлхийн дулаарал манай орны уур амьсгалд ямар хүчтэй нөлөөлж байгааг хүн бүхэн л мэдэж байгаа. Баянхонгор аймаг бараг тэр чигээрээ цөлжчихлөө. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр нэрвэгдээд байна. Мөнх цаст уулсын цас мөс хайлж багасаж байна. Тэгвэл хиймэл нуур үүсгэх нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үндсэн зориулалтаасаа гадна гадаргын болон газрын доорх усны нөөцийг тогтвортой барих, цөлжилтийн эсрэг чийгшил бий болгох олон талын ач холбогдлыг хүмүүс ухаж ойлгохыг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Төр засаг, эрдэмтэн судлаачид маань ч иргэд олон нийтэд энэ талаар ойлголт мэдээлэл өгөх тал дээр хангалтгүй ажиллаж байгаа нь үнэн. Ер нь Ховд гол бол эх оронч гол. Монголчууд бидэнд бурхнаас өгсөн асар том бэлэг. Энэ бэлгээ бид эрчим хүч болгож ашиглах цаг болсон. Цэвэр усны том усан сан үүсгэж ирээдүй хойчдоо үлдээх цэвэр усаа нөөцлөх хэрэгтэй. Хойд урд хил давангуут л өчнөөн УЦС ажиллаж байгааг биеэр нь явуулж харуулдаггүй юм аа гэхэд телевиз сайтаар дамжуулаад үзүүлмээр байна. XXI зуун гараад 20 гаруй жил болж байхад хөмөрсөн тогоон дотор байгаа юм шиг явцуу богино сэтгэж, болж бүтэх бүхнийг боомилж чөдөрлөдгөө одоо болих хэрэгтэй. Монгол Улс бол холбооны улс биш нэгдсэн улс. Баян-Өлгий, Увс, Ховд гээд улс дотор тусдаа улс шиг байж таарахгүй.биз дээ. Төр мэдэх юмаа мэдэж, шийдэх юмаа шийдэж, ингэхдээ иргэдийнхээ олонхын эрх ашигт нийцүүлж, цөөнхийн эрх ашгийг хүндэтгэж голтой, нуруутай бодлогын том төслүүдээ заавал хэрэгжүүлдэг байх нь эцсийн дүндээ Монголын эрх ашигт нийцнэ. Бид нэг Монгол. Монгол гэдэг нэг л эх оронтой гэдгээ буйд бөглүү хөдөөгийн багт амьдарч байгаа малчин хүн ч, төрийн жолоо атгаж байгаа эрхмүүд ч мартах эрхгүй.