Categories
гадаад мэдээ

Бээжин хот хамгийн олон тэрбумтантай

Сүүлийн долоон жилийн турш хамгийн олон тэрбумтантай хотоор АНУ-ын Нью-Йорк нэрлэгдэж байв. Форбэс сэтгүүл жил бүр тэрбумтнуудын жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Энэ удаагийн жагсаалтаар 100 тэрбумтантай Бээжин хотыг ийн онцолсон байна. Өнгөрсөн онд Хятадад шинээр 33 тэрбумтан төрөн гарчээ. Дээрх сэтгүүлийн онцолсноор дэлхийн хамгийн олон тэрбумтантай 10 хотын тав нь Хятадад байна гэсэн байна. Тодруулбал, Бээжин хотоос гадна Хонконг 80, Шэнжэн 68, Шанхай 64 тэрбумтан тус тус амьдарч байна.

Жагсаалтын хоёрдугаарт Нью-Йоркт өнгөрсөн оны байдлаар шинээр долоон тэрбумтан төрж, энэ тоо 99-д хүрчээ. Форбэс сэтгүүлийн цохон дурдсанаар Бээжин хотноо 21 сая, Нью-Йоркт 8.4 сая хүн амьдардаг. Мөн Нью-Йорк нь Бээжинтэй харьцуулахад 40 хувьтай нь тэнцэх газар нутагтай юм байна. Өнгөрсөн онд дэлхий даяар 660 тэрбумтан шинээр төрж, нийт тэрбумтнуудын тоо 2755-д хүрчээ. Тэдгээрийн нийт хөрөнгө 13.1 их наяд ам.доллар аж. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар цар тахлын улмаас баян хоосны ялгаа улам ихсэх болсон. АНУ-д гэхэд цар тахлаас үүдэн 80 сая иргэн ажилгүй болж, найман сая иргэн ядуурлын эгнээнд шилжжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

Баянзүрх дүүрэгт вакцинжуулалтын хоёр дахь тунг хийж эхэллээ

Вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 хувьд хөнгөн төрлийн хариу урвал илэрсэн гэв

2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш Монгол Улс “Ковид-19” цар тахлаас сэргийлэх вакциныг хүлээн авч дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг нийт 126545 иргэнийг дархлаажуулаад байна.

Задалж үзвэл өдөрт 15 цэгт 364 алба хаагчид 8000 иргэнийг дархлаажуулдаг.

Дархлаажуулалт хийж байгаа цэгүүдэд өдөр бүр олон тооны иргэд үйлчлүүлж, вакцинжуулалтад хамрагддаг бөгөөд энэ нь нэг талаараа дархлаажуулалтын цэгийг эрсдэлтэй бүс болгосон.

Тиймээс өнөөдөр Баянзүрх дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг 7 цэгт үүрэг гүйцэтгэж буй эмч эмнэлгийн ажилтнуудыг амрааж, тухайн цэгүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг хийхээр боллоо. Тухайлбал

  • АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  • 30,92,133,87-р сургуулиудад зөвхөн 3 дугаар сарын 12-ны өдөр Синофарм үйлдвэрийн вакциныг хийлгэсэн Баялаг ундраа худалдааны төвийн 300, Баянзүрх дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 1,000, Худалдаа үйлчилгээний салбарын 1,000 гаруй иргэнд дархлаажуулалтын 2 дахь тунг хийлгэнэ.

Мөн 88-р сургууль, 63-р цэцэрлэгт дархлаажуулалтын эхний тунг хийх ажил явагдана.

Үлдсэн дархлаажуулалтын цэгүүд болох 44,14,84,21,102-р сургууль Фэмили медикал эмнэлэгт байрласан цэгүүд ажиллахгүй бөгөөд тус цэгүүдэд ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөлөө гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгын гүйцэтгэл 85 хувьтай байна

Улаанбаатар хот

Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг 2019 оноос барьж эхэлсэн. Тус станцын барилга, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байгаа ажээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр долоо хоног бүрийн Бямба гаригт дулааны станц барих ажлын явцыг газар дээр нь шалгаж, хийсэн ажилтай нэг бүрчлэн танилцаж, асуудал байвал шийдвэрлэх, үүрэг даалгавар өгөх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж буй юм.

Мөн 2020 оны тавдугаар сарын 17-ноос Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Сэлбэ дэд төвийн Ашиглалтын өмнөх захиргааны долоон хүний бүрэлдэхүүнтэй хяналтын инженерүүд барилга угсралтын ажилд хяналт тавьж байгаа ажээ.

Сэлбэ дэд төвийн 28МВт-ын хчүин чадалтай ДС-ын ТЭЗҮ – Richwell

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Энэ хууль батлагдсанаар бүхэлдээ “Хүний эрхийг хамгаалах эрх”-ийг баталгаажуулж өглөө

УИХын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан тус хуулийн төслийг ахалж ажилласан УИХын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


УИХын өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Та хуулийн ажлын хэсэгт ажилласан. Хуулийн төсөл батлагдсанаар ямар бодит үр дүн, ач холбогдол гарах тухайд тодруулахгүй юу?

-Өнгөрсөн 30 жилийн практикаас харахад манай улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид маань аюул занал, дарамт шахалт, тэр ч бүү хэл амиа алдах эрсдэлд өртсөөр ирсэн. Тиймээс энэ байдлыг таслан зогсоож, хүний эрх хамгаалагчдыг төр хуулиар хамгаалах шаардлага бий болсон юм. Энэ дагуу НҮБ-ын тунхаглал, загвар хуулийн дагуу Монгол Улсын Их хурлаас Азидаа анхны гэх тодотголтой Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа. Ингэснээр хүний эрхийн төлөө тэмцэгчид маань Монгол Улсын нутаг дэвсгэрээр үл хязгаарлагдан, хуулиар хамгаалуулж, чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдлээ. Хүний эрхийн тэмцэлд эцсийн цэг гэж байдаггүй. Энэ бол хил хязгааргүй үйл ажиллагаа юм. Нийгмийн болоод бусдын сайн сайхан, шударга ёс, үнэний дуу хоолой болж явдаг хүмүүсээ Монголын төр хамгаалж, эрх зүйн тогтолцоог нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ үүргээ тус хуулийг баталснаар ийнхүү биелүүлж байна. Энэ хууль батлагдсанаар бүхэлдээ “хүний эрхийг хамгаалах эрх”-ийг баталгаажуулж өглөө. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалснаар Монгол Улсын хүний эрх хамгаалах тогтолцоо бэхжиж, шинэ шатанд гарч байна гэж ойлгож болно.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хүний эрх зөрчигдсөн маш олон хэргүүд гарч байсан. Тэдгээрээс ямар хэргүүд таны анхаарлыг татаж байна вэ?

-Монгол Улсад шударга бус явдлын эсрэг дуугарсан хүмүүсийг айлгаж ичээх, сүрдүүлж, дарамтлахаас эхлээд амь насанд нь хүртэл халдаж байсан олон жишээг бид мэднэ. Тухайлбал, ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл гэж залуу байна. 2016 онд Хөвсгөл далайд живсэн байдалтай олдсон байдаг.

Байгаль орчныг хамгаалах чиглэлд дуу хоолой болж байсан түүний хэргийг амиа хорлосон хэмээн хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Т.Лхагвасүмбэрэл агсан байгаль хамгаалах чиглэлээр дуугарсныхаа төлөө дарамт, шахалтад орж, 2015 оноос эхлээд удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж байсан гэдэг. Ингэхдээ хүмүүс дарамталсан, айлган сүрдүүлсэн гэдэг баримтыг Өмнөговь болон Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас гаргаж байсан байна лээ. Тухайн үед түүнийг хамгаалж, хууль эрх зүйн туслалцаа үзүүлээгүй учраас энэ золгүй хэрэг гарсан байж болзошгүй. Үүнээс гадна уул, уурхай, байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажилладаг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын эрх зөрчигдөх асуудал их байдаг юм байна. Мөн сэтгүүлч Л.Болормаа агсны хэрэг байна. Энэ бүхнээс харахад хүний эрхийн зөрчлийн төлөө дуугарч байгаа иргэн, байгууллага, сэтгүүлчийг хамгаалах шаардлагатай нь харагдаж байгаа юм. Энэ талаар олон улсын хүний эрхийн байгууллагууд удаа дараа сануулж, хүний эрхийн хамгаалагчдад эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэдгийг анхааруулж байсан. Энэ хууль зөвхөн Монгол Улсад хэрэгжинэ гэж газар нутгийн хэмжээгээр хязгаарлагдахгүй. Хилийн чандад байгаа иргэдийнхээ төлөө дуугарч байгаа хүмүүсээ ч мөн хамгаалах юм. Хилийн чандад болсон маш харамсалтай, шийдэгдэхгүй удаж нэг хэргийг бид мэднэ. Энэ бол Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэг. Энэ хэрэг гарснаас хойш 15 жил өнгөрсөн ч хэргийн гол холбогдогч, буруутан этгээд өдийг хүртэл шударга шүүхийн шийтгэл аваагүй байна. Талийгаачийн аав С.Шаарийбуу гуай олон жил тууштай тэмцэж ирсэн. Монголын төрөөс хоёр, гурван удаа эрх зүйн туслалцаа үзүүлсэн ч цаашдаа зөвлөгөө туслалцаа үзүүлэх гэхээр эрх зүйн болон бусад саад бэрхшээл байдаг юм байна. Тухайлбал, Монгол Малайзын хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй. Үүнээс болоод хэрэг удааширч байна. Хоёрдугаарт, манайх Эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцэд нэгдсэн байхад Малайз Улс нэгдээгүй гэдэг ч юм уу. Ийм байдлаар хилийн чанадад монгол хүний эрх зөрчигддөг, түүний төлөө дуугарч байгаа хүмүүс ч хуулиар хамгаалуулж чаддаггүй асуудал гарч байна. Тиймээс түүний төлөө тэмцэж байгаа хамгаалагч нарт энэ хууль хүрэх ёстой. Хүний эрхийн төлөө амь нас, аюул заналыг үл тоон олон жил тэмцэж ирсэн хамгаалагчдаа төр “хамгаалах” ёстой.

Хүний эрх хамгаалагчийн хороо шинээр байгуулагдах юм байна. Энэ хороо хэрхэн ажиллах юм бэ. Хараат бус ажиллаж чадах уу?

-Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо маань ажиллана. Хараат бус гэдгийг хуулиар тодорхой зааж өгсөн. Хорооны ажиллах журмыг Комисс батална. Энэ хороо хүний эрхийг хамгаалагчдад дарамт ирэх аваас эрсдэлийн үнэлгээ хийж, хамгаална. Ингэхдээ хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх баримт, нотолгоотой гомдол, мэдээллийг хүлээн авч, хууль эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Энэ хороонд ямар хүмүүс ажиллах вэ гэхээр хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний, эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй хараат бус гишүүд ажиллана. Хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг ХЭҮК, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төрийн албаны зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Комиссын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, зохион байгуулна. Энэ ажлын хэсэг Хорооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр 30 хоногийн хугацаанд нийтэд мэдээлж, нээлттэй сонсголоор хэлэлцэж, улмаар сонгон шалгаруулж ажиллана.

Хуулийн төсөлд хичнээн байгууллагын төлөөллийг оролцуулж, ямар цар хүрээг хамарсан судалгаа хийгдсэн бэ?

-ХЭҮК-оос мэргэжлийн үйл ажиллагаагаар хүний эрхийг хамгаалж буй шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагч, өмгөөлөгч хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, хүний эрхийг хамгаалагч иргэд, идэвхтэн зэрэг 1375, аймгуудын үйлдвэрчний эвлэлийн гишүүн, идэвхтэн, сонгуульт ажилтан 3662 хүн гээд 5000 орчим хүний дунд судалгаа хийсний үндсэн дээр хүний эрх хамгаалагчийн асуудлыг анхааралдаа авахыг 2015 онд Хүний эрхийн төлөв байдлын илтгэлдээ онцлож, УИХ-д өргөн барьсан байдаг. Энэ цаг үеэс өнөөг хүртэл хуулийн төслийг олон талуудаар хэлэлцүүлж, дэлхийн улс орнуудын туршлага, сургамж дээр үндэслэн Загвар хуулийг барьж, боловсруулсан учраас хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахуйц хэмжээнд гэж үзэж болно. Тийм ч учраас УИХ уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжиж, баталсан.

Мөн бид хуулийн төсөл дээр ажиллаж байх явцдаа маш олон судалгаатай танилцсан. Хүний эрхийн хамгаалагч, тэмцэгчидтэй ч ярилцаж, тэдний асуудлыг сонссон. 4-5 удаагийн томоохон хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулсан. Манай улсын хувьд зарим төрийн бус байгууллагаас гаргасан “Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүд” 2005 оны судалгаа, “Аюул дундах хүний эрх хамгаалагч” 2017 оны судалгаа, ХЭҮК-ын “Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” 2014 оны үндэсний хэмжээний судалгаа, мөн НҮБ-ын хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчийн 2018 оны судалгаа, тайлан гээд хэд хэдэн судалгаа бий. Үүний зэрэгцээ ХЭҮК-ын жил бүрийн илтгэл байна.

Эдгээр судалгаанд дурдсанаар хүний эрх хамгаалагчдад сэтгэл зүйн дарамт үзүүлэх, нэр хүндэд нь халдах, айлган сүрдүүлэх, цахим халдлага дайралт хийх, мөрдөж мөшгөх, ажлаас халах, хилс хэрэг хүлээлгэх, бие махбодод нь халдах, сураггүй алга болгох, амь насанд нь халдах гээд бүхий л төрлийн халдлагууд байгааг онцолсон байдаг. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн хүчирхийлэл, хүний наймааны асуудлаар ажиллаж буй эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн дарамт үзүүлсэн, утсаар айлган сүрдүүлсэн, бие махбод, эд хөрөнгөд нь халдсан, улмаар амиа хорлоход хүргэсэн гэдэг маш харамсалтай кейсүүдийг иргэний нийгмийн идэвхтнүүд ярьж байлаа. Маш олон жишээг ярьж болох ч цөөн жишээ дурдахад “Ажлын цонх нь байнга хагардаг, цонхоор чулуу орж ирдэг, хаалганых нь цоож руу цавуу цутгачихдаг. Ажилтнуудыг нь хүн дагадаг, утсаар дарамталдаг тул гадагшаа гарахдаа хиймэл үс зүүж, хувцсаа сольж гардаг” гэх мэт тохиолдлууд гарсан байдаг. Тэр ч бүү хэл “Шүүх хуралд ороход өшиглүүлж, чимхүүлээд гарах наад захын асуудал байдгаас маргаашийн нарыг харах уу гэдгээ мэдэхгүй, гэрээслэлээ бичээд сууж байхад амьдрал утгагүй санагдсан” гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ажиллагсад ярьсан байдаг. Өнөөдөр Монголд хүний эрхийн хамгаалагчид маань ийм хүнд нөхцөлд, чимээгүй тэмцэж байна. Тиймээс төр үүнийг мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрч болохгүй. Хуулиараа хамгаалах нийгмийн шаардлага үүссэн учраас энэ хуулийг баталлаа.

Манай улсад Хүний эрх хамгаалагчийн хороо болон энэ хуулийн нэр томьёо өөрөө шинэ ойлголт шиг харагдаж байгаа. Харин олон улсад хүний эрхийг хамгаалагчийн хуулиар хэрхэн баталгаажуулж, үйл ажиллагаа нь ямар түвшинд байдаг юм бэ?

-Дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжтой. Үүнийг бид судалж үзсэн. Харин манай улс Азидаа анх удаа “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлж, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажууллаа. Энэ бол олон улсын хүний эрхийн тогтолцоог нутагшуулж байгаа сайн жишиг. Монгол Улсад буй ардчилал, хүний эрхийн соёлын уламжлалыг эргэж харахаар бид шинэ тутамд хөгжиж байгаа нь харагдаж байна. Харин либерал ардчилал өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад манайд нийтээрээ хүний эрхийг хүндлэх, хамгаалагч нарыг өмөөрөн хамгаалах эрх зүйн соёл дутмаг байгаа. Тиймээс шинээр ардчилсан тогтолцоонд шилжиж буй манайх шиг улсад хүний эрхийг хамгаалагчийг тусгай хуулиар хамгаалдаг. Европын холбоо зэрэг бусад улсын тухайд бүс нутгийн хүний эрхийн тогтолцоо маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. Жишээлбэл, эрүүдэн шүүсэн хэргийн гол буруутанг Европын хил рүү нэвтрүүлэхгүй гэх мэт хатуу санкцтай байна. Гэхдээ энд анхаарах зүйл бий. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа нэрээр хагалан бутаргах, үймээн самуунд уруу татах зэрэг “хуурамч тэмцэгч”-ээс ялгах шаардлага байгаа юм. Үүнийг хуульд тодорхой зааж өгсөн.

Хэрхэн яаж ялгах юм бэ?

-Хүний эрх хамгаалагчдад тавигддаг тодорхой шалгуур бий. Тухайлбал, тухайн хүний үйлдэл нь хүний эрхийг хамгаалсан, хөхиүлэн дэмжсэн, түгээн дэлгэрүүлсэн үйл ажиллагаа байх, уг хамгаалж буй үйлдлээ тайван замаар, хүчирхийллийн бус аргаар явуулдаг байх, хүний эрхийн түгээмэл шинжийг хүлээн зөвшөөрдөг байх гэх мэт. Хүн бүр хүний эрх хамгаалагч байх боломжтой ч харамсалтай нь дээрх шалгуурт тэнцсэн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Энэ хуулийн төслийг санаачлан өргөн барьсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүний эрх хамгаалагчийг таних нийтлэг дөрвөн шинжийг хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ нь тухайн хүний тавьж буй асуудал хүний эрхийн асуудал байх, уг асуудал нь нийгмийн сайн сайхны төлөө чиглэгдсэн байх, үйл ажиллагаа нь бусдыг хүчирхийлэлд турхираагүй байх, тийм шинжийг агуулаагүй байх, тууштай байх юм. Өөрөөр хэлбэл, хуулиар тодорхойлсон энэхүү шалгуураар би хүний эрх хамгаалж байна гэдэг нэрээр бусдын оршихуйг үгүйсгэдэг, бусдад ялгавартай ханддаг, хүчирхийлэлд уриалан дуудаж турхирдаг, мөнгө, хувийн ашиг хонжоо хайгчдыг ялгаж таньдаг болно.

Хүний эрх хамгаалагчдыг хамгаалж буй 40 гаруй орны туршлагыг судалж үзсэн гэж та дээр хэллээ. Тэгэхээр хүний эрхийг хамгаалагчийн хууль үйлчилдэг тэдгээр улсад энэ хуулийг хэрэгжүүлснээр ямар ахиц дэвшил гарсан байдаг вэ?

– Хүний эрх хамгаалагчдын амь насанд хамгийн их халддаг орнууд болох Колумби, Мексикт анх хүний эрх хамгаалагчийг хамгаалах дагнасан хууль батлагдаж байж. Хуулийн үр нөлөө ямар байгаа талаар тус улсууд үнэлгээ хийсэн байдаг. Уг үнэлгээгээр Колумб улсад л гэхэд хүний эрх хамгаалагчид руу зохион байгуулалттайгаар халддаг байсан нь буурсан, хүний эрх хамгаалагчид нь илүү тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болсон байсан. Мөн Мексик улсын хувьд тус хуулийн үр нөлөөний талаар үнэлгээ хийгдэх үед 45 хүний эрх хамгаалагчийг хамгаалалтад авсан байсан. Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин нь бүрдсэн, тогтолцоотой улсуудын хувьд өөр нэг ажиглагдаж байгаа зүйл гэвэл хүний эрх хамгаалагчдад халдсан хэргүүдийг мөрдөн шалгаж, хариуцлага тооцох явдал бусад орнуудтай харьцуулахад харьцангүй өндөр байна. Ингэснээр тийм хэрэг дахин гарах, давтагдахгүй байхад нөлөөлж байгаа зэрэг эерэг өөрчлөлт, ахиц дэвшлүүд байна.

Т.Чимгээ, Содномдаржаа нарын хэрэг олны анхаарлын төвд байна. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, эмэгтэй хүнийг эрүүдэн шүүж, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал яригдаж буй. Энэ хэрэг дээр та юу хэлэх вэ?

-Би УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд Монгол Улсад хэрэгжиж буй хүний эрхийн гол хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох, иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлд нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол Улсад хүний эрхийн ноцтой зөрчил эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал өнөөг хүртэл байсаар байна. Ер нь олон улсын эрх зүйн ойлголтоор эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэх нь геноцид буюу үй олноор нь устгах гэмт хэрэгтэй адил хэмжээний ноцтой зөрчилд тооцогддог. Манайд эрүүдэн шүүлттэй холбоотой нэг л хэрэг ил боллоо. Энэ нь С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрүүдэн шүүлт. Эл асуудал хоёр жилийн өмнө ил болж, тодорхой бичлэгүүд задарсан. Гэвч гэм буруутай хүмүүсийн шүүх хурал маш удаашралтай явсаар эрүүдэн шүүсэн нь өнгөрсөн гуравдугаар сард шүүхээр тогтоогдож, холбогдох хүмүүс ял оноосон. Монгол Улсын Үндсэн хуульд хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглоно гэсэн заалт бий. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцэд шүүхийн шатанд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг хориглосон байдаг. Иргэн Т.Чимгээгийн асуудал бол С.Зориг агсны хэргээс тусдаа бөгөөд процессын шатанд хүний эрхийг зөрчсөн гэж үзэж буй тул УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бид хоёр Монгол Улсын төдийгүй олон улсын хүний эрхийн байгууллагад хандахын зэрэгцээ нийтийн сонсгол явуулахыг шаардсан. Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатарт С.Зориг агсны хэрэгт гэм буруутайд тооцогдож ял эдэлж буй иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг нууцын зэргээс гаргаж, олон нийт, хэвлэл мэдээлэлд ил болгох асуудлаар хандсан. Энэ дагуу хэргийг төрийн нууцаас гаргаж, ил болгох Засгийн газрын шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан хавтаст хэргийн материалыг алдагдуулахгүй, бусад нөлөөллөөс хамгаалахын тулд иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэн, хүний эрхийн төлөө тэмцэгчид нээлттэй танилцах боломж олгож, цахим хэлбэрээр байршуулан, нийтэд ил тод болгох хүсэлтийг өнөөдөр /2021.04.08/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүргүүлсэн. Эрүүдэн шүүлттэй холбоотой өөр асуудлууд байгаа ч одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтаар ил болгож чадахгүй байна. Тиймээс эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцийн дагуу эрүүдэн шүүхийн эсрэг хараат бус үндэсний механизм ажиллах ёстой. Хууль зүйн байнгын хороон дээр ХЭҮК-ын Эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт явж байна. Энэ гишүүн эрүүдэн шүүх, урьдчилсан сэргийлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэх юм. Цаашлаад эрүүдэн шүүлтийн эсрэг хараат бус механизм буюу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх, үүнтэй төстэй байгууллага бий болгох шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баасандамба: Монгол Улс кибер аюулгүй байдлаа хамгаалж чаддаггүй цөөхөн улсын нэг

Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, Цэргийн ухааны доктор, зөвлөх инженер, хурандаа Д.Баасандамбатай кибер аюулгүй байдлын талаар ярилцлаа. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар томилогдоод байгаа юм.


-Манай улс хэзээнээс кибер аюулгүй байдалд анхаарал хандуулж эхлэв. Яагаад энэ чиглэлээр анхаарал хандуулах шаардлага тулгараад байна вэ?

-Манай улсын хувьд сүүлийн арваад жилд үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны хүрээнд кибер аюулгүй байдлын асуудлыг судалж ирсэн ч иж бүрэн шийдэлд хүрээгүй өнөөдрийг хүрсэн. Энд хамгийн төвөгтэй тал нь кибер орон зайн хамрах хүрээ бөгөөд энэхүү орон зайд жирийн иргэн, албан хаагчдаас эхлээд бүхэл бүтэн байгууллага, салбар, улс орон багтаж байгаа учраас кибер аюулгүй байдал нь дан ганц зориулалтат хүчин, салбарын хүч хэрэгслээс гадна хувь хүн, байгууллагын мэдлэг, хандлага, хүчин чармайлт, төрийн зохицуулалт ихээхэн үүрэгтэй болж байгаа явдал юм. Олон улсын кибер аюулгүй байдлын судалгааны байгууллагуудын үнэлгээ, дүгнэлт, тэдгээр байгууллагаас гаргасан шалгуур үзүүлэлтээр Монгол Улс кибер аюулгүй байдлаа хамгаалж чаддаггүй цөөхөн улс орны нэг бөгөөд кибер аюулгүй байдлын индексээр дэлхийн улс орнуудаас 103-т, бүс нутгийн орнуудын зэрэглэлээр 17-д эрэмбэлэгдэж, олон улсад шуугиан тарьсан хэд хэдэн зохион байгуулалттай халдлагуудад манай төрийн байгууллагууд өртөж байсан.Нөгөө талаас, НҮБ-д бүртгэлтэй 195 орчим орноос 67 орон кибер цэрэгтэй болчихсон, кибер хил хязгаараа хамгаалж байхад манай улсад дорвитой алхам хийгдэлгүй удсан бөгөөд техник, технологийн нөхцөл, мэргэжлийн хүний нөөцийн чадавхаар олон улсын жишгээс хамаагүй хол хоцорсон.

-Манай улс цахим аюулгүй байдлаа хамгаалахгүй байсаар байвал ямар хор хохирол учрах вэ?

-Кибер халдлага, дайралт, кибер гэмт хэргийн хамгийн аюултай тал нь улс орныг бүхэлд нь, эсхүл тодорхой нэг болоод хэд хэдэн салбар, хүн амыг хамарсан мэдээллийн урсгалын зогсонги байдал, мэдээллийн сүлжээний томоохон саатал үүсгэж, онцгой нөхцөл байдал үүссэн үеийн төр, захиргааны байгууллагуудын яаралтай хариу арга хэмжээний удирдлагын тогтолцоог алдагдуулж, түүнийг дагасан асар их хэмжээний санхүү, хөрөнгө мөнгөний алдагдал, хүний амь, нас, эд хөрөнгөөр хохирох явдал үүсгэх өндөр магадлалтай.

Улс орны аюулгүй байдалтай амин чухал холбоотой асуудалд техник, технологи байхгүй, хөрөнгө мөнгө хүрэхгүй, бид чадахгүй гэх шалтгаанаар цаг алдах нь илүү их аюултай. Тиймээс урт хугацаанд, тогтвортой бодлого, тал бүрийн хичээл зүтгэлээр шинэ зууны аюул, занал, сорилтын эсрэг зогсох чадавхтай болох нь чухал байна.

-Тэгвэл улс орон, ард иргэдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангахын ач холбогдол нь юу вэ?

-Цахим мэдээллийн системийг хамгаалахын учир холбогдол нь төрийн үйл ажиллагаа, нийгмийн хөгжил, аюулгүй байдалд нэн чухал мэдээлэл, түүний боловсруулалт, дамжуулалт, хадгалалтын найдвартай байдал хангагдаж, жирийн иргэний хувийн өгөгдлөөс эхлээд бизнесийн байгууллагын чухал өгөгдөл хамгаалагдаж, төрийн зүгээс улс үндэстэн, байгууллагын эрх ашигт ноцтой хохирол учруулахуйц хэмжээний мэдээ, мэдээллээ хамгаалахад чиглэгдэж байдаг. Тийм ч учраас Монгол Улсын Их хурлаас баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод аюулгүй байдлаа хангах тогтолцоо, арга, механизмаа хөгжүүлэх нэг чиглэлийг кибер аюулгүй байдлыг хангах явдал гэж үзэн тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд гарч буй кибер халдлагыг хэн бүртгэж, хэн хариуцах, хэн, ямар хариу арга хэмжээ авах гэх мэт асуултууд хариултгүй хэвээр байгаа. Кибер аюулгүй байдлын бодлогын нэг чухал чиглэл нь яах аргагүй техник, технологийн шийдэл бөгөөд энд тулгамдаад буй нэг асуудал нь мэдээллийн, тоон технологийн хараат байдлыг багасгах явдал багтах учиртай гэж үзэж байна. Өнөөдөр ч кибер халдлага өндөр эрчимтэй явагдаж байна. “COVID-19” цар тахалтай холбоотойгоор цахим харилцаа 60 орчим хувиар өсч, үүнийг дагасан халдлага өндөр хэмжээнд хүрсэн бөгөөд кибер гэмт хэргийн тоо цар тахлын халдварын өмнөх үеэс дөрөв дахин өссөн тухай Интерпол болон олон улсын байгууллагаас анхааруулсаар байна.

-Тэгэхээр манай улсад кибер аюулгүй байдлын талаарх хууль эрх зүйн орчин одоо болтол байхгүй байгаа нь дэлхийн улс орнуудаас сүүл мушгихад нөлөөлсөн гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Манай улсад кибер аюулгүй байдлын тухай хууль байдаггүй. Үүнийг хангах төрийн тогтолцоо нь кибер халдлагыг илрүүлэх, таслан зогсоох гэсэн тагнуулын чиг үүрэгтэй нэг хэсэг нь хамт явж байгаа. Нөгөө хэсэг нь кибер гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн Цагдаагийн ерөнхий газрын чиг үүрэгтэй хамт явдаг. Хяналт, тавих, мэргэжлийн арга зүй, зохион байгуулалтын тал нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт оногдож байх жишээтэй.Ийм байдлаас болж олон улсын кибер аюулгүй байдлын судалгаа, үнэлгээний байгууллагаас гаргадаг үндсэн шалгуур үзүүлэлтийг тогтоосон индексээр ихээхэн тааруу үнэлгээ авдаг. Олон улсын кибер аюулгүй байдлын индекс гэдэгт тухай улсад кибер аюулгүй байдлыг хангах хууль эрх зүй байна уу, төрийн институцийн үүрэг, хариуцлагын хуваариалт нь ямар байна вэ, энэ чиглэлээр чиг үүрэг хүлээсэн албан ёсны байгууллага байна уу, энэ чиглэлийн хамтын ажиллагаа ямар түвшинд байна гэдэгт хариулт шаардсан хэд хэдэн үзүүлэлт байдаг. Тухайлбал, АСЕАН (Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг)-ы кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан салбараас улс орнуудын кибер аюулгүй байдлын түвшинг 12 багц, 30 гаруй шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд манай улс Ази тивд 17 дугаарт байна. Энэ нь үндсэндээ дээрх 30 гаруй үзүүлэлтийн 20 хувьд л хангалттай үнэлгээ авсан гэсэн үг.Монгол Улсын Их хурлын 2021 оны хаврын чуулганаар “Кибер аюулгүй байдлын тухай хууль”, түүнтэй хамт дагалдан гарах эрх зүйн баримт бичгүүдийг баталж, мөрдүүлэхээр төлөвлөсөн нь дээр дурдсан кибер орон зайд тусгаар тогтнол, аюулгүй байдлаа батжуулах урт хугацааны стратегийн зорилтуудыг хангахын тулд үндэсний кибер аюулгүй байдлын нэгдсэн тогтолцоог бэхжүүлж, энэ чиглэлд тагнуул, цагдаа, батлан хамгаалах болон харилцаа холбооны асуудал хариуцсан байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн чиг үүрэг, тэдгээрийн хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг хангах томоохон алхам болно гэж харж байна.

-Улс орны тусгаар тогтнол, эв нэгдлийг зэр зэвсэг, цэргийн хүчээр эзлэж устгахаас гадна цахим орчноор дамжуулан нөлөөлж байна. Бас бодох л асуудал юм даа?

-Аливаа аюул, заналхийлэл, түрэмгийлэл нь агаар, сансар, хуурай газар, далай тэнгисийн орон зайд цэрэг, улс төр, эдийн засаг, соёл, шашны зэрэг арга, хэрэгслээр бий болдог байсан бол өнөөдөр интернэтэд суурилсан кибер орон зайг ашиглах болсон. Дэлхийн хүн амын 51 хувь нь интернэт хэрэглэдэг болсон, төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, үйлчилгээний гээд нийгмийн бүхий л салбар интернэт үйлчилгээнд суурилсан удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, бүртгэл, мэдээллийн системийг хөгжүүлж байгаа нь кибер аюулгүй байдлыг улам эмзэг, илүү хор хөнөөлтэй үр дагаварт хүргэх боломжийг бүрдүүлж байна. Аливаа улс орон, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй улс төр, цэрэг, шашин, эдийн засаг, үндэстэн угсаатны болоод газар нутаг, орон зайн төлөөх зөрчил, маргааныг дайн, зэвсэгт тэмцлийн аргаар шийдвэрлэж ирсэн “хатуу” арга, хэрэгсэл өөрчлөгдөж, улс төр, эдийн засаг, соёл, мэдээлэл, үзэл суртлын арга, хэлбэрээр буюу “зөөлөн” арга, хэлбэрээр далд шинж чанартай, урт хугацаанд нөлөөлөх стратеги руу шилжиж байна.

Энэ нь улс орныг цэргийн хүч хэрэглэхгүйгээр зөөлөн хүчний бодлого, арга хэрэгслээр урхидан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг нь сулруулах, эдийн засаг, нийгмээ тогтвортой хөгжүүлэх чадамжгүй болгох, эдийн засаг, санхүү, технологийн хараат байдалд хүргэх, өөрийн эрх ашиг, бодлогыг тулган хүлээлгэх хандлага давамгайлж байна.

-Манай улсын мэдээлэл рүү халдаж байгаа гадны халдлагууд яг ямар төрлийн мэдээлэл авах оролдлого хийж байгааг мэдэх боломж бий юү?

-Манай улсын хэмжээнд гарч байгаа кибер халдлагыг бүртгэдэг, хянадаг систем одоогоор байхгүй. Тиймээс энэ талаарх мэдээллийг олон улсын байгууллагаас авдаг. Тухайлбал, Касперсу гэх олон улсын байгууллагаас гаргасан 2019,2020 оны тайлангуудыг харахад ийм ийм улс орны ийм ийм байгууллагуудын мэдээлэл рүү халдаж байна гэдгийг тодорхой бичсэн байдаг.Мөн халдлагын үр дүнд хэдий хэмжээний мэдээлэл алдагдсан бэ гэдгийг GB –аар нь хэмжиж гаргасан байдаг. Тиймээс бид олон улсын байгууллагаас өгдөг зөвлөмжийг хүлээж авдаг. Тус байгууллага олон улсын хэмжээнд дүгнээд өдөрт, жилд, хэдэн сая удаа Монгол Улс халдлагад өртөж байдаг талаар анхааруулсан.

-Тэгвэл манай улс тодорхой хэмжээний мэдээллийг алдаж байгаа нь тодорхой юм байна тийм үү?

-Манай улс яг хичнээн тооны мэдээлэл алдсан эсвэл огт мэдээлэл алдаагүй гэдгийг нарийн тооцож, гаргаж чадахгүй байгаа. Олон улсад ч ийм асуудал тулгамдаж байна. Тухайлбал, Ираны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа станцыг хакердах, БНХАУ-ын хакерын бүлгүүд АНУ-ын эрүүл мэндийн системд халдах, ОХУ-ын хакерын бүлгүүд АНУ-ын сонгуулийн кампанит ажлын системийг хакердсан гэх зэрэг ҮАБ-д нөлөөлөх хэмжээний томоохон халдлага байнга гардаг. Манай улсад кибер аюулгүй байдал эрсдэлийн үнэлгээ маш бага хийгдэж байгаа. Тийм ч учраас олон улсын байгууллагаас өгч байгаа зөвлөмжөөр манай улс кибер аюулгүй байдлын хувьд ноцтой байдалд хүрчихсэн байгаа нь тодорхой харагдаж байна. Тиймээс бид энэ байдлыг засч залруулахын төлөө ажиллахыг зорьж байна.

-Дэлхийн бусад улс орнууд энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байна. Улс орнууд яагаад кибер цэргийг байгуулж байна вэ?

-Дэлхийн улс орнуудад түгээмэл ямар аюул занал байна гэхээр эдийн засгийн хямрал, байгаль орчны доройтол, дэлхийн дулаарал зэрэг олон асуудал бий. Гэхдээ бодитой тулгарч байгаа аюул бол кибер буюу интернэтэд суурилсан цахим орчны аюулгүй байдлыг хангах асуудал туйлын эмзэг байна.Гадны туршлага, жишгийг харьцуулаад дүгнэхэд хэд хэдэн учир шалтгаан байна гэж харж байна. Нэгдүгээрт, Зэвсэгт хүчин бол байнгын бэлэн байдалтай, шуурхай хариу арга хэмжээ авах чадвартай зохион байгуулалттай, бэлтгэгдсэн хүчин бөгөөд төр, цэргийн нууцыг чандлан хамгаалах тангараг өргөсөн бие бүрэлдэхүүнтэй, Хоёрдугаарт, орчин үеийн цэрэг, зэвсгийн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, байлдааны ажиллагааны бүхий л арга, ажиллагаа (нөхцөл байдлын үнэлгээ, дүн шинжилгээ хийх, төрөл бүрийн тооцоолол, өгөгдөл боловсруулах, удирдлагын шийдвэр, дохио, командыг дамжуулах, онгоц, байлдааны техник, пуужин, артиллерийн гал удирдах, чиглүүлэх)-г зохицуулах асуудлыг удирдлагын автоматжуулсан систем буюу мэдээллийн нэгдсэн сүлжээний тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа нь Зэвсэгт хүчийн өөрийн кибер сүлжээг хамгаалах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байна. Иймээс ч орчин үед улс орнууд сүлжээ төвт (Сетецентрическая война, Network-centric warfare) дайн, байлдааны ажиллагааны онол, номлолыг хөгжүүлж, ирээдүйн ийм төрлийн ажиллагаанд цэрэг, армиа бэлтгэж байна.

-Хувь хүн кибер халдлагад өртөхгүй байх, халдлагаас сэргийлэх талаар та юу зөвлөх вэ?

-Олон улсын мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдээс өгдөг тодорхой хэдэн зөвлөмж бий. Тухайлбал, цахим харилцаа, бүртгэл, мэдээлэлдээ пин код, нууц үг ашиглах, ингэхдээ эрх бүхий байгууллагын заавар, аргачлалыг мөрдөх, баталгаагүй цахим захидал, шууданг ашиглахгүй байх, сэжигтэй цахим шууданг нээхгүй байх, баталгаагүй вэб хуудаст хандахгүй байх, компьютер гар утас, таблетад зориулсан аппликэйшн татаж суулгахаас татгалзах, зөөврийн цахим төхөөрөмж, флаш дискийг болгоомжтой ашиглаж, интернэт сүлжээний хамгаалалтын болон вирусийн эсрэг баталгаатай программуудыг хэрэглэж хэвших, олон нийтийн газрын интернэт сүлжээ, wi-fi ашиглахгүй байх зэрэг зөвлөмжүүдийг мөрдөх шаардлагатай. Учир нь эд бүгдийн ард зохион байгуулалттайгаар үйлдэгдсэн, тараасан хортой код, программ, вирус нуугдаж, таны систем, төхөөрөмжид нэвтэрсэн тохиолдолд банкны нууц үгийг хуулбарлах, хувийн мэдээлэл, албаны баримт бичгийг гуравдагч этгээд рүү зөөвөрлөх, таны компьютер, түүний үйлдлийн систем, программуудыг гацаах, ажиллагаагүй болгох, чухал шаардлагатай баримт материалуудыг өөрчлөх, түгжих замаар таниас их хэмжээний мөнгөн төлбөр шаардах зэрэг ихээхэн хор уршгийг учруулах болно.Түүнчлэн та өөрөө санамсаргүйгээр хакеруудын гар хөл болж, хортой код, программ, вирусийг тарааж, эсрэг этгээдийн кибер халдлага үйлдэх дамжлага бааз болж хувирдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Манай улсын Зэвсэгт хүчинтэй холбоотой кибер аюулгүй байдалд 0-100 оноогоор өнөөдрийн байдлаар үнэлгээ өгөөч гэвэл ямар дүн тавих вэ?

-Бид дөнгөж эхлэлийнхээ шатанд явж байна. Учир нь кибер аюулгүй байдлын орон зайг зохицуулсан эрх зүйн зохицуулалт бий болоогүй байна. Дээр дурдсан УИХ-ын хаврын чуулганаар батлуулах хуулиар төр, хувийн хэвшил, олон нийтийн чиг үүрэг, хамтын ажиллагааны зохицуулалт бий болж, онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагын жагсаалт гараад ирмэгц бидний ажиллах ёстой талбар илүү тодорхой болно. Өнөөдөр бид тулааны талбараа бүрэн тогтоогоогүй байна. Гэхдээ хамгийн тодорхой асуудал бол манай командлал Зэвсэгт хүчний удирдлагын мэдээллийн төв сүлжээний аюулгүй байдлыг хангах үүргээ зохих түвшинд биелүүлээд явж байна.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явууллаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр
/2021.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг
хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.


“АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих зорилгоор тогтоосон удаан хугацааны хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хорионоос үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах, ард иргэд, айл өрхийн амьжиргаанд бий болсон үр дагаврыг өрх бүрд 1 сая төгрөгтэй дүйцэхүйц нөхөн олговор олгох, ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар шийдвэрлэх саналыг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Улсын Их Хурал, Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Хөдөлмөрлөж орлого олох боломжоо хязгаарлуулснаас санхүүгийн болон сэтгэл санааны хувьд туйлдаж байгаа ард иргэдийнхээ амьжиргааг залгуулах, хэвийн амьдралыг дэмжих энэхүү санаачилгыг Засгийн газар хүлээн авч, энэ удаа хөл хорио тогтоохдоо иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай байна.

Гэвч хүн амаа бүрэн вакцинжуулж дуустал энэ оны наймдугаар сар хүрэх тооцоолол харагдаж байгаа тул энэ удаагийн иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийн нөхөн олговор нь цар тахлын хүндрэл, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа сэргэхэд хангалттай дэмжлэг болж чадахгүй нь тодорхой юм.

Эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, нийтийн баялгийг цөлмөсөн тодорхой албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Миний бие энэ талаар 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс тодорхой дурдаж хэлсэн бөгөөд энэхүү хөрөнгөөр наймдугаар сарыг дуустал өрх бүрд 1 сая төгрөгийн нөхөн олговрыг сар бүр олгох, үүгээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн нийтийн баялгийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэж, улсын орлогод авсан хөрөнгийг иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалахад захиран зарцуулж, цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллана уу.

Жич: Улсын Их Хурлын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар оролцож, хэлсэн үгийг хавсаргав.” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДӨР УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ:

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд өөрийн зарчмын байр суурийг илэрхийлье.

Эрх мэдлээ ашиглан, нийтийн баялгийг цөлмөгч бүлэглэл шударга ёсны тэмцлийг саармагжуулах, үгүйсгэх, харлуулахын төлөө бүгдийг хийж ирсэн, хийсээр ч байна.

Тэд өнөөдөр амь тавьж байна. Тэд шударга ёсны үнэнд гүйцэгдэж, хүйтэн цуст капиталист сэтгэлгээгээр төр улсын эрх ашиг, ард түмний амь амьжиргааг сохор зоосны нүдээр харж байна. Мөнгөнд эх орон, ард түмэн гэж байдаггүй.

Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялгийг цөлмөж, оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад, тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна.

Энэ мэт гэмт хэргүүд эхнээсээ илрээд эхэлмэгц олигарх бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ.
Авлигатай тэмцэх газар болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам хяналтдаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж, босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр бэлдэж байна.

Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу.

Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед Улсын Их Хуралд өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно.

Тиймээс би хоригийг бүхэлд нь хүлээн авч, зохих асуудлыг нухацтайгаар дахин хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүд Та бүхэнд уриалж, бас хүсэж байна.

Мөн Оюу толгойн гэрээг тойрсон авлига, албан тушаалын гэмт хэрэг болон уг гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах тухай асуудлаар Улсын Их Хурал нэн даруй хаалттай хэлэлцэж, холбогдох хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсох зайлшгүй шаардлага үүсээд байна. Анхааралдаа авна уу.

Монголчууд аа, ард иргэд ээ,

Үндсэн хуульд заасан ард түмний өмч болох нийтийн баялгийг олигарх цөөнх төрийн эрх мэдлийг ашиглан эзэмшиж, оффшор бүсэд асар их хөрөнгө нууцалсан нь нийтэд дөнгөж мэдэгдэж эхлээд байна. Тэд Улсын Их Хурлын гишүүдийг барьцаалж, чиглүүлж, дарамталсаар байгаа нь тодорхой болсон тул “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийн утгыг одоо бүгдээрээ гаргах цаг нь иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм! Шударга ёсыг хамгаалж, төрийн эрх мэдлийг хянах ба тэнцвэржүүлэх Үндсэн хуулийн зарчмаар ардчиллыг хамгаал гэж Монгол Улсын нийт иргэдийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгодог.

Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч гэж олонхын бүлэгт захья, анхааруулъя.

Та бүхэн алдаа завхралаа засаж, залруулахгүй бол би төрийн тэргүүний хувьд бүх нийт ард түмнээр энэ асуудлыг хэлэлцүүлж, дараа, дараагийн арга хэмжээг авах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус хүйтэн, бусад хэсгээр 1-3 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, говь, тал, хээрийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин гахай өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 9, Сугар гариг. Билгийн тооллын 28, Шувуун хошуут одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 6:15 цагт мандан, 19:33 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд нийт 530 гаруй мянган иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжид эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллага, зорилтот бүлгийн ажилчид, иргэдийг хамруулж байлаа.

Харин өнгөрсөн ням гараг буюу дөрөвдүгээр сарын 4-нөөс 18-аас дээш насныхныг хамруулж, дархлаажуулалтын цэгийн тоог нэмж, өдөрт 30 мянга гаруй иргэнийг вакцинжуулж эхэлж, орон нутагт ч вакцинжуулалтыг эрчимжүүлсэн. Үүнээс өмнө өдөрт 10 мянга гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулж байсан юм. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 3-нд 11803, 4-нд 31388, 5-нд 38959, 6-нд 51490, 7-нд 57029 иргэнийг вакцинжуулалтад хамруулжээ. Өөрөөр хэлбэл, өдөрт вакцинжуулалтад хамрагдах хүний тоо 50 мянгыг давж, иргэдийн идэвх сайн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш буюу өчигдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 530924 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байгаа юм. Мөн маргаашаас дархлаажуулалтын хоёр дахь тунг хийж эхэлнэ.

Categories
мэдээ улс-төр

Хотын дарга Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөлтэй уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенког өнөөдөр хүлээн авч уулзав.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь НҮБ-ын төрөлжсөн, олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улс дахь салбараараа дамжуулан дотоодын шилжилт хөдөлгөөний талаар цаг үеийн бодит, олон талт мэдээлэл бий болгох ажлуудыг хийсээр ирсэн билээ. Энэ дагуу Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2019-2023 онд дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, зохистой удирдахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлж байна.

Уулзалтаар талууд нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хянах, үүнийг зохистой зохион байгуулах, олон улсад хүлээн зөвшөөрсөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээ буюу ДТМ арга хэрэгслийг нийслэлд илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх, энэ чиглэлд нийслэлийн холбогдох албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллах тухай санал солилцов. Хотын дарга нийслэлд тулгамдаад буй томоохон асуудлууд болох замын түгжрэл, агаарын бохирдол зэргийг бууруулахад шилжилт хөдөлгөөнийг зүй зохистой удирдаж, иргэдийг үнэн, зөв мэдээллээр хангах нь зүйтэй болохыг дурдаж, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС