Categories
мэдээ нийгэм

Дүүрэг бүрд хариу арга хэмжээний баг ажиллаж байна

Коронавируст халдвар авч батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг түргэн шуурхай илрүүлж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулж Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд хариуцахаар боллоо.

Тандалт, хариу арга хэмжээний багийг дүүргүүдэд байгуулснаар ХӨСҮТ-ийн ачаалал буурч, тухайн дүүргийн хэмжээнд халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдэд цаг алдалгүй арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Өмнө нь ХӨСҮТ дүүрэг бүрээс дуудлага хүлээн авч, иргэдэд хүрч ажиллахад ачаалалтай байсан бол өнөөдрөөс дүүрэг бүрт хариу арга хэмжээний баг ажиллаж иргэн бүрт хүрч ажиллах боломжтой болж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймаг: Халиун бугад өвс, тэжээл тавьж өгчээ

Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Хөөрхөн дэвсэг гэдэг газарт биотехникийн арга хэмжээ зохион байгууллаа.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Баруун сайхан ууланд байрлах уг газарт халиун бугад өвс, тэжээл тавьж өглөө. 2016 онд тус газарт “Эрдэнэт” ХХК тухайн үеийн аймгийн удирдлагуудтай хамтран 4 буга, 6 согоог нутагшуулсан билээ. Өдгөө 13 тоотой байгаа юм. Энэ онд 10 элийг авч ирж нутагшуулахаар төлөвлөөд байгаа аж.
Баяндалай сумын Аргалант ууланд янгир, аргаль зэрэг амьтдад өвс өгөхөөр биотехникийн ажил үргэлжилж байна.
Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Засгийн газар манай улсын 849 иргэний хөдөлмөрийн гэрээг сунгана

БНСУ-ын Засгийн газраас коронавируст халдварын тархалтаас шалтгаалан гадаад улсаас ажиллах хүч оруулах үйл ажиллагаа тасалдаж, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг салбарт ажиллах хүчний хомстол гарсантай холбогдуулан 2021 оны дөрөвдүгээр сарын 13-наас 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд тус улсад ажил эрхлэх гэрээт хугацаа нь дуусч буй /3 жил болон 4 жил 10 сар/ Е-9, Н-2 ангиллын виз бүхий гадаад улсын иргэдийн оршин суух хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгахаар шийдвэрлэжээ.Мөн дээрх хугацаанд хөдөлмөрийн гэрээний визний хугацаа дуусч 50 хоногоор сунгуулаад байгаа иргэд нэгэн адил хамаарагдах юм байна.

Виз сунгах ажиллагааг нэгдсэн журмаар хэрэгжүүлэх бөгөөд зөвхөн ажил олгогч нь гэрээний хугацааг сунгах тухай бүртгэл хийлгэх юм байна. Энэхүү арга хэмжээнд хамрагдах хөдөлмөрийн гэрээний Е-9 виз бүхий гадаадын 62239 иргэн түүний дотор Монгол Улсын 849 иргэн байна.

БНСУ 2019 онд 51365 гадаад ажиллах хүч оруулж байсан бол коронавируст халдвар гарснаас хойш энэ үзүүлэлт огцом буурч, 2020 онд 6668, 2021 оны байдлаар 1412 ажилчинг тус тус оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс Баян-Өлгий аймагт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

Энэ сарын 11-ний өдөр Улаанбаатараас Баян-Өлгийд очиж тусгаарлан ажиглах байранд байсан иргэнээс короновирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр тус аймагт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 3 боллоо.

Тус иргэнийг COVID-19-ын эмнэлэгт шилжүүлж, хавьтлуудыг үргэлжлүүлэн тусгаарлаж, тандалт судалгаа хийж байна гэж Баян-Өлгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногт 21 хэм хүрч дулаарна

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ .

2021 оны 04 дүгээр сарын 17-ны 20 цагаас 04 дүгээр сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Сэлэнгэ голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

ФОТО: Эдинбургийн хунтайж Филиппийг Виндзорын шилтгээнд оршуулжээ

Их Британийн хатан хааны нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филиппийг эцсийн замд нь үдэх ёслол өчигдөр болж өндөрлөлөө. Тэрбээр дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 99 насандаа таалал төгссөн юм.

Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, Эдинбургийн хунтайж Филиппийг Лондон хотын захад орших Виндзорын шилтгээний Гэгээн Жоржийн сүмд нутаглуулжээ.

Хунтайжтай салах ёс гүйцэтгэх ёслолыг Их Британийн гол телевизийн сувгууд шууд дамжуулан үзүүлсэн байна. 99 насандаа таалал төгссөн хунтайж Филиппийн шарилыг Гэгээн Жоржийн сүм рүү авч явсан машинд түүний хүүхдүүд болох хунтайж Чарльз, Эндрю, Эдвард, гүнж Анна нар, мөн ууган ач нар болох Уильям, Харри болон хатан хааны ордны өндөр албан тушаалтнууд байжээ.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хунтайжийг оршуулах ёслолыг олныг хамарсан арга хэмжээ бус хатан хааны гэр бүлийн хүрээнд цомхон хийхээр болсон. Гэхдээ Их Британи даяараа Филиппийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй болжээ. Гашуудлын нэг минутыг Засгийн газрын бүх байгууллагад хийсэн байна.

Виндзорын шилтгээнд хунтайж Филиппийг оршуулах ёслолд Их Британийн хатан хааны гэр бүлийн хамгийн бага ач, гуч нараас бусад бүх гишүүн оролцжээ.

Хунтайж Филиппийн хүсэлтээр оршуулах ёслолын үеэр уншдаг номлолуудыг бүгдийг нь уншаагүй гэнэ. Түүнчлэн хунтайж Филиппийг Гэгээн Жоржийн сүмд түр зуур оршуулж байгаа аж. Хатан хаан II Элизабетыг таалал төгссөний дараа түүний шарилыг хатан хааны эцэг VI Жорж, түүний гэргий болон дүү Маргарет гүнжийг оршуулсан сүмийн өөр хэсэгт дахин оршуулах юм байна.


Хунтайжийг оршуулах ёслолд 800 орчим зочдыг оролцуулахаар төлөвлөж байсан ч коронавирусний нөхцөл байдлын улмаас тогтоосон хөл хориотой холбоотойгоор Их Британид оршуулгын ёслолд оролцох хүний тоо 30 хүнээр хязгаарлагдаж байгаа билээ. Уг журмыг хатан хааны гэр бүл ч дагаж мөрдөх учиртай. Хатан хаан Элизабет болон бусад бүх хүн амны хаалт зүүнэ гэж өмнө нь мэдээлж байсан юм.

Үүнээс өмнө хатан хааны гэр бүлийн оршуулгын ёслол 2002 онд II Элизабетийн ээж Боуз-Лайоныг таалал төгсөхөд, мөн 1997 онд Диана гүнжийг нутаглуулахад болж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэх газар дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:04 цагт 3.7, дөрөвдүгээр сарын 08-ны 04:01 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчин иргэдээс тодруулахад тус газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүнээ гэж хэн бэ?

Бүтэнбаярын Сүндэръяа буюу сошиал орчинд “Сүнээ” нэрээр танигддаад буй билээ. Тэрээр саяхан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой баримт дэлгэж, цагдаад гомдол гарган “METOO” хөдөлгөөн эхлүүлээд байгаа юм.


Тэрээр СУИС-ийг бүжигчин, бүжгийн багш мэргэжлээр 2015 онд төгссөн. Оюутан байхдаа “Sunee’s Ballet” нэртэй сургалтын төвөө нээж өдгөө дөрвөн ч салбартай болсонг харахад чамгүй сэргэлэн нэгэн аж.

Тэрээр “Монголын балетын сургалтын түвшинд, тодорхой хэмжээний амжилтад хүрч чадсан” хэмээн тодорхойлдог. “Sunee’s Ballet” сургалтын төвөө нээсний дараагаас “Ханын материал”-ын асрамжийн төвийн хүүхдүүдэд үнэгүй балет зааж байсан гэдэг.

Б.Сүнээ: Бурхадуудтай ажилладаг болохоор нандин, зөв хүн байхсан гэж  хичээдэг

Жирийн л нэгэн балетчин эмэгтэй чухам яагаад олны анхааралд өртөж “Сүнээ” гэж дуудагдах болов?

Яг жилийн өмнөөс өөрийн @Sunee1105 твиттер хуудсандаа хэний ч мэдээгүй засгийн газрын хэвлэлийн албанд ч хүрээгүй мэдээллүүдийг жиргэж эхэлснээр олны анхааралд өртөж эхэлсэн гэж хэлж болно. Өмнө нь Э.Оюунболдын допингийн асуудал болон коронавирусийн талаарх мэдээллийг ч түрүүлж мэдээлж байсан удаатай. Энэ мэт саваагүй жиргээнээнүүдээс болж “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмыг” зөрчсөн хэрэгт буруутгагдаж байсан. Үүгээр ч зогсохгүй нэр бүхий их хурлын гишүүдтэй нэр холбогдож ёс бус харилцаа байхгүй гэдэгтээ бат зогссоор ирсэн нэгэн. Сүнээгийн ээдрээтэй асуудлууд ар араасаа тасралтгүй гарч олон нийтийн сүлжээнд нэлээд асуудалд өртөөд буй.

Сүнээ: Төрийн өндөрлөгүүдтэй явалддаг гэх гүтгэлгүүдэд цэг тавья - Eguur.MN

Харин саяхан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг өгч, цагдаад гомдол гаргаад байгаа юм. “Эрх мэдэлтэй халдашгүй, дархан эрхтэй, тэрбумтан, хүчирхэг араатантай ганцаараа тэмцээд дийлэхгүй байна. Надад туслаач” хэмээн шүгэл үлээж “Metoo” хөдөлгөөнийг эхлүүлээд байна.

Image

Уг хэргээс үүдэлтэй Ц.Анандбазартай холбоотой болон ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан мянга мянган хохирогчид “Metoo” хөдөлгөөнд нэгдээд байгаа юм.

Image Image Image

“Me too” хөдөлгөөн хэрхэн эхэлсэн бэ?

Кино найруулагч Харви Вайнштейн охид бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг байсан хэргийг олон нийтэд илчилсэн энэхүү хөдөлгөөн Холливудын жүжигчин “Алисса Милано” твиттер хуудаснаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн найзынхаа тухай бичсэнээр эхэлжээ. Үүний дараагаар жүжигчин “Эшли Жадд, Анжелина Жоли, дуучин Тайлор Свифт, жүжигчин, загвар өмсөгч Роуз МакГоун” зэрэг олны танилууд бэлгийн дарамтын талаар үзэл бодлоо хуваалцан, хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэхэд уриалсан юм.

Me too хөдөлгөөн хэрхэн эхэлсэн бэ? | trends.mn

Алисса Милано твиттертээ “Бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байсан бүх бүсгүйчүүд энэхүү жиргээний дор “MeToo” (Би ч бас) гэж бичээрэй. Ингэснээр бид хүчирхийлэл ямар аймшигтай том асуудал болоод байна вэ гэдгийг бусдад бага ч гэсэн ойлгуулах юм бил үү” хэмээн бичиж энэхүү хөдөлгөөнийг улам идэвхжүүлжээ. Тэрхүү жиргээний дор хүчирхийлэлд өртөж байсан олон мянган охид бүсгүйчүүд “Би ч бас” хэмээн бичиж, өөрт тохиолдсон аймшигт хэргүүдийн талаар ам нээхээс гадна хүчирхийлэлд өртсөн, бэлгийн дарамтад орж байсан хохирогчдод дэм үзүүлэх зорилгоор өөр бусад хүмүүс ч идэвхтэй жиргэж байлаа.

Твиттерээс өгсөн мэдээллээр тухайн жиргээг бичсэнээс ердөө 24 цагийн дотор хагас сая хүн Алиссагийн жиргээнд хариу бичсэн байна.

Энэхүү жиргээ цаашлаад бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг “MeToo” нэртэй хөдөлгөөн болон хувирч дэлхийн 85 гаруй орныг хамарч дэлхий нийтээр хүчирхийллийн асуудлыг хурцаар хэлэлцэж эхэлсэн. Францад BalanceTonPorc, Италид, QuellaVoltaChe, Хятадад #我也是, Вьетнамд TôiCũngVậy гэх зэргээр улс бүр тухайн хэл рүү хөрвүүлсэн “MeToo”, эсвэл өөр хувилбарын хаштагуудыг үүсгэн цахим орчинд хүчирхийллийн тухай айж, ичилгүйгээр ярих тохиромжтой орчин бүрдүүлж чадсан билээ.

Өмнө нь хорио цээртэй мэт байсан хүчирхийллийн сэдвийг ийнхүү ил гаргаж, хүчирхийлэгчдийг олон нийтээр жигшин зэвүүцэж, хүчирхийллийн даван туулагчдад сэтгэлийн дэм өгөх хөдөлгөөн дэлхийн олон оронд хүчтэй өрнөж байна.

МАРТ 8: Хэрхэн үүсэв, яагаад одоог хүртэл тэмдэглэдэг вэ? | Ublife

“Мetoo” хөдөлгөөнийг монголд анх З.Номуундарь, Ч.Наранзаяа гэх бүсгүйчүүд хүчирхийлэлд өртсөнөө илэрхийлэн эхлүүлж байсан. Харин Б.Сүндэръяагийн эхлүүлсэн хөдөлгөөн нь Монголын хоёрдох удаагийн “Metoo” хөдөлгөөн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Жимсийг буцалсан бүлээн усаар угааж хэрэглээрэй

Сүүлийн үед хоол, хүнсний гаралтай хордлого, халдварын гаралт нэмэгдэж буйтай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжөөр хангагдсан, зориулалтын ажлын байр бүхий үйлчилгээний газраас худалдан авах,
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалалтын хугацаа, нөхцөл зэргийг харж, хаяг, шошгогүй, хаана хэн, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гар дээрээс худалдаж буй хүнс, хоолыг авахгүй байх,
  • Шаардлагатай бол худалдаа, үйлчилгээний ажилтнаас хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл, зөвлөгөө авч, гарал, үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаажилтын баримт бичгийг шаардаж үзэх,
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад анхаарах, богино хугацаанд чанар байдлаа алддаг, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаарддаг өндөг, майонез, өндөг агуулсан бүтээгдэхүүн, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэг зэрэг хүнсийг хөргөгч, хөргүүрт хадгалсан үйлчилгээний газраас худалдан авах, эдгээр хүнсийг ТҮЦ зэрэг газраас худалдан авахгүй байх,
  • Гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх,
  • Нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүний таглаа, ёроолын хэсэг хонхойж, төмбийсөн, ан цав үүсч гэмтсэн, тундас үүссэн бол худалдаж авахгүй байх,
  • Хоолыг гүйцэд чанаж болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх, хоносон хоол идэхгүй байх, боловсруулсан хүнсийг хөргөгчид 040С-өөс доош хэмд таглаатай саванд хийж хадгалах, 3-6 цагаас дээш хугацаа өнгөрмөгц устгах,
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших, хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа заавал угаах,
  • Мах, ногоо зэрэг түүхий бүтээгдэхүүн, бэлэн, боловсруулсан хүнс бэлтгэдэг ванданг тус тусад нь ууттай байлгах.
  • Түүхий, болсон хүнсний зүйлийг бэлтгэх багаж, сав, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших.
  • Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.
  • Усыг сайтар буцалгаж хэрэглэх, ус хадгалах савыг 2-3 хоногт суллан угааж цэвэрлэх,
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх зэрэг болно.

Эх сурвалж: МХЕГ

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Казахстан улсад зохион байгуулагдаж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор, 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа нар тус тус мөнгөн медаль хүртлээ.

ОУХМ Б.Шоовдор нь “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ийн хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин юм.

“Улаанбаатар-2019” Азийн аварга шалгаруулах тэмцээний 23 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан ОУХМ Х.Болортуяа нь насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооноос мэдээллээ.