Ард Санхүүгийн Нэгдлээс Ард Аппликэйшн болон DAX буюу Цахим Хөрөнгийн Биржид гарч байгаа шинэчлэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд Ард Санхүүгийн Нэгдлийн охин компанийн удирдлагууд оролцсон юм.
Ч.Ганзориг: DAX-ын шинэлэг, дэвшилтэт хувилбарын тусламжтайгаар арилжаанд илүү хялбараар оролцоорой
Ард Экс компанийн Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг: Digital Assets Exchange буюу DAX нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай Цахим Хөрөнгийн Бирж бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх гурван сар гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой, амжилттай явуулж ирлээ. Түүнчлэн Олон улсын платформуудын жишгээр арилжаагаа цахимаар явуулдаг ба блокчэйн технологид суурилсан криптовалютыг чөлөөтэй арилжаалах боломжийг олгодог. Бид үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш давхардсан тоогоор нийт 860 мянга орчим харилцагчийн 578 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийсэн байна. Энэ тоо юуг илтгэж байна гэхээр манай улсын зах зээлд криптовалютын арилжаанд оролцож, хөрөнгө оруулах сонирхолтой иргэд их байгааг илтгэж байна. Үнэндээ, бид анх DAX-ыг зах зээлд нэвтрүүлэхдээ ийм өндөр үр дүн гарна гэж тооцоогүй. Гэтэл бидний хүлээлтээс хэд дахин давсан арилжааг хийсэн. Тиймээс өнөөдөр DAX нь өөрийн вэб сайт дээр суурилсан хувилбараа нэвтрүүлж байгааг харилцагчдадаа дуулгахад таатай байна. Үүнтэй зэрэгцэн DAX нь өчигдрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-нээс Ард аппликэйшний цэсээс хасагдаж байгаа. Тиймээс dax.mn хэмээх өөрийн вэб сайт дээр ажиллах юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ард Аппликэйшн руу нэвтэрсний дараа тус аппликэйшн дотор байрлах DAX цэсээр арилжаанд ордог байсан бол одоо ийнхүү тусдаа вэб хуудастай болсныг танилцуулж байгаа юм. Ийнхүү DAX нь тусдаа вэб хуудастай болсноор цаашид олон улсын криптовалютын биржүүдийн ажилладаг жишиг, стандарт руу шилжиж, илүү өргөн цар хүрээтэй ажиллах боломжтой болохоос эхлүүлээд олон давуу тал бий болж байна. Бид энэхүү шилжилтийг дагаад харилцагчдад аль болох хялбар байдлаар арилжаанд оролцох боломж олгох шийдлүүдийг ашиглалаа. Энэ дашрамд дурдахад, биткойн, криптовалютын орлого, зарлагыг өчигдрөөс нээж байгаа юм. Үүний үр дүнд иргэд биткойноо манай биржид орлого байдлаар хийж зарж бэлэн мөнгө болгох, мөнгөө Ард Аппликэйшн ашиглаж аль нэг банкныхаа дансанд татан төвлөрүүлэх боломжтой. Эрхэм харилцагч та бүхэн DAX-ын шинэлэг, дэвшилтэт хувилбарын тусламжтайгаар арилжаанд илүү хялбараар оролцоорой. Нийт харилцагчдыг dax.mn дээр байрлах видео болон зурган зааврын дагуу вэб сайт хувилбар руу шилжиж арилжаандаа оролцохыг хүсье” гэв
Г.Тэлмэн:Ард Аппликэйшн хэрэглэгчдийн тоо 1.000.000-д, АрдКойн эзэмшигчдийн тоо 600 мянга гаруйд хүрээд байна
Инйхүү шинэчлэгдсэн Цахим Хөрөнгийн Биржийн талаар танилцуулсны дараа Ард Кредит компанийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн мэдээлэл өгсөн юм. Тэрээр хэлэхдээ, Ард Кредит нь 2011 онд Монгол Улсад үүсгэн байгуулагдаж, холбогдох хууль тогтоомж, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй нээлттэй хувьцаат компани билээ. Манай компани 2020 оны тавдугаар сард Монголбанкнаас Цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрөл авсан бөгөөд уг чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан анхдагч банк бус санхүүгийн байгууллага болсон юм. Ард Кредит нь Монголбанкнаас олгосон Цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрлийн хүрээнд АрдКэш цахим мөнгийг гүйлгээнд гарган Ард Аппликэйшнээр дамжуулан санхүүгийн бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг эрмэлзэн ажиллаж ирлээ. Бид өнгөрсөн хугацаанд төр засгаас хэрэгжүүлж буй Цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хүргэх үйлчилгээний өртгийг бууруулах бодлогыг дэмжсээр ирсэн бөгөөд уг чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудыг манлайлан ажиллаж, бодлогыг амьдралд хэрэгжиж биеллээ олоход онцгой хувь нэмэр оруулан ажиллаж байна. Тухайлбал, харилцагчдын дунд хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүн болох АрдКойныг Ард Санхүүгийн Нэгдэл зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд одоогоор Ард Аппликэйшн хэрэглэгчдийн тоо 1,000,000-д, АрдКойн эзэмшигчдийн тоо 600 мянга гаруйд хүрээд байна. Бид энэ жил харилцагчдынхаа тоог нэг саяд хүргэхийг зорьж байсан. Энэхүү зорилгодоо энэ оны нэгдүгээр улиралдаа багтаан хүрсэндээ баяртай байна. УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоол бий. Уг тогтоолыг дагалдан гарсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.7.3-т Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, иргэн хуулийн этгээдэд сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан байдлаар хиймэл, оюун ухаан, блокчейн технологид суурилсан төлбөрийн, татварын, биржийн үйл ажиллагааг нэвтрүүлэхээр заасан байдаг. Тиймээс ч бид цар тахал дэгдсэн энэ үед зайнаас үйлчилгээ авах боломжийг харилцагчдадаа олгож байгаа нь томоохон үр дүн гэж дүгнэж байгаа гэв.
Цахим мөнгөний журамд ойрын хугацаанд өөрчлөлт оруулах хэрэгтэй
Тэрээр, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй хобоотойгоор цахим төлбөр тооцоонд банкнаас бусад хуулийн этгээд оролцох боломж нээгдсэн гэдгийг онцлож яриагаа үргэлжлүүллээ. Тэрээр хэлэхдээ, манай хамт олон тус хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө Ард Аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус хуульд нийцүүлэн Монголбанкнаас Ард Кредит компани цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрөл авсан. Тиймээс бид АрдКэш буюу цахим мөнгийг гаргасан. Ард Аппликэйшн буюу санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой үйлчилгээ Ард Санхүүгийн Нэгдлийн өмч. Үүнд Ард Кредит компани цахим мөнгө гаргаж АрдКэшыг нэвтрүүлснээр нэг оролцогч нь болсон. Тэгэхээр манай 1 сая харилцагчид цахим төлбөр тооцоонд хэсэгчилсэн байдлаар, тодорхой хэмжээнд оролцож байгаа. АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авсан харилцагчдад олгодог, блокчейн технологид суурилсан урамшууллын лоялти оноо бөгөөд бид оноогоо бусдад шилжүүлэх, арилжих зэрэг төрөл бүрийн боломжийг харилцагчдад олгох платформыг хөгжүүлсэн юм. Манай харилцагчид үйлчилгээ авснаараа, Ард Аппликэйшнд бүртгүүлснээрээ тус оноог өөртөө цуглуулдаг. Мөн манайхаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахдаа оноогоо ашиглан хөнгөлөлт эдлэх боломжтой. Хэдийгээр Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниуд Монголд төдийгүй Дэлхий нийтэд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа хэдий ч хууль, дүрэм, журмын зохицуулалт, техник технологийн дэвшилтэй хөл зэрэгцэн алхаж чадахгүй байгаагийн улмаас харилцагчдаас Ард Аппликэйшны гүйлгээний хязгаар, АрдКойн лоялти онооны талаар багагүй гомдлууд ирсээр байна.Учир нь Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Монголбанкны Цахим мөнгөний журамд өдөрт нэг харилцагч нэг удаадаа сая төгрөг шилжүүлэх боломжтой бөгөөд өдрийн дээд хязгаарыг 3 сая төгрөг байхаар тогтоож, үндсэн дансны үлдэгдэл 50 сая төгрөг байхаар тусгасан. Энэхүү журмыг 2-3 жилийн өмнө баталсан. Тиймээс манай харилцагчид биднээр дамжуулж төв банк болон холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаа юм. Өнөөдөр хэрэгжиж байгаа журам харилцагчдын шаардлагыг хангахгүй байна гэдгийг хэлж байна. Харилцагчдаас ирүүлж буй гомдлууд нь гагцхүү эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлага, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журамд үйл ажиллагаагаа нийцүүлэхтэй холбоотойгоор үүсэж байгаа тул бид Ард Аппликэйшнд мөрдөгдөж буй гүйлгээний хязгаар нь иргэд, харилцагчдын шаардлагад нийцэхгүй байгаа, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болоод байгаа талаар саналыг 2020 оны 8 болон 12 дугаар саруудад Төв банкинд уламжлан хамтран ажиллаж байна. Тиймээс цаашид энэ журам удахгүй өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна.
Б.Гантиг: Криптовалют, блокчейны салбар Дэлхийн хөгжлөөс хоцрох биш хөл нийлүүлэн алхах ёстой
Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн хуулийн этгээдэд сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан байдлаар үйл ажиллагаа явуулахыг бодлого байдлаар дэмжихээр тусгасантай холбогдуулан цаашид төр засаг, төрийн эрх бүхий байгууллагууд баялаг бүтээгч, дотоодын аж ахуйн нэгжээ Дэлхийтэй хөл нийлүүлэн, манлайлан алхахад бодлогоор дэмжин Монгол Улсын бизнес эрхлэгчид, харилцагч, хэрэглэгч, нийт ард түмнээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэсэн эрх чөлөөт улсын баян иргэд болоход дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид өөрсдийн сайн мэдэх уламжлалт лоялти оноог блокчейн технологи ашиглан шинэ түвшинд хүргэхийг зорьж байна. Бид хэрэглэгчиддээ эрх чөлөө, хөрвөх чадварыг өгч, маш том боломж нээж байна. Өнөөдөр АрдКойн 1 сая гаруй Монголчуудад хүрчихсэн байна. Дэлхий даяар криптовалют, блокчейны салбар хөгжлийн шинэ түвшинд хүрчихсэн байгаа энэ үед Олон улсад гаргана. Дэлхийн улс орнууд энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт, өөрчлөлт шинэчлэлтийг хийж байна. Тиймээс бид Дэлхийн хөгжлөөс хоцрох биш, хөл нийлүүлэн алхах ёстой. Ингэхдээ стандартын дагуу, шат шатаар өгссөөр олон сая хэрэглэгчдэд хүргэхийг зорьж, өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж байна. АрдКойны хувьд 2021 онд нэлээд их ажил хийхээр төлөвлөж, Олон улсын зах зээлд гарахаар ажиллаж байна.
П.ЗАЯА