Categories
мэдээ нийгэм цаг-үе

АстраЗенека вакцины 50400 тунг хүлээн авлаа

Манай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд ковид-19 цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу Астразенека вакцины ээлжит 50400 тунг өчигдөр хүлээн авчээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хаягаар мэдээлсэн юм.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчирсан ба тус онгоц өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өчигдөр орой 21:00 цагийн үед газардсан юм.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “БНХАУ-ын Синофарм компаниас verocell вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900.000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна” хэмээсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Цэц УИХ-ын хууль тогтоох эрх мэдэл рүү халдах боломжгүй

Академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


Зарим иргэдээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно гэж Үндсэн хуульд байгааг бичээгүй нь Үндсэн хууль зөрчлөө гэх мэдээллийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хоёр заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргалаа. Энэ талаар таны байр суурийг тодруулмаар байна?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 3.1.2, 5.4 гэсэн хоёр заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн Хуулийн Цэц дүгнэжээ. Тухайн заалтуудыг дэлгэрүүлж харвал, 3.1.2-т “ “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” ойлгоно гээд, 5.4-т “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид сонгогдох эрхтэй” гэж томьёолжээ.

ҮХЦ дүгнэлтдээ эдгээр заалтаас тодорхой хэсгүүдийг нь түдгэлзүүлснээр 3.1.2-т “нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг” ойлгоно гэж, 5.4-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн томьёололтой болж байгаа юм.

Тэгвэл зөвхөн нэг удаа сонгогдоно гэсэн үг нь ороогүй юм байна шүү дээ.

-Тийм. Ингэж хуульд нэмэх тухай шийдвэр Үндсэн хуулийн Цэцээс гарах боломжгүй. Хэрэв тэгвэл Үндсэн хуулийн Цэц УИХ-ын хууль тогтоох эрхэд халдсан буюу Цэц хууль тогтоогч болж Үндсэн хуулиа зөрчих болно. Цэцийн эцсийн шийдвэр гарвал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2 болон 5.4 дэх хэсгүүд дээрх томьёололтой л болно. УИХ ямар нэг өөрчлөлт, нэмэлт оруулах шаардлагагүй бөгөөд түдгэлзүүлсэн хэсгүүд хасагдах нь редакцийн шинж чанартай өөрчлөлт юм. Учир нь дээрх заалтууд дахь Монгол Улсын Үндсэн хууль гэсэн эшлэлд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага нь багтаж байгаа юм.

Цэц тэгвэл тэр заалтуудыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн юм байна гэж ойлголоо.

-Энд л гол зөрчилт байдал (парадокс) байгаа юм.

Цэц мэдээлэл гаргагчдын хуульд оруулахыг хүссэн “зөвхөн нэг удаа сонгогдоно”гэдгийг оруул гэвэл УИХ-ын хууль тогтоох эрхийг булаачих гээд тэгж болохгүй болохоор дээрх редакцийг л хийхийг шаардсан дүгнэлт гаргахаас өөр аргагүй болчихоод байгаа юм.

Яагаад ийм парадокс үүсчихсэн юм бэ?

-Ерөнхийлөгчийн сон-гуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн зохих заалтыг эшилсэн болохоор энэ хуулиас Ерөнхийлөгч байсан, байгаа хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох эсэх талаар хариулт гарахгүй. Нөгөө талаас дээд шүүх хуульд тайлбар хийдгийн адил манай Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд шууд тайлбар хийдэггүй, зөвхөн маргаан шийдвэрлэх замаар Үндсэн хуульд нийцээгүй, зөрчилдсөн хуулийн заалт, хэсгийг түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгодог. Товчхон хэлбэл, уг асуудлыг шийдэх маргааны объект нь сонгуулийн хууль биш болохоор л тэр.

Ерөнхийлөгч байсан, байгаа иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэж шийдэгдээгүй гэсэн үг үү?

-Цэцийн дүгнэлтийн түвшинд энэ асуудал шийдэгдээгүй, УИХ ч шийдэх үүрэг Цэцээс хүлээгээгүй, бас тийм нэмэлт Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд оруулах боломжгүй. Учир нь энэ хуулийн 81.1-ээр энэ хуульд нэмэлт оруулахыг хориглосон. Харин мэдээлэл гаргагчдын “барьцаад” байгаа үгүүдийг хуулийн заалтуудаас хасаж байгаа нь ҮХЦ-ийн эрх мэдлийн асуудал юм.

Тэгээд шийдэгдэх боломжгүй юм уу?

-Аль нэг УИХ-д суудалтай намаас Ерөнхийлөгч байсан, эсвэл байгаа иргэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд хандахад түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн, эсвэл бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан үед уг маргаан үүснэ. Гаргасан маргааныг Үндсэн хуулийн 66.2.2-оор Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэнэ. Ингэж л шийдэгдэнэ.

Та энэ жил ээлжит сонгууль болох ёсгүй, 2023 онд сонгууль болох ёстой гэж үздэг. Цэцэд гаргасан гомдол тань юу болж байгаа вэ?

-Хүлээгээд л байна. Нэгдүгээр сарын 29-нөөс хойш Цэцийн саяны асуудалд гаргасан дүгнэлтийн үндэслэх хэсэг дотор Үндсэн хуулийн 30.2 дахь “Ерөнхийлөгчөөр…иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг “зөвхөн нэг удаа сонгоно” гэж салгаж авч үзсэн байна лээ. Тэгэхээр “зургаан жилийн хугацаагаар сонгоно” гэдэг нь мөн салгагдаж буюу одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил гэдгийг хүлээн зөвшөөрөх үндэслэл тэнд харагдаж байна. Одоогийн улс төрийн хурцадмал байдал, цар тахал өргөн тархаж байгаа энэ үед Үндсэн хуулийн Цэц миний гомдол, мэдээллийн дагуу хурдхан шийдвэр гаргаж сонгууль зарласан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгож шийдвэрлээсэй гэж хүсч сууна. Би одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил болгох гэж зүтгээд байгаа юм биш ээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт л ийм болгосон юм шүү. Буруу гэж бодвол нэмэлт, өөрчлөлт, түүнд шилжих хавсралт хуулийг л дутуу дулимаг хийж гэж ойлгоорой. Үндсэн хуульдаа бүрнээ нийцүүлж, Үндсэн хуулиа мөрдөх ёстой шүү дээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хууль, дүрмээ зөрчдөг хууль тогтоогчид

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ны 22:00 цагийн орчимд согтуугаар машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Түүнийг ГССҮТ-д хүргэсэн ч эмчилгээ, үйлчилгээ авахаас татгалзсан аж. Одоогоор Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх хэлтэст УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбоотой зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Мөн саяхан Хууль зүйн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Тэрээр “УБҮ 0052” дугаарын Lexus маркийн машинтай Хан-Уул дүүрэгт явж байхдаа явган зорчигч руу шавхай цацсаныг нэгэн иргэн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг. Зөвхөн замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд зогсохгүй өөрийн Lexus машиндаа Land Cruiser 200 маркийн автомашины дугаар зүүж явсан нь нотлогдсон. Тус “УБҮ 0052” улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь оношилгоондоо тэнцээгүй, 732.800 төгрөгийн торгуультай байсан нь ч нийтэд ил болсон юм. Үүнтэй зэрэгцээд Шадар сайд С.Амарсайхан өөрийн хүүгээ гадаадад сургах төлбөрийг БШУЯ-ны Боловсролын зээлийн сангаас гаргуулсан гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас Шадар сайд С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77.423.100 төгрөгийн зээлийг авчээ. Иргэдийн зүгээс боловсролын зээлийн журмыг Засгийн газрын 2020 оны тогтоолоор өөрчилж, зөвхөн магистр, докторт олгохоор болсон. Гэвч Шадар сайдын хүүд энэ журам нь үйлчлэхгүй, энгийн иргэдэд үйлчлээд байгаад эгдүүцэж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нь Монгол Улсын Хууль зүйн сайдаар гурван удаа, УИХ-ын гишүүнээр долоон удаа сонгогдон ажилласан, амьдралынхаа 30-аад жилийг хууль тогтоох, сахиулахад зориулсан нэгэн. Б.Пүрэвдорж, С.Амарсайхан нарын хувьд хууль тогтоох эрх мэдэлтэй УИХ-ын гишүүд. Тийм хэрнээ хууль, дүрмийг үл тоон өөрийн дураар авирлаж байгаа нь холбогдох хууль дүрмийг зөрчөөд зогсохгүй төрийн өндөр албан тушаалтны ёс зүйд харшилж байна.

О.ЦЭЦЭГ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан хулгана өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 22, Бархасбавь гариг. Билгийн тооллын 10, Их морь одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 5:50 цагт мандан, 19:52 цагт жаргана. Тухайн өдөр бич, жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө таваих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч нэмнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 16-18 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 градус, Говь-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ураан”-ны хотхоны Мардайд нэвтэрсэн минь” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүртЭрүүл мэндийн сайд асан С.Лхамбаа “Иргэд хоёр дахь тунгаа нэхэж бухимдахаар Эрүүл мэндийн сайд арга буюу нүүрээ улайлган нөөцгүй болсныг хэллээ” гэв.

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн төвийн эмч Ж.Бүрэнбаяр “Би нэг ойтой хүүхэдтэй, гэвч тангараг өргөсөн эмчийн хувиар голомтод сайн дураараа ажиллахаар шийдлээ” хэмээн I, VII нүүрт өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ураан”-ны хотхоны Мардайд нэвтэрсэн минь” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Манайхныг хууль бусаар лоббидож, дэндүү ашигтай гэрэ байгуулсан Оюу толгойнхон буулт хийхгүй нь ойлгомжтой” хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн “Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр таван байр урагшилсан нь дэвшил биш” гэснийг XI нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Авлигатай тэмцэх газар 68 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газар. Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа.

Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 68 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж 2 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.

Одоогоор ажиллагаанд 66 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.

Нийтийн албанд томилогдох 116 этгээдийн
урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 116 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 106 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 261 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 145 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт урьдчилан хүргүүлэн, ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Үндэсний шигшээ багийн тамирчдад вакцинжуулалтын хоёр дахь тунг хийлээ

Шигшээ багийн тамирчид вакцины хоёр дахь тунгаа хийлгэв

Монголын үндэсний олимпын хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр вакцинжуулалтын хоёрдугаар тунг Үндэсний шигшээ багийн ихэнх тамирчинд хийлээ.

Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, тэквондо, байт харваа, хүндийн өргөлт, гимнастик, пара тэквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 190 тамирчин, дасгалжуулагчдад Астра-Зенека вакцинын хоёрдугаар тунг хийсэн байна.

Баг тамирчид олимпын эрх олгох Ази тивийн болон ДАШТ-д оролцох, эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнүүдэд өрсөлдөхөд вакцинд хамрагдсан нь олон талын чухал ач холбогдолтой аж.

Categories
мэдээ цаг-үе

Г.Батхүү агсаны хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн, мөрдөн байцаалтад буцаалаа

Төрийн тусгай, онцгой обьект болох Төрийн ордонд хүн амины ноцтой хэрэг гарч УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү амь эрсэдсэн. Энэхүү хэргийг 2021.03.03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас хэргийг амиа алдахад нөлөөлсөн, хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр прокурорт хэрэгсэхгүй болгох саналыг явуулсан байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар уг хэргийг хаахыг эсэргүүцэж мэдэгдэл хийж, үргэлжлүүлэн мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулах хүсэлтийг зохих журмын дагуу прокурорт албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу нийслэлийн Прокурорын газраас хэргийг хянаад, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн мөрдөн байцаалтанд буцаасан аж. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний үйлдвэрүүдэд ноос тушаасан 90 мянган малчинд 31.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

Ноосны урамшууллын 13 тэрбум төгрөгийг 49,625 малчинд өнөөдрөөс олгож  эхэллээ | iSee.mn

2020 онд хонины ноос бэлтгэх хэмжээг 25 мянган тонн, тэмээний ноос бэлтгэх хэмжээг 1.1 мянган тонн байхаар төлөвлөсний дагуу нийт 89 үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэлийн баримтыг олгожээ.

2020 оны түүхий эд бэлтгэлийн ажилд оролцохоор баримт олгогдсон 89 үйлдвэрээс 83 үйлдвэр нийт 23.7 мянган тонн хонь, тэмээний ноос бэлтгэн авч үйлдвэрлэлээ явуулж байна. Давхардсан тоогоор 82 үйлдвэр 22,7 мянган тонн хонины, 17 үйлдвэр 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэсэн.

Үндэсний үйлдвэрлэгчид 22.7 мянган тонн хонины ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой хонины ноосны нөөцийн 58.7 хувийг, 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой тэмээний ноосны нөөцийн 47.4 хувийг тус тус эзэлж байна.

Хонь, тэмээний ноосны урамшууллыг бүртгэх цахим системд 2020 онд үндэсний үйлдвэрт 19.6 мянган тонн ноос тушаасан 90,064 малчин, малтай өрх 31.2 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагдахаар бүртгэгдсэн байна.

Малчдыг QR коджуулан бүртгэлжүүлэх ажил хийгдэж эхэлсэн тул ноосны урамшууллын систем 2021 оноос эхлэн малчдын цахим бүртгэлд үндэслэгдэхээр болжээ.

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30-р тогтоол, “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ын тухай Засгийн Газрын 2019 оны 343-р тогтоолыг мөрдлөг болгон 2020 оны хонь, тэмээний ноос бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ