Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Чойжингийн-Ар” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Түймрийн дуудлагыг өчигдөр 15.01 Цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 20 км зам туулан 16.00 цагт очиход орон нутгийн иргэд ажиллаж түймрийг унтраажээ. Хээрийн түймэрт 4.5 га талбай шатсан байна.

Ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байгаа тул болзошгүй түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулав.

Categories
мэдээ цаг-үе

ПСР шинжилгээний таван цэг ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 20-нд иргэдээс нийт 195 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан хугацаа 1.50 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 22 иргэн хандсанаас 11 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 92 буюу 47.2 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох тухай/ дуудлага эзэлж байна.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс ирж байгаа түгээмэл асуултад хариулт өгье.

-ПСР шинжилгээг хаана өгөх боломжтой вэ?

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө, орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ.

Шинжилгээний таван цэг ажиллаж байна. Тодруулбал,

  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон
  • Сонгинохайрхан дүүрэг Таван шарын Номин агуулахын гадна талбай
  • Баянзүрх дүүрэг “Тэнгэр” плаза гадна талбай.

Ойрын хавьтал болсон тохиолдолд хэрхэх вэ?

-Ойрын хавьтал болсон иргэд гэртээ 10 хоног халдвар хамгааллын дэглэм баримтлан /өөрийгөө тусдаа өрөөнд гэр бүлийнхнээс тусгаарлах, тусдаа аяга халбага хэрэглэх, ариутгалын бодисоор болон белезинатай усаар чийгтэй цэвэрлэгээ хийх/ тусгаарлагдах хэрэгтэй. ПСР шинжилгээг гурав болон найм дахь хоногт дүүргийн Хариу арга хэмжээний тандалтын баг гэрээс нь очиж авч байгаа. Зайлшгүй шаардлага /Коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн, биеийн байдал муудсан/-тай нөхцөлд иргэд өрхийн эмчтэйгээ холбогдоно. Дуудлагын дагуу бэлтгэгдсэн баг гэрт нь очиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Бүх дүүрэгт зөвлөх эмч нарын баг байгуулсан бөгөөд өрхийн эмч нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Уранцэцэг: Хоолойны ангина хүндэрвэл зүрх, үе мөч, бөөрний үрэвсэл үүсгэдэг

Ангина буюу гүйлсэн булчирхайн үрэвслийн талаар чих, хамар, хоолойн эмч Д.Уранцэцэгтэй ярилцлаа.


No description available.-Хоолойны ангина гэх энэ өвчлөлийн талаар мэдээлэл өгөөч?

-Бид хоолойн ангина гэж нэрлээд сурчихсан. Үүнийг тагнайн гүйлсэн булчирхайн үрэвсэл гэж хэлдэг. Энэ нь хоолой гэнэт хатаж сэрвэгнэж эхэлдэг. Дараа нь хоолой өвдөж хатуу зүйл идэхэд төдийгүй шингэн юм уухад ч хэцүү болно. Мөн халуурах шинж илэрнэ. Ялангуяа бага насны хүүхэд 38-40 хэм хүртэл халуурна. Бие сульдах, дотор муухайрах, толгой өвдөх, үе мөчөөр шархирдаг. Хүзүүний тунгалагын булчирхай өвчтэй болж, томорно. Хэрэв толинд харвал гүйлсэн булчирхай улайж томорсон байдаг. Гүйлсэн булчирхайн идээт үрэвслийн үед шар өнгийн идээ, цэврүүгээр бүрхэгдсэн байдаг. Өвчин 3-7 долоо хоног үргэлжилнэ. Хэрэв ямар нэгэн хүндрэл гарахгүй байсан ч цаашид халуурах шинж тэмдэг удаанаар үргэлжилдэг. Энэ нь бидний хоолойн хоёр талд байдаг мах нянгийн улмаас үрэвссэн байна гэсэн үг юм. Тагнайн гүйлсэн булчирхай буюу хоолойны мах нь хүний биед үр хөврөлийн долоо дахь долоо хоногоос эхлэн үүсдэг. Хүүхэд төрөх үед ямар ч үүрэггүй байдаг бол төрсний дараагаар томорч идэвхтэй болж эхэлдэг. 2-5 насанд илүү томорч үйл ажиллагаа их явагддаг. Харин 5-12 нас хүртэлх хугацаанд хоолойны махны хэмжээ нь хэвийн байдалд ордог. Хүний биед заавал байх ёстой ашигтай булчирхай юм.

Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн Чих Хамар Хоолойн Эмч Б.Баярсайхан ангина өвчний  талаарх цогц мэдээлэл өглөө!

Энэ нь хоолой амыг чийглэх, гаднаас орсон нянг устгах үүрэгтэй. Хэрвээ хоолой маш олон удаа өвдөж идээлбэл үүргээ гүйцэтгэж чадахаа больдог. Цаашилбал гүйлсэн булчирхайн үрэвсэл үүснэ гэсэн үг.

-Нян халдварлана гэж байх уу. Гүйлсэн булчирхайд үрэвсэл үүсэх шалтгаануудыг дурдвал?

-Мэдээж халдварлана. Хүний бие махбодид халдварын үүсгэгч орсны дараа өвчин үүсдэг. Үрэвсэл үүсгэгч нь бактери, вирус ба мөөгөнцөр гээд маш олон байна. Гэхдээ дийлэнх тохиолдолд бета-цус задлагч А бүлгийн стрептококк бактери болон стафилококк бактери нь энэ өвчний гол үүсгэгчид болдог. Гүйлсэн булчирхайн үрэвслийн дотоод эх уурхай нь цоорсон шүд, өвчтэй буйл, архаг ханиад зэрэг архаг халдварын голомтууд юм. Ийм голомтод байгаа бактериуд нь шинэ газар нүүж очвол гүйлсэн булчирхайн үрэвсэл үүснэ.

Халдварын эхний тохиолдолд өвчний эх үүсвэр нь өвчтэй хүн байдаг. Ханиах, найтаахад өвчин үүсгэгч нян цацарч эрүүл хүнийг халдварлуулна. Халдварлахаас гадна өвчтөнтэй ойр байгаа сав суулга, цагаан хэрэглэл, алчуурт наалддаг.

Харин хэт даарах, хэт халах, агаарын бохирдол, тоосжилт, дархлаа буурах, гүйлсэн булчирхайн механик гэмтэл зэрэг нь гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг таатай хүчин зүйлүүд юм. Мөн архи уух, тамхи их татах нь өвчин үүсэлтийг даамжруулна.

-Ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ?

-Тагнайн гүйлсэн булчирхайн үрэвслийн үед эмийн эмчилгээ хийх, мэс засал хийх гэсэн хоёр заалт байдаг. Хөнгөн, хүнд өвдсөн тохиолдолд эмийн эмчилгээ хийнэ. Үүнд сульфаниламидын бэлдмэл хэрэглэнэ. Харин хүнд хэлбэрийн үед антибиотикийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Антибиотикийн курсийг дуустал нь хэрэглэх хэрэгтэй. Хэрэв эмийг зааврын дагуу хэрэглээгүй тохиолдолд нянгууд тодорхой хугацааны дараа дахин сэдрэх магадлалтай.

Дараагийн заалт бол мэс засал хийх түвшний үрэвсэл. Энэ нь жилд таваас дээш удаа хоолойн мах идээлж, халуурч өвдөх, гурван жил дарааллан өвдсөн тохиолдолд хоолойн махыг авах мэс засал хийгдэнэ.

Хоолойны ангина | Эмийн ургамал судлалын төв

-Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хүний биед ямар сөрөг үр дагавартай вэ?

-Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь зүрх судасны үрэвсэл, үе мөчний талаас реватизм буюу хэрэх өвчин мөн бөөрний үрэвсэл зэрэг хүндрэлүүд үүсгэх аюултай. Түүнээс гадна гүйлсэн булчирхайд идээ буглаа үүсгэснээр хүнд хэлбэрээр өвдсөн үед цус бохирдол үүсгэх аюултай байдаг.

Зөвлөмж:

Хоолойн өвчнийг хурдан эмчлэх хэрэгтэй

-Хоолой сэрвэгнэж, юм залгихад хөндүүрлэж бага зэрэг улайсан байх нь хоолой өвдөх анхны шинж тэмдэг юм. Эдгээр шинжүүд илэрвэл нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай. Хөөрүүлсэн халуун сүү хоолойг цочроодог учраас ийм үедээ ууж хэрэггүй. Хоолой хөндүүрлээд байвал өдрийн турш 2-3 ширхэг каланхоэны (тасалгааны ургамал) навч удаан зажилж идэх хэрэгтэй.

-Хоолойгоо давстай усаар зайлах:

-1 стакан халуун бүлээн усанд 1 хоолны халбагаар давс хийж уусгаад хоолойгоо зайлна. 3-4 удаа зайлсны дараа хоолойн өвчин бага дээрээ хүндрэлгүй дарагддаг. Марганцыг усанд өтгөн биш найруулаад өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлж болно.

-Хоолойн өвчнийг анагаах шилмэл арга:

-1 литр үхрийн сүүнд 25-30 гр гацуурын мөчир хийж 15 минут чанана. Хэсэг хугацааны дараа сүүгээ шүүж өдрийн турш ууна. Мөчрийн оронд болж гүйцээгүй хялх ногоон боргоцойг хэрэглэж болно. Гэхдээ боргоцойг хагас цаг чанана. Энэ сайхан амттай сүүг ууснаар та ханиад томууг ч эмчилнэ, тамир тэнхээ ч орно. Эртний оточ нар хоолой өвдсөн үед шөнө унтахдаа хоолой дээрээ зөгийн бал түрхсэн байцааны навч тавьж унтахыг зөвлөдөг байсан. Байцаан дээрээ пергамент цаас (нэвтрүүлэхгүйн тулд) тавиад гадуур нь ороолтоор орооно. Зөгийн балаа бүрэн хаттал боолтоо авахгуй. Энэ арга өвчнийг нам дарна. Харин энэ зөвхөн ангинд төдийгүй хоолойн бусад өвчинд ч сайн. Саванд 1 стакан ус, тал стакан анисны үр хийж зөөлөн гал дээр 15 минут чанана. Шүүсний дараа энэ ханд дээрээ 1 цайны халбага зөгийн бал 1 хоолны халбага коньяк хийнэ. Тэгээд энэ бэлдмэлийг бүлээсгээд өдрийн турш ууж дуусгана.

-Зөвхөн насанд хүрэгчдэд:

-Хоолойны бахыг цэвэршүүлсэн керосиноор эмчлэх нэг ийм арга бий. Цэвэршүүлсэн керосиныг зузаан хөвөнгөөр шүүнэ. Тэгээд өвчтөнийг хоолойн мах нь нарны гэрэлд сайн харагдахаар нар руу харуулж зогсооно. Тэгээд модны үзүүрт хөвөн ороож керосиндоо дүрж базаад хэлийг нь халбагаар дарж байгаад керосиныг хоолойн маханд нь түрхэнэ. Ингэсний дараа шүлсээ залгиж болохгүй. Шууд нулимж хаяна. Тэгэхдээ амаа зайлж хэрэггүй. Цаг болсны дараа 1 цайны халбага ургамлын тос уулгана. Ерөнхийдөө хоёр удаа ийм эмчилгээ хийсэн байхад хоолойн бах өвчин эдгэрдэг. Харин хоолой идээлчихсэн байхад энэ арга тохирохгүй.

-Төмс чанасан усны уураар утах:

-Чанасан төмсний ууранд хоолойгоо утах аргыг олон хүн мэднэ. Бага шг усанд жижиг төмс хальстай нь чанаад шөлөнд нь 2 ширхэг валидол хийнэ. Дээгүүрээ зузаан алчуур бүтээгээд ууранд нь хоолойгоо утна. Хоолойн ангиныг бөөрөнхий сонгины шүүсээр эмчилж болно. Гэхдээ эдгээр жорууд зүрхний цусан хангамжийн дутагдалтай, зүрхний хэм алдагддаг, ходоодны шархтай хүмүүст тохирохгүй. Мөн уушгины агшилт хүчтэй явагддаг өвчтэй хүмүүс түүхий сонгино хэрэглэж болдоггүй.

Н.ЦОГЗОЛМАА


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Л.Баттөр: Япон, Солонгос руу дээж явуулж мутацид орсон вирус мөн эсэхийг судлуулж байна

Л.Баттөр: Вакцин хийлгэсэн иргэдээс нас барсан 3 тохиолдлын 2 нь Синофарм,  1 нь Файзер вакцин хийлгэсэн

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөрийн мэдээллийг хүргэж байна. Тэрээр:

Манай улсад мутацид орсон вирус орж ирсэн эсэхэд асуулт тавьчхаад байж байна. Мутацид орсон хэлбэрийн вирусийг илрүүлэхэд ганц, хоёр хувийн лаборатори хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийлсэн. Гэхдээ энэ тал дээр туршлага багатай гэдгээ мөн хэлж байсан.

ХӨСҮТ энэ чиглэлээр ДЭМБ болон бусад газрын дэмжлэгийг аваад геномын дарааллыг тогтоох аппаратуудыг худалдаж авахаар ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн манай гурван мэргэжилтэн энэ чиглэлээр Японд сургалтад хамрагдаж байгаа. Тэд энэ сарын сүүлээр Монголд буцаж ирэх юм. Цаг хугацааны хувьд бид хожуу явж байна. Гэхдээ бид урьдчилсан байдлаар Япон, Солонгос руу дээж явуулж мутацид орсон вирус эсэхийг судлуулж байгаа. Энэ долоо хоногт багтаад шинжилгээний хариу гарах байх гэж найдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Улсын чанартай авто зам дагуу 200 км тутамд анхны тусламж үзүүлэх цэг байгуулна

Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2021 онд хэрэгжүүлэх тусгай үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх уулзалтыг Зам, тээврийн хөгжлийн яаманд зохион байгуулжээ. Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Ганзориг, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр нар оролцсон байна.

ОХУ-ын Москва хот 180 мянган камертай бөгөөд телехяналтын төслийг 2012 оноос дөрвөн үе шаттай хэрэгжүүлснээр гэмт хэргийн 70 хувийг илрүүлж, гаралтыг 19 хувиар бууруулжээ.

2021 онд Улаанбаатарын хэмжээнд ашиглаж байгаа камерын хэрэглээг стандартаар баталгаажуулан 35 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн мотоцикльд тавигдах стандартыг боловсруулж батлуулах, улсын чанартай авто зам дагуух суурин газрын ерөнхий боловсролын сургууль орчмын бүсийг хөдөлгөөний аюулгүй байдлын стандартын дагуу иж бүрэн жишиг болгон тохижуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн замын түгжрэлийг бууруулах чиглэлээр явган хүний гарам (нүхэн болон гүүрэн)-ыг стандартад нийцүүлэн барьж байгуулах, улсын чанартай авто зам дагуу 200 км тутамд зам тээврийн ослын үед эмнэлгийн тусламж дуудах үүрэн телефоны сүлжээ, анхны тусламж үзүүлэх цэгийг байгуулах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон бүртгэгддэг

Хаалттай хаалганы цаана: КОВИД-19 ба гэр бүлийн хүчирхийлэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүүхэд хамгааллын 108, цагдаагийн 102 тусгай дугаарт ирж байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэлтэй танилцжээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Он гараад нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 2.5 дахин нэмэгдсэн. 1700 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Энэ бүхэн дээр хэрэг нээж, ажиллаад явж байна” хэмээн танилцуулав.

Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэртэй бус харилцаа. Үүнд мөн үүнд архи, согтууруулах ундаа нөлөөлдөг байна. Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон бүртгэгддэг аж.

102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн 100-150 дуудлага бүртгэгддэг. Тэгвэл хөл хорио тогтоосон эхний өдөр 182 дуудлага бүртгэгдсэн бол бусад өдөр 100-150, өчигдөр гэхэд 88 дуудлага бүртгэгджээ.

Өмнөх хатуу хөл хорионы үеэр согтууруулах ундаа хориглоход гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 60-80 болж буурсан аж.

Гэхдээ олон улсын жишгээр архи, согтууруулах ундааг хориглосноор гэмт хэргийн гаралт буурдаггүй, харин нэмэгдэх хандлага ажиглагддаг байна. Иймээс энэ удаагийн хөл хориогоор согтууруулах ундааг бүр мөсөн хорилгүй, 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглосон.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур хэрэглээнд нэвтэрч, эмнэлгүүдэд хуваариллаа

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур өнөөдрөөс эхлэн хэрэглээнд албан ёсоор нэвтэрлээ. Эхний ээлжинд 10 мянган оношлуурыг эмнэл зүйд ашиглахаар эмнэлгүүдэд хуваарилаж байгаа аж.

“Улсын бүртгэл гуравдугаар сарын 25-ны өдөр бүртгэж авсан. эхний 10 мянган оношлуурын захиалгаа өгч, савлагдан ийнхүү хүлээлгэн өгч байгаад бид баяртай байна. шүлс цуглуулах сав болон дагалдах бүх хэрэгслийг багтаасан шууд хэрэглэхэд бэлэн оношлуур учраас эмч, мэргэжилтнүүд хэрэглэхэд хялбар юм. Өөрөөр хэлбэл өвчтнүүдээсээ шүлсийг нь аваад тодорхой боловсруулалтыг хийгээд урвалын самбартаа дусааж, ПСР машиндаа хийгээд уншуулах зарчмаар ажиллана.

Ялган дүйх чадвар нь эмнэлэгийн салбарт хэрэглэж байгаа импортын бусад оношлуураас нэлээд өндөр гэдэгт хамгийн гол ач холбогдол нь оршиж буй юм.

Нэг савандаа 96 хүний оношлуур багтсан. 90 минутийн дараа онош нь гарна” гэж эрдэмтдийн багаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөл хориог дахин сунгах эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 10-наас хатуу хөл хорио тогтоогоод 10 хонож байгаа ч 24 цагт гарах халдварын тоо 1000-аас буурахгүй байна. Иймд хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.

Харин УОК хатуу хөл хориог 7 хоногоор сунгах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн байна.

Хөл хорионы хугацаа дуусах дөхөж буй тул хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр орой болох УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт уламжилна гэсэн мэдээлэл байна.

Categories
мэдээ цаг-үе

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 146 иргэн эх орондоо ирнэ

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь – Онцгой байдлын ерөнхий  газар

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2021.04.21/ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Кентавр”, “Новотел”, “Кемпински”, “Ибис” зочид буудалд тусгаарлана.

Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хуучин станцыг ашиглалтаас гаргана

Дэлхийн тойрог замд ажиллаж буй олон улсын сансрын станцын ашиглалтын хугацаа 2024 онд дуусах юм байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын засгийн газрын шадар сайд Ю.Борисов мэдэгдэл хийжээ. Тэрбээр “2025 онд бид Олон Улсын Сансрын Станцыг орхино.

Хуучин станцыг ашиглалтаас гарсны дараа шинэ станцыг хэрхэн хамтран ашиглах талаар бусад улс оронтой хэлэлцэнэ” гэжээ. 1998 онд ашиглалтад орж байсан дээрх станцад сүүлийн үед гэмтэл гарах нь нэмэгдсэн аж. Тухайлбал, станцын битүүмжлэл алдагдаж, хүчилтөрөгчөө алдах болсон, зарим модулиуд нь сэргээн засварлах аргагүй болсон гэнэ. Ашиглалтын хугацаа нь дууссаны дараа станцыг дэлхийн агаар мандалд оруулж, далайд унагах юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР