Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд нэг сая гаруй мал зүй бусаар хорогджээ

Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 29.7 сая хээлтэгч малын 5.9 сая (20.0 хувь) нь 2021 оны эхний улиралд төллөсөн байна.

Эм хонины 22.6 хувь, эм ямааны 21.2 хувь, ингэний 10.8 хувь, үнээний 6.4 хувь, гүүний 2.3 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 97.9 хувь буюу 5.8 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 1.6 саяар буюу 21.8 хувиар буурсан байна.

Том малын зүй бус хорогдол 2021 оны эхний улиралд улсын хэмжээнд 1,048.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 87.9 хувиар нэмэгджээ. Харин 2021 оны гуравдугаар сард 508.2 мянган толгой мал хорогдсон нь эхний улиралд хорогдсон малын 48.5 хувийг эзэлж байгаа бол хоёрдугаар сард хорогдсон малаас 264.4 мянгаар өссөн байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,

  • ямаа 578.1 мянга,
  • хонь 348.3 мянга,
  • үхэр 74.7 мянга,
  • адуу 41.2 мянган толгой,
  • тэмээ 6.3 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 55.1 хувийг ямаа, 33.2 хувийг хонь эзэлж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 7016.4 мянган тонн нүүрс экспортолжээ

“Оюутолгой” компанид коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, БНХАУ-ын тал хилээр нэвтрүүлэх нүүрс болон баяжмалын тээврийн автомашины тоог хязгаарласан юм. Ингэснээр экспортын хэмжээ огцом буураад байна.

Уул уурхайн яамнаас мэдээлснээр, он гарсаар манай улс 315.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үед 340.6 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байсан юм.

Харин нүүрсний экспортын хэмжээ 7016.4 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 107 хувиар нэмэгдээд байгаа аж. Нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үед 3387.4 мянган тонн байжээ.

Categories
гадаад мэдээ

ӨАБНУ, Европын холбоо “Johnson & Johnson”-ы вакцины хэрэглээг зогсоожээ

“Johnson & Johnson” компанийн бүтээсэн вакциныг тариулсан 6.8 сая хүний зургаад маш ховор тохиолддог цус бүлэглэх өвчин илэрсэн тул АНУ-ын Хүнс, эмийн агентлаг уг вакцины хэрэглээг түр зогсоогоод байгаа билээ.

Тэгвэл энэ шийдвэр гарсны дараа ӨАБНУ, Европын холбооны зарим улсууд мөн хэрэглээгээ түр зогсоожээ.

Шийдвэр гарсан даруйд “Johnson & Johnson” Европын улсуудад хийх нийлүүлэлтээ мөн хойшлуулсан юм.

АНУ-д цус бүлэгнэх өвчнөөр өвчилсөн зургаан тохиолдол нь бүгд 18-48 насны эмэгтэйчүүд бөгөөд вакцин хийлгэснээс хойш 6-13 хоногийн дотор өвчний шинж тэмдэг илэрсэн байна.

Энэ мэдээлэл тодорхой болсны дараа АНУ-ын Хүнс эмийн агентлаг вакцины хэрэглээг нэн даруй зогсоох удирдамжийг эрүүл мэндийн нэгжүүдэд илгээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

НЗДТГ: Автобусны тоог нэмсэн ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байна

Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдэд авто тээврийн хяналтын 20 байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 54 албан хаагч, “City bus” компанийн 240 гаруй шалгагч хяналт тавин ажиллаж байна.


Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудал дээр 20 орчим хүн автобус хүлээн зогсоно. Автобус 5-10 минутын хугацаатай ирж, зорчигчдоо суулгаад хөдлөх ч хүний хөдөлгөөн үл татрах аж. Цэнхэр хувцсаар ижилссэн гурван шалгагч зорчигчдын автобусны картыг цэнэглэхийн зэрэгцээ автобусанд суух, буухад хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх, бээлийгээ өмсөөрэй гэх мэт шаардлага тавина. Иргэд харин үүнийг үл тоон, автобус руу уралдан зүтгэнэ. Мөн автобусны буудлын ойролцоо цагдаагийн гурван албан хаагч, Дотоод хэргийн их сургуулийн гурван сонсогчийн хамт иргэдийг хаашаа, ямар зорилгоор явж байгааг асуун, хяналт тавина. “Амрыг эрье” гэж хэлэхээс өмнө цагдаагийн албан хаагчдын бараанаар зарим нь буцаж харагдах ч нөгөө нь ямар шалтгаанаар хаашаа явж байгаагаа тайлбарлаж ядан “Өө энүүхэнд дэлгүүр орох гэсэн юм. Манай гэрийн ойролцоох дэлгүүрт бараа үнэтэй байна. Тэр дэлгүүр рүү явж байна. Мах авах гэсэн юм. Эмийн санд эм алга” гэх мэт шалтаг хэлэх аж.

Цагдаагийн албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаантай болон зөвшөөрсөн салбарын албан хаагчдын бичиг баримтыг шалган явуулж, хөдөлгөөнд оролцох шаардлагагүй иргэдийг буцааж байлаа. Үүнд бухимдан, шаардлага биелүүлэхгүй, хэл ам хийх иргэд ч цөөнгүй байв. Иргэдийн олонх нь “Хархорин” зах, “Номин” их дэлгүүр орж, хүнс цуглуулах гэж байгаагаа, мөн ач, зээгээ харахаар явж байгаагаа хэлж байлаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын албан хаагчдад нийтийн тээвэр тусгай зохицуулалтаар үйлчлэх ёстой. Энэ зохицуулалтаар хатуу хөл хорио тогтоосон эхний өдрүүдэд 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан юм. Гэтэл ажлын өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр өчигдөр чиглэлийн тоог 98, автобусны тоог 640 болгож нэмсэн. Харин өнөөдөр автобусны тоог дахин 39-аар нэмэгдүүлж, 679 тээврийн хэрэгсэл цагийн хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцож байна. Гэвч нийтийн тээврээр зөвшөөрсөн салбарын албан хаагчдаас гадна энгийн иргэд үйлчлүүлсээр байгаа юм. Тухайлбал, өчигдөр нийтийн тээврээр 115 мянган зорчигч үйлчлүүлжээ. Эдгээрийн 32 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бол 4400 орчим хүүхэд зорчсон байна.

Ч:47 чиглэлийн автобусны жолооч Т.Түвшинбаатар “Манай чиглэлд өнөөдөр 10 гаруй автобус явж байна. Хөл хорио тогтоосноос хойш иргэдийн зорчих хөдөлгөөн манай чиглэлд улам бүр нэмэгдчихлээ. Бараг сүүлийн нэг жил манай чиглэлд ийм олон хүн зорчиж байгаагүй. Өнөө өглөө 06:45 цагаас хөдөлж, 10:09 хүртэл үйлчилгээнд явлаа. Эхний хэдэн буудлаас л хүмүүс дүүрчихэж байгаа тул хүн хоорондын зай бариулахын тулд зарим буудалд хүн буулгах төдий зогсоод л хөдөллөө” хэмээсэн. Мөн цагдаагийн албан хаагч нар тээврийн хэрэгслийг нэг эгнээгээр явуулж байгаагаас автобус түгжрэлд орж, буудал дээр иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсэж байгааг хэлж байлаа.

Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдэд авто тээврийн хяналтын 20 байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 54 албан хаагч, “City bus” компанийн 240 гаруй шалгагч хяналт тавин ажиллаж байгаа. “City bus” компанийн шалгагч Т.Отгонгэрэл “Зорчигчдод хүн хоорондын зай бариад амны хаалтаа зүүж, бээлийгээ өмсөж, картаар үйлчлүүлэх шаардлага тавьж байна. Гэвч иргэдийн зарим нь шаардлага биелүүлэхгүй, үг хэлж байна гэж ч тоохгүй байгаа. Дараагийн автобус удахгүй ирнэ гэж хэлэхээр бухимдангуй ханддаг” гэж ярилаа.

Цагдаагийн албан хаагч нар зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын байрны үнэмлэх, тодорхойлолтыг үндэслэн зорчуулж байсан юм. Гэвч иргэд найз нөхөдтэйгөө уулзах, хүнээс юм авах гэсэн юм гэх мэт янз бүрийн шалтгаан хэлнэ. Иймээс тэд хатуу хөл хорионы үед иргэдийн мөрдөх эрх, үүргийг тайлбарлаж байлаа. Цагдаагийн албан хаагч “Хөл хорио тогтоосноос хойш өдөр бүр 06:00-14:00 цагийн хооронд тасралтгүй ажиллаж байна. 14:00 цагаас ээлж солигдоно. Өнөөдрөөс иргэд харьцангуй шаардлага биелүүлж эхэлж байна. Өчигдөр, уржигдар бол хэл ам их хийж байлаа. Мөн ПСР шинжилгээ өгөх гэж иргэд зорчиж байна. Түүнчлэн бичиг баримтгүй иргэд олон байна” хэмээн ярилаа. Тухайлбал, гурван залуу хоорондоо ярилцсаар автобусны буудал дээр ирэхэд цагдаагийн албан хаагч хаанаас хаа хүрэх гэж байгааг лавласан юм. Тэдний нэг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн М.Ганбаатар “Хүргэн ах маань цус харван эмнэлэгт хүргэгдсэн учраас эргэхээр явж байна. Замдаа хоёр найзтайгаа таарлаа” гэв. Цагдаагийн албан хаагч тухайн иргэний шалтгааныг сонсож, ганцаараа явах боломжтой хэмээн бусдыг нь буцаав. Мөн иргэн М.Алтангадас “Би Тахилт руу хүүгийнхээ 3, 5 настай хүүхдүүдийг харахаар явж байна. Надаас өөр тэднийг харах хүн байхгүй. Тэр холоос наашаа ирэх хэцүү болохоор би өөрөө л очихоос өөр арга алга. Хүү маань гэнэт өнөөдөр ажилтай болчихлоо гэсэн. Ээж нь орхиод явчихсан учраас харах хүн байхгүй” хэмээн ярилаа. Түүнчлэн Нисэхээс ирж, дэлгүүр ороод буцаж байгаа ч хүн байв. Тэрбээр өглөө эрт гэрээсээ гарсан бөгөөд хяналт, шалгалт гайгүй байсан гэнэ. Харин буцахад шалгалт их байгааг хэлсэн. Гэрийнх нь ойролцоох дэлгүүрт хайсан зүйл нь байгаагүйгээс энэ хүртэл ирсэн хэмээв.

Автобус хүрэлцээгүй байгаа талаар иргэд ярьж буй ч чухамдаа хатуу хөл хорионы үед нийтийн тээвэр хязгаарлалтад ороогүй салбарын албан хаагчдад л үйлчлэх ёстой. Мөн иргэд онцын шаардлагагүй ч гадуур явж байгааг дээрх яриануудаас харж болно. Иймд иргэд та бүхэн иргэний үүргээ ухамсарлан, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байж, хатуу хөл хориогоо чанд мөрдөн, албан хаагчдын шаардлагыг биелүүлэхийг уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Далан давхрын оршуулгын газарт гал гарчээ

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Далан давхрын оршуулгын газарт 14:08 минутад өнжмөл шар өвс шатаж байгаа талаарх дуудлага иржээ.

Үүний дагуу ГТУА 10-р ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, хоёр автомашин техник хэрэгсэлтэйгээ очсон бөгөөд гал одоо түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.

Нэмэлтээр ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Н.Баярсайханд оноосон 2 жил 8 сар хорих ялыг хэвээр үлдээжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайхан, Э. Аззаяа нарыг хахууль авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сар хорих, Э.Аззаяад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Харин Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг хахууль авсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Элдэв-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох, С.Бүрэнтөгст нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна. Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Төмөрбаатарыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Тэгванданг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 000 төгрөгөөр торгох, Д.Төмөрбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Э.Аззаяад холбогдох заалт, хэсгүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ЗГ: Ажлын байрыг дэмжих хүрээнд 7.356 зээлдэгчид 525.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Засгийн газрын ээлжит хурал 2021 оны дөрөвүгээр сарын 14-ний лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайланг танилцуулав. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ.
Энэ сарын 12-ны өдрийн байдлаар зээл олголт 26.3 хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийт 4.292.9 тэрбум төгрөгийн 34.2 мянган зээлийн хүсэлт ирснээс 525.6 тэрбум төгрөгийг 7.356 зээлдэгчид олгоод байна.
Зээл авсан 7.356 зээлдэгчийн 1.146 нь аж ахуйн нэгж, 6.210 нь иргэн байна. Үлдсэн 1.856.9 тэрбум төгрөгийн 12.049 хүсэлт судалгаанд байгаа бол 7.882 хүсэлтээс татгалзжээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг бол ААН-ийнх 256.1 сая төгрөг байна.
Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хүрээнд 1.557 зээлдэгч нийт 246.0 тэрбум төгрөг, орон сууцны ипотекийн зээлд 2.982 зээлдэгч хамрагдаж, 222.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус авчээ.
Товчоор
– Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Трактор, хөдөө аж ахуйн машин, агуулах нийлүүлэх төсөл”-ийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг холбогдох хууль журмын дагуу байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгав.
– Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 2020 оны улсын нэгдсэн тайлан, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээллийг тус тус сонсов.
– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
– УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулсан “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд төсөлд өгөх саналаа нэгтгэж санаачлагчид уламжлахаар тогтов.
– Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга танилцуулга хийв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцжээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Трактор, хөдөө аж ахуйн машин, агуулах нийлүүлэх төсөл”-ийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг холбогдох хууль журмын дагуу байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.

Газрын нэгдмэл сангийн 2020 оны улсын нэгдсэн тайлан, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээллийг тус тус сонсов.

Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулсан “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд төсөлд өгөх саналаа нэгтгэж санаачлагчид уламжлахаар болов.

Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга танилцуулга хийв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СҮНЭЭ: Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж байсан 1000 гаруй эмэгтэй холбогдсон

Иргэн Б.Сүндэръяа өнөөдөр өмгөөлөгчийн хамт ЦЕГ-т өргөдөл өгсөн талаар мэдээлэл хийлээ.

Б.Сүндэръяа “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж байсан 1000 гаруй эмэгтэй холбогдсон. 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан. Түүнээс өмнө манай найз охиноос намайг танилцуулж өгөх хүсэлт их тавьсан байна лээ. Сонгуулийн үеэр намайг тайван амьдрах боломж олгохгүй байгаа учраас өнөөдөр албан ёсоор цагдаагийн байгууллагад хандаж байна.

Гэрээсээ гарах боломжгүй байсан тул өнөөдрийг хүртэл цагдаа, ХЭҮК-т хандаж чадахгүй байсаар байна. Би маш удаан хугацаанд дарамт, шахалттай амьдарсан. Цаашид ч үргэлжлэх учраас өнөөдөр би ил гарч байна. Надад гэрч, нотлох баримт бүгд бий. Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар надтай холбогдсон. Эдгээр хүмүүс өөрт нь тохиолдсон асуудлаа надад хандаж байна. Хохирогчид нэр, нүүрээ гаргахаас айж байна. Тэгэхээр би л нүүрээ гаргаад өнгөрье гэж бодож байна. 20 гаруй жилийн өмнөх үйл явдлыг ч ярьж байгаа хүн байна. Намайг анх Ц.Анандбазартай танилцуулсан охин гадаадад байгаа. Түүнийг гадаад явуулсан байна лээ” гэсэн юм.

Иргэн Б.Сүндэръяагийн өмгөөлөгч Батсүх “Миний үйлчлүүлэгч өөрийн нийтэлсэн пост, үүсээд байгаа асуудалтай холбоотой албан ёсны гомдлоо цагдаагийн байгууллагад хандаж байна. Хүний халдашгүй байдалд халдаж байгаа учраас өргөдөл гаргаж байна. Өргөдлийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт гаргаж байгаа бөгөөд хэд хэдэн асуудлаар гэмт хэргийн шинжтэй байна гэж өргөдөл гаргаад байна. Тодруулбал, гурван төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзсэн. Хүний бэлгийн халдашгүй байдал, эрүүл мэндэд халдах, заналхийлсэн, сүрдүүлсэн гэх үйлдлээр шалгуулахаар цагдаад хандаад байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХЭҮК: Ц.Анандбазар таныг тайлбар хийхийг зөвлөж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс мэдээлэл хүргэж байна.

Иргэн С нь нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цахим орчинд мэдээлжээ. Энэ мэдээллээс үүдэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг, заналхийлдэг гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байна.

Монгол Улсын хууль тогтоомжинд заасны дагуу тодорхой хувь хүн эрх бүхий байгууллагад албан ёсоор гомдол ирүүлсний дараа хэргийг мөрдөн шалгах, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа хийгддэг. Иймд хохирсон гэх иргэд Хүний эрхийг Үндэсний Комисс болон цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирүүлэхийг, хамтран ажиллахыг уриалж байна.

Хохирсон гэх иргэд Хүний эрхийг Үндэсний Комисс болон цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирүүлэхийг, хамтран ажиллахыг уриалж байна.

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гарсан эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, бэлгийн дарамт учруулсан, заналхийлсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг шуурхай шалгаж, үр дүнг Хүний эрхийн Үндэсний Комисс, олон нийтэд танилцуулахыг цагдаа, прокурорын байгууллагаас шаардаж байна. Эдгээр гомдол, мэдээллийг шалгах, гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангаж буй байдалд Хүний эрхийн Үндэсний Комисс хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд идэвхтэй хяналт тавьж ажиллах бөгөөд эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаарх саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах болно.

Цахим орчинд гарч байгаа гомдол мэдээллийн талаар байр сууриа илэрхийлэх, тайлбар хийхийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Танд зөвлөж байна.

УИХ-ын гишүүний холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн талаарх иргэдийн мэдээллийг хууль тогтоомж, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасны дагуу нээлттэй хэлэлцэж, мэдээлэл үндэслэлтэй нь тогтоогдсон тохиолдолд хохирогчдыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын хорооноос хүсч байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс