Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Лувсанцэрэн: Цар тахлаас шалтгаалж Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх судалгааны ажил хойшлогдоод байна

Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга И.Лувсанцэрэнтэй ярилцлаа.


Хил дамнасан голуудад нийт хэдэн усан цахилгаан станц байдаг вэ. Үүнээс ярилцлагаа эхлэх үү?

-За тэгье, Монгол Улсын хувьд хилийн дагуу гадагш урсгалтай гол дээр барьсан усан цахилгаан станц байхгүй байна. Харин ОХУ-ын хил дагуу Байгал нуураас эх аван урсдаг Ангар мөрөнд 14724.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай долоон усан цахилгаан станц байгуулагдсан байгаа. Эхнийх нь Эрхүүгийн 660 МВт-ын УЦС, дараа нь Братская 4500МВт, Усть-Илимская 4320 МВт, Богучанская 4000МВт, мөн Енисей мөрөнд Саяно-Шушенская 6400 МВт-ын том чадлын усан цахилгаан станцууд байгуулагдсан байдаг.

Монголын ихэнх гол мөрнүүд гадагшаа чиглэсэн урсгалтай байдаг. Үүнд чиглэсэн усан цахилгаан станц байдаггүй. Манайх барьж чадахгүй байна уу?

-Тийм ээ. Монгол орны ихэнх гол мөрнүүд гадагш чиглэсэн урсгалтай байдаг. Ус цаг уурын хүрээлэнгийн судалгаанаас харахад Монгол орны баруун, хойд хэсэгт байрлах нийт 3800 гаруй том, жижиг голуудын урсац олон жилийн дунджаар 34.6 тэрбум м3, ба урт нь 65000 км хүрэх бөгөөд тэдгээрийн эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах нөөц нь 6,417.7 МВт буюу 56 тэрбум кВт*цаг эрчим хүч гаргах боломжтой гэж тодорхойлсон байдаг. Үүнээс зөвхөн Сэлэнгэ мөрөнд л гэхэд 1056 МВт, Орхон гол 469 МВт, Туул голд 278 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих боломжтой юм. Бид Тайшир болон Дөргөний усан цахилгаан станцыг барьсан туршлага байна. Гадагш урсгалтай голд усан цахилгаан станц барихад хөрш оронтой “Хил дамнасан голын сав газрыг хамгаалах, зүй зохистой ашиглах тухай” гэрээ байгуулсан байдаг тул гэрээний дагуу хэлэлцэх шаардлага байгаа.

Ер нь манайд усан цахилгаан станц барих ажил их удаашралтай байдаг. Үүний учир юу вэ?

-Хамгийн сүүлд Сэлэнгэ мөрний ай савд буюу Сэлэнгэ мөрөнд цутгадаг Эгийн голд 315 МВт-ын усан цахилгаан станц барихаар ТЭЗҮ болон холбогдох бүх судалгааны ажлуудыг хийж, Засгийн газраас төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, барилга угсралтын ажлыг эхлүүлж байсан. Гэвч ОХУ-аас Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулснаар Байгал нуурт нөлөөлөл үзүүлж болзошгүй байна гэдэг асуудлыг НҮБ-ын Дэлхийн өвийн хороонд тавьснаар усан цахилгаан станцын барилга угсралтын ажил зогссон.

Бид Дэлхийн өвийн хорооны зөвлөмжийн дагуу Эгийн голын усан цахилгаан станц нь Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын биологийн олон янз байдалд нөлөөлж буй эсэхийг судлуулахаар Франц Улсын БРЛ инженеринг компанитай хамтран ажиллаж байна. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлаас шалтгаалж Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөлөх судалгааны ажлын Монгол Улсад болон ОХУ-д хийх судалгааны ажил хойшлогдоод байна. Цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа энэхүү судалгааны ажлыг бид дуусгаж, үр дүнг Дэлхийн өвийн хороонд цаашлаад олон улсад танилцуулж, Эгийн голын усан цахилгаан станцыг барих болно.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ойрын хугацаанд усан цахилгаан станц барих төлөвлөгөө бий юү?

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020, 2020-2024 оны үйл ажиллагаа хөтөлбөрт Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцыг барьж байгуулахаар тусгагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар тогтоолоор “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн. Төслийн шинэчилсэн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг БНХАУ-ын Төрийн өмчит China Wa­ter Resources Beifang In­vestigation Design and Re­search (BIDR) компанитай хамтран боловсруулж Эрчим хүчний яамны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар 2019 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр хэлэлцүүлж, дэмжигдсэн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслөөр Ховд голын Шижигтийн хавцалд 255 метр урт, 42 метр өндөр бетон нүүртэй шороон боомтыг байгуулж, 9871.1 га талбайд шинээр нуур үүсгэх бөгөөд уулан дундуур 4835 метр урт, 7.5 метрийн диаметртэй ус дамжуулах хоолойг шинээр байгуулж, дөрвөн ширхэг 22.5 МВт-ын турбин генератортой, нийт 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай цахилгаан станц барьж жилдээ 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой төсөл юм. Төслийн барилга угсралтын ажлыг 2021 оноос эхэлж 61 сарын хугацаанд бүрэн дуусгаж, хүлээн авахаар төлөвлөсөн. Ингэснээр баруун бүс буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудыг цахилгаан эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангах боломж бүрдэнэ.

Усан цахилгаан станцын ач холбогдол нь ер нь юу юм бэ?

-Усан цахилгаан станц нь эдийн засгийн хувьд ашиглалтын хугацаа 50-100 жил байдаг ба үйл ажиллагааны зардал нь нүүрс, хийн цахилгаан станцыг бодвол харьцангуй хямд, тогтвортой байдаг. Мөн эрчим хүчний оргил ачаалалд тохируулан богино хугацаанд цахилгаан үйлдвэрлэдэг тул импортын өндөр үнээр цахилгаан эрчим хүч худалдан авах шаардлагагүй болно. Одоо байгаа дулааны цахилгаан станцуудын горимыг тогтвортой барихад эерэгээр нөлөөлж, тэдгээрийн ашиглалтын зардал буурах ба тоноглолын ажиллах хугацааг уртасгаж, засварын зардлыг бууруулдаг. Төсөл хэрэгжсэн орон нутагт ажлын байр бий болж, усан цахилгаан станцын ажилчдын хэрэгцээг хангах жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ.

Мөн Монгол Улсын усны нөөцийг ашиглан бага болон дунд чадлын усан цахилгаан станц барьж сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Байгаль экологийн хувьд дулааны цахилгаан станцуудтай адил хаягдал үнс, утаа, нүүрсний хаягдал үүсгэхгүй, нүүрс шатаахгүй тул утаа буюу нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийг ялгаруулахгүй. Усан сан үүсгэснээр тухайн бүс нутгийн агаарын чийгшлийн түвшин нэмэгдэж цаг уурын таатай нөхцөл бүрдэн, ховордож буй ургамлууд ургаж, түүнийг дагаад аялал жуулчлал хөгжих тус тус техникийн болоод эдийн засгийн өндөр ач холбогдолтой.

Зарим хүмүүсУсан цахилгаан станц улирлын чанартай болохоор манайд төдийлөн сайн хөгжихгүй байна уугэдэг. Гэтэл мэргэжилтнүүд өвөл ажиллах боломжтой байдаг талаар хэлдэг шүү дээ. Энэ зөвхөн том голуудад л хамааралтай зүйл үү?

-Эрчим хүчний салбарт 2008 оноос 11 МВт-ын хүчин чадалтай “Тайшир” болон 12 МВт-ын Дөргөний усан цахилгаан станцыг улирал харгалзахгүй ажиллаж эрчим хүч үйлдвэрлэж байна. Тайширын усан цахилгаан станцын туршлагатай инженер техникийн ажилчид усан сан болон усан цахилгаан станцын далангийн харьцах хэсгийг хөлдөөхгүй байх технологийг бий болгоод амжилттай ашиглаж байна. Энэ нь бага болон дунд чадлын усан цахилгаан станцуудыг өвөл ажиллах боломжтойг баталсан нотолгоо юм. Бичил буюу 1 МВт-аас бага хүчин чадалтай усан цахилгаан станцын хувьд тухайн гол өвөл хөлддөг учир өвлийн улиралд ажиллах боломжгүй байдаг. Манай орны хувьд улиралын чанартай ажилладаг Завхан аймгийн Алдархаан сумын нутагт 2 МВт-ын хүчин чадалтай Богдын голын усан цахилгаан станц, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 400 кВт-ын хүчин чадалтай Гуулин усан цахилгаан станц, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт 375 кВт-ын хүчин чадалтай Тосонцэнгэл усан цахилгаан станц болон Завхан аймгийн Завханмандал сумын нутагт 110 кВт-ын Хүнгүй, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутагт 150 кВт-ын хүчин чадалтай Галуутай зэрэг усан цахилгаан станцууд ажиллаж байна.

Тэгэхээр усан цахилгаан станцыг заавал том гол гэлтгүй жижиг голд ч барих боломжтой гэсэн үг үү?

-Орчин үед технологи хөгжиж том, жижиг бүх голуудад усан цахилгаан станц барих боломжтой болсон. Гол нь тохиромжтой байрлалыг тодорхойлох явдал бөгөөд Монгол орны голуудын усны эрчим хүчний “ашиглах боломжтой нөөц”-ийг нарийвчлан тодорхойлж, хөрөнгө оруулалт багатай, ашигтай хувилбарыг сонгон нарийвчилсан судалгааны ажил хийж, усан цахилгаан станцын төслийг дэс дараатай барьж байгуулах шаардлага байгаа юм. Нэг ёсондоо усны эрчим хүчний мастер төлөвлөгөөг хийх шаардлагатай байгаа.

Дулааны цахилгаан станцууд шиг усан цахилгаан станцын хүчин чадлыг нэмж, өргөтгөж болдог уу?

-Голын урсацын хэмжээнд тохируулж усан цахилгаан станцыг байгуулдаг тул хүчин чадлыг нэмж, өргөтгөх боломжгүй юм. Харин тухайн усан цахилгаан станцын байршлаас хамаарч каскад байдлаар буюу гол дагуу хэдэн ч усан цахилгаан станц байгуулж хүчин чадлыг өргөтгөх боломжтой. Үүнийг эрчим хүчний хэрэглээтэйгээ уялдуулаад хөгжүүлэх бүрэн боломжтой.

Дулааны цахилгаан станц болон усан цахилгаан станц барих өртөг, төсөв нь хэр байдаг вэ?

-Олон Улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлагийн мэдээгээр 100 MВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын өртөг 2019 онд дунджаар 2856.5 ам.доллар/кВт байна. Үүнийг 100 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцын хувьд тооцвол хамгийн ихдээ 388.1 сая ам.доллар болно. Нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцын хувьд ялгаруулах утааны хийн үзүүлэлт болон нэгж хүчин чадлаас хамаарч хөрөнгө оруулалт өөр өөр байдаг бөгөөд манай орны хувьд хамгийн ихдээ 2575 ам.доллар/кВт байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан бич өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 18, Санчир гариг. Билгийн тооллын 6, Хэрцгий охин одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 5:57 цагт мандан, 19:46 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 10-12 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Сэлэнгэ голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

​Хөвсгөл аймагт өчигдөр хоёр удаа газар хөдөлжээ

Ханх сумын Адуун, Ходон нэртэй газарт үүрээр 3.5-3.7 магнитудын хүчтэй  газар хөдлөлт болжээ – NEWSWIRE

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 00:42 цагт 5.1 магнитудын хүчтэй, 03:46 цагт 4.2 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болсон тухай ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад “Сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй” хэмээн мэдэгдсэн гэж Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Хүндэрсэн өвчтөнг дараагийн шатлалын эмнэлэгт шуурхай шилжүүлэх үүрэг өгөв

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг мэс засал, гэмтлийн тасагтай боллоо

Коронавируст халдварын тоо тогтмол нэмэгдэж, нас баралт зэргээс үүдэлтэй тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хариу арга хэмжээ авах шаардлага бий болж байна.

Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлыг богино хугацаанд дүгнэж шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Тус төвийн хувьд уг өвчнөөр өвчилж хүндэрсэн өвчтөнг эмнэлгээс эмнэлэгт шилжүүлэхэд тулгарч буй бэрхшээлээ салбарын сайдад хэлж, шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус эмнэлгийн тулгамдаж байгаа гол асуудал болох хүндэрсэн өвчтөнг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх зохицуулалтыг шуурхай болгож, арга хэмжээ авах үүрэг чиглэлийг ЭМЯ-ны хариуцсан албан тушаалтан болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нарт үүрэг болгов.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөр 330 мянга 200 гаруй иргэд үйлчлүүлдэг.

Тус төвийн хувьд энгийн үед ч ачаалал өндөртэй ажилладаг байна. Гэтэл сүүлийн үед COVID-19 өвчний улмаас ачаалал нь эрс нэмэгджээ. COVID-19 өвчнөөр гэртээ тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаа 868 хүн, ойрын хавьтал болсон 1003 хүн, эмнэлэгт хэвтсэн 11, эмчлэгдэн эмнэлгээс гарсан 75 хүн байна.

Эх сурвалж: ЭМЯ

Categories
мэдээ цаг-үе

Томуугаар өвдсөн хүн ханиах, найтаалгахад 7 метр зайд нян үсэрдэг

Facts about flu - Mayo Clinic Health System

Хаврын улиралд хүмүүсийн биеийн дархлаа суларч, ханиад, томуу хүрэх нь элбэгшдэг. Дөнгөж ханиад хүрэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах, нус гоожих шинж тэмдэг илэрнэ.

Тэгвэл эм тариа, эмчид хандалгүй гэрийн нөхцөлд ханиадаа хэрхэн эмчлэх вэ. Энэ талаарх 13 зөвлөгөөг хүргэж байна.

1. Ханиадны эхний шинж тэмдэг илрэнгүүт ядаж ганц өдөр гэртээ өнжиж хагас хэвтрийн дэглэм баримтлахыг хичээх нь зүйтэй. Өвчний эхний үед бие организмд амар тайван байдал чухал. Тиймээс сайтар унтаж амрах хэрэгтэй

2.Ханиадыг эмчлэхэд бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уух хэрэгтэй. Энэ нь зөгийн бал юмуу нимбэгтэй цай, аньсны шүүс байвал зүгээр. /Жич зөгийн балыг 40 0 -аас доош хэмтэй бүлээн усанд найруулна.

3. Хамраа давсны уусмалаар угаах. Цайны халбагаар тал давсыг нэг аяга буцалсан бүлээн усанд уусгаад 3-4 удаа хамартаа соруулж зайлна

4. Халуун устай онгоцонд орох ч тустай. Гэхдээ ханиад дөнгөж эхэлж байгаа үед, тэгээд халуунгүй үед гэдгийг бүү март

5. Өрөө тасалгаандаа заавал агаар оруул. Ханиад хүрсэн үед цэвэр агаар маш чухал. Агааржуулах үедээ түр өөр өрөөнд орохыг зөвлөе

5. Зөв хоолло. Ханиад хүрсэн үед тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хэрвээ таны хоолой хөндүүрлээд юм залгихад хүндрэлтэй байгаа бол жимс ногооны шинэхэн шүүс уугаарай.

7. Даарсан үедээ хагас аяга халуун усанд 5 дусал иод хийж, сайтар хутгаад ууна. Мөн иодийг шууд хамрын нүхээр ээлжлэн үнэрлэж болно.

8. Улаан манжинг чанаж, шүүсийг нь халуун ууна.

9. Архаг ханиадны үед шар будааг буцалган бүлээн шүүсээр нь хамрыг зайлж угаана.

10. Хий ханиадыг эмчлэхийн тулд сонгиныг сармистай хольж жижиглэж хэрчээд, тvvхий сүүнд хийгээд зөөлөртөл буцалгана. Дараа нь бага зэрэг гаатай ургамал, зөгийн бал нэмж хийнэ. Бэлдмэлээсээ цаг тутам нэг халбага ууна.

11. Ханиад 500 гр сүүг бага зэрэг халааж дотор нь шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгаарай. Ингэж бэлтгэсэн сүүг орой унтахын өмнө ууна

12. Чацаргана аарц сайн уух хэрэгтэй. Ер нь шингэн уух зүйл уух хэрэгтэй юм.

13. Мөн 1 гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Мөн дараагийн өдөр дараалан уух хэрэгтэй. Цагаа олж уусан бол ханиаднаас өөрийгөө хамгаалж чадна.

Categories
мэдээ цаг-үе

Энэтхэгт халдвар авсан хүмүүсийн тоо 14 саяд хүрлээ

Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар өвчлөгсдийн тоо 234692-оор нэмэгджээ. Ийнхүү “COVID-19”-ийн халдварын батлагдсан нийт тохиолдлын тоо 14 526 609 болсон байна.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад 24 цагийн хугацаанд 1341 зөөвөрлөгдсөн тохиолдол батлагджээ. Энэтхэгт нийт нас баралтын тоо 175649 болсон байна.

Энэтхэгт коронавирусний мутацид орсон шинэ хувилбарууд илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд мэдэгдсэн юм. Коронавирусний мутацид орсон шинэ хувилбарууд болох E484Q болон L452R нь өөр улсын нутагт дэвсгэрт бүртгэгдээгүй аж.

Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэ аймагт хууль бусаар самар бэлтгэж байсан 212 иргэнийг албадан гаргалаа

Сэлэнгэ аймгийн Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хаврын хуурайшилтын үед ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд аймгийн Байгаль орчны газар болон Онцгой байдлын алба, Ерөө сумын сум дундын ойн анги, цагдаагийн хэсэг, байгаль хамгаалагчид хамтран Хаданцаа Шарлангийн чиглэлд эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулжээ. Улмаар хууль бусаар хуш модны самар бэлтгэж байсан 212 иргэдийг албадан буулгаж, зарим иргэдийг Бугант тосгоны комисст бүртгэн орон нутагт нь буцаасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн байранд халдвар илэрч, үйл ажиллагааг нь зогсоожээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг энэ сарын 19-нөөс 26-ны хооронд түр зогсоож, шүүхийн байранд хүн нэвтрүүлэхгүй болжээ.

Тус шүүхийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд “Тус шүүхийн байранд коронавирусийн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан УОК-ын шуурхай штаб, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс зөвлөмж, заавар өгсөн. Энэ дагуу тус шүүхийн нийт шүүгч, захиргааны ажилтнууд гэртээ тусгаарлагдан, халдвар хамгааллын дэглэм сахих, биеийн байдлыг тандах, шинжилгээнд хамрагдах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх боллоо” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Ганзориг: Вакцинууд энэ сарын 25-нд буух тул давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийнэ

Вакцины эхний тунгаа тариулсан иргэдийн хоёр дахь тун тариулах хугацаа болсон ч хойшлогдсон. Харин хоёр дахь тунг хэзээ тариулах талаарр Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр:

-Хөл хорионы хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 25 гэхэд вакцинууд буух тул Синофармын давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийнэ.

АстраЗенека вакцины давтан тунг тарих 100 мянган хүний эхлэл болох эрүүл мэндийн салбарынхан, цагдаа, онцгой гээд хариу арга хэмжээний талбарт ажилладаг иргэд хоёр дахь тунгаа тариулаад явж байгаа. Тасалдахгүй гэж ойлгож болно.

Нарийн мэдээлэл урьдчилаад өгөөд явах тул вакцин буух үед, ирсний дараа тодорхой мэдээллүүд гарна.

Вакцин нь гэрээ хийсэн гээд дан ганц манай улсаас үл хамаарч буй дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудал гэдгийг ойлгохыг хүсье ээ хэмээжээ.