Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Apple болон Google компанитай хамтран “COVID-19 ERSDEL” системийг нэвтрүүллээ

Улсын Онцгой Комиссоос Apple болон Google компаниуд хамтран зохион бүтээсэн Exposure Notification системийг Монгол Улсад монгол болон англи хэл дээр “COVID-19 ERSDEL” нэрээр монголчуудад ашиглах боломжийг E-Mongolia-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүлжээ.

Энэхүү системийг ирэх даваа гарагаас буюу дөрөвдүгээр сарын 19-өөс ашиглаж эхэлнэ

“COVID-19 ERSDEL” систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай.

COVID-19 ERSDEL систем нь:

  • Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх шаардлагатай бөгөөд гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
  • Тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
  • Хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
  • Дата унахгүй
  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

Хэрвээ та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Төрийн албан хаагчид өглөө 08:30 цагаас өмнө, орой 17:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцоно” гэв

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 9-15-ны хооронд иргэдээс нийт 2980 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.05 минут секунд байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 254 иргэн хандсанаас 104 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 150 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа зарим асуултад хариулт өглөө.


-Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг ямар зохион байгуулалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулж байгаа вэ?

-Засгийн газрын 2021 оны 45, 91 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 02 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/265 дугаар захирамжийн хүрээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ өдрүүдэд төрийн байгууллагын албан хаагчид 10 хуваарь ажиллаж, албан хаагчдын тээврийн хэрэгслийг Тээврийн цагдаагийн албаны нэгдсэн системд оруулан, өглөөний 08:30 цагаас өмнө, орой 17:00 цагаас хойш гэр, ажлын хооронд явах чиглэлд хөдөлгөөнд оролцуулж байна. Хүнсний ачаа тээвэр, ковидын үед ажиллах эмч, эмнэлгийн ажилтны тээврийн хэрэгслийг улсын, хувийн гэж ялгалгүй, хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 чиглэлийн ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийг хуанлийн өдрөөр автомашины дугаарын тэгш, сондгой тоогоор төгссөнөөр замын хөдөлгөөнд оролцуулж байна. Иргэд эрүүл мэндээ дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо агаар салхинд гарах боломжтой.

-Иргэд ПСР шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ. Шинжилгээний цэгүүд

  1. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль,
  2. Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль,
  3. Баянгол дүүргийн 13 дугаар сургууль,
  4. Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон,
  5. Сонгинохайрхан дүүрэг 5 шарын Номин агуулахын гадна талбай,
  6. Баянзүрх дүүрэг “Тэнгэр” плаза гадна талбайд ажиллаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд eruul.gerege.mn сайтаас цаг авсан иргэдийн цагийг цуцалсан.

-Гэрийн тусгаарлалтын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Ойрын хавьтал болсон иргэдээс ПСР шинжилгээг гурав болон найм дахь хоногт дүүргийн хариу арга хэмжээний тандалтын баг гэрээс нь очиж авч байна. Зайлшгүй шаардлага /Коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн, биеийн байдал муудсан/-тай нөхцөлд иргэд өрхийн эмчтэйгээ холбогдоно. Дуудлагын дагуу бэлтгэгдсэн баг гэрт нь очиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Бүх дүүрэгт зөвлөх эмч нарын баг байгуулсан бөгөөд өрхийн эмч нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

-Дархлаажуулалтын ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 60-аас дээш насны /эрүүл мэндийн 4, 5 дугаар бүлэг/ иргэдийг хамруулах ажлын хүрээнд дархлаажуулалтын есөн суурин цэг, 16 баг, 125 эмч, эмнэлгийн ажилтан, улаан загалмайн нийгэмлэгийн 36 ажилтан, 18 жолооч, нийт 179 албан хаагч, иргэдийг 18 автобусаар тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Дүүргүүдийн дархлаажуулалтын цэгийн байршил:

  1. Баянзүрх дүүрэг 133 дугаар сургууль,
  2. Баянгол дүүрэг 20 дугаар сургууль,
  3. Багануур дүүрэг Эрүүл мэндийн төв,
  4. Чингэлтэй дүүрэг Аврагч спорт хороо,
  5. Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр сургууль,
  6. Сүхбаатар дүүрэг 11 дүгээр сургууль,
  7. Хан-Уул дүүрэг Монгол Солонгос коллеж,
  8. Багахангай дүүрэг Эрүүл мэндийн төв,
  9. Налайх дүүрэг Эрүүл мэндийн төв

Хөл хорионы үед нийтийн тээвэр ямар маршрутаар ажиллаж байна вэ?

-Нийтийн тээврийн хөдөлгөөнийг тусгай горимд шилжүүлсэн. Өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж байна. Нийтийн тээврийн 98 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 679 автобус үйлчилгээнд явж байгаа.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшлогдов

Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 855 иргэн коронавирусийн эсрэг вакцин тариулжээ

Өчигдөр Улаанбаатар хотод есөн цэгт нэгдүгээр тунд 849, хоёрдугаар тунд 6, нийт 855 иргэнийг дархлаажуулсан байна.

Ингэснээр нийслэлд вакцинжуулалт эхэлснээс хойш дархлаажуулалтад 496470 иргэн хамрагджээ.

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 495478 иргэн, хоёрдугаар тунд 850 иргэн хамрагджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дээд болон Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд коронавируст халдварын тохиолдол батлагдаж шүүхийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл зогсоосон байна.

Энэ хугацаанд шүүхийн байранд ариутгал халдваргүйтгэл хийж, шүүгчид болон шүүхийн Тамгын газрын ажилтнууд гэртээ тусгаарлагдан халдвар хамгааллын дэглэмээ баримтллан, тандалт шинжилгээнд хамрагдахаар болжээ.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсон учир өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарлах болсон байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн Харидвар хотноо Кумб Мела шашны баяр болж, гурван сая сүсэгтэн Ганга мөрөнд оржээ

-ТОВЧХОН-

Энэтхэгийн Харидвар хотноо Кумб Мела шашны баяр болж, гурван сая сүсэгтэн Ганга мөрөнд оржээ. Ганга мөрний усыг ариун гэж итгэдэг агаад гэм нүглээ цайруулах үүднээс ийн усанд ордог заншилтай. Баярт оролцсон иргэдийн дийлэнх нь коронавирусийн шинжилгээнд хамрагдаагүй байж. Тэд халдвар хамгааллын дэглэмийг зөрчин, бөөнөөрөө усанд орсон байна. Үүний улмаас хэдэн зуун сүсэгтэн ковидоор халдварлажээ.

l l l

Европын холбоо ирэх таван жилийн хугацаанд гишүүн орнуудын эдийн засгийг сэргээх зорилгоор нэг их наяд ам.доллар орчим бонд гаргахаар төлөвлөж байна. Тус байгууллагын Удирдах зөвлөлийн мэдэгдсэнээр эхний бондыг долдугаар сарын эхээр арилжаална. Тухайлбал, 957 тэрбум ам.долларын бондын гуравны нэг нь “Ногоон бонд байх гэнэ. Бондыг тогтмол арилжаалах агаад хугацаа нь 3-30 жил байхаар тооцоолжээ.

l l l


Умард Солонгост пүрэв гаригт Нарны өдөр болж байна. Энэ өдөр нь БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч, удирдагч Ким Ир Сений мэндэлсний 109 жилийн ойтой давхцаж буй юм. Баярыг өргөн тэмдэглэх зорилгоор бэлтгэл ажлыг хэдэн өдрийн өмнөөс хангаж эхэлсэн байна. Умард Солонгост Нарны баяр болж буй мэдээллийг өмнөд хөрш нь баталжээ. Ойн баяраар нийслэл Пхеньян төдийгүй тус улсын өнцөг булан бүрт олон тооны концерт тоглож, спортын арга хэмжээнүүдээс гадна БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений амьдрал болон олон амжилтыг харуулсан үзэсгэлэнг дэлгэжээ. Мөн баярын өдөр олон үйлдвэрт ёслолын арга хэмжээг зохион байгуулсан талаар Нодон Синмун сонинд мэдээлсэн байна.

l l l

ОХУ-д хүний цусан дахь коронавирусийн эсрэг биетийг тоолох тестийг бүтээжээ. Энэ нь халдвар авсан болон халдвар тээгчтэй харьцсан тохиолдлыг илрүүлэх зорилготой аж. Уг сорилд зөвхөн өвчилсөн гэлтгүй эрүүл хүмүүс ч хамрагдах боломжтой юм байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дээрх тест бүхий тогтолцооны мэдрэх чадвар нь өндөр тул цусны ийлдсэнд агуулагдах эсрэг биетийн хэмжээ бага байсан ч тоолох боломжтой. Иммуноглобулин IgG эсрэг биетийг нарийвчлан тоолж буй нь эмнэл зүйн туршилтаар мөн тогтоогджээ.

l l l


Хятадын “Huawei” компани нь “Нuawei Inside” нэртэй салбар брэнд үүсгэжээ. Тус салбар нь автомат жолоодлоготой автомашин хөгжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм. “Huawei” компани нь “HI” загварын автомат жолоодлоготой автомашин бүтээхээр зорьж байна. Энэ нь “Tesla” брэндтэй харьцуулахад загварын хувьд илүү байх аж. Мөн 1000 км замыг автомат жолоодлогын горимоор туулах хүчин чадалтай байх гэнэ. Шинэ загварыг бүтээхдээ “Huawei” компани өөр гурван компанитай хамтрахаар тохиролцсон юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн шөнө хоёр удаа газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд урд шөнө 00:42 цаг болон 03:46 цагуудад хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, хороо багийн “Хачим” гэдэг газар 04.16-ны өдрийн 00:42 цагт 5.1 магнитуд, 03:46 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ө.Шижир: Монгол Улс эрх зүйт төртэй ардчилсан улс мөн юм бол Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж таарна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцлаа.


-Та манай сонинд анх удаа ярилцлага өгч байна. Чуулганы танхимд та нэлээд ширүүн шүүмжлэл хэлж байр сууриа илэрхийлж олонтаа мэдэгдэл, мэдээлэл хийсэн байдаг. Сүүлийн үед улс төр нэлээд бужигнаж байх шиг байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар одоо ямар ажилд төвлөрч ажиллаж байна вэ?

-Ажлаа хүлээж авснаас хойш анх удаа өдөр тутмын хэвлэлд ярилцлага өгч байна. Чуулганы танхимд бол УИХ-ын гишүүдийн асуусан асуулт, мөн хэлэлцэж байгаа зүйлтэй холбогдуулан ЕТГ-ын даргын хувьд байр сууриа илэрхийлдэг. Хурц ч юу байхав. Тухайн хэлэлцэж буй асуудлыг хэт мушгин гуйвуулж, улстөржүүлж байгаад шүүмжлэлтэй хандсан маань тэгж санагдсан байх. Улс төр бужигнаж байгаа ч төрийн ажил явдгаараа явах ёстой. Манай Тамгын газар бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба байдаг. Энэ утгаараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба ч гэх юм уу бусад хамаарал бүхий байгууллагуудаас өөр. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөөг боловсруулах, холбогдох ажил, арга хэмжээг хариуцан гүйцэтгэх, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчид туслалцаа үзүүлэх зэрэг цомхон мэт боловч маш өргөн хүрээний ажлыг хариуцдаг.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлж томилох тухай УИХ-ын шийдвэрт хориг тавьсан ч хүлээж авсангүй. Энэ талаар таны байр суурь?

-Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг. Ерөнхийлөгч энэхүү хоригоороо Улсын Их Хурлаас Үндсэн хууль болон бусад хуулийг биелүүлж ажиллахыг шаардсан. Харамсалтай нь Улсын Их Хурал хүлээж авсангүй. Энэ нь таны түрүүн хэлсэн шиг улс төр бужигнаж байгаатай, угтаа улс төрийн нам төрийн дээр гарч будлиан хутгаж байгаатай л холбоотой. Би залуу хүний хувьд сүүлийн үед өрнөж буй зарим нэг зүйлд их санаа зовниж байгаа. 2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралыг засна, үр дүн гарна гэдэгт Монголын ард түмэн итгэж, найдаж байсан. Тэгж ч сурталдсан. Харамсалтай нь эрх баригчид иргэд, сонгогчдынхоо энэ их итгэлийг хөсөрдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг улам төгөлдөржүүлж, амилуулах ёстой салбар хуулиудаа зөвхөн өөрсдийн явцуу эрх ашиг, сонирхолд нийцүүлэн баталж, засагдах ёстой завхрал, гажуудлыг улам төгөлдөржүүллээ.

Тухайлбал, Ерөнхийлөгч хоригтоо “Улсын дээд шүүх бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүртлээ, гагцхүү Үндсэн хуулинд захирагдаж ажиллах ёстой Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан үүсгэх хэмжээнд очтолоо, гаргасан шийдвэрээ албажуулж чадахгүй болтлоо улс төрийн нөлөө дарамтад орж, хараат бус байдлаа алдаж байна” гэдгийг тодотгож, эрх баригчдын хууль тогтоох эрх мэдлээр дамжуулан орж байгаа улс төрийн дэглэмийн талаар маш тодорхой хэлж сануулсан. Энэ бол бүхний нүдэнд ил болж байгаа үйл явдал шүү.

-Цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөхдөө Улсын Их Хурал хуулийн ямар зөрчил гаргав. Энэ талаар тодруулахгүй юу.

-Ерөнхийлөгчийн хоригт тодорхой дурдагдсан. Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхийн санал болгосноор томилж, энэ гурван субьектийн гаргасан саналаар Улсын Их Хурал эгүүлэн татах буюу чөлөөлдөг. Үүнээс өөр хууль байхгүй.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нар нэг өдөр, Улсын Их Хурлын нэг тогтоолоор нэгэн зэрэг томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь мөн нэг өдөр нэгэн адил дууссан байдаг. Гэтэл Улсын дээд шүүх энэ хоёр хүний оронд дараагийн хүнийг санал болгохдоо хоёр биш нэг хүн явуулж, тэгэхдээ хэнийг нь чөлөөлөхөө Улсын Их Хурал өөрөө мэд гэсэн тал зассан маягийн санал ирүүлснээс хуулийн зөрчил, маргаан үүссэн гэж үзэж болно. Зүй нь Улсын дээд шүүх тэрний оронд энэ хүнийг санал болголоо гэдгээ тодорхой хэлэх ёсой. Хууль нь ч тийм.

-Улсын дээд шүүх тодорхойгүй, тал зассан санал ирүүлдэг юм байж. Тэгвэл Улсын Их Хурал энэ хоёр хүнээс хэнийг нь хэрхэн яаж сонгож чөлөөлөв гэдэг нь сонирхолтой байна.

-Улсын Их Хурлын гишүүд их гоё, гоё тайлбар хийдэг юм билээ. Энэ асуудал дээр ч мөн гоё тайлбараа хийсэн. Гэхдээ цагаан дээр хараар бичсэн хуулийнхаа эсрэг. Тухайлбал, гишүүд Ш.Цогтоог төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу түрүүлж чөлөөлж байгаа гэх мэт тайлбарыг хийсэн. Харамсалтай нь тийм биш.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гээд заачихсан.

Хуулийн энэ зохицуулалт Цэцийн гишүүнийг Улсын Их Хурал дур зоргын байдлаар сонгож чөлөөлөхгүй гэдгийг нэгдүгээрт маш тодорхой хэлж байгаа. Хоёрдугаарт, Цэцийн гишүүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн ч гэсэн анх илгээсэн байгууллагынх нь саналаар чөлөөлнө гэдгийг мөн тодорхой хэлж байгаа юм.

Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын дээд шүүх санал болгож томилуулсан. Тиймээс Улсын дээд шүүхийн саналаар хэн нэгнийг нь чөлөөлөх ёстой байлаа. Энэ талаасаа Үндсэн хууль, саяхан батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль,Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль бүгд зөрчигдсөн.

Та анзаарч байгаа бол сая миний дурдсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд Цэцийн гишүүнийг чөлөөлүүлэх саналыг Хууль зүйн байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлт гаргана гэсэн байгаа биз. Энэ ажиллагаа ч хийгдээгүй. Ийм байж болох уу?

-Үүний цаана юу нуугдаж байна?

-Харин та юу гэж бодож байна.

-Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй, эрхгүй гэсэн маргаан өрнөж байгаа. Үүнтэй холбоотой байж болох уу?

-Тодорхой л зүйл. Цэцийн гишүүн нь Үндсэн хуулиа зөрчин барин маргаан үүсгэж байгаа, Цэцийн бага суудлын хуралдаан нь гацаж байгаа, гаргасан шийдвэрээ албажуулж чадахгүй байгаа, Улсын дээд шүүхээс хоёр хүний оронд нэг хүн санал болгож байгаа, Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр хүнээс Ш.Цогтоо гэдэг хүнийг сонгож чөлөөлж байгаа, шинээр томилогдсон хүнийх нь шийдвэр гаргаж байгаа гэх зэрэг үйл ажиллагаа, эдгээрийн уялдаа холбоог бодоод үзэхэд тэнэг хүн ч ойлгохоор.

Би бол хуульч хүн биш. Гэхдээ энэ бүх үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцэхгүй, эрх зүйт төрийн ёсонд огт зохицохгүй гэж үзэж байгаа. Нөгөө засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх нь хаачив, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэсэн нь хаачив. Ийм байж болох юм уу?

-Х.Баттулга Ерөнхийлөгчийн нэр дэвших асуудал хэрхэх бол. Та юу гэж бодож байна. Энэ бүхнийг давж гарч чадах болов уу?

-Өнөөдөр Монгол Улс эрх зүйт төртэй, аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж чаддаг ардчилсан улс мөн юм бол Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж таарна. Магадгүй Үндсэн хуулийг нэг хүнд зориулсан мэтээр тайлбарлаж, 2017 оноос ухраан үйлчлүүлж, түүнийгээ төрийн эрх мэдлээр далайлган зөвшөөрүүлж, дарангуйлан баталгаажуулах юм бол хэрхэхийг би мэдэхгүй.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй мэтээр ойлгуулах зорилтод маргааныг үүсгэж, мөнгө цацаж, олон нийтийг төөрөгдүүлэх пиарыг тодорхой хүн, хүчээ нэгтгэсэн нам, улч төрчид чамгүй явуулж байгаа.Мэргэжлийн хуульчид “Энэ болүүнийг хуулийн маргаан биш, улс төрийн маргаан” гэж дүгнэдэг юм байна лээ.

Зүгээр л иргэддээ сонгох эрхийг нь сонголттой нь өг л дөө.

-Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж чадахгүй болбол ард түмэн хэрхэн хүлээж авах бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт иргэдийн саналаар сонгогддог цорын ганц албан тушаалтан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын хэсгийг даргалж, тухайн нэмэлт, өөрчлөлтөд гарын үсгээ зурж, ёсчлон баталгаажуулсан Ерөнхийлөгчийнхөө үндсэн эрх, эрх чөлөөг хурааж авч байгаа эрх баригчид цаашид юу ч хийж чадна гэсэн үг. Зөвхөн үүний эсрэг л иргэд нэгдэнэ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гацаанаас нь гаргаж, манлайлал үзүүлж, гарын үсгээрээ баталгаажуулсан хүний эсрэг нөгөө нэмэлт, өөрчлөлтийг нь үйлчлүүлж, Та гарын үсэг зурсан нэмэлт, өөрчлөлтөөрөө нэр дэвших эрхгүй болсон шүү дээ гэж хэлж чадаж байгаа нь дэндүү басамжлал юм шиг санагддаг. Нуугаад яахав.

Ерөнхийлөгчийн сүүлийн үед явуулж буй бодлого нь нийт ард түмний өмч болсон байгалийн баялгийг хэдхэн гэр бүл эзэмшдэг, үр ашгийг хүртдэг байдлыг бүрэн халъя, баялгаа улс орны хөгжил, ард иргэдийнхээ ахуй амьдралд хүртээлтэй болгоё гэдэгт чиглэсэн хийх ажил нь дуусаагүй байгаа. Ийм байхад өөрөө өөрийгөө улс төрөөс гаргах хуульд гарын үсэг зурах уу.

-Ер нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчид сөрөг хүчин шиг гадуурхагдаж байгаа талаар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд өмнө нь мэдэгдэж байсан. Энэ тухайд дэлгэрүүлж асуумаар байна?

-Дэлгэрүүлж ярихад ичмээр зүйл. Манай Тамгын газрын ажилтнууд улс төрд ямар ч хамаагүй шүү дээ. Төрийн л албан хаагчид. Зөвлөхүүд худлаа яриагүй.

-Улс оронд “Ковид-19” вирусийн тархалт нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрч, мөн эдийн засаг уналтад орсон байна. Үүний хүрээнд Ерөнхийлөгч иргэн бүрт нэг сая төгрөг өгөх санал гаргаж байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх улсад мөнгө байхгүй байна гээд саналыг хүлээж аваагүй. Харин саяхнаас иргэн бүрд 300 мянган төгрөг өгч эхэллээ. Энэ тухайд?

-Үнэнд гүйцэгдэж байна. Улс орнууд энэ цар тахлын хямрлаас иргэд болон эдийн засгаа авархад зөвхөн энэ аргыг л хэрэглэсэн. Ерөнхийлөгчийн санал бол олон улсын туршлагаас улбаатай юм. Ерөнхийлөгч Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор болсонд сайшаалтай хандаж байгаа.

Үүнийг хатуу хөл хорио тогтоож иргэн, ААН-ийн үйл ажиллагааг хязгаарласныхаа төлөө төрөөс өгч буй нөхөн олговор гэж ойлгох нь зүйд нийцнэ. Засгийн газрын шийдвэр бол энэ зүй ёсны үүргээ л хэрэгжүүлж буй хэрэг. Дэлхийн олон улс орон хөл хорио тогтоож иргэдээ ажил, орлогогүй байлгасныхаа төлөө нөхөн олговрыг цаг алдахгүй олгосон байдаг. Тухайлбал АНУ, Өмнөд Солонгос одоогийн байдлаар дөрвөн удаа нөхөн олговор олгоод байна.

Ерөнхийлөгч мөнгө байхгүй гэдгийг бол зүгээр л шалтаг, улсын төсөв, татвар төлөгчдийн хөрөнгөд эрх баригчид гамгүй хандсан гамшиг л гэж үздэг. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш улсын төсөвт байнга хориг тавьсан. Гол шаардлага нь хэрэгггүй зардлаа тана, төрийн байгууллага, албан тушаалтнууд тансаглалаа зогсоо, хөдөө аж ахуйн парк ч гэдэг юм уу тийм үр ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүл гэдэгт байсан. Харамсалтай нь эрх баригчид огт сонсоогүй.

Өнөөдөр мөн л дараагийн боломж, хувилбарыг санал болгож байгаа. Эдийн засгаа сэргээхэд иргэн бүрд 300,000 төгрөг өгөөд зогсох нь учир дутагдалтай байна. Оффшор бүсэд буй 4 их наяд төгрөгийг оруулж ирэхэд хамтран ажиллая, 4 их наяд төгрөгийг энэ оны наймдугаар сар хүртэл нэг ёсондоо бүх иргэдээ вакцинжуулж, цар тахлыг бүрэн ялах хүртэл хугацаанд сар бүр өрх бүрд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлье, үүгээр ард иргэдийнхээ ахуй амьдралыг дэмжье, айл өрхөөрөө дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлье гэдэг саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Энэ бүхнийг цогцоор нь харж чадвал эдийн засгаа аврах олон боломжийг олж харна.

Харамсалтай нь дахиад л бүтэшгүй гэх мэтээр шүүмжилж байна. Анх сая төгрөг өгье гэхэд гарч байсан шүүмжлэл л дээ. Гэхдээ өнөөдөр өгч байна. Ингээд бодох хэрэгтэй.

Бид өнөөдөр дэлхий нийтийн адил цар тахлын хүнд цаг үеийг туулж байна. Хүн амын гуравны нэг нь ядууралд нэрвэгдсэн, ААН-үүд хаалгаа барихдаа тулсан, экспорт үлэмж хязгаарлагдсан, ажлын байр цомхотгогдсон ийм үед төр нь ард иргэдээ зайлшгүй дэмжиж, хүнд үеийг туулна.

Хэрэв энэ хүнд цаг үед улстөржиж, тэмцэлдвэл эдийн засгаа улам доройтуулаад зогсохгүй ард түмний амь амьдрал үлэмж хохирно. Нийгмийн стресс, иргэдийн бухимдал их байна. Тиймээс ард түмнээ стресс бухимдал, ядуурлаас гаргахын тулд зөвд зөөлөн, бурууд хатуу бодлого үгүйлэгдэж байна шүү.

-Ерөнхийлөгч өмнө нь төсөвт бүхэлд нь хориг тавьсан ч хүлээж аваагүй. Ер нь олон удаа хориг тавьсан Улсын Их Хурал хүлээж авдаггүй. Ерөнхийлөгч албаар хүлээж авах боломжгүй хориг тавиад байдаг юм уу гэж иргэд асууж байсан. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Ерөнхийлөгчийн хориг бол Улсын Их Хурлын алдаатай буруу шийдвэрт хориг тавих замаар тухайн шийдвэрийг эргэн харах, засч сайжруулах боломж, гарцыг олгодог ач холбогдолтой.Ерөнхийлөгчийн хоригууд бүгд үндэслэл, шалтгаантай, ард иргэдийн эрх ашгийг бодсон байдаг.

Нэг зүйлийг онцлоход, УИХ-ын гишүүн нэг тойргоос сонгогдож, тойргийн иргэдээ төрд төлөөлдөг бол Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт ард түмнийг төлөөлөн сонгогддог. Ингэхээр нийт ард түмнээ төлөөлсөн Ерөнхийлөгчийн хоригийг УИХ ард түмний дуу хоолой гэдэг өнцгөөр хааяа ч гэсэн бодолцож үзэх учиртай. 2021 оны улсын төсөвт Ерөнхийлөгч яагаад хориг тавьсан бэ?

Яагаад гэвэл дэлхий нийт цар тахлын оргил үеийг туулж байна. Энэ цаг үед байшин, музей, соёлын ордон барихад төсөвлөсөн зардлаа 2021 онд тэвччих! 2020 оны улсын төсөвт төсвөө батлуулаад улсад хүлээлгэж өгөх ёстой 160 орчим барилга байгууламж 2021 оны улсын төсөвт төсвөө нэмэгдүүлээд нийт дүнгээр 170 орчим тэрбум төгрөг суулгасан байх жишээтэй. Гэтэл төсвийн сахилга бат гэж байдаг бол энэ 170 орчим тэрбум төгрөгөөр вакцинаа захиалсан бол өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэх үү гэдгийг бодох л асуудал. Бид энэ асуудлыг тухайн үед маш их ярьж, хоригоо хамгаалсан ч огт тоогоогүй.

Гэтэл өнөөдөр хар л даа. Вакцин захиалах мөнгийг төсөвт суулгаагүйн үр дүн гарч илэрч байна. Халдвар авсан иргэдийг яаж буруутгах юм бэ? Тэд чинь амьдрахын төлөө хуруу хумсаа хугалан, ажлаа хийж байна. Би хэн нэгнийг буруутгах гэсэнгүй ээ. 12 дугаар сард төсвийн тухай хуульд тавьсан хоригын үеэр л ярьсан юмаа хэлж байна.

-Ерөнхийлөгч вакцин авах асуудалд анхаарлаа хандуулсаар ирсэн. Одоо иргэдээ вакцинжуулах асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Дээр хэлсэнчлэн төсөвт өнгөрсөн жил хориг тавихдаа л Ерөнхийлөгч иргэдээ хурдан вакцинжуулъя, вакцины зардлыг төсөвт суулгая гэдэг бодлогоор хориг тавьсан. Хоригийг хүлээн аваагүй тул энэ жилийн хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу Цагаан сарын битүүний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд захидал бичиж Спутник вакцины тусламж хүссэн. Бид энэ захидлаа тухайн үед улс төрийн шоу хийж, олон нийтэд зарлаагүй. Зарлах ч шаардлагагүй байсан. Хамгийн гол нь ажил цаагуураа зогсолтгүй явж байдаг юм шүү. Хамгийн сүүлд буюу дөрөвдүгээр сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй утсаар ярихад тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг хоёрдугаар сард хүлээн авснаа хэлээд, ОХУ-ын зүгээс хоёр орны түүхэн уламжлалт харилцаагаа хүндэтгэж, Спутникээр хангах ажлыг эрчимжүүлэх төдийгүй Монголд вакцины үйлдвэр барих ажлыг Ажлын хэсэг гарган дэмжих ажиллахаа илэрхийлсэн.

-Мөн Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Энэ байр суурь одоо ямар байгаа бол?

-Зөвхөн Шүүхийн тухай хуулиас гадна Авлигын эсрэг хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ерөнхийлөгч хориг тавьж байсан.Эдгээр хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хараат бус байх ёстой, төрийн эрх мэдлийг хянах, тэнцвэржүүлэх чиг үүргээ гүйцэтгэх ёстой Авлигатай тэмцэх газар, шүүх засаглал, орон нутгийн засаг захиргааг бүхэлд нь нэг гарт төвлөрүүлсэн.

Эрх зүйт төртэй улс орнууд шүүх эрх мэдэл нь хууль тогтоох эрх мэдэлтэй холбогдвол иргэний амьдрал, эрх чөлөөнд дур зоргоор халдаж, дарангуйлал тогтоно гэж үздэг юм байна лээ. Хяналт, тэнцвэр алдагдсан хязгааргүй эрх мэдэл нэг цэгт төвлөрвөл өнөөгийн Монголын нийгмийн гажиг засагдах биш, улам ужгиран дархлагдах нь гарцаагүй.

-Ардчилсан намын дотоод асуудал хоёр тамгатай, хоёр даргатай мэт тодорхойгүй байдалтай байна. Ардчилсан нам дотоод асуудлаа шийдэж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй харагдаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ намаас нэр дэвших эсэх асуудал хэрхэх бол гэдэг нь олны анхааралд байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Ардчилсан намыг зохион байгуулалттайгаар задалж, хоёр тамгатай хоёр даргатай болгож байна. Одоогийн Ерөнхийлөгчийг дахин дэвшүүлэхгүйн тулд улс төр бизнесийн нөлөө бүхий хүмүүс эхлээд Үндсэн хуулийн Цэц дээр унагаана, болохгүй бол намыг нь хоёр хувааж байгаад сонгуульд дэвшүүлэхгүй байлгах эртнээс бэлдсэн зураглал. Энэндээ манай намын нэр бүхий хүмүүсийг л ашиглаж байна гэж харж байна.

Бусдаар бол АН гишүүд, дэмжигчид хоёр хуваагдаагүй, нэг цул байгаа гэдгийг саяхан бид харлаа шүү дээ. Бусдын үгэнд ороод өөрийн орон байраа шатааж, гэр орноо түйвээх зориг тийм ч олон хүнээс гарахгүй дээ. Тэр хүнээ л олж аваад хэрэгжүүлж байна гэж харж байна.

Categories
мэдээ спорт

М.Дөлгөөн Ази тивийн аварга болж, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртлээ

“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс эмэгтэйчүүдийн 55 кг-д үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин, алтан медаль хүртлээ.

“Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Шоовдор 59 кг-д мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрбээр Ази тивийн АШТ-д 2014 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан юм. Харин энэ удаа хэсэгтээ Энэтхэгийн Сарита 5:4-өөр, эзэн орны Диана Каюумоваг 13:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10:0-ээр тус тус ялсан.

1 хүн, playing a sport болон дотор гэх мэтийн зураг байж болно

Улмаар шигшээ барилдаанд зоондоо ялсан, өнгөрсөн жилийн Азийн аварга, Энэтхэгийн Саритатай дахин таарч, 7:10-аар харамсалтай ялагдал хүлээлээ. Тэрбээр 7:1-ээр илүүрхэж явсан ч барилдааны төгсгөлд дөрвөн оноо алдаж, алтан медалиа өрсөлдөгчдөө өгч орхилоо.

Ази тивийн 2020 оны АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа амжилтаа ахиулж мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Энэтхэгийн Нишаг цэвэр, БНСУ-ын Жёон Ун Суныг 4:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг оноогоор цэвэр /10:0/ ялсан.

Харин алтан медалийн төлөөх барилдаанд Дэлхийн цомын аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн 3 удаагийн аварга, Киргизийн Меерим Жуманазаровад 1:6-гаар ялагдлаа. Ийнхүү эхний өдөр Монголын 5 бөхөөс нядхан нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Өлзийбаяр: Төр иргэдээ 26 хувийн шимтгэл болон татвараар давхар цөлмөж байна

Тэтгэврийн реформ хөдөлгөөн”-ий санаачлагчийн нэг, эдийн засагч Б.Өлзийбаяртай нийгмийн даатгалын шимтгэл тойрсон сэдвээр ярилцлаа.


Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, 26 хувьд хүрээд байна. Үүнийг төрөөс Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахын тулд зайлшгүй авах арга хэмжээ хэмээн тайлбарлаж байгаа.Нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Өнөөдөр тогтолцоо нь буруу байна гэж хэлээд байхад механик аргаар хүчээр шийдэх гээд оролдож байна. Энэ механик арга нь шимтгэлийн хувь хэмжээг нэмэх, эсвэл тэтгэврийн насыг хойшлуулах гэсэн хэлбэртэй явж байна. Гол нь тогтолцоо нь буруу, ямар ч үр өгөөж өгдөггүй учир шимтгэл нэмсэн ч бид ёроолгүй сав руу мөнгөө хийгээд байгаатай адил юм. Ирээдүйд тэтгэвэрт гарахад тус сан нь баталгаатай юу, хуримтлал үүсч байна уу гэхээр үгүй. Тиймээс эхлээд тогтолцоогоо өөрчлөх ёстой. Үүний дараа шимтгэл нэмэх эсэх асуудлыг ярих учиртай.

Тэтгэврийн реформ хийх асуудлаар олон жил ярьж байгаа ч улстөрчид Нийгмийн даатгалын санг улс төрийн зорилгоор ашиглахыг илүүд үзсээр ирсэн тул зоримог шийдвэр гаргахгүй байна уу гэж харагддаг. Та хэрхэн харж байна вэ?

-Би гайхаж байна. Энэ олон жил явахад уг чухал асуудал руу салбарын яам болон холбогдох төрийн албан тушаалтнууд яагаад анхаарал хандуулаагүй юм бэ. Энэ бол эв санааны зарчим дээр суурилсан сан юм. Ингээд алдагдал үүслээ гээд даатгал төлөгч иргэдийн шимтгэлийг нэмээд, тэд хохироод яваад байна. Харин шимтгэл төлдөггүй, халамжаар амьдардаг шимэгч анги нөгөө талд нь бий болсон. Төлж байгаа нь хохироод, төлөөгүй нь хожоод үлддэг систем байж болохгүй. Засаглал нь шударга байх ёстой. Би төлж байгаа бол өгөөжөө хүртэх ёстой. Уг систем рүүгээ оръё. Төрөөс баталгаа өгч байгаа нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан гэж байх ёстой. Гэхдээ хувь хэмжээг нь эргэж ярих учиртай. Аль юм болгон социалист сэтгэлгээгээр явах юм бэ. Би төлж байгаа шимтгэлийнхээ үр өгөөжийг өөртөө хүртмээр байна. Түүнээс биш ажил хийх дургүй, халамжаар амьдардаг шимэгч ангийг би тэжээмээргүй байна. Тэгэхээр хувийн тэтгэврийн санг бий болгооч ээ. Өөрөөр хэлбэл, халамж биш, хуримтлалын тэтгэврийн систем рүү ормоор байна.

Мэргэжлийн хүмүүс нь удирддаг хөрөнгө оруулалтын санд нь өөрийнхөө нэр дээр шимтгэлээ төлж хуримтлалаа бий болгомоор байна. Сангийн удирдлагууд миний өмнөөс хөрөнгө оруулалт хийгээд өгөөж надад өгч байх ёстой. Тэгэхээр хоёр баганатай тэтгэврийн тогтолцоо руу оръё. Хоёрдугаарт, улсын нийгмийн даатгалын санг улс төрөөс ангид байлгамаар байна. Үүнийг мэргэжлийн хүмүүс удирддаг баймаар байна. Өнөөдөр нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гээд байж байна. Дандаа улс төрийн томилгоо хийнэ. Мэргэжлийн бус хүмүүс удирддаг. “Капитал” банкинд бидний 140 тэрбум төгрөгийг хадгалуулаад алдаж байгаа нь мэргэжлийн бус хүмүүс удирдаж, улс төрийн ашиг сонирхлоор хандаж ирсэнтэй шууд холбоотой. Эргээд ямар ч хариуцлага байхгүй. Хэн нь ямар хариуцлага хүлээсэн юм. Улс төрөөс ангид байлгах дараагийн нэг шалтгаан нь попролт. Тухайлбал, малчид нийгмийн даатгалаа нөхөн төлж тэтгэвэрт гарч болно гэнээ. Энэ бол малчдаас сонгуулийн санал авах гэсэн улс төрийн заль. Яагаад өнгөрсөн хугацаанд шимтгэл төлөөгүй хүн хэдхэн төгрөгийн нөхөн төлбөр өгөөд олон жил үнэнчээр нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн иргэнтэй адил тэтгэвэр авах ёстой юм бэ. Тэдний ачааг мөрөөрөө шимтгэлээ төлж ирсэн иргэн үүрэх ёстой гэдгийг ойлгохгүй байна. Нийгмийн даатгалын санг ингэж улс төрд ашиглаж, попролт хийгээд байх юм бол шимтгэл төлөх хэрэг байна уу.

Нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь байгаа. Энэ нь компани, иргэнд хэр ачаа үүрүүлэх вэ?

-26 хувь гэдэг маш том дүн. Америкт 6.2 хувь байдаг. Америкаас өндөр авч байна гээд бод доо. Манайх залуу орон шүү дээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал төлөгч иргэн хамгийн өргөн хүрээтэй гэсэн үг. Гэтэл энэ цаг үед сан нь алдагдалтай явж, шимтгэлийн хувиа нэмж байгаа юм бол 20-30 жилийн дараа насны харьцаа өөрчлөгдөж, тэтгэвэр авагчдын харьцаа нэмэгдээд ирвэл юу болох вэ. Тэр үед нийгмийн даатгалын шимтгэл 40 хувьд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Цалингийнхаа тал хувийг шимтгэлд өгөөд явуулах нь байна. Тэгэхээр шимтгэл нэмэх бус бүтцийн өөрчлөлтөө эхлээд хийх ёстой. Нөгөө талаас энэ сан бараг нэг их наядын алдагдалтай явж байна. Шимтгэлийн хувь хэмжээг нэмээд цаана нь алдагдал үүсч, улсын төсвөөс нөхөж өгч байгаа байхгүй юу. Тэгвэл улсын төсөв юунаас бүрддэг юм. Татвараас бүрдэнэ. Татварыг ард түмэн,ажил олгогч бүрдүүлж байгаа. Тэгэхээр бид 26 хувиар шимтгэл төлөөд, нэмээд татвараараа давхар төлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид давхар татвар төлж байна. Ингэж тооцвол бодит тоо 26 хувиас хамаагүй их гарна. Ерөөсөө л шимтгэл, татвараар дунд ангиа л мөлжөөд байх юм. Ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгж, дундаж ангиа цөлмөх тогтолцоо руу яваад байна. Ийм байдлаар яваад байвал дундаж анги тогтворжиж чадахгүй. Баян, хоосны ялгаа улам гаарна. Ийм увайгүй, алсын хараагүй төр байж болохгүй.

Г.БАТ