Categories
гадаад мэдээ

Чех улс ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнуудыг нутаг буцаана гэдгээ мэдэгджээ

ОХУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ 18 ажилтан Чехээс 48 цагийн дотор гарах ёстой гэж тус улсын Гадаад хэргийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж буй тэргүүн дэд шадар сайд, Дотоод хэргийн сайд Ян Гамачек мэдэгджээ.

“Би Чехийн Гадаад хэргийн сайдын хувиар Прага хот дахь ОХУ-ын ЭСЯ-ны бүх ажилтныг нутаг буцаахаар шийдлээ. Эдгээр ажилтныг манай тусгай албаныхан ОХУ-ын Гадаад тагнуулын алба, Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд гэж тогтоосон. Оросын ЭСЯ-ны 18 ажилтан Чех улсаас 48 цагийн дотор гарах ёстой” гэж тэрбээр бямба гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Энэ алхам нь Орос, Чехийн харилцаанд ноцтой цохилт болно хэмээн Ян Гамачек харамсаж байгаагаа илэрхийлсэн боловч ийм алхам хийхээс өөр аргагүй байсан гэжээ.

Хэвлэлийн бага хуралд мөн Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш оролцсон байна. Тэрбээр 2014 онд Чехийн зүүн нутгийн Злин хотын ойролцоох Врбетица тосгон дахь зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтэд Оросын тусгай албад оролцсон байна.

“Дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах явцад олж авсан нотлох баримт дээр тулгуурлан Врбетица дахь зэвсгийн агуулахад болсон дэлбэрэлтэд Оросын цэргийн тагнуулын байгууллагын ажилтнууд, тодруулбал 29155 дугаар ангийн офицерууд холбоотой болохыг нотлох үндэслэлтэй сэжиг байгааг мэдэгдэх ёстой. Маш их хэмжээний эд материалын хохирол учирч, олон оршин суугчид ноцтой аюул үүссэн, гэхдээ хамгийн гол нь манай хоёр иргэн амиа алдсан” гэж Бабиш хэлсэн байна.

Тэрбээр тэргүүн дэд шадар сайдын хамт энэ хэргийн талаар Чехийн Ерөнхийлөгч Милош Земанд дэлгэрэнгүй илтгэжээ. “Ерөнхийлөгч биднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ хэргийг Чехийн эрх бүхий байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байна. Чех бол тусгаар тогтносон улс бөгөөд урьд өмнө гарч байгаагүй энэ явдалд зохих ёсоор хариу арга хэмжээ авах үүрэгтэй” гэж Чехийн Ерөнхий сайд хэлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ачаа тээвэр өмнөх оны мөн үеэс 7.2 сая тонн буюу 70.5 хувиар өсчээ

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2021 оны эхний улиралд 17.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 7.2 (70.5 хувь) сая тонноор өссөн байна. Энэхүү өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 6.2 (3.0 дахин) сая тонноор өссөн нь голлон нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр 2021 оны эхний улиралд 19.8 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үеэс 9.3 (31.9%) сая хүнээр буурсан байна. Зорчигчдын тоо буурахад цар тахлын хөл хориотой холбоотойгоор авто тээврээр зорчигчид 8.7 (30.4 хувь) сая хүнээр буурсан нь голлон нөлөөлжээ.

Авто тээврийн орлого 50.4 (58.6 хувь) тэрбум төгрөг, төмөр замын тээврийн орлого 17.2 (9.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь бүх төрлийн тээврийн орлого өсөхөд нөлөөлсөн байна. Харин бүх төрлийн тээврийн орлого 2021 оны эхний улиралд, өмнөх улирлаас 98.1 (21.8 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирлоор 3 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.

Тохиролд 2021 оны гуравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 30.345.597 баримт хамрагдсан юм.

Үндсэн тохирлын дугаар: 72813006

  • 30 мянган төгрөгийн азтан – 27421
  • 100 мянган төгрөгийн азтан – 3143
  • 500 мянган төгрөгийн азтан – 322
  • Нэг сая таван зуун мянган төгрөгийн азтан – 35
  • Гурван сая төгрөгийн азтан – 1
  • 20 сая төгрөгийн азтан – 0

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байлаа. Супер тохирлын дугаар 76762381 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн байна

Замын Үүд боомтоор өдөрт 100 ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байгаа бол төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол Улс руу орж ирж байна гэж Уул уурхайн яам мэдээлж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлж байна.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өдөрт дунджаар:
  • Шивээхүрэн боомтоор 60-90 тээврийн хэрэгсэл
  • Гашуунсухайт боомтоор 30 тээврийн хэрэгсэл
  • Ховд аймгийн Булган боомтоор 90-100 тээврийн хэрэгсэл
  • Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ руу нэвтэрч байна.

Монгол Улс дөрөвдүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар 6,8 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 3,5 сая тонноор өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” зуны олимп: Таны мэдэх ёстой 100 зүйл

“Токио-2020” зуны олимпын XXXII наадам эхлэхэд 95 хоног үлдээд буй энэ үед спорт сонирхогчиддоо зориулж Олимпын тухай болон “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах Япон улсын тухай “Таны мэдэх ёстой 100 баримт”-ыг цувралаар хүргэж байна.

Сүүлийн хэсэг: Токио усан спортын төвөөс Леброн Жеймс хүртэл

69. Токио усан спортын төв нь шинээр баригдсан 8 спортын ордны хамгийн “отгон” нь бөгөөд 2020 оны 02 дугаар сард ашиглалтад оржээ

70. Байт харвааны төрөлд тамирчин болон бай хоорондын зай нь 70 м байдаг.

71. “Токио-2020” олимпын наадмын хөтөлбөрт 5 шинэ төрөл багтсаны нэг нь спорт авиралт юм. Уг спорт нь хадны, хурдны, техникийн гэсэн гурван төрөлтөөс бүрдэнэ.

72. Тамирчдын тосгонд 26,000 ширхэг ор засна. Олимп болон Паралимпын түүхэнд анх удаа бараг бүх орыг сэргээгдэх түүхий эдээр бүтээжээ.

73. Арван хоёр настай Сирийн тамирчин Хенд Заза ширээний теннисний төрлөөр өнгөрөгч оны 3 дугаар сард 11 настайдаа олимпийн эрхийн бичгээ өвөртөлжээ. Тэрбээр “Токио-2020” олимпын наадмын хамгийн залуу тамирчнаар тодорно.

74. Дугуйн уралдааны зам нь маш олон өгсүүр уруу бүхий маршрут тогтоосноороо онцлог хүндрэлтэй. Эмэгтэйчүүдийн уралдааны замын өндрийн дээд түвшин нь 2,692 м бол эрэгтэй төрөлд 4,865 м байна.

75. Токио хот анх Эдо нэртэй байжээ. 1868 онд Япон улсын нийслэлээр өргөмжилснөөр Токио хот гэж албан ёсоор нэрлэсэн байна.

76. Япон улсын уламжлалт дэн буудлыг Рёокан гэдэг бөгөөд зочид буудлын тав тух болон үндэсний хэв шинжийг хослуулсан гэдгээрээ онцлогтой.

77. “Токио-2020” олимпын наадмын теннисний төрөл “Ариаке теннис парк” цогцолборт болно. Энэ цогцолборт эрэгтэй ATP холбоо ба эмэгтэй WTA холбооны цуврал тэмцээн зохион байгуулагддаг юм.

78. Япон улс анх 1912 онд олимпын наадамд оролцжээ. Ойрын зайн гүйгч Мишима Яхико, холын зайн марафонч Канагүри Шизо нар улсынхаа анхны олимпын түүхийг бичилцсэн байна.

79.” Токио-2020” олимпын наадмын эхний тэмцээн 7 дугаар сарын 21-ний өглөө 9.00 цагт софтболын төрлөөр Австрали-Японы багийн хооронд эхлэх юм.

80. “Хувийн амжилтаа оргилд нь хүргэх”, “Нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх”, “Ирээдүйн түүхээ бүтээх алхам” уриа нь “Токио-2020” олимпын наадмын тулгын гурван үзэл санаа юм.

81. Каноэ завины уулын уруу буух уралдааны усан замыг Япон улсад анх удаа гар ажиллагаагаар байгуулсан бөгөөд байгууламжийг Касай Ринкай парктай зэргэлдээ байрлуулжээ.

82. Интоорын цэцэг сакура нь Япон улсын үндэсний билэг тэмдэг мөн.

83. Японы үндэсний спортын төрөл карате нь Окинава мужаас гаралтай.

84. Токио хотын Шибүяа дөрвөн замын уулзвар нь дэлхийн хамгийн их ачаалалтай уулзварт тооцогддог

85. Япон улсын экспортод жинтэй нөлөө үзүүлдэг шар буурцгийн цуу нь Вакаяама мужаас гаралтай.

86. Олимпын медаль гардуулах сүүлчийн ёслол 8 дугаар сарын 08-ны өдрийн 16:30 цагаас эхлэх эрэгтэйчүүдийн усан бөмбөгийн шигшээ тоглолтын дараа болно.

87. Орчин үеийн олимпын жүдо бөхийг Хёого мужийн уугуул доктор Жигоро Кано үндэслэжээ.

88. Япон улс нь 1964 онд анх удаа олимпын наадам зохион байгуулж, талбайн эзэд нийт 29 медаль хүртсэний 16 нь алтан медаль байжээ.

89. Олимпын бамбарт буухиа 3 дугаар сарын 25-наас эхлэн Япон улсыг тойрон аялж буй бөгөөд “FIFA-2011” эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга, Японы Надешико хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогчид галт бамбарыг залжээ.

90. “Токио-2020” олимпын наадамд 11,000 гаруй тамирчид оролцох төлөвтэй байна.

91. “Токио-2020” олимпын наадамд оролцогчдын 48 хувь нь эмэгтэй тамирчдаар бүрдсэнээр түүхэндээ анх удаа хүйсийн тэгш тэнцвэрийг хамгийн өндөр үзүүлэлтэд хүргэсэн олимпоор тодорлоо.

92. Япон улсын ерөнхий сайд асан Шинзо Абэ нь “Рио-2016” олимпын наадмын үеэр Супер Мариогийн өмсгөлтэй гарч “Токио-2020” олимпын наадмыг зарлажээ.

93. Ойролцоогоор 80,000 орчим буддын шашны сүм хийд Япон улсын нутаг дэвсгэрт тархан байрладаг ажээ.

94. Япон улсын анхны алтан медалийг эрэгтэйчүүдийн гурвын харайлтын тамирчин Ода Микио нь “Амстердам-1928” олимпийн наадмаас хүртсэн түүхтэй.

95. 2021 оны долдугаар сард Токио хот нь олимпын наадмын бамбарыг асааснаар зун ба өвлийн олимпыг хоёр дахь удаагаа хүлээн авсан дэлхийн 11 дэх хотын зиндаанд хүрэв.

96. Олимпын марафоны дээд амжилтыг хамгийн удаан эзэмшсэн АНУ-ын марафонч Томас Хикс нь “Сент-Луис-1900” наадмын марафон гүйлтээр 3 цаг 28 минут 53 секундэд нийт замаа туулжээ.

97. “Токио-1964” олимпын наадамд сүүлчийн удаа гүйлтийн шороон хучилттай зам ашиглажээ. Үүнээс хойш “Мехико-1968” олимпын наадмаас эхлэн гүйлтийн замыг синтетик эдээр хийх болжээ.

98. Япон улсаас эмэгтэй төрөлд анхны алтан медалийг усанд сэлэлтийн тамирчин Маэхата Хидеко нь “Берлин-1936” олимпын наадмаас 200 метрийн өврөөр даллах төрлөөр хүртэж байв.

99. Эмэгтэйчүүдийн хөнгөн атлетикийн 7 төрөлтийн дэлхийн дээд амжилт нь 7291 оноо бөгөөд түүнийг 1988 онд Америкийн Жеки Жойнер-Керси тогтоож байв.

100. Хэрвээ АНУ-ын сагсан бөмбөгийн супер од Леброн Жеймс нь “Токио-2020” наадамд оролцвол түүний хувьд дөрөв дэх олимп болох юм. Тэрбээр өмнө нь “Афин-2004” (хүрэл), “Бээжин-2008” (алт), “Лондон-2012” (алт) олимпод тоглож байлаа.

Categories
мэдээ спорт

М.Цогтгэрэл алт, Д.Хүдэрбулга хүрэл медалийн төлөө барилдана

Алматын Азийн АШТ-д 92 кг-ын жинд хүч үзэж буй ОУХМ М.Цогтгэрэл хагас шигшээ барилдаанд Казахстаны Эльхан Ассадовыг нутагт нь 7:2-оор ялснаар алтан медалийн төлөө барилдахаар болов. Тэрбээр орой шигшээ барилдаанд Ираны Камран Гасемпуртай хүч үзнэ.

Мөн 125 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үдлээ. Тэрбээр Узбекистаны Амиржон Нутфуллаевтай барилдах болно. Ийнхүү Монголын гурван бөх орой 20:00 цагт медалийн төлөө барилдах бол 61 кг-д ОУХМ Б.Нэмэхбаяр, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат нарыг ялсан тамирчид шигшээд шалгараагүй тул тэмцээнээ өндөрлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авчээ

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар 400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан Covid-19 халдвараар өвчилсөн. Тэдгээр алба хаагчдын зарим нь эдгэрсэн хэдий ч биеийн байдал нь хүнд байгаа олон хүн байна. Иймд иргэд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж хөл хорионы дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй.

Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед нэмэлтээр ор гаргах боломжтой ч эмнэлгийн байгууллагын хүний нөөц дутагдалд орох эрсдэлтэй байна. Халдвараар өвчилсөн тохиолдолд эмчилгээний хувьд арга нь олдох хэдий ч эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдийн хомсдолд орох эрсдэл өндөр байгааг анхааруулж байна” гэв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ШӨХТГ: Хүчит шонхор захад үхрийн гуяны цул мах 500 төгрөгөөр буурсан байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэгт байрлах нийт 33 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийжээ.

2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07 цагаас 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07 цагийн хооронд Улаанбаатар хот руу орон нутгаас МЭХЦХЦ-ээр 50.6 тн мах шалгагдаж нэвтэрснээс 50.6 тн нь худалдааны зориулалтаар, 0 тн нь хувийн хэрэгцээнд, 0 тн нь нөөцөд, 0 тн нь экспортод зориулж нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар амьд мал 0 толгой нэвтэрсэн байна.

Хүчит шонхор захад өглөөний 9:00 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 10500-12500, хонины цул мах 11000-12500, үхрийн ястай мах 13000-14000, үхрийн цул мах 14000-16000, адууны мах 11500-12500, ямааны мах 10500-11000, тэмээний цул мах 9000 төгрөгийн үнэтэй байна.

Махны бөөний үнэ хонины мах 7800-11500 төгрөг, үхрийн мах 8000-13000 төгрөг, адууны мах 7000-11000 төгрөг, ямааны мах 7500-8800, тэмээний мах 5000-6000 төгрөгний үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн цул махны дээд үнэ 16000 болж үхрийн гуяны цул мах 500 төгрөгөөр буурсан байна. Бусад махны жижиглэн болон бөөний үнэнд өөрчлөлт ороогүй байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 9.9 тн нэмэгдэж 19.8 тонн мах нийлүүлэгдсэн байна.

Барс-1 захад худалдаалагдаж буй Монгол төмс 900, Монгол лууван 1500, Монгол сонгино 4000, Хятад сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна. Хүнсний ногооны бөөний үнэ монгол төмс 620, лууван 700, монгол сонгино 3800, хятад сонгино 1600 төгрөгийн үнэтэй, Монгол төмс шуудай /40 кг/ нь 25000, монгол лууван шуудай /40 кг/ нь 26000, Хятад сонгино шуудай нь 25000-28000 төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9600-12800, хонины цул мах 11000-11500, үхрийн ястай мах 12000-13500, үхрийн цул мах 14000-15500, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 1800-4000, элсэн чихэр 2100-2500, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3500, Хятад сонгино 1800-2000, Монгол өндөг 350-480 төгрөгийн үнэтэй байна.

May be an image of food

Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан зах, Жанжин зах, Баянзүрх-2 зах, Мөнх худалдааны төв, Хан талст худалдааны төв, Баянзүрх-1 зах зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9500-12500, хонины цул мах 11500-13000, үхрийн ястай мах 13000-13500, үхрийн цул мах 14000-16000, ямааны ястай мах 9500-10500, ямааны мах 11000-11500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2300, дээд гурил 1600-1650, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1000, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500-2000, Монгол сонгино 4000-5000, Орос сонгино 3000, Хятад сонгино 2000-2500 төгрөг, Монгол өндөг 350-480 төгрөгийн үнэтэй байна.

Баянгол дүүрэгт байрлах Баянгол зах, Бар-2 зах, Таван-Эрдэнэ зах, Хархорин зах, Барс-1 зах, Гэгээ зах, Орхон зах, Бэст худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500-12500, хонины цул мах 11500-13500, үхрийн ястай мах 12000-14500, үхрийн цул мах 14000-16500, Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2200, дээд гурил 1400-1800, 1-р зэргийн гурил 1250-1500, 2-р зэргийн гурил 900-1100, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1400-1800, Монгол сонгино 3000-5000, Орос сонгино 2500-3500, Хятад сонгино 2500, Монгол өндөг 480-500 төгрөгийн үнэтэй байна.

No photo description available.

Баянгол дүүрэгт байрлах “Таван-Эрдэнэ” захад хонины махны үнийг 13500 болгож 300 төгрөгөөр, үхрийн гуяны цул махыг 16500 болгож 300 төгрөгөөр буулгах арга хэмжээ авсан.

Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” захад худалдаалж байсан адууны цул махыг 14000 төгрөг болгож 500 төгрөгөөр буулгах арга хэмжээ авсан. Мөн Хархорин захад сүүлийн 3-4 хоног өндөгний нийлүүлэлт ирээгүй байна.

Хан-Уул дүүрэгт байрлах Буянт-Ухаа зах, Фермерүүд зах, Яармаг худалдааны төв, 52 зах, Лавай зах, Органик худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9500-13000, хонины цул мах 11500-13500, үхрийн ястай мах 12500-14000, үхрийн цул мах 14000-16000, адууны мах 13000-13500, Алтан тариан дээдийн дээд гурил 1800-2300, дээд гурил 1500-1700, 1-р зэргийн гурил 1250-1400, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500-2000, Монгол сонгино 4200-4800, Орос сонгино 3000, Хятад сонино 2200-3000, Монгол өндөг 450-480, орос өндөг 480 төгрөгийн үнэтэй байна.

May be an image of indoor

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах, Шөнийн зах зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Зах, худалдааны төвүүдэд мах болон хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Жижиглэнгийн худалдаан дээр хонины ястай мах 9500-13000 төгрөг, цул мах 11500-14000 төгрөг, үхрийн ястай мах 11500-15000 төгрөг, үхрийн цул мах 13500-15500 төгрөг, адууны мах 13000-13800 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Шалгалтанд хамрагдсан аж ахуй нэгжүүд “Хүчит шонхор” захаас хонины махыг 11000-13000 төгрөг, үхрийн махыг 13000-15000 төгрөгөөр худалдаж авсан нь гүйлгээний баримт болон зарлагын баримтаар тогтоогдсон. Бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй, нөөц хангалттай, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.

Сүхбаатар дүүрэгт байрлах Бүрд плаза, Хүсэл төв, Их тойруу худалдааны төв, Бэлх зах, Мянганы-Уул худалдааны төв, Баян-Уул төв, Бүрд худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд тариа дээдийн дээд 1 кг 2000 – 2200 төг, алтан тариа дээд гурил 1 кг 1500 -1750, нэгдүгээр гурил 1300 -1350, хоёрдугаар гурил 900 -1100 төгрөг, сүү 1 л 2800-3000, сүү 0,5 1300 төгрөг, цагаан будаа 1 кг 20200-3500 төгрөг, элсэн чихэр 1кг 2300- 2500 төгрөг, атар талх 1200 – 1300, у/тос 4000-7000 төгрөг, өндөг – 470 – 500 төг, Үхрийн цул мах 14000-15500, ястай мах 12000-14000, хонины мах ястай 9000 – 11000, цул 10000-11000 төгрөгөөр адууны 13800 төг байна. Бусад өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүнийн үнэ хэвийн борлуулалттай байна. Өмнөх өдөр нь албан шаардлага тавьж үнэ буулгасан тул 4 сарын 18-ны өдөр махны үнэ 300-1000 төгрөгөөр буусан байна.

May be an image of food

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний түгээлт хийдэг сагс, сав хайрцгийг цэвэрлэдэггүй зөрчлүүд илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Баянгол дүүрэг дэх худалдаа үйлчилгээний төвүүдэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар МВС ХХК-ний Барс-2 худалдааны төв, Хар хорин худалдааны төв, Батсервис ХХК-ний Орхон худалдааны зах, ЕМарт худалдааны төвүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүн түгээж буй тээврийн хэрэгсэлийг хамруулсан байна.

Энэ үеэр эрүүл ахуйн орчин бохир, цэвэрлэгээ хийгддэггүй, түгээлт хийхээс өмнө ариутгал халдваргүйтгэл хийгддэггүй, баримт байхгүй, түгээлтээр явж буй хүмүүсийн ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл хангалтгүй, халдвар хамгааллын хувцас, бээлий, малгай, гар ариутгах ариутгалын бодисгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэдэг сагс, сав хайрцаг нь угаалга цэвэрлэгээ хийдэггүй бохир, халдвар хамгааллын дэглэм баримтлаж ажилладаггүй нийтлэг зөрчлүүд илэрч байна.

Дээрхи зөрчлийг үндэслэн холбогдох хууль, дүрэм, захирамжийн дагуу арга хэмжээ тооцож ажиллажээ.

Categories
гадаад мэдээ

Яст мэлхийд мэс засал хийж, ходоодноос нь 915 ширхэг зоос гарган авчээ

Тайландын нийслэл Банкок хотноо эмч нар, тэнгисийн ногоон яст мэлхийд хагалгаа хийж, түүний биеэс 915 зоос гарган авсан тухай мэдээлэл олны анхаарлыг татсан юм. Тодруулбал, 2017 оны 3 дугаар сард Тайландын зүүн хэсгийн Сри Рача хэмээх хотын усан санд амьдардаг, тэнгисийн ногоон яст мэлхий сэлж чадахаа больж, бие гэнэт муудсан аж. Түүний гэдэс нь ихээр томорч, улмаар амь насанд нь аюул учирсан тул, Банкок хотноо яаралтай авчран мэс засал хийж, ходоодноос нь 915 зоос гарган авчээ. Уг хагалгаа нийтдээ 7 цагийн турш үргэлжилсэн бөгөөд дэлхийд анх удаа ийм төрлийн хагалгаа болжээ.

Түүний гэдсэнд нийт 5 кг жинтэй зоосон бөмбөлөг үүссэн байсан бөгөөд, Тайландчууд тэр яст мэлхийг мөнгөний гахайтай зүйрлэн мөнгөний яст мэлхий хэмээн нэрлэх болсон аж. Энэ үйл явдлын гол учир шалтгаан нь жуулчид түүний амьдардаг усан санд аз авчирдаг зоос байнга шиддэг байсантай холбоотой байжээ. Өдгөө 28 настай Омсин хэмээх энэхүү яст мэлхий сүүлийн хэдэн жилийн турш тус усан санд амьдарч байгаа юм. Омсин яст мэлхийд дахиад 6 сарын эмчилгээ хийх хэрэгтэй гэдгийг түүнд хагалгаа хийсэн, Тайландын их сургуулийн эмч нар хэлсэн байдаг. Тэнгисийн ногоон яст мэлхий нь 80 орчим жил насалдаг, устах аюулд орсон амьтдын жагсаалтад багтдаг юм байна.