Categories
гадаад мэдээ

Эдинбургийн гүн Филиппийг бямба гаригт нутаглуулна

Их Британийн хатан хаан Элизабет II-ийн нөхөр, Эдинбургийн гүн Филипп өнгөрсөн баасан гаригт 99 насандаа таалал төгссөн байна. Энэ талаар Букингeмийн ордноос мэдээлжээ. Түүний лагшин гуравдугаар сард тавгүйрхэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв. Эдинбургийн гүн таалал төгссөнтэй холбогдуулан улс даяар төрийн далбааг бөхийлгөж, гашуудал зарлажээ. Түүнийг оршуулах ёслол Виндзор цайз дахь Гэгээн Жоржийн сүмд ирэх бямба гаригт болно. Энэ үеэр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй юм байна.

Цар тахлын улмаас хатан хааны ордны гадаа олноор цугларахгүй, цэцэг тавихгүй байхыг хатан хааны гэр бүлээс хүсчээ. Мөн цэцгийн баглаа худалдан авахын оронд буяны байгууллагад хандив өргөхийг зөвлөсөн байна. Ковидын халдварын тархалтыг хянахад чиглэсэн хязгаарлалтын дагуу оршуулах ёслолд оролцох хүний тоог 30 байхаар хязгаарлажээ. Букингeмийн ордны мэдээлснээр хааны гэр бүлийн гишүүний үүргээсээ татгалзсан, одоо АНУ-ын Лос-Анжeлeс хотноо амьдарч буй хунтайж Харри өвөөгийнхөө оршуулгын ёслолд оролцохоор төлөвлөж байна. Харин хөл хүндтэй гэргий Мегалийг эмч нь хилийн чанад руу зорчихгүй байхыг зөвлөжээ.

Гүн Филипп 1939 онд тэнгисийн цэргийн коллeжид орсон. Төд удалгүй тэрбээр ирээдүйн хань болох Элизабеттай хамаатных нь хурим дээр танилцсан түүхтэй. Тэд хамтдаа 70 гаруй жил амьдарч дөрвөн хүүхэд өсгөсөн. Мөн зургаан ач зээ, дөрвөн гучтай юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дүүрэг бүрт дархлаажуулалтын цэг ажиллаж, ахмад настнуудыг вакцинд хамруулна

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг “Covid-19”-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын 1 суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар болсон байна.

Тодруулбал,

1. Баянзүрх дүүрэг -113-р сургууль

2. Баянгол дүүрэг -20-р сургууль

3. Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв

4. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо

5. Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль

6. Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,

7. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,

8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв

9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.

Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн, дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганзориг генерал цэргийн хүн шиг шулуухан хэллээ

Офицер нь цэргээ зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гараад удаагүй байна. Энэ талаар нийтээрээ шуугилаа. Анхаарч шуугихаас ч аргагүй. Хуучин цагт цэрэг нь цэргээ зоддог гэж дуулддагсан. Одоо офицер нь цэргээ зодоод алчихдаг болж. Хуучны үеэс байдал улам муудсан гэсэн үг. Цэргийн ангид офицер нь цэргүүддээ аав, ээжийн үүрэг гүйцэтгэдэг. Цэргээ зодоод алчихдаг офицер бол үрээ алсан аав, ээжээс өөрцгүй. Офицеруудын ёс суртахуун доройтжээ. Манай арми чадваргүй болсон нь харагдлаа. Цэргээсээ офицер нь байнга мөнгө нэхэж, дээрэмддэг, өгөхгүй бол зоддог байжээ. Сүүлдээ амь насанд нь хүрлээ. Ийм юм гэж юу байхав. Цэргээс халагдаж ирсэн залуус цэргийн амьдралаа хуучлахдаа дунд нь нэг тиймхэн нөхөд мэр сэр байсныг ярьдгаас офицероо муулаад байдаггүй. Гэвч энэ удаа цэрэг арми, офицер дэглэлтийн тухай ярих гэсэнгүй ээ. Сүүлийн өдрүүдэд олны хэл амны бай болоод байгаа генерал Д.Ганзоригийн хэлсэн үг яагаад тэгтэл шуугиулаад байгаад анхаарлаа хандуулсан юм. Гэхдээ энэ хүний мундаг боловсролтой, Монголдоо гуравхан байдаг рэнжэрийн нэг, хариуцлага хүлээх эсэх тухай ярих гээгүй юм. Түүнийг олноороо шаагьж буруутгаад байхаар нь хэлсэн үгийг нь тухтай олж үзлээ.

УИХ-ын хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулж, зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины хэрэгтэй холбоотой мэдээллийг өнгөрсөн мягмар гаригт сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд албан тушаалтнуудаас асуулт асуулаа. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг асуултад хариулах гол хүн байлаа. Цэрэг нас барах, дэглүүлэхэд салбарын сайд нь үеийн үед мултраад үлддэг л дээ. Сайдын ажил үүрэгт хамаардаггүй, сайд бол бодлогын хүрээнд л хариуцдаг энэ тэр гээд суудалдаа үлдэж ирсэн. Угтаа офицер бэлтгэдэг сургууль нь Батлан хамгаалах яамны харьяанд байдаг Батлан хамгаалахын их сургууль л даа. Гэвч Зэвсэгт хүчний жанжин штабын дарга шаварт унасан шарын эзэн болж үйлээ үзлээ. За, ингээд өнөөх УИХ-ын гишүүдийн байцаалтын үеэр генерал Д.Ганзориг хариулж байна. Гишүүдийн асуултад хариулахдаа юу хэлсэн болон олны шуугин буруутгаад байгаа үгсийг түүвэрлэн хүргэе. “Бид асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ. Хэрэгт холбогдсон салаан дарга зохих ёсны шийтгэлээ хүлээнэ. Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй. Цэргийн албанд нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа амьдрал хүнд газраас ирдэг. Нэг жилийн дотор төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Цэрэг амиа алдсан хэрэг бидний ажилд түлхэц өгсөн”. Тэр ингэж хэлсэн. Бид ингэж шулуухан ярьдаг хүн хараагүй удаж. Сүүлийн гучин жил ийм хүн харсангүй. Манай улстөрчид бөөрөнхий. Гол юмаа ярихгүй, тойруулаад байдаг. “Энэ асуудал бол, асуудлыг бол шалгаж байна, асуудлыг бол судалж байгаа, асуудлыг бол мэдэж байгаа, асуудал бол үргэлжилнэ, асуудлыг бол анхаарна, анхаарч байгаа”. Ингэж “асуудлыг бол” гэсээр бүтэн гучин минут, бүтэн цаг ярьдаг. Ёстой гол асуудлаа марттал “асуудлыг бол” гээд л тойроод давхичихдаг. Асуусан хүн асуултаа мартаад өнөөх дэмий “асуудлыг бол”-ыг нь дагаад намирчихдаг.УИХ-ын гишүүд, сайд нар асуудлаас тойрон бултаж, өөр тийш нь чиглүүлж, эцэстээ юу ч биш болгоод шийдэж чаддаггүй.

Шадар сайд С.Амарсайхан үүний жинхэнэ мэргэжилтэн. Мэдээлэл хийх гэж бүтэн гучин минут хэнд ч хэрэггүй дэмий юм ярьдаг. Сэтгүүлчид ямар сайндаа “Та гол асуудалдаа орооч ээ” гэж хэлж байхав. Зүгээр л “Хөл хорио тогтооно, тогтоохгүй” гэж хэлэхийн тулд хэдэн цаг хэрэггүй юм яриад явчихдаг. Генерал Д.Ганзоригийг шүүмжлэгсэд Шадар сайд шиг, эсвэл тойрч будилуулдаг улстөрчид шиг байсангүй гэх гээд байх шиг байна. С.Одонтуяа сүүлийн үед шударга ёс гэж ирээд л яриад байгаа. Шударга ёс ярьсан хүн юу ч хийдэггүй. Шударга ёс гэдэг хийсвэр ойлголт. Хэн яаж тайлбарлахаас, хэзээ үр дүн нь гарахаас шалтгаалдаг. Бүр хэзээ ч үр дүн гарахгүйгээр шударга ёс ярьж болдгийг бид мэднэ. Монголын хамгийн их шударга ёс ярьдаг улстөрчид хамгийн амьдралгүй, популист улстөрчид байдаг. Ямар нэг үйл явдал болоход ялаа, батгана шиг шавж, чанга дуугаар мэргэн цэцэн үг хэлж оноо авах гэдэг нь манай улстөрчдийн нийтлэг дүр төрх. Хэдхэн сая төгрөг өгөөд болоо юу гэж ирээд бас нэг гишүүн асуугаад байна лээ. Хуульдаа заасан мөнгөн дүнг л хэлэхгүй өөр яах билээ дээ, тэр Д.Ганзориг. Харин хуулиа мэдэхгүй нийтэд таалагдах асуулт асуугаад байгаа улстөрч л муухай баймаар.

Хоосон шударга ёсны оронд хуулиараа л бүгдийг зохицуулж болно шүү дээ, манай улстөрчид. Амьдралд хэрэгтэй хууль батлаад ир, одоо хэрэгжиж байгаа нь болохгүй бол засаж сайжруул гэж л сонгоод явуулдаг юм шүү дээ, эрхэм гишүүдээ. “Дарамт үзүүлж болохгүй, шахалт үзүүлж болохгүй” гэх мэтээр хуульд заагаад өгөхөд л болох юмыг учиргүй загнаж ирээд попроод байх хэрэг байсан ч юм уу. Харин Д.Ганзориг генерал түс тас, эр хүн шиг шулуухан хариулснаараа өнөөдөр буруутгагдаад байна гэж хэлсэн үг, хариултаас нь харлаа. Түүний хэлсэн үнэн шүү дээ. Хэзээ баян айлын хүүхэд цэрэгт явдаг байлаа даа. Хэнхгээрээ Ц.Элбэгдорж л хүүгээ цэрэгт алба хаалгасныг мэдэх юм. Түүнээс биш ядуу давхарга бий болж, ядуу айлын хүүхдүүд цэрэгт явдаг нь үнэн. Бичиг үсгийн боловсролгүй, очоод үсэг заалгаад сууж байдаг юм билээ шүү дээ. 18-19 нас хүртлээ хүмүүжиж, боловсроогүй, өлөн хоосон өссөн хүмүүсийг нэг жилд яаж сургаж, хүмүүжүүлж, оюун ухаан, бие бялдрын хувьд өв тэгш болгож амжихав дээ. Хуучин цагт цэргийн албыг гурван жил хаадаг байлаа. Эхний жил гоожуур байж байгаад хоёр дахь жилээсээ учраа олж, халагдах үедээ эр хүн шиг болоод буцдаг байсан. Цэргийн албаа гурван жил болгочихвол яасан юм. Нэг хоёр, гурван жилийн сонголттой болгочих. Жилд татах цэргийн тоогоо багасгаад хугацааг нь гурван жил болгочих. Цэрэггүй жил гэж байх биш. Хэн нэгэн айлын хөвгүүд цэргийн насанд хүрч л таараа. Хошногоо өмхий гээд тайраад хаядаггүйтэй адил ядуусын хүүхдүүд бий болсон гээд хаялтай нь биш. Гурван жилд бол сургаад, хүмүүжүүлээд буцаана. Одоо байгаа хуулийн дутагдлаа нөхөж, бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд л явчих. Үнэн хэлсэн хүнийг нийгмээрээ барьж иддэг боллоо. Нарийн яривал 2000 оноос өмнө цэрэг татлагыг Зэвсэгт хүчний жанжин штабын мэдлээс гаргачихсан. Аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газар зохион байгуулдаг болсон. Бие бялдар, эрүүл мэнд, нас нь тэнцээд цэрэгт татах гэхээр нэг дарга нь болиулчихдаг. Тийм ч гайгүй айлын хүүхэд, тэгэж ч сургуульд сурч байгаа гэж аргалж авч үлдээд эцэст нь хотоос амьдрал тааруу айлын хүүхэд, хөдөөнөөс ядруу малчны хүүхэд л цэрэгт явдаг. Бодит жишээ хэлэхэд Сэлэнгэ аймгаас гарч ирсэн УИХ-ын гишүүн өөрийнхөө сонгуульд явсан арав гаруй хүүхдийг цэрэгт явахаас чөлөөлүүлж байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газар цэрэг татлагыг зохион байгуулдаг учраас Засаг дарга нь ирээд л бололцоотой айлын хүүхдүүдийг нь цэрэгт явуулахгүй чөлөөлсөн байдаг. Д.Ганзориг генералын хэлснээр цэрэгт явж байгаа хүүхдүүдийн ихэнх нь боломж тааруу айлын хүүхдүүд. Хэдэн жилийн өмнө цэрэгт татагдсан хүүхдүүдийн ная орчим хувь нь ядуу айлын хүүхдүүд байсан судалгаа байсан. Тэр хувь улам ихссэн үү гэхээс багасаагүй биз. “Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй боллоо” гэж генералын хэлсэн нь ч үнэн шүү дээ. Хуулиараа өөрчлөхгүй бол энэ асуудал генерал Д.Ганзоригоос өмнө байж л байсан, цаашид ч байсаар байна. “Цэрэг амиа алдсан хэрэг бидний ажилд түлхэц болсон” гэж Д.Ганзориг хэлсэн нь илүү анхаарал хандуулах шаардлагатай болсныг харууллаа л гэсэн санаатай юм байна. Хуульдаа, тогтолцоондоо өөрчлөлт оруулахгүй юм бол Зэвсэгт хүчний жанжин штаб зүтгээд зүтгээд яаж энэ бугшсан булай болгоныг өөрчлөх юм. Дээрх хэлсэн үгэнд худал юм алга. Бид үнэнээс үргэлж зугтаж, тойруулж, шулуухан хэлснийгээ шоолж буруутгадаг. Генерал Д.Ганзоригийн хариулт, хэлсэн үг нийтэд яагаад таалагдаагүй нь ойлгомжтой. Тэр тойруулаагүй, уянгалаагүй, зусардаагүй, нялцганаагүй, бодит үнэнийг шууд хэлсэндээ л байгаа юм. Үнэн үг гашуун байдаг. Тэр бүр сонсоход амаргүй. Хаа очиж Монголын арми шулуухан хэлчихдэг, зоригтой ганц генералтай юм байна гэдгийг энэ бүхний эцэст мэдэж авлаа.

Д.ХҮСЛЭН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гашуунсухайт боомтоор өдөрт 20 машин гарч байна

Гашуунсухайт-Ганц мод боомтоор өдөрт дунджаар 20 машин нэвтэрч буй талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Хятадын нүүрсний мэдээллийн “Фэнвэй Энержи” агентлагийн мэдээлснээр, тус улсын Ганцмод боомтоор энэ сарын 1-5-ны хооронд тус боомтод ашиглаж буй шинжилгээний төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор татан авалт бүрэн зогсчээ.

Ганцмод боомтоор өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 15 машин нэвтэрчээ.

Нүүрсний татан авалт бараг зогссоны улмаас Хятадын хилийн боомттой ойролцоо орших нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц дуусч, зарим нь үйл ажиллагаагаа зогсоожээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 7-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай утсаар холбогдож, боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох талаар ярилцсан ч манай улсын нүүрсний экспорт хэзээ хэвийн болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Эрдэнэжамъян: Хоёр намын нэгдэж нийлэх асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбомооргүй байна

Нийслэлийн МАХНын хорооны дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.


Өнөөдрийн түвшинд хоёр нам нэгдэх асуудал ямар шатанд явж байна?

-Хоёр нам нэгдэх асуудал анх удаагаа яригдаж байгаа юм биш. Өмнө нь 2012, 2016 онд албан болон албан бусаар яригдаж байсан. Гурав дахь буюу энэ удаагийнхаар хамтарч ажиллах, цаашид яаж үйл ажиллагаагаа уялдуулах вэ гэдэг талаар ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Энэ удаагийн онцлог нь Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой буюу аль аль намын өөрсдийн үүсгэн байгуулагдсан өдөр гэж үздэг 100 жилийн түүхт ой тохиож байгаагаараа өмнөх ажлын хэсгээс ондоо л доо. Иймээс тал талын яриа хэлэлцээрээр илүү түүхээ хүндэтгэсэн, харилцан ойлголцсон уур амьсгалд явж байгаа. Одоогийн байдлаар хоёр талаас албан ёсоор ажлын хэсэг байгуулагдсан. Тодорхой хэлбэл, манай намаас Б.Тулга, нөгөө талаас Д.Амарбаясгалан гээд хоёр намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар ахалж, аль аль талаас 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг 100 жилийн ойгоор энэ хоёр нам нэгдэж нийлбэл ямар асуудлыг түлхүү анхаарч ажиллах, ямар асуудалд нэгдэх вэ гэдгийг харилцан тохиролцоно гэсэн үг.

Өнгөрсөн 100 жилийн түүхэнд МАХН-ын хийж бүтээсэн, улс орныхоо түүхэнд байгуулсан гавьяа өндөр. Тиймээс ирэх 100 жилд бид юу хийж, юуны төлөө тэмүүлж, эрхэм зорилгоо тодорхойлох вэ гэдгийг тохиролцож хамтарсан уриалга гаргасан. Уриалга 10 зүйлтэй. Үүнд, Үндсэн хуулийн тогтолцооны шинэчлэлийг хийнэ, парламентын ардчиллыг төлөвшүүлнэ, хууль шүүхийн байгууллагад нүүрлэсэн шударга бус тогтолцоо, хонгилын шүүхийг нураана, ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийнэ. Тухайлбал, орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, банк санхүүгийн салбарт шинэчлэл хийж зээлийн хүүг бууруулна гэх мэтээр өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа улс төрийн намууд буюу улс төрийн зүгээс шийдэл хайж байгаа томоохон асуудлуудад байр сууриа нэгтгэж, ийм зорилгын төлөө нэгдвэл гишүүд дэмжигчид маань дэмжих үү. Үүнийг дэмжээч ээ гэсэн агуулгатай уриалга гаргасан.

Энэ уриалгыг намын бүх гишүүд анхан шатны байгууллагаараа дамжуулж хэлэлцэж байна. Хэрвээ гишүүдийн олонх нь дэмжиж, зөвшөөрвөл цаашид хоёр нам хоорондоо гэрээ байгуулж нэгдэх нийлэх ажил дараагийн шатанд орно.

МАН, МАХН нэгдчихвэл С.Ганбаатар гишүүн УИХд нэгдэж орсон эвслээсээ нэр дэвших боломжтой юу. Намын дүрмээр яаж зохицуулах юм бол. Ер нь өнөөдрийн түвшинд С.Ганбаатар даргатайгаа хэр ойлголцож байна?

-С.Ганбаатар дарга намын дэд дарга гэдэг утгаараа намын дүрмээр хүлээсэн үүрэг бий. УИХ-д нэр дэвшихдээ ч намын бодлого, олонхын шийдвэрийг дагана гэсэн үүрэг амлалтыг авч намтайгаа гэрээ байгуулсан. Манай намын Орхон аймгийн Түмтийн дарга гэж явдаг. Ер нь аливаа асуудалд хэн нь ч зарчмын өөр байр суурьтай байж болно. Гэхдээ нэгэнт олонхын шийдвэр гарвал түүнийг дагах нь улс төрийн намын гол дүрэм, багаар ажиллах үндсэн зарчим. Улс төрийн намын энэ гол дүрмийг хүлээж зөвшөөрч намын гишүүнээр элсэж, намын дэд дарга болсон гэж ойлгож байгаа. Энэ утгаараа намууд нэгдэж нийлэх болон нэр дэвших асуудалд зарчмын ямар ч байр суурийг илэрхийлж болно. Харин шийдвэр гарсан асуудлыг бол дэмжих л хэрэгтэй болно. Сонгуульд нэр дэвших тухайгаа одоогийн байдлаар гүйцэтгэх товчоо буюу өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулж байгаа удирдах байгууллагад өөрөө албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анхандаа дэвшихгүй гэдгээ илэрхийлж байсан. Дараа нь дэвшинэ гэсэн байр сууриа илэрхийлж ярилцлага өгсөн байна лээ. Бид хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага нь үнэн үү, эсвэл нам дээрээ албан ёсоор илэрхийлэх байр суурь нь чухал уу гэдгийг авч хэлэлцэх хэрэг гарах байх.

Хоёр нам нэгдчихвэл УИХд нэгдэж орсон эвслээсээ нэр дэвших боломжтой юу. Намын дүрмээр яаж шийдэгдэх вэ. УИХд нэгдэж орохдоо эвсэл энэ чиглэлд ямар зохицуулалт хийсэн байдаг вэ?

-Намаас бус эвслээс нэр дэвшинэ гэдэг ойлголт байхгүй. Одоо бол МАХН-ын дэд даргын албыг хашиж байгаа хүн шүү дээ. Эвслээс ч бай, намаас ч бай нэр дэвшихэд нэр дэвшүүлдэг эрх бүхий тодорхой байгууллага бий. Намын хувьд Бага чуулган, Эвслийн хувьд эвслийн удирдах зөвлөл шийддэг. Эдгээр байгууллагаар хэлэлцэж нэр дэвших эсэх шийдвэр гарна уу гэхээс биш хуулийн хувьд боломжтой эсэх, тэр хүн нэр дэвших хүсэлтэй эсэх нь дараагийн асуудал гэж бодож байна.

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Нэр дэвшигчийг тодорхой зарлах хугацаа ч хэзээ мөдгүй болох нь. МАХНын зүгээс бага чуулганаар хэлэлцэж байж нэр дэвшигчийг тодруулах уу. Хоёр нам нэгдвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хэрхэн тодруулах вэ?

-Намын дүрмээр бол ямар ч шатны сонгуульд нэр дэвшигчийг намын бага чуулганаар хэлэлцдэг. Хоёр намын нэгдэж нийлэх асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбомооргүй байна. Учир нь, энэ хоёр нам сүүлийн 10 жил тус тусдаа үйл ажиллагаагаа явуулсан. Тусдаа үйл ажиллагаа явуулахдаа хаана нь онож, алдав гэдгээ дүгнэж үзээд цаашдаа түүхийг болон хоёр намын гишүүд үүсэл, зорилгоо бүтэн болгоё хэмээн зорьж байгаа бол нэг сонгуулийн тухай асуудал биш. Цаашдын хэдэн арван удаагийн сонгуулийн тухай асуудал. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж нэгдэж байгаа мэтээр явцууруулж ойлгож болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч хэлбэрээр оролцсон бай намынхаа 100 жилийн ойгоор түүхээ нэгтгэж, дахиж түүхээ булаацалдах маягаар талцаж хуваагдаж болохгүй. Хоёрдугаарт, энэ хоёр нам нэгдэх асуудал бол хоёр намын хувьд түүхэн ач холбогдолтой чухал шийдвэр. Үүнд тухайн хувь хүмүүс бие биедээ дуртай, дургүй байх, аль нэг намд нь алдаа дутагдалтай хүн байгаа эсэхээс үл шалтгаалж нэгдэж нийлэх асуудал үргэлжлэх ёстой. Үүнд хувь хүн ямар нэгэн байдлаар ажил, албан тушаалын амбицтай байгаа юу гэдэг нь асуудлын хамгийн сүүлд эрэмбэлэгдэх ёстой. 100 жилийн ой жил бүр тохиохгүй. Тиймээс их түүхээ хүндлэх ёстой. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд туулж ирсэн МАХН-ын түүх бол дайн байлдаан, ялалт, хэлмэгдүүлэлт, бүтээн байгуулалт, улсынхаа тусгаар тогтнол, анхны Үндсэн хуулийг ч баталсан гэх мэт асар их үйл явдлыг өөртөө агуулсан том агуу түүх юм. Энэ агуу түүхийн дэргэд одоогийн гишүүдийн ажил албан тушаалын амбиц мөрөөдөл бага түвшинд тавигдана. Тиймээс дараагийн 100 жилд ч хоёр нам нэгдэж нийлж, томоохон чухал шийдвэрийг гаргаж, том зорилгын төлөө явахын дэргэд өнөө үеийнхний хүчин чармайлт маш чухал гэж бодож байна.

-100 жилийн ойг хэрхэн тэмдэглэх гэж байна. Ойн хүрээнд томоохон ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-100 жилийн ой бүтэн жил үргэлжилнэ. Нэг өдөр болохгүй. Гуравдугаар сарын 1-3-ны хороонд намын анхны их хурал зохион байгуулагдаж, эрхэмлэх зүйл, мөрийн хөтөлбөрөө баталсан түүхт өдөр л дөө. Үүнээс хойш олон тэмдэглэлт үйл явдал болсон. Тиймээс бүтэн жилийн турш тэмдэглэлт өдрүүдэд 100 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүлэх байх гэж бодож байна. Энэ жилийн хувьд цомхон, онлайн хэлбэрээр тэмдэглэж байна. Учир нь коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж баяр ёслолыг өргөн цар хүрээнд тэмдэглэх боломжгүй байна. Тиймээс онлайн хэлбэрээр ажлууд явагдаж байна.

Р.ЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан бар өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 12. Сумъяа гариг. Билгийн тооллын 30, цагаан бар өдөр. Өдрийн наран 06:09 цагт мандан 19:37 цагт жаргана. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 0-2 хэм дулаан байна

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Буянтай хэдэн хоригдлынхоо ачаар бурзайж байна даа, ард түмэн минь” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Монголын тарианланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр “Ганц халдвар гарахад компаниараа хөл хорионд орох тул тариаланчид тун болгоомжтой ажиллаж байна” хэмээн өгүүлэв.

Япон улсын иргэн Такахама Кеничи “Бидний хөрөнгө оруулалтаар гэмт этгээд өндөр үнэтэй машин, орон сууц худалдан авсныг хараад итгэж чадахгүй байсан” хэмээснийг I, VII нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Хүний эрх хамгаалагчид цаашид дуу хоолойгоо илүү чанга зоригтой хүргэх нөхцөл бүрдлээ” хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Буянтай хэдэн хоригдлынхоо ачаар бурзайж байна даа, ард түмэн минь” хэмээн өгүүллээ.

“С.Ганбаатар МҮЭХ-г өөртөө, газрыг нь “МДТОФ” ХХК-д шилжүүлж байгаад…” хэмээх нийтлэл VIII нүүрт хэвлэгдлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Эрдэнэ ээ МАН-тай хуйвалдаж байна гэдэг үлгэр” хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

Хурандаа Ш.Эрдэнэбаяр “Батлан хамгаалах яам жинхэнэ утгаараа батлан хамгаалах яам бус, нам хамгаалах яам болсон” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Маргааш Баянгол дүүргийн ахмадуудыг автобусаар хүргэж, дархлаажуулалтад хамруулна

Encouraging' immune response in older adults with Astrazeneca's COVID-19  vaccine | 2020-11-19 | BioWorld

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулахаар болжээ. Энэхүү ажлыг түр зогсоод байсан ч маргааш/2021.04.12/-наас дахин эхэлж, 11-р сургууль дээр байрлах дархлаажуулалтын цэгээрээ дамжуулан 5000 гаруй ахмад настнуудыг вакцинжуулах аж. Түүнчлэн гэрээсээ гарах боломжгүй, байнгын асаргаанд байдаг 400 гаруй ахмадууд дээр очиж вакцинжуулах гэнэ.

ХӨСҮТ-өөс Хятадын “Verocell” вакцинаар 11-р дээр сургууль дээр байрлах дархлаажуулалтын цэгийг хангахаар болжээ.

УОК-ын зүгээс хатуу хөл хориотой холбогдуулан Геронтологийн үндэсний төвд найман автобус гаргаж өгчээ. Энэхүү автобуснууд нь вакцинд хамрагдах ахмад настнуудыг оршин сууж буй хороон дээрээс авч, шинжилгээний цэгт хүргэн буцаагаад хороон дээр нь буулгах аж.

Маргааш Баянгол дүүргийн 1-16-р хорооны ахмад настнуудыг хороон дээрээс нь автобусаар очиж, авч дархлаажуулалтад хамруулна.

Categories
мэдээ цаг-үе

Дундговь аймагт найман тохиолдол батлагдаж, халдвартай бүс болсноо зарлалаа

Дундговь аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал очжээ

Дундговь аймгийн онцгой комиссоос өнөөдөр/2021.04.11/ Covid-19-ийн найман батлагдсан тохиолдол бүртгэгдэж, халдвартай бүс болсноо зарлалаа. Угтаа тус аймаг нь халдвар бүртгэгдээгүй гурван аймгийн нэг байсан бөгөөд ийнхүү анхны найман тохиолдол нь илэрлээ.

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.АЛТАНТӨГС:

Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд сэжигтэй нэг тохиолдол түргэвчилсэн оношлуураар илэрч, нийт найман хүний сорьцыг Өмнөговь аймгийн лаборатори явуулахад нэг хүнээс covid-19-ийн халдвар илэрлээ гэх мэдээг ирүүлсэн. Бид дахин баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн лаборатори руу 32 хүний сорьцыг илгээхэд найман хүнээс covid-19-ийн халдвар илэрсэн гэх мэдээг өнөөдөр авлаа. Одоогоор 10 хүний шинжилгээний хариу гараагүй хүлээгдэж байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 91 хүн, дам хавьтлын 171 хүнийг олж тогтоогоод байна. Халдвар авсан иргэдийг одоогоор Эрдэнэдалай суманд тусгаарлан, эмчилж байна. Өнөөдөр тус сумын 143 хүний PCR шинжилгээний сорьцыг Улаанбаатар хот руу хүргэсэн. Мөн аймгийн төв дээр хавьтал байж болзошгүй таван хүний сорьцыг илгээсэн. Өндөршил суман дахь ойрын хавьтлуудын түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан.

Ийнхүү Монгол орны 21 аймгийн 19-т нь covid-19-ийн халдвар бүртгэгдлээ. Одоогоор Өмнөговь, Говь-Алтай зэрэг аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна.