Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэр Т.Анандатай маргалдаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжсэн.

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.04.12/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд боллоо.

Түүний зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул зөрчлийн шүүх хуралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар /Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн/, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар /Мансуурсан/ тус тус шийтгэл оногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“DNN-ТОДРУУЛГА: Цар тахлын голомтод ажиллаж буй эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчид ярьж байна

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ЭМЧ, ЦАГДАА, ЖОЛООЧ НАРАА БИТГИЙ ЗЭМЛЭЭРЭЙ

Дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдаас ажлын нөхцөл ямар байгаа талаар тодрууллаа.


Цагдаагийн алба хаагч Т.О:

-Хөл хорионы үеэр хамгаалалтад гарч буй алба хаагчдад цалингийн нэмэгдлийг хэрхэн тооцож олгодог вэ. Ажиллах явцад цагдаа нарт ямар бэрхшээл тулгарч байгааг дурьдвал?

-Цагдаагийн албан хаагч сар бүр онцгой албаны 25 хувийн нэмэгдэл авдаг. Хамгаалалтад гарлаа гээд өөр төрлийн цалин урамшуулал олгогдохгүй түүгээрээ л бодогдоно. Өглөө 06 цагаас эхлээд ажлын найман цагаар эргүүлд гардаг. Хоёр цаг тутамд солих өдрийн дөрвөн маскны нормтой.

Дөрөвдүгээр сарын 1-нээс алба хаагчдыг зуны хувцсанд шилжүүлсэн. Гэтэл өчигдөр болон өнөөдөр гадаа хүйтэн байгаа болохоор нимгэн хувцастай даарч, жиндлээ. Өвлийн хувцсанд шилжүүлэх асуудлыг тухайн нэгжийнх нь дарга нар гаргадаг тушаал шийдвэр гараагүй хэсэгт ажилласан хүмүүсийн хувьд тэр чигээрээ зуны хувцастайгаа л гараад  өнгөрлөө. Дээр нь өглөө 06 цагаас хамгаалалтад гарч буй цагдаагийн алба хаагч бүр хувийн машингүй шүү дээ. Хаа байсан хотын баруун захын Ботаникаас Их нарангийн чиглэлд эргүүлд гарч байгаа машин тэрэггүй алба хаагч  нар ч байна.

Цагдаа гэж хэн бэ!?

-Эргүүлд гарч буй цагдаагийн алба хаагчдад маскнаас гадна дархлаа дэмжих ямар нэгэн хангамж өгдөг үү?

-Ямар ч тийм нэмэлт хангамж гэхээр зүйл байхгүй.Дархлаагаа дэмжээрэй л гээд байдаг. Манай ажил дээр вакцины хоёрдугаар тунг өнөөдөр хийх ёстой байсан. Гэтэл вакцин тунгаа цагт нь хийлгэх ёстой байтал вакцин нь байхгүй юм уу бүрэн зогссон байдалтай л байна. Дархлаагаа дэмжээрэй гээд нэг аарц, чацаргана өгөөд байдаг зүйл байхгүй ээ.

 Өглөө 06 цагаас эргүүлдээ явахын өмнө хоносон хоолоо идээд явалтай нь биш 04 цагт босч хоолоо бэлдэх үе байна. Бид тангараг өргөсөн хүмүүс, ажил мэргэжилдээ хайртай. Гэхдээ шалтаг тоочих бол яахав бид чинь өглөө өлөн хоосон гараад явна, өдөржингөө зам дээр зогсоно. 

Өдөрт завсраар нь дэлгүүрээс талх, хиам аваад идэх үү яах уу? Нийтээрээ шахуу иймэрхүү л байгаа нь үнэн. Тэр мөнгө хаанаас гарах уу? Өөрсдөөс маань л гарна. 300 мянган төгрөгийг нь авчихсан юм даа гээд ор тас мартана шүү дээ.

-Эргүүлд гарах явцад иргэд журмаа хэр сайн дагаж байна. Ямар хүндрэлүүд тулгардаг вэ?

-Иргэдийн ухамсрын асуудал байна. Үр хүүхэд, эхнэрээ дагуулчихсан түлшинд явж байна гэдэг. Эрсдэлтэй цаг үед заавал эхнэр хүүхдээ дагуулж явах шаардлага байна уу? Иргэдийн ухамсрын л асуудал хөндөгдөнө. Агаар салхинд гарах шийдвэрээс үүдэж цагдаа болон иргэдийн хооронд ойлголтын зөрүүтэй маргаанууд үүсч байна. Эмнэлэг явсан ч салхинд гарсан ч тээврийн хэрэгсэлгүй явна гээд журмандаа заачихсан байгаа. Гэтэл хүн чанараа бодохоор үнэхээр шаардлагатай хүнийг нь явуулчихмаар байдаг. Эмнэлэг орох шаардлагатай бол түүнийг нь баталгаажуулсан бичиг цахимаар олгодог ч юм уу, нарийн зохион байгуулалт дутагдаж байна.

-Онцгой байдлын алба хаагч Б.М:

Онцгой байдлын байгууллагын 2800 гаруй алба хаагчдад мөнгөн урамшуулал  олгоно

-Хамгаалалтад гарсан онцгой байдлын алба хаагчдад томилолтын мөнгө гэж ордог. Нэмэлт цалин гэвэл тэр журмаар зохицуулагддаг. Хүлээсэн үүрэгтэй хүмүүс учир ачаалал дааж сурсан байх хэрэгтэй. Манай алба хаагчид түүгээрээ онцлог. Өндөржүүлсэн байдалд ажиллаж буй эргүүлүүд өглөө 07 цагаас орой 18 цаг хүртэл найман цаг үүрэг гүйцэтгэж байгаа. Манайхаас албаны албаны машинаар ажилчдаа хүргэж өгч авдаг.

-Эргүүлд гарч буй цагдаагийн алба хаагчдад маскнаас гадна дархлаа дэмжих ямар нэгэн хангамж өгдөг үү?

-Бид нарт анги байгууллага дотроос витаминжуулалт зэрэг ажлууд төлөвлөөд, дотроосоо тэдгээрийг олгодог.

-Хөл хорио тавиагүй байсан бол байдал байдал хүндрэх байсан болов уу. Иргэд үүнд хэрхэн хандаж байна?

-Хөл хорио бол одоогийн нөхцөлд тархалтыг бууруулах хамгийн зөв арга юм даа. Зарим нэг хүмүүс ойлгохгүй маргадаг ч учрыг нь хэлээд тайлбарлахаар хүлээж авна аа. Журман дээрээ бөөгнөрөл үүсгэхгүй салхилахыг зөвшөөрчихсөн байдаг. Үүнийг иргэд машинтай явж болно гэж ойлгоод байгаа. Ер нь хөл хорио тавьсан бол хоёрын хооронд ийм зүйлс илүүц юм болов уу гэж харж байна.

Резидент эмч У.Н:

-Бид нар Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдвар хамгаалалтаа баримтлаад тушаалын дагуу ажиллалаг.

Халдвар хамгаалалтын хувцас, нэмэгдэл цалин хөлс нь хүнд хэлэхэд ичмээр. Мэргэжилдээ дургүй болтол маш багаар үнэлэгддэг. Баянзүрх дүүрэгт вакцинжуулалтад ажилласан эмч 17 мянган төгрөгийн цалин авсан гээд фэйсбүүкээр яваад байсан тэр бол бодит үнэн. Нөхцөл байдал, эрүүл мэндийн салбарын ажилчид Монголд ингэж л үнэлэгдэж байна даа.

How I'm Managing as a First-Time New Mom and ICU Nurse During COVID-19

Лабораторийн эмч З.Э:

-Манай бүх кабинетүүд хуучин ажилладаг журмаар ажиллаж байна. Өглөө 8:30-аас 17:00 цаг хүртэл ажиллаад 30 минутын завсарлага авдаг. Эмнэлэг дээр ирсэн хүмүүс дотроосоо цаг авч үйлчлүүлж байна. Бүх үйл ажиллагаа ямар нэгэн өөрчлөлтгүй хэвийн байгаа. Хүний хөл бол энгийн үе шигээ их байна. Эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, мэс засал гэсэн тасгууд ачаалал их. Энэ дундаас сэжигтэй тохиолдлууд илэрч байгаа. Ажилчид хамгаалалтын хувцас, нэг удаагийн халад, нүүрний хаалт, нүдний шил, маск, бээлий өмсөж ажилладаг. Маскаа хоёр цаг тутамд харин бээлийг үзлэг болгоны дараа сольж байгаа. Үзлэгийн өрөөг мөн хоёр цаг тутамд ариутгаж, агаар салхи оруулдаг. Долоо хоногт нэг удаа ариутгалын баг ирж халдваргүйтгэл хийдэг.

Эмнэлгийн ажилчдын хувьд бүтэн жилийн хугацаанд тасралтгүй ажилласан. Маш их ядарч байгаа. Вакцинжуулалт болон PCR шинжилгээнд эмч, сувилагч нар ээлжээр очиж ажилладаг. Ээлжээр явсан хүмүүсийн ажлыг ард үлдсэн ажилчид өөрийн ажлаас гадна давхар хийдэг.

Ачаалал маш их байгаа. Эмнэлэг дээр байхгүй ажилчны ажлыг давхар хийх тохиолдолд их гарна. Энэ тохиолдолд нэмэлт цалин олгодоггүй. Харин вакцинжуулалт болон PCR шинжилгээн дээр бямба, ням гаригт гарвал нэмэлт олгогддог. Ажлын өдрүүдээр бол ажлын цаг учраас бас нэмэлт олгодоггүй. Эрсдэлтэй нөхцөлд маш их ачаалалтай ажиллаж буй тохиолдолд эмнэлгийн ажилчдын цалин хөлс хангалтгүй санагддаг. Хатуу хөл хорионы хувьд энэ шийдвэрийг зөв гэж бодож байгаа. Өнөөдөр л гэхэд 704 хүнээс халдвар илэрлээ. Маш хүнд байгаа хүний тоо өдөр өдрөөр олширч байна. Энэ 704 хүн чинь цаашаа гурав, дөрвөн хүнд халдвар өгөх эрсдэлийг энэ хөл хориогоор хумьж байгаа гэсэн үг. Хорио тавиагүй байсан бол өвчлөл өдөрт мянга мянгаар бүртгэгдэж, маш хүнд хүний тоо ихэснэ. Эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхгүйд хүрч халдвартай иргэн гэртээ байхаас өөр аргагүйд хүрэх байх.

Дотоодын цэргийн ангийн алба хаагч Ө.М:

-Миний хувьд Д.Сүхбаатарын талбай дээр явган хүний хөдөлгөөнийг хянаж эргүүлд гарч байна. Өглөө 5:30-аас, өдөр 14:00 цаг хүртэл өдрийн 8 цагаар ээлжээр гарна. Нэг гараанд нэг цэрэг, нэг цагдаагийн алба хаагч гарч байгаа. Иргэдээс ямар зорилготой, хаа хүрэх гэж байгааг тодруулж, шаардлагатай тохиолдолд ажлын үнэмлэх шалгана. Зөвшөөрөгдсөн байгууллагаас бусад иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах журмаар ажиллаж байна. Иргэд салхилах журмаар их гарч байна. Гадаа харьцангуй дулаан болсон болохоор эргүүлд гарахад хүндрэл бага л байна. Миний хувьд анх удаа эргүүлд гарч байгаа. Удирдлагуудаас эргүүлд гарч байгаа алба хаагчдад цалин дээр нэмэлт олгоно гэсэн мэдээлэл өгсөн. Халдварын тохиолдол их байгаа энэ үед хорио тогтоосон нь зөв шийдвэр. Хэрвээ хорио тавиагүй байсан бол ядаж л цэрэг, цагдаа, эмнэлэг гээд алба хаагчдын ачаалал маш их болох байсан. Иргэд маань ч шаардлага сайн хүлээж авч байна. Ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн тохиолдол одоогоор гараагүй. Нэг үеэ бодоход иргэд маань цаг үеийн нөхцөл байдлыг ухамсарладаг болж.

www.admin.dnn.mn

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймаг: Хөхморьт суманд элсний нүүдлийг бууруулах хамгаалах зурвас хийж байна

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэрт элсний нүүдлийг бууруулах зорилгоор хамгаалах зурвас хийж байна.

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэр нь 2019 оны судалгааны үнэлгээгээр 61.7 хувиар цөлжилтийн байдалтай үнэлэгджээ. Улмаар хүчтэй шороон шуурга, салхины нөлөөгөөр нүцгэн элсэн манхан, хуримтлалууд үүсч, бэлчээрийн ургамал элсэнд дарагдан цөлжилт ихэссэн нь малчдад болон төв суурингийн оршин суугчдад сөргөөр нөлөөлөх болжээ. Иймээс 2020 онд цөлжилтийг бууруулах зорилт арга хэмжээний хүрээнд БОАЖЯ-аас Хөхморьт сумын төвийн элсний нүүлтийг сааруулах зорилгоор 20.0 га талбайд механик хамгаалалт хийх ажлыг эхлүүлээд байна.

Энэ ажлын хүрээнд 210 м өргөн зурвасаар 1000 м урт газарт 4 үе эгнээ бүхий хамгаалалтын зурвасыг элсэн хуримтлал үүссэн талбайд энгийн байгалийн гаралт материалууд ашиглан гүйцэтгэх ажлыг хийж байгаа ажээ.

Элсний механик хаалт хийснээр элсний нүүлтийг сааруулах, ургамлан бүрхэвчийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм хэмээн тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Дээрх ажилд Говь-Алтай аймгийн БОАЖГ, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран хяналт тавьж, талбайн хэмжилт хийж мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллаж байна.

Хөхморьт сумын “Дээдсийн хишиг түшээн” ХХК Их Монгол элсний урд захад хамгаалалтын зурвасыг туршин нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн ойн зурвас байгуулах, бутлаг ургамал болох суль, цульхир тарих зэрэг ажлыг тавдугаар сараас эхлэн шат дараатайгаар эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр нутгийн иргэдэд ч эдийн засгийн орлогын нэмэлт эх үүсвэр бүрдэнэ гэж тооцож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Мөрдөн байцаалтын нийт хэргийн 39 хувийг авлига, 28 хувийг мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байна

Нийслэлийн прокурорын газраас 2021 оны нэгдүгээр улиралд тавьж ажилласан Эрүүгийн хэрэг, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг Улсын прокурорын ерөнхий газар өнөөдөр танилцуулав.

Нийслэлийн прокурорын газраас энэ оны нэгдүгээр улиралд 358 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, 773 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Хяналт тавьж ажилласан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 22 буюу 6.5 хувиар өсөж, эрүүгийн хэрэг 106 буюу 12 хувиар буурсан байна.

Мөн хэрэг бүртгэлт явуулсан 597 хэрэгт хяналт тавьж, 10.7 хувь буюу 64-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 11.8 хувь буюу 71 хэргийг хааж, ажиллагаанд 456 хэрэг шалгагдаж байгаа аж.

Харин мөрдөн байцаалтын 242 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 83 буюу 34.2 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гурав буюу 1.2 хувийг түдгэлзүүлж, тав буюу 2 хувийг нь хэрэгсэхгүй болгож, ажиллагаанд 126 хэрэг шалгагдаж байгааг мэдээллээ.

Хяналт тавьсан мөрдөн байцаалтын нийт хэргийн

95 буюу 39.2 хувийг Авлигын гэмт хэрэг,

68 буюу 28 хувийг Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их байна.

Тус улиралд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн тухайд:

Энэ оны нэгдүгээр улиралд Нийслэлийн прокурорын газраас 242 хэргийн 83 буюу 34.2 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэг 3.5%-аар өссөн байна. Тухайлбал:

-Б.Баттүвшин нарт холбогдох “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан үйлдэлтэй” эрүүгийн хэрэгт 2021 оны нэгдүгаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Cүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.

-Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеез нарт холбогдох “Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан, хадгалсан үйлдэлтэй…” хэрэгт 2020 оны хоёругаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

-Б.Цэрэн-Очир нарт холбогдох “Улсын Их Дэлгүүрийн дээврийн засварын ажил хийж байх явцдаа ил гал алдаж бусдад их хэмжээний хохирол үйлдэлтэй…” хэрэгт 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аж.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал үндэсний-бөx

МҮОХ-ны ерөнхийлөгч ​Н.Түвшинбаяр 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь нийтдээ 4.216.000.000.0 төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 14 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй аж.

Мөн туулах чадвар сайтай 170.000.000.0 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, 1600 хонь, 300 адуу, 512 үхэр, хурдан удмын 20 адуу, 20 тэмээ, 320 ямаатай.

Түүнийг Олимпын аварга болдог жил Булган аймгийн ард 1000 цагаан хонь цуглуулан бэлэглэж байсан. Түүнчлэн 1.900.000.000.0 төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг газар, 1.490.000.000.0 төгрөгийн үнэ хүрэх үнэт эдлэл хэрэгсэлтэй.

Бусдаас авах 1.636.000.000.0 төгрөгийн авлагатай, “Өү Би Жи энд Эм Эм” ХХК, “Түвшин Мандах Оргил” ХХК, “Рич Дилаят” ХХК, “Түвшин групп” ХХК, “Эххонгор Хурд” ХХК, “Тэгрикорпорэйшн” ХХК, “Түвшинсан” ХХК, “Түвшиннэйшнл Фаундэйшн” ХХК, “Ниватрейд” ХХК, “Жи Даблью Си” ХХК, “Тодгоулд” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Найдан ТБ” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг хур хөрөнгөтэй аж.

Гэтэл түүний найз, түүнд зодуулж ухаангүй байгаа Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардалд нийтдээ 500 сая төгрөг шаардагдаж байгаа. Одоогоор Н.Түвшинбаярын зүгээс эмчилгээнд нь зориулж ямар нэг дэмжлэг үзүүлээгүй байна. Харин бөхчүүд, бөхчүүдийн гэр бүл хандив өргөж, БНСУ-д эмчлүүлэх зардалд нь нэмэрлээд байна.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Дэлгүүрүүдэд архи, согтууруулах ундаа худалдаж байгаа эсэхийг шалгажээ

МХЕГ-аас архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллажээ.

Тодруулбал, 2021 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-ын 359 улсын /ахлах /байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 1944, эмийн сан 22 нийт 1966 газарт хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундааг лангуу, тавиураас татан авахуулж битүүмжлэл хийлгэн, мэдэгдэл нааж, спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтийг хангуулж ажиллаж байна.

Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй зөрчлийг газар дээр нь арилгуулан, захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байсан БЗД-ийн 13-р хороо Номин худалдааны төвийн 1 давхарт байрлах Remaх гар утасны дагалдах хэрэгслийн лангуу, 10-р хорооны иргэний дугуй засвар, 5-р хороо иргэн Номинтамирийн ТҮЦ, 13-р хороо Анар жимсний ТҮЦ зэрэг 4 иргэний үйл ажиллагааг зогсоолоо.

Дэлгүүрүүдэд архи худалдаж байгаа эсэхийг шалгажээ

Коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг гарган цахим сүлжээгээр түгээж, 1944 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зурагт сэрэмжлүүлэг хүргүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Н.Чадраабал: Цэц цэгцэрч чадаагүй байгууллага

“Шударга төрийн төлөө” ТББ-ын Тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабалтай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх тайлбар болон Цэц тойрсон асуудлууд хэвлэл мэдээллээр сүүлийн үед их гарах боллоо. Та олон жил хуулийн салбарт ажилласан хүний хувьд энэ асуудлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Нийгмийг бухимдуулж, хагаралдуулсан энэ сэдэв олны анхаарлын хүрээнд байна. Монгол төрийн нэр хүндийг бууруулж, төрийн тогтвортой байдлыг алдагдуулсан энэ байдлыг хараад учир мэддэг хүмүүс дуугүй суух арга алга. Уг нь би энэ сэдвээр өмнө нь ч ярилцлага өгч, сэтгэгдлээ илэрхийлж байсан. Монголын төрд шударга ёс тогтож, төр нь түвшин, түмэн нь амгалан байгаасай гэсэн зорилтын дор би 2007 оноос хойш “Шударга төрийн төлөө” нэртэй ТББ байгуулан ажиллаж байна. Бидний зорилго бол төр төмбөгөр, ёс ёмбогор байж, төрөлх газар шороон дээрээ ард түмэн маань эрх чөлөө, аз жаргалтай амьдраасай гэсэн сэтгэлийн үүднээс төр засгийн бодлого шийдвэртэй холбогдуулж, төрд дэмжлэг үзүүлэх зорилгын үүднээс энэ байгууллагыг ажиллуулдаг юм. Гэтэл сүүлийн үед дээдсүүд эрх мэдэл, ширээ сандлын төлөө тэмцэлдэж, Монгол Улс төргүй болж байгаа юм шиг хандлага харагдах боллоо. Ялангуяа Төрийн тэргүүнийхээ эрх мэдэлд халдаж, улмаар хууль, шударга ёсыг гажуудуулах нь хэвийн мэт үзэгдэл болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаалтан улс орноо гадаад, дотоодод бүрэн төлөөлж, үндэсний эв нэгдлийг илэрхийлэх чиг үүрэг бүхий хамгийн өндөр түвшний албан хаагч. Энэ албан тушаалд монгол ээжийн охин, аавын хүү хэн ч очиж болох бөгөөд гагцхүү бүх ард түмний санал, сонголтын үндсэн дээр очиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч гэдэг хууль ёсны баталгаагаар хангагдсан, тодорхой эрх дархаар хамгаалагдсан хүн байх учиртай. Гэтэл Ерөнхийлөгчөө тал бүрээс нь бүүрлэж, гүтгэлэг, хавчлага, шахалт үзүүлээд байгаа нь үнэхээр ёс бус үйл ажиллагаа. Би Х.Баттулга гэдэг хүнийг хамгаалаад байгаа юм биш. Монгол Улсын Төрийн тэргүүнийх нь хувьд энэ албан тушаалтныг ажлаа хэвийн явуулах бололцоог нь хангаж өгөөсэй, эрх мэдлийг нь бүрэн эдлүүлээсэй гэсэндээ энэ үгийг хэлж байгаа юм. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын төрийн тогтвортой байлгах, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын үйл ажиллагаанд дүгнэлт гаргах, ердийн хууль тогтоомжуудыг Үндсэн хуультай нийцүүлэх зэрэг өргөн эрх эдэлсэн байгууллага. Гэвч хэтэрхий улс төржиж, Төрийн тэргүүн рүүгээ элдэв шахалт үзүүлж, хэл аманд орооцолдуулаад байгаа нь шударга иргэн хэний ч болов сэтгэлд нийцэхгүй байна. Төрийн тэргүүн бол бүх ард түмнээс сонгогддог. Ийм учраас энэ хүнийг сонгох эсэхийг сонгогч олон мэдэх болохоос биш аль нэг нам, улс төрийн хүчин, хэн нэгэн эрх бүхий этгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдэхгүй. Гэтэл Ерөнхийлөгчийн эрх мэдэлд хууль тогтоох байгууллага болон ҮХЦ нэгдэж, илтэд халдаад эхэлсэн нь цаанаа улс төрийн захиалгат, төрийн ширээ сандал булаацалдан өрсөлдөгчөө “намнах” гэсэн үйл ажиллагаа гэдэг нь шууд харагдаж байна. Энэ нь Монголын төрийг муухай харагдуулна. Улмаар төрийг хүчгүйдүүлнэ, шударга ёсыг гажуудуулна. “Улс төржлөө” гэж юуг хэлээд байна вэ гэхээр хэрэв Ерөнхийлөгч олонхийн намын хүн байсан бол энэ асуудал яригдахгүй. Харин бүр Гончигдоржийн хэлээд байгаагаар сонгуулийг нь 2023 он болгож хойшлуулж ч мэдэх байх шүү. Ийм үйл ажиллагаа цаашид даамжирвал дараагийн сонгуулиар гарч ирсэн олонх Ерөнхийлөгчөөрөө оролддог жишиг тогтоно л доо. Ерөнхийлөгч дахин нэр дэвших үү гэдэг асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэж, батлагдахад огт яригдаж байгаагүй сэдэв. Энэ ингэж яригдах ч ёсгүй.

-ҮХЦ-д хандаж байсан Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн кейс, одоогийн Ерөнхийлөгчийн кейсүүд ижил үү? Өөр үү?

-Нөхцөл нь яг адилхан. Яагаад гэхээр парламентын засаглал бүхий шинэ тогтолцоонд шилжсэн. Энэ завсар Ардын Их Хурлын Дарга гэдэг албан тушаалд П.Очирбат гуай ажиллаж байсан. 1992 онд Шинэ Үндсэн хууль мөрдөгдөж эхлэхээр бүрэн эрхийн хугацааны тухай яриа гарч болох байсан шүү дээ. Тэр үед ямар ч яриа гараагүй. Мөн П.Очирбат гуай Цэцийн гишүүнээр 70 гартлаа ажилласан байсан. Тэр жишгээр л Цэц асуудалд хандаж болохоос биш ижил асуудлаар П. Очирбат Ерөнхийлөгчид нэг шийдвэр, Х.Баттулгад өөр шийдвэр гаргавал энэ нь улайм цайм цэцийн гажуудал завхрал болно. Олонх нь төрийн эрх мэдэл авахаар өөрсдийн сэтгэл санааны хүсэлд нийцсэн хууль гаргаад байж болохгүй шүү дээ. ҮХЦ нь тодорхой нэг хүнд зориулсан шийдвэр гаргаж бүр ч болохгүй. Үүний цаана юу харагдаад байна гэхээр нөгөө л албан тушаалын төлөөх улайрал тэмцэл. Ингэснээр төрийн өндөр, дээд албан тушаалтнууд зөрчилдөж, үндэсний эв нэгдлийг алдагдуулснаараа түүхэнд үлдэх гажуудал болно.

-Яагаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад тухайн үед энэ асуудлаа тусгаагүй юм бол. Тусгасан бол ийм завхрал үүсэхгүй байсан уу?

-Хууль тогтоогчийн нэрийн өмнөөс би хариулж чадахгүй. Ямар ч байсан бүрэн шийдэж чадалгүй “нүх” гаргаж, үүн дээрээ дөрөөлж, энэ ажиллагаа явагдаж байна. Цэц, УИХ-ынхан үүнийг сайн нягтлахгүй бол маш том алдаа болно. Үнэхээр Цэц нь улс төрийн хүчнээс шууд хамааралтай шийдвэр гаргах юм бол Ерөнхийлөгчийн албан тушаал тогтворгүй болно. Ерөнхийлөгч тогтвортой байж чадахгүй бол Монголын төр тэргүүнгүй болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн олон эрхийг хассан. Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хууль гэж 2010 онд батлагдсан хууль бий. Тэр хуулийн 8,9,10 дугаар зүйлүүдэд нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж болохгүй, УИХ-ын гишүүний тоо, хугацааг нэмж болохгүй, Засгийн газрын бүрэн эрхийг хязгаарлаж болохгүй, нэмж болохгүй, шүүх эрх мэдлийн байгууллагын хүрээнд халдаж болохгүй гээд хатуу заачихсан байсан. Мөн энэ хуульд Үндсэн хуулийн 3 дугаар зүйлээр баталгаажсан байсан төрийн эрх барих дээд байгууллагуудын тогтвортой ажиллах баталгааг хангасан байсан заалтуудыг 2017 онд батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гэгчээр хассан. Үүнээс үндэслээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан заалтууд болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалтууд Үндсэн хуультайгаа зөрчилдөж эхэлсэн юм.

-Цэц таны хэлж байгаагаар улс төрийн зорилгоор “намналт” хийлээ гэж байна. Ер нь Цэц улс төрийн намаас хараат ажиллаж болдог юм уу? Та Цэцэд 9-10 удаа хандаж байсан хуульч хүний хувьд Цэц ер нь ажиллах ёстой хэм хэмжээ, зарчмынхаа хүрээнд ажиллаж байна уу?

-Цэц улс төржсөн байгууллага болсон гэдгийг өнгөрсөн он жилүүдэд би бүрэн ойлгож, мэдэрсэн. 1997 оноос хойш миний бие ҮХЦ-д 10 шахам удаа өргөдөл гаргаж, хандсан. Тухай бүрт нь Цэц эзэддээ үйлчилж, асуудлыг шийдэхгүй чирэгдүүлж байсан юм. Уг нь Цэц бол бие дааж, хараат бусаар ажиллах ёстой бөгөөд зөвхөн Үндсэн хуульд захирагдах ёстой байгууллага. Үүнийг Үндсэн хуульд өөрт нь Үндсэн хуулийн хэрэгжилтэд дээд хяналт тавих байгууллага нь ҮХЦ гээд заасан. Гэтэл Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал бүү хэл ердийн хууль зөрчиж байгаа асуудалд хүртэл Цэц орооцолдоод, захиалгаар үйлчилдэг боллоо гэж олон хуульчид шүүмжилдэг юм. Өнгөрсөн оны есдүгээр сард УИХ, Засгийн газрынхан хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, өөрсдөдөө өндөр цалин хангамж тогтоолоо гэж би ҮХЦ-д хандсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, ХЭҮК, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн Ерөнхий хороо зэрэг байгууллагуудын ажилтнууд УИХ, Засгийн газрын ажилтнуудтай адилхан ангилал зэрэглэлд байдаг учраас цалин нь адил түвшинд байх ёстой. Эндээс ялгаварлан гадуурхдаг, алагчлан үздэг байдал тод харагдаж, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашиг сонирхлын зөрчилтэй болох нь илэрхий байна.

-Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх процесс УИХ дээр өрнөснийг та хуульч хүний хувьд хэрхэн дүгнэж байна.

-Эндээс ч хууль гажуудуулсан байдал харагддаг юм. Цэцийн гишүүнийг сонгож байгаа арга нь хэтэрхий итгэл үнэмшил муутай харагддаг. Энэ удаад Цэцийн хоёр гишүүн шүүх эрх мэдлийн байгууллагыг төлөөлж очих ёстой юм билээ. Гэтэл нэгийг нь дэмжээд, нөгөө гишүүнийг нь дутуу орхигдуулж байгаа нь Шүүхийн тухай багц хуультай ч холбоотой гэж үзэж байна. Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт гишүүдийн хурлыг гуравны хоёроос дээш ирцтэй бол хүчинтэй гэж үзнэ гэж заачихаад олонхийн санал авсан гэдгийг нийт 25 гишүүдийн тоонд хувааж үзээд өөрөөр хэлбэл хуралд оролцоогүй гишүүдийн саналыг олонхийн саналд оруулж тооцоод байгаа нь буруу. Мөн Дээд шүүхийн хуралдаанаар хэнийх нь оронд хэнийг томилох вэ гэдгийг тодорхой зааж өгөөгүй. Маргаан үүнээс үүдэлтэй. Ерөнхийлөгчийн хоригийн хувьд шударга ёсыг барьж, хуулиа зөв хэрэгжүүлээч ээ гэсэн санаа нь үндэслэлтэй.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн Ш.Цогтоо гишүүн Цэцийн Бага суудлын хуралдаанд оролцож байх хугацаанд нь түүнийг чөлөөлснийг та хэрхэн харж байна?

-Би хэн нэгэн хүнийг өмөөрч, буруутгаж зөвтгөж чадахгүй. Гэвч болж байгаа үйл явдал талаас нь дүгнэвэл шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй явах зарчимтай. Цэц бол шүүх шүү дээ. Тийм учраас процессын хуульд захирагдаж, тэр хүрээнд асуудлыг шийдэх ёстой. Цэцийн хуралдаан дуусаагүй байгаа тохиолдолд тэр хүнийг татаж авч байгаа бол үзэл бодлын шахалт, хавчилт гэж үзэж байна.

-Цэц нэгэнт гажуудалд орчихлоо гэж та үздэг юм байна. Харин одоо Шүүх тогтолцоо цаашид хараат бус ажиллаж чадах уу? Та Шүүхийн тухай хуульд орсон өөрчлөлтийг анхааралтай ажигласан байх.

-Эрх мэдэлтнүүд шүүхийг гартаа авчихсан. Шүүхэд шударга ёс тогтоож байгаа нэрээр эрх мэдэлтнүүд эзэрхийлж эхэллээ. Одоо бол шүүх нэг намынх болсон. Энэ асуудлаар би ҮХЦ-д ч хандсан, хэвлэл мэдээллээр ч олон удаа санал бодлоо илэрхийлсэн.

-Та ҮХЦ улс төрчдөөс хамааралтай, хууль тогтоох байгууллагын бодлого шийдвэр хэт нэг талын эрх ашгийг төлөөлдөг энэ бол тогтолцооны гажуудал гэж ярьсан. Энэ гажуудлыг засахын тулд яах ёстой вэ?

-Үнэхээр би ингэж бодож явдаг. Манай хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудад хяналт байхгүй. Хариуцлагын тогтолцоо бүрэн алдагдсан учраас шударга ёс зөрчигдөж, хууль дээдлэх зарчим гажуудаж, үндэсний эв нэгдэл зөрчилдөж, ард түмэн төрөлх газар шороон дээрээ эзний ёсоор амьдрах боломжгүй болоод байгаа юм. Хэрэв Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд заасанчлан Төр засгийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн зарчим хэрэгждэг байсан бол өнөөдрийн энэ бусармаг байдал гарахгүй байсан. Тийм учраас албан тушаалтнууд болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт, хариуцлагын тогтолцоог зайлшгүй бүрдүүлж өгөх шаардлагатай. Үүний тулд хоёр танхимтай парламенттай байж, өөрсдийгөө “хууль” гэж боддог хүмүүст хуулийн хүрээнд даруулга өгч, хариуцлага тооцох ёстой гэж би бодож явдаг.

-Эцэст нь Та Үндсэн Хуулийн Цэц болон Шүүхийн тухай асуудлаар нэгтгэн дүгнэж хэлээч гэвэл юу гэх вэ.

-Би чөмгөө дундартал монгол төрийн төлөө зүтгэсэн хүний хувьд өөрийн бодолтой явдаг. Монголын хуулийг 50 жил эргүүлж төрийн хэргийг хөтлөх чадвар эзэмшиж төр засгийн бодлого зорилго зохион байгуулалтын үйл ажиллагааг мэдэрсэн нэгэн учраас санал бодлоо хэлье л дээ. Ер нь аль ч ажлыг хүн л хийж гүйцэтгэдэг болохоор тухайн албаны үр дүнг хүнтэй л холбож тооцно шүү дээ. Энэ нийгмийн төлөө сэтгэл зүрхээ чилээж төр түшилцэж явдаг эрүүл саруул ухаантай хүмүүс “Цэцийг цэгцлэх цаг” болсон гэдгийг ил тод ярьцгааж байгаа. Би ч энэ шаардлагыг ойлгож дэмждэг юм. Яагаад гэвэл би Цэцтэй хамтарч “Үндсэн хууль”-ийг маналцах иргэнлэг сэтгэлгээнд хөтлөгдөн 1997 оноос хойш олон удаа хандсан боловч тухай бүрт нь хад мөргөж байсан тул энэ байгууллага хүмүүсийн тарийг бүрэн таньсан юм. Цэц гэдэг эрхэмсэг нэртэй өндөр сэнтийд залран суучихаад Монголын ард түмний оюуны хамтын үнэт бүтээл /төр иргэн хоёрын дунд байгуулсан дээд хүчинтэй гэрээ болох/,”Үндсэн хууль”-иа хамгаалж зөв хэрэгжүүлж чадахгүй байгаа энэ бүтцийг өөрчлөн шинэчилэх шаардлага байгаа юм. Цэцийн үйл ажиллагаа захиалгат хэлбэрт бүрэн шилжиж өөрсдөө Үндсэн хуулин дээрээ гишгэдэг. Гишүүд нь улс төрийн шалгуураар томилж чөлөөлөгддөг. Эрх баригчдын таалалд нийцсэн зарим нэг хүмүүсээ 20 гаруй жил ажиллуулж болдог, хянан хэлэлцэж буй ижил маргааныг өөр өөрөөр шийдвэрлэдэг, иргэдийн мэдээллийг аваад хариу өгдөггүй, маргаан үүсгэчихээд шийдвэрлэхгүй дарж бугшуулдаг. Нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэх,хууль хэрэглэх чадвар бүрэн эзэмшээгүй байж цэцэрхэн мэдэмхийрч суудаг хүмүүсээр төрийн жолоо залуулах нь яавч сайн үр дүнд хүрэхгүй. Хэрэв манай эрхэм Цэцчүүд миний дүгнэлттэй маргалдмаар байвал надад хангалттай баримтууд бий. Харин шүүхийн тухайд бол би өмнө нь олон удаа байр сууриа илэрхийлж байсан тул ганцхан өгүүлбэрээр саналаа илэрхийлье гэвэл: Шүүх засаглал бие дааж хараат бусаар ажиллах чадвараа бүрэн алдаж ёстой л өнөөх чонын амнаас гараад барын аманд очлоо гэгч л болсон доо хөөрхий. Тэгэхээр үнэнд итгэж шударга ёсонд найдаж явдаг хүмүүст өнөөдөр тэнгэр хол газар хатуу болсон шүү дээ.

Бэсүт овогт Намжилдоогийн ЧАДРААБАЛ

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн болон бусад алба хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байхыг анхааруулав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал, иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга угсралтын талбайн түр хашааг стандарт норм, дүрэмд нийцүүлэх, нэгж талбараасаа илүү талбайг хашаалсан хашаа хайсыг татуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудын зөрчлйг арилгах ажил хийлээ. Мөн ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах, зөрчлийг арилгах, өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр нь хийж, зөрчлийг арилгуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байна.

Түүнчлэн хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн 35 байршилд үзлэг шалгалт хийж, хоёр байршилд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19, 27 дугаар хороо, Толгойтын сувагт уулын цас, мөс хайлж үерийн далангаас давсан хэсгүүдэд 704 шоо метр шороо тээвэрлэн хаалт хийлээ. Авто замын гүүрний хэсэгт 1000 кг давс, бодис цацсан бөгөөд 36-р байрны гарааш усанд автсан тул 2820 шоо метр усыг машинаар соруулж, 2220 шоо метр усыг насосоор соруулан зайлуулж, яаралтай арга хэмжээ авч ажилласан. Мөн Сүхбаатар дүүргийн 18-р хороо Гүнжийн булаг орчмын уулын цас, мөс хайлж, шар усны үер айл өрх рүү халихаас сэргийлэн 0.8 метр гүн 1.2 метр өргөн 510 метр урт суваг татан, шаардлагатай арга хэмжээг авсан байна.

ЦАГДААГИЙН БОЛОН БУСАД АЛБАН ХААГЧИД ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХДАА ЁС ЗҮЙТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах ёстой гэлээ. Мөн сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн юм. Түүнчлэн гудамж, талбайн ариутгал, халдваргүйтгэл, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалыг цаг тухай бүрд нь хийж, ачаалалтай байршлуудад автобусны тоог нэмэгдүүлэх, автобус хоорондын зайг 5-7 минутад зохион байгуулах, хөл хорионы өдрүүдэд дүүргийн удирдлагууд болон Захирагчийн ажлын алба хог тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах ёстойг анхаарууллаа.

Мөн “Ривер гарден”, “Хан хилсс” хотхоныг хоёр талдаа гарцтай болгох, “Хан хиллс” хотхоноос баруун тийш нэг км авто зам тавих, Туул голын эргийн дагуух болон Богд уулын тохижилтын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Богд уул, Дугуй цагаан, Зүүн ширээт орчимд найман байршилд судалгаа хийсэн. Мөн “Хандлагаа өөрчилье” клубийн залуустай уулзаж, санал солилцсон. Энэ сарын 25-н гэхэд зураг төслийг бэлэн болгоно. Туул голын эргийн дагуу дөрвөн байршил 30 га газарт тохижилт хийхээр зургийн даалгавар бэлэн болсон. Мөн Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас Баянзүрхийн гүүрний баруун хойд талд нийтдээ 9.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал ирүүлсэн. Зөвлөлийн хурлаар дэмжиж, ажлын даалгавар хийж байна” гэлээ.

Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны “Нутгийн буян”, Нэхмэлийн шар байрны дунд барилга бариулахгүй гэж Хотын дарга хэлсэн. Тус газарт иргэдийн саналыг үндэслэн ногоон байгууламж бүхий тоглоомын талбайг доороо автомашины зогсоолтой барих эсэхийг шийднэ гэсэн билээ. Уг ажлын хүрээнд Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн барилгын компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан. Ингэхдээ “Нутгийн буян” компанийн СӨХ-ноос ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай байгуулах санал ирүүлсэн байна. Харин бусад оршин суугчид нь саналаа нэгтгэж байгаа гэлээ. Мөн тус газрын эзэмших эрх нь цуцлагдсаны дараа тохижилтын ажлыг тухайн барилгын компаниуд хариуцаж хийхээр болжээ.

Харин “Маршал таун”, “Ривер гарден”, “Хан хиллс” хотхон орчимд найман байршилд орц, гарц нэмэгдүүлэх боломжтой аж. Мөн “Хан хиллс” хотхоноос баруун тийш 930 метр урт авто замын зураг төслийн өөрчлөлтийг хэлэлцэн баталсан байна. Хотын дарга “Нэг хүний эрх ашиг биш нийтийн эрх ашиг учраас энэ ажлыг сарын хугацаанд хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид амласан, ярьсан, үүрэг чиглэл болгосон ажлуудаа богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ёстой” гэлээ.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд дараах ажлуудыг хийж дуусгах үүргийг өглөө. Үүнд:

Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд

  1. Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, засвар шинэчлэл.
  2. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган зорчигчийн гарц, замын тэмдэг,тэмдэглэгээ, хайс, хашлагыг сэргээн засварлах, шинэчлэх.
  3. Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэл.
  4. Гэрэл дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл.
  5. Нийтийн тээврийн автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх.
  6. Нийтийн эзэмшлийн гудамжны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх.
  7. Дүүргүүд өөрсдийнхөө онцлогт тохируулан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг угааж цэвэрлэх ажлын төлөвлөгөө гаргаж, ажлаа эрчимжүүлэх.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд

  1. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах.
  2. Ил задгай кабелийн цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах.
  3. Өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбар, хаалт, хашаануудыг буулгаж, цэгцлэх.
  4. Явган зорчигч, авто тээврийн хэрэгсэлд аюул учруулахуйц элдэв саад, хурц ирмэг бүхий болзошгүй аюул учруулах зүйлсийг янзалж цэгцлэхийг тус тус үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Гадаадын зорчигч 90.2 хувиар багасав

Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеийнхээс 37.1 мянга буюу 90.2 хувиар багасав.

Манай улсын хилээр энэ оны эхний улиралд 189.9 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 362 (65,6 хувь) мянгаар багасжээ.

Улсын хилээр дээрх хугацаанд 95,6 мянган зорчигч орсон байна. Зорчигчдын 33,9 хувь нь Гашуунсухайт, 24,7 хувь нь Шивээ хүрэн, 15,3 хувь нь Замын-Yүд, 6,3 хувь нь Буянт-Ухаа, 1,7 хувь нь Алтанбулаг, 18,1 хувь нь бусад боомтоор нэвтэрсэн байна. Тэдний 91,6 (95,8 хувь) мянга нь Монгол Улсын иргэн, 4 (4,2 хувь) мянга нь гадаадын иргэн байв.

Коронавируст халдвар дэлхий дахинд гарсантай холбогдуулан Монгол Улсын хилийн боомтуудыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-нээс хааж эхэлсэн. Энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын 748 иргэн тусгай нислэгээр, 4 иргэн авто зам, төмөр замын боомтоор, хоёрдугаар сард 1195 иргэн тусгай нислэгээр, 65 иргэн авто болон төмөр замын боомтоор, өнгөрсөн сард 2076 иргэн тусгай нислэгээр, 41 иргэн авто болон төмөр замын боомтоор иржээ.

Улсын хилээр энэ оны эхний улиралд 402,3 (давхардсан тоогоор) мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 31 (8,3 хувь) мянгаар нэмэгджээ. Тэдгээрийн 40,7 хувийг ачааны, 0,1 хувийг суудлын машин, 57,9 хувийг ачааны вагон, 1,3 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байв.

Нийт тээврийн хэрэгслийн 48,6 хувь нь Замын-Yүд, 15,9 хувь нь Гашуун сухайт, 14,9 хувь нь Сүхбаатар, 11,6 хувь нь Шивээхүрэн, 0,7 хувь нь Алтанбулаг, 8,3 хувь нь бусад боомтоор нэвтэрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Улсын начин Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр авч явлаа

Улсын начин Э.Энхбатыг өнөөдөр /2021.4.12/ “Hunnu air” компанийн онгоцоор БНСУ-руу авч явлаа.

Түүний биеийн байдал хүнд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тархины хүнд бэртэл гэмтлээс шалтгаалан энэ сарын 2-ноос эхлэн бүтэн унтуулга, амьсгалын аппараттай байгаа түүнийг ар гэрийнх нь саналыг үндэслэн БНСУ руу эмчлүүлэхээр авч явж байгаа аж.

Онгоцонд ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хоёр эмч, нэг сувилагч дагалдаж яваа юм байна. Эмч нарын баг өвчтөнийг БНСУ-ын эмнэлэгт хүлээлгэж өгөөд буцах гэнэ.

Эргэн сануулахад, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан юм.

Улмаар Улсын начин Э.Энхбат тархиндаа хүнд бэртэл авсан тул ГССҮТ-д хүргэгдэж, сэхээн амьдруулах тасагт өнөөдрийг хүртэл эмчлүүлж байсан юм. Улсын начин Э.Энхбатын биед гэмтэл учруулсан гэх Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа.