Хаврын улиралд хүн хамгийн ихээр ядарч, сульддаг. Энэ нь дархлаа унаж байгаагийн том илрэл. Тиймээс зөв хооллолтоор хэрхэн дархлаагаа дэмжих талаар “Монгол-Европ” хоолны ахлах тогооч Л.Хангарьдтай ярилцлаа.
-Та тогоочоор ажиллаад хэдэн жил болж байна вэ?
-Тогооч болоод 13 жил болж байна. Одоогоор “Алтан Дөрвөлжин” компанийн “Европ-Монгол” хоолны ахлах тогоочоор ажиллаж байна.
-Таны хувьд хоолыг юу гэж тодорхойлох вэ?
-Хүн идэх гэж амьдардаг уу? Амьдрах гэж иддэг үү? гэсэн хоёр асуулт байдаг. Тэгэхээр хүн эрүүл байх гэж хооллох ёстой. Идэж буй хоолноосоо дэмжих шим тэжээлийг авах нь зүйтэй. Хоол гэдэг зүйлийг цадах гэж идэхдээ гол биш юм. Хоолыг сэтгэлээ шингээж хийх нь хэрэгтэй. Тиймээс хоол гэдэг маш том соёл, урлаг юм.
-Улирлын чанараас шалтгаалаад хүний дархлаа унах тал бий. Үүнд хооллолт нөлөөлдөг үү?
-Ер нь ихэнх хүмүүс буруу хооллоод байгаа ажиглагддаг. Тиймээс дархлаа унаж, цаашлаад ходоодны өвчлөл, хавдар үүсдэг. Шарсан, хуурсан зүйл ихээр идсэнтэй холбоотой л доо. Ихэнх нь эртнээс улиралдаа тохируулан хооллодог монгол ёсоо мартчихсан.
Хавар нь таван цул, борцноос шөлөө гаргаж намар нь ургацын үе ногоогоо их идэж шим тэжээлээ авдаг. Өвөл идэшний үе учир махаа идэж дархлаагаа нөхөж авдаг. Зундаа цагаан идээгээ идэж, ходоодоо амрааж байдаг. Эрт үед “Мацаг барих ёс” гэж байсан. Одоо энэ ёсыг Баян-өлгий, Казак буюу баруун аймгуудын дунд ихээр буй. Долоо хоногийн нэг өдөр нь мацаг барьж, ходоодоо амраадаг. Ямар ч машиныг тасралтгүй ажиллуулаад байвал тэр машин элэгдэлд орж муудна. Хүний ходоод ч үүнтэй адил.
-Хаврын улиралд хүмүүс их ядарч, сульддаг. Цар тахалтай энэ үед бид хоол хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих ёстой вэ?
-Хаврын улиралд дархлаа хамгийн ихээр унадаг. Коронавирус гэдэг хүний ядрахыг анддаггүй, сэтгэл зүйг анддаггүй дархлаа султай хүн халдвар авбал магадлал өндөртэй гэж эмч нар анхааруулж байгаа. Тиймээс дархлаагаа сайн дэмжиж, хоол хүнсээ сайн ид гэсэн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Хаврын улиралд хоолондоо сармис, цагаан гаа түлхүү хэрэглэх нь дархлаа маш сайн дэмждэг. Мөн шөлтэй хоол дархлааг нөхөж байдаг. Тиймээс цагаан гаатай шөл, ясны шөлийг байнга хийж уу. Мөн махны сонголт зөв байх ёстой. Монголчууд хонины махыг сайн гэдэг ч хаврын улиралд хүнд хоолонд ордог. Харин адууны мах дархлааг хамгийн сайн дэмждэг. Лимон, цагаан гаатай цайг тухайн хүн бие организмд тохирч байвал өглөө болгон хийж уувал сайн.
-Ер нь ямар хоол хийж идвэл сайн байх вэ?
-Хаврын улиралд заавал нэг удаа идэх ёстой хоол байдаг. Тэр нь хуйхалсан өвчүү, толгой, шийр юм. Хуйхалсан шийр нь хүний ясны гүн хүртэлх ядаргааг тайлна. Мөн толгой чанасан шөлөндөө сүүтэй аагтай цай хийж уух нь бүтэн жилийн ядаргааг тайлж өгдөг. Дөрөв болон тавдугаар сард хийж идвэл хамгийн тохиромжтой.
ХАВРЫН УЛИРАЛД ДАРХЛАА ДЭМЖИХ ТАВАН ХООЛНЫ ЖОРЫГ ХҮРГЭЖ БАЙНА
Лимон цагаан гаатай цай:
–Лимон 2ш
–Цагаан гаа 100 гр
–сэнимон 3ш (хатааснаараа)
– Зөгийн бал 500 гр
Хийх арга:
Цагаан гаагаа жижиглэн хэрчээд, лимоноо хавтгай нимгэн хэрчиж зөгийн баландаа цагаан гаа, лимон сэнимоноо хийж хутгана. Гурав хоног дарсны дараа буцалсан ус болон цайндаа өөрийн уух хэмжээгээрээ хийж ууна. Дархлааг хамгийн сайн дэмжих цай юм.
2.Тойгны шөл:
–Үхрийн тойг 2ш
–Улаан лооль 500 гр
– Сармис 4 хумс
– Ягаан сонгино 2ш
– Масло 50 гр
– Нарийн ногоонууд болон гурил, будаа хийж болно.
Хийх арга:
Үхрийн тойгоо чанахдаа маслондаа сармисаа ягаан сонгинотойгоо сайтар хуураад улаан лоолио том том хэрчиж нэмээд зөөлөн гал дээр 10минут орчим яснаас нь мултартал буцалгана. Ингэснээр тойгноос гарах калць, колаген 100% гарна гэсэн үг. Дараа нь тойгны махаа яснаас нь салгаад, шөлөө шүүгээд өөрийн дуртай ногоо болон гурил, будаа, удон гэх мэт баяжуулж болно. Ядаргаанд сайн ба арьсанд колаген өгдөг
3. Витаминтай коктейлын жор
• 1 аяга ус
• 1 хоолны халбага зөгийн бал
• 1 хоолны халбага лемоны шүүс
• 1/2 хоолны халбага нунтаг гаа
Бүх найрлагыг блендэрт хийгээд хольж коктейл болгоно. Энэ чихэрлэг ундаа нь ядарч сульдсан үед эрч хүчийг сэргээж, дархлааг дэмждэг.
4. Хуйхалсан хонины толгой, шийр:
-Чанасан өвчүү, толгойны шөлний тосыг сайтар хамж аваад тунгалаг шөл болгоно. Шөлөн дээрээ цайны идээ хийгээд сүү хйигээд цай хийж ууж болно. Хий хуянг гадагшлуулдаг.
5. Мөөгтэй шөл
-Үхрийн мах: 300 гр
-Зайдас: 200 гр
-Гахайн мах: 200 гр
-Мөөг: 200 гр
-Давсалсан өргөст хэмх: 2 ш
-Олив 150 гр
-Улаан лооль 2 ширхэг
-Улаан лоолийн соус 2 цайны халбага
-Давс, халуун ногоо
-Ургамлын тос
-Лимон 1 ш
Хийх арга:
3-3.5 литр давстай усанд үхрийн махаа чанаж гаргааД жижиглэн хэрчин, мөөг болон амтлагчийн хамтаар буцаан шөлөндөө хийнэ. Сонгиноо шаргал болтол нь хуурч, гахайн мах, зайдсаа нэмэн 5 минут шарна. Үүний дараа хэрчсэн улаан лооль болон соусаа хийн зөөлөн гал дээр 10 минут байлгах юм. Эцэст нь амталсан үхрийн махан шөлөндөө хуурч болгосон ногоо зэргээ нэмж, дээрээс нь олив, өргөст хэмхээ хийн 20 минут буцалгахад хангалттай. Мөн та хоолоо тавагласны дараа лимоноо нимгэн хэрчин шөлөндөө дүрж өгсөнөөр илүү амттай болох болно.
Н.ЦОГЗОЛМАА