Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 7-9 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ШУУРХАЙ: Вакцинжуулалтыг 15 хоногийн хугацаатай түр зогсоолоо

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болсон билээ. Уг шийдвэр нь COVID-19 өвчний тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс тавигдаж буй. COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна.

Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ.

Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байна.

БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно. (эх сурвалж: National Medical Journal of China. 2021 Apr 02, CDC, China, 2021)

Мөн Астразенека вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй билээ.

2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй.

Дархлаажуулалтад ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилчдыг COVID-19 өвчний илрүүлэг, хариу арга хэмжээнд хүч нэмэгдүүлэх бөгөөд өвчний тахалт, хамрах хүрээг хумих, ойрын хувьтагчдыг илрүүлэх ажилд дайчлах юм.

Categories
мэдээ цаг-үе

Г.Нэргүй: Нийслэлийн ногоон бүсийн 80 чиглэлд эргүүл ажиллаж байна

Хаврын улиралд ой, хээрийн болон өнжмөл шар өвсний түймэр ихэсдэг. Иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.


-Нийслэлийн ногоон бүсэд эргүүл ажиллаж эхлээд байгаа. Энэ талаарх мэдээллийг өгнө үү.

-Улсын болон Нийслэлийн онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх албан даалгавар болон захирамжууд гарсан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор дүүргүүдийн Онцгой комисс, дүүргүүдийн Засаг даргын албан даалгавар, захирамжууд гарч, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн удирдлагаар хангах ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлээд байна. Нийслэлийн хувьд 2019 онд ой, хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймрийн нөхцөл байдал хүндхэн байсан. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 476 удаагийн ой, хээрийн, өнжмөл шар өвсний дуудлага ирсэн. Богд уул, Жаргалантын ам, Зайсан болон Гоодойн ам зэрэг зуслангийн бүсүүдэд өнжмөл шар өвсний түймэр их гарч, иргэдийн зуслангийн байшин, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ маш их байгаа. Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч анх удаа НОБГ, НЦУГ, НБОГ, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, дархан цаазат Богд уулын захиргааны гэсэн таван байгууллагын албан хаагчдаас бүрдсэн хөдөлгөөнт эргүүлийн баг ажилласан. Үүний үр дүнд 2020 онд нийслэл орчимд гал түймрийн дуудлага 22.6 хувиар, учирсан хохирлын хэмжээ 67 хувиар буурлаа. Энэ жил мөн Ой хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх тухай Нийслэлийн Засаг даргын А/256 дугаар захирамж гарсан. Энэ дагуу дүүргүүдийн Онцгой комиссын албан даалгавар, Засаг даргын захирамж гарлаа. Он гарсаар нийслэлийн хэмжээд ой, хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймрийн 26 дуудлага бүртгэгдээд байна. Үүний 19 түймрийг гал түймэр унтраах, аврах ангиуд, долоон түймрийг бэлтгэл ээлжийн буюу эргүүлд гарч байгаа иргэд, албан хаагчид унтраасан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд НОБГ, НЦУГ, НБОГ, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, дархан цаазат Богд уулын захиргаа гэсэн таван байгууллагын 75 морьт эргүүл, 276 албан хаагч 97 техник хэрэгсэлтэйгээр 80 чиглэлд эргүүл хяналтын ажлыг эхлүүлээд байна. Нийслэл Улаанбаатар хот маань өнөөдрийн байдлаар гал түймрийн нэн аюултай зэрэгт шилжээд байгаа. Ой хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймэр нь маш их хохирол, эрсдэл учруулдаг, маш их хүн хүч, цаг хугацаа шаарддаг учраас бид урьдчилан сэргийлж ажиллаж байна. Баянгол дүүргээс бусад төвийн таван дүүрэг ногоон бүстэй учраас таван чиглэлд дээрх таван байгууллагын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа юм. Үүнээс гадна НОБГ-ын 15 ангийн 120 орчим албан хаагч 24 цагаар үүргээ гүйцэтгэсний дараа бэлтгэл ээлж рүү шилжиж, үүрэг гүйцэтгэнэ. Мөн Тээврийн цагдаагийн албанаас 22, Нийслэлийн байгаль орчны газар болон дархан цаазат Богд уулын захиргааны газраас 113 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ. Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч иргэд агаар салхинд гарах хүсэл маш их болсон учраас Богд уул, Зүрх уул, Зайсан зэрэг хотын эргэн тойрны уул руу аялал, зугаалга хийж байна. Иргэд эрүүл мэндээ хамгаалж, хүүхдүүдээ агаарт гаргахыг бид үгүйсгэхгүй. Хамгийн гол нь ногоон бүсэд ил задгай гал гаргаж болохгүй, гагнуур хийж болохгүй, байгалийн баялгийг ашиглах зорилгоор самар түүх, бугийн эвэр түүх зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа хийж болохгүйг анхааруулж байна.

-Эргүүл хийх үед илрүүлсэн зөрчил, дутагдлыг та бүхэн хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн болон өнжмөл шар өвсний түймрийн нөхцөл байдал хүндэрсэн. Өнгөрсөн онд таван байгууллагын хөдөлгөөнт эргүүл ажилласны үр дүнд гал түймрийн тоо буурсан. Хөдөлгөөнт эргүүл гарсны үр дүн их байдаг. Шар өвс шатаах, ил гал гаргаж байгаа иргэдийн зөрчлийг газар дээр нь унтрааж, хохирол болон түймэр тархах эрсдэлийг зогсоож байгаа. Зөрчил гаргаж байгаа иргэдэд Зөрчлийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Зөрчил гаргасан иргэнд 100 нэгжээс дээш, аж ахуйн нэгжид 1000 нэгжээс дээш торгуулийн арга хэмжээ авна. Бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатаасан үүний улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай.

-Маргаашаас буюу дөрөвдүгээр сарын 10-наас хатуу хөл хорио тогтоож байгаа. Зуслангийн бүсэд байгаа иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хашаандаа байгаа өнжмөл шар өвсийг шууд шатаахгүй байх, шатаах тохиолдолд зориулалтын тагтай төмөр саванд хийж шатаах, эсвэл шуудайд хийж хогийн цэгт хаяхыг зөвлөе. Мөн гагнуур хийхгүй байхыг анхааруулж байна. Гагнуурын очноос түймэр гарах тохиолдол их байдаг. Иргэд асаасан тамхи, чүдэнзээ бүрэн унтраагаагүйгээс, бага насны хүүхдэдээ хараа хяналт муу тавьснаас үүдэн хүүхдүүд чүдэнз, галт хэрэгслээр тоглосноос болж, шар өвсний түймэр их гарч байна. Түймэр ой мод руу орсон тохиолдолд унтраах гэж цаг хугацаа, хүн хүч маш их зарцуулдаг. Таны санамсар болгоомжгүй ганцхан үйлдэл, асааж орхисон ил задгай галаас болж байгаль экологи, эдийн засагт учрах хохирол тэрбумаар тооцогддог гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид коронавирусийн цар тахлын хүнд үетэй тэмцэхийн хажуугаар бусад гамшиг осолтой тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэн ажиллаж байна. Манай албан хаагчид үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна ой, хээрийн түймрийн эргүүлд, коронавирусийн тахалтай тэмцэх, мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эргүүлээр ажиллаж байна. Тийм учраас онцгой байдлын албаны алба хаагчид, бусад төрийн албаны алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг хүсье. Өөрийнхөө болон бусдын эд хөрөнгө, амь насыг авран хамгаалах нь иргэн бүрийн үүрэг тул ухамсартай хандахыг уриалж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“DNN-ТОДРУУЛГА”: Иргэд 300 мянган төгрөгөө хүнсэндээ зарцуулж байна гэв

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 10-аас 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Ингэхдээ иргэн бүрт 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэхээр шийдсэн юм.

Тиймээс “DNN-ТОДРУУЛГА” буланд иргэд 300 мянган төгрөгөө юунд зарцуулж, тэдэнд хэр хүрэлцээтэй байгааг тодрууллаа.


Чингэлтэй дүүргийн X хорооны иргэн Д.Амарсайхан:

-Ер нь хөл хорионы энэ үед 300 мянган төгрөг өгөх нь зөв гэж үзэж байна. Миний мөнгө хараахан орж ирээгүй байгаа. Харин охины маань мөнгө өчигдөр орой орж ирсэн. Тэгээд өглөө гэрээс гараад түгжирсээр байгаад хамгийн ойрхон “Бөмбөгөр” худалдааны төв орсон. Хамгийн түрүүнд хүүхдийнхээ хэрэглээний зүйлийг авлаа. Тэгээд гэрт мах байсан болохоор төмс, лууван, байцаа гээд хүнсний ногоогоо 10 килограммд багтааж авсан. Гадуур явган хүний хөл хөдөлгөөн ч их, түгжрэл ч их байна. Хоорондын зай гэдэг зүйл яг үнэндээ алга. Уг нь төр засаг нь иргэддээ жаахан ч болов бодоод дэжлэг үзүүлж байхад ингэж явж байх юм. Дор бүрнээ ухамсартай байх л хэрэгтэй дээ.

Баянгол дүүргийн II хорооны иргэн Б.Батцогт:

-Зөв шийдвэр. Яагаад гэвэл коронавирусээс болж удаа дараа хөл хорио тогтоосон. Энэ үеүдэд ард иргэдийн амьдрал маш их доройтсон. Эдийн засаг ч ихээр унасан. Тийм байхад дахин хатуу хол хорио тогтоох нь бүр л дордоно гэсэн үг. Ядаж хэд хоногийн хоолтой нь залгуулж ард иргэдээ харж үзэж байгаа нь байх ёстой асуудал байх. Өчигдрөөс хүүхдүүдийн маань мөнгө орж ирсэн. Өнөөдөр зах орж хүнсээ бэлдлээ. Өглөө зургаан цагт гэрээсээ гараад 18 цагт л гэртээ орж ирлээ. Түгжрэл маш их байна. Мэдээж хүн болгон ахуйн хэрэгцээгээ бэлдэж байгаа. Юмны үнэ нэмэгдсэн байна. Мах, ногоо, ойр зуурын юм гээд 14 хоногийн хүнсээ бэлдлээ.

СХД-ийн I хорооны иргэн Н.Болормаа:

-Мэдээж эдийн засаг ямар байгаа билээ. Төр засгаас ингэж харж үзэх нь зөв гэж бодож байна. Хараахан миний 300,000 төгрөг бол орж ирээгүй байна. Өчигдөр хөл хорио тогтоох шийдвэр гарсны дараахан гарч хүнсээ бэлдсэн . Төрөөс олгож байгаа мөнгөө банкны зээлэнд хийнэ. Хүн болгонд дор бүрнээ ямар нэгэн асуудлаа энэ мөнгөөр шийдэж байгаа. Тэгэхээр нэг удаадаа ч гэсэн сайн зүйл болж байна. Харин ард иргэд маань хөл хорионы дэглэмээ сайн сахиж, ухамсартай байгаасай гэж бодож байнй.

Баянгол дүүргийн II хорооны иргэн П.Бадамжав:

-Хөл хорио тогтоох гэж байгаа болохоор хүнсний зүйлүүдээ л худалдаж авна даа. Гэрт хэрэгцээтэй зүйлүүддээ зориулна. Одоохондоо миний мөнгө орж ирээгүй байгаа. Хүүхдийн дансанд 300 мянган төгрөг нь орчихсон гэж дуулсан. Гадуур хүмүүс мөнгө нь орж ирээд ингэж хөл хөдөлгөөн үү гэв үү, эсвэл хөл хорио тогтооно гээд түгжрэл үүсгэсэн үү мэдэх зүйл алга. Зарим нь архинд зарцуулчихгүй л бол засгаас гаргасан 300 мянган төгрөгийн дэмжлэг хэрэгтэй нэгэндээ хэрэгтэй л байх. Иргэдийн ухамсар мэднэ дээ. Ингэж бөөн түгжрэл, хөл хөдөлгөөн үүсгэчихээд маргааш нь халдвар ихээр нэмэгдэх вий гэсэн айдастай байна.

Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн Х.Болд:

-Иргэн болгонд 300,000 төгрөгийн туслалцаа үзүүлж байгаа нь зөв. Цаг үеийн байдал ч хүндэрч хөл хорио тогтоохоос өөр аргагуй байдал үүсээд байна. Харин иргэд энэ төрөөс олгож байгаа мөнгөө зөв зарцуулж дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй. Манай гэрийн хувьд энэ мөнгөөрөө 14 хоногийн хүнсээ бэлдсэн. Бас байрны түрээсэндээ өгнө. Хүүхдүүдийнхээ мөнгийг бол хадгалж байгаа.

Н.ЦОГЗОЛМАА


Categories
мэдээ цаг-үе

Өнгөрөгч сард хөдөлмөрийн биржид 6413 нээлттэй ажлын байр бүртгэгджээ

60 гаруй ААН 600 гаруй ажлын байр нээлттэй зарлав

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг ажил хайгч иргэдэд цахим хэлбэрээр хүргэх ажлын явц, үр дүнтэй танилцлаа. Энэ сарын 1-ний өдрөөс шинээр хэрэгжиж эхэлсэн хөдөлмөр эрхлэлтийн цахим үйлчилгээг www.ejob.gov.mn вэбсайтаар дамжуулан ажил хайгч иргэн, ажилтан хайж байгаа ажил олгогчид үзүүлэхээр болсон.

Гуравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 25105 иргэн ажил хайж, төрийн болон хувийн хөдөлмөрийн биржид 6413 ажлын байр нээлттэй бүртгэгдсэн байна.

Коронавируст халдварын цар тахлын үед ажилгүй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг биечлэн үзүүлж, ажилд зуучлахад хүндрэлтэй болж байгаа энэ үед төрийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага болон хөдөлмөрийн хувийн биржүүд www.ejob.gov.mn цахим системээр дамжуулан иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хурдан шуурхай, цаг алдахгүй хүргэж, хөдөлмөр зуучлалын ажлыг зохион байгуулах юм.

Цахим системд ажил хайгч иргэн хандсанаар дараах боломжуудыг ашиглана. Үүнд:

  • Өөрийн хөдөлмөр эрхлэх боломжийн үнэлгээг хийлгүүлэх;
  • Ажил хөдөлмөр эрхлэх төлөвлөгөөгөө боловсруулах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө авах;
  • Холбогдох шаардлагатай дэмжлэг, туслалцааг цахимаар хэлбэрээр үнэ төлбөргүйгээр авах;
  • Өөрийн ур чадвар, ажил, мэргэжилд нийцсэн ажлын байрны захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч ажилд зуучлуулах;
  • Нөгөө талаас ажил олгогч сул чөлөөтэй ажлын байрандаа өөрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажилтныг зуучлуулан авах.

Хөдөлмөр зуучлалын энэхүү цахим системийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэдээллийн системийг хөгжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр илүү өргөжүүлэн хөгжүүлж, тоног төхөөрөмж, программ хангамжийн шинэчлэлийн ажлыг энэ оны 6 дугаар сард багтаан хийж дуусгахаар ажиллаж байна.

Эх сурвалж: ХНХЯ

Categories
мэдээ цаг-үе

Гандантэгчилэн хийдэд цэцэрлэгт хүрээлэн, музей байгуулахад Энэтхэг улс дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзаж, соёл урлагийн салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх талаар санал солилцсон.

Энэ үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зүгээс:

  • Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн орчимд номын сан музей барих,
  • Монголын Үндэсний номын сан болон Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж буй Төвөд, Монгол ном судруудыг цахим хэлбэрт шилжүүлэх,
  • Богд Хааны Ордон музейг нөхөн сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Өнөөдөр Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нар Гандантэгчэнлин хийдэд очиж, Хамба лам Д.Чойжамц тэргүүтэй лам нартай уулзлаа.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин, Гандантэгчэнлин хийд бол манай улсад байгаа баялаг соёлын өвтэй газрын нэг. Энд байгаа үзмэр, судар номуудыг олон нийтэд таниулах, цаашлаад эрдэм шинжилгээний хүрээнд судлахад хэрэгцээтэй номын сан, музейн барилгыг Энэтхэг улстай хамтран хийх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд ирж, тус барилгыг барих боломжтой газрыг үзэж Хамба лам Д.Чойжамц тэргүүтэй лам нартай уулзлаа. Номын сан, музейн барилгын ажлыг явуулахдаа хэрхэн түүхийн өв болсон бусад сүм, хийдийн барилгад сэв болгохооргүй хийх вэ гэдэг талаар ярилцан, санал солилцлоо.

Гандантэгчэнлин хийдийн хүрээлэлд бүтээн байгуулагдах зүйлсийг том зургаар харж, урт хугацааны өөрчлөлтүүдийг хийхээр ярилцсан гэлээ.

“ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭД “БУРХАН БАГШИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Г БАЙГУУЛНА

Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: Дархлаа тогтох хугацаанд алдаа гаргаж болохгүй учир хөл хорио тогтоох шийдвэрт хүрлээ

УИХ-ын гишүүн Б.Жавхлан | News.MN

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар үеэр Сангийн сайд Б.Жавхлан 10 их наядын цогц төлөвлөгөө болон вакцинжуулалтын талаар мэдээллээ. Тэрээр:

“Долдугаар сарын нэгэн гэхэд нийт хүн амаа бүрэн вакцинжуулах зорилт тавьсан. Тиймээс вакцинжуулалтаа хамгаалахын тулд 14 хоногийн хөл хориог тавилаа. Вакцин бол эмчилгээ биш, дархлаа тогтоодог. Дархлаа тогтоход хугацаа хэрэгтэй. Энэ хооронд бид алдаа гаргаж болохгүй. Эрүүл мэндээ болон эдийн засгаа ч аврах боломж үүгээр улам нэмэгдэж учиртай. Тиймээс бид энэ арга хэмжээг авч байна. нийт улсын төсөв 4.1 их наяд төгрөгийн ачаалал авсан. энэнээс цааш бид төсөв дээр ачаалал авах ямар ч орон зай байхгүй. Бидэнд нэмэлт эх үүсвэр хэрэгтэй байсан. Харин энэ жил үе үеийн Засгийн газруудын авч тууштай хэрэгжүүлсэн үр дүнд “Оюу Толгой”-гоос энэ жил тооцоолоогүй нэмэлт эх үүсвэр орж ирсэн. Сүүлийн сар гаруйхугацаанд нийтдээ 1 их наяд 26 тэрбум төгрөгийн эх үүсвэр орж ирлээ.Үндсэн хуулиараа иргэн бүр байгалийн баялагийг хүртэх эрхтэй” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Батхуяг: Өнөөдөр 1 сая 651 мянга орчим иргэнд 300 мянган төгрөгийг олгохоор бэлдэж байна

Maamuu · Хүүхдэд мөнгөний талаар сургахдаа анхаарах зүйлс

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж Монгол Улсын иргэд бүр нэг удаагийн дэмжлэг хэмээн 300 мянган төгрөг олгохоор болсон.

Дээрх шийдвэрийн дагуу өчигдөр 1 сая 196 мянган хүүхдийн данс руу гүйлгээ хийгдсэн бол өнөөдөр 1 сая 651 мянга орчим иргэний гүйлгээг хийхээр бэлтгэж байгаа талааар Сангийн яамнаас мэдээллээ. Ингэхдээ иргэдийн ebarimt.mn болон ekhalamj.mn-д бүртгэлтэй данс уруу шилжүүлэх юм байна.

Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга М.Батхуяг “Хүүхдийн мөнгө авдаг хүүхдүүдэд 300 мянган төгрөгийг олгосон. Нийт 1.196.578 хүүхдэд олгосон. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд болон Сангийн сайд нар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж байгаа бөгөөд НХХЯ-наас иргэдийн бүртгэлийг өгч байна” гэлээ.

ebarimt систем нь НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу оруулж өгдөг бөгөөд Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор 1.6 сая иргэний 300 мянган төгрөгийг шилжүүлэхэд бэлэн болоод байгаа аж. Харин бүртгэл хийлгээгүй иргэд ebarimt.mn-д бүртгүүлэн дансаа оруулснаар төрөөс олгож байгаа дэмжлэгийг авах боломжтой юм байна. Шинээр бүртгэл хийлгэсэн иргэд гурван хоногийн дараа бүртгэл нь баталгаажиж, мөнгөө авах боломжтой бөгөөд банк, төрийн байгууллагад очих шаардлагагүй юм байна.

Татварын албанаас Оюу толгойд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги болох 1 их наяд 26тэрбум төгрөгийг өнгөрөгч сард 3 удаагийн шилжүүлгээр Оюу толгойгоос барагдуулсан. Дээрх орлогыг цар тахлын хөл хорионы хүнд үеэр иргэдэд дэмжлэг болгож байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

УОК: 18 градусаас дээш согтууруулах ундаа худалдахгүй

18 градусаас дээш СОГТУУРУУЛАХ УНДАА өнөөдрөөс ХЭВИЙН худалдаалагдана -  said.mn

Улсын онцгой комиссын хөл хорио тогтоох шийдвэрээ өчигдөр танилцуулсан. Хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 10-25-ны 06:00 цаг хүртэл тогтоох юм. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуй нэгж байгууллага тодорхой маршрутын дагуу зорчих QR код олгох, 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйлс, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гарсан билээ.

Түүнчлэн тогтоолд хөл хорионы үеэр иргэд оршин суугаа газрын гадна талбайд алхах, дугуй унах нээлттэй ч нэг дор гурваас олон хүн цуглахгүй байхыг үүрэг болгов. Уг асуудлыг нарийвчлан шийдэх үүргийг НОК-д олгосон ба автомашины тэгш сондгойгоор зорчуулах байр суурьтай байгаа аж. НОК энэ асуудлыг эцэслээд, 17:00 цагт мэдээлэл хийх юм.

Categories
мэдээ цаг-үе

Гадаадад оршин суугаа иргэд 300 мянган төгрөгөө хэрхэн авах вэ?

1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн  төв рүү шилжүүлсэн байна

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү тусламжийг хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй дотоодын банкин дахь дансаар дамжуулан өгөх бөгөөд дараах байдлаар олгохыг үүгээр мэдэгдэж байна:

  1. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн та цахим төлбөрийн баримтын систем болох www.ebarimt.mn /апп болон портал/ бүртгэлтэй бол дотоодын банкны өөрийн дансаа холбоорой. Таны ибаримтад бүртгэлтэй дотоодын банкны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.
  2. Хэрэв EBarimt-д бүртгэлгүй бол www.ebarimt.mn сайтаар эсвэл аппликейшнийг татан авч, шинээр бүртгэл үүсгэн дотоодын буюу Монгол Улсын банкин дахь хувийн дансаа холбоорой. Ингэснээр уг системд бүртгэлтэй таны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.