Categories
мэдээ цаг-үе

Халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон эсэхийг мэдэх боломжтой гар утасны систем нэвтэрлээ

Коронавируст халдварын ойрын хавьтал болсон эсэхээ эрт мэдэх боломжтой боллоо. Тодруулбал, УОК Apple болон Google компанитай хамтран хавьтлын эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL системийг Монгол Улсад ашиглах боломжийг бүрдүүллээ. Энэхүү системийг ирэх Даваа гарагаас эхлэн монголчууд ашиглах боломжтой.

Хэрвээ та халдвартай хүнтэй хоёр метрийн зайнд ойр байсан бол таны гар утсанд суусан COVID-19 ERSDEL системд тань халдвар авсан байж болзошгүй талаар мэдэгдэл ирнэ. Энэ үед та гэртээ өөрийгөө тусгаарлан биеийн байдлаа ажиглан, өөрт ойр шинжилгээний цэгт очиж, шинжилгээ өгөөрэй.

Тус системийг дэлхийн 30 гаруй улсын 130 сая хүн ашиглаж байна.

COVID-19 ERSDEL систем нь таны байршил, хувь хүний мэдээллийг боловсруулахгүй, цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй. Өөрөөр хэлбэл таны хэн болох, хэнтэй уулзсан, хаагуур явсан зэрэг хувийн мэдээлэл Apple болон Google компани ч мэдэх боломжгүй юм.

COVID-19 ERSDEL системийг ашиглахын тулд та

  • iPhone утас хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.
  • Android үйлдлийн системтэй утастай бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

Энэхүү системийг ашиглахын тулд та утасныхаа Bluetooth -ийг идэвхжүүлэх шаардлагатай ба таны утас хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэж, өөр хүний утастай тодорхой зайнд ойртох үед утаснууд өөр хоорондоо санамсаргүй тоон дарааллаа солилцоно. Таны хувийн мэдээлэл тэрхүү тоон дарааллаар хамгаалагдсан байх болно.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн халдвараар 70-85 насны дөрвөн иргэн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.04.17) коронавирусийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.


ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 983 шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварын нийт тохиолдол 20655 болсон байна. Сүүлийн хоногт 406 хүн эдгэрч, нийт 11450 хүн эдгэрээд байна. 83 настай эмэгтэй, 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй, 70 настай эмэгтэй тус тус коронавирусийн улмаас нас барлаа.

Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 11450 боллоо. Халдварын улмаас 3131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Хөнгөн 2,060
  • Хүндэвтэр 791
  • Хүнд 223
  • Маш хүнд 57 хүн байна.

“Хүнд өвчтөн нэмэгдэх хэрээр нас баралт нэмэгдэж байна. Манай тасагт яг одоо найман хүн эмчлүүлж байна. Өчигдөр уг нь 10 байсан боловч хоёр хүн нас барлаа. Дураараа өөрсдийгөө эмчлэх гэж оролдсон хүмүүс байна. Дархлаа муутай, суурь өвчтэй хүмүүсийн биеийн байдал амархан хүндэрч байна. Зайлшгүй биш л бол гарах шаардлагагүй. Гарахаар бол халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Сувилагч нар маань 5-7 цагийн турш өвчтөний хажууд байж байна. Covid-19-ийн өвөрмөц эмчилгээ хийхгүй байгаа ч өндөр хөгжилтэй орнуудын хийдэг эмчилгээг л хийж байна. Бид эрчимт эмчилгээний тасагт 14 хоног тасралтгүй ажилладаг. Ажлаа дуусгаад тусгаарлалтад долоон хоног байдаг. Одоо 22 хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй хүн байна. Амьсгалж чадахгүй, амьсгалын аппараттай амьсгалдаг. Нэг өрөөнд гурван өвчтөн байна. Нас баралтын тоо сүүлийн үед өндөр байна” гэж ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж буй эмч н.Болор-Эрдэнэ мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Дархан-Уул аймагт халдвар авсан гурван настай хүүхдийн биеийн байдал хүнд байна

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн коронавирусийн өвчлөлийн тасагт 2021.04.16-ны өдрийн байдлаар 54 хүн хэвтэн эмчлүүлж байна.
54 хүний 5 нь бага насны хүүхэд байгаа бол үүнээс Гурван настай хүүхэд олон хоног халуурч, халуун нь буухгүй, биеийн байдал нь хүнд байгааг АОК-оос мэдээллээ.
Мөн, өндөр настай 1 иргэний биеийн байдал маш хүнд байгааг хэлсэн.
“Гурван настай хүүхдийн халуун нь буурахгүй байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна. Хэдийгээр халдварын тохиолдлуудыг хугацаа алдахгүй тусгаарлаж байгаа боловч халдварын гинжин хэлхээ тасрахгүй үргэлжлэх төлөвтэй байна. Сайн дурын шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрч байгаагаас харахад нийт иргэдийн дунд халдвар их тархсан байна гэсэн үг” гэдгийг Засаг дарга Б.Азжаргал шууд мэдээллийн үеэр иргэдэд анхааруулсан юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 983 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт хүнд 13635 PCR шинжилгээ хийхэд 983 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 895 нь Улаанбаатар хотод, орон нутагт 85 байна. Сүүлийн 24 цагт 4 хүн нас барлаа. 83 настай эмэгтэй, 70 настай хоёр эмэгтэй, 86 настай эмэгтэй нас барж, нийт нас баралт 41 болж байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 20655 боллоо.

Сүүлийн 24 цагт 406 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 11450 болов.

Өнөөдрийн байдлаар 3031 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс хөнгөн 2060, маш хүнд 57 хүн байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн найман эмнэлэгт 111 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч хуваарилжээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар 18 эмнэлэгт 111 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч хуваарилжээ.

Сovid-19 өвчний халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хүчил төрөгчийн аппарат болон хүчил төрөгч өтгөрүүлэгч нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэлд ороод байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 18 эмнэлэгт эхний ээлжинд хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг өгсөн юм.

  • Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв 15 ширхэг,
  • Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг 10,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 6 ширхэг,
  • Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 10,
  • Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг 13,
  • Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв 5,
  • Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг 5,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв 5,
  • Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв 5,
  • Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв 5,
  • Бага-хангай дүүргийн Эрүүл мэндийн төв 5,
  • Сэргээн засах клиник төв 5,
  • Өргөө амаржих Газар 2,
  • Хүрээ амаржих Газар, Амгалан амаржих Газар Энэрэл эмнэлэгт тус бүр 3,
  • Наркологийн эмнэлэг 3,
  • Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төв – II 10ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг хуваарилсан.

Нийслэлийн хэмжээнд хүчил төрөгч өтгөрүүлэгч нь 170 ширхэг байсан бөгөөд 111 ширхэгээр ийнхүү нэмэгдүүлж байна. Covid-19 өвчний цар тахал нэмэгдэж байгаа энэ үед нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслээ хүлээн авсан эмч эмнэлгийн ажилчид баяртай байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЭМЯ

Categories
мэдээ цаг-үе

Гашуунсухайт боомтоор 96 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Өнөөдөр 17:00 цагийн байдлаар арав хүрэхгүй нүүрсний машин  Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нэвтэрчээ

Гашуунсухайт боомтын гарах хөдөлгөөний чиглэлд 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нүүрс тээврийн автомашин 55, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн автомашин ес нэвтэржээ.

Харин орох хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 55, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн автомашин ес тус тус нэвтэрсэн.

Тус боомтоор нийт 96 тээврийн хэрэгсэл гарч, 96 тээврийн хэрэгсэл орж ирэв. БНХАУ-ын талд Монгол улсын иргэн хоноогүй.

БНХАУ руу таван автобусаар 96 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагдсан. БНХАУ-ын талаас улс хоорондын ачаа тээврийн зөвшөөрөл баталгаажаагүй шалтгаанаар гурав, бар кодгүй шалтгаанаар нэг жолоочоос шинжилгээ авалгүй буцаасан байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр 944 иргэн дархлаажуулалтад хамрагджээ

Томуугийн вакцинжуулалт өнөөдрөөс эхэлнэУлаанбаатар хотын хэмжээнд өчигдөр (2021.04.16)-ийн байдлаар нийт 497287 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Одоогоор нийслэлийн 9 цэгт, 16 багийн 125 ажилтан ажиллаж байгаа бөгөөд 60-аас дээш насны зорилтот бүлгийн 944 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

А.Даваадорж: Бид хүсвэл гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болж чадна


Монгол Улсад жил бүр 300 гаруй мянган тонн ган шаардлагатай байдаг аж. Барилгын салбарт өргөн хэрэглэгддэг арматур төмөр гэхэд 150-200 мянган тонны хэрэгцээ үүсч, хоёр хөршөөс импортолж байна. Энэ бүхнийг оруулж тооцсоноор төмрийн худалдаанд жил бүр 300 орчим сая ам.долларыг гадагш нь урсгаж байгаа аж. Тэгвэл дотооддоо гангийн үйлдвэр барих боломжийн талаарҮүр тээлкомпанийн захирал А.Даваадоржтой ярилцлаа.


Манай улс олон жил гангийн үйлдвэр байгуулах асуудлыг ярьж, төлөвлөж ирсэн. Гэвч бодит биеллээ олохгүй байна. Ган боловсруулах үйлдвэр байгуулах нь хэр төвөгтэй үйл явц вэ?

-Гангийн үйлдвэр байгуулах шаардлагатай. Үүний тулд эхлээд аж үйлдвэрийн парк байгуулах хэрэгтэй. нэгдүгээрт, төмрийн хүдэр, коксжих нүүрс, шохойн чулуу, жоншоо ашиглаад анхдагч ширэм гаргах ёстой.

Гаргасан ширмээ ган бэлдэц болгоно. Энэ гангаар бүр төрлийн төмөр хийх бололцоотой. Хоёрдугаарт, “Таван толгой”-оос гарч байгаа коксжих нүүрсийг шууд ширэм боловсруулахад хэрэглэхэд тохиромжгүй. Буталж боловсруулаад барьцалдуулагч бодистой хольж, хүчилтөрөгчгүй орчинд шатаана. Ингээд саарал өнгөтэй жинхэнэ кокс гарна. Үүний тулд коксын үйлдвэр байгуулах шаардлагатай болж байна. Коксын үйлдвэр байгуулснаараа төмрийн хүдэр хайлуулах хоёр дахь том алхмаа хийчихлээ гэсэн үг. Дээрээс нь шохойн чулуу, жонш хэрэгтэй. Энэ дөрөв нь манайд бий. Нэмэгдээд температур өсгөгч ферманган шаардлагатай. Энэ нь бол манайд байхгүй.

Үйлдвэр дагасан эрчим хүчний асуудал тулгарах байх…?

-Тийм. Энэ үйлдвэрийг ажиллуулахад 42 мГв-ын хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай. Өнөөгийн эрчим хүчний тулсан хэрэглээнүүдийг шийдэх боломжгүй. Цаашид шийдэх хэрэгтэй. Шийдчихвэл бид жилд 500-800 мянган тонн ган үйлдвэрлэнэ гэсэн үг. Эхний хоёр үйлдвэр барихад 450 орчим сая ам.доллар хэрэгтэй. Харин 30-40 мГв-ын цахилгаан станц байгуулахад ойролцоогоор 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Бидэнд 600 орчим сая ам.доллар байхад гангийн цогцолбор үйлдвэртэй болно.

-600 сая ам.долларыг босгоход хэр хүндрэлтэй вэ. Хэдийгээр өндөр дүн ч урт хугацааны үр ашиг, стратегийн зорилтоо харвал босгож болох мөнгө байх?

-Бид эрдэс бүтээгдэхүүнээ экспортолж, улс орны орлого нэмэгдэж байна. Энэ орлогын өсөлтийг дэд бүтэц рүү л зарцуулна. Манайх шиг өргөн уудам газар нутагтай оронд барилга байгууламж, зам гүүр нэн тэргүүнд шаардлагатай. Энэ дэд бүтцийг шийдэхэд цемент, арматур гэсэн хоёр зүйл хэрэгтэй. Цементийг бол дотоодын зах зээлээс хангаж болно. Харин 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт байвал төмрийн үйлдвэрийг ойрын 3-4 жилийн хугацаанд л байгуулах боломжтой. Үүнд төр засаг анхаарал хандуулах шаардлагатай байна. Бид санхүүжилтийг хэд хэдэн аргаар босгож болно. Нэгдүгээрт бартерын гэрээ. Бид Гашуунсухайтын төмөр замыг барихын тулд 600 сая ам.долларыг дараа төлбөрт нөхцөлтэйгөөр гаргаж байгаа. Үүнтэй ижил бартерлаж болно. Өнөөдрийн ханшаар 90 ам.доллар гэж тооцоолоход 8 сая орчим тонн төмрийн хүдрээр бартерлах боломж бий. Ингээд цогц үйлдвэртэй болох боломж байна.

Үндсэн түүхий эд нь манайд байна шүү дээ. Бид жилд л дунджаар 300 сая ам.доллар гаргаж байгаа. Хоёр жилийн импортоор гаргах хэмжээний хөрөнгөөр л дотоодын эдийн засгийг 10-15 хувь тэлэх хэмжээний цогцолбортой болно гэсэн үг. Гэхдээ үүнийг ерөнхий дүр зураг гэж ойлгох нь зөв. Энд дахин онцлоход бүх төмөр хийцийн үйлдвэрлэл, зам гүүр, барилга байшинг дотоодын бүтээдэхүүнээр хийх боломж бүрдэнэ гэсэн үг. Үүнийг дагаад 5000 орчим иргэнийг ажлын байраар хангана. Жижиг, дунд үйлдвэрүүд хөгжинө. Хажуугаар нь анхдагч ширмээ экспортод гаргахад нээлттэй. БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад ширэм экспортлох боломж бүрдэнэ. Энэ үйлдвэрийг байгуулах нь стратегийн өндөр ач холбогдолтой. Ирэх 10 жилд Монгол Улс хөгжих үү, уруудах уу гэдэгтэй холбоотой.

Манайд төмөрлөгийн үйлдвэр бий. Хаягдал түүхий эд дахин боловсруулах замаар үйлдвэрлэл явуулж байна. Уг үйлдвэрийн хүчин чадал дотоодын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг яагаад ч хангаж чадахгүй байна?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд л 100 сая ам.доллараар боссон. Зөвхөн хаягдал төмрийг хайлуулж бүтээгдэхүүн гаргаж байна. Дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй.Манайх дэлхийд эхний тавд орохоор зэсийн баяжмал экспортлогч болсон. Зэсийн баяжмалын үйлдвэрлэлд шаардлагатай чухал орц нь ган бөмбөлөг байдаг. Үйлдвэр байгуулснаар үүнийг дотооддоо хийнэ гэсэн үг. Өнөөдөр “Оюу толгой” компани ойролцоогоор 50 орчим сая ам.долларын ган бөмбөлөг хэрэглэдэг.“Эрдэнэт” үйлдвэр ч тэр хэмжээний ган бөмбөлөг хэрэглэдэг. Энэ өөрөө том зах зээл. Бид өмнөх 10 жилд үүнийг хийчихээр байсан л даа. Сэтгэл л дутаад байна.

Бид “Эрдэнэс Таван толгой”-г 600 орчим тэрбумаар босголоо. Ойролцоогоор 200 орчим сая ам.доллар гэсэн үг. Энэ асуудал дээр бонд босгох юм уу, бартерын гэрээ, зээл тусламжийн замаар санхүүжилт босгох бүрэн боломж харагдаж байгаа. Манайх олон улсын айлчлалаар хүнд хүртээлгүй жижиг сажиг төсөл барьж явахаа одоо болих цаг иржээ. Өөрсдөө шийдэх боломжтой зүйлийг гаднаас хайгаад хэрэггүй. Харин үйлдвэр барих бодлогоо боловсруулаад л санал болгоод явах хэрэгтэй.

Та гурван жилийн дотор барих боломжтой гэж байна.Бидэнд боловсон хүчин байгаа юм уу?

-Тэр нэг их асуудал биш ээ. Гурван жилийн дотор бэлтгээд гаргаж болно. ОХУ-д бэлтгэгдсэн суурь боловсон хүчин ч манайд бий. Үйлдвэр барьж байх явцад сургаад авчихаж болно. Бид машин үйлдвэрлэх гэж байгаа асуудал огт биш. Хольж шатаах л үйл явц. Хэдэн мянган жилийн өмнө ч хүн төрөлхтөн газар доор домен зууханд юм шатаагаад явж л байсан.

Үүнтэй ижил технологиор явах үйл явц. Идэвх санаачилга, зүрх зориг л хэрэгтэй. Төрийн удирдлагууд хаана ч очсон үүнийг л яриад явмаар санагдах юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Бат-Оргил: Намын гишүүнчлэл, санхүүжилтийг устгаагүй үед Монгол Улс хөгжих ямар ч боломжгүй

Эрх зүйч Т.БатОргилтой ярилцлаа.


Намын хатуу гишүүнчлэлийг иргэд олон нийт, улс төрийн хүрээнийхэн ч эсэргүүцсээр ирсэн. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би намын хатуу гишүүнчлэлээс салах ёстой гэж үздэг, энэ саналыг маш их дэмждэг. Учир нь намын хатуу гишүүнчлэл гэдэг ангийн тэмцэл гэж ярьдаг байх үеийн л үзэгдэл шүү дээ. “Бид ийм олуулаа. Тиймээс та нарыг бяц дарна” гэсэн айлган сүрдүүлэх л ач холбогдолтой. Орчин үед бол чи аль ч намын гишүүн нь байх албагүй. Намын үйл ажиллагаанд нь оролцоод хөрөнгө мөнгө босгоход нь тусалж хандив өргөж болно, заавал гишүүн байх албагүй. Өнөөгийн байдалд намын гишүүнчлэл нь тухайн хүний итгэл үнэмшилтэй ямар ч хамааралгүй, мөнгө тараалтыг далдлах, нууцлах луйврын систем болчихоод байгаа. Сонгууль болоход намын гишүүддээ мөнгө өгч, тэдгээр нь гэр бүлийнхээ гишүүдэд тараадаг болчихсон.

Гишүүнчлэлийнхээ тоог нэмэхийн тулд намууд янз бүрийн л арга сүвэгчилдэг. Ажил албанд орох гэсэн хэн нэгнийг, эсвэл үзэл бодол нь тогтож, аль нам эвслийг сонгох ёстойгоо ухамсарлаагүй оюутан, залуусыг ч ашиглаж байх шиг харагддаг л даа.

-Монгол Улсын иргэдийг үзэл бодол, шашин шүтлэгээр нь ялгаварлахгүй гэж Үндсэн хуульд заасан хэрнээ бодит байдал дээр намын гишүүнчлэл нь хүмүүсийг ажилд авах нэг үзүүлэлт болчихоод байгаа. Энэ нь агуулгаараа Үндсэн хуулиа шууд зөрчөөд эхэлж байгаа л хэрэг. Хэлбэрээрээ бол бүгдээрээ л худал дүр эсгэсэн байдалтай байгааг нуух ямар ч аргагүй болчихлоо шүү дээ. Олон нийтийн радио, телевизийн даргад нэр дэвшигч нам бус байна гэх зэрэг сайхан юм хуульдаа тусгасан байгаа ч хэзээ ч тэр нь биелдэггүй. МҮОНРТ-ийн даргаар тухайн намын шууд даалгавраар ажилладаггүй юм аа гэхэд үгэнд нь ордог хүнийг томилдог. Намын гишүүнчлэл байснаар тухайн улс оронд, ард түмэнд, аж үйлдвэр, эдийн засагт ямар хэрэгтэй юм бэ. Ийм нэг сайн талтай юм даа гээд хэлчих ганц ч зүйл заалт гарч ирэхгүй. Энэ нь зөвхөн ялзарсан намуудын тогтолцоонд л хэрэгтэй. Энэ нь өөрсдийнх нь эрх мэдэл, мөнгө төгрөгөө босгодог, хуваарилдаг систем нь л болчихсон, түүнээс гишүүнчлэлд өөр ач холбогдол байхгүй. Монгол Улсыг доройтол, сүйрлийн ирмэгт авчирсан гол буруутан нь улс төрийн намууд. Би зөвхөн МАН гэж хэлээгүй. Монголын бүхий л намууд, намын тогтолцоо нь энэ улсыг ангал руу түлхэж байгаа. Үүнд үндсэн хоёр шалтгаан бий.

Тэдгээрийг тодруулаач?

-Нэгдүгээрт, намын санхүүжилт. Энэ олон ажилгүй хүмүүсийг бүтэн дөрвөн жилийн туршид тэжээж, намын гэгдэх тэр их байр савыг бүгдийг нь авч явах шаардлага намын даргад тулгардаг. Энэ утгаараа түүнд намаа яаж санхүүжүүлэх вэ гэдэг бодит эдийн засгийн асуудал үүсдэг. Дээрээс нь сонгуулийн үеэр хуульд заасан дүнгээс хэдэн арав, зуу дахин мөнгө зарцуулдаг. Гэсэн хэрнээ нам гэдэг байгууллага ямар ч бизнес эрхэлдэггүй. Энэ утгаараа намын санхүүжилт гэдэг нь булай бузрыг бий болгох эдийн засгийн үндэслэл нь болчихоод байгаа юм. Хүнийг итгэл үнэмшил, мэргэжлийн ур чадвараар нь төрийн албанд томилно гэдэг ямар ч боломжгүй болчихсон. Учир нь тэр намыг дөрвөн жилийн турш мөнгөөр угжиж малласан этгээд түүнийхээ төлбөрт улс төрийн шагнал, урамшуулал авдаг. Албан тушаал, тендер авч, өөртөө хэрэгтэй хууль батлуулдаг. Хоёрдугаарт, энэ бүх мөнгийг нам гэх мутацид орсон муухай байгууллагын судсаар гүйлгэдэг зүйл нь гишүүнчлэл юм. Энэ хоёрыг устгаагүй тохиолдолд Монгол Улс хөгжинө, сайхан болно гэж төр засгийн хүмүүсийн хэлж байгаа нь зүгээр л мөрөөдөл. Биелэх ямар ч үндэслэл байхгүй. Тиймдээ ч дүр эсгэсэн ардчиллын үндэс суурь нь өнөөдөр намууд болчихоод байна.

Гэтэл намууд намын гишүүнчлэлийн тоогоороо өрсөлдсөн хэвээр л байна. Угтаа аливаа намууд бодлогоороо өрсөлдөж байх ёстой биз дээ?

-Ер нь МАН, АН-ын бодлого нь юугаараа ялгаатай вэ гэдгийг мэдэх нэг ч хүн байхгүй. Намын дарга нар нь өөрсдөө ч мэдэхгүй. Эдийн засгийн ач холбогдол, эрх зүй, төрийн удирдлагын талаасаа ултай, суурьтай аваад үзэх юм бол энэ намуудын удирдлага, гишүүд нь тус намууд чухам юугаараа ялгаатай вэ гэдэгт ямар ч хариулт хэлж чадахгүй.

Яахав, яруу найраг шиг юм ярих байх л даа. Гэхдээ онолын үүднээс ярих юм тэдэнд ганц ч байхгүй. Намуудад ямар ч бодлогын шинж чанар байхгүй, зүгээр л гэмт бүлэглэлүүдийн дүрээ хувиргасан системүүд юм. Дээрээс нь нам дотроо фракц болчихсон. Аливаа улс орнуудын намд үзэл баримтлал, салбар, эсвэл сонгогчдынхоо онцлогоос хамаарч фракц үүсдэг. Гэтэл манайд гэмт бүлэглэлүүдийн хоорондын тэмцлийг л илэрхийлж байгаа. Түүнээс манайд байх намуудын фракцын ард итгэл үнэмшил, үзэл баримтлал, онол байхгүй. Ингээд үзэхээр Монгол Улсад улс төрийн нам нэг ч байхгүй. Тиймээс эдгээрийг татан буулгах хэрэгтэй. Нам дотор байх эрүүл ухаантай ганц, нэг хүмүүс нь намуудаа татан буулгах зориг, эрх мэдэл хүрэх нь үү гэдэг л асуудал байна.

Нөгөөтэйгүүр бүхэл бүтэн улсыг хөгжүүлэх бодлогыг хүмүүс сонгуулийн 14 хоногийн дотор яаж ойлгож, тэр олон намуудын хоорондын ялгааг хэрхэн мэдэж сонголт хийх вэ. Бодлого гээчтэй нь танилцах боломжийг тэд хүмүүст олгодоггүй. Мөн шинээр өөр өрсөлдөгч гарч ирэх боломжийг ч тэд бий болгодоггүй. Сар хүрэхгүй хугацаанд сонгууль зохион байгуулж, хэн мөнгөтэй нь энэ зодоонд ялна гэдэг энгийн дүрмээр хийдэг. Тиймдээ ч бодлогоор өрсөлдөх ямар ч боломж байдаггүй. Бусад улс оронд тухайн нам нь өөрийнхөө бодлогыг бүтэн жилийн туршид тайлбарлах, ухуулан сурталчлах боломжтой байдаг. Мөн нэр дэвшигчдээ маш эртнээс зарладаг. Муу муухай юм байдаг бол тэр нь эртнээс ил болдог. Яг ийм эрүүл саруул процесс явахын тулд сонгуулийн хугацаа хамгийн багадаа нэг жил байх ёстой юм. Яахав, саналаа өгөх хугацаа нь долоо, эсвэл 14 хоног байж болно шүү дээ.

Та бие даагч, нам бус иргэдийн төлөөлөл. Сүүлийн үед ямар асуудлуудаар идэвхтэй байр суурь илэрхийлж байгаа вэ?

-Бие даагчид нам биш учраас хурал зохион байгуулж, тохиролцоод яриад байх зүйл байхгүй л дээ. Бидний хувьд намуудыг татан буулгаж, шинээр бүрдүүлэхдээ босгыг нь өндөрсгөе гэсэн ерөнхий байр суурьтай. Жишээ нь, нам байгуулахад 801 хүний гарын үсэг зуруулдаг. Бие дааж нэр дэвшихэд мөн ялгаагүй 801 хүний гарын үсэг зуруулдаг. Тэгэхээр би бүхэл бүтэн нэг нам явж байгаа биз. Хамгийн гол нь ийм зүйл байж болдог юм уу. Нам, бие даагч хоёр адилхан 801 хүнээр хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг шударга бус зүйл гэдэг нь тодорхой. Үүнийг жаахан хүүхэд ч хэлээд өгөх байх. Монгол Улсын Үндсэн хуульд шударга ёс гэж үг байхгүй гэж Цэц дүгнэлт гаргаж байсан удаатай. Цэц нь хүртэл ийм болчихсон шүү дээ. Энэ бол гэмт бүлэглэлийн үнэн мөн царай нь юм.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин хонь өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 17, Санчир гариг. Билгийн тооллын 5, Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 5:59 цагт мандан, 19:44 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.