“Тавантолгой Түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар АНУ-ын ЭСЯ-ны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмондыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монголд үйлдвэрлэж байгаа утаагүй түлшний үйлдвэрлэлд шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлж хэрэгжүүлэх талаар ярилцав.
“Тавантолгой Түлш” ХХК “Эрдэнэс Таван Толгой” ХХК-ийн олборлосон түүхий нүүрсийг угааж боловсруулах шинэ төслийн хүрээнд дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг хөгжингүй орнуудаас нэвтрүүлж, утаагүй түлшний чанарыг улам сайжруулах зорилт тавьж буйгаа илэрхийлэв.
Уг ажлын хүрээнд шинэ төслийг АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлд танилцуулж, санал бодлоо солилцов. Утаагүй түлшний чанар сайжирснаар нийгмийн эрүүл мэндэд ашиг тустай гэдгийг талууд онцлоод энэ төслийг үр дүнтэй бодит ажил болгохын төлөө талууд хичээл зүтгэл гарган хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалт МҮХАҮТ-д болов. Бизнесийн төлөөллийн байгууллага Худалдаа, аж үйлдвэрийн Танхим өнөөдөр хэрэглэж байгаа утаагүй шахмал түлшний чанарыг сайжруулах хамтын ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж өнөөдрийг уулзалтыг зохион байгуулав.