Categories
гадаад мэдээ

Чад улсын ерөнхийлөгч босогчдын суманд өртөж, амь үрэгджээ

Chad President Idriss Deby dies

Африк тивийн Сахарын цөлд оршдог Чад улсын ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдөр фронтын шугамд зочлох үеэрээ босогчдын суманд оногдон шархдаж, удалгүй нас барсныг тус улсын арми Мягмар гарагт мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын 11-нд болсон сонгуулиар 68 настай Идрис Дэби нь зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан юм. Тэрбээр улс орноо хамгийн олон жил удирдсан Африк тивийн төрийн тэргүүнүүдийн нэг байв.

Армийн офицер асан Идрис Дэби 1990 онд гарсан цэргийн эргэлтээр Чад улсын ерөнхийлөгч болж байжээ. Тэрбээр Франц тэргүүтэй Өрнөдийн улсуудтай холбоотон болж, Африкийн Сахелийн бүс нутагт үүрлэсэн жихадист бүлгүүдтэй олон жил тэмцсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тэр нийслэл Нджамена хотоос хойд зүгт хэдэн зуун километрийн зайтай оршдог фронтын шугамд зочилсон байна. Энэ шугамд Чад улсын зэвсэгт хүчин FACT нэртэй босогчдын бүлэгтэй дайтаж байгаа юм.

Идрис Дэбиг нас барсны дараа түүний хүүгээр удирдуулсан цэргийн зөвлөл засгийн эрхийг авч, парламент, засгийн газрын танхимаа тараасан байна.

Мөн хөл хорионы дэглэм тогтоож, хилээ хаажээ.

Дэбигийн хүү, 37 настай генералаар удирдуулсан зөвлөлд өөр 14 генерал багтаж байгаа гэнэ. Тус зөвлөл 18 сар үргэлжлэх шилжилтийн үед төрийн эрхийг барьсны дараа ардчилсан, чөлөөт сонгууль зохион байгуулахаа амлажээ.

Гэхдээ цэргийн зөвлөлийн энэ үйлдэл үндсэн хуулийг зөрчиж байгаа гэж ажиглагчид дүгнэж байна.

Сүүлийн сонгуулиар 80 орчим хувийн санал авч, ялалт байгуулсан Идрис Дэби нь хөрш Ливи, Мали, Нигери, Төв Африкийн БНУ-ын газар нутгийг дамнасан жихадист бүлэглэлүүдтэй хамгийн ширүүн тэмцэл явуулдгаараа алдартай удирдагч байсан юм. Тэрбээр өөрөө зэвсэгт тэмцэлд биечлэн оролцдог, арми нь дайнд хамгийн сайн бэлтгэгдсэн гэгддэг байв. Гэхдээ газрын тосны нөөцтэй Чад улсын иргэд сүүлийн жилүүдэд Дэбигийн дэглэмийн бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах болсон байна. Эдийн засгийн эрүүл бус байдал, авлигын цэцэглэлт нийгмийн бухимдлын гол шалтгаан болжээ.

Сахарын цөл Чад улсын газар нутгийн гуравны нэгийг эзэлдэг. 16 орчим сая хүн амтай тус улс 2003 онд $4 тэрбумын өртгөөр Атлантын далайн боомт хүртэл хоолой татах төслийг хэрэгжүүлж дуусгаснаар газрын тосоо экспортлох болжээ.

Мөн хөвөнгийн үйлдвэрлэл эдийн засгийнх нь гол салбар болдог ба Европ, АНУ руу бүтээгдэхүүнээ экспортлодог байна.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын ард түмэн бид өөрсдийн бүтээсэн үйл лайгаа эдэлж байна

Монголчууд хамгийн хүнд цаг үеийг туулж байна. Бид өнөөдөр 100 мянган хүн тутамд туссан коронавируст халдварын тоогоороо дэлхийд тэргүүллээ. Өдөр бүр 1000 гаруй хүн цар тахлаар өвчилж, таваас зургаан хүн нас бардаг нь энгийн үзэгдэл болж хувирлаа. Зөвхөн цар тахал гэлтгүй элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар, архины хэрэглээнээс үүдсэн нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Нэг жилд л гэхэд зүрх судасны өвчлөлөөс болж 3900 хүнээ бид алджээ. Энэ сүрдэм өвчлөлүүдээс гадна зам тээврийн болон гэнэтийн ослуудаар энх цагт олон мянган хүнээ алдсаар удаж байгаа нь судалгааны үр дүнгүүдээр нотлогдож байна. Байж болох хамгийн муу зүйлүүдээр дэлхийд тэргүүлж байгаа нь биднийг удирдан чиглүүлж буй хүмүүс тэр хэмжээнд л буй хэрэг. Гэхдээ зүг чигээ заалгах хүмүүсээ бид өөрсдөө л шилж сонгодог. Тэд бидний сонголтын л үр дүн. Бид сонгууль бүрээр сонголт мэргэн байг гэдэг ч өнөөдрийн Монгол Улсын байгаа царай бидний сонголт харалган байгааг илтгэж байна. Учир нь бид боловсролтой, ухаалаг, оюунлаг хүмүүсээ үл тоон орхисон. Оронд нь булчин шөрмөс нь зангирч, чухал царай гарган ухаантай харагдах гэж ядсан бөхчүүдийг сонгосон. Мөн элдэв уран цэцэн үгээр тархи угаагчдыг тоох болсон.

Монголчууд бид булчин шөрмөсөөр нь шинжиж байж удирдлагуудаа сонгодог болсныг өнөөгийн төрийн өндөрлөгүүд эргэлзээгүй нотолно. Та бүхэн санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бөх хүн. Жүдогоос өөр зүйл ярьдаггүй, мэддэг ч үгүй. Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх төмөр өргөдөг. Хэдэн зуун кг-аар нь өргөдөг, УИХ-ын гишүүдийнхээ тоогоор сунайдаг юм гэнэ билээ. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн ялгаагүй хэдэн зуун кг-аар нь төмөр өргөдөг гэж байгаа. Хотын захирагч Д.Сумъяабазар бүр маргаангүй бөх хүн. Бүр үндэсний бөхөөр аварга хийсэн хүн. Бас үндэсний бөхөө орхиод нохой зодоон руу хүртэл урваж явсан цаг нь саяхан. Зөвхөн тэд ч биш. Тэднийг тойрон хүрээлэгчид, зөвлөх даамлууд нь ч мэдээж бөх, төмөр өргөж, гүйж харайж, уралдаж, зодолддог нөхдүүд бий. Тэгээд доошоо аймаг, сумдын дарга нараас хэчнээн нь бөх байгаа билээ дээ. Лав л Булган аймгийн Засаг даргаар аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг даргаар аймгийн заан Р.Сэддорж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргаар Улсын начин А.Батмөнх, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаар аймгийн арслан Э.Саранбаатар нарын бөхчүүд ажиллаж байгааг мэдэх юм.

Мэдлэг, боловсролтой, соёлтой ухаалаг, төрд хэрэгтэй эрхмүүд тэднээс их ээ хол. Эрдэм мэдлэг, шинжлэх ухааныг шүтсэн тэд юу гэж ч хөлстэй хэдэн бөхчүүдийг тоож очихов. Нөгөө хэд нь ч юу гэж өөрөөсөө илүү хүнд найр тавихав, ярьсан зүйлийг нь тас зөрсөөр, үзэгнээс өөр юм даахгүй гэж шоолсоор хөөгөөд явуулчих биз. Хүрээллийнхээ хэдэн нөхдөөр өөрийгөө туйлын гайхамшигтай хүн болохыг хэлүүлж, яриулж түүндээ бат нот итгэх нь л тэдний хийж чадах зүйл шүү дээ. Тиймдээ ч төрийн дээр гарсан энэ хүмүүст улс орныг удирдан чиглүүлэх холч ухаан, мэдлэг, боловсрол гээч зүйл хумсын толионы чинээ үгүй. Улсыг удирдаж мэдэх ч үгүй, чадах ч үгүй. Угаасаа ч улс эх орныг чадал бяраар удирддаггүй жамтай. “Бялдар хүчээр нэгийг дийлнэ, бичиг эрдмээр түмийг дийлнэ” гэж монголчууд бид зүгээр ч нэг хэлчихээгүй юм.

Чингисийн үеийн Их гүрнийг Чилэгэр бөх, Тэв тэнгэр хоёр удирдан залж байна гээд төсөөлөөд үз л дээ. Чингис мэнгис нөгөө есөн өрлөг мөрлөгийг нь хөөгөөд явуулчихсан тэр хэд төрийн толгой дээр байгаагаар бод доо. Хэрэв тэд удирдаж байсан бол монголчууд дэлхийн энд хүрч, өнөөдрийг хүртэл оршин тогтнож чадах уу. Монгол гэдэг үндэстэн устан үгүй болох байсан биз. Яг ийм зүйл энэ цаг үед болж байна. Бөх биш юм аа гэхэд дэмий чалчдаг нөхдүүд төрд гарчихдаг зовлон ч бас бий болсон. С.Ганбаатар гишүүн үүний тодоос тод жишээ. Энэ нөхдүүдийн ижил тал нь бүгд худалч. Ичиж зовохгүйгээр, огтхон ч улайхгүйгээр худал хуурмаг юм ярина, бусдыг сэнхрүүлнэ. Хөөрхий монголчууд түүнд нь итгэж дагаж намираад эцэс сүүлдээ эргэж сэхэж чадахгүй болтлоо хамраараа газар хатгадаг. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг шиг хийсэн сонголтынхоо үр шимийг өвчин, зовлон, ядуурал, шудрага бус байдлаар хариу болгон авч байгаа нь энэ л дээ.

Өнөөдөр монголчууд цар тахалдаа хүлэгдчихээд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” суугаа нь удирдлагуудад ямар ч хамаагүй болох нь илт болсон. Улс орон нь тахалд эзлэгдээд, өдөрт хэд хэдээрээ үхэж байхад үүнд санаа зовж байгаа нэг ч хүн алга байгааг эрхбиш та бүхэн харж байгаа биз дээ. Ганц аврал болох вакцин тасраад 10 хонож байхад тэр тухай дурсдаг ч хүнгүй болсон. Олж чадахгүйдээ бантаад одоо бараг вакцин хэзээ ирэх вэ гэж асуувал онц байдлын хуулиараа баривчилна биз. Тэд зөвхөн сонгуулиас сонгуулийн хооронд улс төр хийдэг уламжлалт дэг жаягаа л дагаж байна. Улс удирдана гэдэг ямар өөр хэрэг вэ гэдгийг тэд огт мэдэхгүй. Улс төр хийхийгээ л улс удирдаж байна гэж бодоцгоодог. Өнгөрсөн долоо хоногийн үйл явдлыг аваад үзэхэд тэдэнд Цэцийн хурал хэрхэн шийдэгдэх нь вэ, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших нь вэ гэдэг л гол асуудал байлаа. Түүнээс өөр санааг нь чилээж, нойрыг нь хугасласан асуудал харамсалтай нь байсангүй. Ер нь ч энэ нөхдүүдэд дараагийн дөрвөн жил яаж эзэн сууж, идэж уух вэ гэдгээс өөр санаа зовох зүйл үгүй болсон. Тэд өөр хоорондоо уралцаж, улсаа нураачих нь холгүй л сууцгааж байна шүү дээ.

Өнөөдөр ард түмэн “Ядах нь ээ усан оргилуур барихын оронд уушгины аппарат авчих, Андлалын өргөөний оронд вакциныхаа төсөв, мөнгийг нөөцөлчих сүйхээ, сэтгэл зүтгэл алга байжээ” гэж халаглацгааж байна. Халаглахаас ч өөр яах билээ. Өнөөдөр халдвар ид тархаж байхад вакцин ч үгүй, эмнэлэг ч үгүй, эмч ч үгүй болох гээд байна шүү дээ. Хоёр хөршөөсөө үргэлж гуйж гувшиж байдаг, Японоос вакцин ирнэ дээ гэж царай алдаад л сууж байна. Төсвийн мөнгөөрөө вакцин авлаа, авна гэж нэгээхэн ч удаа ярьсангүй. Бодвол хандив, тусламжаар авах гэж гүрийгээд л хоосон суугаад байгаа нь энэ бололтой. Ийм дорой хэрнээ эрх баригч намын дарга нь 100 жилийн ойгоороо тавьсан илтгэлдээ урд хөршийнхөө талаар бодлогогүй байр суурь илэрхийлж, дургүйг нь хүргэчихсэн. Ганц чаддаг улс төрөөс нь болоод өнөөдөр нийтээрээ хоёрдугаар тунгийн вакцингүй болж, хилээ хэдэн долоо хоногоор хаалгасан нь үнэн шүү дээ. Төрийн толгойд гарсан хүн юу ярих, юу ярихгүй байх ёстойг тэдэнд хэлж, чиглүүлээд өгөх хүн өнөөдөр ховордож. Байлаа ч тэд үгийг нь юман чинээ тоохгүй, өөрсдийнхөөрөө муйхарлах биз. Хэр баргийн хүн энэ бөх барилддаг, төмөр өргөдөг уул хад шиг хар юмнуудад юм хэлэхээсээ ч айдаг болоод удлаа. Хэн тэдэнд дэмий юм ярьж байж эрүүгээ хуга цохиулахыг бодох билээ дээ.

Хатуу хөл хорио тогтоож сүр бадруулчихаад вакцинаа тарьж чадахгүй байгаа хэрнээ сонгуульдаа бэлдэн шогших төрийн түшээдээс үнэхээр ичих юм. Гол нь энэ алиа салбадай нарыг сонгож гаргаж ирсэн өөрсдөөсөө бүр ч ичиж байна. Энэ бүгд Монголын ард түмэн бидний өөрсдийн бүтээсэн л үйл лай. Энэ үйл лайгаа бид өнөөдөр эдэлж байна.

Categories
мэдээ

Өнөөдөр 10877 алба хаагч вакцины хоёр дахь тунд хамрагдана

ДЭМБ: Томуугийн вакцин нь өвчлөлийг бууруулахад чиглэсэн хамгийн шилдэг  арга | News.MN

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын хоёр дахь тунг өнөөдөр 10877 хүнд хийхээр төлөвлөжээ.

Хоёр дахь тунгийн дархлаажуулалтад эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, онцгой, цагдаа зэрэг цар тахлын хариу арга хэмжээний багт ажиллаж буй алба хаагчдыг хамруулж байгаа билээ.

Categories
мэдээ

Засгийн газар 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэнэ

ШУУД: 10 ИХ НАЯД төгрөгийн цогц төлөвлөгөө хэрэгжүүлэх боллоо

Засгийн газар өнөөдөр (2021.4.21) коронавирусийн цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг батлах тухай, “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах талаар хэлэлцэнэ.

Мөн цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явц, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ё.Отгонбаяр: ААН-үүд АНУ-ын олон улсын санхүүгийн корпорацид хандахад санхүүгийн дэмжлэг авах бүрэн бололцоотой боллоо

ВАКЦИНЫ ТУСЛАМЖИЙН ХЭЛЭЛЦЭЭ, АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ЯРИГДАЖ БУЙ МӨЧИД БУЦАХ БОЛСОНДОО ЭМЗЭГЛЭЖ БАЙНА –

Монгол Улсаас АНУд суугаа Элчин сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.


МонголАмерикийн стратегийн түншлэлийн тухай тогтоол Сенатын хуралдаанаар батлагджээ.Гуравдагч хөршийн бодлого дахин нэг шат ахихад томоохон үүрэг гүйцэтгэх ажил болжээ. Энэхүү тогтоол батлагдсанаар хоёр улсын харилцаа ямар түвшинд гарах талаар ярилцлагаа эхэлье?

-Өнгөрсөн жил манай УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооноос Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тухай тогтоол гаргаж, АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим мөн адил тогтоол батлан гаргасан билээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-Монгол Улсын хоорондын Стратегийн түншлэлийн харилцааг дэмжин сайшаах тухай 36 дугаар тогтоол АНУ-ын Сенатын танхимын хуралдаанаар хоёр гол намын дэмжлэгтэйгээр санал нэгтэй батлагдан гарлаа. Энэ тогтоол батлагдсанаар АНУ-ын Конгресс бүхэлдээ хоёр орны стратегийн түншлэлийг дэмжиж, цаашид бэхжүүлэн хөгжүүлэх чиглэл гүйцэтгэх засаглалдаа өгч байгаа хэрэг юм. Хамгийн сайшаалтай нь гол хоёр намын дэмжлэгийг авч, нэг ч эсэргүүцсэн саналгүйгээр батлагдаж чадсан нь улс төрийн талцал ихтэй байгаа энэ үед маш том алхам боллоо гэж бодож байна.Тогтоолд Монгол Улс ардчилсан хөгжлийн замаар хэлбэрэлтгүй урагшилж буйг сайшааж, хоёр орны хооронд стратегийн түншлэл тогтсоныг дэмжиж, цар тахлын хүнд нөхцөл байдалд хамтран ажиллах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд арга хэмжээ авахыг АНУ-ын засаг, захиргаанд чиглэл болгосон болно.

Манай улсын эдийн засагт бодитой ямар өөрчлөлтүүд бий болох бол?

-Тогтоолд хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тухай тогтоолд маш тодорхой заалтууд орсон.

Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах чиглэлд Мянганы Сорилтын Сангаас олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг сайшааж, хоёр орны хоорондын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх замын зураг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалаар байгуулагдсаныг дэмжиж, АНУ-ын Олон улсын санхүүгийн корпорацийг Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, олон төрөлтэй болгох, эмэгтэйчүүдийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг санал болгосон байгаа. АНУ-ын Олон улсын Санхүүгийн корпораци өнөөг хүртэл Монгол-Америкийн хамтарсан аж ахуйн нэгжүүдэд 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, зээл олгосон. Одоо энэ үйл ажиллагаагаа өргөжүүлж, ялангуяа дэд бүтэц, электрон худалдаа, эрчим хүчний чиглэлд томоохон төслүүдийг санхүүжүүлэхийг энэ байгууллагад Конгрессоос чиглэл болгож байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, одоо манай аж ахуйн нэгжүүд сайн төсөл хийгээд АНУ-ын Олон улсын санхүүгийн корпорацид хандахад санхүүгийн дэмжлэг авах бүрэн бололцоотой боллоо. Мөн хоёр орны худалдаанд GSP буюу Gen­eralised System of Preferences худалдааны хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдах Монголын барааны экспорт жилд ердөө 3.2 сая ам.долларын хэмжээнд байгааг онцлон тэмдэглэсэн байгаа. Нийт экспортын хэмжээ 24.6 сая ам.доллар байгаатай харьцуулбал их бага дүн байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, энэ хөнгөлөлтийн тогтолцоог манай бизнесмэнүүд муу ашиглаж байна. Тэгэхээр манай аж ахуйн нэгжүүд энэ тогтолцооны дагуу АНУ-ын зах зээл рүү татваргүй орох бололцоотой бараа, таваарын үйлдвэрлэл, нийлүүлэлтэд анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм.

Энэхүү тогтоол батлагдсанаар АНУын Конгресст өргөн бариад буйГуравдагч хөршийн худалдааны тухай хууль”-ийн төслийг хэлэлцэх үйл явцад түлхэц болох хүлээлт манайд бий. Энэ хууль биеллээ олоход нэлээд ойртчихов уу?

-Хуулийн төслийг тун удахгүй дахин өргөн барих гэж байна. Шинэ Конгресс байгуулагдахаар хуучин хуулийн төслүүдээ шинээр өргөн барьдаг. Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхэд хоёр бэрхшээл тулгардаг. Нэгдүгээрт, яагаад дэлхийн энэ олон улсаас Монголыг онцолж байгаа юм бэ гэдэг асуулт гардаг. Энэ асуултад саяхан батлагдсан энэ тогтоол хариу өгч байгаа юм. Манай хоёр орон стратегийн түншлэлийн харилцаатай учраас онцолж байна гэсэн хариу өгөх боломжтой болж байна гэсэн үг. Хоёрдугаарт, Монголын хөнгөлөлттэй нөхцөлөөр дамжуулан бусад орон хууль бус экспорт хийх үүд хаалга нээгдэх юм биш биз гэсэн асуулт гардаг. Үүнд бид өмнө нь Дэлхийн худалдааны байгууллагын Уругвайн раундын хэлэлцээний дагуу оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний хөнгөлөлтийг эдэлж байх үедээ Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг зохих хяналттайгаар АНУ руу экспортолж байсан жишээгээ ярьдаг. АНУ-ны Конгрессийн хоёр танхимаар хоёулангаар нь Стратегийн түншлэлийн тухай тогтоол батлагдсанаар Гурав дахь хөршийн худалдааны хуулийг батлуулах үндсэн нөхцөл нь бүрэлдэж байгаа юм. Гурав дахь хөршийн худалдааны хуулийг АНУ-ын Конгрессийн дээд, доод танхимын 94 гишүүн дэмжиж, хамтран зохиогчоор орсон байгаа. Намайг энэ чиглэлд ажил хийгээгүй гэсэн яриа гарсан байна лээ. Конгрессийн нийт гишүүдийн тавны нэгийг хамтран зохиогчоор оруулахад маш их хөдөлмөр, цаг хугацаа орно гэдгийг хүмүүс эрхбиш ойлгох байх аа. Харамсалтай нь, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд маш их талцсан улс төртэй, дэлхий даяар тархсан цар тахлын аюултай холбоотой хуулиуд хэлэлцэх ёстой гэх мэтийн бэрхшээл ихтэй байлаа. АНУ төсвөө баталж чадахгүй, Засгийн газар нь хүртэл хаагдаж байлаа шүү дээ. Одоо харин байдал хэвийн болох хандлагатай байгаа тул хууль батлагдах боломж бүрдэх болов уу гэж найдаж байна.

АНУын ерөнхийлөгч Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байх үедээ бНХАУ, монгол зэрэг орнуудаас нүүрс авч, дэлхий даяар муу нүүрс тараадаг, ерөнхийлөгч болсон даруйдаа би үүнийг таслан зогсооно гэх зүйлийг ярьсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-Байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс дэлхий ертөнцийг хамгаалах гэдэг бол дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа сэдэв. Байден ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааны үед ярьсан асуудал бол эрчим хүчний цэвэр эх үүсвэрийн тухай ерөнхийд нь ярьсан асуудал. Манай нүүрсний экспортод гангийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг коксжих нүүрс голлодог. Энэ бол шатааж, эрчим хүч гаргаж авдаг нүүрс биш. Тийм учраас манай олон нийт энэ буруу ойлголт, болгоомжлолоос салах хэрэгтэй. Харин эрчим хүчний цэвэр эх үүсвэрийг дэмжих одоогийн засаг захиргааны бодлогыг сайтар судалж, сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр асар баян орны хувьд энэ чиглэлд АНУ-тай хамтран хэрэгжүүлэх төслийг боловсруулан хэрэгжүүлэх аваас их боломж, бололцоо гарч байгааг соргог ажиглаж, ажил хэрэг болгоосой гэж бодож байна. Ж.Байдены засаг, захиргаанаас “ногоон хөгжил”, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг асуудлуудад ихээхэн анхаарал хандуулж, эдгээр нь АНУ-ын гадаад бодлогод чухал байр суурь эзэлж байгааг бид шинэ боломж гэж харах нь зүйтэй.

Ерөнхийлөгч Х.баттулга таныг эргүүлэн татах зарлиг гаргасан. Ерөнхийлөгч өөрт нь таалагдахгүй болохоор л Элчин сайдуудыг эргүүлэн татаад байх нь хэр зөв юм бэ гэх зүйл нийгэмд ажиглагдаж байна. Таны хувьд монголд ирэх хүсэлтээ өгсөн байсан. Үүнээс болов уу?

-Би Ерөнхийлөгчийн зарлигийн тухай ямар нэг зүйл хэлэх нь илүүц биз. Би буцах хүсэлтээ гаргахдаа манай дотоодын энэ ойлгомжгүй байдал хоёр улсын харилцаанд сүүдрээ тусгах ёсгүй гэсэн зарчмын байр суурийг баримталсан. Мөн манай төрийн байгууллагууд хоорондоо зөрчилдсөн шийдвэр гаргаж, энэ нь цаашид элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудал дээр буруу жишиг тогтоох эрсдэлтэй гэж үзээд бүрмөсөн буцах хүсэлтээ өгсөн. Би гурван жил АНУ-д Элчин сайдаар ажиллалаа. Энэ хугацаанд хоёр орны харилцааг өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүргэж, дараа нь энэ түвшнээс стратегийн түншлэлийн түвшинд хүргэх үйл ажиллагаанд оролцсондоо баяртай байдаг. Бүрэн эрхийнхээ хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн айлчлалыг амжилттай зохион байгуулж, АНУ-ын зүгээс Батлан хамгаалахын сайд, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх зэрэг өндөр, дээд албан тушаалтнуудын Монголд хийх айлчлалыг хэрэгжүүллээ. ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад АНУ-ын зүгээс тусламж, дэмжлэг авах ажлыг зохион байгуулалцлаа. Монгол иргэд хөдөлмөрийн визээр АНУ-д ажил хөдөлмөр эрхлэх, залуус хөнгөлөлттэй үнээр АНУ-ын Их, дээд сургуульд сурах бололцоог нээх ажлыг эхлүүллээ. Цар тахлын хүнд үед хоёр улсын хооронд анхны шууд нислэгүүдийг зохион байгууллаа. Дурдвал олон ажил байна. Харин яг одоо вакцины тусламжийн хэлэлцээ ид явж байгаа үед, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал яригдаж буй мөчид буцах болсондоо жаахан эмзэглэж байна. Гэхдээ явтлаа эдгээр ажлуудыг баталгаатай болгож, хэрэгжилтийг хангахад бүх хүчээ дайчлан ажиллана гэдгийг хэлье. Хоёр орны харилцаанд гэрэлт ирээдүй хүлээж буй гэдэгт эргэлзэхгүй байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар хуралдаж байна

Өнөөдөр Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг батлах тухай, “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах талаар хэлэлцэнэ.

Мөн өнөөдөр:
Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт,
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явц,
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

​С.Амарсайхан: “Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө, миний хүү наадхаа боль” гэж хэлж зүрхлээгүй юм

С.Амарсайхан Шадар сайд болонгуутаа хүүгээ Боловсролын зээлд хамруулсан нь илчлэгдэж, олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа билээ. Тэрээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах мэдэгдлийг хийжээ.
“Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл,бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье.
Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Оюутан болж, амьдралынхаа шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр хүү минь ойлгоно гэдэгт итгэж байна.
Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч сайн мэднэ.
Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлэхэд нь эцэг хүний хувьд би

“Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө”, миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм.
Учир нь Улс төрч Амарсайханы биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан
Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж цагдах учиргүй, бусдын төдийгүй улс орныхоо өмнө хариуцлага үүрэх чадвар суулгаж, ялангуяа өөрсдийн эрх ашгийн үүднээс өмнөөс нь шийдвэр гаргах ёсгүй учраас тэр.
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй.
Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй.
Үүнийхээ ч төлөө эцэг хүний гэмшлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч сууна. Эцэг хүн үрийнхээ өмнө гэмших амар байдаггүй аж. Хожим ийм байдалд хүү минь бүү ороосой гэж аав нь бас хүсч байна.
Иймд энэ удаа хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна.
Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ,хөтөлбөрөөс татгалзаж байна..
Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон зуун оюутны сургалтын төлбөрийг хариуцаж, залуусын эрдэм боловсролд хөрөнгө оруулж ирсэн аавынх нь хувьд хүүгийнхээ сургуулийн төлбөрийг улсын зээлээр төлүүлэх санаархал байхгүйг хүү минь мэднэ. Хүү шигээ олон залуусын боломжийг хулгайлахгүйг ч бас мэднэ. Энэ нийгмийн эрхэм үнэт зүйлс болсон хүүхэд залуусынхаа итгэл, урам зоригийг мохоох зүйл хийхгүй.
Хүүгийн минь ирээдүй, хүүтэй минь адилхан мянга мянган залуусын ирээдүй саруул байг!
Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх байна…” гэжээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин гахай өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 21, Буд гариг. Билгийн тооллын 9, Үнэг одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 5:52 цагт мандан, 19:50 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 20-22 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, уулаараа цасан шуурга шуурна.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Говь-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Монголын тал нутаг, Хэрлэн, Халх голын сав газраар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн уурхайд техник, технологийн шинэчлэл хийлээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 132 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд эрчим хүчний нүүрс олборлогч “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагааны хэвийн найдвартай ажиллагааг хангуулах зорилгоор техник, технологийн шинэчлэл хийх зайлшгүй хэрэгцээг харгалзан, үүнд шаардагдах хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээр шийдвэрлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох яамдад үүрэг болгосон.

“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн зардал бууруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, уурхайн найдвартай хэвийн үйл ажиллагааг хангуулахад нэн түрүүнд шаардлагатай байгаа 6,7 мᶾ-ын хүчин чадалтай экскаватор гурав, автосамосвал 100 тн даацтай зургаа, 60 тн даацтай найм, гинжит бульдозер хоёр, нийтдээ 44.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий Японы Комацу брендийн 19 ширхэг машин техник авлаа.

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/ хооронд Япон улсын орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих зорилго бүхий “Экспортын зээлийн шугам нээх тухай төслийн зээл”-ийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулж, энэхүү тендерт Японы таван компани оролцсоноос тендерийн баримт бичгийн бүрдэл зэрэг бусад холбогдох шаардлагыг “Трансвест Монголиа” ХХК (“KOMATSU” худалдааны төлөөлөгч) хангаснаар шалгарсан юм.

Сангийн яам, Японы олон улсын хамтын ажиллагааны банк, “Эрдэнэс Монгол” гурван талын хамтын ажиллагааны хүрээнд хоёр уурхайн техникийн тодорхой хэсгийг шинэчлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу амжилттай гүйцэтгэж дуусах шатандаа явж байна. Коронавирус цар тахалтай холбоотойгоор нүүрс тээврийн хоёр автомашин Замын Үүдийн хилийн боомт дээр хүлээгдэж байгаа бөгөөд бусад машин техникийг хоёр уурхайд хүлээлгэн өгч ажилд гаргаад байна.