Хаврын улиралд арьс амархан гундаж, хуурайшиж байдаг. Гоо сайхан, спад орох боломжгүй үед гэртээ хэрхэн арьсаа арчлах талаар “Crystal skin” брэндийн менежер Б.Номиндарьтай ярилцлаа.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач. Гоо сайхны салбарт ажиллаад хэр удаж байгаа вэ?
-Намайг Батмөнхийн Номиндарь гэдэг. Одоо “Crystal skin” гоо сайхны брэндийн менежерээр ажилладаг. Анх зургаан жилийн өмнө энэ байгууллагад орж ажлынхаа гарааг эхлүүлж байлаа.
-Манай улс эрс тэс уур амьсгалтай шүү дээ. Тэгвэл улирал нь тохируулж арьсаа арчлах шаардлагатай юу?
-Азийн чийг өндөр орнуудыг бодвол манай улс жилийн дөрвөн улиралтай хуурай, ширүүн уур амьсгалтай. Тиймээс Монгол бүсгүйчүүдийн 70 хувь нь арьсны чийгшлээ алдсан, хуурайшилт ихтэй байдаг. Эрс тэс уур амьсгалтай ийм нөхцөлд зайлшгүй улиралд нь тохируулж арьсаа арчлах ёстой. Жишээлбэл, Зун ямар ч төрлийн арьсанд тослог их багаар ялгарч байдаг бол өвөл, хавар нь их хуурайшна.
-Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгөөч?
-Хавар бол биднээс хамгийн их арчилгаа шаардсан. Тоос, шороо арьсан дээр бууж арьсыг бохирдуулж, амьсгалах боломжийг хааж байдаг. Иймээс арьсандаа маш сайн цэвэрлэгээг хийж тэжээл, чийгшлийг өгөх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд зориулалтын массажны тос ашиглаж массаж хийгээд, бигнүүр тавина. Үүнийхээ дараа маск тавьж тогтмол хэрэглэх хэрэгтэй. Бүсгүйчүүд маань нэг алдаа гаргаад байдаг. Энэ нь нүүрээ тогтмол хөөсөөр угааж цэвэрлэдэг явдал. Хөөсөнд будаг болон зузаан үүссэн бохирдлыг задлах чадвар байдаггүй. Тэхээр дан ганц хөөсөөр цэвэрлэх нь дутагдалтай гэсэн үг. Мөн ямар ч төрлийн хөөс арьсыг тодорхой хэмжээнд хуурайшуулж байдаг. Иймээс хаврын улиралд хөөсийг хэрэглээнээсээ түр хасах хэрэгтэй.
-Ихэнх бүсгүйчүүд маань гэрийн нөхцөлд арьсаа төдийлөн анхаарахгүй байгаа харагддаг?
-Бүсгүйчүүд маань нүүрээ будаагүй, гэрээс гарахгүй байгаа юм чинь гээд нүүрээ цэвэрлэхгүй, бүтээгдэхүүн түрхэхгүй орхичихдог. Энэ нь маш буруу. Учир нь бидний нүдэнд харагдахгүй маш олон төрлийн тоосонцор агаарт байж байдаг. Тэр тоосонцрууд нь цэвэрлээгүй, хамгаалаагүй арьсан дээр буудаг. Ингээд арьсан дээр бохирдол хуримтлагдаад нүхжилт, батгашилт, хуурайшилт үүсэх үндэс болж байдаг. Иймээс гэрийн нөхцөлд тогтмол арьсаа цэвэрлэж чийгшүүлж байх хэрэгтэй.
ГЭРИЙН НӨХЦӨЛД АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ТАЛААР ТҮҮНИЙ ЗӨВЛӨГӨӨГ ХҮРГЭЖ БАЙНА
Эхлээд будгаа арилгах
Хэзээ: Өдөр бүр
Жич: Будгаа арилгах нь нүүрээ цэвэрлэхээс огт өөр гэдгийг анхаараарай. Учир нь ихэнх нь бүсгүйчүүдийг энэ алхамыг хийгээд л нүүр цэвэрхэн болчихно гэж андуурдаг.
Үүнд нүүрний онцлогоос хамаарч хоёр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэнэ. Хэрвээ энгийн, холимог, тослог арьстай бол зориулалтын нойтон салфетка хэрэглэнэ. Зориулалтын салфетка нь өргөст хэмхтэй, ногоон цайтай, сарнайтай, эмийн ургамалтай гэх мэт олон төрөл бий. Хоёроос гурван ширхэг салфеткаар арчихад будаг ерөнхийдөө арчигддаг. Харин хуурай болон эмзэг арьстай бол цэвэрлэгч тосоор нүүрээ арчаарай. Нийтдээ гурван минут орчим нүүрэндээ иллэг хийж арчиж авахад хангалттай гэж үздэг.
Цэвэрлэг
Хэзээ: Өдөр бүр
Өмнөхтэй ижил мөн хоёр төрлийн бүтээгдэхүүн ашиглана. Энгийн, холимог, тослог арьстай бол угаагч хөөс, хуурай болон эмзэг арьстай бол массаж цэвэрлэгч хэрэглээрэй. Нүүрний хөөсөө сайтар хөөсрүүлж, 3-4 минут орчим иллэг хийнэ. Массажны тосоор цэвэрлэж байгаа бол 3-5 минут байхад болно.
Тоник
Хэзээ: Өдөр бүр
Дээрх цэвэрлэгээг дарааллаар нь хийсний дараа арьс бүрэн цэвэрхэн санагдаж болох юм. Гэхдээ тоникоор үлдэгдлийг нь арчсаны дараа санаа амрах хэрэгтэй шүү. Мөн нүүрийг хөөсөөр угаасны дараа арьсан дахь рН баланс алдагддаг тул тоникоор арчиж тэнцвэржүүлэх ёстой.
Эссэнз
Хэзээ: Өдөр бүр
Ихэнх хүмүүс тэр бүү хэл Солонгосчууд нь эссэнз болон серумыг ижилхэн зүйл гэж үздэг. Гэхдээ нэрнээс эхлээд ялгаатай зүйл бий. Товчхондоо эссэнзийг эхэлж түрхсэнээс дараа дараагийн арчилгаанд арьсаа бэлдэхэд тусалдаг. Эссэнз нь маш нимгэн түрхэгддэг, чийгшүүлэгч бүхий шингэн бөгөөд чийгшүүлэх, цайруулах, тэжээл өгөх зэрэг олон төрөл бий. Нүүрэндээ түрхсэний дараа хурууны өндөгөөр зөөлөн товшиж шингээх хэрэгтэй.
Серум
Хэзээ: Өдөр бүр
Эссэнзээс бага зэрэг хүчтэй нөлөө бүхий арчилгааны бүтээгдэхүүн. Арьс чангаруулах, хөгшрөлтөөс сэргийлэх, чийгшүүлэх зэрэг олон төрөлтэй. Түрхсэний дараа хурууны өндөгөөр зөөлөн товшиж шингээнэ.
Зовхины тос
Хэзээ: Өдөр бүр
Эссэнз, серумтай харьцуулахад нүдний тосны ач тусыг хүн бүр сайн мэддэг. Нүдний доод тал болон зовхины арьс маш нимгэн тул зөөлөн товшиж түрхэх хэрэгтэй. Зовхи хэсгийн арьс бол хамгийн нимгэн тослогын булчирхй байдаггүй учраас заавал зориулалтын тосыг тусдаа түрхэх хэрэгтэй.
Эмульс
Хэзээ: Өдөр бүр
Эмульс түрхсэний дараа тосоо түрхвэл шингэц сайжрах бөгөөд чийгшүүлэх үйлчилгээ нь хэд дахин илүү байдаг. Ихэнх эмульс ус давамгайлсан бүтэцтэй бөгөөд арьсыг тосоо шингээхэд бэлдэж өгдөг.
Тос
Хэзээ: Өдөр бүр
Арьсны тослогийн хэмжээнээс шалтгаалан нимгэн эсвэл зузаан түрхэхээ тааруулна. Өглөө бол өдрийн тос, орой бол шөнийн тосыг түрхэх хэрэгтэй.
Нэмэлт алхам буюу бусад бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Үүнд чийгшүүлэгч цацлага, нарны тос, нүдний будаг арилгагч зэрэг орно. Чийгшүүлэгч цацлагыг нүүрний будаг дээр эсвэл бүх арчилгааг дууссаны дараа цацаж хэрэглэж болно. Харин нарны тосыг нүүрээ будахын өмнө, гадагшаа гарахаас 30 минутын өмнө түрхсэн байх ёстой