Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 19-21 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус дулаан, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Монголын ард түмэн бид өөрсдийн бүтээсэн үйл лайгаа эдэлж байна” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай захирамж гарган Улсын дээд шүүхэд хүргүүллээ” хэмээв.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр “ААН-үүд АНУ-ын олон улсын санхүүгийн корпорацид хандахад санхүүгийн дэмжлэг авах бүрэн бололцоотой боллоо” хэмээн I-II нүүрт өгүүллээ.

Евразийн стратеги судлалын хүрээлэнгийн захирал Ц.Буянцогтоо “Урлаг, бөх, улс төр гэсэн гурван хорлонтой салбар Монголыг сөнөөж байна” хэмээснийг I, VII нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монголын ард түмэн бид өөрсдийн бүтээсэн үйл лайгаа эдэлж байна” гэв.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул ” Төрийн захиргааны байгууллагын гурван хүн тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэсэн судалгаа гарсан” хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Халдварын голомод орон нутгаас дайчлагдан ажилласан эмч,ажилтнууд нутаг буцлаа

Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад урамшуулал олгоно

Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой орон нутгаас томилогдон ирсэн эмч, тархвар судлаач, сувилагч, жолоочийн бүрэлдэхүүнтэй багууд нэг сарын хугацаанд ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний багт дайчлагдан ажиллан, ажил үүргээ амжилттай сайн биелүүлж, өнөөдөр /2021.04.19/ нутаг буцлаа.

Орон нутгийн эмч ажилчдын төлөөллийг ХӨСҮТ-ийн удирдлагууд хүлээн авч уулзан талархал илэрхийллээ.

Төвийн захирал Л.Баттөр хэлэхдээ “Хүнд хэцүү, завгүй цаг үед та бүхэнтэйгээ уулзаж байна. Та бүхэн маань энэ цагийн баатрууд юм шүү. Удахгүй бид хамтдаа энэ цаг үеийг эрсдэл багатай даван туулаад энх цагт уужуу тайван дахин уулзана гэдэгт итгэлтэй байна. Эндээ сурсан мэдсэн зүйлээ аймаг орон нутагтаа хэрэгжүүлж, бусдадаа түгээн өөрсдөө эрүүл энх байж, аюулт өвчнийг даван туулахыг ерөөе. Өргөсөн тангарагтай үнэнч байж, хүнд цаг үед хүч нэмэгдүүлэн ажилласан та бүхэндээ баярлалаа” гэв.

Улаанбаатар хотод үүссэн Ковид-19 халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор өнгөрсөн гуравдугаар сард 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилдчдыг дайчлан ажиллуулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Иргэдийн гомдлын дагуу зургаан тонн хогийг цэвэрлэжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэний гомдлын дагуу “Хүннү- 2222” хорооллын дэргэдэх барилгын хашаанд хурсан хогийг цэвэрлүүлэх гомдлыг хүлээн авч, дүүргийн хог тээвэрлэлт хариуцсан байгууллага, албан хаагчид руу уламжлан, шуурхай шийдвэрлэн ажиллалаа.

Шөнийн цагаар ачааны тэрэг явах зөвшөөрөлтэй байгаа бөгөөд тус барилгын хуримтлагдсан 6 тонн хогийг ачиж тээвэрлэх ажлыг шөнийг цагаар зохион байгуулж, хариуцсан мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллав.

Хог тээвэрлэлтийн 5 ачааны тэргээр 6 тн барилгын хуримтлагдсан хур хогийг 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны шөнө ачиж тээвэрлэж дууслаа.

Цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хариуцсан талбай, нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хогоо хаяхгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх чиглэл өглөө

Тоглоомын талбайд хүүхдүүд тоглож байгаад нэгнээсээ халдвар авч байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийхийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр удаа дараа үүрэг болгож байгаа. Иймээс ч Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэл хэрхэн хийж байгаатай танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, тус дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Голден парк-1” хотхон л гэхэд 16 давхар долоон байртай. 1500 өрх, 3000 гаруй оршин суугчтай. Энэ байруудыг хариуцдаг “Чандмань Хайрхан” СӨХ-ны дарга М.Отгонцэцэг “Бид лифт, хүний гар хүрдэг газруудыг өдөр бүхэн ариутгаж байна. Тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайг мөн долоо хоногт нэг удаа ариутгаж байгаа. Мөн жижүүрүүд хяналтын камераа харж, хүн хоорондын зай барих шаардлага тавьж байна. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах нь сул байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох байгууллагууд ариутгал, халдваргүйтгэлийг есөн дүүргийн хэмжээнд хийж байгаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналтын ажилтан А.Мягмардолжин “Баянгол дүүргийн хэмжээнд хоёр дахь удаагаа халдваргүйтгэл хийж байна. Мананцар үүсгэгч таван машин бий. Халдваргүйжүүлэгч, ариутгагч, жолооч гэсэн өдөрт 20-30 хүн тогтмол ажиллаж байгаа. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зогсоолууд машин ихтэй, томоохон хотхон руу ороход хүндрэлтэй байна. Таван машин өдөрт нэг дүүрэгт, том дүүрэгт хоёр өдөр ажиллаж байна” гэж ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн Монголчуудын Холбоо логогоо баталжээ

Дэлхийн Монголчуудын Холбоо билэгдэлдээ дэлхий, нар сар гал, цагаан шонхрыг сонгожээ.

Нар сар гал гурав бол Хүннүгийн үеэс Монголчуудын шүтэж, тахиж ирсэн Монгол үндэстний эв нэгдэл, түүх, уламжлал, сэргэн мандлыг илэрхийлдэг билэгдэл юм. Дээр нь Эзэн Чингис Хааны үеэс дээдэлж ирсэн цагаан шонхрыг билэгдэлдээ оруулжээ. Мөн дэлхий, олон улсын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг зорьж дэлхийн бөмбөрцгийг суурь дүрслэлээр оруулжээ.

Дэлхийн Монголчуудын Холбоо өөрийн билэгдлийнхээ үндсэн өнгийг хөх цагааныг хослуулан дүрслэх нь зүйтэй гэж үзжээ.

Ийнхүү Дэлхийн Монголчуудын Холбооны Нэгдсэн Зөвлөлийн хурлаас уг билэгдэл (лого)-ийг Дэлхийн Монголчуудын Холбоо, байгууллагууд тогтсон стандартын дагуу хэрэглэж заншихаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Татварын хөнгөлөлт эдлэх, илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг хүлээн авч байна

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22, 28 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нь татварын хөнгөлөлтөө эдлэх, илүү төлөлтөө буцаан авах эрхтэй байдаг. Монголын татварын алба нь 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ныг дуустал цахим татварын системээр буцаан олгох хүсэлтийг хүлээн авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хэрвээ таны борлуулалтын орлого 300 саяас 1.5 тэрбум төгрөг, Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангадаг, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг, татвараа хуулийн хугацаандаа төлсөн бол илүү үлдэгдлээ буцаан авах хүсэлтээ цахимаар илгээн, хуулийн дагуу хөнгөлөлтдөө хамрагдах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаа энэ сарын 28-ныг хүртэл хойшлууллаа

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай |  News.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүсгэсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцүүлэхээр товлосон билээ.

Ийнхүү хуралдаан товлон зарлагдсаны дараа Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаан зааж хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байна.

Иймд дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Ноос, ноолуурыг экспортод гаргахдаа олон улсын мал эмнэлгийн цахим гэрчилгээ олгоно

Ноос, ноолуурын 191 үйлдвэрт гэрчилгээ олгожээ

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар “Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг шинэчлэн батлаад буй.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд Олон улсын мал эмнэлгийн цахим гэрчилгээ авахад “Хөдөө аж ахуйн биржээр арилжсан бараа, түүхий эдийн тодорхойлолт”-ыг шаарддаг болсон байна.

Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд болох ямааны ноолуур, хонь, тэмээний болон завод ноосыг экспортод гаргахдаа заавал биржийн арилжаанд оролцсон тодорхойлолтыг үндэслэн цахим гэрчилгээг олгох юм.

“Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нийтээр дагаж мөрдөх бөгөөд энэхүү журам нь “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах чухал ач холбогдолтой юм.

Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр төрөл тус бүрээр биржийн итгэмжлэл хүсэгчид тавих шалгуур үзүүлэлтийг гаргасан байдаг. Тус шалгуур үзүүлэлтийг хангасан, арилжаанд орох бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны тордолт, чанарын хамгаалалт хийж хадгалах, боловсруулах үйлчилгээ үзүүлдэг этгээдэд бирж итгэмжлэл олгож гэрээ байгуулан хамтран ажилладаг.

Энэ онд үр тарианы 23, түүхий эдийн 100 агуулах итгэмжлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд Хөдөө аж ахуйн биржийн шалгуур үзүүлэлтийг хангасан 14 агуулахад итгэмжлэл олгоод байна. Мөн 67 агуулахыг итгэмжлэх үйл явц бичиг баримтын бүрдүүлэлтийн шатанд явж байгаа юм. 2021 оны сүүл гэхэд төлөвлөгөөний дагуу биржийн итгэмжлэлийг бүрэн олгох зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ цаг-үе

Шүлснээс коронавирусийг илрүүлэх 10 мянган ширхэг оношлуурыг ЭМЯ-нд өгөхөөр болжээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс COVID-19 халдварыг илрүүлэх шинэ оношлуурыг үйлдвэрлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас олгоод буй билээ.

Тэгвэл “Эрүүл мэндийн яамны захиалгын дагуу ирэх Лхагва гарагт 10.000 оношлуурыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа”-г АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар хэллээ.

Ингэснээр шүлснээс сорьц авах PCR шинжилгээний оношлуур хэрэглээнд нэвтэрч эхлэхээр боллоо.

Оношлуурын тухайд:

  • “Шүлсний сорьц цуглуулах сав нь 5 мл-ийн багтаамжтай бөгөөд нэг удаагийн шинжилгээнд 0.5 мл шүлс л хангалттай. Уг саванд удаан хугацаанд буюу нэг сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх, хадгалах боломжтой.
  • Шүлснээс авсан сорьцыг 90 минутын дотор шинжлэх буюу шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гарах боломжтой.

Шүлсний сорьц өгөх дараалал:

  1. Шүлс цуглуулах савыг амандаа ойртуулан барьж, шүлсээ бага багаар гоожуулна. Шүлсээ савны дунд хэсэг хүртэл хийх юм.
  2. Юүлүүрийг авч хаях бөгөөд дараа нь шүлстэй савыг эргэдэг тагаар сайтар таглана. Шүлсний хэмжээг зөвхөн шингэн хэсгээр тооцно.
  3. Шүлсний хэмжээ хэт бага байж болохгүй. Мөн хөөсийг нь тооцохгүй бөгөөд шүлстэй савыг шинжилгээнд өгөх байдлаар шинжилгээний сорьц авах үйл ажиллагаа явагдах аж.

Тус оношлуурын талаар “Оношлуурын туршилт эмнэл зүйн шатаа давсан бөгөөд Эрүүл мэндийн яам зөвшөөрөлд нь гарын үсэг зурагдсан. Үйлдвэрлэл явуулахад ямар нэг асуудал байхгүй бөгөөд Анагаах ухааны үндэсний их сургууль дээр лаборатори нь бэлэн болсон” гэдгийг өмнө нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлж байв.

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын халдвар мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулж байсан удаатай.